2010–2019
Тийм ээ. Бид чадна бас бид ялна!
Дөрөвдүгээр сар 2015


Тийм ээ. Бид чадна бас бид ялна!

Бид сайн мэдээний гэрчлэлээсээ улам илүү чанга зууран барих ёстой. Тэгвэл бид хилэнцийн эсрэг дайнд өдөр бүр ялан дийлэх болно.

Хайрт ах нар аа, өнөөдөр Сүм даяар Бурханы санваарыг атгаж байгаа та нартаа хандаж ярих энэ боломжиндоо би их даруусч байна.

Ерөнхийлөгч Томас С.Монсон нэг удаа:

“Энэ дэлхийд заримдаа амьдрахад ч аймаар хэцүү санагдах үе байдаг. Нийгэмд ёс суртахууны үнэлэмж гэрлийн хурдаар унан доройтож байна. Бидэнд хор хохирол учруулж, биднийг устгахыг эрэлхийлдэг бүхнээс ахмад, залуу, өсвөр насны хэн боловч хамгаалагдаж чадахгүй байна.

“… Гэхдээ бид цөхрөх хэрэггүй. … Нүглийн эсрэг дайнд бид тэмцэж, тулалдаж байна. … Бид энэ дайнд ялж чадна, ялах ч болно. Ингэж ялахад хэрэгтэй арга замыг Тэнгэр дэх Эцэг маань бидэнд зааж өгсөн юм”1 гэж хэлсэн.

Ахмад, залуу хэн ч гэсэн ерөнхийлөгч Монсоны хэлсэн энэ дайнтай өдөр бүр тулгарч байна. Энэ дайсан болон түүний элчүүд биднийг Тэнгэрлэг Эцэгийн маань аз жаргалын гайхамшигт төлөвлөгөөний дагуу амьдрахад саад болох гэж оролддог. Тэдний зорилго бол биднийг Их Эзэнтэй байгуулсан гэрээгээ үл хүндэтгэж, мөнхийн өвөө мартахад хүргэн, төөрөгдүүлэхийг дэмжих явдал юм. Тэнгэрлэг Эцэгийн маань өөрийн хүүхдүүд болох бидэнд зориулсан төлөвлөгөөг тэд сайн мэддэг, учир нь тэд уг төлөвлөгөөг танилцуулсан, тэнгэрт болсон Агуу зөвлөгөөнд бүгд биечлэн оролцсон юм. Тэд мөн бидний айдас, сул дорой байдлыг дэвэргэж, “харанхуйлах манан нь … хүмүүний үрсийн мэлмийг сохолж зүрхийг хатууруулж, мөн өргөн замаар тэднийг удирдан, чингээд тэд мөхөж, төөрөлдөх”2 болгохоор биднийг уруу татаж байна.

Ерөнхийлөгч Монсоны бидэнд заасан тэр дайсантай бид тулж байгаа боловч энэ дайнд бид ялж чадна, ялах ч болно. Их Эзэн бидний чадавх, ялах шийдмэг байдалд найдаж байгаа.

Хичнээн хүнд нөхцөл байдалд орсон ч тулалдаандаа ялан гарч байгаа хүмүүсийн талаар олон жишээ сударт байдаг. Эдгээрийн нэг нь Мормоны Номонд гардаг Ахмад Моронай юм. Энэ гайхалтай залуу дөнгөж хорин таван насандаа нифайчуудын армийн удирдагч болдог. Нифай үндэстний оршин тогтноход аюул учруулж байсан дайсагнал, сөргөлдөөн, дайн тулааны үед тэр үнэнийг хамгаалах зоригтой байж чадсан. Моронай өөрийнхөө хийх ёстой зүйлүүдийг гайхалтай хийдэг байсан ч даруухан үлдэж чадсан билээ. Үүний зэрэгцээ өөр бусад зан чанар нь түүнийг тухайн үед Бурханы гар дахь ер бусын онцгой зэмсэг болгож байжээ. Алмагийн номон дээр хэрвээ бүх хүмүүн Моронай шиг байсан бол “тамын чухамхүү хүчин чадал үүрд сэгсрэгдэн сулруулагдах сан; тийм ээ, хүмүүний үрсийн зүрх сэтгэлийг давах хүч чөтгөрт хэзээ ч байхгүй байх сан” хэмээн тайлбарлажээ.3 Моронайн хийж байсан бүх л сайн үйлдэл нь түүний Бурханд болон Эзэн Есүс Христэд итгэх Агуу итгэлээс нь 4 мөн Бурханы болон Түүний бошиглогчдын дуу хоолойг дуулгавартай дагана гэсэн түүний бат шийдэмгий байдлаас эхлэлтэй юм.5

