2010–2019
Нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгал
Дөрөвдүгээр сар 2016


Нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгал

Ариун Сүнсний ариусгагч хүчийг өөрсдийн хамтрагч болгосноороо бид нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгалж чадна.

Хаан Бэнжамины Аврагчийн талаар болон Түүний Цагаатгалын тухай заахдаа хэрэглэсэн агуу үг хэллэг нь олон жилийн турш миний судалж, тунгаан бодож ирсэн сэдэв юм.

Хаан Бэнжамин хайрлаж, үйлчилж ирсэн хүмүүстээ айлдсан сүнслэг мөн сэтгэл хөдөлгөм номлолдоо Бурханы алдар сууг мэдэж, Түүний хайрыг амтлан, нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авч, үргэлж Бурханы агуу ихийг санан, өдөр бүр залбирч, сүсэг бишрэлдээ гуйвшгүй бат бөх зогсохын ач холбогдлыг тайлбарласан байдаг.1 Тэрээр мөн эдгээр зүйлийг хийснээр “та нар үргэлж баясна, мөн Бурханы хайраар дүүргэгдэж, мөн нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгалах болно”2 хэмээн амлажээ.

Миний захиас нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгалах зарчим дээр төвлөрөх болно. Энэхүү хэллэгт илэрхийлсэн үнэн нь Их Эзэн Есүс Христэд итгэх бидний итгэлийг хүчирхэгжүүлж, илүү дээр шавь байхад маань тусалж чадна. Ариун Сүнс биднийг чухал сүнслэг үнэнүүдийг тунгаан бодох үед сүнслэгээр нөлөөлж, сэнхрүүлэх болтугай хэмээн би залбирч байна.

Сүнсээр дахин төрөх нь

Бид мөнх бус байдалд бие махбодоороо төрж мөн сүнсээрээ дахин төрөх боломжийг эдэлдэг.3 Бошиглогч, төлөөлөгчид биднийг Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан боломжтой болсон адислалуудыг амьдралдаа хүлээн авснаараа “Бурханы хувьд сэрсэн”4, “дахин төрсөн”5, “Христ дотор … шинэ бүтээл”6 болоход сургадаг. “Ариун Мессиагийн сайн үйл мөн нигүүлсэл, мөн ач ивээл”7 биднийг эгэл хүмүүний амин хувиа хичээсэн байдал, өөрийгөө бодсон хандлагаа засаж, бусдыг боддог, өгөөмөр, гэгээлэг болоход тусалдаг. “Эцсийн өдөр [Их Эзэний] өмнө толбогүйгээр зогсож”8 болох амьдралд биднийг ухуулдаг билээ.

Ариун Сүнс ба санваарын ёслолууд

Бошиглогч Иосеф Смит Есүс Христийн сайн мэдээн дэх санваарын ёслолуудын чухал ач холбогдлыг “Дахин төрөх нь ёслолуудаар дамжин Бурханы Сүнсээр ирдэг”9 хэмээн товч дүгнэсэн. Энэхүү товч бөгөөд тодорхой өгүүлбэр нь сүнсээр дахин төрөх үйл явц дахь Ариун Сүнсний мөн ариун нандин ёслолуудын үүргийг онцолж өгдөг.

Ариун Сүнс нь Бурхан Тэргүүтэний гурав дахь гишүүн. Энэ нь сүнсэн бие бөгөөд бүх үнэний гэрчийг өгдөг. Судрууд дээр Ариун Сүнсийг Тайтгаруулагч,10 Багш,11 Илчлэгч12 хэмээн дурдсан байдаг. Мөн Ариун Сүнс нь хүний биеийг цэвэр бус байдал, хилэнцээс цэвэрлэж, цэвэршүүлдэг гал шиг Ариусгагч13 юм.

Ариун нандин ёслолууд нь Аврагчийн сайн мэдээ, Түүнтэй адил болох үйл явц болон сүнсээр дахин төрөхийн гол цөм нь мөн. Ёслолууд нь сүнслэг зорилготой, мөнхийн ач холбогдолтой, Бурханы хууль, дүрмүүдтэй холбоотой ариун нандин үйлс юм.14 Шаардлагатай санваарын түлхүүрүүдийг атгадаг хүн ариун ёслол, бүх авралын ёслолд эрх мэдэл олгох ёстой.

Их Эзэний сэргээгдсэн Сүмд гүйцэтгэдэг аврал, өргөмжлөлийн ёслолууд нь зан үйл, бэлгэ тэмдгийн чанартай гүйцэтгэлээс илүү гүн утга учиртай зүйл юм. Тэдгээр нь тэнгэрийн адислал, хүчийг бидний хувийн амьдралд авчрах эрх мэдэл олгогдсон сувгуудыг нээж өгдөг.

