2010–2019
Түүн рүү эргэ, хариулт ирэх болно
Аравдугаар сар 2015


Түүн рүү эргэ, хариулт ирэх болно

Дуулгавартай бай, өмнө нь Сүнс мэдэрч байсан цаг мөчөө эргэн сана, тэгээд итгэлээр асуу. Танд хариулт ирэх болно.

Намайг өсвөр насны хүүхэд байхад аав, ээж хоёр маань Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд нэгдсэн билээ. Номлогчид тэдэнд хичээл зааж байсныг бид мэддэг байсан ч аав, ээж хоёр маань л номлогчийн хичээлүүдийг авч байсан юм.

Энэ гэнэтийн мэдээг сонссоноос хойш, би дүү нартайгаа хамт номлогчидтой уулзаж эхэлсэн бөгөөд дүү нар маань Сэргээлтийн захиасыг баярлан хүлээн авав. Надад хэдий сонин санагдаж байсан ч зүрх сэтгэл амьдралаа өөрчлөхөд минь бэлэн биш байлаа. Хэдийгээр би Мормоны Номыг Бурханы үг мөн эсэхийг асууж залбирах урилга хүлээн авч, залбирсан боловч хариулт хүлээн аваагүй юм.

Та нар Тэнгэрлэг Эцэг яагаад залбиралд хариулаагүй юм бол гэж сонирхож байгаа байх, мэдээж би ч бас өөрөө гайхаж байлаа. Би тэр үеэс хойш Моронайн амлалт үнэн зөв гэдгийг мэдсэн. Бурхан сайн мэдээний үнэний тухай залбирлуудад маань хариулдаг ч, бид зөвхөн “чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр1 суух үед л хариулдаг. Тэр бидний зүгээр нэг сониуч занд хариулдаггүй юм.

Та нарын амьдралд ямар нэгэн асуух зүйл эсвэл хэрхэн хариулахаа мэдэхгүй ямар нэг асуудал байж болох юм. Өнөөдөр би та нарын эрэлхийлж буй хариултаа авахад эсвэл тусламж олж авахад тус болох зарим зүйлийг хуваалцахыг хүсэж байна. Энэ үйл явц нь Есүс Христийн сайн мэдээнд хөрвөгдөхөөс эхэлдэг.

Илчлэлт хүлээн авах нь бидний зүрх сэтгэлийн байдал, тэмүүллээс шалтгаалдаг

Би сударт гардаг хэд хэдэн хувь хүний тухай бодож үзсэн юм. Тухайлбал, Лемен, Лемүел хоёрыг авч үзье л дээ. Тэд Нифайтай адилхан “буянт сайн эцэг эхээс мэндэлсэн” мөн “эцгийнхээ бүхий л эрдэм мэдлэгт сургагдсан”2 байсан. Гэтэл тэдний эцэг зөнч хүн байсан тул тэд түүнийг эсэргүүцэн бувтналдсан юм. Тэд Бурханы үйлсийг мэдээгүйн улмаас өөрсдийнх нь үзэж байгаагаар түүний шийдвэрүүд огт утга учиргүй зүйл байв. Иймээс тэд итгэсэн нь үгүй.3

Тэдний сонголт тэдэнд итгэлээ өсгөх боломжийг өгч байсан нь сонирхолтой юм. Тэд орон гэр, эд хөрөнгөө орхиж, аглаг буйд дахь аяныхаа туршид зовж зүдэрдэг. Тэд эцэстээ усан онгоц барихад тусалж, үл мэдэх газар руу хамт аялахыг зөвшөөрсөн билээ.

Нифай мөн үүнтэй ижил зүйлийг даван туулсан. Гэхдээ эдгээр үйлдэл тэдний итгэлийг хөгжүүлсэн болов уу? Нифайн итгэл улам хүчтэй болж байхад, Лемен, Лемүел хоёр улам л увайгүй, уур уцаартай болж байсан. Нифайн ах нар хэдийгээр тэнгэр элчийг харж, сонсож байсан ч, харамсалтай нь эргэлзсээр байв.4

Мөнх бус амьдрал бидний хэнд нь ч амар байдаггүй. Бид энэ дэлхий дээр соригдохоор ирсэн. Амьдралын сорилт шалгуурт үзүүлэх хариу үйлдлүүд маань бидний гэрчлэлд асар их нөлөөлөх болно. Лемен, Лемүел хоёрын зарим нэг хариу үйлдлийг авч үзье. Аав нь тэднээс хүнд бэрх зүйлийг хийхийг хүсэхэд тэд бувтналддаг.5 Тэд гуулин ялтсуудыг олж авахаар оролдсон ч амжилтгүй болохоор нь бууж өгдөг. Тэдний хандлага нь “Бид хичээсэн, одоо үүнээс илүү яах билээ?”6 гэсэн байдалтай байв.

