2010–2019
Эхийгээ болгоогтун
Аравдугаар сар 2015


Эхийгээ болгоогтун

Үрдээ бүхнээ зориулсан эхийн харамгүй хайраас илүү Есүс Христийн цэвэр хайранд дөхөж очих хайр мөнх бус оршихуйд үгүй билээ.

Та нартай нэгдэн Ахлагч Роналд А.Расбанд, Ахлагч Гэри И.Стивэнсон, Ахлагч Дэйл Г.Рэнланд болон тэдний гэргий нарыг тэдний төсөөлж чадах хамгийн гайхамшигтай хамтын ажиллагаанд тавтай морилно уу хэмээн урихыг минь зөвшөөрнө үү.

Аврагчийн Цагаатгалын тухай бошиглох үедээ Исаиа, “Тэр бидний өвчнийг Өөртөө тээж, бидний уй гашууг даав”1 хэмээн бичжээ. Хожмын үеийн сүр жавхлант нэг үзэгдэл “[Есүс] … дэлхийн нүглүүдийг үүрэхээр … дэлхийд ирсэн бөлгөө”2 хэмээн онцолсон байдаг. Эртний болон орчин үеийн судар “тэрбээр тэднийг гэтэлгэв, мөн эрт дээр үеийн бүх өдрүүдэд тэднийг тээн мөн авч явсан бөлгөө”3 хэмээн гэрчилдэг. Миний дуртай нэг дуулал “Чөлөөлөгчийнхөө дуу хоолойг сонсогтун!”4 хэмээн биднийг уриалдаг.

Үүрэх, үүрсэн, тээх, чөлөөлөх. Эдгээр нь Мессиаг дүрсэлдэг хүчтэй үг бөгөөд найдвар агуулсан байдаг билээ. Энэ нь бид байгаа газраасаа байх хэрэгтэй боловч өөрсдөө үл хүрч чадах газарт аюулгүй аваачихад тусалдаг бөгөөд ийм найдварыг өгүүлдэг. Эдгээр нь бас ачаа дарамт, тэмцэл, ядаргаа гэсэн утга илэрхийлдэг. Эдгээр нь хэмжээлшгүй их үнэ төлж, унасан биднийг өргөн, хүчин мөхөстсөн биднийг урагш тээж, аврал хол байхад биднийг гэрт маань аюулгүй хүргэж өгдөг Түүний эрхэм зорилгыг дүрслэх хамгийн тохиромжтой үгс юм. Тэрээр, “Би загалмай дээр өргөгдөж болохын тулд, … би … өргөгдсөний адилаар хүмүүн … өргөгдөхийн тулд Эцэг минь намайг илгээсэн”5 хэмээн айлдсан.

Гэхдээ та нар тээх, тээсэн,үүрэх,, тэврэх,дунших ,төрүүлэх гэх мэт бидний хэлдэг үгсээс үүдэн хүний амьдралын нэгэн чухал зүйлийн тухай бодoж болох юм. Есүс Цагаатгал хийж байх агшиндаа Иоханд хэлснийхээ адилаар бид бүгдэд хандан, “Эхийгээ болгоогтун!”6 хэмээн хэлдэг.

Өнөөдөр би энэхүү индэр дээрээс өмнө хэлж байсан үрдээ бүхнээ зориулсан эхийн харамгүй хайраас илүү Есүс Христийн цэвэр хайранд дөхөж очих хайр мөнх бус оршихуйд үгүй гэдгийг тунхаглаж байна. Исаиа Мессиагийн талаар ярьж байхдаа Иеховагийн хайрыг дүрслэхийн тулд эх хүний бүхнээ зориулах чанарыг ашигласан. Тэрээр, “Эх хүн хөхүүл хүүхдээ мартаж чадах уу?” хэмээн асуудаг. Энэ нь байж боломгүй зүйл бөгөөд Христ биднийг мартана гэдэг нь бүр ч утгагүй зүйл хэмээн тэр хэлдэг.7

Ийм хүчтэй хайр нь “удаан тэсвэрлэдэг, мөн сайхан сэтгэлтэй, … өөрийнхийгөө эрэлхийлдэггүй, … харин … бүх зүйлийг хүлцдэг, бүх зүйлд итгэдэг, бүх зүйлд найддаг, бүх зүйлийг тэвчдэг.”8 Хамгийн гол нь ийм үнэнч хайр “хэзээ ч дуусдаггүй.”9 “Иехова, “Учир нь уулс одож мөн толгод зөөгдөх болно, харин миний сайхан сэтгэл чамаас одох нь үгүй”10 хэмээн хэлсэн. Бидний ээжүүд ч бас ийн хэлдэг.

