2010–2019
Та нар уг ажилд ганцаараа биш
Аравдугаар сар 2015


Та нар уг ажилд ганцаараа биш

Та нэг санваарын үйлчлэлээс нөгөө санваарын үйлчлэл рүү хөтлөгдөхдөө Их Эзэн энэ ажилд тантай хамт гар бие оролцож байгааг харах болно.

Хайрт ах нар аа, бид Их Эзэн ахлагч Роналд А.Расбанд, ахлагч Гари И.Стивэнсон, ахлагч Дэйл Г.Рэнланд нарыг Их Эзэн Есүс Христийн Төлөөлөгчөөр дуудсанд баяртай байна. Бидний зүрх сэтгэл, залбирал, итгэл тэднийг дэмжиж байгаа билээ.

Бид тэдэнд агуу чадавх байгааг мэддэг. Бид бүгдийн л адил тэдэнд дуудлагад нь Их Эзэн Өөрийнхөө ажилд тэдэнтэй хамт байгаа хэмээх баталгаа хэрэгтэй. Шинэхэн диконд мөн шинэ дуудлага хүлээн авч байгаа туршлагатай дээд санваартанд хүртэл уг итгэл хэрэгтэй байдаг.

Тэр таныг Өөрийн үйлчлэгчдээр дамжуулан дуудсан гэдгийг мэдэх үед тэрхүү итгэл өсдөг. Та нарыг өөрийнхөө хийх ёстой зүйлийг хийх үед Их Эзэн хичээл зүтгэлд тань Өөрийнхөө хүчийг нэмдэг гэдгийг мэдэхэд та нарт туслах нь миний та нарт өгөх тусламж юм.

Их Эзэний хаант улсад бидний хүлээн авах ямар ч дуудлага хүмүүний шүүлт, бидний хувийн хүч чадлаас илүү зүйлийг шаарддаг. Эдгээр дуудлага нь Их Эзэнээс ирэх тусламжийг шаарддаг ба уг тусламж ирдэг юм. Бүр шинэ дикон хүртэл энэ нь үнэн гэдгийг мэддэг ба тэрээр жил ирэх тусам энэ талаар суралцах болно.

Миний нэг ач хүү өнөөдөр анхныхаа санваарын хуралдаанд сууж байна. Тэр зургаан өдрийн өмнө диконоор томилогдсон юм. Тэр санваарын үүргийнхээ хамгийн анхны үйлдлийг ирэх ням гарагт ариун ёслол түгээх явдал байх болно гэж хүсэж хүлээж байгаа байх. Түүнийг тэрхүү цаг мөчийг үнэн бодит байдлаар нь хараасай гэж би залбирч байна.

Тэр Их Эзэний өмнө хүлээсэн өөрийнх нь үүрэг бол ариун ёслолд оролцож байгаа хүмүүст ариун ёслол түгээх гэж бодож байгаа байх. Гэхдээ Их Эзэний зорилго бол зүгээр л нэг талх, усыг хүмүүст өгөх явдал биш юм. Энэ нь тэднийг мөнх амьдралын замаар хөтлөх гэрээгээ сахихыг харах явдал юм. Ингэснээр Их Эзэн диконы ариун ёслол түгээж байгаа хүнд сүнслэг туршлага өгөх ёстой болно.

Би үүнийг нэгэн диконыг асрамжийн газарт буурал үстэй эмэгтэй рүү урагш бөхийн, ариун ёслолыг түгээх үед харж байсан юм. Тэр эмэгтэй талх руу ямар нэгэн үнэ цэнэтэй зүйл харж байгаа харж байв. Тэрээр ариун ёслолоос хүртсэнийхээ дараа диконы толгойг илээд, “Чамд баярлалаа!” гэж чангахан хэлж байхдаа хэрхэн инээмсэглэж байсныг би хэзээ ч мартахгүй.

Тэр дикон зүгээр л санваарынхаа үүргийг гүйцэтгэж байсан. Гэсэн хэдий ч, Их Эзэн түүний хичээл зүтгэлийг улам өсгөсөн юм. Энэ нь уг эгч диконы үйлчлэлд талархах чин сэтгэлийн талархлаа илэрхийлэхдээ Аврагчийг санасан гэдгийн баталгаа юм. Тэр өөртэй нь Сүнс хамт байх болно гэдгийг ариун ёслолыг түгээсэн хүүгийн үйлчлэлээр дахин баттай мэдсэн юм. Тэр өдөр энэ эмэгтэй асрамжийн газар ганцаараа байгаагүйн адил дикон ч мөн даруухан үйлчлэлдээ ганцаар байгаагүй.