Зүйрлэвэл, бид амьдралд маань нөлөөлж буй чөтгөрийн тэр нөлөөтэй тэмцэж ялахын тулд орчин үеийн ахмад Моронай болон хувирах хэрэгтэй. Өөрийгөө орчин үеийн Ахмад Моронай болгосон нэгэн диконыг би мэддэг юм. Энэ залуу хүү эцэг эхийнхээ болон сүмийн удирдагчдын зөвлөгөөг дагахыг эрэлхийлэхийн хэрээр бага насандаа түүний итгэл, зорилго нь өдөр бүр хүнд хэцүү сорилтод орж байдаг байлаа. Тэрээр надад нэг өдөр ангийнхантайгаа уулзахаар очихдоо тэднийг гар утсан дээрээ садар самууныг сурталчилсан зураг үзэж байхыг хараад ихэд гайхсанаа ярьсан юм. Тэр маш хүнд сорилттой тулгарчээ. Яг тэр үед залуу хүүд ангийнхан дундаа нэр хүнд олж авах уу аль эсвэл зөв зохистой байдлыг сонгосон итгэл чухал уу гэдгийг сонгох хэрэг гарчээ. Дараагийн хэдхэн секундэнд л залуу хүү найзууддаа хийж байгаа зүйл нь буруу гэдгийг зоригтой хэлэх хүслээр дүүргэгдэв. Үүгээр ч зогсохгүй тэр найзууддаа хэрвээ хийж байгаа энэ үйлдлээ зогсоохгүй бол эцэстээ энэ зүйлийнхээ боол нь болдог юм шүү гэж хүртэл хэлсэн байна. Ангийнх нь ихэнх хүүхдүүд түүний зөвлөгөөг элэглэн шоолж, үүнд сүржигнэх юм ер байхгүй, энэ бол амьдралын нэг хэсэг гэж хэлж байлаа. Гэтэл тэдний дунд залуу хүүгийн зөвлөгөөг сонсоод, хийж байгаа зүйлээ зогсооё гэсэн нэг хүүхэд байв.

Энэ диконы зөв үлгэр жишээ нь ядаж нэг ч гэсэн хүүхдэд сайнаар нөлөөлж чадсан юм. Мэдээж, залуу хүү болон түүний найз ийм шийдвэр гаргасныхаа төлөө дооглуулж, хавчигдаж эхлэв. Гэхдээ нөгөө талдаа тэд Алмагийн өөрсдийн хүмүүст хандан “та нар бүгд, ёс бусыг үйлдэгчдийн дундаас гарч ирцгээ, мөн та нар тусдаа байгтун, мөн тэдний цэвэр бус зүйлүүдэд бүү хүрэгтүн;”6 хэмээн хэлснийг дагасан юм.

Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол Тэргүүн Зөвлөлөөс баталсан Сүмийн өсвөр үеийнхэнд хандан өгсөн дараах зөвлөгөөг агуулсан байдаг: “Та нар хийсэн сонголтуудынхаа хариуцлагыг хүлээдэг. Гэр бүлийнхэн, найз нөхөд тань сонгох эрхээ буруугаар ашиглаж байсан ч, Бурхан та нарт санаа тавьж, зөв сонголтуудыг хийхэд тань туслах болно. Та ганцаараа үлдсэн байлаа ч, Бурханы хүслийг дагахад шийдэмгий зоригтой бай. Та нар үүнийг хийх аваас бусдад сайн үлгэр жишээ болно.”7

