2010–2019
Амар амгаланд хүргэх загвар
Дөрөвдүгээр сар 2016


Амар амгаланд хүргэх загвар

Бид бүгдийн эрэлхийлдэг амар амгалан нь биднээс Есүс Христийн тухай суралцаж, Түүний үгсийг анхаарч, мөн Түүнтэй хамт алхахыг шаарддаг.

Хэдэн жилийн өмнө манай охин, хүргэн хоёр Хүүхдийн хэсгийн дөрвөн настай, хөдөлгөөнтэй таван бяцхан хөвгүүнтэй ангид баг болж заахаар томилогджээ. Тэд хүүхдүүдэд сайн мэдээний зарчмуудыг заахын тулд удаа дараа гарах эмх замбараагүй байдлыг намжаах гэж чадлаараа хичээж, охин маань багшилж, харин хүргэн маань хүүхдүүдийг томоотой байлгах үүрэг хүлээдэг байв.

Ялангуяа нэлээд хэцүү байсан нэгэн хичээлийн үеэр сахилгагүй бяцхан хүүд хэд хэдэн удаа анхааруулсны дараа хүргэн маань тэр дөрвөн настай хүүг ангиас авч гарчээ. Ангиас гараад бяцхан хүүд түүний биеэ авч явах байдлын талаар болон эцэг эхийг нь олж уулзах хэрэгтэй байгааг хэлэх гэж байв. Бяцхан хүү хүргэнийг маань үг хэлэхээс нь өмнө тасалж, сэтгэлийн хөдөлгөөнтэйгөөр гараа дээш өргөн “Надад заримдаа Есүсийн тухай бодох нь хэцүү байдаг л юм” гэсэн аж.

Бидний зорьсон газар маань гайхамшигтай, аялал маань сэтгэл хөдлөм байж болох ч бид бүгдээрээ мөнх бус аяллынхаа турш сорилт бэрхшээл, уй гашууг туулах болно. Ахлагч Жозеф Б.Вөртлин: “Уй гашууны хүрд бидний хүн нэг бүр рүү яваандаа заадаг. Хүн бүр хэзээ нэгэн цагт гуниг, харууслыг үзэж туулах ёстой. Хэн ч үүнээс ангид байдаггүй.1 Их Эзэн мэргэн ухаанаараа хэнийг ч гуниг, харууслаас хамгаалж үлддэггүй”2 хэмээн заасан. Гэхдээ бидний энэ замаар амар тайван аялах нь ихэнхдээ Есүсийн тухай бодоход бидэнд хэр хэцүү байдгаас шалтгаална.

Оюун санааны амар амгалан, ухамсрын амар амгалан, зүрх сэтгэлийн амар амгалан нь бидний сорилт, уй гашуу, шаналлаас зайлсхийх чадвараар тодорхойлогддоггүй. Биднийг чин сэтгэлээсээ залбирсан ч шуурга бүр чиглэлээ өөрчилж, бүх сул дорой байдал эдгэрэхгүй байж болно; бид бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн заасан бүх сургаал, зарчим эсвэл дадлыг бүрэн дүүрэн ойлгохгүй байж болно. Гэсэн хэдий ч өгөгдсөн нөхцлийн хамт бидэнд амар амгалан амлагдсан байдаг.

Иоханы сайн мэдээнд Аврагч амьдралын гай зовлон дунд ч бид баяр хөөртэй байж, найдаж чадна хэмээн заасан байдаг; Тэрээр “Миний дотор та нар амар амгалан байг3 хэмээн тунхагласан учраас бид айх хэрэггүй. Есүс Христэд болон Түүний цагаатгах золиослолд итгэх итгэл маань хэзээд сайн мэдээний анхны зарчим бөгөөд “энэ дэлхийд амар амгаланг хийгээд ирэх дэлхийд мөнх амьдралд”4 найдах бидний найдвар дээр баригдах тэрхүү үндэс суурь байх болно.

