2010–2019
Эцэг хүн
Дөрөвдүгээр сар 2016


Эцэг хүн

Өнөөдөр би эцэг, нөхөр байх гэсэн хамгийн эрэлхэг үүрэг хариуцлагынхаа хүрээнд эр хүн юу хийж болох талаар голчлон ярина.

Өнөөдөр би эцэг хүний талаар ярих гэсэн юм. Эцэг хүн бол авралын тэнгэрлэг төлөвлөгөөнд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэхүү дуудлагаа сайн хийх гэж хичээж байгаа хүмүүст би урмын үг хайрлах гэсэн юм. Эцэг байхыг мөн эцэг хүнийг магтан дуулан, урамшуулан дэмжих нь хэн нэгнийг эвгүй байдалд оруулан, үл ойшоох гэсэн үг биш. Өнөөдөр би эцэг, нөхөр байх гэсэн хамгийн эрэлхэг үүрэг хариуцлагынхаа хүрээнд эр хүн юу хийж болох талаар голчлон ярина.

Fatherless America буюу “Эцэггүй Америк” номын зохиолч Дэвид Бланкэнхорн: “Өнөөдөр Америкийн нийгэмд эцэг байх үзэл бодлын талаар хоёр хуваагдан, эсрэг тэсрэг байр суурьтай байх болсон. Зарим хүн бүр энэ нь юу болохыг ч санахгүй байна. Нэг хэсэг нь доромжлол гэж үзэж байхад цөөн хэдэн гэр бүл судлаачдыг оролцуулсан нөгөө хэсэг нь үүнийг орхигдуулж, үл ойшоодог болжээ. Ихэнх нь ноцтой эсэргүүцээд байдаггүй ч бас онцгойлон дэмждэггүй. Олон хүн энэ тал дээр ямар нэг зүйл хийх нь зүйтэй гэж үздэг ч нийгэм маань үүнийг дэмждэггүй, цаашид ч дэмжихгүй”1 болохыг цохон тэмдэглэжээ.

Зураг
Бид эцэг хүмүүст итгэдэг.
Зураг
Эцгүүд хайр, зөв шудрага ёсоор тэргүүлдэг.

Сүмийн хувьд бид эцэг хүн чухал гэдэгт итгэдэг. Бид “гэр бүлээ нэгдүгээрт тавьдаг сайн эр хүнд”2 итгэдэг. “Тэнгэрийн загвараар эцэг нь гэр бүлээ хайр болон зөв шударга ёсоор тэргүүлэн удирдаж, хэрэгцээт зүйлсээр нь хангаж, хамгаалах үүрэгтэй”3 гэдэгт бид итгэдэг. Эцэг эхчүүд гэр бүлийнхээ өөр өөр үүрэг хариуцлагыг хамтран биелүүлэхдээ “харилцан бие биедээ адил тэгш туслах ёстой”4 гэдэгт бид итгэдэг. Бид эцэг хүн чухал, өвөрмөц бөгөөд нөхөн орлуулах боломжгүй гэдэгт итгэдэг.

Зураг
Эцэг эхчүүд харилцан үүрэг хүлээдэг.
Зураг
Эцгүүдийг нөхөн орлуулдаггүй.

Зарим хүн эцэг байх явдлыг эрчүүдийн үр хүүхдүүдийнхээ өмнө үүрэг хүлээж, сайн иргэн байж, бусдын хэрэгцээг бодож, “эхийн оруулдаг хувь нэмэр дээр эцгийн хувь нэмрийг нэмж оруулах” хүслийг нь өдөөж өгдөг зүйл гэж нийгмийн талаас нь авч үздэг … Товчоор хэлбэл, эр хүн болох түлхүүр бол эцэг хүн байх явдал юм. Үр хүүхдийн түлхүүр бол эцэгтэй байх явдал юм. Харин нийгмийн түлхүүр бол эцэг хүнийг бий болгох явдал билээ.”5 Хэдийгээр эдгээр үзэл бодол нь үнэн зөв, ач холбогдолтой хэдий ч эцэг байх гэдэг нь нийгмийн тогтолцоо, эволюцийн бүтээгдэхүүн гэхээс илүү чухал зүйл гэдгийг бид мэднэ. Эцэг хүний үүргийн тэнгэрлэг үүсэл гарал нь Тэнгэр дэх Эцэгээс эхлэлтэй, харин энэ мөнх бус оршихуйд Адам эцгээс эхлэлтэй байдаг.