Тэд биднийг хэвлийдээ тээгээд зогсохгүй, хүнд бэрхшээлийг давахад бидэнтэй хамт үргэлжлүүлэн тэвчсээр байдаг. Зөвхөн хөл хүндтэй байхдаа төдий бус, насан туршдаа өргөж асрах хариуцлага нь эх хүний үүргийг үлэмж бэрх болгодог. Мэдээж, зүрх шимшрэм золгүй тохиолдол олон байдаг боловч ихэнх эхчүүд зөн совин, мэдрэмжээрээ энэ бол хамгийн эрхэм үүрэг гэдгийг мэддэг. Заримдаа үүнийг ухаарах нь ялангуяа залуу эхчүүдийн хувьд үнэхээр айдас төрүүлэм байж болно.

Нэгэн гайхамшигтай, залуухан ээж саяхан надад хандан, дараах үгийг бичжээ: “Хүн өөрийнхөө эрх чөлөөг умартталаа хүүхдээ яаж тэгж их хайрлаж чаддаг юм бол оо? Мөнх бус хайр яаж хүнийг сайн дураараа үүрэг хариуцлага, эрсдэл, зовнил, сэтгэлийн зовлон зэргийг хүлээн зөвшөөрч мөн энэ бүхнийг дахин дахин мэдрэх сонголт хийхэд хүргэж чадах юм бэ? Мөнх бус ямар хайр хүнд хүүхэд төрүүлсний дараа дахин хэзээ ч ганц өөрийнхөө хүссэнээр амьдарч чадахгүй гэсэн мэдрэмж төрүүлж чадах вэ? Эхийн хайр бурханлаг байхаас өөр аргагүй. Үүнд өөр тайлбар байхгүй. Эхчүүдийн хийж буй ажил Христийн ажлын салшгүй хэсэг юм. Үүнийг мэдэх нь ийм хайраас болж бид тэсвэрлэшгүй бөгөөд ер бусын зүйлийг үзэх болно гэдгийг ойлгуулж чадна. Мөн хүүхэд бүр аюулгүй болж мөн аврагдах үед бид ч бас Есүсийн хамтаар ‘[Эцэг минь!] би хий гэж Надад өгсөн ажлыг тань гүйцэтгэв’11” гэж хэлж чадна.

Энэхүү захидлын гайхалтай үгс бидний оюунд цуурайтаж байх хооронд би үйлчлэл хийж байх үеэрээ өнгөрсөн хэдэн долоо хоногийн турш ээж хүний агуу хайрыг харуулсан гурван тохиолдлыг хуваалцъя:

Эхний тохиолдол нь эх хүний хүчин зүтгэл болгон хүүхдийн үлгэр, өгүүллэгийн төгсгөл шиг байдаггүй гэдгийг сануулах сэрэмжлүүлэг болох зүйл юм. Энэ сануулга зүрх сэтгэлдээ үнэн гэж мэдэж байсан энэ Сүмээс холдон, нас барах гэж байсан тавь гаруй настай дотнын андын маань хөрвөлтөөс үүдэлтэй байлаа. Би түүнийг тайвшруулах гэж хэчнээн оролдоод ч түүнд амар амгалан авчирч чадаагүй юм шиг санагддаг юм. Эцэстээ тэр надтай үнэнээ хэлсэн. “Жэфф, Бурханы өмнө зогсох нь миний хувьд хэчнээн тарчилмаар байх байлаа ч гэсэн би ээжийнхээ өмнө зогсоно гэж бодохоос л айж байна. Түүний хувьд хамгийн чухал зүйл нь сайн мэдээ, хүүхдүүд нь байсан. Би түүний зүрхийг шархлуулсан гэдгээ мэднэ. Энэ нь миний зүрхийг ч бас шархлуулж байна” гэж хэлсэн юм.