Муу зүйл хийсэндээ харамсан, уучлал хүсэх үе тэдэнд байсан.7 Тэд залбирч, мөн уучлагдсан. Гэвч сүүлд нь тэд дахин гомдоллон уурлаж, залбирахаас татгалзсан хэмээн судруудад бичигдсэн байдаг. Тэд Нифай дээр ирж, “эцгийнхээ ярьсан үгсийг ойлгож чадахгүй байна”8 гэж хэлэхэд, Нифай тэднээс “Их Эзэнээс лавласан 9 эсэхийг асуудаг. Харин тэд: “Бид тэгсэнгүй; учир нь Их Эзэн тийм ямар ч зүйлийг бидэнд мэдүүлсэн нь үгүй”10 гэж хариулсан байдаг.

Үргэлжлүүлэн дуулгавартай байх нь бидэнд хариулт хүлээн авах боломж олгодог

Нифайн ах нартаа өгсөн хариулт бол бидний залбирлын хариултаа байнга хүлээн авах гол түлхүүр юм:

“Та нар яахан Их Эзэний зарлигийг эс дагах билээ? Зүрх сэтгэл тань хатуугийн учир та нар яагаад эрсдэх билээ?

“Их Эзэний хэлсэн зүйлийг та нар үл санана гэж үү?—Хэрэв та нар зүрх сэтгэлээ үл хатууруулан, миний зарлигуудыг дагахад хичээнгүйлэн, мөн та нар хүлээн авна гэдэгтээ найдсаар, мөн надаас итгэлтэйгээр асуух аваас, эдгээр зүйлүүд та нарт лавтайяа мэдүүлэгдэх болно.”11

Зарим буцаж ирсэн номлогч няцаашгүй сүнслэг туршлагуудыг мэдэрсэн байдаг ч тэдэнд тодорхой сүнслэг дадал хэвшил дутмаг байдгаас Бурхантай ярьж байсан цаг мөчөө мартдаг болохыг нь би мэднэ. Би тэдгээр буцаж ирсэн номлогчоос мөн өөрсдөөсөө, хэрэв та нар “гэтэлгэх хайрын дууг дуулмаар санагдсан бол, би асууя, та нар одоо тийн мэдэрч чадна уу?”12 гэж асуумаар байна. Хэрэв одоо ийн мэдрэхгүй байгаа бол та нар үүнийг дахин мэдэрч чадна. Хэдий тийм ч Нифайн зөвлөгөөг тунгаан бодоорой. Дуулгавартай бай, өмнө нь Сүнсийг мэдэрч байсан цаг мөчөө дурсан сана, тэгээд итгэлээр асуу. Танд хариулт ирэх болно, мөн та нар Аврагчийн хайр болоод амар амгаланг мэдрэх болно. Энэ нь тэр даруй эсвэл та нарын хүсэж байгаагаар биш ч гэлээ, хариулт ирэх болно. Бүү бууж өг! Хэзээ ч битгий бууж өг!

Лемен, Лемүел хоёрыг Мозаягийн хөвгүүдтэй харьцуулъя. Эдгээр ах дүүс зөв шударга гэр бүлүүдэд өссөн ч бүгд замаасаа хазайсан. Тэнгэр элч тэднийг бүгдийг наманчлалд дууддаг ч Мозаягийн хөвгүүд юугаараа ялгагдаж байсан бэ?

Сорилтууд бидний итгэлийг өсгөх болно

Мозаягийн хөвгүүдийн номлолд гаргасан амжилт мартагдашгүй юм. Мянга мянган хүн Их Эзэний замд хөрвүүлэгдсэн. Гэсэн ч номлолоо эхлэх үед тэдний “зүрх шантарч, мөн бараг л буцах гэж байхад, Их Эзэн [тэднийг] тайтгаруулсан” гэдгийг бид ихэнхдээ мартдаг. Их Эзэн тэдэнд “зовлонгуудаа тэвчээртэйгээр туул”13 хэмээн зөвлөдөг.

Судруудыг судалбал Бурханы тааллыг бидэнд хэлж өгдөг

Мозаягийн хөвгүүдэд тохиолдсон эдгээр сорилт тэднийг бувтнахад эсвэл эргэлзэхэд хүргэхийн оронд, яагаад тэдний итгэл ба амлалтыг хүчирхэгжүүлсэн бэ? Гол түлхүүр нь: “тэд үнэний мэдлэгт хүчтэй болсон байв; учир нь тэд зөв ойлголттой хүмүүс мөн Бурханы үгийг мэдэж болохын тулд судруудыг хичээнгүйлэн судалсан байв.”14 Бид бүгдэд сорилт, саад бэрхшээл тулгардаг ч “төмөр бариулаас үргэлж тууштай зуурсаар”15 байх ёстой гэдгээ санаж байх ёстой. “Христийн үгс [бидний] хийвэл зохих бүх зүйлийг [бидэнд] хэлэх болно.16 Бид өдөр бүр судраас судлах ёстой. Тэгснээр илчлэлт бидэнд нээгдэх болно.