“Мөн энэхүү дээд санваар нь сайн мэдээг удирдаж мөн хаант улсын нууцуудын түлхүүрийг, бүр Бурханы мэдлэгийн түлхүүрийг атгадаг болой.

Тиймийн тул, үүний ёслолуудад бурханлиг чанарын хүч илэрхийлэгддэг.

Мөн үүний ёслолуудгүйгээр, мөн санваарын эрх мэдэлгүйгээр, бурханлиг чанарын хүч махан бодид хүмүүнд илэрхийлэгдэх нь үгүй бөлгөө.”15

Ёслолуудыг шударга үнэнчээр хүлээн авч, хүндлэн дээдлэх нь бурханлаг чанарын хүчийг мөн Аврагчийн Цагаатгалаар дамжин ирэх боломжтой бүх адислалыг хүлээн авахад шаардлагатай байдаг.

Ёслолуудаар дамжуулан нүглийнхээ ангижралыг хүлээн авч, хадгалж үлдэх нь

Бид нүглийнхээ ангижралыг хүлээн авч, хадгалж үлдэх үйл явцыг илүү бүрэн дүүрэн ойлгохын тулд эхлээд тэнгэрийн хүчийг хүлээн авах боломжийг олгодог гурван ариун нандин ёслолын хоорондын уялдаа холбоог ойлгох хэрэгтэй. Тэдгээр нь усанд умбуулалтаар хийх баптисм, гар тавьснаар хүртээх Ариун Сүнсний бэлэг болон ариун ёслол юм.

Нүглийн ангижралын төлөөх усанд умбуулалтаар хийх баптисм нь Есүс Христийн “сайн мэдээний оршил ёслол”16 бөгөөд Аврагчид итгэх итгэл, чин сэтгэлийн наманчлалын дараа ирдэг. Энэ ёслол нь “Бурхан Өөрийнхөө хаант улсад ороход [Өөрийн хүүхдүүдэд] зориулж бэлтгэсэн тэмдэг болон зарлиг юм”.17 Баптисмыг Аароны санваарын эрх мэдлээр гүйцэтгэдэг. Аврагчид ирэх, сүнсээр дахин төрөх үйл явцад баптисм нь бидний бодгалыг нүглээс цэвэршүүлэх шаардлагатай анхдагч цэвэршүүлэлтээр хангадаг.

Баптисмын гэрээ нь (1) Есүс Христийн нэрийг өөрсдөдөө авах, (2) Түүнийг үргэлж дурсан санах, (3) Түүний зарлигуудыг сахих гэсэн гурван үндсэн амлалтыг багтаадаг. Энэхүү гэрээг хүндэтгэн сахиснаар “түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгах”18 амлалт ирдэг. Иймээс баптисм нь Бурхан Тэргүүтэний гурав дахь гишүүнтэй байнга хамт байх эрх мэдэл олгогдсон боломжийг хүлээн авахад чухал бэлтгэл ажил юм.

“Усанд умбуулалтаар хийх баптисмыг … бүрэн гүйцэтгэхийн тулд үүний дараа Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах шаардлагатай.”19 Аврагчийн Никодемд заасанчлан “хэн ус болон сүнснээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалд орж чадахгүй”.20

Бошиглогч Иосеф Смитийн хэлсэн гурван мэдэгдэл нүглүүдийн ангижралын төлөөх усанд умбуулалтаар хүртээх баптисм, гар тавилтаар өгөх Ариун Сүнсний бэлгийн хоорондох чухал уялдаа холбоог онцолж өгдөг.

1 дэх мэдэгдэл: “Баптисм бол Ариун Сүнсийг хүлээн авахын тулд гүйцэтгэгддэг ариун ёслол юм. Энэ бол Ариун Сүнс үүгээр ирдэг суваг болон түлхүүр мөн.”21

2 дахь мэдэгдэл: “Хэрэв хэн нэгэн хүн нүглээс ангижрах, Ариун Сүнсийг хүлээн авахын төлөөх үзэл бодлоор баптисмыг үйлдээгүй аваас та шуудайтай элсэнд баптисм хүртээсэнтэй адил байх болно. Усаар гүйцэтгэдэг баптисм нь дутуу баптисм бөгөөд нөгөө хагас нь болох Ариун Сүнсний баптисмгүйгээр хий хоосон зүйл болох юм.”22

3 дахь мэдэгдэл: “Усаар хүртээх баптисм нь галан баптисм болон үүнд байдаг Ариун Сүнсгүйгээр ашиггүй юм; эдгээр нь зайлшгүй чухал бөгөөд хоорондоо салшгүй холбоотой.”23

Наманчлалын зарчим, баптисмын ёслол, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах, нүглүүдийн ангижралын гайхамшигт адислалын хоорондох бат бөх уялдаа холбоог судруудад дахин дахин онцолсон байдаг.