Нэгэнт өрсөлдөгчийн маань зорилго бүх хүнийг өөр шигээ зовлонт нэгэн болгож хувиргах санаатай байгаа учраас чөтгөрийн эсрэг дайтах сайн үйлсийн энэ дайн насан туршид тань үргэлжлэх болно. Сатан болон түүний элчүүд бидний оюун санааг удирдаж, биднийг нүгэл үйлдэгч болохыг харуулахын тулд л ажилладаг. Хэрвээ тэд энэ зорилгоо биелүүлж чадвал бидний сайн гэсэн бүхнийг үгүй хийнэ. Харин зөвхөн биднийг өөрсдөө зөвшөөрсөн үед л тэд биднийг удирдах хүч чадалтай болдог юм гэдгийг бид мэддэг байх нь чухал.

Дэлхий нийтэд хялбархан хүлээн зөвшөөрөгдсөн боловч Есүс Христийн сайн мэдээний сургаал ба үнэн зарчимд харшилдаг ямар нэгэн мэдээллийг хүлээн авч төөрөгдөх явдалд бид өөрсдийгөө оруулахгүй байх ёстой. Иймэрхүү дэлхийн мэдээллийн ихэнх нь нүглийг л хаацайлан хамгаалах зорилготойгоос өөр зүйл байдаггүй. Эцсийн өдөр бид бүгд Христийн өмнө зогсож “өөрсдийн үйлүүдээр тэд сайн эсвэл хилэнцэт байх эсэхээрээ шүүгдэхээр” очно 8 гэдгийг санаж байх хэрэгтэй. Нэгэнт биднийг иймэрхүү дэлхийн мэдээлэлтэй нүүр тулах үед агуу эр зориг, Тэнгэрлэг Эцэгийнхээ төлөвлөгөөний талаарх гүн бат мэдлэг нь зөвийг сонгохыг шаарддаг.

Бид бүгд Их Эзэнийг эрэлхийлэн, Түүнд бүхий л итгэл найдвараа зориулбал зөвийг сонгох хүч чадал хүлээн авч чадна. Гэхдээ сударт зааснаар, бид “чин сэтгэл”-тэй мөн “үнэн хүсэл”-тэй байх хэрэгтэй. Тэгвэл Их Эзэн Өөрийн төгсөшгүй нигүүслээр бидэнд үнэнийг “Ариун Сүнсний хүчээр” мэдүүлэх ба “Мөн Ариун Сүнсний хүчээр [бид] бүх зүйлийн үнэнийг мэдэж болно.”9

Ариун Сүнсээр дамжуулан олж авсан энэ мэдлэг нь дэлхийгээс сонсож байгаа олон нийтэд түгсэн мэдээллээс хамаарахгүйгээр, хожмын үед сэргээгдсэн сайн мэдээний сургаалуудыг дагах бидний итгэл найдварыг хөгжүүлдэг гэрчлэлээс илүү зүйл биш юм. Бидний гэрчлэл биднийг өрсөлдөгч дайснуудын харвах галт сумаас хамгаалдаг бамбай байх ёстой.10 Энэ нь өнөөгийн дэлхийн харанхуй болон төөрөгдөл дундуур бидэнд аюул осолгүй гарах замыг заадаг.11

Би энэ зарчмыг залуухан номлогч байхдаа мэдэж авсан юм. Манай хамтрагч бид хоёр Сүмийнхээ нэг жижигхэн алслагдсан салбарт үйлчилж байснаа санаж байна. Бид хоёр тэр жижиг салбарын хүн нэг бүртэй ярьж үзэхийг зорьж байлаа. Тэд биднийг маш сайхан хүлээж авч байсан хэдий ч судрын тухай маргалдах дуртай, бидний зааж байгаа зүйлсийн үнэн эсэх талаар баттай баримт үзүүлэхийг үргэлж шаарддаг байсан юм.

