2010–2019
Гэр бүлийн зөвлөл
Дөрөвдүгээр сар 2016


Гэр бүлийн зөвлөл

Эцэг эхчүүд ярилцахад бэлтгэлтэй байж, хүүхдүүд сонсож, оролцож байвал гэр бүлийн зөвлөл нь ач тусаа өгч байгаа хэрэг юм.

Ах, эгч нар аа, эцэг эхчүүд бид хүүхдүүдээ өсч том болсны дараа сайн эцэг эх байхыг зорьдог нь үнэн боловч этгээд зүйл биш гэж үү. Өнөөдөр Барбара бид хоёр гайхамшигт хүүхдүүдээ өсгөхдөө илүү сайн ухаарсан байсан ч болоосой гэж боддог зарим зүйлийн талаар би та бүхэнтэй хуваалцах гэсэн юм.

Би төлөөлөгчийн үйлчлэлдээ номлол, гадас, тойрог, туслах бүлгийн зөвлөл зэрэг Сүмийн зөвлөлүүдийн хүч, ач холбогдлын талаар ойр ойрхон онцолж байсан.

Зөвлөлдөх нь бодит үр дүнг авчрах хамгийн үр дүнтэй арга гэдэгт би итгэдэг. Зөвлөл нь Их Эзэний арга зам бөгөөд ариун судруудад цэдэглэснээр Тэрээр тэнгэрлэг зөвлөлөөр дамжуулан дэлхий ертөнц дээрх бүх зүйлийг бүтээсэн гэдгийг би мэднэ.1

Гэвч би өдийг хүртэл зөвлөл дундаас хамгийн чухал, үндсэн зөвлөл болох гэр бүлийн зөвлөлийн талаар ерөнхий чуулган дээр ярьж байгаагүй билээ.

Гэр бүлийн зөвлөл үргэлж хэрэгтэй байсаар ирсэн. Тэдгээр нь мөнхийн шинж чанартай. Сүнсэн хүүхдүүд бид тэнгэрлэг эцэг эхтэйгээ мөнх бус байдлын өмнөх оршихуйд амьдарч байхдаа гэр бүлийн зөвлөлд хамрагдаж байсан юм.

Гэр бүлийн зөвлөлийг хайраар мөн Христийн зан чанараар хөтлөн явуулах нь бие биентэйгээ үнэ цэнтэй цаг хугацааг өнгөрөөхөд саад болж, гэр оронд хилэнцийг авчрахыг завддаг орчин үеийн технологийн нөлөөг багасгадаг.

Гэр бүлийн зөвлөл нь даваа гараг бүр болдог гэр бүлийн үдшээс өөр гэдгийг санаарай. Гэр бүлийн үдэш нь ерөнхийдөө сайн мэдээг зааж, гэр бүлээрээ үйл ажиллагаа хийхэд төвлөрдөг бол гэр бүлийн зөвлөл нь долоо хоногийн аль ч өдөр явагдаж болох бөгөөд эцэг эхчүүд нэг нэгнээ мөн үр хүүхдүүдээ сонсохоор уулздаг уулзалт юм.

Миний бодлоор доод тал нь дөрвөн төрлийн гэр бүлийн зөвлөл байна.

Нэгдүгээрт, гэр бүлийн бүх гишүүнийг оролцуулсан гэр бүлийн ерөнхий зөвлөл.

Хоёрдугаарт, эцэг эхийг оролцуулсан гэр бүлийн удирдах зөвлөл.

Гуравдугаарт, эцэг эх, нэг хүүхдийг оролцуулсан гэр бүлийн тусгайлсан зөвлөл.

Дөрөвдүгээрт, эцэг эхийн аль нэгийг мөн нэг хүүхдийг оролцуулсан гэр бүлийн ганцаарчилсан зөвлөл.

Эдгээр зөвлөл бүрд электрон хэрэгслийг унтраах хэрэгтэй бөгөөд ингэснээр хүн бүр бие биенээ харж, сонсож чадна. Гэр бүлийн зөвлөлөөр, бусад тохиромжтой цагт та электрон хэрэгслүүдээ хийх сагс тавьж болох ба ингэснээр гэр бүлийг цугларах үед эцэг эх мөн гэр бүлийн гишүүн бүр гар утас, таблет, MP3 тоглуулагчаа сагсанд хийж болно. Ингэснээр тэд Facebook дээрх мэдээ мэдээлэл, мессэж, Instagram, Snapchat, э-мэйл дээрх сануулга зэрэгт хариу өгөхөд уруу татагдахгүйгээр хамтдаа зөвлөлдөж чадна.

