2010–2019
Бурханы таалалт үг
Аравдугаар сар 2015


Бурханы таалалт үг

Бурханы таалалт үг нь Ариун Сүнсний нөлөөг байлгаж болохын тулд амьдралдаа үргэлжлүүлэн наманчлах хэрэгтэй байгааг бидэнд харуулж байна.

Энэхүү чуулганд оролцохоор цугларсан бидний олонх нь “Бурханы таалалт үгийг, тийм ээ, шархадсан зүрх сэтгэлийг эдгээгч тэрхүү үгийг сонсохоор” (Иаков 2:8) ирсэн. Энэ үгийг бид зовлон зүдгүүрийн харанхуйд итгэл найдвар, тайтгарлыг авчирдаг судруудаас болон удирдагчдынхаа захиасаас олж авч болно.

Бид амьдралынхаа туршлагаар энэ дэлхий дээрх баясал бүрэн биш, харин Есүс Христ доторх баясал бүрэн гэдгийг мэдэж авдаг (С ба Г 101:36-г үзнэ үү). Бид Түүний баясалд автагдаж байснаас бусдаар, өөр зовлонг үзүүлэхгүйн тулд Тэрээр бидэнд хүч чадал өгөх болно (Алма 31:38-ыг үзнэ үү).

Хайртай хүнээ аймшигт өвчнөөр зовж буйг хараад бидний зүрх зовлон шаналлаар дүүрч болно.

Хайртай нэгний маань үхэл бидний сэтгэлд хоосон орон зай үлдээж болно.

Хүүхдүүдийн маань зарим нь сайн мэдээний замаас төөрөн одох үед бид гэмшиж, тэдний мөнхийн хувь заяаны талаар итгэл алдарч болно.

Селестиел гэрлэлтээр гэрлэж, энэ амьдралдаа гэр бүлтэй болох итгэл найдвар цагийн аясаар сарниж болно.

Биднийг хайрлах ёстой хүмүүсийн хүчирхийлэл бидний сэтгэлд гүн шарх сорви үлдээж болно.

Эхнэртээ эсвэл нөхөртөө хууртагдах нь бидний мөнхөд үргэлжилнэ хэмээн найдаж байсан харилцааг үгүй болгож болно.

Энэхүү сорилтын байдлын нэг хэсэг болох эдгээр болон бусад зовлон зүдгүүр биднийг зарим үед бошиглогч Иосеф Смитийн асуусантай адил “АЙ Бурхан минь, та хаана байна вэ?” (С ба Г 121:1) хэмээх асуултыг өөрсдөөсөө асуухад хүргэдэг.

Амьдралын хэцүү цаг мөчид шархадсан сэтгэлийг эдгээдэг Бурханы таалалт үг бидний зүрх сэтгэл, оюун ухаанд тайтгарлын дараах захиасыг авчирдаг юм:

“Сүнсэнд чинь амар амгалан байг; саад тотгор хийгээд зовлон зүдгүүрүүд чинь хэсэг хугацаанд байх болно;

“Мөн тэгээд, хэрэв чи үүнийг дажгүй давбал, Бурхан чамайг тэнгэрт өргөмжлөх болно” (С ба Г 121:7–8).

ай зовлонгийн үед ч итгэлтэй байдаг хүмүүс тэнгэрийн хаант улсад илүү агуу шагналыг хүлээн авах бөгөөд “их гай зовлонгийн дараа адислалууд ирдэг” (С ба Г 58:3–4-ийг үзнэ үү) гэдгийг бид мэддэг учраас Бурханы таалалт үг нь итгэл найдварыг авчирдаг.

Бошиглогчдын үгсээр ирдэг Бурханы таалалт үг нь үнэний үйл хэрэгт зоригтой үйлчилсэн үед бидэнд өгөгдсөн тэнгэрлэг амлалтуудад итгэлтэй байснаар бидний мөнхийн холболт нь биднийг болон бидний үр удмыг адислах болно хэмээх баталгааг өгдөг (Орсон Ф.Витни, Conference Report, 1929 оны 4-р сар, 110-ыг үзнэ үү).

нэ нь итгэлтэй амьдралаар амьдарсныхаа дараа бидэнд тодорхой зүйлсийг хийх боломж хэзээ ч олдоогүй бол тэдгээрийг хийгээгүйгээс болж бид ямар ч адислалыг алдахгүй байх болно хэмээх баталгааг бидэнд өгдөг. Хэрэв бид үхэн үхтлээ итгэлтэй амьдарсан бол “[ийм боломжийг хүлээн авсан ямар ч эрэгтэй, эмэгтэй хүн] бүх адислал, өргөмжлөл болон алдар сууг хүлээн авах болно.” (The Teachings of Lorenzo Snow, ed. Clyde J. Williams [1984], 138-ыг үзнэ үү.)

