2010–2019
Ариун итгэмжлэл
Дөрөвдүгээр сар 2016


Ариун итгэмжлэл

Санваарын хүчний энэхүү үнэ цэнтэй бэлэг бидэнд өөрсдөд маань мөн бусдад ариун нандин үүрэг хариуцлагыг төдийгүй онцгой адислал авчирдаг.

Хайрт ах нар минь, энэ үдэш миний хэлэх үгийг Ариун Сүнс удирдаасай хэмээн би залбирч байна. Санваартнууд бидний хувьд нэгэн нийтлэг зүйл байдаг. Бид Бурханы санваарыг атгаж, Түүний нэрээр үйлдэхээр итгэмжлэгдсэн билээ. Бид энэхүү ариун итгэмжлэлийн хүлээн авагчид юм. Биднээс их зүйл шаардагдах болно.

Бид Сургаал ба Гэрээ 121-р хэсгийн 36-р шүлэг дээрээс “Санваарын эрхүүд нь тэнгэрийн хүчтэй салшгүй холбоотой байдаг” хэмээн уншдаг. Ямар гайхалтай бэлэг бидэнд өгөгдөө вэ. Энэ санваарыг хамгаалж, Тэнгэрлэг Эцэгийн бидэнд болон биднээр дамжуулан бусдад зориулан хадгалж буй бүхий л алдар суут адислалыг хүртэхэд зохистой байх нь бидний үүрэг хариуцлага юм.

Таныг хаана ч явсан санваар тантай хамт байх болно. Та ариун газруудад зогсож байна уу? Та өөрийгөө болон уг санваарыг зохисгүй газарт байлгаж эсвэл үйл ажиллагаануудад оролцон, өөрийгөө болон санваараа эрсдэлд оруулахаасаа өмнө, зогсоод үр дүнг нь бодож үзээрэй. Өөрийнхөө хэн болохыг мөн Бурхан таныг хэн болоосой хэмээн хүсдэгийг санаарай. Та бол амлалтын хүүхэд юм. Та бол хүч чадлыг эзэмшигч эр хүн бөгөөд Бурханы хүү билээ.

Санваарын хүчний энэхүү нандин бэлэг нь эрхэм үүрэг хариуцлагыг авчирдаг төдийгүй, бидэнд болон бусдад онцгой адислалыг авчирдаг юм. Бид хаана ч байсан санваарын хүчийг дуудахад үргэлж зохистой байх болтугай. Учир нь бидэнд ийн дуудах шаардлага болон боломж хэзээ гарч ирэхийг бид хэзээ ч мэдэхгүй.

Дэлхийн 2-р дайны үеэр миний нэг найз Өмнөд Номхон Далайд алба хааж байсан бөгөөд далай дээгүүр нисэж байхдаа онгоц нь бууны суманд оногджээ. Тэрээр багийнхантайгаа шатаж буй онгоцноос шүхрээр амжилттай үсэрч, аврах завиа хийлэн, түүн дээрээ гурав хоног хөвсөн юм.

Гурав дахь өдөр нь тэд аврах хөлөг олж харсан ч энэ нь тэдний хажуугаар өнгөрч одов. Маргааш өглөө нь аврах хөлөг дахин өнгөрлөө. Энэ нь уг аврах хөлгийн тэр бүсээр явах хамгийн сүүлийн өдөр гэдгийг ухаараад тэд цөхөрч эхэлсэн.

Тэгэхэд Ариун Сүнс найзад маань “Чамд санваар байгаа. Та нарыг ирж ав хэмээн аврах багийнханд тушаа” гэж хэлэв.

Тэрээр хэлснийх нь дагуу “Есүс Христийн нэрээр мөн санваарын хүчээр, эргэж ирээд биднийг ав” хэмээн тушаажээ.

Хэдэн минутын дараа хөлөг тэдэн дээр ирсэн байсан ба тэднийг хөлгийн тавцан дээр татаж гаргав. Итгэлтэй, зохистой санваартан тэрхүү туйлын хүнд нөхцөл байдалд санваараа ашиглан, өөрийнхөө болон бусдын амьдралыг адисалсан юм.

Бид яг одоо энд, шаардлагатай цаг үед, үйлчлэл болон адислалын цаг мөчид үргэлж бэлтгэлтэй байх шийдвэр гаргах болтугай.

Бид энэхүү Санваарын нэгдсэн хуралдааныг өндөрлүүлэх үед би та бүхэнд “та нар бол сонгогдсон угсаа, хаант тахилч нар” гэдгийг хэлье (1 Петр 2:9). Бид үргэлж эдгээр бурханлаг нэр хүндийг хүлээн авахуйц зохистой байх болтугай хэмээн би Аврагч Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.