2010–2019
Үнэхээр сайн бөгөөд заль мэхгүй
Дөрөвдүгээр сар 2015


Үнэхээр сайн бөгөөд заль мэхгүй

Есүс Христийн сайн мэдээний гол зорилго нь бидний зүрхний хүслэн өөрчлөгдөж, бидний хүсэл зориг төлөвшиж, сайжирч болдогт байгаа юм.

Харамсалтай нь, миний амьдралд нэр хүнд, эрх мэдэл хөөж явсан үе байсан. Энэ нь үнэхээр гэм хоргүй байдлаар эхэлсэн юм. Намайг бүрэн цагийн номлолд үйлчлэхээр бэлтгэж байх үед ах маань номлолдоо бүсийн удирдагч болсон байлаа. Түүний тухай маш олон эерэг, сайн зүйл дуулддаг байсан ба би бас ингэж магтуулахыг хүсч байв. Би түүнтэй адил албан тушаалд хүрнэ хэмээн найдаж, бүр залбирч ч байсан байх.

Аз болоход, би номлолд үйлчилж байхдаа нэгэн үнэтэй сургамж авсан юм. Өнгөрсөн чуулганы үеэр би түүнийгээ эргэн санасан.

Аравдугаар сард Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф: “Би амьдралынхаа турш дэлхийн хамгийн чадварлаг, ухаалаг зарим хүнтэй мөр зэрэгцэн ажиллах боломжтой байсан. Би залуу байхдаа өндөр боловсролтой, ихийг бүтээж амжилттай яваа, дэлхийнхний өндөрт өргөдөг хүмүүсийг үлгэрлэн хардаг байлаа. Гэвч, он жилүүдийн турш би үнэхээр сайн бөгөөд заль мэхгүй хүмүүсийг л илүүтэй хүндэтгэн хардгаа ухаарсан юм”1 гэж хэлж билээ.

Мормоны Номон дахь миний баатар бол үнэхээр сайн бөгөөд заль мэхгүй, гайхалтай хийгээд адислагдсан бодгалийн жишээ юм. Шиблон нь Бага Алмагийн хөвгүүдийн нэг байв. Аавыгаа залгамжилж цэдгүүдийг хадгалагч мөн Бурханы бошиглогч байсан Хиламан, эцгээсээ зөвлөмж авах хэрэгтэй байсан номлогч гэдгээрээ сайн танигдсан Кориантон нар нь Шиблоны ах, дүү хоёр байсан ба бид тэднийг сайн мэдэх билээ. Алма хүү Хиламандаа 77 эшлэлийг бичсэн (Алма 36–37-г үзнэ үү). Кориантонд 91 эшлэлийг зориулсан юм (Алма 39–42-ыг үзнэ үү). Харин дунд хүү Шиблондоо ердөө 15 эшлэлийг бичжээ (Алма 38-ыг үзнэ үү. Гэсэн ч, тэдгээр 15 эшлэл нь хүчирхэг хийгээд сургамжтай байдаг.

“Мөн эдүгээ, хүү минь, чиний гуйвшгүй байдал мөн Бурханд итгэх итгэлийн чинь төлөө би чиний учир маш ихээр баясна гэдэгтээ найдаж байна; учир нь чи залуудаа Их Эзэн Бурхандаа хандаж эхэлсэн шигээ, тэрчлэн би чамайг түүний зарлигийг дагахаа үргэлжлүүлнэ хэмээн найддаг; учир нь эцсээ хүртэл тэвчих тэр нь адислагдах болно.

“Би чамд хэлнэ, хүү минь, би аль хэдийн чамд маш ихээр баярласан, учир нь зорамчуудын хүмүүсийн дундах чиний итгэлтэй байдал мөн чиний хичээнгүй чанар, мөн чиний тэвчээр мөн чиний удаан хугацааны тэсвэрийн учир буюу” (Алма 38:2–3).

