2010–2019
Та даруу бай
Дөрөвдүгээр сар 2016


Та даруу бай

Даруу байдал нь бидэнд илүү сайн эцэг эх, охин хөвгүүн, эхнэр нөхөр, хөрш болон найз болоход тусалдаг.

Сүмд бид дууллаар дамжуулан шүтэн бишрэхэд маань тусалдаг дууллын цуглуулгаар адислагдсан билээ. Сүмийн цуглаанд “дууллууд нь бидэнд Их Эзэний Сүнсийг урьж, бишрэл хүндэтгэлийн мэдрэмжийг төрүүлэн, гишүүдийн хувьд биднийг нэгтгэж, Их Эзэнд магтаалын дуугаа өргөх арга замыг өгдөг. Хамгийн агуу номлолыг дууллыг дуулах үед заадаг.”1

Сүм байгуулагдсанаас хойш хэдхэн сарын дараа бошиглогч Иосеф Смит эхнэр Эммадаа зориулан илчлэлт хүлээн авсан байдаг. Их Эзэн түүнд “миний сүмд байх, тэрчлэн, намайг баярлуулах сүмийн ариун дууллууд чамд өгөгдсөнчлөн, түүвэр хий”2 хэмээн зааварлажээ.

Эмма сүмийн дууллын цуглуулгыг хийсэн бөгөөд энэ нь анх 1836 оны Көртландын сүмийн дуулалд гарсан байна.3 Энэ нимгэн номонд дөнгөж 90 дуулал багтсан байж. Цуглуулгад орсон олон дуулал протестант шашны дуулал байв. Доод тал нь тэдгээрийн хорин зургааг нь Уиллиам В.Фелпс зохиосон бөгөөд хожим нь тэрээр сүмийн дууллын номыг бэлтгэн, хэвлүүлэхэд тусалжээ. Уг номон дээр зөвхөн дууллын үгс нь л хэвлэгдсэн байсан бөгөөд ямар ч хөгжмийн нотыг оруулаагүй байна. Дууллын энэхүү энгийн, бяцхан ном Сүмийн анхны гишүүдэд агуу адислал болсон юм.

Зураг
Эмма Смитийн дууллын номноос авсан хуудас
Зураг
Эмма Смитийн дууллын номноос авсан нүүр хуудас

Англи хэл дээр хамгийн сүүлийн хэвлэл 1985 онд хэвлэгдсэн байна. Олон жилийн өмнө Эммагийн сонгосон “Би Гэтэлгэгч амьдыг мэднэ”, “Бат бөх суурь”4 зэрэг олон дуулал манай сүмийн дууллын номд багтсан хэвээр байгаа.

1985 онд шинээр нэмэгдэн орсон нэг дуу бол “Та даруу бай”5 юм. Энэ намуун дөлгөөн дууллыг өнгөрсөн жил насан өөд болсон Грит Тэрбөрг Раули бичсэн. Тэр 1950 онд Хавайд багшилж байхдаа Сүмд элссэн байна. Раули эгч Дуу хөгжмийн ерөнхий хороонд үйлчилж байсан бөгөөд дууллыг олон хэл рүү хөрвүүлэн орчуулахад тусалсан байна. Тэр “Та даруу бай” дууллын үгийг Сургаал ба Гэрээ 112:10 болон Ифер 12:27 гэсэн хоёр судрын шүлэг дээр үндэслэжээ. Ифер дээрх шүлэг “Мөн хэрэв хүмүүс надад ирэх аваас бид тэдэнд өөрсдийнх нь сул доройг үзүүлэх болно. Тэд даруу байж болохын тулд би хүмүүст сул доройг өгдөг; … учир нь хэрэв тэд миний өмнө өөрсдийгөө даруусгаж, мөн надад итгэлтэй байх аваас, тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө” хэмээн цэдэглэгдсэн.

“Та даруу бай” дуулал нь Сүмийн бусад бүх дууллын адил энгийн бөгөөд цэвэр үнэнийг заадаг. Энэ нь хэрэв бид өөрсдийгөө даруусгах юм бол залбирлыг маань хариулж, сэтгэл санаа маань амар тайван байж, дуудлагадаа илүү үр дүнтэй үйлчилж, мөн үргэлжлүүлэн үнэнч байж чадвал эцэстээ Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд эргэн очих болно хэмээн заадаг.

