Үндсэн цэсийг алгасах
Дөрөвдүгээр сар 2015 | Сайн мэдээний хөгжим

Сайн мэдээний хөгжим

Дөрөвдүгээр сар 2015 Ерөнхий чуулган

Сайн мэдээний дуу хөгжим бол Ариун Сүнснээс ирдэг баяр баясгалангийн сүнслэг мэдрэмж юм. Энэ нь зүр сэтгэлийн өөрчлөлтийг авчирдаг.

Олон жилийн өмнө Аризонагийн Навахо индианчуудын амьдардаг газрын эмнэлэгт ажилладаг нэгэн залуу эмчтэй хийсэн ярилцлагыг радиогоор би сонсож билээ. Нэгэн шөнө яаралтай тусламжийн өрөөнд сүлжсэн урт үстэй нутгийн индиан орж ирэхэд болсон явдлыг тэр эмч өгүүлсэн юм. Залуу эмч хавтсаа авч, тэрхүү хүнд дөхөж очин “Танд яаж туслах вэ?” гэж асуужээ. Тэгтэл мөнөөх хүн түүн рүү эгцлэн хараад, юу ч хэлсэнгүй аж. Эмч тэвчээргүй загнан, дахин асуув. “Та юу ч ярихгүй бол би танд тусалж чадахгүй шүү дээ.” “Та яагаад эмнэлэгт ирснээ хэлээч” гэв.

Тэр настай хүн түүн рүү хараад, “Та бүжиглэдэг үү?” гэж асуув. Эмчийг энэ сонин жигтэй асуултыг бодож байх зуур толгойд нь тэр өвчтөн эртний омгийн заншлаар өвдсөн хүмүүст эм бичиж өгөхөөсөө илүү тэднийг дуу, бүжгээр анагаахыг эрэлхийлдэг омгийн домч байх гэсэн бодол зурсхийн орсон байна.

“Үгүй ээ,” “Би бүжиглэдэггүй, харин та бүжиглэдэг үү”хэмээн эмчийг асуухад, тэр өвчтөн “Тийм” хэмээн толгой дохив. Тэгэхэд нь эмч “Та надад бүжиг зааж өгөх үү” гэж асуужээ.

Тэр настай хүний хариулт надад олон жил бодогдсоор байдаг юм. Тэрээр “Би танд бүжиг зааж өгч болно. Гэхдээ та хөгжмөө өөрөө сонсох хэрэгтэй” хэмээн хариулсан байв.

Заримдаа сүм дээр, ялангуяа гэр орондоо, бид бүжгийн алхаа гишгээ хөдөлгөөнийг заахдаа ихээхэн хүчин чармайлт гаргадаг атлаа зааж буй гэр бүлийн гишүүддээ хөгжим сонсож сурахад нь онцгойлон анхаарал тавьдаггүй. Тэр настай домчийн сайн мэдэж байснаар бол хөгжимгүй бүжиглэх нь хэцүү зүйл ажээ. Хөгжимгүй бүжиглэнэ гэдэг нь эв хавгүй, сэтгэлийн ханамж авах боломжгүй, тэр ч байтугай ичмээр зүйл байж болох юм. Та хөгжимгүй бүжиглэж үзсэн үү?

Сургаал ба Гэрээ 8-р хэсэгт Их Эзэн Иосеф Смит, Оливер Каудери хоёрт “Тийм ээ, болгоогтун, чамд ирж мөн зүрх сэтгэлд чинь орших Ариун Сүнсээр оюунд чинь мөн зүрх сэтгэлд чинь би чамд ярих болно” (2-р шүлэг) хэмээн заажээ. Бид бүжгийн алхаа гишгээг өөрсдийн оюун бодолдоо сурч аван, харин хөгжмийг зүрх сэтгэлээрээ сонсдог. Сайн мэдээний бүжгийн алхаа гишгээ нь бидний хийдэг зүйлс юм бол сайн мэдээний хөгжим нь Ариун Сүнсээр ирдэг сүнслэг баяр хөөр бүхий мэдрэмж билээ. Энэ нь зүрх сэтгэлд өөрчлөлт авчирдаг бөгөөд бүхий л зөв шударга хүсэл эрмэлзлийн эх сурвалж юм. Бүжгийн алхаа гишгээ нь сахилга баттай байхыг шаарддаг бол бүжгээс авах баяр баяслыг бид зөвхөн хөгжмийг сонсож сурах үедээ л мэдэрдэг.