Амьдралын өдөр тутмын сорилт бэрхшээл дунд бидний амар амгаланг хайх эрэл хайгуулд туслахын тулд “Надаас сурагтун, мөн миний үгсийг анхаарагтун; миний Сүнсний номхон дөлгөөн байдалд алхагтун, мөн надаар дамжин амар амгалан чамд байх болно. Би бол Есүс Христ”5 хэмээн хэлсэн Аврагч дээр бодлоо төвлөрүүлэн үлдэх энгийн нэг загвар бидэнд өгөгдсөн.

Сурагтун, анхаарагтун, алхагтун хэмээх амлалт бүхий гурван үе шат байдаг.

Нэгдүгээрт, “Надаас сурагтун”

Бид Исаиа номноос “Олон ард түмнүүд ирээд Ирцгээ, ЭЗЭНий уул уруу, Иаковын Бурханы өргөө уруу явцгаая. Тийнхүү Тэрээр бидэнд Өөрийн замыг заа[на]”6 хэмээн уншдаг.

Дэлхийн эргэн тойронд өсөн нэмэгдэж буй энэ олон ариун сүмд бид Есүс Христийн тухай болон энэ дэлхийн Бүтээгчийн хувьд, бидний Аврагч болон Гэтэлгэгчийн хувьд мөн бидний амар амгалангийн эх сурвалжийн хувьд Эцэгийн төлөвлөгөөн дэх Түүний үүргийн тухай мэдэж авдаг.

Ерөнхийлөгч Томас С. Монсон “Дэлхий амьдрахад ихэд төвөгтэй, бэрх газар байж болно. … Та нар болон миний хувьд Бурханы ариун өргөөнд ороход, тэнд хийх гэрээнүүдээ санахад бид зорилт, уруу таталт бүхнийг даван туулах илүү их чадвартай байх болно. Энэ ариун газар бид амар амгаланг олох болно”7 хэмээн заасан.

Би Өмнөд Америкт үйлчилж байхдаа нэгэн гадасны чуулганы үеэр нялх хүүгээ алдаад удаагүй, гашуудаж байсан нэг хостой уулзсан юм.

Чуулганы үеэр ярилцлага хийж байхдаа би Тумири ахтай анх удаа уулзаж, түүнийг хүүгээ алдсаныг мэдэж авсан юм. Биднийг ярилцаж байх хооронд тэр зөвхөн хүүгээ алдсандаа гашуудаад зогсохгүй бас хүүгээ дахин хэзээ ч харахгүй гэсэн бодлоосоо болж сэтгэлээр унаснаа хуваалцсан. Сүмийн харьцангуй шинэ гишүүдийн хувьд тэд ариун сүмд нэг удаа очихоор хангалттай мөнгө цуглуулж, бяцхан хүүгээ төрөхөөс нь өмнө эхнэр болон хоёр охинтойгоо лацдан холбогдсон байсан хэмээн тайлбарлав. Тэр дараа нь ариун сүм рүү дахин явахын тулд хэрхэн мөнгө хадгалж байснаа болон бяцхан хүүгээ өөртэйгөө лацдан холбуулахын тулд авч явж хараахан амжаагүй байсан тухайгаа өгүүлэв.

Би эндүүрэл гарсан байж болохыг ойлгон, түүнийг эхнэр болон охидтой нь холбосон тэрхүү лацдан холбох ёслол нь түүнийг гэрээнд төрсөн хүүтэй нь холбоход хангалттай учраас хэрэв тэр итгэлтэй хэвээр үлдвэл хүүтэйгээ дахин уулзах болно гэдгийг тайлбарлав.

Тэр гайхширан энэ нь үнэхээр үнэн эсэхийг асуухад нь би үүний үнэнийг батлан хэлэв. Тэр дараа нь хүүгээ нас барснаас хойш хоёр долоо хоногийн турш тайвширч чадахгүй байгаа эхнэртэйгээ ярилцахыг надаас хүссэн билээ.

