2010–2019
Есүс Христийн Цагаатгалаар хүчирхэгжсэн
Аравдугаар сар 2015


Есүс Христийн Цагаатгалаар хүчирхэгжсэн

Аврагчид Өөрийн хийсэн Цагаатгалын ачаар бүхий л өвчин шаналал, сорилт бэрхшээлийг халамжлах, туслах хүч байдаг.

Мөнх бус оршихуйд бид гэм нүглийн дарамтыг туулж мөн үхэлтэй гарцаагүй тулгардаг. Есүс Христийн Цагаатгал мөнх бус амьдрал дахь энэхүү хоёр тодорхой зүйлийн үр нөлөөг цуцалж өгдөг. Гэхдээ бид мөнх бус байдлыг туулан бэдэрч байхдаа гэм нүгэл, үхлээс гадна өөр олон сорилт бэрхшээлтэй тулгарч байдаг. Чухамхүү тэр Цагаатгалын ачаар Аврагч маань биднийг эдгээр мөнх бус сорилт бэрхшээлийг даван туулахад туслах хүч чадлаар хангаж чадна.

I.

Цагаатгалын талаарх ихэнх цэдэг Аврагч үхлийн хүлээсийг тасдан, бидний гэм нүглийн төлөө зовж шаналсан тухай цэдэглэсэн байдаг. Алма Мормоны Номд бичигдсэн уриалгадаа эдгээр суурь зарчмыг заажээ. Түүнчлэн тэрээр Аврагчийг Өөрийн хүмүүсийн зовлон шаналал, өвчин зовиур, сул дорой байдлыг туулсан тухай бидэнд судрын хамгийн ойлгомжтой баталгааг өгсөн билээ.

Алма Аврагчийн Цагаатгалын энэ хэсгийн тухай “Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно; мөн энэ нь тэр өөрийн хүмүүсийн шаналал мөн өвчнүүдийг өөр дээрээ авах болно гэсэн тэрхүү үг биелэгдэж болохын тулд бөлгөө” (Алма 7:11; мөн 2 Нифай 9:21-ийг үзнэ үү) хэмээн дүрслэн бичжээ.

Үүнийг бодоод үз дээ! Аврагч Цагаатгал хийж байх үедээ “бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг” тэвчсэн. Ерөнхийлөгч Боид К.Пакэр “Түүнд төлөх ёстой өр байгаагүй. Тэрээр ямар ч буруу зүйл үйлдээгүй. Гэсэн хэдий ч Тэр бидний мэдэх бүх гэм нүгэл, гуниг харуусал, өвчин зовлон, ичгүүр, биеийн болон оюун ухааны бүх зовлонг туулсан”1 хэмээн тайлбарласан юм.

Тэр яагаад “бүх төрлийн” эдгээр мөнх бус сорилт бэрхшээлийг туулж мэдэрсэн бэ? Энэ тухай Алма “мөн түүний зүрх сэтгэл бие махбодийн дагуу нигүүлслээр дүүргэгдэж болохын тулд, тэрээр бие махбодийн дагуу өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд, тэрээр өөр дээрээ тэдний сул дорой чанаруудыг авах болно” хэмээн тайлбарлажээ (Алма 7:12).

Жишээлбэл, Төлөөлөгч Паул: Аврагч “соригдон зовлон эдэлж байсан тул сорилтод орогсдод тусалж чадна” хэмээн тунхаглажээ (Еврей 2:18). Үүнтэй төстэй байдлаар ерөнхийлөгч Жэймс Э.Фауст “Аврагч бидний мэдэрч, даван туулах бүхнийг даван туулсан учраас Тэрээр сул дорой хүмүүсийг хүчтэй болоход нь тусалж чадна”2 гэж заасан билээ.

Бидний Аврагч “бие махбодийн дагуу” “өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг [тайвшрал өгөх, туслах гэсэн утгатай]” мэдэж болохын тулд мөнх бус байдлын сорилт бэрхшээлийг бүрэн байдлаар “бие махбодийн дагуу” мэдэрч даван туулсан. Тиймээс Тэрээр бидний тэмцэж байгаа асуудал, зүрх сэтгэлийн маань шаналал, биднийг уруу татах зүйлс, өвдөлт, зовлон бүгдийг мэддэг. Учир нь Тэрээр Өөрийн хүслээр Цагаатгалын чухал хэсэг болгон энэ бүгдийг мэдэрч туулсан билээ. Үүний улмаас, Түүний Цагаатгал Түүнд биднийг халамжлах мөн энэ бүгдийг даван туулах хүчийг бидэнд өгөх боломжийг олгодог.