Түүнчлэн Алма Шиблонд хандаж хэлснээс гадна, Кориантонд түүний талаар ярихдаа: “Бурханы зарлигуудыг дагах ахынхаа тууштай байдал, түүний итгэл дүүрэн байдал, мөн түүний хичээнгүй чанарыг чи анхаараагүй гэж үү? Болгоогтун, тэр чамд сайн үлгэр жишээ үзүүлээгүй гэж үү?” (Алма 39:1) гэжээ.2

Шиблон нь алдар нэр, албан тушаал, хүч чадал, нэр хүнд эсвэл эрх мэдлээс илүүтэй эцгийнхээ таалалд нийцэж, зөвийг үйлдэн явахыг хүсдэг хүү байсан нь үүнээс харагдаж байна. Хиламан ахынхаа энэ чанарыг мэддэг бас хүндэлдэг байсан нь тодорхой. Учир нь тэрээр эцгээсээ хүлээж авсан ариун цэдгүүдийг Шиблонд өгсөн юм. Хиламан үнэхээр Шиблонд итгэдэг байжээ, учир нь “тэр шударга хүн байв, мөн тэрээр Бурханы өмнө зөв шударгаар алхдаг байв; мөн тэр үргэлж сайныг үйлдэхийг, Их Эзэн Бурханыхаа зарлигуудыг дагахыг чармайдаг байв” (Алма 63:2). Шиблон ариун цэдгүүдийг хүлээж авснаас хойш Хиламаны хүү Хиламанд тэдгээрийг өгөх хүртэл түүний талаар тийм их цэдэглэгдээгүйгээс харахад дээрх зан чанар нь Шиблоны үнэн зан чанар болох нь тодорхой (Алма 63:11-ийг үзнэ үү).

Шиблон үнэхээр сайн бөгөөд заль мэхгүй байв. Тэрээр Бурхан болон эргэн тойрны хүмүүсээ хайрладаг байсан учраас бусдад тусалж мөн тэднийг дэмжин өргөхөд өөрийн цаг зав, авьяас болон хичээл зүтгэлээ золиосолдог хүн байсан (Алма 48:17–19; 49:30-ийг үзнэ үү). Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын “Агуу эрэгтэй, эмэгтэйчүүд бусдыг захирах бус харин үйлчлэхийг үргэлж хүсэн эрмэлздэг” хэмээн хэлсэн нь түүнийг маш сайн дүрсэлдэг: 3

Бүхий л арга замаар алдар хүнд, албан тушаал, хүч чадал, нэр төр болон эрх мэдэл хөөсөн энэ дэлхийд би үнэхээр сайн бөгөөд заль мэхгүй, гайхалтай мөн адислагдсан тэдгээр бодгалийг, Бурхан болон хөршөө хайрлах хайраар өдөөгдсөн тэднийг, “эрх мэдэл, эзэмшлээс илүү үйлчлэхийг хүсэн эрмэлздэг” тэдгээр агуу эрэгтэй, эмэгтэйчүүдийг хүндэлдэг.

Өнөө үед бид албан тушаал болон хүч чадал олж авснаар л бусдад хэрэгтэй хүмүүс болно гэдэгт биднийг итгүүлэх гэсэн зарим хүн байдаг. Хэдий тийм ч, баярлууштай нь энэхүү үзэл бодлын нөлөөнд автаагүй олон хүн байгаа билээ. Тэд үнэхээр сайн бөгөөд заль мэхгүй байхыг эрэлхийлснээр бусдад хэрэгтэй хүмүүс болдог. Би тийм хүмүүсийг нийгмийн бүхий л давхарга болон олон шашнаас олж хардаг. Тийм хүмүүс жинхнээсээ хөрвөгдсөн Христийн дагагчдын дунд илүү олноороо байдаг.4

Би дэлхийн өнцөг булан бүрд, долоо хоног бүр тойрог болон салбартаа дуудлагаа биелүүлэхдээ шаардлагатайгаас илүүг хийн, амин хувиа үл хичээн үйлчилдэг хүмүүсийг хүндэлдэг. Гэвч дуудлагууд нь өгөгдөж мөн авагддаг зүйл юм. Албан ёсны дуудлагагүй ч бусдад үйлчилж, тэднийг дэмжин өргөх арга замуудыг үргэлж хайж олдог хүмүүсийг би бүр их хүндэлдэг юм. Нэгэн ах сүмд эрт ирж, сандлуудыг өрөөд, дараа нь үлдэж ариун ёслолын танхимыг цэгцэлдэг байхад өөр нэг эгч тойргийнхоо хараагүй эгчийн дэргэд сууж түүнтэй мэндлээд зогсохгүй, уг хараагүй эгч сонсоод дагаж дуулахуйц чангаар дуулдаг байна. Хэрэв та тойрог эсвэл салбараа сайтар ажиглавал ийм жишээнүүдийг олж харна. Хэнд тусламж хэрэгтэйг мөн хэрхэн тэдэнд туслахаа мэддэг гишүүд үргэлж байдаг.

