2010–2019
Бүрээн дуу чанга цуурайтаг
Аравдугаар сар 2015


Бүрээн дуу чанга цуурайтаг

Энэ дэлхий дээр сайн мэдээг зүрх сэтгэлийнхээ угаас ойлгомжтой хуваалцаж чаддаг Христийн шавь нар онцгой их хэрэгцээтэй байна.

Өнгөрсөн зун хоёр зээ хүү маань эцэг эхийгээ анхдагчдын аялалд зориулсан гадасны үйл ажиллагаанд оролцох хооронд эхнэр бид хоёртой манайд үлдсэн юм. Гэрээсээ хол байхдаа төгөлдөр хуураа сайн давтаж байхыг охин маань хөвгүүддээ аминчлан захив. Өвөө эмээгийндээ хэдхэн хонохдоо хөгжмөө давтахаа мартана гэдгийг охин маань сайн мэдэж байлаа. Нэг өдөр би 13 настай зээ хүү Андрюгийнхаа дэргэд суун, төгөлдөр хуур тоглохыг нь сонсохоор шийдлээ.

Андрю маань маш их хөдөлгөөнтэй, гадаа байх дуртай хүүхэд байв. Тэрээр өдөржин ан гөрөө хийн, загасчилсан ч уйдахааргүй байлаа. Тэр төгөлдөр хуур тоглож давтахын оронд дэргэдэх голд загасчлахыг илүүд үзэж байгаа нь надад илэрхий байв. Түүний төгөлдөр хуур дээр товшиж байгаа нэгэн танил дууны хөг бүрийг би сонсож суулаа. Тэр нот бүрийг нэг ижил хэмжээ, хэмнэлээр тоглож байсан учраас аялгууг ялгаж танихад бэрх байв. Тиймээс би түүний хажууд суугаад, дууны гол аяыг гаргадаг нотон дээр арай чанга, харин дагалдах нотон дээр арай зөөлөн тоглох нь чухал гэдгийг түүнд тайлбарлалаа. Бид төгөлдөр хуурын ажиллах механизмын гайхамшгаас гадна дуу хоолой, сэтгэлийн мэдрэмжийг илэрхийлж чадах, харилцааны гайхамшигт зэмсэг болох боломжийнх нь талаар ярилцав. Хүн нэг үгийг нөгөө үгтэй нь эвтэйхэн холбоод ярьчихдаг шиг дууны аялгууны хувьд ч нэг нотоос нөгөө нот руу эвтэйхэн шилжих ёстой билээ.

Түүнийг дахин дахин тоглох гэж оролдох болгонд бид хамт инээлдэж байв. Өмнө нь эмх замбараагүй аяс гарч байсан бол танил аялгуу ялгаран сонсогдож эхлэхэд түүний нүүрэн дээрх инээмсэглэл улам бүр тодорч байлаа. “Би Бурханы хүүхэд тул Тэр энэ дэлхийд намайг ... илгээв”1 гэсэн дууны захиас тодорхой болж ирэв. Би Андрюгаас дууны илэрхийлж буй санаа өмнөхөөс хэрхэн өөр сонсогдож байгааг мэдэрч байгаа эсэхийг асуухад, тэр “Тийм ээ, өвөө, би мэдэрч байна!” хэмээн хариулж билээ.

Төлөөлөгч Паул коринтчуудад бичсэн захидалдаа хүмүүсийн харилцааг хөгжмийн зэмсэгтэй харьцуулах талаар бидэнд ийнхүү заасан байна:

“Амьгүй атлаа дуу гаргагч бишгүүр, босоо ятгын аль аль нь хэрэв ялгагдах дуу гаргахгүй бол бишгүүрээр, эсвэл ятгаар юу тоглосныг яаж мэдэх вэ?

“Хэрэв бүрээ тодорхой дуугарахгүй бол хэн тулалдаанд бэлдэх вэ?”2

Яг одоо энэ дэлхий дээр сайн мэдээг зүрх сэтгэлийнхээ угаас ойлгомжтой хуваалцаж чаддаг Христийн шавь нар онцгой их хэрэгцээтэй байгаа цаг үе юм. Бидэнд уриалан дуудах бүрээн дуу хэрэгтэй байна.

