2010–2019
Санваар бол ариун нандин бэлэг
Дөрөвдүгээр сар 2015


Санваар бол ариун нандин бэлэг

Бид бүгдэд хүмүүнд бэлэглэсэн хамгийн үнэтэй бэлгүүдийн нэгийг итгэмжлэн өгсөн.

Дөнгөж диконд томилогдоод, Санваар хүлээн авсан Бурханы бүх хөвгүүд ээ, ирцгээ”1 хэмээх нээлтийн дууллыг дуулан, санваарын хуралдаанд оролцож байсан үе маань надад үлдсэн хамгийн тод дурсамжуудын маань нэг юм. Би энэ орой Ерөнхий чуулганы төв дээр болоод дэлхий дахинаа хамт цугларсан та бүхэндээ хандан “Санваар хүлээн авсан Бурханы бүх хөвгүүд ээ, ирцгээ” хэмээн дахин хэлье. Дуудлагуудынхаа талаар эргэцүүлэн бодоцгооё; мөн үүрэг хариуцлагынхаа талаар тунгаан бодоцгооё. Хүлээсэн үүргээ тодорхойлцгооё, бидний Их Эзэн Есүс Христийг дагацгаая. Бид нас, зан заншил, үндэс угсаагаараа ялгаатай ч, санваарын дуудлагадаа нэгдмэл нэг байдаг.

Иохан Баптистын Оливер Каудери, Иосеф Смит хоёрт өгсөн Аароны санваарын сэргээлт нь бидний хүн нэг бүрийн хувьд хамгийн чухал ач холбогдолтой зүйл билээ. Үүний нэгэн адил Петр, Иаков, Иохан нарын Иосеф, Оливер хоёрт өгсөн Мелкизедек санваарын сэргээлт нь нандин үйл явдал байсан.

Бидэнд буй санваартай хамт ирдэг дуудлага, хариуцлага, үүргүүддээ тун нухацтай хандацгаая.

Би диконы чуулгын нарийн бичгээр дуудагдах үедээ асар их үүрэг хариуцлага хүлээснээ мэдэрч байсан. Би дуудлагаа чадахынхаа хэрээр хэрхэн сайн хийхээ мэдэхийг хүссэн учраас өмнө нь ухамсарлаж байгаагүй, илүү хянуур байдлаар бүртгэл хөтөлж, бэлтгэж байв. Би ажлаараа маш их бахархаж байлаа. Надад өгсөн аливаа дуудлагыг өөрийн чадах чинээгээр хийх нь миний зорилго болсон юм.

Аароны санваар хүртсэн залуу эрэгтэй бүрд томилогдсон дуудлагынх нь нандин сүнслэг сэрэмжлүүлэг болоод тэрхүү дуудлагыг хичээнгүйлэн гүйцэтгэх боломж өгөгдсөн гэдэгт би найдаж байна. Бишопын зөвлөл маань цуглааны байраас 1,5 километр орчим зайтай газарт амьдардаг, өвчтэй, хэвтрийн нэгэн хүнд ариун ёслол хүртээхийг надад даалгах үед би энэ боломжийг хүлээн авч билээ. Би тэр нэгэн онцгой ням гаргийн өглөө Врайт ахын хаалгыг тогшин, түүний “ороод ир” гэсэн сулхан дуугаар дотогш орох үедээ зөвхөн түүний жижигхэн энгийн байшинд бус, харин Их Эзэний Сүнсээр дүүрэн өрөөнд орсноо санадаг. Би Врайт ахын орны дэргэд очиж, түүний аманд талхыг болгоомжтой хийлээ. Дараа нь би түүнийг ариун ёслолын уснаас хүртэхэд туслав. Намайг явах үед тэрээр “Хүү минь, чамайг Бурхан адислаг” хэмээн хэлэхдээ нүдэнд нь нулимс дүүрсэн байхыг би харж билээ. Бурхан ариун ёслолын нандин бэлгэ тэмдгүүдэд болон хүртсэн санваартаа талархах сэтгэлээр намайг адисалсан юм.

Мормоны Номын гурван гэрчийн нэг болох Мартин Харрисын Ютагийн Кларкстон дахь булшин дээр очсон дурсамжтай аяныг манай тойргийн нэг ч дикон, багш, прист хэзээ ч мартахгүй. Бид түүний булшин дээрх боржин чулууг тойрон зогсоод, чуулгын удирдагчдын маань нэг нь Мормоны Номын эхэнд байдаг “Гурван гэрчийн гэрчлэл”-ийн үгсээс уншихыг сонсох үед тэрхүү нандин цэдэг, тэнд хэлэгдсэн үнэнүүдийг хайрлах бидний хайр өсөн нэмэгдсэн юм.

Тэрхүү он жилүүдэд бидний зорилго Мозаягийн хөвгүүд шиг болох явдал байлаа. Тэдний тухай:

“Тэд үнэний мэдлэгт хүчтэй болсон байв; учир нь тэд зөв ойлголттой хүмүүс мөн тэд Бурханы үгийг мэдэж болохын тулд судруудыг хичээнгүйлэн судалсан байв.

