2010–2019
Гэрлийг сонго
Аравдугаар сар 2015


Гэрлийг сонго

Бид бошиглогчийн зөвлөгөөнд анхаарал тавьж, сүнсний өдөөлтүүдийг таньж, тэдгээрийн дагуу үйлдэж мөн Бурханы зарлигуудад дуулгавартай байн, хувийн илчлэлтийг эрэлхийлэхээр сонгох ёстой.

Саяхан эхнэр бид хоёр Монтанагийн баруун хойд хэсэг дэх гэрийнхээ ойролцоох байгалийн сайхныг илүү бүрэн дүүрэн мэдрэх хэрэгтэй гэж шийдсэн юм. Бид Монтана, Айдахо хоёрын хооронд байдаг үзэсгэлэнт Роки Маунтэнс хадархаг уулсыг хөндлөн зүссэн Хиавата жимээр дугуйтайгаа аялахаар шийдсэн. Уг зам урьд өмнө нь төмөр зам байсан юм. Бид уг газрын сайхан байгалийг таашаан, найз нартайгаа хөгжилтэй өдрийг өнгөрөөнө гэж бодож байлаа.

Бид дугуйгаар гүн хавцал дээгүүрх төмөр замын гүүр болон уулархаг хаддыг нэвт гарсан урт хонгилоор үзэсгэлэнт 24 километрийг туулна гэдгээ мэдэж байсан. Тиймээс бид хамгаалалтын малгай, дугуйндаа гэрэл бөхөлж, өөрсдийгөө бэлтгэсэн юм.

Зураг
Тафт хонгилын гадна

Тэр замаар өмнө нь явж байсан хүмүүс уг нүхэн хонгил харанхуйг мөн биднийг маш тод гэрэл авч явах хэрэгтэй гэдгийг бидэнд анхааруулсан юм. Биднийг Тафт хонгилын эхэнд байх аварга том чулууны дэргэд ирэх үед тэр хэсгийг хариуцсан ажилтан замын захаарх урт нарийхан гүнзгий суваг, овгор товгор хана, түнэр харанхуй зэрэг аюулын талаар бидэнд анхааруулав. Бид тэвчээр алдан, хонгил руу яаран орж билээ. Бид хэдхэн минут дугуйгаар явсныхаа дараа бидэнд анхааруулж хэлсэн түнэр харанхуйтай тулгарсан юм. Миний авчирсан гэрэл хангалтгүй байсан ба түнэр харанхуй төд удалгүй гэрлийг давамгайлав. Гэнэт би айдас, түгшүүр мэдэрч мөн толгой маань эргэж эхэлсэн.

Зураг
Хонгил дахь дугуйнууд
Зураг
Хонгил дахь туссан гэрэл дундуурх дугуйнууд

Би өөрийнхөө айдас, түгшүүрийг найз нөхөд, гэр бүлийнхэндээ мэдэгдэхээс ичиж байлаа. Хэдийгээр би туршлагатай дугуйчин ч гэсэн урьд өмнө нь дугуй унаж байгаагүй юм шиг л санагдав. Миний толгой эргэх нэмэгдэх тусам надад дугуйн дээрээ тогтоход хэцүү болж эхэллээ. Эцэст нь би эргэн тойрондоо байгаа хүмүүст дотор эвгүйрч байгаагаа хэлснийхээ дараа илүү тод гэрэл авч явсан найздаа ойрхон явж эхэлсэн юм. Үнэндээ багийн бүх гишүүн түүнд ойртон, тойрог үүсгэсэн юм. Түүнтэй ойрхон байснаар мөн түүний гэрэлд мөн багийн гишүүдийн бөөн гэрэлд найдсанаар, бид харанхуй хонгилоор цааш явсан юм.