Би магадгүй залуу номлогч байхдаа үнэхээр сайн, заль мэхгүй Гэгээнтнүүдийн талаар анх сурч авсан байх. Би шинэ хамтрагчтайгаа хамт нэгэн бүсэд үйлчлэхээр ирсэн юм. Бусад номлогч түүнийг номлолдоо удирдагч болж байгаагүй мөн Солонгост ирээд удсан ч солонгос хэлэндээ тааруу гэж ярьдаг байсан юм. Гэвч би уг ахлагчийг мэдэхийн хэрээр тэр миний мэдэх хамгийн дуулгавартай, итгэлтэй номлогчдын нэг болохыг олж мэдсэн юм. Тэр сурах цаг болоход сурч, ажиллах цагтаа ажилладаг байлаа. Тэрээр гэрээсээ цагтаа гарч, цагтаа ирдэг байв. Хэдийгээр солонгос хэл түүнд тун хэцүү байсан ч тэрээр шаргуу сурдаг байсан юм.

Түүний талаар миний сонссон зүйлүүд үнэн биш болохыг мэдээд би хүмүүс түүнийг амжилтгүй номлогч хэмээн буруугаар бодож байсныг нь ойлгосон юм. Би энэ ахлагчийн талаар юу олж мэдсэнээ номлол даяар хэлэхийг хүсч байлаа. Би энэ буруу ойлголтыг залруулахыг хүсч байгаагаа номлолын ерөнхийлөгчдөө хуваалцав. Харин тэр хариуд нь: “Тэнгэрлэг Эцэг энэ залуу хөвгүүнийг амжилттай номлогч гэдгийг мэдэж байгаа. Би ч бас мэднэ. Дээр нь одоо чи ч мэдэж байна, тиймээс бусад нь ямар хамаатай юм бэ?” гэв. Ухаалаг номлолын ерөнхийлөгч үйлчлэлд юу чухал болохыг надад заасан юм. Үйлчлэлд хүндлэл, албан тушаал, хүч чадал эсвэл эрх мэдэл чухал биш гэдгийг би ойлгосон. Энэ явдал алдар нэр хэт их хөөсөн залуу номлогчийн хувьд үнэтэй сургамж байсан юм.

Би энэхүү сургамжийг бодох зуураа ямар ч агуу хэргэм зэрэг эсвэл албан тушаалгүй эрэгтэй, эмэгтэйчүүд надад хэрхэн нөлөөлж байсныг мэдэхээр өнгөрсөн амьдралаа эргэцүүлэн бодсон юм. Шиблон шиг бодгалиудын нэг бол ахлах сургуулийн эхний жилд маань байсан семинарын багш минь юм. Энэ хүн семинар заагаад хоёр, гуравхан жил болж байсан ч зүрх сэтгэлийн минь гүнд нөлөөлж, гэрчлэлтэй болоход минь тусалсан. Тэрээр сургуульд хамгийн нэр хүндтэй багш байгаагүй байж магадгүй ч гэсэн үргэлж бэлтгэлтэй байдаг байсан. Түүний надад үзүүлсэн нөлөө нь гүнзгий бөгөөд хэзээ ч мартагдахгүй . Тэр надад заадаг байснаас хойших 40 жилийн хугацаанд түүнтэй цөөхөн уулзсан ба тэр аавын маань оршуулгын ёслолд ирж надтай уулзсан нь эдгээр цөөн тохиолдлын нэг нь байсан юм. Түүний энэ үйлдэл нь алдар нэр, хүч чадлаар өдөөгдөөгүй байсан юм.

Би үнэхээр сайн бөгөөд гэм зэмгүй, бүхнээ зориулсан энэ багш болон түүнтэй адил олон хүнийг хүндэлдэг. Зөвхөн ням гарагт хичээл дээр суралцагчдадаа заагаад зогсохгүй, гэр бүлийнхээ өглөөний унданд тэдгээр суралцагчаа урьснаар зааж мөн нөлөөлдөг Ням гаргийн ангийн багшийг би хүндэлдэг. Би тойргийнхоо залуу эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн спорт, соёлын үйл ажиллагаанд оролцдог өсвөр үеийнхний удирдагчдыг хүндэлдэг. Би хөршүүддээ урам хайрласан захиа бичдэг эрэгтэйг мөн Христийн мэндэлсний баярын ил захидлаа зүгээр нэг шуудангаар илгээлгүй харин айлчлал хэрэгцээтэй байгаа гэр бүлийн гишүүд болон найзууддаа өөрөө аваачиж өгдөг эмэгтэйг хүндэлдэг. Сэтгэхүйн өвчин туссан хөршдөө болон түүний эхнэрт хүнд бэрх үед нь тусалж мөн өдөр тутмынх нь хэв маягаас гаргаж, маш хэрэгтэй өөрчлөлтийг авчран, тогтмол унаагаар үйлчилдэг ахыг би хүндэлдэг.

