2010–2019
Мөнхийн гэр бүл
Дөрөвдүгээр сар 2016


Мөнхийн гэр бүл

Бидний санваарын үүрэг хариуцлага бол өөрийн болон эргэн тойронд байгаа хүмүүсийнхээ гэр бүлийг анхаарлынхаа төвд байлгах явдал юм.

Би энэ үдэш Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Санваарын нэгдсэн хуралдаанд та бүхэнтэй хамт байгаадаа баяртай байна. Энэ бол Сүмийн түүхэн дэх хамгийн агуу цаг үе билээ. Огайо, Көртландад нэг зуун наян хоёр жилийн тэртээ, 1834 онд бүх санваартныг хааш хаашаагаа 4,2 метрийн хэмжээтэй дүнзэн байшинд дуудаж цуглуулжээ. Тэрхүү цуглаанаар бошиглогч Иосеф Смит: “Та нар энэ Сүмийн болон хаант улсын хувь тавилангийн талаар эхийнхээ өвөр дээрх нялх хүүхэд лүгээ адил их зүйлийг мэдэхгүй байгаа. Та нар үүнийг ойлгохгүй байна. … Өнөө орой энд хуруу дарам цөөхөн санваартан байгааг та нар харж байна. Гэвч энэ Сүм Хойд, Өмнөд Америкийг дүүргэнэ—энэ дэлхийг дүүргэнэ”1 хэмээн хэлсэн гэдэг.

110 гаруй улс орны олон сая санваартан энэ хуралдаанд ирсэн байна. Магадгүй бошиглогч Иосеф Смит энэ цаг үеийг мөн бидний гайхамшигт ирээдүйг урьдаас харсан байж болох юм

Өнөө орой хэлэх гэсэн миний захиас уг ирээдүйг дүрслэх бөгөөд бид Тэнгэрлэг Эцэгийнхээ бидэнд зориулан бэлдсэн аз жаргалын төлөвлөгөөний нэгэн хэсэг болохын тулд өөрийн зүгээс юу хийх ёстой тухай байх болно. Бид энд төрөхөөсөө өмнө өргөмжлөгдсөн Тэнгэрлэг Эцэгийнхээ гэр бүлд амьдардаг байсан. Тэр бидэнд Өөртэй нь адил болон өсөн дэгжиж, хөгжих боломж олгох төлөвлөгөөг боловсруулсан. Тэр бидэнд хайртай байсан учраас үүнийг хийсэн юм. Энэ төлөвлөгөөний зорилго бол Тэнгэрлэг Эцэг маань хэрхэн амьдардагтайгаа адил мөнх амьдрах эрхийг бидэнд олгох явдал байв. Сайн мэдээний энэ төлөвлөгөө биднийг сорих мөнх бус амьдралыг өгсөн. Хэрэв бид сайн мэдээний хууль, санваарын ёслолын дагуу амьдарвал Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан Түүний хамгаас агуу бэлэг болох мөнх амьдралыг хүлээн авна гэсэн амлалтыг бидэнд өгсөн.

Мөнх амьдрал гэж Бурхан Мөнхийн Эцэгийн маань амьдардаг амьдралыг хэлнэ. Бурхан Өөрийнхөө зорилгыг “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” (Moсе 1:39) явдал хэмээн хэлсэн. Санваартан бүрийн нэн тэргүүнд тавьж байх ёстой зорилго бол хүмүүсийг мөнх амьдрал өөд тэмүүлэхэд туслах явдал юм.

Санваартан бүрийн хүчин чармайлт, санваарын ёслол бүр Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд Есүс Христийн Цагаатгалаар дамжин өөрчлөгдөх, төгс гэр бүлийн нэгжийн гишүүн болоход туслах зорилготой. Энэ нь “хүн бүрийн хийх ёстой агуу ажил бол сайн мэдээнд итгэн, зарлигуудыг дагаж, мөнх гэр бүлийн нэгжийг үүсгэн, төгс болгох”2-оос гадна бусдад ийнхүү хийхэд туслах үүрэгтэй нь холбоотой.

Энэ нь үнэн учраас хийдэг бүх зүйлийн маань гол төв болоод зорилго нь селестиел гэрлэлт байх ёстой. Энэ нь бид мөнхийн ханьтайгаа Бурханы ариун сүмд лацдан холбогдохыг эрэлхийлэх ёстой гэсэн үг юм. Үүнээс гадна энэ болон ирэх амьдралд бид эхнэр нөхрийг гэр бүлтэй нь холбож байдаг гэрээнд орж, сахихыг бусдад урамшуулан дэмжих ёстой.