Аароны санваарын залуу багш нэгэн гэр бүлд заахаар явж байхдаа Их Эзэний ажилд Түүнтэй хамтрагч болон явж байгаагаа мэдээгүй байж магадгүй. Сүнс түүний үгсийг надад болон гэр бүлд маань баталж өгсөн юм. Тэр өөрөө санахгүй байж болох ч би тэр өдрийг сайн санаж байна.

Их Эзэн залуу эрэгтэйг прист болох үед хичээл зүтгэлийг нь дахин өсгөн нэмэгдүүлэх болно. Түүний гүйцэтгэх анхны баптисм нь танихгүй нэгэн залуу хүнийх байж магадгүй. Тэр зөв үг хэлж, ёслолыг зохих журмаар нь гүйцэтгэж чадах үгүйдээ санаа зовж байж магадгүй.

Их Эзэн өөрийн үйлчлэгч болох түүний дуудлагыг өсгөн үржүүлэх болно. Түүний баптисм хүртээж буй хүн мөнх амьдралын замаар явах сонголтыг хийсэн. Харин Их Эзэн Өөрийн хүлээсэн илүү агуу үүргийг гүйцэтгэх болно. Миний баптисм хүртээсэн хүү нулимс асгаруулан, чихэнд минь “Би цэвэр боллоо. Би цэвэр боллоо” гэж хэлэх үед Их Эзэн үүргээ гүйцэлдүүлсэн юм.

Та нэг санваарын үйлчлэлээс нөгөө санваарын үйлчлэл рүү хөтлөгдөхдөө Их Эзэн энэ ажилд тантай хамт гар бие оролцож байгааг харах болно. Би үүнийг олон жилийн өмнө гадасны чуулган дээр ахлагчдын чуулгын ерөнхийлөгчтэй уулзаж байхдаа мэдэж авсан юм. Уг чуулганаар Мелкизедек санваар хүлээн авах 40 гаруй эрэгтэй хүний нэрийг танилцуулсан байлаа.

Гадасны ерөнхийлөгчийг над руу налан, “Энэ эрэгтэйчүүд бүгд идэвх султай байсан бөгөөд ахлагч болох хүмүүс байсан юм” гэж хэлэхэд нь би ихэд гайхан, ерөнхийлөгчөөс ямар хөтөлбөр эдгээр хүнийг аварсныг асууж билээ.

Тэр ариун ёслолын танхимын ард талд сууж буй нэгэн залуу руу заагаад, “Тэр тэнд байна. Энэ эрэгтэйчүүдийн ихэнх нь ахлагчдын чуулгын тэр ерөнхийлөгчийн ачаар эргэж ирсэн” гэж хэллээ. Тэр энгийн даруу хувцасласан, элэгдэж хуучирсан гуталтай хөлөө урагш сунган, солбиж суусан байв.

Би цуглааны дараа түүнийг надтай танилцуулахыг гадасны ерөнхийлөгчөөс хүслээ. Би түүнтэй уулзахдаа уг залууд түүний хийсэн зүйл намайг ихэд гайхшируулсан гэдгийг хэлээд, яаж хийснийг нь асуусан юм. Тэр мөрөө хавчин, өөрөө хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөх янзгүй байгаа нь илт байлаа.

Дараа нь тэр “Би энэ хотын бүх идэвхгүй эрэгтэйг танина. Тэдний ихэнх нь бага оврын ачааны машинтай. Надад ч бас нэг бий. Тэдний машинаа угаалгадаг газарт би ч бас машинаа угаалгадаг юм л даа. Хэсэг хугацаа өнгөрөхөд тэд аяндаа л миний найзууд болсон байдаг.