“Гэвч энэ нь бүгд бус; тэд өөрсдийгөө их залбирал, мөн мацаг барилтанд зориулсан байв; тиймийн тул тэдэнд бошиглолын суу билэг, мөн илчлэлтийн суу билэг байлаа, мөн тэд зааж байхдаа Бурханаас хүлээн авсан хүч мөн эрх мэдэлтэйгээр тэд зааж байв”2 гэсэн байдаг.

Залуу эрэгтэйчүүдэд зоригтой, зөв шударга хөвгүүдийн тухай Мозаягийн тодорхойлон хэлснээс илүү зохистой зорилго үгүй хэмээн би бодож байна.

Би арван найман нас хүрч, дэлхийн II дайны үеийн залуу эрэгтэйчүүдийн нэгэн адил цэрэгт явахаар бэлтгэж байлаа. Надад Мелкизедек санваар хүлээн авах санал ирсэн боловч би юуны өмнө ярилцлага хийх гадасны ерөнхийлөгч Паул К.Чайлд руу утасдах хэрэгтэй байв. Тэр ариун судруудад хайртай, тэдгээрийг ойлгодог, мөн бусад хүн бүгдээрээ мөн адилхан тэдгээрийг хайрлаж, ойлгох ёстой гэж үздэг нэгэн байсан юм. Би зарим нэг найз нөхдөөсөө түүнийг нэлээн дэлгэрэнгүй, нарийн судлан шалгасан ярилцлага хийдэг тухай сонсоод, өөрийнхөө судрын мэдлэгийг багахан шалгуулчих санаатай түүн рүү утасдаж, дараагийн ням гарагт ариун ёслолын цуглаанаас нэг цагийн өмнө уулзаж болох эсэхийг асуув.

Тэр: “За даа, Монсон ах аа, энэ ч бидэнд судруудыг анхааралтай уншихад хангалттай хугацаа биш байна даа” гэж билээ. Дараа нь тэр ариун ёслолоос гурван цагийн өмнө уулзахыг санал болгоод, эш татан тодотгож, тэмдэглэл хийсэн судраа авч ирэхийг зөвлөв.

Намайг ням гарагт түүний гэрт ирэх үед тэр намайг халуун дотно хүлээн авч, дараа нь ярилцлагаа эхлүүлэв. Ерөнхийлөгч Паул “Монсон ах аа, та Аароны санваарыг атгадаг. Танд тэнгэр элчүүдийн тохинуулал тохиож байсан уу?” гэж асуув. Би үгүй гэж хариуллаа. Тэр надаас ийм эрх олгогдсоноо мэдэж байсан эсэхийг асуухад би бас л мэдээгүй гэж хариуллаа.

Тэр “Монсон ах аа, Сургаал ба Гэрээний 13-р хэсгийг чээжээр хэл дээ” гэв.

Би “Миний нөхөд үйлчлэгч та нарт би Мессиагийн нэрээр, тэнгэр элчүүдийн тохинууллын  … түлхүүрүүдийг атгагч Аароны санваарыг хүртээж байна” гээд л эхэллээ.

Ерөнхийлөгч Паул “Байзаарай” гэснээ намуун, нөхөрсөг дуугаар “Монсон ах аа, та Аароны санваартны хувьд тэнгэр элчүүдийн тохинууллыг авах эрх танд олгогдсон гэдгийг хэзээ ч бүү мартаарай” хэмээн зөвлөж билээ.

Тэр өдөр тэр өрөөнд тэнгэр элч байсан юм шиг л надад санагддаг. Би тэр ярилцлагыг хэзээ ч мартаагүй. Би одоо ч гэсэн бид хоёрын Аароны ба Мелкизедек санваарын үүрэг, хариуцлага, адислалуудын талаар хамтдаа уншиж байсан тэр нэгэн онцгой үйл явдлын сүнсийг мэдэрдэг. Эдгээр адислал нь зөвхөн бидэнд төдийгүй бидний үйлчлэх онцгой боломж олгох тэрхүү хүмүүст бас ирдэг.

Би ахлагчаар томилогдсон байв. Усан цэрэгт татагдаад явах тэр өдөр тойргийн бишопын зөвлөлийн нэг гишүүн галт тэрэгний буудал дээр гэр бүл, найз нөхөдтэй минь хамт намайг үдэж өгөхөөр ирсэн байлаа. Галт тэрэг яг хөдлөхийн өмнө тэрээр гарт минь Номлогчийн гарын авлага гэсэн гарчигтай жижиг ном атгуулж билээ. Би инээгээд, би номлолд яваагүй шүү дээ гэв.

Харин тэр “Ямар ч байсан аваад яв. Хэрэг болж магадгүй” гэж хариулсан юм.