Яагаад энэ бүхэн хөгшин эсвэл залуу, дикон эсвэл дээд прист, эцэг эсвэл хүү болох бидний хүн нэг бүрд ийм их хамаатай юм бэ? Яагаад гэвэл өөрийн болон эргэн тойрны хүмүүсийнхээ гэр бүлийг анхаарлынхаа төвд байлгах нь бидний санваарын үүрэг хариуцлага юм. Чухал шийдвэр бүрийг энэ шийдвэр нь гэр бүлүүдийг Тэнгэрлэг Эцэгтэй болон Есүс Христтэй хамт амьдрахаар зохистой байлгахад хэрхэн нөлөөлж байгаа дээр үндэслэн гаргаж байх ёстой. Санваарын үйлчлэлд үүнээс чухал зүйл гэж үгүй.

Энэ үдэш сонсож суугаа диконд гэр бүлийнхээ болон чуулгын гишүүний хувьд энэ нь ямар утгатай болохыг хэлье.

Түүний гэр бүлийнхэн тогтмол залбирч, гэр бүлийн үдшээ хийдэггүй байж болно. Хэрэв аав нь эдгээр үүргээ ойлгон, залбирч, судраас уншихаар гэр бүлээ цуглуулбал дикон үүнд инээмсэглэн, шамдан оролцох ёстой. Тэр ах, эгч, дүү нараа оролцохыг уриалан дуудаж, оролцвол урмын үг хэлж болно. Мөн хичээлийн жилийн эхэнд эсвэл өөр шаардлага гарсан үед ааваасаа адислал өгөхийг хүсэж болно.

Ийм итгэлтэй аав түүнд байхгүй байж ч болох юм. Гэхдээ ийм зүйл болоосой гэсэн зүрх сэтгэлээс нь гарсан хүсэл түүний итгэлийн ачаар эргэн тойрных нь хүмүүст тэнгэрийн хүчийг авчрах болно. Тэд диконы чин сэтгэлээсээ хүсэж байгаа гэр бүлийн амьдралыг эрэлхийлнэ.

Аароны санваарын багш гэрийн багшийн үүрэгт ажлаа Их Эзэнд нэгэн гэр бүлийн амьдралыг өөрчлөхөд туслах боломж гэж харж болно.

“Багшийн үүрэг нь сүмийг ямагт харж хандах, мөн тэдэнтэй хамт байж мөн бэхжүүлэх нь болой;

“Мөн сүмд алдас байхгүй, мөн бие биендээ хахир хатуу хандахгүй, мөн худал хэлэхгүй, хов жив хөөцөлдөхгүй, мөн шүүмжлэхгүй байхад анхаарах нь болой” (С ба Г 20:53–54) хэмээн зөвлөсөн.

Үүний адил Аароны санваарын пристэд

“Санваартны үүрэг нь номлох, заах, тайлбарлах, ухуулах, мөн баптисм хүртээх, мөн ариун ёслолыг гүйцэтгэх нь болой,

“Мөн гишүүн бүрийн гэрээр айлчлан, мөн чанга дуугаар болон чимээгүй залбирахыг, мөн гэр бүлийн бүх үүргээ гүйцэтгэхийг тэдэнд ухуулах нь болой” (С ба Г 20:46–47) хэмээх тушаалыг өгсөн.

Та нар залуухан багш, прист байхдаа бодож байсантай минь адил эдгээр шаардлагад хэрхэн хүрч болох талаар боддог байж магадгүй. Гэр бүлийг мөнхийн амьдрал өөд чиглүүлэхдээ дургүйг нь хүргэлгүй мөн шүүмжилж байгаа сэтгэгдэл төрүүлэхгүйгээр хэрхэн ухуулж болохыг би сайн мэддэггүй байлаа. Би зүрх сэтгэлийг өөрчлөх чадалтай ухуулга нь зөвхөн Ариун Сүнсээр хийгддэг гэдгийг олж мэдсэн юм. Энэ нь бид гэр бүлийнхээ төгс гишүүн нь байж чадсан Аврагчийн талаарх гэрчлэлээ хуваалцахад ихэвчлэн болж өнгөрдөг. Бид Түүнийг хайрлахад анхаарлаа төвлөрүүлэх юм бол айлчлан очдог айл тань улам их эв нэгдэлтэй, амар тайван байх болно. Биднийг гэр бүлүүдэд очиж үйлчлэхэд Ариун Сүнс бидэнтэй хамт байх болно.