Сүмийн гишүүдийг хийдэг зүйлийнх нь төлөө дооглон тохуурхдаг хүмүүс байдаг. Энэ нь ойлгомжтой хэрэг л дээ. Бүжиглэж байгаа хүмүүс ихэвчлэн хачин бас эв хавгүй харагдах тохиолдол олон байдаг бөгөөд судрын хэллэгээр хөгжмийг нь сонсохгүй байгаа хүмүүст “онцгой” (1 Петр 2:9) харагдаж болох юм. Та гэрлэн дохион дээр хамаг чадлаараа дуулж, бүжиглэж байгаа жолоочтой машины дэргэд зогсож байсан удаа бий юү? Гэхдээ таны машины цонх хаалттай учраас ямар ч авиа сонсох боломжгүй байсан уу? Тэр үнэхээр онцгойрч харагдаагүй гэж үү? Хэрэв бидний хүүхдүүд сайн мэдээний сайхан хөгжмийг сонсож мэдэрч сурахгүйгээр зөвхөн бүжгийн алхаа гишгээг сурвал цагийн аясад тэдэнд бүжиг таагүй санагдаж, бүжиглэхээ болих эсвэл түүнээс ч дор зүйл болж болох бөгөөд зөвхөн эргэн тойрных нь хүмүүс бүжиглэж байгаа учраас л бусдын нөлөөн дор бүжиглэх хэрэгтэй болно.

Сайн мэдээ заахыг эрэлхийлж буй бидний хувьд тулгарч байгаа бэрхшээл бол хичээлийнхээ хөтөлбөрийг алхаа гишгээнээс гадуур өргөжүүлэн тэлэх явдал байдаг. Бидний үр хүүхдүүдийн аз жаргал сайн мэдээний сайхан хөгжмийг сонсо, мөн хайрлах чадвараас шалтгаална. Бид үүнийг хэрхэн зааж сургах вэ?

Нэгдүгээрт, бид өөрсдийн амьдралыг сүнслэг зөв долгионд тохируулах ёстой. Цахим эрин эхлэхээс өмнө хуучин цагт бид радионыхоо чихийг болгоомжтой эргүүлэн, сонсох дуртай радио станцынхаа долгион дээр тохируулан тааруулдаг байсан. Долгионд дөхөх үед эхлээд зөвхөн шуугиан сонсогддог байв. Гэхдээ долгион нь станцын маань долгион дээр яв цав тохирох үед бидний дуртай хөгжим тов тод сонсогддог байлаа. Бид амьдралдаа Сүнсний хөгжмийг сонсохын тулд анхаарлаа зөв долгион дээр төвлөрүүлсэн байх хэрэгтэй.

Бид баптисм хүртсэнийхээ дараа Ариун Сүнсний бэлгийг хүлээн авахдаа хөрвөлтийг даган ирэх тэнгэрлэг хөгжмөөр дүүргэгддэг. Бидний зүрх сэтгэл өөрчлөгдсөн байдаг бөгөөд бид “бидэнд хилэнцийг үйлдэх хүслийг үгүй болгох, харин үргэлж сайныг хийх” (Мозая 5:2) хүсэлтэй болсон байдаг. Харин Сүнс нь найрсаг бус байдал, бардамнал, атаархлыг хүлцэн тэвчдэггүй. Хэрэв бид амьдралдаа тэрхүү нарийн торгон нөлөөллийг алдвал сайн мэдээний баялаг аялгуу хөг авиагаа маш хурдан алдаж, эцэстээ чимээгүй болон замхран алга болох юм. Алма “хэрэв та нар зүрх сэтгэлийн өөрчлөлтийг эдэлсэн бол, мөн хэрэв та нар гэтэлгэх хайрын дууг дуулмаар санагдсан бол, би асууя, та нар одоо тийн мэдэрч чадна уу” (Алма 5:26) хэмээн сэтгэл түгшээх нэгэн асуултыг асуусан байдаг.

Эцэг эхчүүд ээ, хэрэв бидний амьдрал сайн мэдээний хөгжмийн хөг аянаас гарсан бол бид хөглөх хэрэгтэй. Ерөнхийлөгч Томас С.Монсоны өнгөрсөн 10-р сард зааж сургаснаар бид хөлийнхөө доорх замыг харах ёстой (“Ponder the Path of Thy Feet,” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 86–88). Бид үүнийг хэрхэн хийхээ мэднэ. Бид сайн мэдээний тэнгэрлэг чавхдасын аялгууг эхэлж сонсоод алхсан тэр л замаараа алхах ёстой. Бид Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, наманчлан, ариун ёслолоос хүртсэнээрээ Ариун Сүнсний нөлөөллийг илүү хүчтэй мэдрэх бөгөөд сайн мэдээний хөгжим бидний амьдралд дахин тоглож эхлэх юм.

Хоёрдугаарт, бид өөрсдөө хөгжмийг сонсох үедээ түүнийг гэр орондоо тоглохын тулд бүх чадлаараа хичээх ёстой. Энэ бол хүчээр эсвэл албадан хийдэг зүйл огтхон ч биш юм. “Хүч буюу нөлөө нь санваарын ариун журмаар төдийгүй”- эсвэл аав ээжийн хувьд эсвэл хамгийн том биетэй эсвэл хамгийн чанга дуутай болохоор биш “гагцхүү сэнхрүүллээр, тэсвэр тэвчээрээр, эелдэг зөөлөн хийгээд номхон дөлгөөнөөр, чин сэтгэлийн хайраар тэтгэгдэж чадах буюу байх ёстой ажгуу” (С ба Г 121:41–42).