II.

Цагаатгалын энэхүү чухал хүчийн талаар заасан бүх судраас долоодугаар бүлэгт Алмагийн заасан зүйл нь хамгийн тодорхой ойлгомжтой ганц хэсэг бөгөөд энэ нь түүнчлэн ариун сударт олонтоо заагддаг.

Есүс тохинууллынхаа эхэн үед Өөрийгөө “шаналсан зүрх сэтгэлтэй хүмүүсийг эдгээх” (Лук 4:18)-ээр илгээгдсэн гэдгийг тайлбарласан. Библи дээр Тэр хүмүүсийн “сул байдлуудыг” эдгээсэн талаар (Лук 5:15; 7:21) олонтоо өгүүлдэг. Moрмоны Ном “ямар нэгэн байдлаар зовж зүдэрсэн”(3 Нифай 17:9) хүмүүсийг Тэр эдгээсэн тухай цэдэглэсэн байдаг. Матайн сайн мэдээнд “энэ нь эш үзүүлэгч Исаиагаар бидний сул дорой байдлыг Тэр Өөртөө авч, бидний өвчнийг үүрсэн гэж хэлүүлсэн нь биелэхийн тулд” (Матай 8:17) Есүс хүмүүсийг эдгээсэн тухай тайлбарласан.

Мессиаг бидний “өвчин,” “уй гашууг” (Isaiah 53:4) даах болно гэдгийг Исаиа заажээ. Исаиа түүнчлэн Тэрээр биднийг хүчирхэгжүүлдэг талаар, “Би чамтай хамт байгаа тул бүү ай! Өөрийнхөө талаар бүү санаа зов. Учир нь Би чиний Бурхан. Би чамайг тэнхрүүлж, үнэхээр чамд тусална” (Isaiah 41:10) хэмээн заасан.

Тийнхүү бид

Бүү ай! Бүү зов! Би чамтай хамт байх болно.

Чиний Бурхан би чамайг энэрэн ивээнэ.

Чамайг би ивээн, тусалж, зоригжуулна.

Миний шударга хүчит гараас хөтлөөрэй3 хэмээн дуулдаг.

Өөрийнхөө мөнх бус сорилт бэрхшээлийн талаар Төлөөлөгч Паул хэлэхдээ “Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна” (Philippians 4:13) гэжээ.

Аврагчид Өөрийн хийсэн Цагаатгалын ачаар бүхий л өвчин шаналал, сорилт бэрхшээлийг халамжлах, туслах хүч байдаг гэдгийг бид мэддэг. Түүний хүч сул доройг эдгээдэг ч судрууд мөн бидний туршлагууд заримдаа Тэрээр бидэнд өөрсдийн сул доройг даван туулах хүч эсвэл тэвчээр өгснөөрөө биднийг халамжилдаг буюу бидэнд тусалдаг гэж заадаг. 4

III.

Бидний Аврагч ямар мөнх бус өвчин шаналал, сорилт бэрхшээл, сул дорой байдлыг мэдэрч туулан, зовж шаналсан бэ?

Зураг
Зовж буй эмэгтэй

Бид бүгд өвчин шаналал, сорилт бэрхшээл, сул дорой байдалтай хэзээ нэгэн цагт тулгардаг. Бидний гэм нүглээсээ болж туулах зүйлсээс гадна мөнх бус байдал нь байнгын хичээл тэмцэл, зүрх сэтгэлийн шаналал, өвдөлт зовиураар дүүрэн байдаг.

Зураг
Эмнэлэгт зочилсон нь

Бид, бидний хайртай хүмүүс өвчнөөр шаналдаг. Бид бүгдээрээ бэртэл гэмтлээс эсвэл бие махбодын өөр бусад хэцүү асуудлаас болж өвдөх үеийг туулдаг. Бид бүгд хайртай нэгнээ алдсаны улмаас шаналан, гашууддаг. Бид хувийн үүрэг хариуцлагаа биелүүлэхдээ, гэр бүлийнхээ харилцаандаа эсвэл ажил албаа хийж байхдаа алдаа гаргадаг.