Залуу санваартан залбирч, ярьж, гэр бүлийнхээ гишүүдийг урамшуулан дэмжиж байгаа байдлаараа бусдын оюун ухаан, зүрх сэтгэлд Аврагчийн нөлөө, үлгэр жишээг харуулдаг.

Нэгэн ухаалаг санваарын удирдагч надад үүнийг ойлгосон болохоо харуулсан билээ. Тэр өсвөр насны хүүгээс маань гэрийн багшийн ажлыг удирдан явуулахыг хүссэн юм. Айлчлан очих гэж байгаа гэр бүлийнхэн түүний ухуулгыг хүлээн авахгүй байж болох ч бяцхан хүүгийн энгийн заах арга барил, гэрчлэл хатуурсан зүрх сэтгэлд нь хүрэх байх гэж бодож байгаагаа тэр хэлжээ.

Залуу ахлагч мөнхийн гэр бүлийг бий болгоход хэрхэн тусалж болох вэ? Тэр номлолын талбарт гарах гэж байж болно. Тэр чин сэтгэлээсээ гэр бүлүүдийг олж, заан, баптисм хүртээх боломжтой байхын төлөө залбирч болно. Нэгэн өдөр миний номлолын хамтрагч бид хоёр сайхан эхнэр, хоёр хөөрхөн охинтойгоо амьдардаг нэгэн залуугийн гэр бүлтэй хамт сууж байснаа одоо ч гэсэн мартдаггүй. Ариун Сүнс тэдэн дээр ирж, Есүс Христийн сайн мэдээ сэргээгдсэн гэдгийг гэрчилсэн юм. Тэр ч байтугай тэд итгэсэн учраас бяцхан охидыг нь ариун ёслолын нэгэн цуглаан дээр харж байсантай адил адисалж өгөхийг биднээс хүсэж билээ. Хүүхдүүдийг нь адислаасай гэсэн хүсэл тэдэнд байсан ч жинхэнэ адислалыг зөвхөн Бурханы ариун сүмд гэрээ хийснээр хүлээн авах боломжтой гэдгийг тэд хараахан ойлгохгүй байв.

Одоо ч гэсэн насан өндөр болсон тэр хос болон охид нь мөнхийн гэр бүлийн амлалтыг аваагүй байгаа гэж бодоход зүрх минь шимширдэг. Эцэг эх нь өөрсдөд нь ирэх боломжтой байсан адислалын зах зухаас бага ч болов мэдэрсэн. Би тэдэнд ямар нэгэн байдлаар, хаа нэгтээ мөнхийн гэр бүл болох боломж олдоно байх гэж найдаж явдаг.

Номлолын талбарт гарч байгаа бусад номлогчид хүүд минь тохиолдсоноос ч илүү баярт явдал тохиолдох болно. Тэр хамтрагчтайгаа хамт зүдрүүхэн амьдралтай, найман хүүхэдтэй бэлэвсэн эмэгтэйг олсон байжээ. Тэр тэднийг, та нарын хүсэж байгаатай адил, мөнхийн гэр бүлтэй болгохыг хүсэж байлаа. Тэр үед хүүд маань энэ бүхэн боломжгүй, найдваргүй мэт санагдаж байсан гэдэг.

Хүүгээ тэр бэлэвсэн эмэгтэйд баптисм хүртээснээс хойш олон жилийн дараа, би тэр бяцхан хотод айлчлан очиход тэр эмэгтэй намайг гэр бүлтэйгээ уулзуулахаар урьсан юм. Түүний хүүхдүүд ач зээ нартай нь тэр хавийн өөр өөр цуглааны байрнаас ирж байсан тул надад удаан хүлээх хэрэг гарав. Нэг хүү нь бишопын зөвлөлд итгэлтэйгээр үйлчилж, бүх хүүхэд нь ариун сүмийн гэрээнд орж, мөнхийн гэр бүлд лацдан холбуулж, адислагдсан байлаа. Тэр сайхан эгчтэй салах ёс хийх үед тэр миний бэлхүүсээр тэврэн, “Матеод намайг нас барахаас өмнө ирж уулз гэж хэлээрэй” гэж захиж билээ. Тэр эгч итгэлтэй ахлагчидтай уулзсан учраас Бурханы хамгаас агуу бэлгийг баярлан хүлээх боломжтой болсон юм.