Аврагч дагалдагчдадаа тэнгэрийн хаант улсад орохын тулд бяцхан хүүхэд адил өөрсдийгөө даруусгах ёстой хэмээн заасан.6 Бид хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэхдээ нас биед хүртэл нь даруу хэвээр үлдэхэд нь туслах хэрэгтэй. Бид үүнийг найрсаг бус хандсанаар эсвэл хатуу ширүүн гараар хүмүүжүүлэн, урам зоригийг нь мохоох замаар хийдэггүй. Бид тэдний өөртөө итгэх итгэл, өөрийгөө хүндлэх үзлийг нь сайжруулахын зэрэгцээ тэдэнд аминч бус үзэл, найрсаг, дуулгавартай байдал, бардам биш байх, боловсон харьцаа, элдэв маяггүй байх гэх мэт зан чанарыг заах хэрэгтэй. Түүнчлэн тэдэнд ах эгч дүү, найз нөхдийнхөө амжилтад баярлаж байхыг заах хэрэгтэй. Ерөнхийлөгч Ховард В.Хантэр “бид бусдын амжилтын төлөө чин сэтгэлээсээ санаа тавьдаг байх ёстой”7 хэмээн заасан. Хэрэв бид энэ бүхнийг заахгүй бол хүүхдүүд маань өөрсдийгөө магтан, бусдаас илүү гарч, үе тэнгийнхнийхээ амжилт ололтод атаархаж, дургүйцэх явдалд донтох болно. Залуу хөвгүүн намайг хэт онгирч байгааг хараад “Хүү минь, яг одоо бага зэрэг даруухан байх нь чамд илүүдэхгүй байх гэж бодож байна” хэмээн хэлдэг байсан ээждээ би талархдаг.

Гэхдээ даруу байдал нь зөвхөн хүүхдүүдэд л заах ёстой зүйл биш. Бид бүгдээрээ илүү даруу болохын тулд хичээл зүтгэх гаргах ёстой. Сайн мэдээний адислалаас хүртэхэд даруу байдал зайлшгүй чухал юм. Даруу байдал нь нүгэл үйлдэж, алдаа гаргасан үедээ гэмшин, нүглээ наманчлах боломжийг бидэнд олгодог билээ. Даруу байдал нь бидэнд илүү сайн эцэг эх, охин хөвгүүн, эхнэр нөхөр, хөрш болон найз болоход тусалдаг.

Нөгөө талаас, бардам зан нь гэр бүлийн харилцааг үгүй хийж, гэрлэлтийг салган, нөхөрлөлийг устгадаг. Ялангуяа гэр орондоо зөрчил гарч байгааг мэдрэх болгондоо даруу байдлыг санаж байх нь нэн чухал. Өөрийгөө даруусган, “Уучлаарай”, “Би бодлогогүй зүйл хийчихлээ”, “Та юу хиймээр байна вэ?”, “Би зүгээр л энэ талаар бодсонгүй” эсвэл “Би чамаар бахархаж байна” гэж хэлбэл ямар их зовлонгоос зайлсхийж чадах талаар бодож үзээрэй. Хэрэв эдгээр үгийг даруухнаар хэрэглэх юм бол гэр оронд тань зөрчил гарах нь багасч, амар амгалан байдал нэмэгдэх болно.

Энгийн амьдрал ч гэсэн ихэнх тохиолдолд даруу байхыг шаарддаг. Аюул осол, өвчин эмгэг, хайртай нэгнээ алдах, харилцааны асуудалтай байх, бүр санхүүгийн асуудал ч гэсэн биднийг өвдөг сөхрөн унахад хүргэж болно. Эдгээр хүнд хэцүү үйл явдал нь бидний алдаатай үйлдлээс болоогүй эсвэл буруу шийдвэр гаргаснаас болсон байлаа ч гэсэн биднийг даруусгадаг. Хэрэв бид сүнсний мэдрэмжинд өөрсдийгөө нийцүүлэн, даруухан байж, сурч мэдэхэд нээлттэй байх сонголт хийх юм бол илүү чин сэтгэлээсээ залбирдаг болж, мөнх бус оршихуйн зовлон бэрхшээлийг туулж гарахын хэрээр итгэл, гэрчлэл маань өсөн нэмэгдэх болно. Бид бүгдээрээ өргөмжлөгдөхийг тэсэн ядан хүлээж байдаг ч энэ бүхний өмнө “даруу байдлын хөндий”8 хэмээх зүйлээр дамжин тэсэж гарах ёстой.

