2010–2019
Бурхан залуур дээр байна
Аравдугаар сар 2015


Бурхан залуур дээр байна

Сионы хуучин хөлөг онгоцны залуур дээр Бурхан байдаг бөгөөд тэрхүү хөлөг зарлиг тушаал, гэрээнүүд үнэлж баршгүй үнэ цэнэ бүхий үнэнийг болоод сургаалыг тээж явдаг.

Өнгөрсөн оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр би сонсогчдыг Бригам Янгийн өгсөн Сионы Хуучин завин дээр буюу Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үлдэх, мөн хоёр гараараа зууран барих зөвлөгөөг дагахад урьсан билээ.1 Гэрийнхний маань зарим нь, бас өөр бусад хүн үүнийг сонсож байсанд мөн тэднийг “Бидний зууран барих хэрэгтэй хуучин Сион завинд юу байгаа юм бэ?” гэсэн асуултыг асуусанд баяртай байна. Би тэдэнд ерөнхийлөгч Бригам Янгийн “Бид Сионы хуучин завин дээр байна.  … [Бурхан] залуур дээр байгаа бөгөөд тэнд байх л болно. … Тэрээр тушааж, удирдан чиглүүлдэг. Хэрэв хүмүүс өөрсдийн Бурханд далдуур итгэдэг, гэрээнүүдээсээ болон Бурханаасаа хэзээ ч татгалздаггүй бол Тэрээр биднийг зөв чиглүүлэн удирдах болно” хэмээн хэлснийг сануулсан юм.2

Бидний Тэнгэрлэг Эцэг, Их Эзэн Есүс Христ мөнх бус амьдралын давалгаатай усан дундуур  чиг баримжаагаа алдахгүй байхад маань туслах тун тодорхой бөгөөд энгийн мөнхийн үнэнүүдээр Сионы хуучин завийг тоноглосон. Одоо эдгээр үнэнээс цөөн хэдийн тухай хэлье.

Есүс Христийн Сүм үргэлж амьд бошиглогч, төлөөлөгчдөөр удирдуулж ирсэн билээ. Их Эзэний үйлчлэгчид хэдий мөнх бус хийгээд хүмүүнийхээ хувьд төгс бус ч, биднийг сүнслэг байдлын хувьд сүйрүүлэх хор уршигтай саад бэрхшээлээс зайлсхийхэд, мөнх бус байдлаар дамжуулан эцсийн бөгөөд туйлын тэнгэрлэг зорих газраа аюулгүй очиход маань туслахаар сүнслэгээр өдөөгддөг.

Ерөнхий эрх мэдэлтнүүдтэй бараг дөчин жил ойр хамтран ажилласан хугацаандаа би чимээгүйхэн сүнслэг өдөөлт, үндэслэл бүхий илчлэлтүүд хэрхэн бошиглогч, төлөөлөгч, бусад Ерөнхий эрх мэдэлтэн, туслах бүлгүүдийн удирдагчдыг үйлдэл хийхэд хөтөлж байдгийн аль алины гэрч болсоор байгаа билээ. Төгс биш бөгөөд алдаа оноо гаргадаг эдгээр сайн эрэгтэй, эмэгтэй хүн Их Эзэний удирдсаны дагуу Түүний ажлыг удирдахад өөрсдийгөө төгс зориулдаг.

Их Эзэн Өөрийн Сүмийг амьд бошиглогч, төлөөлөгчдөөр дамжуулан удирддаг гэдэгт бат итгэлтэй байгаарай. Энэ бол Түүний Өөрийн ажлыг үргэлж явуулж байсан арга зам юм. Үнэндээ, Аврагч “Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Миний илгээдэг хэнийг боловч хүлээн авч буй хүн Намайг хүлээн авдаг”3 хэмээн заасан. Бид Түүний үйлчлэгчдийг Сүмээс тусад нь салгаж ойлгож болохгүй. Түүний анхны Төлөөлөгчид байгаагүй байсан бол бидэнд Түүний заасан зүйлс, Түүний тохинуулал, Гетсеманий цэцэрлэгт Түүний зовж шаналсан, загалмай дээрх Түүний үхлийг нүдээр харсан гэрч байхгүй байх байсан. Тэдний гэрчлэл байгаагүй байсан бол хоосон булш, Амилалтын тухай төлөөлөгчдийн гэрч байхгүй байх байсан.