Ахлагч хүн номлолоосоо буугаад, өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ төлөө мөнх амьдралыг эрэлхийлнэ гэсэн амлалтандаа үнэнч байхын тулд хийх ёстой зүйлүүд бий. Гэрлэлтээс өөр чухал амлалт энэ болон ирэх амьдралд үгүй. Та нар номлолынхоо дараа гэрлэлтийг нэн түрүүнд тавих ёстой гэсэн мэргэн зөвлөгөөг сонсож байсан. Итгэлтэй санваарын үйлчлэгч ухаалаг байж, үүнийг биелүүлдэг.

Тэрээр гэрлэх тухай бодож үзэхдээ үр хүүхдийнхээ эхийг мөн тэдэнд уламжлуулах өвийг сонгож байгаа гэдгээ олж харна. Тэр сонголтоо чин сэтгэлээсээ эрэлхийлэн, залбирч байж хийнэ. Гэрлэж байгаа хүн нь гэр бүлийн талаарх үзэл бодол, Их Эзэний гэрлэлтийн зорилгын талаарх итгэл үнэмшлийг нь хуваалцдаг мөн тэр эмэгтэйн гарт үр хүүхдийнхээ аз жаргалыг найдаж болно гэдэгт бат итгэсэн байх ёстой.

Ерөнхийлөгч Н. Элдон Таннэр: “Та нар үр хүүхдийнхээ эцэг эхийг бусад эцэг эхээс илүү ихээр эрхэмлэн хүндэлж байх ёстой. Үр хүүхдүүд тань таны өгч чадах хамгийн сайн—цэвэр ариун эцэг эхтэй байх эрхтэй”3 хэмээх мэргэн зөвлөгөөг өгсөн. Цэвэр ариун байдал нь таныг болон үр хүүхдүүдийг тань хамгаалах болно. Та тэдэнд энэ адислалыг өгөх үүрэгтэй.

Одоо энэ үдэш анхааран сонсож байгаа нөхөр, эцгүүдэд хандан үг хэлье. Та нар юу хийж чадах вэ? Селестиел хаант улсад хэзээ нэгэн цагт өөрөө болон гэр бүлээрээ амьдрахад шаардагдах өөрчлөлтийг хийх хүсэл тань нэмэгдсэн болов уу гэж би найдаж байна. Санваартан эцэг хүний хувьд та эхнэртэйгээ хамт гэр бүлийнхээ гишүүн бүрийн зүрх сэтгэлд хүрч, эцсийн өдрийг хүсэн хүлээхэд урамшуулан дэмжиж чадна. Та гэр бүлтэйгээ хамт ариун ёслолын цуглаанд суун, Ариун Сүнсийг урин дуудах гэр бүлийн цуглааныг хийж, эхнэртэйгээ болон гэр бүлтэйгээ хамт залбирч, тэднийгээ ариун сүмд авч ороход өөрийгөө бэлдэх болно. Та тэднийгээ мөнхийн гэр бүл болох замд хөтөлнө.

Та эхнэр, хүүхдэдээ Тэнгэрлэг Эцэг танд хэрхэн ханддагийн адил хандана. Та гэр бүлээ Аврагчийн арга барилаар удирдан залахын тулд Түүний үлгэр жишээ, удирдамжийг дагах болно.

“Хүч буюу нөлөө нь санваарын ариун журмаар төдийгүй гагцхүү сэнхрүүллээр, тэсвэр тэвчээрээр, эелдэг зөөлөн хийгээд номхон дөлгөөнөөр, чин сэтгэлийн хайраар тэтгэгдэж чадах буюу байх ёстой ажгуу;

“Нинжин сэтгэл, мөн цэвэр мэдлэгээр энэ нь зусардалтгүйгээр мөн заль мэхгүйгээр оюун санааг агуу ихээр өргөжүүлэн тэлдэг буюу---

“Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн үед хурц тодоор, цагаа олж шүүмжил; мөн тэрээр чамайг дайснаа гэж үзэхгүйн тулд, тэгээд та нар шүүмжилсэн түүнийг хайрлах хайраа дараа нь нэмэгдүүлснээ харуул”(С ба Г 121:41–43).