Олон жилийн өмнө 15 настай Эрик хүү маань толгойдоо хүнд гэмтэл авсан юм. Түүний долоо хоногийн турш ухаан орохгүй байгааг харах нь бидэнд хэцүү байв. Эмч нар ч дараа нь юу болохыг хэлж мэдэхгүй хэмээн бидэнд хэлж байлаа. Мэдээж, түүнийг ухаан орж эхлэхэд нь бид маш их баярлаж байв. Одоо бүх зүйл сайхан боллоо доо гэж бодож байсан боловч бид эндүүрсэн байлаа.

Ухаан орсныхоо дараа тэр явж, ярьж, өөрийгөө хооллож ч чадахгүй болсон байв. Хамгийн хэцүү нь тэр богино ой санамжаа алдсан явдал байлаа. Тэр осолд орохоосоо өмнөх бараг бүх зүйлийг санахгүй байсны зэрэгцээ үүний дараа болсон үйл явдлыг, хэдэн минутын өмнөх болсон ч гэсэн санах чадваргүй болсон байв.

Хэсэг хугацааны турш хүүгийн маань оюун ухаан 15 настай хүүхдийн хэмжээнд үлдэх нь гэж бид санаа зовж байлаа. Осолд орохоос өмнө хүүгийн маань амьдрал дардан шулуун байлаа. Тэр биеийн тамираар хичээллэдэг, олонд нэртэй, хичээлдээ ч сайн сурдаг байсан юм. Өмнө нь түүний ирээдүйг сайхнаар хардаг байсан бол одоо түүнд өмнөхийн адил ирээдүй байхгүй нь гэж санаа зовох болсон билээ. Харин одоо тэр наад захын чадварыг дахин сурах гэж чармайж байлаа. Энэ цаг үед тэр ч, эцэг эх нь болсон бид ч гэсэн дарууссан юм.

Үнэндээ бид ийм зүйл яагаад тохиолдчихов доо гэж бодож байсан. Бид үргэлж зөв зүйлийг хийхийг хичээдэг байсан. Сайн мэдээний дагуу амьдрах нь манай гэр бүлийн хувьд хамгаас чухал зүйл байлаа. Яагаад ийм зовлон бидэнд тохиолдсон болохыг бид ойлгохгүй байв. Нөхөн сэргээх эмчилгээ хэдэн сар, тэр байтугай хэдэн жил ч болж магадгүй гэдгийг сонсоод бид сөхрөн унасан юм. Хамгийн хэцүү зүйл нь гэвэл түүнийгээ урьдын адил болохгүй гэдгийг бага багаар хүлээн зөвшөөрөх явдал байлаа.

Энэ үед бид ихээхэн нулимс дуслуулан, залбирал маань илүү чин сэтгэлийн маань угаас гарах болсон юм. Даруу байдлын мэлмийгээр бид хүүдээ тохиолдсон хүнд хэцүү цаг үед жижигхэн гайхамшгууд тохиолдож байгааг олж харж эхэлсэн билээ. Тэр маань бага багаар амжилт гаргаж байлаа. Тэр эерэг хандлага, үзэл бодолтой байв.

Өнөөдөр Эрик хүү маань сайхан хамтрагчтай гэрлэж, таван хөөрхөн хүүхэдтэй болсон. Тэр Сүмд болон нийгэмдээ тустай хүсэл тэмүүллээр дүүрэн багш, хувь нэмрээ оруулагч болсон юм. Хамгийн чухал нь тэр олон жилийн өмнө хүлээн авсан яг тэр даруу байдлын сүнснийхээ дагуу амьдарч байгаа билээ.

Гэхдээ бид “даруу байдлын хөндийгөөр” алхлахын өмнө даруу байж чадвал бидэнд юу тохиолдох вэ? Алма

“Даруу байхыг албадуулалгүйгээр өөрсдийгөө даруу болгох тэд адислагдсан болой.”