Христ яах аргагүй бидний хамгийн сайн үлгэр жишээ байсан. Тэрээр үргэлж зөв шударга гэсэн зүйлийг хамгаалан, зоригтой зогсохыг өөрийн биеэр үзүүлсэн. Бурханаа болон хөршүүдээ хайрлан, Бурханы бүх тушаалыг дагаж, дэлхийн гэрэл нь болж амьдрахыг уриалсан Түүний үгс зуун зууныг дамжин цуурайтсаар байна. Тэрээр Тэнгэрлэг Эцэгийнх нь өгсөн даалгаврыг эсэргүүцэх тухайн үеийн хаад ноёдын сөрөг ярианаас эмээгээгүй. Түүний үгс хүмүүсийг төөрөлдүүлэх бус, харин тэдний зүрх сэтгэлд хүрэх зорилготой байсан. Тэр хэлсэн, хийсэн бүх зүйлдээ Эцэгийнхээ хүслийг тод томруун илэрхийлж байсан юм.

Пентекостын өдрөөр дэлхийн хүмүүстэй тодорхой үгсээр зоригтой нүүр тулсан Петрийн жишээнд би ч бас дуртай. Тэр өдөр олон улс орноос ирсэн хүмүүс анхны гэгээнтнүүдийг олон хэлээр ярихыг сонсоод, тэднийг согтуу байна гэж бодон шүүмжилж байв. Бодгаль нь Сүнсээр дүүрсэн Петр Сүмийг мөн гишүүдийг хамгаалахаар зогссон юм. Тэрээр “Иудейн эрчүүд ээ, Иерусалимын бүх оршин суугчид аа! Энэ нь та нарт тодорхой байг. Миний үгэнд анхаарлаа хандуул”3 хэмээх үгсээр гэрчилсэн байдаг.

Дараа нь тэрээр Христийн тухай бошиглосон судраас эш татаж, “Тиймээс Бурхан та нарын цовдолсон тэр Есүсийг Эзэн, бас Христ болгосныг Израилын айл бүхэн баттай мэдэгтүн”4 хэмээн өөрийн чигч шулуун гэрчлэлийг хуваалцсан билээ.

Олон хүн түүний үгийг сонсоод, Ариун Сүнсийг мэдэрсэн бөгөөд анхны Сүмд 3000 гаруй бодгаль нэгдэн оржээ. Энэ бол дэлхий бүхэлдээ буруу зүг рүү явж байгаа мэт эрин цаг үед гэрчлэлээ хуваалцах хүсэлтэй ердөө ганц л хүн ямар агуу өөрчлөлтийг хийж болохыг харуулсан хүчирхэг жишээ юм.

Бид Сүмийн гишүүний хувьд Бурханы сургаал ба Түүний Сүмийг хамгаалан, хүчирхэг гэрчлэлээ хуваалцах шийдвэр гаргах үедээ дотроосоо өөрчлөгддөг. Бид Түүний дүр төрхийг өөрсөд дээрээ аван, Түүний Сүнстэй ойртдог. Үүний хариуд Тэр бидний өмнө явж “[бидний] баруун гар талд мөн [бидний] зүүнтээ байх болно, мөн [Түүний] Сүнс [бидний] зүрх сэтгэлд, мөн [Түүний] тэнгэр элчүүд [биднийг] дэмжихийн тулд [бидний] эргэн тойронд явах болно.”5

Христийн үнэнч шавь нар дэлхийн өнөөгийн үзэл баримтлалтай нийцэхгүй байвал сургаалын өмнөөс хүлцэл өчдөггүй. Паул “Би сайн мэдээнээс ичихгүй. Яагаад гэвэл тэр нь итгэгч хүн бүрийг … авралд хүргэх Бурханы хүч мөн”6 хэмээн зоригтой тунхаглаж чадсан нэгэн шавь нь байсан юм. Үнэнч шавь нар нь хүнд хэцүү нөхцөлд ч гэсэн Их Эзэнийг төлөөлж байдаг. Үнэнч шавь нар зөвхөн хүмүүний сэтгэлд таалагдах гэж бус, харин тэдэнд итгэл үнэмшил төрүүлэхийг хүсдэг.

Христийг хамгаалах нь ихэнхдээ амар хялбар байдаггүй. Агрийп хааны өмнө өөрийгөө зөвтгөж, түүхээ ярь хэмээн дуудагдан ирсэн Паулд тийм ч амар байгаагүй болов уу. Паул огтхон ч эргэлзэлгүй, хааныг хүртэл айсандаа “бараг” л Христэд итгэгч боллоо хэмээн хэлтэл итгэл үнэмшлээ маш хүчтэй тунхагласан байдаг.

