2010–2019
Би итгэдэг үү?
Дөрөвдүгээр сар 2016


Би итгэдэг үү?

Хэрэв эдгээр зүйл нь үнэн юм бол дэлхийн мэддэг захиасууд дотроос найдвар, тусламжийн хамгийн агуу захиас бидэнд байна.

Яг нэг жилийн өмнө 3-р сарын 30-нд Ютагийн Американ Форкод амьдардаг хоёр настай Итан Карнэсэкка уушигны хатгалгаа тусаж, уушигных нь эргэн тойронд устсан учраас эмнэлэгт хүргэгдсэн юм. Хоёр хоногийн дараа түүний биеийн байдал улам муудаж, Солт Лэйк хот дахь Хүүхдийн эмнэлэг рүү нисдэг тэргээр хүргүүлэх шаардлагатай болсон байна. Сэтгэл нь зовсон түүний ээж Мишээл урд талын суудал дээр хүүдээ хань болж суух зөвшөөрөл авчээ. Тэр онгоцонд байгаа хүмүүстэй харилцахын тулд чихэвч зүүсэн байв. Мишээл өөрөө хүүхдийн сувилагч учраас өвчтэй бяцхан хүүг нь асарч байгаа эмч нарын яриаг сонсоод, Итаны биеийн байдал ноцтой байгааг хангалттай сайн ойлгож байлаа.

Зураг
Итан Карнэсэкка өвчтэй байхдаа

Энэхүү чухал цаг үед Мишээл тэднийг Дрэпэр Юта ариун сүмийн чанх дээгүүр явж байгааг анзаарав. Тэр өндрөөс уг хөндийг ажиглан, Жордан Ривэр ариун сүм, Окюр Маунтэн ариун сүм, бүр нэлээд цаана байгаа Солт Лэйк ариун сүмийг харж байв. Түүний оюун санаанд “Чи итгэж байна уу? Эсвэл үгүй юү?” гэсэн бодол орж иржээ.

Тэр энэ туршлагынхаа талаар

“Би Хүүхдийн хэсэгт, Залуу эмэгтэйчүүдийн ангид ариун сүмийн адислалыг болон ‘гэр бүлүүд мөнхөд байх болно’ гэдгийг мэдэж авсан. Би Мексикт номлолын ажил хийж байхдаа олон сайн хүнд гэр бүлийн захиас хуваалцаж байсан. Би нөхөртэйгээ ариун сүмд энэ амьдралд болоод үүрд мөнх лацдан холбогдсон. Залуу эмэгтэйчүүдийн удирдагч байхдаа би гэр бүлүүдийн тухай зааж байсан ба гэр бүлийн үдшээр хүүхдүүддээ мөнхийн гэр бүлийн талаар хуваалцаж байсан. Би үүнийг үнэн гэдгийг МЭДЭЖ БАЙСАН. Гэхдээ би үнэн гэдэгт нь ИТГЭЖ БАЙСАН УУ? Хариулт маань асуулттайгаа адил оюун санаанд минь хурдан орж ирэн, Сүнс зүрх сэтгэл, оюун санаанд маань хариултыг аль хэдийн мэдэж байгааг нотолж өгсөн юм. БИ ИТГЭЖ БАЙСАН!

“Тэр үед би Тэнгэрлэг Эцэгтээ зүрх сэтгэлээ нээн, гэр бүлүүд үүрд мөнх хэмээн мэдэж, итгэдгийнхээ төлөө Түүнд талархаж билээ. Би үүнийг боломжтой болгож өгсөн Түүний Хүү Есүс Христийн төлөө Эцэгтээ талархсан. Би Тэнгэрлэг Эцэгт хүүгийнхээ төлөө талархаж, хэрэв бяцхан Итаныг тэнгэрлэг гэр рүүгээ авч явах шаардлагатай бол авч явж болно гэж хэлсэн. Би Тэнгэрлэг Эцэгтээ бүрэн дүүрэн найдаж, Итаныг дахин харна гэдэгтээ итгэж байлаа. Би сэтгэл санаа хямарсан тэр үедээ ч маш их талархалтай байсан. Надад сайн мэдээ бол үнэн гэдэг гэрчлэл МӨН итгэл байсан. Миний сэтгэл амар тайван байсан”1 гэж ярьсан юм.