Одоо бид гэм нүглээ чин сэтгэлээсээ наманчлахгүй бол зовлон, шаналал бидний амьдралд ирэх болно гэдгийг ойлгох нь чухал юм.Ерөнхийлөгч Марион Ж.Ромни үүнийг дараах үгсээр заасан юм: “Энэ дэлхийн хүмүүсийн тэвчиж буй ихэнх зовлон шаналал, уй гашуу нь наманчлаагүй мөн өршөөгдөөгүй нүглээс наманчилж, үүнийгээ болиогүйгээс үүдэлтэй. … Зовлон шаналал ба харамсал нь нүглийн үр дүнд ирдэг шиг нүглүүд өршөөгдсөнөөр аз жаргал, баяр баясал ирдэг” (in Conference Report, 1959 оны 4-р сар, 11).

Наманчлахгүй байх нь яагаад зовлон шаналал, өвдөлтийн шалтгаан болдог вэ?

“Шийтгэл нь тогтоогдсон, мөн хүмүүнд ухамсрын гэмшлийг авчирсан тэрхүү шударга хууль өгөгдсөн” (Алма 42:18; мөн 16-р шүлгийг үзнэ үү) нь боломжит хариултуудын нэг юм. Хүний оюун ухаан дахь гансралын тарчлал нь хүхэр, галаар шатаж буй нуур лугаа адил хүчтэй байдаг учраас бид өөрөө өөрсдийгөө шийтгэдэг хүмүүс хэмээн бошиглогч Иосеф Смит заажээ (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 224-ийг үзнэ үү).

Хэрэв бид “нүглүүдээ хаацайлж,” (Алма 42:30) эсвэл тэдгээрийг нуухыг хичээвэл бидний хийж чадах цорын ганц зүйл бол Сүнсийг гомдоож (С ба Г 121:37-г үзнэ үү) өөрсдийн наманчлалыг хойшлуулах явдал байх болно. Ийм тайвшрал нь түр зуурынх байдгаас эцэстээ бидний амьдралд илүү их зовлон шаналлыг авчирч, нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авах бидний боломжийг багасгах болно.

Ийм төрлийн зовлон шаналлын хувьд Бурханы таалалт үг бас тайтгарал, найдварыг авчирдаг; энэ нь нүглийн үр дагавраас үүдэлтэй зовлон шаналлаас ангижрах боломж бий гэдгийг бидэнд хэлдэг. Энэхүү тайтгарал нь Есүс Христийн цагаатгагч золиослолоос ирдэг бөгөөд хэрэв бид Түүнд итгэх итгэлээ хөгжүүлж, наманчилж мөн Түүний зарлигуудад дуулгавартай байх юм бол энэ нь үйлчилдэг.

Нүглүүдийн ангижралын нэгэн адил наманчлал нь үйл явц бөгөөд тодорхой нэг цагт болдог ямар нэг зүйл биш гэдгийг ойлгох нь бидний хувьд чухал юм.

Жишээ нь, бид ариун ёслолоос хүртэх үедээ Их Эзэнийг үргэлж санаж, Түүний зарлигуудыг дагах болно гэдгээ Түүнд харуулдаг. Энэ нь бидний чин хүслийн илэрхийлэл юм.

Өдөр бүр Түүнийг санаж, Түүний зарлигуудыг дагаж эхлэх мөч нь —зөвхөн Хүндэтгэлийн өдөр биш харин—нүглүүдийн ангижрал нь аяндаа бий болж, Түүний Сүнстэй байх Түүний амлалт гүйцэлдэж эхлэх үед бий болдог.

Бид чин сэтгэлээсээ, зохих ёсоор дуулгавартай байхгүй бол ангижралын үр нөлөө нь удалгүй алга болж мөн Сүнсний нөхөрлөл холдож эхэлдэг. Бид уруулаараа Түүнийг алдаршуулавч зүрх сэтгэлээ Түүнээс холдуулах (2 Нифай 27:25-ыг үзнэ үү) аюулд орох болно.

Бурханы таалалт үг нь биднийг тайтгаруулахаас гадна “дэлхийн хоосон зүйлүүдэд дахин орооцолдсон” үед нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авах энэ үйл явц тасалдаж болох бөгөөд итгэлээр дамжуулан наманчилж, өөрийгөө чин сэтгэлээсээ даруусгасны дараа (С ба Г 20:5–6-г үзнэ үү) энэ нь үргэлжилж болно гэдгийг бидэнд сануулдаг.

Нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авах үйл явцад болон Хүндэтгэлийн өдрийг ариунаар нь хадгалахад саад болдог хоосон зүйлсийн зарим нь юу байж болох вэ?