“Тийм ээ, [тэд] даруу байхаар албадагдсан тэднээс бүр илүү ихээр адислагдсан болой”9 хэмээн заасан.

Энэ агуу зан чанарын үнэ цэнийг бидэнд заасан Алма шиг бошиглогчдодоо би талархдаг. Сүмийн 12 дахь ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллыг даруу гэдэг үгээр үргэлж дүрслэн хэлдэг. “Хүн яаж даруусдаг юм бэ? Миний хувьд, хүнд түшиг түлгүүр хэрэгтэй гэдгийг үргэлж сануулж байх хэрэгтэй гэж боддог. Хэнийг түшиж тулах ёстой вэ? Их Эзэнийг түшиж тулах хэрэгтэй. Өөртөө үүнийг яаж сануулах вэ? Чин сэтгэлийн, байнгын, бишрэл хүндэтгэлтэй, талархлаар дүүрэн залбирлаар сануулах боломжтой”10 хэмээн хэлсэн.

Ерөнхийлөгч Кимбалл “Та надад үргэлж хэрэгтэй”11 гэдэг дуулалд дуртай байсанд нь гайхах хэрэггүй байх. Ахлагч Даллин Х.Өүкс энэ дууг Арванхоёрын чуулгад дуудагдсаныхаа дараах хэдэн жилд ах нарын ариун сүмд хамгийн их дуулдаг нээлтийн дуулал байсан хэмээн хэлсэн байдаг. Тэр “Агуу үүрэг хариуцлагаа биелүүлэхийн тулд Их Эзэний удирдамжийг авахаар залбирахаасаа өмнө тэр дууг дуулдаг байсан Түүний хуруу дарам үйлчлэгчийн үзүүлдэг байсан сүнслэг нөлөөг төсөөлөөд үз дээ”12 хэмээн хэлсэн юм.

Би амьдралдаа даруу байх нь чухал болохыг гэрчлэх гэсэн юм. Би бас Есүс Христийн сайн мэдээний сургаалыг, үүний дотор даруу байдлын талаар бидэнд суралцахад тусалдаг сүнсээр өдөөгдсөн үг, аяыг буулган бичсэн Грит Раули эгчтэй адил хүмүүст талархаж байна. Бидэнд дуулаар дамжуулан шүтэн бишрэхэд тусалдаг дууллуудын өвд талархаж байна. Би даруу байдалд талархаж байна. Бид бүгдээрээ илүү сайн эх эцэг, охин хүү болон Аврагчийн дагалдагч байхын тулд амьдралдаа даруу байхыг хичээгээсэй хэмээн би залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. “First Presidency Preface,” Hymns of The Church of Jesus Christ of Latter-day Saints (1985), ix.

  2. Сургаал ба Гэрээ 25:11.

  3. Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийн дууллын анхны хэвлэлийн эхний хуудас дээр1835 он гэж бичигдсэн гэж байдаг боловч 1836 оны эхэн үед дуусган, хэрэглээнд гарсан байна.

  4. 1835 оны сүмийн дууллын номонд орсон дууллын 26 нь одоогийн дууллын номонд багтсан байдаг (Катлийн Лубэк, “The New Hymnbook: The Saints Are Singing!” Ensign, 1985 оны 9-р сар, 7).

  5. “Be Thou Humble,” Hymns, no. 130.

  6. Матай 18:1–4-ийг үзнэ үү.

  7. Ховард В.Хантэр, “The Pharisee and the Publican,” Ensign, 1984 оны 5-р сар, 66.

  8. Антон Х.Ланд, in Conference Report, 1901 оны 4-р сар, 22.

  9. Алма 32:16, 15.

  10. The Teachings of Spencer W. Kimball, ed. Edward L. Kimball (1982), 233.

  11. “Та надад үргэлж хэрэгтэй,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 12-р хуудас; мөн Брэнт Х.Нийлсон, “I Need Thee Every Hour,” Ensign, 2011 оны 4-р сар, 16.

  12. Даллин Х.Өүкс, “Worship through Music,” Ensign, 1994 оны 11-р сар, 10.