Зураг
Санаа нь зовж буй эцэг эх

Бид ханиа эсвэл хүүхдээ бидний үнэн хэмээн мэддэг зүйлээс татгалзан, зөв шударгын замаас төөрч одоход яг л үрэлгэн хүүгийн тухай Есүсийн сургаалт үлгэрт гардаг эцгийн адилаар сэтгэлийн дарамт эдэлдэг (Лук 15:11–32-ыг үзнэ үү).

Дуулал номыг бичигч “Зөв шударга хүний зовлон зүдгүүр их байдаг, харин ЭЗЭН түүнийг тэр бүгдээс нь авардаг” (Psalm 34:19) хэмээн тунхагласан.

Тийнхүү бидний дуулал “Тэнгэрийн анагааж чадахгүй шаналал энд үгүй”5 гэсэн үнэн баталгааг агуулж байдаг. Биднийг зөвхөн бидний Аврагч мөн Түүний Цагаатгал л эдгээнэ.

Зураг
Эелдэг бус өсвөр үеийнхэн

Өсвөр насны хүүхдүүдийн хувьд хэцүү асуудал нь үе тэнгийнхэн нь баяр хөөртэй харилцаа, үйл ажиллагаанд нэгдэн оролцоод, тэднийг зориуд санаатайгаар орхигдуулах үед мэдрэгддэг гадуурхах байдлыг мэдрэх явдал байдаг. Арьс өнгө, үндэстэн ястнаар ялгаварлах байдал өөр бусад шаналгаатай мэдрэмжийг өсвөр үеийнхэн, насанд хүрэгчдэд ч төрүүлдэг. Ажилгүй байх, бидний төлөвлөгөө өөрөөр эргэх гэх мэтээр амьдралд өөр олон сорилт бэрхшээл байдаг.

Зураг
Хөгжлийн бэрхшээлтэй хүү аавтайгаа хамт

Бидний гэм нүглээс шалтгаалаагүй мөнх бус сул дорой байдлын тухай л би ярьж байна. Зарим хүн бие махбодын эсвэл сэтгэцийн асуудалтай төрдөг бөгөөд эдгээр нь тэднийг шаналж зовох, тэдний хайртай болоод халамжилдаг хүмүүст хэцүү байдлыг авчирдаг. Олонхын хувьд сэтгэлийн хямралд байх нь хүнд хэцүү бөгөөд энэ нь тэднийг тахир дутуу мэт болгодог. Өөр нэг зовиур мэдрүүлдэг сорилт бол ганцаардмал байдал юм. Ийм ганцаардалтай тулгарсан хүмүүс бидний Аврагч бас ийм өвдөлт зовиурыг мэдэрсэн бөгөөд Тэрээр Цагаатгалаараа дамжуулан түүнийг даван туулах хүч чадлыг өгдөг гэдгийг санах хэрэгтэй.

Бидний материаллаг болон сүнслэг байдлыг донтолтоос илүүгээр эрэмдэглэдэг хөгжлийн бэрхшээл бараг байдаггүй. Эдгээрээс тухайлбал порнографт эсвэл хар тамхинд донтох зэрэг нь гэм нүгэлтэй зан байдлаас шалтгаалж байдаг. Хэдийгээр гэм нүгэлтэй зан байдлаа наманчилсан ч донтолт хэвээр үлдэж болдог. Бидний чадварыг алдагдуулдаг тэрхүү зууралдаад байгаа зүйл маань ч хүртэл Аврагчаас боломжтой болдог харьшгүй хүчээр эдгэрч чадна. Мөн гэмт хэрэг үйлдсэнийхээ улмаас ял эдлэн шоронд байгаа хүмүүсийн туулсан бэрхшээл ч бас эдгэрч чадна. “Бидний Аврагч энэ ханануудын хооронд алхаж байгааг би мэдэх бөгөөд энэ шорон дотор би Христийн хайрыг байн байн мэдэрдэг юм”6 хэмээн саяхан хүлээж авсан нэгэн захидал ийм нөхцөл байдалд орсон нэгэнд ирсэн хүч чадлыг гэрчилж байна.

