2010–2019
Хүүхдийн удирдуулах бэлэг
Дөрөвдүгээр сар 2016


Хүүхдийн удирдуулах бэлэг

Дэлхийн нөлөөллүүдээс ангижран салж, Сүнсэнд найдаж сурахыг хүүхдүүддээ хэрхэн заах вэ?

Залуу эцэг яг живж байв. Тэр хоёр хүүхэд, хадам эцгийнхээ хамт нуурыг тойрон зугаалахаар явж байжээ. Сүр жавхлант хуш модоор дүүрэн уулс, цэлмэг тэнгэр, зөөлөн цагаан үүлсээр бүрхэгдэн үзэсгэлэнтэй сайхан, амар амгалан байв. Хүүхдүүд халууцаж ядарсан тул эрчүүд тэднийг нуруундаа үүрэн богинохон зайд сэлж, нуурыг гатлахаар шийджээ.

Залуу эцэг доош татагдахыг мэдэрч, бүх зүйл хүндэрч ирэх хүртэл түүнд бүх юм амархан санагдаж байлаа. Ус түүнийг нуурын ёроол руу татаж, аймшигтай мэдрэмж нөмрөн авав. Тэрээр хэрхэн нуруун дээрх хайртай охиноо живүүлэлгүй усан дээр тогтож үлдэх вэ?

Тусламж эрэн дуудсан ч түүний дуу хоолой замхран алга болж, хадам эцгийнх нь хувьд цөхөрсөн гуйлтыг нь сонсож, хариулахад дэндүү холдсон байлаа. Тэрээр ямар ч тусламжгүй, ганцаараа үлдсэнээ мэдэрчээ.

Түүнтэй адил та ганцаараа гэдгээ мэдэрч, зууран барих ямар ч зүйлгүй болж, та нарын болон хүүхдийн чинь амьдрал цөхрөлд орсныг мэдэрч байсан уу? Харамсалтай нь, бидний олонх нь иймэрхүү нөхцөлд ямар нэг хэмжээгээр орж, тэсч үлдэн, хайртай хүмүүсээ аврахаар тусламж олох шаардлагатай энэхүү мэдрэмжийг мэдэрсэн байдаг.

Тэрээр сандарч балмагдахын даваан дээр гутал нь нэвт норсон учраас хүндрэн, түүнийг доош чангааж буйг ухаарчээ. Живэхгүй үлдэхийг хичээн тэмцэж байхдаа хүнд гутлуудаа хөлөөсөө салгахыг хичээн оролдож эхлэв. Гэвч гутал нь бүр хөлийг нь сорж, үдээс нь усанд нэвчин чангарсан байв.

Тэр гутрал цөхрөлийн эцсийн мөчид гутлаа мултлан тайлж чадсан бөгөөд хөлийг нь барьж байсан гутал чөлөөлөгдөн нуурын ёроол руу маш хурдан живэв. Доош нь түүнийг чангааж байсан хүнд зүйлээс салмагцаа тэр охиныхоо хамт шууд дээшээ тэмүүллээ.Тэгээд урагшлан сэлж нуурын нөгөө талд аюулгүй гарч ирж чадсан юм.

Зарим үед бид бүгдэд живж буй мэт мэдрэмж төрж болох юм. Амьдрал хүнд байж болно. “Бид дуу чимээтэй, зав чөлөөгүй дэлхийд амьдарч байна. Хэрэв сэрэмжтэй байхгүй бол энэ дэлхийн зүйлс биднийг Сүнсний зүйлсээс салган доош живүүлж болно.”1

Бид тээж яваа дэлхийн ачаагаа хэрхэн энэ эцгийн жишээгээр авч хаяж, ингэснээр өөрсдийгөө, хүүхдүүдээ дэлхийн зүйлсэд эзэмдүүлэхгүй байж чадах вэ? Паулын зөвлөснөөр бид хэрхэн “аливаа саад тотгор ба … нүглийг хажуу тийш”2 тавих вэ? Хүүхдүүд маань бидэнд болон бидний гэрчлэлд түшиглэлгүй ганцаараа сэлэх өдөрт бид тэднийг хэрхэн бэлтгэх вэ?

Хүч чадлын энэхүү тэнгэрлэг эх сурвалжийг таньж мэдэх үед хариулт нь ирдэг. Уг эх сурвалж нь байнга дутуу үнэлэгддэг ч бид үүнийг ачаагаа хөнгөлөхөд, хайрт хүүхдүүдээ удирдахад өдөр бүр ашиглаж болно.Тэр эх сурвалж бол Ариун Сүнсний удирдах бэлэг юм.