Ном үнэхээр хэрэг болсон. Хувцсаа үрчлээгүй, илүү тогтвортой байлгахын тулд усан цэргийн даавуун цүнхнийхээ буланд өнцөг гаргах хатуу зүйл хийх хэрэгтэй байсан юм. Номлогчийн гарын авлага үүнд яг тохирч байсан тул 12 долоо хоногийн турш далайчны цүнхэнд минь маш сайн үйлчлэл үзүүлсэн юм даа.

Христийн мэндэлсний баярын амралтын өмнөх шөнө бидний бодол санаа гэр гэртээ очсон байлаа. Цэргийн хуаран нам гүм байж байтал хажуугийн орны мормон залуу Лиланд Меррилл өвчиндөө шаналснаас ёолон орилж, нам гүм байдлыг эвдэв. Би юу болсныг асуухад тэр маш их өвдөж байна гэлээ. Тэр цэргийн баазын эмнэлэг дээр очихыг хүссэнгүй. Учир нь тийшээ очих юм бол маргааш нь гэртээ харихгүй болно гэдгийг мэдэж байжээ.

Цаг хугацаа өнгөрөх тусам тэр улам дордож байв. Эцэст нь тэр намайг ахлагч гэдгийг мэдэж байсан болохоор надаас санваарын адислал өгөхийг хүслээ.

Би өмнө нь хэзээ ч санваарын адислал өгч, бас хүлээн авч байгаагүй, мөн хэзээ ч адислал өгөхийг хараагүй байсан юм. Би тусламж хүсэн, чимээгүйхэн залбирах үедээ даавуун цүнхнийхээ буланд Номлогчийн гарын авлага байгааг саналаа Би бушуухан цүнхээ ухан, шөнийн бүдэг гэрэлд номоо гаргав. Тэндээс би өвчтөнг хэрхэн адислахыг уншлаа. Би гайхсан олон далайчны нүдний өмнө адислал өгөв. Цүнхэндээ хамаг юмаа эргүүлэн хийхээс минь өмнө Лиланд Мерилл хүүхэд шиг нам унтсан байлаа. Маргааш өглөө нь тэр цоо эрүүл сэрэв. Бид хоёр санваарын хүчинд хязгааргүй их талархаж билээ.

Өнгөрсөн он жилүүд гачигдалтай байгаа хүмүүст адислал өгөх тоо томшгүй олон боломжийг надад олгосон. Би энэ ариун нандин бэлгийг надад итгэмжилсэн Бурханд, олдсон боломж бүрийнхээ төлөө, чин сэтгэлээсээ талархдаг. Би санваарыг эрхэмлэн хүндэтгэдэг. Би санваарын хүчийг олон удаа мэдэж, гэрчилсэн. Би үүний хүч чадлыг харж байсан. Би санваарын үйлдсэн ид шидийг гайхан биширсэн.

Ах нар аа, бид бүгдэд хүмүүнд бэлэглэсэн хамгийн үнэтэй бэлгүүдийн нэгийг итгэмжлэн өгсөн. Бид санваараа эрхэмлэн хүндэтгэж, бүхий л цаг үед зохистой амьдарснаар санваарын адислалууд биднээр дамжин урсах болно. Сургаал ба Гэрээний 121-р хэсгийн 45-р шүлгэн дээр бид хэрхэн зохистой байх хэрэгтэй талаар хэлсэн: “Хэвлий дотор чинь тэрчлэн бүх хүмүүнд, … итгэлийн тогтмол байдалд энэрлээр дүүрэн байг; мөн бодол санааг чинь ариун журам зогсолтгүй чимэн гоёг; тийнхүү итгэлтэй байдал чинь Бурханы оршихуйд хүчтэй болох болно, мөн санваарын номлол тэнгэрээс буух шүүдэр лугаа адил чиний сүнсэн дээр намуухан буух болно” хэмээх үгсэд би дуртай.

Бид Бурханы санваарыг атгагчдын хувьд Их Эзэн Есүс Христийн ажилд оролцдог хүмүүс юм. Бид Түүний дуудлагад хариулсан; бид Түүний зараалд байна. Түүнээс суралцацгаая. Түүний хөлийн мөрийг дагацгаая. Түүний зааврын дагуу амьдарцгаая. Тэгснээр биднийг гүйцэлдүүлээсэй хэмээн хүсэн дуудах Түүний аливаа үйлчлэлд бид бэлтгэгдсэн байх болно. Энэ бол Түүний ажил. Энэ бол Түүний сүм. Тийм учраас Тэр бидний удирдагч, сүр жавхлангийн Хаан, бүр Бурханы Хүү юм. Би Түүнийг амьд гэдгийг гэрчилж байна. Энэхүү гэрчлэлийг би Есүс Христийн нэрээр, Түүний ариун нэрээр хэллээ, амен.

Тэмдэглэл

  1. “Come, All Ye Sons of God,” дуулал, 22

  2. Aлмa 17:2–3