Тэрээр эдгээр анхны төлөөлөгчид

“Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж,

“Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа”4 хэмээн зарлиглажээ.

Энэхүү агуу эрх мэдэл бидний энэ цагт шинэчлэгдсэн бөгөөд Их Эзэн Сүмийг сэргээхийн тулд Түүний дахин ирэхийн өмнө сүүлийн нэг удаа Түүний сайн мэдээг тунхаглах томилогдсон Төлөөлөгчидтэй хамт Иосеф Смитийг дуудсан.

Амьд бошиглогч, төлөөлөгчдийг хүлээн авах нь дэлхийнхний хувьд байнга хэцүү асуудал байсан хэдий ч Есүс Христийн Цагаатгал, Түүний заасан зүйлсийг бүрэн гүйцэд ойлгох, Түүний дуудсан хүмүүст өгөгддөг санваарын адислалуудыг бүрэн дүүрэн авахын тулд ийнхүү хийх нь туйлын чухал байдаг.

Дэндүү олон хүн Сүмийн удирдагч, гишүүдийг төгс эсвэл төгс шахуу байх ёстой гэж үздэг. Тэд Их Эзэний ач ивээл төгс бус хүмүүсээр дамжуулан Түүний ажлыг гүйцэлдүүлэхэд хангалттай гэдгийг мартдаг. Удирдагчид маань хамгийн сайн гэсэн зорилго санааг агуулж байдаг ч бид заримдаа алдаа гаргадаг. Энэ нь Сүмийн харилцаанд, бидний найз нөхөд, хөрштэйгээ харилцах харилцаанд, ажил хөдөлмөрийн талбар дээр, бүр эхнэр/нөхрийн харилцаанд, гэр бүл дотроо ч онцгой гойд зүйл биш юм.

Бусдад байгаа хүмүүний сул талыг харах амархан. Гэхдээ бид нэг нэгнийхээ зөвхөн хүмүүний эгэл чанарыг анзаарч, дараа нь Бурханы дуудсан хүмүүсээр дамжуулан Түүний мутар ажиллаж байдгийг харалгүй ноцтой алдаа гаргадаг.

Их Эзэний Өөрийн сонгосон удирдагчдад хэрхэн сүнслэг байдлаар нөлөөлж, гэгээнтнүүдийн хүмүүний мөн чанарыг үл харгалзан гайхамшигтай бөгөөд ер бусын зүйл хийхэд авчирдгийг гойд анхаарах нь бидний Есүс Христийн сайн мэдээнээс зууран барих, Сионы хуучин завины тавцан дээр аюул осолгүй үлдэх зам юм.

Хоёр дахь үнэн бол авралын төлөвлөгөөний сургаал юм. Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Бурхан Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, өөр олон нэмэлт заасан зүйлийг Сүмд өгсөн. Эдгээрт бидний ирсэн газрын зураг болох авралын төлөвлөгөө, энэ дэлхий дээрх бидний зорилго, бид үхэх үедээ хаашаа явах тухай мэдлэг орно. Энэ төлөвлөгөө биднийг бас Бурханы сүнсэн хүүхдүүд гэдгийг мөнхийн талаас нь харах онцгой нэгэн харааг өгдөг. Бидний Тэнгэрлэг Эцэг гэж хэн болох, бид Түүнтэй болон Түүний Хайрт Хүү Есүс Христтэй ямар харилцаатай байдгийг ойлгосноороо бид Тэдний зарлиг тушаалуудыг хүлээн авч, Тэдний мөнх оршихуйд биднийг буцаж аваачих гэрээнүүдийг Тэдэнтэй байгуулах болно.