Яагаад эдгээр зан чанар нь гэр орон дахь хүч, нөлөөг өсгөхөд хүргэдэг вэ? Учир нь эдгээр нь Ариун Сүнсийг урьдаг зан чанарууд юм. Эдгээр нь бидний зүрх сэтгэлийг сайн мэдээний хөгжмийн аялгуунд тааруулдаг. Эдгээр зан чанар байгаа цагт гэр бүлийн бүх бүжигчин бүжгийн алхаа гишгээг илүү энгийн байдлаар, ямар ч айлган сүрдүүлэлт, албадлага шаардлагагүйгээр баяр баясгалантай хийж гүйцэтгэх юм.

Бид хүүхдүүдээ бага байхад чин сэтгэлийн хайрын бүүвэйн дуу дуулж, харин тэд зөрүүдэлж, орой унтахгүй хэмээн зүтгэхэд нь тэвчээртэй байдлын тухай бүүвэйн дууг дуулж өгөх хэрэгтэй болж магадгүй юм. Бид тэднийг өсвөр насанд хүрэх үед маргаан, айлган сүрдүүлгийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлж харин түүний оронд сэнхрүүллийн гайхамшигт хөгжмийг эгшиглүүлэн, магадгүй тэвчээртэй байдлын тухай бүүвэйн дууныхаа хоёрдугаар бадгийг дуулах хэрэг гарч болох юм. Эцэг эхчүүд эелдэг зөөлөн, номхон дөлгөөн зан чанарын төгс аялгууг тоглож чадна. Бид тойргийнхоо өвчтэй нэгэн гишүүнд эсвэл зовсон хэн нэгэнд сайн үйл хийснээрээ үр хүүхдүүдээ өөрсөдтэйгөө нэгэн аялгуугаар дуулахад урьж чадах юм.

Энэ бүх зүйл нэг дор тохиохгүй. Авьяаслаг хөгжимчин гайхамшигт хөгжмийг тоглоход нөр их хичээл зүтгэл ордог гэдгийг бид мэддэг билээ. Эхлээд хөгжим тоглоход эв хавгүй, хөг аялгуу нь таарахгүй байж болох ч энэ нь шүүмжлэлээр засагдахгүй гэдгийг бүү март. Гэр орон доторх тав тухгүй байдал нь харанхуй өрөөнд байгаатай адил. Харанхуйг буруушаах нь тийм ч сайн зүйл биш бөгөөд бид зөвхөн гэрлийг оруулснаараа харанхуйг хөөн зайлуулах ёстой.

Хэрэв танай гэр бүл дэх эцэг эхийн дуу хоолой хэт чанга бөгөөд захирангуй байвал эсвэл таны гэр бүл дэх найрал хөгжим дэндүү цангинасан буюу хурц байгаа бол эсвэл түргэн зантай хүүхдүүдийн тань дуу хоолой та нартай хөг ая нийлэхгүй буюу захирагдахгүй байвал тэвчээртэй бай. Хэрэв та гэр орондоо сайн мэдээний хөгжмийг сонсож чадахгүй байвал үргэлжлүүлэн дадлага хий гэсэн үгийг санаж байгаарай. Бурханы тусламжтайгаар, сайн мэдээний хөгжим таны гэр орныг үгээр хэлэхийн аргагүй баяр баяслаар дүүргэх өдөр ирэх болно.

Сайн мэдээний хөгжмийг сайн тоглосон ч таны бүх асуудлыг шийдэхгүй. Таны амьдралд хөгжмийн хэллэгээр крешендо, декрешендо мөн стакато, легато гарах үе бишгүй л байх болно. Энэ дэлхийн зүй тогтолцоо ийм л байдаг аж.

Гэхдээ та бүжгийн алхаанд хөгжмийг нэмбэл зарим үед гэрлэлтийн болон гэр бүлийн амьдралын ээдрээтэй хэмнэлүүд хөг нийлэн, тэнцвэрждэг тал бий. Тэр ч байтугай танд учрах хамгийн хэцүү сорилт бэрхшээлүүд ч мөн адил гунигтай өнгө аяс, сэтгэл хөдөлгөм хээ угалзыг нэмж өгөх болно. Санваарын сургаалууд таны бодгалийн дээр тэнгэрээс буух шүүдэр лүгээ адил дуслах болно. Ариун Сүнс таны байнгын хамтрагч мөн таны эрх мэдэл хийгээд нөлөөний баталгаа болох зөвт байдал хийгээд үнэний хувиршгүй очирт таяг тань байх болно. Түүнчлэн, эзэгнэл тань үүрдийн эзэгнэл байх болно мөн албадлагын арга хэрэгсэлгүйгээр энэ нь тань руу үүрд мөн мөнхөд урсах болно (С ба Г 121:45–46-г үзнэ үү).

Энэ нь бидний хүн нэг бүрийн амьдралд, гэр оронд байх болтугай хэмээн би Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.

Left
Right