Их Эзэн санваартан аавуудад ямар нөхөр байх ёстойг нь хэлсэн байдаг. Тэрээр “Чи эхнэрээ бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж мөн өөр хэнтэй ч биш харин түүнтэй нэгдэн нийлэх ёстой” (С ба Г 42:22) хэмээн хэлсэн. Их Эзэн “Чи … садар самууныг үйлдэх буюу … энэ мэт ямар ч зүйлийг үйлдэх ёсгүй” (С ба Г 59:6) гэсэн үгийг эхнэр нөхөрт хоёуланд хандан хэлсэн.

Тэрээр “Хүүхдүүд ээ, бүх талаар эцэг эхдээ дуулгавартай байгтун. Ингэх нь Эзэнд таалагдана” (Колоссай 3:20) мөн “Эцэг эхээ хүндэл” (Eгипетээс гарсан нь 20:12) хэмээн айлдсан.

Их Эзэн бие биенээ хайрлаж, дэмжиж бай гэсэн зөвлөгөөг гэр бүлд хандан өгсөн байдаг.

Тэр биднээс гэр бүлийнхээ “гишүүн бүрийн … амьдралыг төгс болгохын тулд хичээл зүтгэл гарга,” “сул дорой нэгнийгээ хүчирхэгжүүлж, холдон одсон хайртай хүмүүсээ ойртуулан, шинээр бий болсон сүнслэг хүч чадалд нь баярлацгаа”4 хэмээн хүссэн.

Түүнчлэн Их Эзэн биднээс нас барсан садан төрлийнхөө хүмүүсийг мөнхийн гэртээ өөрсөдтэйгөө хамт байлгахын тулд чадах бүхнээ хийж туслахыг хүссэн билээ.

Хүмүүст өвөг дээдсээ олж, нэрсийг нь ариун сүмд аваачихад нь туслахын тулд ихээхэн хичээл зүтгэл гарган ажилладаг дээд пристийн бүлгийн удирдагчид биднээс өмнө нас барсан хүмүүсийг аварч байна гэсэн үг юм. Тэдгээр дээд прист болон ёслолыг гүйцэтгэсэн хүмүүс сүнсний дэлхийд хүлээж байгаа гэр бүлийнхнийгээ мартаагүй тул ирэх дэлхийд тэдэнд талархах болно.

Бошиглогчид: “Гэрийнхээ ханан дотор хийж гүйцэтгэх ажил тань Их Эзэний та нарт үүрэг болгосон хамгийн чухал ажил байх болно. Гэрийн багш, бишопын ажил үүрэг, Сүмийн бусад үүрэгт ажил чухал ч гэлээ, гэрийнхээ ханан дотор гэртээ хийх ажил тань юунаас ч илүү чухал юм”5 хэмээн хэлсэн.

Өөртөө болон хайртай хүмүүстээ мөнх амьдралыг хүлээн авахад тусалдаг жижиг жижиг үйлдлүүд гэрт тань төдийгүй санваарын үйлчлэлд тань юунаас ч илүү үнэ цэнтэй юм. Эдгээр үйлдэл энэ амьдралын хувьд өчүүхэн жижиг байж болох ч мөнх оршихуйд үүрдийн адислал авчрах болно.

Бид Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд Түүн рүү эргэн очиход туслахад үнэнчээр үйлчилбэл дэлхий дээрх тохинууллаа дуусгасны дараа хүсэн хүлээсэн үгээ сонсох эрхтэй болно. Тэр нь: “Сайн байна, итгэмжит сайн боол минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор” (Maтай 25:21) гэсэн үгс билээ.

Энэхүү “ихий[н]” дунд тоолж баршгүй үр удмыг бас амласан байдаг. Бид Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христийн гэрт тэнгэрийн адислалыг хүлээн авах эрхийг өөрсдөдөө болон бусдад олж авахад нь туслах болтугай хэмээн би залбирч байна. Есүс Христийн ариун нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 137.

  2. Брүс Р.Макконки, Conference Report, 1970 оны 4-р сар,

  3. Н. Элдон Таннэр, Church News, 1969 оны 4-р сарын 19, 2.

  4. Брүс Р.Макконки, Conference Report, 1970 оны 4-р сар, 27.

  5. Харолд Б.Лий, Decisions for Successful Living (1973), 248–249.