Нифай “Тухайлбал та нарын орох ёстой хаалга нь наманчлал мөн усаар хийгдэх баптисм болой;мөн тэгээд Ариун Сүнсээр мөн галаар та нарын нүглүүдийн ангижрал ирэх бөлгөө.”24 хэмээн тунхагласан билээ.

Аврагч Өөрийн биеэр “Эдүгээ уг зарлиг нь энэ болой: Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд, эцсийн өдөр та нар миний өмнө толбогүйгээр зогсож болохын тулд наманчлагтун, мөн надад ирэгтүн мөн миний нэрээр баптисм хүртэгтүн, газар дэлхийн хязгаарууд та нар бүгд”25 хэмээн тунхаглажээ.

Ариун Сүнсний тулд гар тавих нь Мелкизедек санваарын эрх мэдэл доор гүйцэтгэгддэг ёслол юм. Аврагчид ирэх, сүнсээр дахин төрөх үйл явцад Ариун Сүнсний ариусгагч хүчийг амьдралдаа хүлээн авах нь бодгалиа нүглээс үргэлж цэвэр байлгах боломжийг бүрдүүлдэг. “Цэвэр бус нэгээхэн ч зүйл Бурхантай хамт оршиж эс чадах”26 учраас энэхүү баяр баясгалант адислал нь чухал билээ.

Их Эзэний сэргээгдсэн Сүмийн гишүүдийн хувьд бид баптисмтай холбоотой анхдагч нүглийн ангижрал мөн Бурхан Тэргүүтэний гурав дахь гишүүн болох Ариун Сүнсний нөхөрлөл, хүчээр ирдэг цаашдын нүглийн ангижрал аль алинаар нь адислагддаг.

Тариачин тариа тариалах, ургацаа хураах гэсэн өөрчлөгдөшгүй загвараас хэр их хамааралтай байдаг талаар бодож үзээрэй. Үр суулгах, хадах хоёрын хоорондох уялдаа холбоог ойлгох нь тариачны жилийн дөрвөн улиралд гаргадаг шийдвэр, хийдэг бүх үйлдлийн зорилго, үр нөлөөний дуусашгүй эх сурвалж юм. Үүнтэй адил нүглүүдийн ангижралын төлөө усанд умбуулалтаар хийх баптисмын ёслол мөн Ариун Сүнсний бэлгийн тулд гар тавихын хоорондох салшгүй холбоо нь амьдралын маань бүхий л цаг үед шавь болох талбар бүрд маань нөлөөлөх ёстой.

Ариун ёслол нь бурханлаг чанарын хүчийг хүлээн авахад шаардлагатай гурав дахь ёслол юм. Биднийг өөрсдийгөө дэлхийгээс илүү бүрэн дүүрэн толбогүй байлгаж болохын тулд залбирлын өргөөнд очиж мөн Их Эзэний ариун өдөрт ариун ёслолуудаа өргөхийг зарлигласан.27 Их Эзэний бие хийгээд цусны бэлгэдэл болох талх, ус нь адислагдаж, ариусгагдсан байдаг гэдгийг бодож үзээрэй. “Ай Бурхан, Мөнхийн Эцэг минь, үүнээс уух [идэх] тэд бүгдийн бодгалийн тулд, энэ усыг [талхыг] адисалж, мөн ариусгахыг таны Хүү Есүс Христийн нэрээр бид танаас гуйж байна.”28 Ариусгах гэдэг нь цэвэр, ариун болгох гэсэн утгатай. Ариун ёслолын бэлгэдлүүд нь Христийн цэвэр байдал, биднийг Түүнээс бүрэн дүүрэн хамааралтайг, ёслолууд, гэрээнүүдээ сахих үүрэг хариуцлагыг маань сануулахын тулд ариусгагддаг ба ингэснээр бид “эцсийн өдөр [Түүний] өмнө толбогүйгээр зогсож”29 чадна.