Эдгээр үйлдэл нь алдар хүнд, нэр төрийн төлөө биш юм. Эдгээр эрэгтэй, эмэгтэйчүүд хэргэм зэрэг эсвэл эрх мэдэл хүлээн авах боломжоор өдөөгдөөгүй билээ. Тэд үргэлж сайныг хийхээр явдаг Христийн дагалдагчид бөгөөд Шиблон шиг Тэнгэрлэг Эцэгийнхээ таалалд нийцэхийг хичээж байгаа юм.

Дуудлагаасаа чөлөөлөгдөж эсвэл хүссэн дуудлага эсвэл үүрэг хариуцлагаа авч чадаагүйгээсээ болж үйлчлэхээ болин эсвэл сүмд ирэхээ больсон зарим хүний талаар сонсоод би харамсдаг. Хамгийн чухал үйлчлэл нь ганцхан Бурханд л мэдэгддэг гэдгийг би залуу номлогч байхдаа сурсан шиг тэд ч бас нэг өдөр сурна гэж би найдаж байна. Бид өөрсдийн ашиг сонирхлын эрэлд явахдаа Бурханы тааллыг мартчихаагүй биз?

Зарим нэг нь: “Би таны хэлж байгаа шиг болтол өдий байна” гэж болох юм. Есүс Христийн сайн мэдээний гол зорилго нь бидний зүрхний хүслэн өөрчлөгдөж, бидний хүсэл зориг төлөвшиж, сайжирч болдогт байгаа юм. Бид Бурханы жинхэнэ сүрэгт баптисм хүртэхдээ шинэ бүтээлүүд болох үйл явцыг эхлүүлдэг (2 Коринт 5:17; Мозая 27:26-г үзнэ үү). Бид ариун ёслолоос хүртэж, гэрээгээ шинэчлэх бүрдээ тэрхүү эцсийн зорилгодоо нэг алхам ойртдог.5 Бид тэрхүү гэрээнд тэвчээртэй байх үед гашуудах тэдний хамт гашуудаж, тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулах хүч чадлыг авдаг (Мозая 18:9-ийг үзнэ үү). Бид Бурханыг бүхий л зүрх сэтгэлээсээ хайрлаж мөн хөршөө өөрсдийн адил хайрлахыг багтаасан Түүний зарлигуудыг дагах болон Түүнд үйлчлэх боломжийг бидэнд олгодог ач ивээлийг тэрхүү гэрээнээс олдог.6 Тэр гэрээнд Бурхан болон Христ биднийг халамжилдаг ба тэгснээр бид халамж хэрэгтэй тэднийг халамжилж чадна (Мозая 4:16; мөн 11–15-р шүлгийг үзнэ үү).

Амьдралдаа хамгийн их хүсдэг зүйл минь—дэлхийн болон тэнгэрлэг—эцгүүдийнхээ таалалд нийцэж мөн Шиблонтой илүү адил болох хүсэл билээ.7

Үлгэр жишээ нь надад—бас бид бүгдэд—найдвар өгдөг Шиблон шиг бодгалиуд байгаад би Тэнгэрлэг Эцэгтээ талархаж байна. Бид тэдний амьдралаас хайрт Тэнгэрлэг Эцэг болон халамжит мөн нийгүүлсэнгүй Аврагчийн гэрчийг хардаг. Би тэдэнтэй илүү адил болохын тулд хичээнэ гэсэн амлалтын хамт өөрийн гэрчлэлийг тэдний гэрчлэл дээр Есүс Христийн нэрээр нэмж байна, амен.

Эшлэлүүд

  1. Дийтр Ф.Угдорф, “Би биш биз дээ, Эзэн минь?”Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 67; тодотгол нэмэгдсэн.

  2. Хиламан Зорамчуудад заахаар яваагүй, тэгэхээр Алма “ахынхтайгаа адил” хэмээн хэлэхдээ Шиблоны талаар ярьж байсан болохыг бид мэднэ (Алма 31:7; 39:2-ыг үзнэ үү).