Паулын хариулт хүмүүст хэлэх гэсэн зүйлээ маш тодорхой ойлгуулахыг хичээж байсныг нь гэрчилдэг. Тэрээр Агрийп хаанд түүнийг сонссон бүх хүнийг Христэд итгэгчид “төдий” биш, харин “бүхэлд нь” Христийн шавь болгохыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байдаг.7 Тодорхой ярьдаг хүмүүс үүний адил хийж чадна.

Би олон жилийн турш Мормоны Номон дээрх Лихайн зүүдний талаар судлахдаа8 агуу хийгээд нүсэр барилгад зөвхөн хамгийн дуулгаваргүй хүмүүс л байдаг гэж үргэлж боддог байлаа. Уг барилга нь Бурханы үгийг төлөөлөх төмөр бариулаас зууран барьж, Бурханы хайрыг төлөөлөх амьдралын мод руу тэмүүлэх итгэлтэй хүмүүс рүү хуруугаараа чичлэн, элэглэх хүмүүсээр дүүрэн байв. Зарим хүн элэглэн шоолохыг тэсэж чадалгүй төөрч оддог. Зарим нь барилга доторх хүмүүстэй нэгдэхээр шийддэг. Тэдэнд дэлхийн шүүмжлэл, үзэл бодлын эсрэг зоригтой ярих зүрх зориг байгаагүй юм гэж үү?

Өнөө үед дэлхий ертөнц Бурханаас улам бүр холдож буйг би харахдаа, энэ барилга улам томорч байна даа гэж боддог. Өнөө үед олон хүн энэ агуу хийгээд нүсэр барилгын танхимаар бэдрэн явахдаа ёс заншлынх нь нэгэн хэсэг болж байгаагаа огт анзаардаггүй. Тэд гол төлөв уруу таталт, захиасуудынх нь эрхшээлд ордог. Эцэст нь тэд дооглож эсвэл шүүмжилж байгаа хүмүүстэй нэгдэн, элэглэн шоолж байгааг бид олж хардаг билээ.

Олон жилийн турш би элэглэн шоолж байгаа хүмүүс итгэлтэй хүмүүсийн амьдралын хэв маягийг дооглон тохуурхаж байна л гэж боддог байв. Гэвч өнөөдрийн барилгаас гарч буй дуу хоолойнуудын өнгө аяс, хандлага өөрчлөгджээ. Элэглэн шоолж байгаа хүмүүс ихэнхдээ Сүмийн түүхийн зарим хэсгийг эсвэл бошиглогч болон бусад удирдагчийг чичилж шүүмжилснээр сургаалын энгийн захиасуудыг дарах гэж хичээдэг болжээ. Түүнчлэн тэд амин зүрх болсон сургаал, дэлхийн үүслээс өгөгдсөн Бурханы хуулиуд руу дайрч давшилж байна. Бид Есүс Христийн шавийн хувьд мөн Түүний Сүмийн гишүүний хувьд хэзээ ч төмөр бариулыг тавьж болохгүй. Уриалан дуудах бүрээн дуу бидний зүрх сэтгэлээс гарах ёстой.

Энэ нь Бурхан бол биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэг бөгөөд Есүс Христ бол Түүний Хүү хэмээх энгийн нэгэн захиас юм. Сайн мэдээ сүүлчийн энэ өдрүүдэд амьд бошиглогчдоор сэргээгдсэн бөгөөд үүний баталгаа нь Мормоны Ном билээ. Бидний аз жаргалд хүрэх зам нь анх Тэнгэрлэг Эцэгийн маань зохион байгуулж, илчилсэн гэр бүлийн тэрхүү үндсэн нэгж юм. Энэ захиасыг мөнх бус байдлын өмнөх амьдралдаа сонсож байсан учраас олон хүний хувьд танил аялгуу гэдгийг хэлэх гэсэн юм.

Хожмын үеийн гэгээнтнүүд бид сайн мэдээг хамгаалан, гэрчлэх цаг болжээ. Сайн мэдээний хөг аялгууны нот дэлхийн шуугиан дундаас чанга эгшиглэх цаг нь иржээ. Би дэлхийн Аврагч, Гэтэлгэгчийн захиас дээр өөрийн гэрчлэлийг нэмж хэлэх гэсэн юм. Тэр амьд! Түүний сайн мэдээ сэргээгдсэн бөгөөд бид Түүний зарлигуудаар амьдарч, заасан замаар нь алхалснаар энэ амьдралдаа аз жаргал, амар амгалангийн адислалаас хүртэх боломжтой. Би Есүс Христийн нэрээр гэрчиллээ, амен.