Ариун ёслол нь чин сэтгэлээсээ наманчилж, сүнсээрээ шинэчлэгдэхэд урьсан ариун нандин бөгөөд олон дахин давтагддаг урилга юм. Ариун ёслолоос хүртэх үйлдэл нь нүглийг цэвэршүүлдэггүй. Харин биднийг энэхүү ариун нандин ёслолд харууссан зүрх, гэмшсэн сэтгэлээр анхааралтай бэлтгэж, оролцох үед Их Эзэний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгах амлалт ирдэг. Мөн байнгын хамтрагч болох Ариун Сүнсний ариусгагч хүчээр бид нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгалж чадна.

Бид долоо хоног бүр ариун ёслолоор дамжуулан амьдралаа дүгнэн, гэрээнүүдээ шинэчилж, энэхүү гэрээ бүхий амлалтыг хүлээн авах боломжоор адислагддаг билээ.30

Баптисм дахин хүртэх нь

Зарим хожмын үеийн гэгээнтэн сайн мэдээний анхдагч авралын ёслолыг хүлээн авсан үе шигээ цэвэр, зохистой болохын тулд дахин баптисм хүртэх хүсэлтэйгээ илэрхийлдэг. Бидний Тэнгэрлэг Эцэг, Түүний Хайрт Хүү сүнсний шинэчлэл, сэргээлтийн энэхүү мэдрэмжийг бидэнд амьдралдаа нэг л удаа мэдрүүлэхээр зориогүй гэдгийг та бүхэнд зөвлөмөөр байна. Сайн мэдээний ёслолуудаар дамжуулан нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авч, үргэлж хадгалж үлдэх адислал нь бидэнд баптисм нь мөнх бус сүнслэг аялал дахь эхлэх цэг гэдгийг мөн дахин дахин хүсэмжлэх эцсийн зогсоол биш гэдгийг ойлгоход тусалдаг.

Усанд умбуулалтаар хүртээх баптисм, Ариун Сүнсний бэлгийн тулд гар тавих, ариун ёслол нь тус тусдаа, хоорондоо холбоогүй үйл явдлууд биш. Харин тэдгээр нь гэтэлгэлийн үйл явц дахь нэгдмэл, цогц бүрэлдэхүүн юм. Удаах ёслол бүр нь бидний сүнслэг зорилго, хүсэл тэмүүлэл, гүйцэтгэлийг өсгөж, бэхжүүлдэг. Эцэгийн төлөвлөгөө, Аврагчийн Цагаатгал, сайн мэдээний ёслолууд нь өөрсдийнхөө мөнхийн хувь заяа өөд шат шатаар, дүрэм дүрмээр урагшилж, өсч хөгжихөд бидэнд шаардлагатай ач ивээлийг өгдөг.

Амлалт ба гэрчлэл

Бид энэ мөнх бус амьдралд Тэнгэрлэг Эцэгийн мөнхийн өсөлт хөгжлийн төгс төлөвлөгөөний дагуу амьдрахыг хичээж буй төгс бус хүмүүс юм. Түүний төлөвлөгөөний шаардлагууд нь гайхамшигтай, нигүүлсэнгүй мөн хүнд хэцүү билээ. Бидэнд заримдаа шийдвэр төгс байж, зарим үед огтхон ч хангалтгүй байна гэсэн мэдрэмж төрж магадгүй. Бид ер нь эцсийн өдөр Түүний өмнө толбогүйгээр зогсох зарлигийг сүнслэгээр биелүүлж чадах эсэхээ мэдэхийг хүсдэг байж болно.

Их Эзэний тусламж мөн “бүх зүйлийг заах”31 Түүний Сүнсний хүчээр бид сүнслэг чадавхаа ухаарах адислалыг хүлээн авч чадна. Биднийг дахин төрж, Христийн эмэгтэй, эрэгтэйчүүд болохыг эрэлхийлэх үед ёслолууд нь бидний амьдралд сүнслэг зорилго, хүч чадлыг авчирдаг.32 Бидний сул дорой зан чанарууд хүчирхэгжиж, хязгаарлагдмал байдал маань хүчин мөхөсдөх болно.

Бидний хэн нь ч энэ амьдралд төгс төгөлдөрт хүрч чадахгүй ч “Хурганы цусаар цэвэрлэгдсэн учир”33 хавьгүй илүү зохистой, толбогүй болж чадна. Бид нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгалахыг мөн эцсийн өдөр Их Эзэний өмнө толбогүйгээр зогсохыг хичээснээрээ Аврагчид итгэх илүү их итгэл, илүү агуу сүнслэг баталгаагаар адислагдах болно гэдгийг би амлаж мөн гэрчилж байна. Есүс Христийн нэрээр ийн гэрчилж байна, амен.