“Дараа нь би тэдний амьдралд ямар нэгэн болохгүй зүйл тохиолдохыг хүлээдэг. Ямар нэгэн юм зайлшгүй тохиолддог л доо. Тэд надад энэ тухайгаа хэлэх үед би тэднийг сонсоод, буруутгадаггүй. Харин тэд ‘миний амьдрал нэг л болж өгөхгүй байна. Үүнээс илүү сайхан зүйл байх л ёстой’ гэж хэлэх үед нь би тэдэнд юу хэрэгтэйг мөн тэд үүнийг хаанаас олж болохыг хэлж өгдөг. Заримдаа тэд надад итгэдэг, харин тэгэхэд нь би тэднийг дагуулж ирдэг” гэж аяархан хэлсэн юм.

Тэр яагаад даруу байсныг та нар харж байгаа байх. Яагаад гэвэл, тэр өөрийнхөө хийх ёстой багахан хэсгийг хийсний дараа Бурхан үлдсэнийг нь хийнэ гэдгийг мэдэж байсан. Хэцүү асуудалтай тулгарах үед нь Их Эзэн тэдний зүрх сэтгэлд хүрч чадсан юм. Их Эзэн тэдэнд илүү сайхан зүйл байх ёстой гэдгийг, мөн олж чадна гэсэн итгэл найдварыг мэдрүүлсэн.

Та нарын л адил Их Эзэний үйлчлэгч болох тэр залуу өөрийнхөө багахан хэсгийг хийвэл Их Эзэн тэдгээр эрэгтэйд гэртээ харих замд нь мөн зөвхөн Түүний өгч чадах аз жаргалд хүрэхэд нь тусална гэдэгт итгэж байсан юм. Мөн Их Эзэн түүнийг үүргээ биелүүлж чадна гэдгийг мэдэж байсан учраас ахлагчдын чуулгын ерөнхийлөгчөөр дуудсан гэдгийг тэр залуу мэддэг байсан.

Үйлчилж байхад тань энэ ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийнхтэй адил гайхамшигтай мөн илт харагдахуйц амжилт гарахгүй байж болно. Яг тэр үед та Их Эзэн таныг үүргээ биелүүлнэ гэдгийг мэдэж байсан учраас та нарыг Өөрийн эрх мэдэл бүхий үйлчлэгчдээр дамжуулан дуудсан гэдэгт итгэх хэрэгтэй. Их Эзэний үйлчлэгчид итгэлтэй байх нь миний элэнц өвөг болох Хэнри Айрингийн номлолын үйлчлэлд маш чухал байсан юм.

Тэр 1855 оны 3-р сарын 11-нд Миссуригийн Сэнт Луист баптисм хүртсэн ба удалгүй Эрастус Снөү түүнийг пристийн албанд томилсон юм. Сэнт Луис гадасны ерөнхийлөгч Жон Х.Харт 10-р сарын 6-нд Чероки омогт номлолд үйлчлүүлэхээр түүнийг дууджээ.1 Тэр 10-р сарын 24-нд Чероки номлолд үйлчлэхээр мордсон юм. Тэр 20 настай байсан бөгөөд хөрвөгч болоод долоон сар л өнгөрсөн байсан юм.

Хэрэв өөрийгөө тэнцэхгүй эсвэл бэлтгэгдээгүй гэж боддог санваартан байсан бол тэр нь Хэнри Айринг байх байсан биз ээ. Түүний зориг гарган, номлолд явах цорын ганц шалтгаан нь Бурхан түүнийг эрх мэдэлтэй үйлчлэгчдээрээ дамжуулан дуудсан гэдэгт итгэсэн явдал юм. Энэ нь түүний эр зоригоос үүссэн. Түүнчлэн энэ нь санваарын ямар ч дуудлагатай бай, бидний цөхрөлтгүй оролдлогын эх үүсвэр байх ёстой.

Ахлагч Айринг хүнд хэцүү нөхцөлд гурван жил үйлчлээд, номлолын ерөнхийлөгчийг нас барсны дараа 1858 оны 10-р сарын 6-нд болсон цуглаанаар ерөнхийлөгчөөр сонгогдон, дэмжин батлагдсан юм. Тэр шинэ дикон шиг л гайхаж, цочирдсон байв. Тэр, “Энэхүү хариуцлагатай албанд дуудагдах нь миний хувьд гэнэтийн зүйл байсан ч ах нарын маань хүсэл байсан учраас би баяртайяа хүлээн авсан бөгөөд өөрийгөө сул дорой, дутуу дулимаг туршлагатай гэдгийг нэгэн зэрэг мэдэрсэн юм”2 гэж бичсэн байна.

