2010–2019
Тодорхой хийгээд эрхэм үнэнүүд
Аравдугаар сар 2015


Тодорхой хийгээд эрхэм үнэнүүд

Цаг хугацааны бүрэн байдлын үед амьдарч байгаа маань хэцүү цаг үед амьдарсны төлөө Тэнгэрлэг Эцэгийн бидэнд олгож буй нөхөн төлбөр юм.

Хүндэт ах, эгч нар аа, ерөнхийлөгч К.Пакэр, ахлагч Л. Том Пэрри, Ричард Г.Скотт нар индрийн чанх ард суугаагүй, мөн аль нэг хуралдаанд үг хэлээгүй тийм Ерөнхий чуулган бололгүй олон арван жил өнгөрчээ. Тэдний талаарх бидний дурсамж сэтгэлд тодхон байна. Би өөр өөрийн онцлог шинж чанартай ч, Есүс Христийн болон Түүний Цагаатгалын талаарх гэрч, гэрчлэлдээ нэгдмэл байсан тэднийг хэрхэн эрхэмлэн хүндэлдэг байснаа илэрхийлэх гэсэн юм.

Түүнчлэн, би та нарын адил ерөнхийлөгч Tомас С.Монсонг бошиглогч, үзмэрч, илчлэгчийн хувьд дэмжин баталж байгаа бөгөөд түүнээс хүч чадал олж авдаг. Би төлөөлөгчөөр 50 гаруй жил үйлчилсэн түүний итгэлтэй, дуулгавартай үйлчлэлийг бахдан биширдэг.

Энэ долоо хоногийн мягмар гаргийн өглөө 9 цагийн үед, Бишопын зөвлөл Ерөнхий чуулганд оролцохоор ирсэн Азийн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамт хуралдаж эхлэх үед намайг ерөнхийлөгч Монсон ба түүний зөвлөхүүдтэй ирж уулзана уу гэж дуудсан юм. Хэдэн минутын дараа, би түүний албан тасалгааны зэргэлдээ орших хурлын өрөөнд орон, ширээний эсрэг талд сууж байхдаа, ерөнхийлөгч Монсонд ихэд сандарч байгаа харагдсан бололтой тэр намайг тайвшруулахаар тун найрсаг ярьсан юм. Тэр миний насыг дурдаад, намайг оворгүй, наснаасаа залуу харагдаж байна гэж хэлэв.

Тэгээд хэдэн хором өнгөрсний дараа ерөнхийлөгч Монсон Их Эзэний тааллын дагуу үйлдэн, намайг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгад дуудаж байгаагаа тайлбарлан хэлсэн юм. Тэр надаас энэ дуудлагыг хүлээн авах уу хэмээн асуухад, би санаа зовмоор уулга алдан, цочирдсоноо, уг дуудлагыг хүлээн авна гэдгээ батлан хэлсэн. Үүний дараа гол төлөв чи тэнцэхгүй гэх, үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмжүүд цунами адил түрэн орж ирж, үүнийгээ үг болгон эвлүүлж хэлж амжаагүй байтал, ерөнхийлөгч Монсон надад тун эелдгээр, олон жилийн өмнө ерөнхийлөгч Дэвид O.Mаккэй түүнийг төлөөлөгчөөр дуудах үед мөн адил өөрийгөө тэнцэхгүй гэж бодож байснаа дурсан ярьсан юм. Тэр надад тайвнаар, “Бишоп Стивэнсон, Их Эзэн өөрийн дуудсан хүмүүсийг тэнцэхүйц болгодог юм” гэж зааварчилсан билээ. Энэ үйл явдлын дараа өдөржин шөнөжин, олон цагийн туршид өөрийгөө зовоож, шүүмжилж, шүүж байсан тэр шуургыг бошиглогчийн энэ тайвшруулсан үгс намжааж, амар амгалангийн эх сурвалж болсон билээ.

Би тэр өдрийнхөө оройхон, та нарт дөнгөж сая дүрслэн хэлсэн зүйлээ хайрт хань Лийсадаа, Ариун сүмийн талбайн нэгэн нам гүм буланд, амгалан тайван ариун сүм ба түүхэн Табернеклийн дүр төрхийг харан суухдаа нэгд нэгэнгүй хэлж билээ. Бид хоёр тэр өдөр тохиолдсон үйл явдлыг хамтдаа ойлгон ухаарахыг хичээх зуураа, Есүс Христэд итгэх итгэл ба аз жаргалын агуу төлөвлөгөөний талаарх мэдлэг маань бидний зангуу болохыг ойлгосон юм. Иймээс би эхнэр Лийсадаа хэчнээн их хайртайгаа хэлмээр байна. Тэр минь миний амьдралын гэрэл гэгээ бөгөөд Бурханы гайхалтай охин юм. Түүний минь амьдрал бусдын төлөө амь биеэ хайрлалгүй хийх үйлчлэл, хувиршгүй хайраар дүүрэн байдаг. Би мөнхийн гэрлэлтийнхээ адислалаас хүртэхийн тулд зохистой хэвээр байхаар хичээнгүйлэн зүтгэх болно.

Би бас дөрвөн хүүдээ болон тэдний гэр бүлийнхэнд хэчнээн их хайртай болохоо илэрхийлмээр байна. Миний гурван хүү, зургаан ачийн маань ээжүүд болох үзэсгэлэнт эхнэрүүдтэйгээ энд хүрэлцэн ирсэн байгаа. Харин дөрөв дэх хүү маань номлолд үйлчилж байгаа бөгөөд номлогчийн унтах цаг болсон байсан ч, энэ үйл явдлыг үзэхээр онцгой зөвшөөрөл аван, Тайвань дахь номлолын гэрээсээ номлолын ерөнхийлөгч ба номлолын ерөнхийлөгчийн гэргийтэй хамт шууд үзэж байгаа. Би тэднийхээ хүн нэг бүрд, мөн Аврагчийг болон сайн мэдээг хэрхэн хайрлаж байдагт нь хайртай.

