2010–2019
Түүнийг үргэлж сана
Дөрөвдүгээр сар 2016


Түүнийг үргэлж сана

Бид ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Түүнийг үргэлж санана гэдгийг би даруухнаар гэрчлэн, үүний төлөө залбирч байна.

Ах эгч нар аа, намайг Азид үйлчилж байхад хүмүүс заримдаа надаас “Ахлагч Гонг, Сүмийн Азийн бүсэд хэдэн хүн амьдардаг вэ?” гэж асуудаг байв.

Би тэдэнд “Дэлхийн хүн амын хагас нь буюу 3,6 тэрбум хүн” гэж хариулдаг байлаа.

Хэн нэгэн надаас “Тэдний бүгдийнх нь нэрийг санахад хэцүү юү?” гэж асууж билээ.

Санах, мартах нь өдөр тутмын амьдралын нэг хэсэг юм. Жишээ нь, нэг удаа эхнэр минь шинэ гар утсаа хаа сайгүй эрснийхээ эцэст өөр утаснаас залгаж олохоор болсон юм. Утсаа дуугарахыг нь сонсоод, “Хэн над руу залгадаг билээ? Би утасны дугаараа хэнд ч өгөөгүй шүү дээ” гэж дотроо бодсон гэдэг.

Санах, мартах нь бидний мөнхийн аяллын нэгээхэн хэсэг байдаг. Цаг хугацаа, сонгох эрх, дурсамж бүгд биднийг сурч, өсөж хөгжин, итгэлээ нэмэгдүүлэхэд тусалдаг.

Бидний дуртай нэгэн дуулалд ийн өгүүлдэг:

Бид Есүсийн нэрийг магтан дуулж,

Хүндэтгэл алдрыг түүнд зориулъя. …

Түүнийг санаж байгаагаа гэрчлэн,

Талх уснаас хүртэцгээ.1

Бид долоо хоног болгон ариун ёслолоос хүртсэнээрээ Их Эзэнийг үргэлж дурсан санана гэсэн гэрээнд ордог. Санах гэсэн үгтэй холбоотой дөрвөн зуугаад судрын эшлэлээс хэдийг сонгон, Түүнийг үргэлж санах зургаан арга замыг би та бүгдэд танилцуулъя.

Нэгдүгээрт, бид гэрээ, амлалт, батлан хэлсэн зүйлсэд нь итгэлтэй байснаараа Түүнийг үргэлж дурсан санаж чадна.

Их Эзэн Өөрийн мөнхийн гэрээг Адамын цагаас Адамын ур удам “үнэнийг хүлээн авч, өөдөө харсан үед, Сион доош харж, мөн бүх тэнгэр баярлан сэгсрэгдэж, мөн дэлхий баяр баясгалангаар чич[иртэл]”2 санах болно.

Их Эзэн амлалтаа, үүний дотор тараагдсан Израилийг цуглуулах амлалтаа Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээгээр, мөн бодгалийн үнэ цэнийг санадаг гишүүн болоод номлогч бүрд өгсөн амлалтаар дамжуулан санадаг.3

Их Эзэн улс орон, ард түмнийг санаж, хамгаалдаг. Дэлхийн зав чөлөөгүй мөн үймээн самуунтай энэ цаг үед4 “зарим нь морин тэргэнд, зарим нь моринд найддаг. Харин бид “ирээдүйг өнгөрсний адил”5 удирдан чиглүүлдэг өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэрийг санах болно.”6 “Хэцүү цаг”7 ирэхэд бид “хясагддаг нь Бурханы ажил бус, харин хүмүүний ажил гэдгийг сана.8

Хоёрдугаарт, бид амьдралынхаа турш Их Эзэний мутраас адислагдсандаа талархан, хүлээн зөвшөөрснөөрөө Түүнийг үргэлж дурсан санаж чадна.