Үүний зарим жишээнд хүндэтгэх шалтгаангүйгээр ариун ёслолын цуглаандаа хоцорч ирэх, өөрсдийгөө өмнө нь шалгалгүйгээр, зохисгүйгээр талхыг идэж, аяганаас уухаар (1 Коринт 11:28-ыг үзнэ үү) ирэх мөн эхлээд гэм нүглээ хүлээн, Бурханаас гэм нүглийнхээ төлөө өршөөл гуйхгүй байх зэрэг нь ордог.

Харин бусад жишээнд: цахим хэрэгслээрээ мессеж бичин хүндэтгэлгүй байх, ариун ёслол хүртсэнийхээ дараа цуглааныг орхиж явах, ариун өдрөөр гэр орондоо зохимжгүй үйл ажиллагаануудад оролцох зэрэг багтдаг.

Бид эдгээр бүх зүйлийг мэддэг атлаа яагаад Хүндэтгэлийн өдрийг ариунаар нь үргэлж сахиж чадахгүй байгаа шалтгаануудын нэг нь юу байж болох вэ?

Бид Исаиагийн номоос хэдийгээр энэ нь Хүндэтгэлийн өдөртэй холбоотой ч бидний дагах ёстой бусад зарлигтай бас хамаатай нэгэн хариултыг олж чадна: “Миний ариун өдөр өөрийн таашаалыг үйлдэхээс татгалзан, хөлөө тат” (Исаиа 58:13).

Түлхүүр үгс нь “өөрийн таашаалыг үйлдэхээс татгалзах” өөрөөр хэлбэл Бурханы хүслээр хийх юм. Ихэнх тохиолдолд эгэл хүний хүсэл, дур тачаал, сонирхлоор бий болсон бидний хүсэл нь Бурханы таалалтай зөрчилддөг. Бошиглогч Бригам Янг заахдаа “хүний хүсэл, сонирхол, бодол мэдрэмж Бурханд болон Түүний шаардлагуудад төгс нийцэх үед тухайн хүн ариусгагддаг. Учир нь Бурханы таалалд багтах миний хүсэл бүх сайн сайхан руу намайг хөтөлж, мөн эцэст нь үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралаар намайг титэмлэх болно” (Deseret News, Sept. 7, 1854, 1) гэжээ.

Бурханы таалалт үг нь биднийг Христийн Цагаатгалын хүчийг өөрсдөдөө хэрэгжүүлэхийн тулд үүнийг ашиглаж мөн чөтгөрийн болон биеийн таалалд бус харин Түүний хүсэлд захирагдахад биднийг урьдаг. Тиймээс бид Түүний ач ивээлээр дамжуулан аврагдаж чадна (2 Нифай 10:24–25-ыг үзнэ үү).

Бидний өнөөдөр хуваалцаж буй Бурханы таалалт үг нь Ариун Сүнсний нөлөөг аль болох удаан байлгаж болохын тулд амьдралдаа үргэлжлүүлэн наманчлах хэрэгтэй байгааг бидэнд харуулж байна.

Сүнстэй хамт байх нь биднийг илүү сайн хүмүүс болгох болно. Энэ нь [бидний] сүнсэнд “амар амгалан болон баяр баяслыг шивнэж … өс хонзон, үзэн ядалт, атаархал, тэмцэл болон бүхий л төрлийн хилэнцтийг [бидний] зүрх сэтгэлээс зайлуулах болно мөн [бидний] бүх хүсэл сайныг хийж, зөв шударгыг авчирч, мөн Бурханы хаант улсыг байгуулахын төлөө байх болно” (Сургаалаас: Иосеф Смит,, 98-ыг үзнэ үү).

Бид Ариун Сүнсний нөлөөгөөр бусдад гомдохгүй байж, бас бусдыг ч гомдоохгүй байх болно. Бид илүү аз жаргалтай байгаагаа мэдэрч, бидний оюун санаа цэвэр болох болно.Бидний бусдыг хайрлах хайр өсөн нэмэгдэх болно.Бид эргэн тойрондоо байгаа хүмүүсийг уучилж, аз жаргалыг түгээх илүү их хүсэлтэй байх болно.

Бид бусдын өсөлт хөгжлийг харахдаа баярлаж, бусдад сайн сайхныг хүсэх болно.

Бид зөв шударга амьдрахыг хичээснээр ирдэг баяр баяслыг мэдэрч мөн байнгын, чин сэтгэлийн наманчлалаар дамжуулан Ариун сүнсний нөхөрлөлийг өөрсдийн амьдралд байлгах болтугай хэмээн би залбирч байна.Бид илүү сайн хүмүүс болж, бидний гэр бүлүүд адислагдах болно.Би эдгээр зарчмыг Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.