Түүнчлэн би гэр бүлийнхээ гишүүн бүрд хэчнээн их хайртайгаа хэлмээр байна. Багаас минь эхлэн намайг гэрчлэлтэй болгож өгсөн ээждээ, өнгөрсөн жил нас барсан аавдаа хайртай гэдгээ илэрхийлмээр байна. Мөн өнөөдөр энд ирсэн ах, эгч, дүү нартаа болон тэдний үнэнч гэр бүлийнхэнд, мөн өнөөдөр олуулаа энд ирсэн, Лийсагийнхаа гэр бүлийнхэнд ч бас талархаж байгаагаа илэрхийлье. Үүний хажуугаар олон хамаатан садан, найз нөхөд, номлогч, удирдагч, багш нартаа талархаж явдгаа хэлэх гэсэн юм.

Би Тэргүүн Зөвлөл, Арванхоёр, Дал болон туслах бүлгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүдтэй дотно харилцаатай байх боломжоор адислагдсан. Би ах, эгч та бүхний хүн нэг бүрийг хайрлан, хүндэлж явдгаа илэрхийлэхийн сацуу та нартай харилцаа холбоогоо үргэлжлүүлэхүйц зохистой байхыг хичээнэ гэдгээ уламжилъя. Тэргүүлэх бишопын зөвлөл тэнгэрлэг гэж хэлж болохуйц нэгдмэл байдалтай байдаг. Би өдөр бүр бишоп Жэралд Коссэй, Дийн М.Дэйвийс нар болон бусад албан хаагчидтай хамтран ажилладаг байснаа дурсан санаж байх болно.

Би Сургаал ба Гэрээний нэгдүгээр хэсэгт цэдэглэгдсэн, Их Эзэний: “Миний сайн мэдээний бүрэн байдал сул доройчууд хийгээд эгэл борчуудаар [дэлхийн] хязгааруудад, мөн хаад хийгээд захирагчдын өмнө тунхаглагдаж болохын тулд бөлгөө”1 хэмээн хэлсэн үгийн амьд нотолгоо болон та нарын өмнө зогсож байна. Энэ үгс нь “Иймийн тул, Их Эзэн бибээр, дэлхийн оршин суугчид дээр ирэх тэрхүү сүйрлийг мэдэх учраас, өөрийн үйлчлэгч бага Иосеф Смитийг дуудан, тэнгэрээс түүнд ярьж, мөн түүнд зарлигуудыг өгсөн ажгуу”2 хэмээх, хүүхдүүдээ хайрлах Эцэгийн хайрыг харуулсан Их Эзэний тунхаглалын дараа бичигдсэн байдаг билээ.

Бидний хайрт Тэнгэрлэг Эцэг ба Түүний Хүү Иехова, эхлэлээс төгсгөл хүртэлх үеийн талаар мэдлэгтэй байсан3 учраас ирнэ гэдгийг нь мэдэж байсан тэрхүү гай гамшгийг зайлуулахын тулд тэнгэрийг болон шинэ эрин үеийг нээсэн юм. Төлөөлөгч Паул хойшид ирэх гай гамшгийг “хэцүү цаг”4 хэмээн дүрсэлсэн байдаг. Энэ нь миний хувьд, цаг хугацааны бүрэн байдлын үед амьдарч байгаа маань хэцүү цаг үед амьдарсны төлөө Тэнгэрлэг Эцэгийн бидэнд олгож буй нөхөн төлбөр гэдгийг хэлдэг юм.

Энэ долоо хоногийн турш өөрийн хангалтгүй байдлын талаар санаа зовж байхад минь, “хийж чадахгүй зүйл дээрээ бус, харин хийж чадах зүйл дээрээ анхаарлаа хандуул” гэсэн зэмлэх, тайвшруулах зэрэгцсэн нэгэн тодорхой сэтгэгдэл надад төрсөн юм. Би сайн мэдээний тодорхой хийгээд эрхэм үнэнүүдийг гэрчилж чадна.

“Бурхан бол бидний Тэнгэрлэг Эцэг. Бид Түүний хүүхдүүд. … Тэр биднийг зовоход бидэнтэй хамт уйлж, зөв зүйл хийхэд маань бидэнтэй хамт баясдаг. Тэр бидэнтэй харилцахыг хүсдэг бөгөөд бид чин сэтгэлийн залбирлаар дамжуулан Түүнтэй харилцаж чадна. …

Тэнгэрлэг Эцэг хүүхдүүд биднийгээ … Өөрийнх нь дэргэд амьдрахаар эргэж очих арга замаар хангасан. Бидний Эцэгийн төлөвлөгөөний гол төв нь Есүс Христийн цагаатгал юм”5 гэсэн үгсийг би Сүмийн болон Сүмийн бус олон хүнд хэдэн зуун удаа хуваалцсан.

Тэнгэрлэг Эцэг бүх хүн төрөлхтний нүглийг цагаатгахаар Өөрийн Хүүгээ дэлхийд илгээсэн юм. Би эдгээр тодорхой хийгээд эрхэм үнэнүүдийн тухай гэрчилж байна, Есүс Христийн нэрээр, амен.