Чуулганы дараа ням гаргийн үдээс хойш би Тумири эгчтэй уулзаж энэ гайхамшигт сургаалыг түүнд бас тайлбарлаж өгсөн юм. Түүний хүүгээ алдсаны уй гашуу илт байсан ч тэр нүдэндээ нулимстайгаар “Би үнэхээр бяцхан хүүгээ дахин энгэртээ тэвэрч болох юм уу? Тэр үнэхээр үүрд минийх юм уу?” хэмээн найдварын очийг өвөрлөн асуув. Хэрэв тэр гэрээнүүдээ сахивал Есүс Христийн эрх мэдлийн ачаар үр нөлөөтэй үлдсэн ариун сүмийн лацдан холбох хүч нь түүнд хүүтэйгээ дахин хамт байж мөн түүнийг энгэртээ тэврэх боломжийг олгох болно гэж би түүнд батлан хэлсэн.

Хүүгийнхээ үхэлд гашуудаж байсан ч Тумири эгч ярилцлагаас талархлын нулимстайгаар мөн бидний Аврагч, Гэтэлгэгчээр боломжтой болсон ариун сүмийн ариун нандин ёслолуудын ачаар амар амгалангаар дүүргэгдэн гарч явсан.

Бид ариун сүмд орох тоолондоо—бидний тэнд сонсдог, хийдэг мөн хэлдэг бүх зүйлээрээ; оролцдог бүх ёслолоороо мөн хийдэг бүх гэрээгээрээ дамжуулан Есүс Христэд төвлөрдөг. Бид Түүний үгсийг сонсож, Түүний үлгэр жишээнээс суралцах үедээ амар амгаланг мэдэрдэг. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли “Их Эзэний өргөөнд орж, тэнд Түүний Сүнсийг мэдэрч, Түүнтэй харилц, мөн та өөр хаана ч мэдэрч чадахгүй амар амгаланг мэдэж авах болно”8 хэмээн заасан.

Хоёрдугаарт, “Миний үгсийг анхаарагтун”

“Миний өөрийн дуу хоолой байна уу, эсвэл миний үйлчлэгчдийн дуу хоолой байна уу, энэ нь яг адил.”9 Адамын өдрүүдээс эхлэн бидний өнөөгийн бошиглогч Томас Спэнсэр Монсон хүртэл Их Эзэн Өөрийн эрх мэдэлтэй төлөөлөгчдөөр дамжуулан ярьсаар ирсэн билээ. Өөрийн бошиглогчдоор дамжуулан хэлж байгаа Их Эзэний үгсийг сонсож, анхаарал хандуулахыг сонгодог хүмүүс аюулгүй байдал, амар амгаланг олох болно.

Бид Мормоны Номноос 1 NНифайн 8-р бүлэг дэх Лихайн амьдралын модны үзэгдлээс мэдэж авсан сургамж зэрэг бошиглогчийн зөвлөгөөг дагах болон бошиглогчидтой зэрэгцэн зогсохын ач холбогдлын талаарх олон жишээг мэдэж авдаг. Агуу хийгээд нүсэр барилгад өнөө үеийнх шиг хэзээ ч ийм олон хүн цугларч эсвэл барилгын онгорхой цонхнуудаас хэзээ ч ийм их худал хуурмаг, тохуурхал, будлиан тарьсан дуу хоолой гарч байгаагүй юм. Энэ хэсгээс бид хоёр бүлэг хүмүүсийг болон барилгаас гарч буй хашгираанд тэдний хэрхэн хариулж байгааг уншдаг.

Зураг
Лихайн зүүд

26-р шүлгээс эхлээд бид:

“Мөн түүнчлэн би эргэн тойрон хараа бэлчээн, бас уст голын нөгөө эрэгт агуу хийгээд нүсэр барилгыг харав. …

“Мөн энэ нь … хүмүүсээр дүүрэн байв; … мөн тэд, ирж бас жимснээс хүртсэн тэднийг хуруугаараа занган басхүү элэглэх байдалтай байх ажээ.