Би дөнгөж төрсөн нярай хүүхдийг гартаа тэврэх болгондоо “Бяцхан хүхэд минь, чи хэн бэ? Христийн Цагаатгалаар дамжуулан чи хэн болох вэ?” гэж өөртөө хэлэн, гайхширдаг.

Бид хайртай нэгнээ нас барах үед “Тэд хаана байна вэ? Тэд юу харж, мэдэрч байгаа бол? Амьдрал үргэлжилж байгаа юу? Нас барагсдын сүнснүүдийн агуу дэлхий дэх бидний хамгийн ойр дотны харилцааны мөн чанар юу байх вэ?” гэх мэтийн тунгаан бодоход хүргэх асуултуудыг тавьдаг.

Тэрхүү дэлхийд манай гэр бүлийн хоёр ач охин Сара, Эмили, ач хүү Натан байгаа. Ач хүүхдээ нас барахад бид гэр бүлээрээ хоёр гараараа сайн мэдээний үнэнээс зуурч байв. Бидний асуулт Аврагчийн Цаагаатгалаар дамжуулан тайвшрал, баталгаагаар хариулагдаж байсан. Бид ач хүүхдүүдээ их санаж байдаг ч тэднийг амьд байгаа бөгөөд нэг өдөр тэднийгээ дахин харах болно гэдгийг мэддэг. Хувийн амьдралдаа болон гэр бүлд бужигнаан үүсэх цагт эдгээр сүнслэг ойлголт  байгаад бид хэчнээн талархалтай байна вэ.

Сүмд байдаг өөр нэгэн чухал үнэн бол Тэнгэрлэг Эцэг Адам, Ева хоёрыг нэгэн эрхэм дээд зорилгын төлөө бүтээсэн явдал юм. Энэ нь тэдний үүрэг бөгөөд хожим нь тэдний үр удмын үүрэг болсон Бурханы сүнсэн хүүхдүүдийн мөнх бус бие махбодуудыг мөнх бус байдлыг мэдрэх боломжтой болгох зорилгоор бүтээх явдал байлаа. Тэнгэрлэг Эцэг энэ үйл явцаараа Өөрийн хүүхдүүдийг дэлхий амьдралын туршлагаас суралцаж өсөөсэй хэмээх зорилготойгоор дэлхий рүү илгээдэг. Бурхан хүүхдүүддээ хайртай учраас тэнгэрлэг элчүүдийг мөн төлөөлөгчдийг бидний Аврагч болох Есүс Христийн талаар тэдэнд заалгахаар илгээдэг.

Зуун зууны туршид бошиглогчид хүмүүсийн өмнө байгаа аюул заналын талаар сэрэмжлүүлэх үүргээ биелүүлсээр ирсэн. Их Эзэний төлөөлөгчид амьдралын асуудлын хариултыг эрэлхийлж байгаа хүмүүст туслахын тулд тэднийг харж хамгаалах, сэрэмжлүүлэх, хүрч ажиллах үүрэг хүлээсэн байдаг.

Хорин жилийн өмнө Тэргүүн Зөвлөл, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг гаргасан билээ. Энэхүү сүнслэг нөлөө бүхий баримтад бид “Ариун явдлын гэрээгээ зөрчин, хань ижил, үр хүүхэдтэйгээ зүй бусаар харьцсан, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй хувь хүн хожмын нэг өдөр Бурханы өмнө өчиг мэдүүлэх болохыг бид анхааруулж байна. Түүнчлэн гэр бүлээ сарниулбал эрт эдүгээгийн бошиглогчдын зөгнөн хэлснээр хувь хүн, нийгэм, улс үндэстнүүдэд гай гамшиг авчрах болно гэдгийг бид сануулж байна”5 хэмээн дүгнэсэн.