Бид Их Эзэний мутрыг амьдралаа эргэн харахдаа ихэвчлэн тодорхой олж хардаг. Христийн шашны философич Сорен Киркгаардын хэлснээр: “Амьдралыг ойлгохын тулд арагш харах хэрэгтэй. … Харин урагш харж амьдрах ёстой.”9

Хайрт ээж минь саяхан 90 насны ойгоо тэмдэглэсэн. Тэрээр амьдралын чухал мөч бүрд Бурханы адислал ирж байсныг талархан гэрчилсэн юм. Гэр бүлийн түүх, уламжлал, ураг төрлийн холбоо нь өнгөрсөн сайхан дурсамжийг хадгалахын зэрэгцээ ирээдүйд дагах загвар, найдварыг өгдөг. Санваарын эрх мэдлийн шугам болон патриархын адислал нь Бурханы мутар үе дамжин адисалдгийг гэрчилдэг.

Та өөрийгөө юуг, хэрхэн санахаа сонгож болдог амьд дурсамжийн ном гэж төсөөлөн бодож үзсэн үү?

Жишээ нь би бага байхдаа сургуулийнхаа сагсан бөмбөгийн багт орж тоглохыг маш их хүсдэг байлаа. Нэг өдөр дасгалжуулагч маань 193 см бүсийн шилдэг төвийн тоглогч, 188 см өндөр довтлогч нар руу заагаад, “Би чамайг багтаа авч болно, гэхдээ чи бараг л талбайд гарахгүй байх” гэж хэлсэн юм. Гэвч тэрээр маш эелдгээр “Чи хөл бөмбөгийн багт орохын тулд үзээд алдахгүй юм уу? Чи сайн тоглож чадна” гэж намайг урамшуулсныг санаж байна. Намайг эхний гоолоо оруулахад гэр бүлийнхэн маань уухайлан дэмжиж байсан юм.

Бидэнд шударга байдал, сайхан сэтгэл, тэсвэр тэвчээр, урмаар боломж өгдөг, мөн дахин хоёр дахь боломжийг олгодог хүмүүсийг бид санадаг. Мөн бид бусад хүний хамгийн их тусламж хэрэгцээтэй үедээ биднийг санадаг хэн нэгэн нь болж чадна. Бусдын туслалцааг болон Сүнсний удирдамжийг талархан санаснаар бид Түүнийг санадаг. Энэ маягаар бид адислал бүрээ тоолж, Бурханы хийснийг санадаг.10

Гуравдугаарт, “нүглүүдээ наманчилсан тэрээр, мөнхүү тэр нь өршөөгддөг ажгуу, мөн Их Эзэн, бибээр тэдгээрийг нь цаашид санах нь үгүй”11хэмээх Их Эзэний амлалтад найдсанаараа бид Түүнийг үргэлж санаж чадна.

Бид нүглээ хүлээн зөвшөөрч, орхин, бүрэн наманчилбал гэм нүгэл маань арчигдаж, Иностой хамт “Их Эзэн, энэ хэрхэн бүтэв?” хэмээн асуугаад, “Христэд итгэлтэйн чинь учир буюу,”12 мөн “надад сануулагтун”13 хэмээх Түүнийг урилгыг хүлээн авсан учир хэмээн хариулахыг сонсоно.

Нэгэнт бид нүглээ наманчилж, санваарын удирдагчид биднийг зохистой хэмээн тодорхойлсон бол эдгээр нүглээ ахин дахин хүлээсээр байх шаардлагагүй. Зохистой байна гэдэг нь төгс байна гэсэн үг биш юм. Түүний авралын төлөвлөгөөгөөр бид хэзээ нэгэн цагт Христээр төгөлдөржитлөө14 амьдралынхаа өдрүүдэд даруухнаар амар амгалан байж, өнөөдрийн төгс бус зүйлүүддээ үргэлж шаналж, гутарч, аз жаргалгүй байх шаардлагагүй. Бидний бусдад мэдэгдүүлэхгүйг хичээдэг бүх зүйлийг Тэр мэддэг ч биднийг хайрласаар байдгийг санаарай.

Заримдаа амьдрал Христийн нигүүлсэл, шударга ёс, шүүлтэд найдах мөн бусдыг болон өөрсдийгөө уучилснаар Цагаатгалаар дамжин эдгэрэн чөлөөлөгдөхийг уриалсан Түүний урилгад найдах бидний найдварыг шалгадаг.