Эдгээр гэр бүлийн зөвлөл бүр нь хэрхэн хэрэгжиж болохыг та нартай товчхон хуваалцахыг минь зөвшөөрнө үү.

Нэгдүгээрт, гэр бүлийн ерөнхий зөвлөл нь гэр бүлийн гишүүн бүрийг оролцуулдаг.

Our Family (Манай гэр бүл) Сүмийн товхимол дээр “Энэ зөвлөлөөр гэр бүлийн асуудлуудыг ярилцаж, санхүүгээ зохицуулж, төлөвлөгөө гаргаж, нэг нэгнээ дэмжиж, хүчирхэгжүүлж, нэг нэгнийхээ төлөө мөн гэр бүлийнхээ төлөө залбирах зорилгоор явагдаж болно”2 гэж дурдсан байдаг.

Энэ зөвлөлийг урьдчилан товлосон цаг хугацаанд хийх хэрэгтэй бөгөөд бусад гэр бүлийн зөвлөлөөс илүү албан ёсны байдаг.

Энэ нь залбирлаар эхлэх хэрэгтэй байдаг боловч аливаа нэг нөхцөл байдалд үүссэн ярилцлагыг илүү дэлгэрүүлэх зорилготой байж болно. Гэр бүлийн зөвлөл нь үргэлж албан ёсны эхлэл, төгсгөлтэй байх ёсгүй гэдгийг анхаарна уу.

Эцэг эхчүүд ярилцахад бэлтгэлтэй байж, хүүхдүүд сонсож, оролцож байвал гэр бүлийн зөвлөл нь ач тусаа өгч байгаа хэрэг юм.

Гэр бүлийн нөхцөл байдал ямар байхаас үл шалтгаалан гэр бүлийн гишүүн бүр өөр өөр өвөрмөц нөхцөл байдалтай байдаг гэдгийг ойлгох нь чухал юм. Бидний ген адил байдаг ч биднийг өөр болгох, гэр бүлийн зөвлөлийн нигүүлсэнгүй хамтын ажиллагааг шаардах нөхцөл байдал бидэнд тохиолдож болно.

Жишээлбэл, дэлхий дээрх бүхий л яриа, санал бодол, хайр халамж нь нэг буюу түүнээс дээш гэр бүлийн гишүүдэд тулгарч буй эрүүл мэндийн асуудал, сэтгэл санааны бэрхшээлийг шийдвэрлэж чадахгүй байж болно. Ийм үед гаднаас шийдлийг эрэлхийлж байх хооронд гэр бүлийн зөвлөл нь эв нэгдэл, үнэнч байдал, хайр дэмжлэгийг үзүүлэх хэрэгтэй болдог.

Хэрэв эцэг эхчүүд энэхүү туслалцааг үзүүлэхдээ гэр бүлийн зөвлөлийг ашиглан, хүүхдүүдийнхээ тусламжийг хүсвэл, ах дүү нар бие биедээ, ялангуяа ах, эгч нар нь дүү нартаа хүнд хэцүү, дарамт шахалтын үед хүчирхэг зөвлөгч нь болж тусалж чадна.

Ингэснээр гэр бүл нь тойрогтой адил болдог. Бишоп тойргийн зөвлөлийн гишүүдийг оролцуулж чадвал асуудлыг шийдвэрлэж, тэдний тусламжгүйгээр хэзээ ч хийж чадахгүй байсан арга замуудаар олон сайн зүйлийг гүйцэлдүүлж болно. Үүнтэй адилаар эцэг эхчүүд сорилт бэрхшээл, хүнд хэцүү зүйлсийг даван туулахдаа гэр бүлийн бүх гишүүнийг оролцуулах хэрэгтэй. Ингэснээр гэр бүлийн зөвлөлийн хүчийг ашиглаж чадна. Зөвлөлийн гишүүд шийдвэр гаргахад оролцож байгаа гэдгээ мэдэрвэл тэд дэмжигч болж, тодорхой эерэг үр дүнг авчирдаг.

Гэр бүлийн зөвлөл болгонд эцэг, эх аль аль нь, хүүхдүүд бүгдээрээ байдаггүй. Та нарын гэр бүлийн зөвлөл нь бидний долоон хүүхдээ өсгөж байх үеийн гэр бүлийн зөвлөлөөс маш өөр байж болно. Насанд хүрсэн хүүхдүүд, тэдний эхнэр нөхрүүд, заримдаа ач, зээ, ачинцар, зээнцэрүүдийг маань багтаасан өргөн цар хүрээтэй гэр бүлийн зөвлөл биш л бол өнөөдөр манай гэр бүлийн зөвлөл зөвхөн Барбара бид хоёрыг л хамардаг юм.