Найман насандаа хүүхдүүд баптисм хүртдэг. Тэд Бурхантай гэрээ хийх тухай суралцаж мөн уг гэрээг хийдэг. Усанд дүрэгдэн баптисмын сангаас гарч ирэх үед нь агуу баяр баясгалангийн мэдрэмж төрж, хайртай хүмүүс нь тэдний эргэн тойронд хамт байдаг. Тэгээд тэд энэхүү адислалын төлөө амьдарснаараа тэднийг байнга удирдах Ариун Сүнсний өгүүлшгүй бэлгийг хүлээн авдаг.

Ахлагч Дэвид А.Бэднар: “Энэ ёслолын энгийн байдал нь биднийг түүний чухал ач холбогдлыг анзаарахгүйд хүргэж мэднэ. ‘Ариун Сүнсийг хүлээн авна уу’ хэмээх үг нь идэвхгүй мэдэгдэл бус харин тэд санваарын тушаалтай дүйцэх өөрсдийн төлөө үйлдэх мөн өөрсөд дээрээ үйлдүүлэх нь үгүйг тунхаглах эрх мэдэлтэй сануулга юм”3 гэжээ.

Хүүхдэд сайныг хийх, сайн байх төрөлхийн хүсэл байдаг. Бид тэдний гэм зэмгүй, цэвэр ариун байдлыг мэдэрч чадна. Тэд намуухан, зөөлөн дуу хоолойг мэдрэх агуу мэдрэмжтэй байдаг.

Зураг
Нифайчуудын хүүхдүүдэд тохинуулсан нь

3 Нифай 26 дээр

“Тэрбээр тэдний хэлийг хурц болгон, мөн тэд агуу хийгээд гайхамшигт зүйлийг, бүр түүний хүмүүст илчилснээс ч илүү агууг эцгүүддээ ярьсан ажгуу. …

… Мөн тэд эдгээр хүүхдүүдийг харж мөн сонсоцгоов, тийм ээ бүр нялхас ч амаа нээж мөн гайхамшигт зүйлийг хэлэв”4 хэмээн Аврагч хүүхдүүдийн сүнслэг чадавхыг бидэнд харуулсан байдаг.

Эцэг эхийн хувьд бид бяцхан үрсийнхээ сүнсний хүч чадлыг хэрхэн өсгөх вэ? Хүүхдүүд маань бидэнтэй хамт байхгүй, амьдралын гүн усанд ганцаар үлдэх үед нь дэлхийн нөлөөллүүдээс ангижран салж, Сүнсэнд найдаж сурахыг тэдэндээ хэрхэн заах вэ?

Та бүхэнтэй зарим санааг хуваалцъя.

Бид эхлээд хүүхдүүдийнхээ анхаарлыг Сүнсийг сонсох, мэдрэхэд чиглүүлж болно. Ели хэрхэн Самуелээр үүнийг хийлгэснийг харахын тулд Хуучин Гэрээний үе рүү буцаж очицгооё.

Залуу Самуел нэгэн дуу хоолойг хоёр ч удаа сонсож. Ели уруу гүйж очин, “Би энд байна” гэж хэлдэг.

“Би дуудаагүй” гэж Ели хариулдаг.

Гэвч “Самуел Эзэнийг хараахан мэддэггүй, Эзэний үг ч түүнд хараахан илэрхийлэгдээгүй байжээ.”

Гурав дахь удаад нь Ели, Их Эзэн Самуелийг дуудсаныг мэдээд түүнд ”Эзэн минь, айлдаж хайрла, Боол тань сонсож байна”5 гэж хэл гэдэг.

Самуел Их Эзэний дуу хоолойг мэдэрч, таньж, сонсож эхэлж байв. Гэвч энэ залуу хүүд Ели ингэж танихад нь туслахаас нааш тэр ойлгож чадахгүй байсан юм. Харин Самуел заалгасныхаа дараа намуухан зөөлөн тэр дуу хоолойг илүү таних болсон.