Өөр улсын нэгэн эмэгтэй сэтгүүлчээр ажиллахаар өргөдөл өгсөн боловч ажил хуваарилдаг дарга нь хатуу сэтгэлтэй хүн байж таарч. Тэрээр түүнд “Миний энэ гарын үсгээр чи сэтгүүлч биш, харин бохир усны нүх ухдаг хүн болохыг би баталж байна” гэж хэлжээ. Тэрээр эрчүүдийн дунд бохир усны нүх ухдаг цорын ганц эмэгтэй хүн байсан юм.

Олон жилийн дараа тэр эмэгтэй дарга болжээ. Нэгэн өдөр нэг хүн түүн дээр ажилд орохын тулд гарын үсэг зуруулахаар иржээ.

“Намайг санаж байна уу?” гэж асуухад тэр санасангүй.

“Та намайг санахгүй байж болно. Гэхдээ би таныг санаж байна. Та намайг гарынхаа үсгээр хэзээ ч сэтгүүлч болж чадахгүйг баталсан. Таны гарын үсгээр би эрчүүдийн дунд цор ганцаараа бохир усны нүх ухсан” гэж хэлжээ.

Тэрээр надад “Би тэр хүнд надад хандсанаас илүү сайнаар хандах ёстой гэж мэдэрч байсан ч надад ингэх хүч алга” гэж хэлсэн юм. Заримдаа бидний дотор тийм зүйл хийх хүч байхгүй ч бидний Аврагч Есүс Христийн Цагаатгалыг санаснаар үүнийг олж болно.

Итгэл эвдэгдэн, хүсэл мөрөөдөл нурж, зүрх эмтэрч, бас дахин эмтэрч байхдаа, шударга ёсыг хүсэн нигүүлслээр дутагдаж байхдаа, гараа зангидан нүдэндээ нулимстай байхдаа, юунаас зууран барьж юуг тавих ёстойгоо мэдэх хэрэгтэй үедээ бид үргэлж Түүнийг дурсан санаж чадна. Амьдрал зарим үед бидэнд санагддаг шиг тийм ч харгис биш юм. Түүний төгсгөлгүй хайр бидэнд зам, үнэн, мөн амийг олоход тусална.15

Бид Түүний үгс, үлгэр жишээг санахдаа бусдыг гомдоохгүй мөн өөрсдөө ч гомдохгүй.

Миний найзын аав автомашины засварчин байсан. Түүний шударга хөдөлмөр нь гараа хичээнгүйлэн угаасан ч харагддаг байв. Нэг өдөр хэн нэг хүн найзын маань аавд ариун сүмд үйлчлэхээсээ өмнө гараа сайн угаах хэрэгтэй гэж хэлжээ. Энэ сайн хүн гомдохын оронд ариун сүмд үйлчлэхээсээ өмнө гэр бүлийнхээ аяга тавгийг илүү их хөөсөрсөн савантай усаар өөрийн гараар угаадаг болсон байна. Тэрээр “ЭЗЭНий уул өөд” авирч, “Түүний ариун газарт” зогсох хамгийн цэвэр гар, ариун зүрх сэтгэлтэй хүний үлгэр жишээ болсон юм.16

Хэрэв бидэнд хэн нэгний талаар эвгүй сэтгэгдэл, атаархал, дургүйцэл төрж байвал эсвэл бусдаас уучлалт гуйх шалтгаан байвал үүнийг хийх цаг нь яг одоо юм шүү.

Дөрөвдүгээрт, Тэрээр үргэлж биднийг гэртээ ирэхийг урьдаг гэдгийг санахад урьдаг.

Бид асууж, эрж хайн байж суралцдаг. Т.С.Эллиотын үгээр “Эхэлсэн газраа ахин ирээд, тэр газраа анх ирж байгаа юм шиг судал[тлаа]”17 судалгаагаа бүү зогсоогоорой. Та бэлэн бол Мормоны Номонд зүрх сэтгэлээ анхны удаа ахин нээж үзээрэй. Үнэн хүсэлтэйгээр анхны удаа юм шиг ахин нэг залбираад үзээрэй.