Итан эмнэлэгт олон долоо хоног асаргаа сувилалд байлаа. Хайртай хүмүүсийнх нь залбирал, мацаг барилт, итгэл тэрхүү асаргаа сувилгаатай нэгдэн түүнд эмнэлгээс гаран, гэрийнхэнтэйгээ хамт байхаар гэр рүүгээ буцах боломжийг олгосон юм. Тэр одоо эрүүл энх, сайн байгаа.

Зураг
Карнэсэккагийн гэр бүл
Зураг
Итан Карнэсэкка эдгэрэв

Тэрхүү шийдвэрлэх мөч Мишээлд амьдралынхаа турш заалгаж ирсэн зүйл нь зүгээр нэг үг байгаагүй гэдгийг нотолж өгчээ. Энэ нь үнэн юм.

Бид заримдаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд бидэнд өгөгддөг адислалд хэт дасаад, Их Эзэний үнэн Сүм дэх шавь байхын гайхамшиг, сүр жавхланг бүрэн дүүрэн ухаарч ойлгохоо мартдаг уу? Бид хэзээ нэгэн цагт энэ дэлхийд өгөгдөж болох хамгийн агуу бэлэгт талархалгүй байсандаа буруутай юу? Аврагч Өөрөө “Хэрэв чи миний зарлигуудыг сахьж мөн эцсээ хүртэл тэвчих аваас, чи Бурханы бүх бэлгүүдээс хамгийн агуу бэлэг болох мөнх амьдралтай байх болно”2 хэмээн хэлсэн.

Энэ Сүм зүгээр л нэг ням гаргуудад очдог мөн хэрхэн сайн хүн байхад суралцдаг сайхан газраас илүү утга учиртай юм. Энэ нь зүгээр л ёс суртахуунтай хүмүүстэй уулзаж, ярилцаж болох Христийн шашинтай хүмүүсийн сайн сайхан клубаас илүү утга учиртай. Энэ нь эцэг эхчүүдийн хүүхдүүдээ хариуцлагатай, сайн хүн болгохын тулд гэр орондоо заадаг агуу санаануудаас ч илүү утга учиртай. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь эдгээр бүх зүйлээс хамаагүй илүү утга учиртай зүйл билээ.

Энэ Сүмд тунхагладаг гүн гүнзгий тунхаглалуудын талаар хэсэгхэн зуур бодоорой. Есүс Христийн дэлхий дээр байхдаа үүсгэн байгуулсан тэр Сүм бидний цаг үед Бурханаас дуудагдсан бошиглогчоор сэргээгдсэнд мөн бидний удирдагчид эртний төлөөлөгчдөд байсан Бурханы нэрээр үйлдэх хүч, эрх мэдлийг атгадаг гэдэгт бид итгэдэг. Үүнийг Бурханы санваар гэж нэрлэдэг. Энэхүү сэргээгдсэн эрх мэдлээр дамжуулан бид баптисм зэрэг авралын ёслолуудыг хүлээн авч, бидэнтэй үргэлж хамт байх Ариун Сүнсний цэвэршүүлэх, ариусгах бэлэгт баясаж чадна. Бидэнд энэ Сүмийг санваарын түлхүүрүүдээр дамжуулан удирдаж, чиглүүлдэг төлөөлөгч, бошиглогчид байдаг. Бурхан эдгээр бошиглогчоор дамжуулан хүүхдүүдтэйгээ ярьдаг гэдэгт бид итгэдэг.

Энэхүү санваарын хүч хэзээ нэгэн өдөр бидэнд Бурханы оршихуй руу эргэн очиж, Түүнтэй үүрд хамт амьдрах боломжтой болгодог ариун сүмүүдэд гэрээнүүдийг хийх, ёслолуудыг хүлээн авах боломжийг өгдөг гэдэгт бид итгэдэг. Бид мөн энэ хүчээр дамжуулан хосууд Бурханы өргөө гэж итгэдэг ариун нандин газар гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээнд орсноор гэр бүлүүд үүрд мөнхөд холбогдож чадна гэдгийг тунхаглаж байна. Бид эдгээр авралын ёслолыг зөвхөн өөрсдөдөө биш бас энэ дэлхий дээр амьдарч байхдаа эдгээр чухал авралын ёслолуудад оролцох боломжгүй байсан өвөг дээдсийнхээ төлөө хүлээн авч чадна гэдэгт итгэдэг. Бид энэ ариун сүмүүдэд өвөг дээдсийнхээ төлөө төлөөлөн гүйцэтгэх ёслолыг гүйцэтгэж чадна гэдэгт итгэдэг.