“Мөн тэд жимсийг амссаныхаа дараа тэднийг тохуурхсан тэднээс ичингүйрхсэн болой; мөн тэд хориглогдсон замаар будилан орж мөн төөрч байв”10 хэмээн уншдаг.

33-р шүлгээс бид барилгаас сонсогдож буй элэглэл тохууралд өөрөөр хандсан бусдын талаар уншдаг. Лихай, барилгад байсан хүмүүс “жимснээс хүртэх намайг болон тэднийг хуруугаараа занган тохуурхацгаах аж; гэвч бид тэднийг анхаарсан нь үгүй”11 хэмээн тайлбарладаг.

Ичингүйрхэн, будилж, төөрөлдсөн хүмүүсээс болон барилгаас тохуурхацгааж байгаа тэдгээрийг анхаараагүй, бошиглогчтой хамт зогссон хүмүүсийн гол ялгаа нь дараах хоёр үгсээр харагддаг: Нэгдүгээрт, “амссаныхаа, дараа,” хоёрдугаарт “жимснээс хүртэх тэд.”

Эхний бүлэг хүмүүс модон дээр ирж, хэсэг хугацаанд бошиглогчтой хамт үлдсэн ч жимснээс зөвхөн амссан юм. Тэд жимснээс үргэлжлүүлэн идээгүй учраас уг барилгаас сонсогдох тохуурхлыг өөрсдөдөө нөлөөлөх боломж олгон, бошиглогчдоос холдож, хориглогдсон зам руу ороод төөрөлдсөн.

Жимснээс амсаж, төөрч одсон энэ хүмүүсийн нөгөө талд жимснээс хүртсээр байсан хүмүүс бас байсан. Энэ хүмүүс уг барилгаас гарч буй үймээнийг үл ойшоон, бошиглогчийн дэргэд үлдэж, үүнээс ирэх аюулгүй байдал болон амар амгаланд баясаж байв. Бидний Их Эзэнд болон Түүний үйлчлэгчдэд өгсөн амлалт заримдаа л биелүүлдэг амлалт байх учиргүй. Хэрэв тэгвэл, бид өөрсдийгөө амар амгаланг маань устгахыг эрэлхийлдэг тэдгээрт буулгалан өгөх болно. Бид Их Эзэний мэдэл бүхий үйлчлэгчдээр дамжуулан Түүнийг сонссоноор, ариун газарт зогсож, шилжин нүүлгэгдэх нь үгүй бөлгөө.

Дайсан хариултаар хангаж байгаа мэт санагдах худал хуурмаг шийдлүүдийг санал болгож болох ч биднийг эрэлхийлж буй амар амгалангаас маань илүү холдуулдаг. Тэр хуулийн дагуу, аюулгүй харагддаг ч эцэстээ дотроос нь амар амгаланг эрэлхийлж буй тэдгээрийг устган нурах агуу хийгээд нүсэр барилгын адил харагдах хиймэл зүйлийг санал болгодог.

Бид: “Бошиглогчийн үгс: Зарлигуудыг сахь, Үүнд л аюулгүй байдал хийгээд амар амгалан” оршдог юм”12 хэмээх Хүүхдийн хэсгийн энгийн дуунаас үнэнийг олж чаддаг.

Гуравдугаарт, “Миний Сүнсний номхон дөлгөөн байдалд алхагтун.”

Бидний замаасаа хэр хол төөрсөн эсэхээс үл хамааран Аврагч биднийг Өөрт нь эргэн ирж, Өөртэй нь хамт алхахыг урьдаг. Есүс Христтэй хамт алхах энэ урилга нь Түүнтэй хамт Гетсемани руу, Гетсеманиас Калвар, Калвараас Булшны Цэцэрлэг рүү хамт явахад урьдаг. Энэ нь цар хүрээгээрээ хязгааргүй ч хувь хүнд зориулагдсан Түүний агуу цагаатгах золиослолыг дагаж мөн хэрэгжүүлэх урилга юм. Энэ бол наманчилж, Түүний цэвэршүүлэгч хүчийг ашиглан мөн Түүний хайраар дүүрэн, сунгаастай мутраас атгах урилга юм. Энэ нь амар амгаланд байх урилга юм.