Ганц бие, гэр бүлээсээ хол амьдарч байгаа оюутнууд хамтдаа зөвлөлдөхөөр найз нөхөд, хамт амьдарч буй хүмүүстэйгээ нэгдсэнээр тэнгэрлэг зөвлөлийн загварыг дагаж чадна.

Хэрэв хамт амьдарч байгаа оюутнууд залбирч, сонсож, ярилцаж, төлөвлөхөөр ойр ойрхон хамтдаа цуглардаг бол байшин доторх уур амьсгал ямар байхыг бодоод үз дээ.

Хүн бүр хайрт Тэнгэрлэг Эцэгийн маань зохион байгуулсан энэ тэнгэрлэг загварын ашиг тусыг хүртэхийн тулд гэр бүлийн зөвлөлийг тохируулан өөрчилж болно.

Миний сая хэлсэнчлэн өргөн цар хүрээтэй гэр бүлийн зөвлөл нь зарим үед тустай байж болно. Өргөн цар хүрээтэй гэр бүлийн зөвлөл нь хамт амьдардаггүй эмээ, өвөө, насанд хүрсэн хүүхдүүдийг оролцуулж болно. Эмээ өвөө, насанд хүрсэн хүүхдүүд хол амьдардаг байсан ч гэсэн утас, Skype, FaceTime-аар гэр бүлийн зөвлөлд оролцож болно.

Та нар долоо хоногийн эхний өдөр болох ням гарагт гэр бүлийн ерөнхий зөвлөлийг явуулах талаар бодож үзэж болно. Гэр бүлүүд өнгөрсөн долоо хоногийнхоо талаар дүгнэж, ирэх долоо хоногийнхоо төлөвлөгөөг гаргаж болно. Энэ нь танай гэр бүлийн Хүндэтгэлийн өдрийг илүү баясгалант өдөр болгоход туслах оновчтой зүйл байж магадгүй.

Гэр бүлийн зөвлөлийн хоёр дахь төрөл нь зөвхөн эцэг эхийг оролцуулсан гэр бүлийн удирдах зөвлөл юм. Энэ үед эцэг эхчүүд хамтдаа хүүхэд бүрийнхээ бие бялдар, сэтгэл санаа, сүнслэг хэрэгцээ, өсөлт хөгжлийг нягтлан үзэж болно.

Үүнчлэн гэр бүлийн удирдах зөвлөл нь эхнэр, нөхрүүдэд харилцааныхаа талаар ярилцах сайхан цаг болох юм. Ахлагч Харолд Б.Лий бидний лацдан холбох ёслолыг гүйцэтгэхдээ нэгэн зарчмыг: “Өвдөг сөхрөөд, гар гараасаа барин, залбирлаа хэлэхгүйгээр хэзээ ч орондоо орж болохгүй. Ийм залбирлууд нь Тэнгэрлэг Эцэгийг бидэнд Сүнсний хүчээр зөвлөхөд урьдаг” гэж заасан нь бүх хосод тустай гэж би боддог.

Гэр бүлийн зөвлөлийн гурав дахь төрөл нь гэр бүлийн тусгайлсан зөвлөл юм. Энэ үеэр эцэг эхчүүд нэг хүүхэдтэйгээ хамт албан эсвэл албан бус нөхцөл байдалд цагийг хамтдаа өнгөрүүлдэг. Энэ нь тухайн хүүхдийн ирээдүйдээ хийх, хийхгүй зүйлийн талаар урьдчилан шийдвэр гаргаж, ярилцах боломж юм. Шаардлагатай бол тэд ирээдүйд үүнийг эргэн харахын тулд гаргасан шийдвэрээ бичиж тэмдэглэж болно. Хэрэв хүү эсвэл охин тань та нарыг тууштай дэмжигч нь гэж үзэж байвал энэ зөвлөлийн уулзалт дээр ирээдүйн зорилго, зорилтуудыг тодорхойлж чадна. Энэ нь өөртөө итгэлгүй байдал, хүчирхийлэл, дээрэлхүүлэх, айх гэх мэт хүүхдэд тулгарч буй санаа зовоосон зүйлс, асуудал бэрхшээлийг анхааралтай сонсох цаг юм.