Яг одоо би найзыг маань өнгөрөхөд ээж нь бусад эцэг эхийн л нэг адил гараа дэлгэн, хайрлаж хүлээн авна гэдэгтлавтайяа итгэж байна. Гэхдээ энэ түүхийн сэрэмжлүүлэх зүйл бол хүүхдүүд эхийнхээ сэтгэлийг шархлуулж чаддаг явдал юм. Энд бид бас нэгэн бурханлаг зүйлтэй холбоотой харьцуулалтыг харж байна. Есүс харууссан сэтгэлээр амиа өргөсөн. Тэрээр дэлхийн гэм нүглийг тэвчин гарах гэж ядарч, туйлдсан байсан. Уруу таталт тулгарах ямар ч үед бид бас бидний Аврагчийн адилаар “[өөрсдийн] эхийг болгоож,” тэднийг өөрсдийнхөө гэм нүглийн төлөөх зовлон шаналлаас чөлөөлөх болтугай.

Хоёрдугаарт, номлолын талбарт гарахдаа зохистой байсан боловч ижил хүйстэндээ татагдах асуудал, үүнээс болж амссан зүйлийнхээ улмаас өөрөө саналаараа гэртээ эрт харьсан нэгэн залуугийн тухай ярья. Тэр залуу зохистой хэвээр байсан ч итгэл үнэмшилдээ тун их эргэлзэж байсан бөгөөд түүний сэтгэл санааны дарамт улам ихсэж, сүнсний шаналал нь улам газар авчээ. Түүний сэтгэл санаа тогтворгүй болон, тэрээр гомдол, эргэлзээ, уур уцаар, ганцаардлын дунд байлаа.

Номлолын болон гадасны ерөнхийлөгч, бишоп нь түүнд туслахын тулд судалж, уйлж, адислал өгөхөд олон цаг зарцуулдаг байсан ч түүний бэрхшээл нь хувийн чанартай байсан учир тэр бүх зүйлээ тэдэнд хэлэх боломжгүй байв. Залуугийн аав хүүдээ туслахын тулд чадах бүхнээ хийж байсан ч цаг наргүй ажилладаг тул сүнсний олон урт, харанхуй шөнийг хүү ээжтэйгээ хамт өнгөрүүлдэг байв. Тэд эдгэрлийг эрэлхийлж хамтдаа эхлээд хэдэн өдөр, долоо хоног, тэгээд сар жилээр үргэлжлүүлэн эрсэн юм. Гомдол хорсол (ихэвчлэн хүүд, заримдаа ээжид төрсөн) ба эцэс төгсгөлгүй айдас (ихэвчлэн ээжид, заримдаа хүүд мэдрэгдсэн) дунд ч энэ эх хүн Бурханы хүч, Түүний Сүмийн, хамгийн гол нь хүүг нь хайрлах Бурханы хайрын хүч чадлын талаарх гэрчлэлээ хүүтэйгээ хуваалцжээ. Мөн тэрээр хүүгээ мохошгүй, дуусашгүй хайраар хайрлана гэдгээ гэрчилжээ. Өөрийн амьдралын хамгийн амин чухал хэсэг болсон Есүс Христийн сайн мэдээг болон гэр бүлээ нэгтгэхийн тулд тэр эмэгтэй байнга чин сэтгэлээсээ залбирдаг байв. Тэр мацаг барин уйлж мөн уйлан мацаг барьж, хүүгээ зовж шаналж байна гэж хэлэхийг олон удаа сонсож байжээ. Ийнхүү тэрээр хүүгээ дахин тээсэн бөгөөд энэ удаад есөн сараас илүү болсон байв. Тэрээр хүүгийнхээ цөхрөл ганцаардлыг хуваалцах зовлон нь үүрд үргэлжилнэ гэж боджээ.