  3. Спэнсэр В.Кимбалл, “Зөвт эмэгтэйн үүрэг,” Ensign, 1979 оны 11-р сар, 104.

  4. “Бид Их Эзэний сайн мэдээнд жинхэнэ хөрвөгдсөн бол мөнх амьдрал руу аялах явцад бидний зүрх сэтгэл хувийн ашиг сонирхлоосоо татгалзаж, бусдад туслах үйлчлэл рүү чиглэгдэн өөрчлөгдсөн байх болно хэмээн Тэрээр заасан байдаг. Тэрхүү хөрвөлтийг олж авахын тулд бид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан шинэ хүн болохын тулд итгэлтэйгээр залбирч, ажиллах ёстой. Бид хувиа хичээсэн байдлаа наманчлах, итгэлд болон бусдад өөрсдөөсөө илүү санаа тавих бэлгийг авахын тулд залбирснаар эхэлж болно. Бид бардамнал, атаа жөтөөнөөс салах хүчийг олж авахын тулд залбирч болно (Хэнри Б.Айринг, “Гэрчлэл болон хөрвөлт,” Ensign эсвэл Лиахона, 2015 оны 2-р сар, 4–5).

  5. “[Бурхан] бол үхэшгүй хийгээд төгс төгөлдөр. Харин бид мөнх бус хийгээд төгс бус. Гэсэн хэдий ч, бид сүнсээрээ Түүнтэй нэгдмэл байх боломжийг өгдөг мөнх бус байдалд ч замуудыг эрэлхийлдэг. Тэгснээр бид Түүний хүчний сүр хүч болон ач ивээлийг хүртэх зарим эрхийг олж авдаг. Тэдгээр онцгой мөч нь … баптисм болон гишүүнээр батлуулах … [мөн] Эзэний оройн зоогийн бэлгэдлээс хүртэхийг багтаадаг” (Жэффри Р.Холланд, To My Friends [2014 он], 80).

  6. Хийдэг бүхэндээ өөрсдийгөө Бурханы хүүхдүүд гэж хардаг Хожмын Үеийн Гэгээнтнүүд угаасаа гэрээнүүд хийж мөн сахидаг. Авралын төлөвлөгөө нь гэрээнүүдээр тэмдэглэгддэг. Бид зарлигуудыг дагахаар амладаг. Хариуд нь Бурхан энэ амьдрал болон үүрд мөнхөд адислалуудыг амладаг. Тэрээр шаарддаг зүйлээ л шаарддаг бөгөөд Өөрийн үгэндээ хүрэхдээ ч төгс билээ. Учир нь Тэр бидэнд хайртай бөгөөд Түүний төлөвлөгөөний зорилго нь бид Түүн шиг болох ёстой учраас Тэр биднээс яг таг байдлыг шаарддаг. Мөн Түүний бидэнд өгдөг амлалтууд нь үргэлж бидний гэрээнүүдээ сахих чадвартаа өсөж хөгжих хүчийг багтаадаг. Тэрээр бидэнд Өөрийнх нь дүрмүүдийг мэдэхийг боломжтой болгодог. Бид Түүний жишгүүдэд хүрэхийн тулд бүхий л сэтгэлээрээ хичээх үед Тэр бидэнд Ариун Сүнсний нөхөрлөлийг өгдөг. Энэ хоёр нь ээлжлэн бидний амлалтуудаа биелүүлэх, сайн болон үнэнийг ялгах хүчийг нэмэгдүүлдэг. Энэ бол суралцах хүч бөгөөд бидний зуурдын амьдралд сурахад болон үүрд хэрэгтэй зүйлээ суралцахад нөлөөлдөг” (Хэнри Б.Айринг, “A Child of God” [Бригам Янгийн Их сургуулийн онцгой цугларалт, 1997 оны 10-р сарын 21], 4–5; speeches.byu.edu). Мөн ахлагч Дэвид А.Бэднар, “Тэд ачаагаа амархан дааж чадахын тулд” Ensign эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 105–108).

  7. Миний санахын л, би аавынхаа таалалд нийцэхийг хүсдэг байсан. Би өсөж том болоод, гэрчлэлтэй болохдоо Тэнгэрлэг Эцэгийн таалалд нийцэх хүсэлтэй болсон юм. Амьдралынхаа сүүлийн үед би Шиблоны талаар суралцсан ба түүнтэй илүү адил болохыг амьдралынхаа зорилгуудад нэмсэн билээ.