Бид Төлөөлөгчид болохын хувьд энэхүү албан ёсны сэрэмжлүүлгийг өнөөдөр дахин өгч байна. Сионы хуучин хөлөг онгоцны залуур дээр Бурхан байдаг бөгөөд тэрхүү хөлөг зарлиг тушаал, гэрээнүүд үнэлж баршгүй үнэ цэнэ бүхий үнэнийг болоод сургаалыг тээж явдаг гэдгийг санаарай.

Бидний аюул осолгүй байхын тулд зуурч байх ёстой Сүмийн өөр нэгэн чухал сургаал бол Хүндэтгэлийн өдрийг сахих явдал юм. Энэ бол үнэ цэнэтэй бэлэг бөгөөд биднийг дэлхийгээс толбогүй байхад маань туслан, бие махбодын амар амгалан байдлыг хангаж, бидний хүн нэг бүрийг Эцэг, Хүүг ням гараг бүр бишрэн шүтэхийн сүнслэг байдлаар сэлбэж байдаг6 Бид хэрэв Хүндэтгэлийн өдөрт баясдаг бол энэ нь Тэднийг хайрладаг хайр, Тэдний өмнө өгсөн амлалтын тэмдэг болж байдаг.7

Хүндэтгэлийн өдрийг баяр баясал болгох бидний хүчин чармайлтын хэсэг болгон бид орон нутгийн удирдагчид, Сүмийн гишүүдээс ариун ёслолын цуглаан Их Эзэнийх бөгөөд цуглаан Түүний заасан зүйлс дээр үндэслэгдэн суурилагдах ёстой гэдгийг санаасай хэмээн хүссэн билээ.

Шүтэн бишрэх энэ л сүнс бидний сар бүрийн мацаг, гэрчлэлийн цуглаанд шингэх ёстой. Энэхүү ариун ёслолын цуглаан гишүүдийн, бидний Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, сэргээгдсэн сайн мэдээний төлөө талархал, хайраа товчхон илэрхийлэх, эдгээр зүйлийг гэрчлэх хувийн гэрчлэлээ хуваалцах цаг байдаг. Мацаг, гэрчлэлийн цуглаан бол бодол санаагаа товчхон, чухал гэсэн гэрчлэлээ хуваалцах цаг юм. Энэ үе бол үг хэлэх мөч биш юм.

Бага хүүхдүүд гэрчлэлийн учир утгыг ойлгох болтлоо Хүүхдийн хэсэгтээ, гэр бүлийн үдшээр гэрийнхнийгээ цугларсан үед гэрчлэлээ хуваалцах дадлага хийх хэрэгтэй.

Хүндэтгэлийн өдрийг баяр баясгалантай өдөр болгох талаар саяхны онцолж анхаарсан асуудал бол Сүмийн удирдагчдаар дамжуулан Их Эзэнээс ирсэн сүнслэг илчлэлтийн шууд үр дүн юм. Тойргийн зөвлөлийн гишүүд ариун ёслолын цуглаан бүрийн хөгжим, хэлэх үгийн сэдэв зэргийг ярилцаж нягтлахад нь бишопын зөвлөлд хэдэн долоо хоногийн өмнөөс тусалж дэмжих хэрэгтэй.

Гэртээ, Сүм дээр Хүндэтгэлийн өдөр Их Эзэнийг хайрлах хайраар дүүрэн байх үед бид бүгд адислагддаг. Бидний хүүхдүүд Их Эзэний арга замаар заалгуулж байхдаа Түүний Сүнсийг мэдэрч, хариу үйлдэл хийхийг хүсэх болно. Бид бүгдээрээ Их Эзэний Сүнсийг мэдрэх үедээ ням гараг бүр ариун ёслолоос хүртэхийн тулд Сүмд очихыг тун их хүсэх болно.  Тэгээд хүнд ачаа үүрч байгаа залуу, хөгшин аль нь ч бүгд л бидний Тэнгэрлэг Эцэг, Их Эзэн Есүс Христийн зориулсан бясалгалын Хүндэтгэлийн өдрөөс ирдэг сүнслэг урам зориг, тайвшралыг мэдрэх болно.