Зураг
Шоронд байгаа эрэгтэй

Би бидний анд нөхөр, яруу найрагч Эмма Лу Тэйний гэрчлэлд дуртай. Түүний бичсэн үгсийг одоо ч бид дуулалдаа дуулж байдаг:

Хаана ч амар тайвныг би

Юу хийвч эс оллоо.

Хэрхэн би амар байж, тайвшрах вэ?

Энэлэн шаналаад, уурлаад, хонзогнох үедээ

Энэ сэтгэл

Биеийнхээ гүн рүү шагайна.

Зовлон минь нэмэгдэн,

Зүдрэх цагтаа би

Хэндээ хандаад, хаашаа очих вэ?

Зовлонг минь цайруулах зөөлөн гар хаана байна?

Хэн ойлгох вэ намайг?

Тэрээр л зөвхөн ойлгоно.7

Зураг
Христийн хөшөө

IV.

Хэн Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан халамжлагдан, хүчирхэгжиж болох вэ? Аврагч өөрийн хүмүүсийн шаналал мөн өвчнүүдийг” Өөртөө аван, “өөрийн хүмүүсийг халамжлах” (Alma 7:11, 12; болно хэмээн Алма заасан. Энэ амлалт дахь “өөрийн хүмүүс” гэж хэн бэ? Энэ нь Цагаатгалаар дамжуулан амилалтын бодит үнэнийг эдэлдэг бүх мөнх бус хүмүүс үү? Эсвэл зөвхөн ёслол, гэрээнүүдээр дамжуулан тэнцэхүйц болсон сонгогдсон тэдгээр үйлчлэгч үү?

Хүмүүс гэдэг үг сударт олон утгатай байдаг. Аврагч “өөрийн хүмүүсийг” халамжлах болно хэмээн заасан зүйлтэй хамгийн сайн нийцэх утга бол “тэд аль ч нутагт байсан хүмүүс болгоныг Бурхан анхааран үздэг” (Alma 26:37). хэмээн Аммоны хожим заахдаа ашигласан утга юм. Энэ нь түүнчлэн “бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээ” (Luke 2:10) хэмээн Христ хүүгийн төрөлтийн тухай тэнгэр элчүүдийн зарлан тунхагласан тэр утга юм.

BБидний Аврагч мөнх бус оршихуй дахь Өөрийн цагаатгагч үйл явдлын ачаар газар бүрийн бүхий л эрэгтэй, эмэгтэй хүнийг тайвшруулах, эдгээх, хүчирхэгжүүлэх боломжтой. Гэхдээ Түүнийг эрэлхийлдэг, Түүнээс тусламж гуйдаг хүмүүст л Тэрээр ийнхүү үйлддэг гэдэгт би итгэдэг. Төлөөлөгч Жэймс “Эзэний оршихуйд өөрсдийгөө даруу болго. Тэгвэл Тэр та нарыг өргөмжлөх болно” (James 4:10) хэмээн заасан. Бид Түүнд итгэх, Түүнээс тусламж гуйх үедээ тэрхүү адислалд тэнцэхүйц болдог.

Зовлон шаналлаасаа салахын тулд Бурханд хандан залбирдаг, Бурханаас эмээдэг сая сая хүн байдаг. Бидний Аврагч Өөрийгөө “бүх зүйлийн доор бууж ирсэн” (С ба Г 88:6) хэмээн илчилсэн. Ахлагч Нийл А.Максвэлл “Тэрээр ‘бүх зүйлийн доор бууж ирсэн’ учраас хүмүүний зовж шаналах бүхий л замыг төгс байдлаар зөвхөн ганцаараа ойлгож, ухаарч байсан хэмээн заажээ.”8 Тэрээр бүхнээс дордод буусан учраас зовлон шаналлаа даван туулахад маань хэрэгтэй хүч чадлыг бидэнд өгөхийн төлөө мөн биднийг өргөхийн тулд төгс байдлаар байр сууриа эзэлсэн хэмээн бид хэлж болох юм. Бид ердөө гуйх л хэрэгтэй.