Одоо ерөнхийлөгч болсон Айринг 1859 онд чероки, крийк, чоктав овгууд руу аялжээ. Хэнригийн хичээл зүтгэлээр дамжуулан түүний хэлснээр Их Эзэн “сүмд олон хүнийг”3 авчирсан юм. Тэр хоёр салбар үүсгэн байгуулсан хэдий ч, “цөөн хэд нь үйл хэргийг үргэлжлүүлж байна” гэж тэмдэглэжээ.

Жилийн дараа, Хэнри үйлчилж байсан хүмүүсийнх нь улс төрийн удирдагчид хожмын үеийн гэгээнтнүүдийг номлолын ажил хийхийг зөвшөөрөхгүй болсноос хүндхэн шалгууртай тулгарсан юм. Тэр юу хийх ёстойгоо мэдэхээр тунгаан бодож байхдаа 1859 он хүртэл номлолоо үргэлжлүүл хэмээх өмнөх номлолын ерөнхийлөгчөөс ирсэн зааврыг санажээ.4

Тэр жилийнхээ 10-р сард Хэнри ерөнхийлөгч Бригам Янгаас удирдамж хүсэн, захидал бичсэн боловч ямар ч хариу хүлээн аваагүй юм. Хэнри “Сүмийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс ямар нэг хариу аваагүй учраас би Их Эзэнд хандан залбирч, цаашид эндээ үлдэх эсвэл Сион руу явах талаар бодол, хүслээ илчлэхийг гуйсан юм.

“Дараах зүүдийг би залбирлынхаа хариулт болгон хүлээн авлаа. Би [Солт Лэйк] хотод ирээд, тэр даруй [ерөнхийлөгч Бригам] Янгийн албан өрөө рүү очоод, түүнтэй уулзаж байна гэж зүүдлэв. Би түүнд ‘[Ерөнхийлөгч] Янг, би өөрийнхөө хүслээр номлолоо орхиод ирлээ. Хэрэв энэ нь буруу шийдвэр гэж бодож байвал би буцаж очоод, номлолоо дуусгахад бэлэн байна’ гэж хэлэхэд, [зүүдэнд нь бошиглогч] ‘Чи хангалттай удаан байсан. Санаа зоволтгүй’ гэж хариулсан гэж бичжээ.

Хэнри “Өмнөх зүүдүүд маань бодитоор биелэгдэж байсан учраас энэ зүүд ч гэсэн биелэгдэнэ гэдэгт би итгэн, явах бэлтгэлээ базааж эхлэв” хэмээн тэмдэглэлдээ бичжээ.

Тэр ихэнх замыг явган туулж, 1860 оны 8-р сарын 29-нд Солт Лэйк хотод хүрч иржээ. Хоёр өдрийн дараа тэр ерөнхийлөгч Бригам Янгийн албан өрөө рүү явж очсон байна.5

Хэнри уг туршлагынхаа талаар, “[Би] [ерөнхийлөгч] Янгийг дуудахад тэр намайг эелдгээр хүлээн авав. Би түүнд ‘[Ерөнхийлөгч] Янг, би дуудахыг хүлээлгүй, өөрөө энд ирлээ. Хэрэв би буруу зүйл хийсэн бол би буцаж яваад, номлолоо дуусгахад бэлэн байна’ гэж хэлэхэд [Бригам Янг] ‘Санаа зоволтгүй. … Бид таныг хайж байсан юм’ хэмээн хариулсан” гэж бичжээ.

Хэнри өөрийн баяр хөөрийг “Ингэж миний зүүд бодитоор биелсэн юм”6 хэмээн илэрхийлсэн байдаг.

Тэр Их Эзэн түүнтэй хамт ажиллаж, түүнийг харж хандаж байсан гэсэн баталгааг хүлээн авсан учраас баярлаж байсан. Тэр Их Эзэний үйлчлэгчид Их Эзэний хүслийг мэдэхээр сүнслэгээр өдөөгддөг хэмээх бид бүгдийн хувьд үнэн болох тэрхүү үнэнийг мэдэж авсан юм. Хэнри Айринг, бошиглогч нь санваарын ерөнхийлөгчийнхөө хувьд Их Эзэний үйлчлэгчдийг харж хандан, халамжлахаар мөн тэднийг дуудахаар сүнслэгээр өдөөгддөг гэдэг миний мэдэх нэгэн үнэнг баталсан билээ.