Зураг
Хонгилын үзүүр дэх гэрэл

Олон цаг өнгөрсөн мэт удаан санагдсан хугацааны дараа би хонгилын үзүүрт нэгэн гэрэл харсан. Бараг тэр даруйд би бүх зүйл сайн байна гэдгийг мэдээд, тайвширч эхэлсэн юм. Би найзуудынхаа гэрэлд болон улам тодорч буй хонгилын үзүүр дэх гэрэлд найдан, урагшилсан юм. Уг гэрэл улам тодорч томрох тусам миний өөртөө итгэх итгэл нэмэгдэж байлаа. Би хонгилын үзүүрт хүрэхээсээ нэлээд өмнө нь найзуудынхаа тусламжгүйгээр явж чадсан. Биднийг гэрлийн зүг хурдхан жирийх зуур бүх санаа зовнил арилсан юм. Би дулаахан элчээр төөнөсөн өглөөний гэрэлд хүрэхээсээ өмнө амар амгалан, тайвшралыг аль хэдийн мэдэрсэн байв.

Бид итгэлийг маань сорих бэрхшээл туулах дэлхийд амьдардаг. Бид өөрсдийгөө эдгээр сорилтыг давахад бэлтгэгдсэн гэж мэдэрч болох ч төд удалгүй бидний бэлтгэл хангалтгүй байсныг ойлгодог. Яг л найз маань надад түнэр харанхуйн талаар анхааруулсан шиг бидэнд ч мөн адил өнөөдөр анхааруулга ирдэг. Төлөөлөгчдийн дуу хоолой биднийг сүнслэг хүч чадлын хүчирхэг гэрлээр өөрсдийгөө бэлтгэхийг уриалдаг.

Бид итгэлийнхээ сорилттой тулгарах үедээ сүнслэг байдлын хувьд ичиж, эргэлзэж, эмээж болзошгүй. Ерөнхийдөө эдгээр мэдрэмж нь хэр удаан мөн хэр хөнөөлтэй байх нь бидний тэдгээрт үзүүлэх хандлагаас шалтгаалдаг. Хэрэв бид юу ч хийхгүй бол эргэлзээ, бардамнал, эцэстээ бүр урвалт биднийг гэрлээс холдуулах болно.

Би хонгилд явж байхдаа хэдэн чухал сургамж авсан юм. Би тэдгээрээс цөөн хэдийг нь хуваалцъя.

Нэгдүгээрт, уг эргэлзээний түнэр харанхуй хэр аймшигтай байх нь хамаагүй энэ нь бидэнд хэр удаан мөн хэр их хэмжээгээр нөлөөлөхийг бид сонгодог.Бид Тэнгэрлэг Эцэг Түүний Хүү бидэнд хэр их хайртайг санах ёстой. Хэрэв бид Тэдний тусламжийг эрэлхийлбэл тэд биднийг хэзээ ч орхихгүй мөн ялагдахыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Петрт Галил нуурын догшин давалгаанд юу тохиолдсоныг санацгаая. Петр өөрийнхөө эргэн тойрон дахь цэвдэг хүйтэн харанхуйг хараад өөрийгөө мухардалд орсныг мэдсэн ба яг тэр мөчид тусламж эрэн залбирахыг сонгосон байдаг. Тэрээр Аврагчийн өөрийг нь аврах хүчинд эргэлзээгүй; тэрээр “Эзэн, намайг авраач”1 гэж орилжээ.

Аврагчийн бидний зүг сунгасан тусламжийн гар, бидний амьдралд итгэлт анд, удирдагч эсвэл хайрт эцэг, эхийн тусламжаар дамжин ирж болно. Бид харанхуйд бүдчин явахдаа биднийг хайрладаг, бидэнд чин сэтгэлээсээ туслахыг хүсдэг хүмүүсийн гэрэлд түр зуур ч болов найдахад буруу зүйл байхгүй билээ.