Гэр бүлийн зөвлөлийн дөрөв дэх төрөл нь эцэг эх хоёрын аль нэгийг, нэг хүүхдийг оролцуулсан хоёр хүний зөвлөл юм. Гэр бүлийн зөвлөлийн энэ төрөл нь ерөнхийдөө аяндаа бий болдог. Жишээлбэл, эцэг эхийн аль нэг нь хүүхэдтэйгээ машинд явж байхдаа, гэр орноо цэвэрлэж байхдаа албан бус боломжийг ашиглаж болно. Эцэг эхийн хэн нэг нь хүүхэдтэйгээ хамт гадагш гарах нь сүнслэгээр мөн сэтгэл зүйгээрээ холбогдох онцгой цаг юм. Хүүхдүүд эцэг эхийнхээ хэн нэгтэй өнгөрүүлэх энэхүү онцгой цагийг харуулдан, хүсэн хүлээхийн тулд эдгээрийг урьдчилан товлох хэрэгтэй.

Одоо харин ах эгч нар аа, гэр орны маань хана гадны нөлөө, сатаарлын эсрэг бидэнд хэрэгтэй хамгаалалтыг өгдөг цаг үе нэгэн цагт байсан. Бид хашаагаа хаагаад, хаалгаа түгжээд, цонхоо хаагаад, гаднах дэлхийгээс бяцхан хоргодох байрандаа аюулгүй, найдвартай, хамгаалагддаг байсан.

Энэ өдрүүд ард хоцорчээ. Гэр орны хана, хаалга, хашаа саравч зэрэг биет зүйлс нь биднийг интернэт, Wi-Fi, гар утасны сүлжээгээр дамжин ирдэг үл харагдах дайралтаас хамгаалж чадахгүй. Тэдгээр нь хэдхэн товчлуураар дамжин гэр орон руу минь нэвтрэн орж ирж чадна.

Аз болоход Их Эзэн биднийг үнэ цэнэтэй цагийг хамтдаа өнгөрүүлэхэд саад болох технологийн дайралтыг сөрөн эсэргүүцэх арга замаар хангаж өгсөн. Тэрээр бидний хамгийн үнэт харилцааг хүчирхэгжүүлж, хамгаалж, аюулгүй байлгаж, дэмжин тэтгэхийн тулд зөвлөл байгуулахыг зааж өгсөн.

Хүүхдүүдэд нь чин сэтгэлээсээ сонсох эцэг эхчүүд хэрэгтэй бөгөөд гэр бүлийн зөвлөл нь гэр бүлийн гишүүдийг бие биеэ ойлгож, хайрлах цаг хугацааг өгдөг.

Алма “Бүх үйлүүдээ Их Эзэнтэй зөвлөгтүн, мөн тэрээр чамайг сайны төлөө чиглүүлэх болно”3 хэмээн заажээ. Их Эзэнийг залбирлаар дамжуулан гэр бүлийн зөвлөлийн нэг хэсэг болохыг урьснаар нэг нэгэнтэйгээ харилцах харилцаа, хоорондын холбоо маань улам сайжрах болно. Бид тусламжийн төлөө залбирснаараа Тэнгэрлэг Эцэг, Аврагчийн тусламжийг авч, илүү тэвчээртэй, эелдэг, тусархуу, өршөөнгүй, бусдыг ойлгодог болж чадна. Бид тэдний тусламжтай гэр орноо дэлхий дээрх диваажингийн нэг хэсэг болгож чадна.

Тэнгэр дэх зөвлөлийн загварыг дагасан, Христийн хайраар дүүрэн, Их Эзэний Сүнсээр удирдагдсан гэр бүлийн зөвлөл нь бидэнд хамтдаа өнгөрүүлэх үнэт цагаас хумсалсан сатаарлаас гэр бүлээ хамгаалахад тусалж, дэлхийн хилэнцээс ангид байлгах болно.

Залбиралтай хийгдсэн гэр бүлийн зөвлөл нь Аврагчийн оршихуйг урьж авчирдаг. Тэрээр: “Учир нь хоёр буюу гурван хүн Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна”4 хэмээн амласан юм. Их Эзэний Сүнсийг гэр бүлийн зөвлөлийнхөө нэг хэсэг болгон урих нь үгээр илэрхийлэхийн аргагүй их адислалыг авчирдаг.

Эцэст нь хэлэхэд, гэр бүлийн зөвлөлийг тогтмол байлгах нь гэр бүлийн асуудлуудыг эрт анзаарч, оройтохоос нь өмнө шийдвэрлэхэд туслах болно. Тэдгээр нь гэр бүлийн гишүүн бүрд үнэ цэнтэй, чухал гэдгийг нь мэдрүүлэх болно. Хамгийн чухал нь бидэнд гэр орныхоо ханан дундах нандин харилцаагаа бат бэх, аз жаргалтай байлгахад туслах болно. Биднийг хамтдаа зөвлөлдөх үед Тэнгэрлэг Эцэг гэр бүлийг минь адислах болтугай. Би Түүний Хайрт Хүү Есүс Христийн нэрээр даруухнаар залбирч байна, амен.