Хоёрдугаарт, бид гэр орон, үр хүүхдүүдээ намуухан зөөлөн дуу хоолойг мэдрэхэд нь бэлтгэж чадна. “Гадаад хэлний олон багш хүүхдүүд хэлийг ‘вакум’ хөтөлбөр буюу тухайн хэлээр ярьдаг хүмүүсийн дунд нь орж, ярих нөхцөлд хамгийн сайн сурдаг гэж үздэг. Тэд зөвхөн үгсийг хэлж сураад зогсохгүй, шинэ хэлээр чөлөөтэй ярьж, бүр бодож сэтгэж сурдаг. Сүнслэг боловсролыг эзэмшихэд хамгийн сайн ‘вакум’ орчин бол гэртээ өдөр бүр сүнслэг зарчмуудаар амьдрах үндэс суурийг тавих явдал юм.”6

“Чи [Их Эзэний үгсийг] хөвгүүддээ хичээнгүйлэн зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч түүний тухай ярьж бай.”7 Гэр бүлүүдээ Сүнсэнд татан оролцуулах юм бол хүүхдүүд тань зүрх сэтгэлээ нээн, Түүний нөлөөллийг хүлээн авах болно.

Гуравдугаарт, бид Сүнс тэдэнд хандан хэрхэн ярьдаг болохыг хүүхдүүддээ ойлгоход нь тусалж чадна. Иосеф Смит: “Хэрэв Тэр бяцхан хүүхэд рүү очвол уг хүүхдийн хэл, чадварт нь Өөрийгөө тохируулж чадна”8 гэжээ. Нэгэн ээж хүүхдүүд нь харах, сонсох, мэдрэх зэрэг өөр өөр байдлаар сурдгийг олж мэджээ. Тэр хүүхдүүдээ илүү сайн ажиглан, Ариун Сүнс хүүхэд бүрд хамгийн сайн тохирсон аргаар заадгийг таньж ойлгосон байна.9

Өөр нэгэн ээж хүүхдүүддээ Сүнсийг таньж сурахад нь тусалсан тухай туршлагаа хуваалцжээ. “Зарим үед, [хүүхдүүд] ямар нэг зүйлийг яг зөв цагт нь санах, уйлсныхаа дараа тайтгарал мэдрэх эсвэл өдөр бүр орж ирдэг бодол зэрэг нь Ариун Сүнсний тэдэнтэй харилцдаг арга зам гэдгийг ухаардаггүй” гэж бичжээ. Тэр мөн “Би хүүхдүүддээ мэдэрсэн зүйлээ анхааран, [үйлдэл болгож байхыг] заадаг”10 гэж хэлжээ.

Сүнсийг мэдэрч, таних нь хүүхдүүдийн маань амьдралд сүнслэг чадавхыг авчрах бөгөөд мөн тэдний таних тэр дуу хоолой өөрсдөд нь улам бүр тодрон тодорсоор байх болно. Энэ нь Ахлагч Ричард Г.Скоттын хэлснээр: “Сүнсээр удирдуулах талаар туршлагажиж, амжилт олсон үед сонссон, харсан зүйлээсээ хамааралтай байх нь багасаж, мэдрэмжиндээ итгэх итгэл тань улам бэхжинэ.”11

Дэлхийн ачаанаас өөрсдөө ангижирч чаддаг болоход нь хүүхдүүддээ тусалж чадсан бол бид тэднийгээ амьдралын ус руу орохыг харахдаа эмээх хэрэггүй болно. Бид Сүнсний бэлгээр хэрхэн удирдуулан амьдрахыг тэдэндээ заасан. Хэрэв тэд маань түүгээр амьдарч, түүний шивнээг дагасаар байвал энэхүү бэлэг нь тэдний ачааг хөнгөлж, тэнгэрлэг гэртээ буцаж очиход нь удирдан хөтөлсөөр байх болно. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Жозэф Б.Вөртлин, “The Unspeakable Gift,” Лиахона, 2003 оны 5-р сар, 27.

  2. Еврей 12:1.

  3. Дэвид А.Бэднар, “Ариун Сүнсийг хүлээн авах нь,” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 104.

  4. 3 Нифай 26:14, 16.

  5. 1 Самуел l 3:4–10-ыг үзнэ үү.

  6. С.Тэрри, Сюзан Л.Варнэр, “Helping Children Hear the Still, Small Voice,” Tambuli, 1994 оны 8-р сар, 27.

  7. Дэд хууль 6:7.

  8. Joseph Smith, in History of the Church, 3:392.

  9. Мэррилий Браун Бояак, “Helping Children Recognize the Holy Ghost,” Лиахона, 2013 оны 12-р сар, 10–12-ыг үзнэ үү.

  10. Иринна Даниэлсон, “How to Answer the Toughest ‘Whys’ of Life,” 2015 оны 10-р сарын 30, lds.org/blog.

  11. Ричард Г.Скотт, “Сүнсний удирдамж хүлээн авахын тулд,” 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 5.