Бид бодон эрэгцүүлээд үзвэл, бид яагаад энэ цаг үеийн агуу хийгээд нүсэр барилгад буй тэдгээрийн үл таних, эрээ цээргүй дуу хоолойг анхааран сонсож, биднийг чин үнэнээсээ хайрладаг тэдгээрийн гуйлтуудыг үл хайхардаг юм бэ? Тэдгээр хаа сайгүй байгаа үл итгэгчид өргөн дэмжихээсээ илүүтэй урж тасдан, урам өгөхөөсөө илүүтэй доромжилж гутаахыг эрмэлздэг. Тэдний егөөтэй үгс заримдаа цахим хэрэгслийн түр зуурын, худал хуурмаг худал үгсээр дамжин бидний амьдралд нэвчин ордог ба бидний итгэлийг устгахын тулд хянуур няхуур байдлаар, зориуд санаатайгаар бичигдсэн байдаг. Өөрсдийнхөө мөнхийн сайн сайхныг танихгүй хүний гарт даатгана гэдэг ухаалаг хэрэг үү? Өгөх гэрэлгүй, бидэнд мэдэгдэхгүй нууц төлөвлөгөөтэй байж болох тэднээс гэрэл хүлээн авна гэж найдах нь ухаалаг гэж үү? Эдгээр хүнийг бидэнд илэн далангүйгээр илчлэх юм бол бид тэдэнд ганц ч мөчийг зориулахгүй, гэхдээ тэд нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглаж мөн нийгмийн нүднээс далдлагддаг учраас тэд бусдыг итгүүлж чаддаг.

Ариун нандин зүйлсийг гутаан доромжилдог тэднийг анхааран сонсох нь биднийг Аврагчийн аврах мөн амьдрал өгөх гэрлээс тусгаарладаг. Иохан: “Тэгээд Есүс тэдэнд дахин, Би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав”2 гэж цэдэглэсэн байдаг. Биднийг чин үнэнээсээ хайрладаг хүмүүс бидэнд итгэлээ өсгөхөд тусалдаг гэдгийг санаарай.

Би хонгилд маш их ичсэнтэй адил бид эргэлзэх үедээ тусламж хүлээн авахаас ичиж магадгүй. Бусад хүний хүч чадал авахаар ханддаг хүмүүс нь бид байсан байж болох ч, яг одоо бидэнд тусламж хэрэгтэй байна. Бид Аврагчийн бидэнд өгдөг гэрэл, тайтгарал нь бардамналаасаа болж алдахад хэт үнэ цэнэтэй гэдгийг ухаарах үед Сүмийн удирдагчид, эцэг эх, итгэлт анд нөхөд бидэнд туслах боломжтой болдог. Тэд итгэлийн сорилтуудын эсрэг биднийг хүчирхэгжүүлэх сүнслэг баталгааг хүлээн авахад бидэнд туслахад үргэлж бэлэн байдаг.

Хоёрдугаарт, бид өөрсдийн гэсэн сүнслэг хүч чадлыг хөгжүүлэхийн тулд Их Эзэнд итгэх ёстой.Бид үргэлж хэн нэгний гэрэлд найдаж амьдарч болохгүй. Хэрэв би найзынхаа хажууд, бүлгийнхээ аюулгүй байдал дотор байх юм бол хонгил дахь харанхуй үргэлжлэхгүй гэдгийг мэдэж байсан. Гэхдээ би хонгилын үзүүр дэх гэрлийг хармагцаа өөрөө урагшилж явах боломжтой байхыг хүссэн. Их Эзэн “Надад ойр байгтун, мөн би та нарт ойр байх болно; намайг хичээнгүйлэн эрэлхийлэгтүн, мөн та нар намайг олох болно; асуу тэгвэл та нар хүлээн авах болно; тогш, тэгвэл энэ нь та нарт нээгдэх болно”3 хэмээн заадаг. Хэрэв Их Эзэнд ойртвол Тэрээр биднийг харанхуйгаас татан авах болно гэсэн амлалтаа биелүүлэх болно гэдэгт итгэн, бид ямар нэгэн үйлдэл хийх ёстой. Гэсэн хэдий ч дайсан “та нар хэзээ ч Сүнсийг мэдэрч байгаагүй мөн зүгээр л хичээхээ болих нь хямгийн хялбар зүйл” гэдэгт биднийг итгүүлэхийг оролдох болно.

