2010–2019
Тэд үргэлж Түүнийг санаж болохын тулд
Аравдугаар сар 2015


Тэд үргэлж Түүнийг санаж болохын тулд

Би миний болон бид бүгдийн төлөө бүх зүйлийг өгсөн Түүний амьдралыг судалж, тунгаан бодох дуртай.

Би эхний бадаг нь дараах байдлаар эхэлдэг Хүүхдийн хэсгийн дуунд дуртай:

Миний сонсох дуртай Есүсийн түүхүүдийг ярьж өгөөч,

Хэрэв тэр энд байсан бол би зөндөө зүйл асуух байсан.

Замын дэргэдэх газрууд, далайд болсон явдлууд,

Есүсийн түүхүүдийг надад ярьж өгөөч.1

Есүсийн түүхүүдийг хүүхдүүддээ болон гэр бүлийнхэндээ ярьдаг заншлыг тогтоож эхлүүлбэл энэ нь гэр орондоо Хүндэтгэлийн өдрийг ариунаар хадгалах маш онцгой арга гэдэгт би итгэдэг.

Энэ нь гэр оронд онцгой сүнсийг авчирч, гэр бүлд маань Аврагчийн үлгэр жишээг санал болгох болно.

Би миний болон бид бүгдийн төлөө бүх зүйлийг өгсөн Түүний амьдралыг судалж, тунгаан бодох дуртай.

Би Түүний нүгэлгүй амьдралын тухай судрын хэсгүүдийг унших дуртай. Би Түүнд тохиолдсон үйл явдлуудыг өгүүлж буй судруудыг уншсаныхаа дараа нүдээ аниад, надад зааж мөн намайг сүнслэгээр хүчирхэгжүүлдэг ариун нандин энэ мөчүүдийн тухай төсөөлөхийг хичээдэг.

Жишээлбэл:

  • Тэр газар нулимж, шүлсээрээ шавар зуурч, тэр хүний нүдийг шавраар шаваад, “Яв. Силоамын цөөрөмд угаа гэж хэлэхэд”2 өнөөх хүн явав. Тэгээд тэр угаагаад, хараатай болон эргэж ирсэн түүх;

  • Цус алддаг өвчтэй байсан ч зөвхөн Түүнд хүрснээр эдгэнэ гэдэгт итгэсээр, хувцасных нь хормойд хүрсэн эмэгтэйг эдгээсэн түүх;3

  • Тэрээр шавь нартаа үзэгдэж, усан дээр алхсан түүх;4

  • Тэрээр Еммау хүрэх замаар шавь нартайгаа хамт явж, судруудын талаарх тэдний ойлголтыг нээсэн түүх;5

  • Тэрээр Америк тив дэх хүмүүст үзэгдэж, тэдэнд Өөр рүү нь хүрч ирээд, хавирган талынх нь сорвинд гараа хүргэхийг, түүнчлэн гар, хөлөн дэх хадаасны ормуудыг нь тэмтэрч үзэн, Тэр бол “Израилын Бурхан, мөн бүх дэлхийн Бурхан, мөн дэлхийнхний нүглүүдийн төлөө егүүтгэгдсэн”6 гэдгийг мэд хэмээн хэлсэн түүх зэргүүд байж болно.

Хүүхдүүддээ Христийн түүхүүдийг ярьж өгдөг аав, ээжүүд байгаа гэдгийг би мэдээд, маш их баярладаг. Би Сүм дээр Хүүхдийн хэсгийн хөтөлбөр, өөр бусад үйл ажиллагаанд оролцож байгаа хүүхдүүдийг ажиглаж байхдаа бас үүнийг анзаарч мэддэг.

Би Христийн тухай зааж өгсөн аав, ээждээ маш их баярладаг. Мөн би Аврагчийн үлгэр жишээ эхнэр бид хоёрыг хүүхдүүддээ заахад маань тусалдагт маш их талархдаг.

Би ач, зээ нарт маань Христийн түүхийг ярьж өгдөг хүүхдүүдээ харахдаа баяртай байдаг ба энэ нь надад судрын дуртай түүхийг маань сануулдаг. Энэ нь 3 Иохан 1-р бүлгийн 4-р шүлгэн дээр байдаг ба үүнд “Миний хүүхдүүд үнэн дотор явж байгааг сонсохоос эрхэм баяр баясгалан гэж надад байхгүй билээ” хэмээн бичсэн байдаг. Яагаад ач, зээ нар маань үүнтэй адил үнэн дотор алхаж болохгүй гэж?

Би Христийн тухай, хүндэтгэлийн өдрийг ариунаар хадгалах тухай мөн ням гараг бүр Аврагчийг дурсан санаж, ариун ёслолоос хүртэх тухай тууштай заадаг удирдагчдадаа талархдаг.