Энэхүү эртний буюу бүдэг бадаг дурсамжиндаа итгэ. Үүгээр итгэлээ нэмэгдүүл. Бурхантай цуг байхад буцаж ирж чадахгүй болох газар гэж байдаггүй.

Эртний болон энэ үеийн бошиглогчид бусдын болоод өөрсдийн сул тал, алдаа, дутагдлаас болж Түүний сэргээгдсэн сайн мэдээн18 дэх үнэн, гэрээ болон гэтэлгэгч хүчнээс холдохгүй байхыг биднээс гуйн ятгасан. Энэ нь бидний төгс бус оролцоогоор дамжуулан өсөж хөгждөг Сүмд онцгой чухал юм. Бошиглогч Иосеф Смит “Би та нарт өөрийгөө төгс гэж хэзээ ч хэлээгүй, гэвч миний заасан илчлэлтүүдэд алдаа байхгүй”19 хэмээн хэлсэн.

Тавдугаарт, бид Хүндэтгэлийн өдөр ариун ёслолоор дамжуулан Түүнийг үргэлж дурсан санаж чадна. Мөнх бус амьдрал дахь үйлчлэлийнхээ төгсгөлд болон амилсныхаа дараах тохинууллынхаа эхэнд Аврагч маань талх, дарсыг авч Өөрийн бие болоод цусыг дурсахыг хүсээд,20 “учир нь та нар үүнийг олонтаа үйлдэхийн хэрээр та нар өөрсөдтэйгөө миний хамт байсан энэхүү цагийг дурсан санах болно”21 хэмээн хэлсэн.

Бид ариун ёслолын ёслолоор Түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгаж болохын тулд Түүний Хүүгийн нэрийг авч, мөн үргэлж түүнийг дурсан санаж, мөн өөрсдөд нь өгсөн түүний зарлигуудыг дагахад бэлэн гэдгээ Бурхан Эцэгт гэрчилдэг.22

Амюлекийн зааснаар бид талбай дахь ургацынхаа төлөө болон мал сүрэг, гэр бүлийнхээ төлөө залбирч, мөн гачигдсан, нүцгэрсэн, өвдсөн, зовсныг санахдаа Түүнийг санадаг.23

Эцэст нь зургаадугаарт, Аврагч маань биднийг үргэлж санадаг шиг Өөрийг нь санахыг бидэнд уриалдаг.

Шинэ тивд амилсан Аврагч маань тэнд байсан хүмүүсийг нэг нэгээрээ ирж, хавирган тал руу нь гараа хийж, гар, хөлөн дэх хадаасны ормуудаа тэмтэрч үзэхэд урьсан.24

Судар дээр Амилуулалтыг “үе болон мөч болгон биедээ сэргээгдэх болно,” мөн “бүр толгойноос нэг ч үс гээгдэхгүй харин бүх зүйл өөрсдийн зохих мөн төгс хэлбэртээ сэргээгдэх болно”25 хэмээн тайлбарласан. Ийм байхад Аврагчийн төгс, амилсан биед хажууг нь хатгасан шарх, мөн гар, хөлөн дэх хадаасны ором яагаад байгааг бодож үзээрэй.26

Түүхийн зарим цаг үед хүмүүсийг цовдолж цаазалдаг байсан. Гэвч бидний Аврагч, Есүс Христ л зөвхөн цэвэр хайрын сорвио хадгалан, биднийг тэвэрдэг. Зөвхөн Тэр л загалмайд өргөгдсөнөөр бид бүгдийг нэрээр нь дуудан Өөртөө авчрах бошиглолыг биелүүлдэг.27

Аврагч маань:

“Тийм ээ, тэд мартаж болох юм, гэвч би чамайг мартах нь үгүй.”28

“Болгоогтун, би та нарыг гарынхаа алган дээр сийлсэн.”28

“Бибээр дээш өргөгдсөн тэрбээр болой. Би бол цовдлогдсон Есүс болой. Би бол Бурханы Хүү”29 хэмээн тунхаглан гэрчилсэн.

Бид ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Түүнийг үргэлж санана гэдгийг би даруухнаар гэрчлэн үүний төлөө залбирч байна.30 Есүс Христийн нэрээр, амен.