Зураг
Биднийг Түүнтэй хамт алхахад урьсан.

Бид бүгдээр амьдралынхаа аливаа нэгэн цаг үед нүгэл болоод зөрчилтэй холбоотой өвдөлт, шаналлыг мэдэрч байсан. Учир нь “хэрэв бид ямар ч нүгэлгүй гэж хэлбэл өөрсдийгөө хуурч байгаа хэрэг бөгөөд үнэн бидний дотор байхгүй байна.”13 Гэхдээ “[Бидний] нүглүүд час улаан мэт боловч” хэрэв бид Есүс Христийн Цагаатгалыг амьдралдаа хэрэгжүүлэн, чин сэтгэлийн наманчлалынхаа туршид Түүнтэй хамт алхах үед “тэдгээр нь цас шиг цагаан болно.”14 Бид гэмшилдээ дарагдаж байсан ч бид амар амгаланг хүлээн авах болно.

Зураг
Биднийг наманчлахад урьсан.

Залуу Алма Их Эзэний тэнгэр элчийг зочлох үед нүгэлтэйгээ нүүр тулах хэрэгтэй болсон. Тэрээр энэ туршлагаа дараах байдлаар дүрслэн хэлсэн. Үүнд:

“Бодгаль минь хамгийн их хэмжээгээр тарчлагдаж мөн өөрийн бүх нүглүүдээр тамлагдав.

“… Тийм ээ, би Бурханыхаа эсрэг тэмцсэнээ, мөн би түүний ариун зарлигуудыг дагаагүйгээ ойлгосон юм.”15

Түүний нүглүүд шиг ноцтой байсан, энэхүү зовлон зүдгүүрийнхээ дунд тэрээр:

“Би түүнчлэн дэлхийн нүглүүдийг цагаатгахаар, Бурханы Хүү, Есүс Христ гэгч нэгний ирэлтийн талаар хүмүүст эцгийнхээ бошиглохыг дуулснаа санав.

“… Би зүрх сэтгэлдээ хашгирч: Ай Есүс, Бурханы Хүү та, шаналлын гүнд буй, мөн үүрдийн үхлийн гинжээр ороогдсон намайг нигүүлсээч гэв.”16

“Мөн хэзээ ч, би Их Эзэн Есүс Христэд нигүүлслийн тул залбиран гуйх хүртлээ, би нүглүүдийнхээ ангижралыг хүлээн аваагүй билээ. Гэвч болгоогтун, би түүнээс залбиран гуйж тэгээд өөрийн бодгальд амгаланг олсон билээ.17

Алмагийн адил, бид Есүс Христтэй хамт алхаж, гэм нүглээ наманчлан мөн Түүний эдгээгч хүчийг амьдралдаа хэрэгжүүлснээрээ өөрсдийнхөө бодгальд амар амгаланг олох болно.

Бид бүгдийн эрэлхийлдэг тэрхүү амар амгалан нь зөвхөн хүсэхээс илүү зүйлийг шаарддаг. Бид бүгдийн эрэлхийлдэг амар амгалан нь биднээс Есүс Христийн тухай суралцан, Түүний үгсийг анхаарч, мөн Түүнтэй хамт алхахыг шаарддаг. Бид эргэн тойрондоо тохиож буй бүх зүйлийг хянах боломжгүй байж болох ч Есүсийн тухай байнга бодоход амархан болгодог Их Эзэний хангаж өгсөн амар амгалангийн тэрхүү загварыг хэрхэн хэрэгжүүлэхээ бид хянаж чадна.

Зураг
Бид Аврагчийн загварыг хэрэгжүүлж чадна.

Есүс Христ бол “зам, үнэн бөгөөд амь”18 гэдгийг мөн зөвхөн Түүгээр дамжуулан бид энэ амьдралд жинхэнэ амар амгаланг хийгээд ирэх дэлхийд мөнх амьдралыг хүлээн авах болно гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.