Биднийг Христийн түүхүүдийг судлах үед хүндэтгэлийн өдөр, ариун ёслол хавьгүй илүү их баяр баясал болдог бөгөөд үүнийг хийснээр итгэл, гэрчлэл маань нэмэгдэж, мөн гэр бүлийг маань хамгаалах уламжлалууд бий болдог.

Би хэдэн долоо хоногийн өмнө сүүлийн Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн захиасыг дахин судалж, хүндэтгэлийн өдрийн тухай тунгаан бодох үед ариун ёслолоос хүртэх адислал, онцгой боломжтой байдалдаа гүн талархмаар санагдсан. Миний хувьд ариун ёслол нь маш нандин, ариун, сүнслэг мөч юм. Би ариун ёслолын цуглаанд маш их дуртай.

Би тунгаан бодож суухдаа талх, усны адислалыг анхааралтай судалсан юм. Ариун ёслолын залбирал, ариун ёслолын ёслолын талаар уншин, гүн гүнзгий бясалгаж бодлоо. Би мөн зүрх сэтгэл, оюун бодолдоо ариун ёслолтой холбоотой үйл явдлуудын талаар тунгааж эхэлсэн юм.

Би эргэцүүлэн тунгаасаар, Есүс исгээгүй талхны баярын эхний өдөр Дээгүүр өнгөрөх баярын зоогийг хаана бэлдүүлэх тухай шавь нарынхаа асуултад “Хот уруу нэгэн хүн дээр оч. Түүнд ‘Багш Миний цаг ойртож байна. Би танайд шавь нартайгаа хамт Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэнэ’ гэж хэлсэн”7 энэ өдрийн тухай бодсон юм.

Энэхүү онцгой өдөр Түүнтэй хамт идэхийн тулд хоол хүнс худалдан авч, ширээгээ тун болгоомжтой засаж байгаа шавь нарын тухай би төсөөлөхийг хичээлээ. Түүнд болон Түүний хайрласан 12 дагалдагчид зориулсан 13 хүний ширээ байна.

“Үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг чинь Надаас урвана”8 гэж хэлэх үедээ тэдэнтэй хамт хооллож байсан Христийг төсөөлөхдөө би нулимс дуслуулсан.

Түүнээс “Би биш биз дээ, Эзэн минь?”9 хэмээн гуниглангуй асуусан шавь нарынх нь тухай ч бас би бодсон юм.

Иудас үүнийг асуух үед Тэрээр тайвнаар “Чи өөрөө хэллээ”10 гэсэн байдаг.

Би бусдыг эдгээж, тайтгаруулж, гэгээрүүлж, адисалсан гарыг нь, болон талх хувааж, тэдэнд өгөөд, “Май ид. Энэ бол Миний бие”11 хэмээн хэлж буй Есүсийг төсөөлсөн.

Тэр аяга авч, талархлаа өргөн, тэдэнд өгөнгөө “Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа” гэж хэлээд, “Учир нь энэ бол нүглүүдийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний Миний цус”12 гэж хэлжээ.

Би эргэцүүлж тунгаахдаа, шавь бүрийг тус тусад нь оюун бодолдоо дүрслэн бодоод, тэдний нүдэнд ихэд хайрласан Эзэнийхээ төлөө санаа зовж байгаа нь харагдаж байгааг олж хардаг. Энэ нь надад яг л тэдэнтэй хамт суугаад, бүх зүйлийг харж байгаа мэт санагддаг. Миний төлөө амсах гэж байсан зүйлийнх нь тухай бодоход зүрх минь туйлын их өвдөж, уй гунигийг мэдэрдэг.

Миний бодгаль илүү сайн хүн болох агуу их хүслээр дүүргэгдсэн. Би наманчлал ба зүрх сэтгэлийн харуусал дунд, Гетсеманид асгаруулсан Түүний цуснаас ядаж цөөхөн хэдэн дуслыг ч болтугай гамнахыг чин сэтгэлээсээ хүссэн.

Би Түүнийг санан дурсаж, долоо хоног бүр хүртдэг ариун ёслолын тухай тунгаан бодож, талх, усны адислалын үг бүрийг бясалгасан юм. Би талхны адислалын “үргэлж түүнийг санаж” гэдэг үгсийг мөн усны адислалын “тэд үргэлж түүнийг санана”13 гэсэн үгсийг илүү гүнзгий тунгаан бодсон.

Би “үргэлж түүнийг санана” гэдэг нь юу гэсэн утгатайг эргэцүүлж бодлоо.

Миний хувьд энэ нь дараах утгуудыг илэрхийлдэг.