Мацаг барьж залбирах нь илчлэлтийг урьдаг

Мозаягийн хөвгүүдийн хувьд “энэ нь бүгд бус; тэд өөрсдийгөө их залбирал, мөн мацаг барилтанд зориулсан байв; тиймийн тул тэдэнд бошиглолын суу билэг, мөн илчлэлтийн суу билэг байлаа.”17 Залбирах, мацаг барих нь бидэнд сүнслэг өдөөлтөд мэдрэмтгий байхад тусална. Бид хоол унднаасаа зориуд татгалзаж байгаа үедээ Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцах нь “нүгэл хилэнцийн хүлгийг мултлан, буулганы оосрыг тайлдаг.”18 Мацаг барьж залбирснаар биднийг “дуудахад ЭЗЭН хариулж, [биднийг] хашхирахад Тэр, Би энд байна гэж айлдана.”19

Түүн рүү эргэ

Дуулгавартай байх, судар судлах, залбирах, мацаг барих гэсэн эдгээр хувийн сүнслэг дадал хэвшил нь Мозаягийн хөвгүүдийг хүчирхэгжүүлсэн билээ.Эдгээр хувийн сүнслэг дадал хэвшил дутагдсаны улмаас Лемен, Лемүел хоёр бувтнаж, эргэлзэх уруу таталтад амархан өртсөн юм.

Хэрэв та нар бувтналдахаар уруу татагдсан бол, мөн итгэлгүй байдалд хүргэх эргэлзээ та нарт байгаа бол, хэрэв та нар дааж давшгүй сорилтонд орсон мэт санагдвал Түүн рүү эргэ. Хэрэв та өөрийнхөө зан авирыг зөвтгөж, замаасаа төөрсөн нэгэн бол Түүн рүү эргэ. Тэрээр та нарын “оюунд амар амгаланг” ярьж байсныг та бүхэн санаж байна уу… ? “Бурханаас илүү агуу ямар гэрч чамд байж болох билээ дээ?”20 Өөрөөсөө “Би өмнөх шигээ Христийнхтэй адил амьдралаар амьдарч байна уу?” гэж асуу. Түүн рүү эргэ.

Би ярьж байсан хувийн түүхээ үргэлжлүүлэхийг минь зөвшөөрнө үү. Яваандаа би чин сэтгэл, үнэн хүсэлтэй болж билээ. Надад зааж байсан номлогч надаас баптисм хүртэхэд бэлэн эсэхийг асуусныг би санаж байна. Зарим асуудал байгааг би түүнд хэлсэн. Тэр ухаалаг номлогч миний асуултуудад хариулж болох ч эхлээд өөрийнх нь асуултад хариулах хэрэгтэйг надад сануулсан юм. Тэр надаас Мормоны Ном үнэн эсэхийг, Иосеф Смит бошиглогч байсан эсэхийг асуусан. Би мэдэхгүй, гэхдээ мэдэхийг хүсэж байна гэж түүнд хариулав.

Миний асуулт итгэлийг минь өсгөсөн юм. Надад хариулт тохиолдлоор бус, харин үйл явцаар ирсэн. Намайг “үгсийг туршин,” “итгэлийн жижиг хэсгийг ч гэсэн бодит болговол” Мормоны Ном “надад амтат” болж, “ойлголтыг минь гэгээрүүлж,” үнэхээр “бодгалийг минь тэлж” эхлэхийг би анзаарсан юм. Яваандаа би сударт хэлсэнчлэн “цээжинд өсөж” эхлэхийг мэдэрсэн.21 Энэ мэдрэмж намайг баптисм хүртэж, Есүс Христийг дагах амлалт өгөхийг хүссэн тэр цаг мөчид ирсэн билээ.

Би Мормоны Ном нь Бурханы үг гэдгийг, мөн Иосеф Смит бошиглогч байсан гэдгийг мэднэ. Надад ойлгохгүй зүйл олон байгаа ч үнэний тухай гэрчлэл маань намайг Аврагчтай илүү ойр байлгаж, итгэлийг маань өсгөдөг.

Ах, эгч нар аа, сүнслэг туршлагуудыг туулж, итгэлээр үйлдсэнээрээ хариултаа хүлээн авч, итгэлтэй байдал нь өсөн нэмэгдсэн Нифайг болон Мозаягийн хөвгүүдийг санаарай. Эргэлзэж, бувтналдсан Лемен, Лемүел хоёрыг тэдэнтэй харьцуулаарай. Хэдийгээр тэд заримдаа зохистой үйлдэл хийж байсан ч итгэлгүй үйлдэл бол үхмэл юм. Бид хариулт хүлээн авахын тулд итгэлийнхээ дагуу үйлдэх хэрэгтэй.

Та нарыг энэ өглөө хэлэгдсэн үгсийг сонсож байхад Сүнс асуултуудын чинь хариултыг эсвэл тулгарч буй асуудлаа шийдэх арга замыг олохын тулд юу хийж болохыг та нарын бодол санаанд илчилсэн гэж би найдаж байна. Есүс бол Христ гэдгийг би баттай гэрчилж байна. Түүн рүү эргэ. Тэр та нарын залбиралд хариулах болно. Есүс Христийн нэрээр, амен.