Гэхдээ Бурханы ач ивээл, өөрийн мятаршгүй байдал, Сүмийн олон удирдагч, найзууд, гэр бүлийн гишүүд, мэргэжлийн хүмүүсийн тусламжтайгаар энэ шаргуу эх хүүгээ амлагдсан нутаг дахь гэртээ ирэхийг харсан юм. Харамсалтай нь, хүүхдүүддээ тохиолдсон олон бэрхшээлийн талаар сэтгэлийн зовлон эдэлж буй эцэг эх бүрд ийм адислал ирдэггүй эсвэл хараахан ирээгүй байгаа гэдгийг бид ойлгодог. Гэхдээ найдвар байсан. Энэ залуугийн бэлгийн чиг хандлага гайхамшигтай өөрчлөгдөөгүй бөгөөд хэн ч өөрчлөгдөнө гэж бодоогүй гэдгийг би хэлэх ёстой. Гэвч түүний зүрх сэтгэл бага багаар өөрчлөгдсөн.

Тэр сүмд ирж эхэлсэн. Тэр хүсэлтэйгээр мөн зохистойгоор ариун ёслолоос хүртэх сонголт хийсэн. Тэр дахин ариун сүмийн эрхийн бичиг авч мөн өглөөний семинарын багшийн дуудлага хүлээн авч гайхалтай сайн багш болсон. Өнөөдөр, таван жилийн дараа тэр өөрийн хүсэлтээр, Сүмийн нэлээн дэмжлэгтэйгээр Их Эзэний төлөөх үйлчлэлээ дуусгахаар номлолын талбарт эргэн ирсэн. Энэ залуугийн гаргасан эр зориг, үнэнч байдал, зүтгэлийг болон бэрхшээлийг даван туулж, итгэлдээ үнэнч үлдэхэд нь түүнд тусалсан гэр бүлийг нь бодохдоо би маш их нулимс унагасан. Тэр олон хүнд өртэй болсон гэдгээ мэддэг. Гэхдээ тэр өөрийг нь тээж, өргөж, өөртэй нь хамт зүдэрч мөн түүнийг чөлөөлсөн Аврагч, Их Эзэн, Есүс Христэд болон тууштай, энэрэлт, гэгээнтэн ээж хоёртоо хамгийн их өртэй гэдгээ мэддэг.

Сүүлийн тохиолдол нь гурван долоо хоногийн өмнө Мехико хотын Мехико ариун сүмийг дахин онцгойлон адислах үеэр болсон юм. Тэнд ерөнхийлөгч Хэнри Б.Айринг бид хоёр дотнын анд Лиза Таттл Пийпэрийг харсан юм. Тэр нэг гартаа хөгжлийн бэрхшээлтэй хайртай охин Дорагаа өргөн тэвэрч, бүрэн бүтэн биш ч гэлээ Бурханы мөнхийн үнэ цэнэтэй энэхүү охинд хамрын алчуураар даллаж мөн өөрт нь болон тэнгэр элчүүдэд л ойлгомжтой итгэл дүүрэн хэлээр, “Хосанна, хосанна, хосанна Бурхан Хурга хоёр”12 хэмээн хашхирах боломж олгохын тулд нөгөө гараараа Дорагийн хөдөлдөггүй гарыг хөдөлгөж байсан юм.

Газар бүрийн, өнгөрсөн, одоо, ирээдүйн ээжүүддээ би гүн хүндэтгэл үзүүлж байна. Та бүхэнд баярлалаа. “Төрүүлж, өсгөн, бодгалиудыг хөгжүүлж, зан чанарыг нь төлөвшүүлж, Христийн цэвэр хайрыг харуулдагт тань баярлалаа” гэж хэлье. Мөнхийн зорилгуудыг биелүүлэх агуу үүрэг гүйцэтгэсэн ээжүүд болох Ева, Сара, Ребекка, Рахел, Назарын Мариад болон Тэнгэр дэх Эхдээ би баярлалаа хэмээн хэлье. Янз бүрийн нөхцөл байдалд буй, түүнчлэн зовж буй бүх ээжид хандаж би, “Амар амгалан бай. Бурханд болон өөртөө итгэ. Та нар бодож байгаагаасаа ч илүү сайныг үйлдэж байгаа. Яг үнэндээ, та нар бол та нарын дагадаг Эзэний адил Сион Уулан дээрх аврагчид13 бөгөөд та нарын хайр ‘хэзээ ч дуусдаггүй’14” хэмээн хэлье. Би өөр хэнд ч ийм гүн хүндэтгэл үзүүлж чадахгүй. Есүс Христийн нэрээр, амен.