Бид Есүс Христийг дэлхийн Аврагч гэдгийг тунхаглахдаа Библийн нэмэлт гэрч болдог бусад судрыг бошиглогч мөн Бурханы хүчээр дамжуулан хүлээн авсан гэдэгт итгэдэг.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол Бурханы хаант улс бөгөөд дэлхий дээрх цорын ганц үнэн Сүм гэдгийг бид тунхаглаж байна. Есүс Христ тэргүүнд нь байдаг учраас энэ сүмийг Есүс Христийн Сүм гэж нэрлэдэг. Энэ бол Түүний Сүм. Эдгээр бүх зүйл Түүний цагаатгах золиослолын ачаар боломжтой болсон.

Бид эдгээр өвөрмөц шинж чанар дэлхий дээрх өөр ямар ч газар, байгууллагуудад байхгүй гэдэгт итгэдэг. Өөр бусад шашин, сүм хийд нь сайн сайхан мөн чин сэтгэлийнх байдаг боловч тэдгээрийн алинд нь ч Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд боломжтой байдаг авралын ёслолуудаар хангах эрх мэдэл байхгүй.

Бидэнд эдгээр зүйлийн талаар мэдлэг байдаг. Гэхдээбид тэдгээрт итгэдэг үү? Хэрэв эдгээр зүйл нь үнэн юм бол дэлхийн мэддэг захиасууд дотроос найдвар, тусламжийн хамгийн агуу захиас бидэнд байна. Тэдгээрт итгэх нь бидний хувьд мөн бидний хайртай хүмүүсийн хувьд мөнхийн ач холбогдолтой зүйл юм.

Бид итгэхийн тулд сайн мэдээг толгойноосоо зүрх сэтгэл рүүгээ суулгах хэрэгтэй! Биднээс хүсэн хүлээдэг учраас эсвэл бидний өсөж торнисон соёл, дадал хэвшил учраас сайн мэдээг автоматаар дагах нь боломжтой зүйл. Зарим хүн Хаан Бенжамины урам зориг өгсөн номлолыг сонссоны дараа түүний хүмүүсийн мэдэрсэн туршлагыг мэдрээгүй байж болно. Тухайлбал: “Тэд бүгд нэгэн дуугаар хашгирч, өгүүлсэн нь: Тийм ээ, бидэнд ярьсан тэр бүх үгсэд тань бид итгэнэ, мөн түүнчлэн, бидэнд хилэнцийг үйлдэх хүслийг үгүй болгох, харин үргэлж сайныг хийх болгон, бидэнд, өөрөөр хэлбэл бидний зүрх сэтгэлд хүчирхэг өөрчлөлтийг үйлдсэн Төгс Хүчит Их Эзэний Сүнсний учир тэдгээрийн гарцаагүйг мөн үнэнийг бид мэднэ.”3

Бид бүгд цаашид дэлхийн арга замуудыг дагах хүсэлгүй, харин Бурханы тааллыг олох хүсэлтэй байж болохын тулд зүрх сэтгэл, эгэл байдлаа өөрчлөхийг эрэлхийлэх хэрэгтэй. Жинхэнэ хөрвөлт цаг хугацааны туршид ирдэг мөн итгэлээ хөгжүүлэх хүслийг багтаадаг үйл явц юм. Энэ нь биднийг интернэтийг биш судруудыг судлах үед ирдэг. Биднийг Бурханы зарлигуудад дуулгавартай байх үед ирдэг. Хөрвөлт нь биднийг эргэн тойрондоо байгаа хүмүүст үйлчлэхэд ирдэг. Энэ нь чин сэтгэлээсээ залбирч, ариун сүмд ойр ойрхон орж, Бурханаас өгсөн үүрэг хариуцлагуудыг итгэлтэй биелүүлснээр ирдэг. Энэ нь байнгын, өдөр бүрийн хичээл зүтгэл шаарддаг.