Санваарын ямар ч дуудлагатай байсан, заримдаа Тэнгэрлэг Эцэг та нарын хэн гэдгийг мэдэхгүй байгаа юм шиг санагдах үе та нарт тохиолдож магадгүй. Та Түүний хүслийг мэдэхээр залбиран, хүссэн бүхнийг нь яг таг биелүүлэхийг чин сэтгэлээсээ хүсвэл хариултаа хүлээн авах болно.

Тэнгэрлэг Эцэг таныг мэддэг, таны үйлчлэлд талархдаг гэдгээ, мөн таны сонсохыг ихэд хүсдэг “Сайн байна, итгэмжит сайн боол минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор”7 гэх үгсийг хэлэн, угтан авахад зохистой болж байгааг тань мэдрүүлэх болно.

Санваартан бүр итгэлтэй урагш яван, өөрийн хариуцсан бодгаль бүрийг авраасай хэмээн би залбирч байна. Бурхан Өөрийн үйлчлэгдийн хүчин чармайлт дээр Өөрийн хүчийг нэмэх болно. Хүмүүсийн зүрх сэтгэл тэднийг сайн мэдээний замаар аз жаргалд хүргэх, зовлон зүдгүүрээс салгах сонголт хийхээр нөлөөлөгдөх болно.

Санваартан бүр санваарын дуудлагадаа Тэнгэрлэг Эцэгийн болон Аврагчийн, мөн Бурханы бошиглогчийн хайр, анхаарал халамжийг мэдрэх болтугай хэмээн би залбирч байна.

Бид амилсан Их Эзэн Есүс Христийн үйлчлэлд байгаа гэдгийг би онцгойлон гэрчилж байна. Тэрээр бидний чадавх, хэрэгцээг мэддэг учраас Өөрийнхөө үйлчлэлд дуудсан гэдгийг би гэрчилж байна. Бид Түүний үйлчлэлд бүхнээ зориулбал Тэрээр бидний хичээл зүтгэлийг хүсэн хүлээж байгаагаас маань хавьгүй ихээр адисална. Дэлхий дээрх бүх санваарын ерөнхийлөгч болох Бурханы бошиглогч Бурханаар сүнслэгээр нөлөөлөгддөг гэдгийг би гэрчилж байна.

Би дэлхийн өнцөг буланд байгаа итгэлтэй санваартнуудын үлгэр жишээнд талархаж байна. Тэнгэрлэг Эцэг, Аврагч та нарын өөрийн хийх зүйлээ хийдэгт талархаж байгаа. Тэд та нарыг мэддэг, халамжилдаг бөгөөд хайрладаг билээ. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. “Minutes of the Conference,” St. Louis Luminary, 1855 оны 10-р сарын 13, 187-г үзнэ үү.

  2. Хэнри Айрингийн Бригам Янгад бичсэн захидал, 1858 оны 10-р сарын 7, Бригам Янгийн албан бичиг баримтууд, Сүмийн түүхийн номын сан.

  3. Хэнри Айрингийн Сүмийн түүхийн албанд өгсөн тайлан, 1860 оны 8-р сар, Номлолын тайлан, Сүмийн түүхийн номын сан, Солт Лэйк хот.

  4. Хэнри Айрингийн Бригам Янгад бичсэн захидал, 1859 оны 10-р сарын 9, Бригам Янгийн албан бичиг баримтууд, Сүмийн түүхийн номын сан, Солт Лэйк хотыг үзнэ үү.

  5. Ерөнхийлөгчийн албаны тэмдэглэл, 1860 оны 8-р сарын 31, vol. D, 137, Бригам Янгийн албаны файлууд, Сүмийн түүхий номын сан, Солт Лэйк хот.

  6. Хэнри Айрингийн дуртгал, хэвлэсэн бичвэр, 27–28, Сүмийн түүхийн номын сан, Солт Лэйк хот.

  7. Матай 25:23