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф “итгэлдээ эргэлзэхээсээ өмнө эргэлзээндээ эргэлз”4 Iгэж бидэнд зөвлөсөн байдаг. Манай тойрог дээр нэгэн залуу эрэгтэй саяхан “Би Бурханых байхаас бусдаар өөр ямар ч арга замаар тайлбарлаж чадамгүй зүйлийг мэдэрч байсан” гэж хэлсэн юм. Энэ бол сүнсний үнэнч шударга байдал.

Бид эргэлзээ эсвэл асуулттай тулгарахдаа урьд өмнө нь бидний зүрх сэтгэл болон амьдралд орж ирсэн сүнслэг адислалууд, мэдрэмжүүдийг санаж, итгэлээ Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христэд хандуулах хэрэгтэй. Би нэгэн сүмийн дуулал дээрх зөвлөгөөг санаж байна: “Бид үнэнийг мэдэх тул Эзэн сайн сайханд нь эргэлзэхгүй.”5 Урьд өмнө нь тохиолдсон сүнслэг туршлагуудаа үл тоомсорлож, үнэлэхгүй байх нь биднийг Бурханаас холдуулдаг.

Бидний гэрлийн төлөөх эрэл хайгуул бидний амьдралд энэ нь гэрэлтэх үед үүнийг хүлээн авахад бэлэн байгаа эсэхээс маань шалтгаалан өсдөг. Орчин үеийн судрууд гэрлийг тодорхойлж, үүнийг хүлээн авах хүмүүст амлалт өгдөг: “Бурханаас буй тэр нь гэрэл болой; мөн гэрлийг хүлээн авдаг мөн Бурханд үлддэг тэр нь илүү их гэрэл хүлээн авдаг; мөн тэрхүү гэрэл төгс өдрийг хүртэл улам улам хурц болон өсдөг.”6 Бид гэрэл рүү дугуйтай урагшилснаар бид илүү хол аялж, бидний амьдрал дахь Түүний нөлөө улам хурц болдог. Яг л хонгилын үзүүр дэх гэрэлтэй адил Түүний нөлөө бидэнд итгэл, шийдэмгий байдал, хамгийн чухал нь Тэр амьд гэдгийг мэдэх хүч өгдөг.

Гуравдугаарт, гэрлийг ялж чадах тийм гүн, өтгөн, аюултай харанхуй гэж байдаггүй. Ахлагч Нийл Л.Андэрсэн саяхан: “Дэлхий дээр хилэнц ихсэхийн хэрээр зөв шударга хүмүүст сүнслэг хүч чадлын тэнцвэртэй байдал ирдэг. Дэлхий сүнслэг сууринаасаа ганхаж эхлэхэд Их Эзэн Түүнийг эрэлхийлдэг хүмүүст аялж буй сүнслэг чиглэлд нь чиглүүлэх зам бэлдэж, тэдэнд илүү агуу баталгаа, нотолгоо болон илүү агуу итгэлтэй байдлыг өгдөг. Ариун Сүнсний бэлэг нь мандаж буй наранд илүү тод гэрэлтэх болох болно”7 гэж заасан юм.

Ах, эгч нар аа, бид бүхий л дур хүсэлд захирагдан, дэлхийн нөлөөгөөр өөрчлөгдөхөөр орхигдоогүй билээ. Харин бидэнд эргэлзээг биш итгэлтэй байдлыг сонгох хүч бидэнд байгаа. Бид сүнслэг хүч чадлын тэнцвэртэй байдлыг хүлээн авахын тулд бошиглолын зөвлөгөөг анхааран сонсохоор сонгож, сүнслэг өдөөлтүүдийг таньж, тэдгээрийн дагуу үйлдэн, мөн Бурханы зарлигуудад дуулгавартай байж мөн хувийн илчлэлтийг эрэлхийлэх ёстой. Бид сонгох ёстой. Бид Аврагчийн гэрлийг сонгох болтугай. Есүс Христийн нэрээр, амен.