Надаас “Өнөөдөр өсвөр үеийнхэнд маань тулгарч байгаа хамгийн том сорилт бэрхшээл юу вэ?” гэж байнга асуудаг. Хамгийн агуу сорилт бол тэдний амьдрал дахь “агуу хийгээд нүсэр барилгын”4 аймшигтай нөлөө гэдэгт итгэдэг гэж би хариулдаг. Хэрэв Мормоны Ном бидний өдрүүдэд зориулан бичигдсэн юм бол Лихайн амьдралын модны үзэгдэл дэх захиасуудын ач холбогдлыг, агуу хийгээд нүсэр барилгаас хуруугаа чичин, тохуурхаж байгаа тэдгээрийн үр дагаврыг анзаарахгүй өнгөрч болохгүй.

Хамгийн харамсалтай түүх нь аль хэдийн нарийн бөгөөд шулуун зам дээрх харанхуйлах манан дундуур гарсан, төмөр бариулаас барьсан, зорилгодоо хүрсэн, амьдралын модны цэвэр, амтат жимснээс хүртэж эхэлсэн хүмүүсийн түүх байдаг. Судрууд агуу хийгээд нүсэр барилга дахь тансаг хувцастай хүмүүс “жимснээс хүртсэн тэднийг хуруугаараа занган басхүү элэглэх байдалтай байх ажээ.

Мөн тэд жимсийг амссаныхаа дараа тэднийг тохуурхсан тэднээс ичингүйрхсэн болой; мөн тэд хориглогдсон замаар будилан орж мөн төөрч байв”5 хэмээн дурддаг.

Эдгээр шүлэг нь Есүс Христийн сайн мэдээг аль хэдийн амьдралдаа хүлээн авсан хүмүүсийг дүрслэн хэлсэн. Бид сайн мэдээнд төрсөн эсвэл сайн мэдээг олохын тулд харанхуйлах манан дундуур тэмцэж гарах хэрэгтэй байсан гэдгээсээ үл шалтгаалан “хамгийн үнэт мөн хамгийн хүсэл татам” мөн “Бурханы бүх бэлэгнүүдээс хамгийн агуу нь”6 болох мөнх амьдралыг бидэнд авчрах чадавхтай жимснээс хүртсэн. Бид зүгээр л жимснээс үргэлжлүүлэн хүртсээр, бидний итгэл үнэмшлээр доог тохуу хийдэг, эргэлзээ төрүүлэхдээ баяртай байдаг эсвэл Сүмийн удирдагчид болон сургаалаас бурууг хайдаг хүмүүсийг сонсохгүй байх хэрэгтэй. Эргэлзээнээс илүү итгэлийг сонгох нь бидний өдөр тутам хийдэг сонголт юм. Ахлагч М. Рассэлл Баллард биднийг “завиндаа үлдэж, аврах хантаазаа өмсөн, хоёр гараараа зууран барьцгаая”7 хэмээн уриалсан билээ.

Их Эзэний үнэн Сүмийн гишүүдийн хувьд бид аль хэдийн завин дээрээ гарсан билээ. Бид амьдралын зовлон бэрхшээл дундуур биднийг аюулгүй байлгах тайтгарал, тусламж, чиглүүлгийг өгөх үнэнийг олохын тулд дэлхийн гүн ухаанаар дамжуулан хайх шаардлагагүй. Бидэнд аль хэдийн үнэн байгаа. Итаны ээж олон жил итгэж явсан зүйлээ дүгнэн шинжилж, сэтгэл хямарсан үедээ ч “Би итгэж байна” гэж тунхагласан шиг бид ч бас тэгж чадна!

Их Эзэний хаант улсын гишүүн байх нь хэмжээлшгүй үнэ цэнтэй бэлэг гэдгийг би гэрчилж байна. Их Эзэний дуулгавартай, итгэлтэй хүмүүст нөөцөлсөн адислал, амар амгалан хүн төрөлхтний ухаарч чадахаас илүү гэдгийг би гэрчилж байна. Би энэ гэрчлэлээ Есүс Христийн нэрээр үлдээж байна, амен.