  • Энэхүү үзэсгэлэнт дэлхийг бүтээсэн Түүний мөнх бус оршихуйн өмнөх амьдралыг санах;14

  • Иудейн Бетлехем дэх тэжээлийн тэвшин дотор Түүний даруухан төрснийг санах;15

  • 12 настай хөвгүүн ариун сүмд багш нарт зааж, номлож байсан үеийг санах;16

  • Түүний 30 настай байхдаа мөнх бус тохинуулалдаа бэлтгэхээр цөл руу ганцаараа явсан үеийг санах;17

  • Тэрээр шавь нарынхаа өмнө хувирсныг болон Түүний тэдэнд заасан зүйлсийг санах;18

  • Түүнийг шавь нартайгаа хамт Сүүлчийн зоог дээр ариун ёслолыг танилцуулсан үеийг санах;19

  • Мөн Түүний Гетсеманий цэцэрлэг рүү явж, сүв бүрээсээ цус шүүрэх хүртлээ бидний нүгэл, өвчин, зовлон, гуниг харууслын төлөө асар их зовж шаналсан үеийг санах;20

  • Гетсемани дахь асар их зовлон шаналал, өвдөлтийн дараа, найз нөхрөө хэмээн дууддаг байсан шавийнхаа нэг удаагийн үнсэлтээр хууран мэхлэгдсэн гэдгийг санах;21

  • Тэрээр шүүгдэхээр Пилатын болон Херодын өмнө авчрагдсан үеийг санах;22

  • Түүнийг доромжилж, гутааж, хацар дээр нь алгадаж, зодож, махыг нь урагдтал ташуураар ороолгосон үеийг санах;23

  • Өргөст титмийг Түүний толгой дээр доог тохуу болгон тавьсан тэр үеийг санах;24

  • Тэрээр Голгота руу Өөрийн загалмайг үүрэн, цовдлогдож, бүхий л биеийн болон сүнсний өвдөлтийг мэдэрсэн гэдгийг санах;25

  • Тэрээр загалмай дээр байхдаа Өөрийг нь цовдолсон хүмүүс рүү хайр энэрлээр дүүрэн хараад, мэлмийгээ тэнгэр өөд бэлчээн, “Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна”26 гэж гуйсныг санах;

  • Тэрээр бүх хүн төрөлхтнийг аврах ажлаа дуусгаснаа мэдээд бидний Эцэг, Өөрийн Эцэгийн гарт сүнсээ даатгасан тэр үеийг санах;27

  • Бидний хийх сонголтоос шалтгаалан Түүний дэргэд мөнхөд амьдрах боломж ба амилуулалтыг бидэнд баталгаатай болгож өгсөн Түүний гайхамшигт Амилалтыг санах;28

Түүнчлэн ариун ёслолын залбирлыг болон залбирлын маш онцгой утга учиртай үгсийг бодож байхад ариун ёслолын адислалын үеэр Түүнийг үргэлж санах үед бид үргэлж Түүний Сүнстэй хамт байх болно хэмээх үгсийн амлалтыг хүлээн авах нь хэчнээн гайхамшигтай хэрэг вэ.29

Их Эзэнд бидэнд илчлэлт өгөх өөрийн гэсэн тодорхой цаг байдаг гэдэгт би итгэдэг. Би Номлогчийн үгс 3:1, 6 -г судлахдаа үүнийг маш тодорхой ойлгосон. Тухайлбал:

“Тэнгэрийн доорх бүх юмс цаг хугацаатай бөгөөд бүх юм тогтоогдсон цаг мөчтэй ажээ: …

“Эрж олох хийгээд алдаж асгах цаг; хадгалах хийгээд хаях цаг.”

Ариун ёслол нь мөн Тэнгэрлэг Эцэгийн хувьд Түүний Хайрт Хүү, бидний Аврагч, Есүс Христийн Цагаатгалын тухай бидэнд заах цаг. Харин бидний хувьд үүний тухай илчлэлт хүлээн авах цаг юм. Энэ нь энэ мэдлэгийг хүсэж, хүлээн авахын тулд “тогш, тэгвэл та нарт нээгдэ[х]”30 цаг билээ. Энэ нь Бурханаас уг мэдлэгийг даруухнаар гуйх цаг юм. Хэрэв бид үүнийг хийж чадвал амьдралыг маань хэмжээлшгүй ихээр адислах уг мэдлэгийг хүлээн авна гэдэгт би эргэлзэхгүй байна.

Би хүндэтгэлийн өдөрт болон ариун ёслолд мөн үүний утга учирт хайртай. Би Аврагчийг бүх зүрх сэтгэлээрээ хайрладаг. Есүс Христийн нэрээр, амен.