Зураг
Ширээ тойрон сууж буй гэр бүл

Өнөө цагийн илчлэлтэд Их Эзэн “Тиймийн тул, чи надаас асуух аваас чи хүлээж авах болно; хэрэв чи тогших аваас энэ нь чамд нээгдэх болно” (жишээлбэл, С ба Г 6:5; 11:5; мөн Матай 7:7-г үзнэ үү) хэмээн олон удаа тунхагладаг. Үнэндээ бидний Тэнгэрлэг Эцэг, Түүний хайрт Хүү Есүс Христ бүхнийг хайрлах хайраараа Тэднийг итгэлээр эрэлхийлдэг хүмүүсийн залбирлыг сонсон, тэдгээр залбиралд тохируулан хариулдаг. Төлөөлөгч Паулын бичсэнээр “ялангуяа итгэгчдийн Аврагч болох амьд Бурханд бид өөрсдийн найдвараа тавьсан юм” (1 Тимот 4:10).

Би эдгээрийг үнэн гэж мэддэг. Бидний Аврагчийн Цагаатгал нь ертөнцийн амилуулалтаар үхэшгүй байдлыг итгэмжлэх хийгээд наманчлал, баптисмаар биднийг гэм нүглээс цэвэршүүлэх боломж олгохоос илүүг хийдэг. Түүний Цагаатгал түүнчлэн биднийг эдгээх, мөнх бус байдлын бүхий л ачаа дарамтыг даван туулах хүчийг өгөхийн тулд бидний бүх сул доройг мэдэрч туулсан Түүнийг дуудах боломжийг бидэнд олгодог. Тэрээр бидний өвчин зовлонг мэддэг бөгөөд Тэр бидэнд туслахад бэлэн байдаг. Сайн самари хүний адилаар Тэрээр замын хажууд шархадсан биднийг олж, бидний шархыг боон, биднийг асрах болно (Лук 10:34-ийг үзнэ үү). Есүс Христийн болон Түүний Цагаатгалын эдгээх, хүчирхэгжүүлэх хүч гуйсан хүн болгонд өгөгддөг. Би бүхнийг боломжтой болгодог Аврагчийнхаа тухай гэрчилдгийн адил үүнийг бас гэрчилж байна.

Нэг л өдөр мөнх бус оршихуйн эдгээр бүх ачаа дарамт үгүй болно. Цаашид өвдөх гэж үгүй болно (Илчлэлт 21:4). Бид бүгд Аврагчийн Цагаатгалын найдвар, хүч болох мөнх бус байдлын итгэмжлэл, мөнх амьдралаар амьдрах боломжийг мөн хэрэв бид гуйх аваас хүлээн авах, дэмжих хүч чадлыг ойлгох болтугай хэмээн Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.

Эшлэлүүд

  1. Боид K.Пакэр, “The Savior’s Selfless and Sacred Sacrifice,” Лиахона 2015 оны 4-р сар, 38.

  2. Жэймс И.Фауст, “The Atonement: Our Greatest Hope,” Лиахона, 2002 оны 1-р сар, 22.

  3. “Бат бөх суурь,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, хуу. 6, 3-р бадаг.

  4. Жэффри Р.Холланд, Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon (1997), 223–34; Дэвид A.Бэднар, “The Atonement and the Journey of Mortality,” Лиахона, 2012 оны 4-р сар, 12–19; Брүс С.Хафэн болон Мариэ K.Хафэн, “‘Fear Not, I Am with Thee’: The Redeeming, Strengthening, and Perfecting Blessings of Christ’s Atonement,” Religious Educator, vol. 16, no. 1 (2015), 11–31, ялангуяа 18–25; Тэд Р.Кэллистэр, The Infinite Atonement (2000), 19-р бүлэг, 206–210-р хуудсыг үзнэ үү.

  5. “Come, Ye Disconsolate,” Hymns,хуу. 115, 2-р бадаг.

  6. Төв Юта дахь Засан хүмүүжүүлэх газрын Хэнри салбар хариуцсан бишоп Бобби О.Хэйлсийн 2014 онд хүлээн авсан захидлаас.

  7. ”Where Can I Turn for Peace?” Hymns, хуу, хуу. 129, 1, 2-р бадаг.

  8. Нийл А.Максвэлл, “Applying the Atoning Blood of Christ,” Ensign,, 1997 оны 11-р сар, 23.