Христ үргэлж ойр байж, биднийг тусламж хүсэн залбирч мөн наманчлах, Түүн рүү очих хүсэлтэй үед бидэнд туслахыг хүлээн хүсэмжилж байдаг нь талархалтай хэрэг юм.

Одоо бид Сионы хуучин завин дотор байгаа цөөн хэдэн үнэний талаар тунгаан бодож байхдаа өөрсдийгөө завин дээр үлдэн, хөлөг онгоц бол тээврийн хэрэгсэл гэдэг тодорхойлолтоор тээврийн хэрэгслийн зорилго бол хүрэх газарт аваачих явдал гэдгийг санацгаая.

Бидний хөлөг онгоцны хүрэх газар бол сайн мэдээний адислалууд, тэнгэрийн хаанчлал, селестиел алдар суу, Бурханы оршихуй юм.

Бурханы төлөвлөгөө нотлогдсон. Тэрээр залуур дээр байна. Түүний агуу хийгээд хүчирхэг завь аврал, өргөмжлөл өөд чиглэн явж байна. Бид завинаас үсрэн буугаад, тийшээ өөрсдөө сэлж очиж чадахгүй гэдгийг санагтун. 

Өргөмжлөл бол энэ мөнх бус аяллын зорилго бөгөөд Есүс Христийн сайн мэдээний хэрэгсэл буюу Түүний Цагаатгал, ёслол, Сүмд байдаг удирдамжийн сургаал, зарчимгүйгээр хэн ч тийшээ очихгүй.

Энэ бол бидний Бурханы ажлын талаар суралцан, биднийг авардаг Их Эзэн Есүс Христийн ач ивээлийг хүлээн авдаг газар болох Сүм юм. Энэ бол өргөмжлөлд хүрэх паспорт болох мөнхийн гэр бүлүүдийн амлалт, гэрээнүүдийг байгуулдаг Сүм юм. Энэ бол заримдаа адармаатай, мөнх бус хэмээн нэрлэгддэг үргэлж  урьдаас таашгүй их усаар аялахад биднийг саад бэрхшээлийг дайран өнгөрүүлэх санваараар хүчирхэгждэг Сүм юм.

Гайхамшигтай үзэсгэлэнтэй Сионы хуучин завины төлөө талархалтай байцгаая. Учир нь түүнгүйгээр бид догшин ширүүн урсгалд өсөж хөгжих боломжгүй, ганцаардан, хүч чадалгүй, залуур жолоодлогогүй урсан, саад бэрхшээлийн салхи, давалгааны хүчтэй урсгалд цохигдон байдаг.

Ах, эгч нар аа, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн энэ эрхэм сайхан завин дотор чанга зууран барьж,  завиар үргэлжлүүлэн яв. Бид мөнхийн газраа хүрэх болно. Үүнийг би Сионы хуучин завь хэмээн хэмээн нэрлэгддэг, бидний Их Эзэн Аврагч Есүс Христийн нэрээр гэрчилж, бид бүхний өмнөөс залбирч байна, амен.

Эшлэлүүд

  1. М. Рассэлл Баллард, “Завиндаа үлдэж, чанга зууран барь!” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 101-ийг үзнэ үү.

  2. Бригам Янг, “Remarks,” Deseret News, 1857 оны 11-р сарын 18, 291.

  3. Иохан 13:20.

  4. Maтай 28:19–20.

  5. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Лиахона, 2010 оны 11-р сар, 129.

  6. Сургаал ба Гэрээ 59:9–23-ыг үзнэ үү.

  7. Исаиа 58:13–14-ийг үзнэ үү.