Хамтрагч бид хоёр ямар нэгэн юмыг батлах гэж оролдох бүрд Бурханы Сүнс биднийг орхин одож, бид харин ч өөрсдөө төөрөлдсөн байдалтай үлддэг байснаа би сайн санаж байна. Бид харин нилээд удаан тунгаан бодож, Бурханаас асууж туслалцаа хүссэний эцэст зааж байгаа сайн мэдээнийхээ үнэний талаар илүү их гэрчлэлтэй болох хэрэгтэй юм байна гэсэн мэдрэмжтэй боллоо. Тэгээд л биднийг тэрхүү гэрчлэлээ бүх сэтгэл зүрхнийхээ угаас хуваалцахад Ариун Сүнснээс ирдэг чимээгүй хүч чадал тэр өрөөг дүүргэж, эргэлзэх, маргалдах хүчинд ямар ч зай завсар үлдээдэггүй байсныг би үе үе санадаг юм. Аврагч Есүс Христийн үнэн шавийн сэтгэл зүрхнээсээ гэрчилсэн гэрчлэлийг давах, үгүйсгэх, эргэлзээнд оруулах ямар ч муу ёрын хүч байдаггүйг би тэгэхэд мэдэж авсан юм.

Аврагчийн маань зааснаар, дайсан биднийг яг шигшүүрээс гоожих үр тариа мэт дэлхийн сайн сайханд нөлөөлөх чадвараа алддаг болгох зорилготой байдаг. 12

Хайрт ах нар минь. Энэ дэлхийг хамарсан эргэлзээ тээнэгэлзээ, төөрөгдлийн давалгааны улмаас бид урьд урьдынхаас илүү их Есүс Христийн сайн мэдээний талаарх гэрчлэлээсээ улам илүү чанга зууран барих хэрэгтэй байна. Ингэх юм бол үнэнийг хамгаалах бидний хүч болон шударга байдал улам их нэмэгдэнэ. Бид өдөр бүр чөтгөртэй тэмцэх тулаандаа ялах бөгөөд тулааны талбарт ялагдаж уналгүй бусдыг Эзэний жишигт авчрах боломжтой болох юм.

Би та бүхнийг сударт агуулагддаг хамгаалалтын талаар олж мэдэхэд уриалж байна. Ахмад Моронай Бурханд итгэх итгэл, үнэний талаарх гэрчлэлээ сударт агуулагддаг мэдлэг, мэргэн ухаанд нийцүүлсэн байдаг. Ийм арга замаар тэр Бурханы адислалыг хүлээн авч олон олон ялалт байгуулна хэмээн итгэж байсан нь яг үнэндээ түүний хүслээр болсон юм.

Би бас та бүхнийг одоогийн бошиглогчдын ухаалаг үгэн дэх хамгаалалтыг олж авахыг уриалж байна. Ерөнхийлөгч Томас С.Монсон хэлэхдээ: “Бурханы санваарт томилогдсон бид өөрчлөлт хийж чадна. Бид хувийн цэвэр ариун байдлаа хадгалж мөн санваартаа хүндэтгэлтэй хандсанаар бусад хүний дагах зөв шударга үлгэр жишээ болдог … [мөн] улам харанхуй болж буй дэлхийг сайн сайхнаар гэрэлтүүлж чадна” гэжээ.13

Эцэст нь би бүх хүнийг Есүс Христийн Цагаатгалын сайн сайханд болон хүч чадалд итгэхэд уриалж байна. Хэдийгээр бид бэрхшээл, уруу таталт, сорилтуудын дунд байгаа ч энэ цаг үед чухам Түүний цагаатгагч золиослолоор л дамжуулан энэ үеийн бүхий л дайнд ялалт байгуулах эр зоригийг олж чадна. Түүний хайранд болон аврах хүч чадалд нь итгэцгээе.

“Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.”14

“Би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав.”15

“Миний дотор та нарыг амар амгалан байг гэж Би та нарт эдгээр зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан гэж айлдлаа”16 хэмээн Христ хэлсэн.

Би эдгээр үнэний тухай гэрчлэлээ Есүс Христийн ариун нэрээр хуваалцлаа, амен.