Эцэг байхын төгс жишээ, тэнгэрлэг илэрхийлэл бол бидний Тэнгэрлэг Эцэг юм. Түүний зан байдал, шинж чанар нь өгөөмөр нинжин сэтгэл, төгс хайр билээ. Түүний ажил болон алдар суу нь хүүхдүүдийнх нь өсөлт хөгжил, аз жаргал, мөнхийн амьдрал юм.6 Энэхүү унасан дэлхий дээрх эцгүүдийг дээд тэнгэрийн Цог Жавхлант Түүнтэй харьцуулахын аргагүй ч тэд Бурханы үлгэр жишээг дагахын тулд хамгийн сайнаараа хичээж, Түүний үйл хэрэгт гар бие оролцож байгаа билээ. Тэдэнд гайхамшигтай бөгөөд ухаан суулгах итгэлийг хүлээлгэн өгсөн юм.

Эрэгтэй хүний хувьд эцэг байх нь тэдний сул дорой талыг мөн тэднийг сайжрах хэрэгтэй гэдгийг нь харуулдаг. Эцэг байхын тулд золиослол гаргах хэрэгтэй ч энэ нь сэтгэл ханамж, баяр хөөрийн зүйрлэхийн аргагүй эх сурвалж билээ. Дахин хэлэхэд, хамгийн төгс загвар бол бидний Тэнгэрлэг Эцэг бөгөөд Тэрээр Өөрийн сүнсэн хүүхдүүдийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ тэдний аврал, өргөмжлөлийн төлөө өгсөн.7 Есүс “Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас өөр агуу хайр байхгүй”8 хэмээн хэлсэн. Эцгүүд энэхүү хайрыг өдөр бүр гэр бүлдээ үйлчлэн, хэрэгцээг нь хангахын тулд нуруу бөхийлгөн ажиллаж байхдаа харуулж байдаг.

Эцэг хүний хийдэг хамгийн чухал ажил бол үр хүүхдүүдийнхээ зүрх сэтгэлийг Тэнгэрлэг Эцэг рүү нь хандуулах явдал байж болох юм. Хэрэв эцэг хүн өдөр тутмын амьдрал дээрээ үлгэр жишээ, үг хэлээрээ Бурханд үнэнч байх гэдэг нь юу болохыг харуулдаг бол тэр эцэг үр хүүхдүүддээ энэ дэлхийд амар амгаланг, ирэх дэлхийд мөнх амьдралыг олж авах түлхүүрийг өгсөн гэсэн үг юм.9 Судрыг өөрөө болон үр хүүхэдтэйгээ хамт уншдаг эцэг хүн тэднийгээ Их Эзэний дуу хоолойтой танилцуулдаг.10.

Зураг
Судар уншдаг эцэг хүн

Бид сударт үр хүүхдүүддээ зааж сургах үүрэг хариуцлагын талаар дахин дахин онцлон дурдсан байхыг олж хардаг.

“Мөн дахин, Сионд эсвээс түүний зохион байгуулагдсан аль ч гадаснуудад эцэг эхчүүд хүүхдүүдтэй байхын хэрээр, тэдэнд наманчлалын сургаал амьд Бурханы Хүү Христэд итгэх итгэл хийгээд баптисм хүртээх мөн гар тавилтаар ирдэг Ариун Сүнсний бэлгийг ойлгохыг тэд заадаггүй бол, найман нас хүрэхэд, уг нүгэл эцэг эхчүүдийнх нь тэргүүн дээр байх болно. …

Мөн тэд тэрчлэн залбирахыг, мөн Их Эзэний өмнө цэх шулуун алхахыг хүүхдүүддээ заах ёстой.”11

Их Эзэн 1833 онд Тэргүүн Зөвлөлийн гишүүдийг үр хүүхдэдээ зааж сургахад анхаарал тавихгүй байгааг зэмлэжээ. Тэдний нэгэнд нь: “Чи зарлигуудын дагуу гэрэл ба үнэнийг хүүхдүүддээ заасангүй; мөн нөгөөх ёс бус нэгэн, чиний дээр хүчтэй хэвээр байна, мөн энэ нь чиний зовлон зүдгүүрийн шалтгаан болой”12 хэмээн хэлсэн.

Эцэг хүн Бурханы хууль дүрэм, ажил үүргийг үр удамдаа дахин дахин зааж байх ёстой. Дуулалд:

“Учир нь Тэрээр Иаковын дотор гэрчлэлийг тавьж, Израильд хуулийг тогтоосон. Тэдгээрийг үр хүүхдүүддээ заагаарай гэж Тэр бидний эцэг өвгөдөд тушаасан.

“Ингэсэн нь ирэх үеийнхэн буюу хойшид төрөх хүүхдүүд мэдэж, Мөн тэд ч [дараа] босож, өөрсдийн хүүхдүүддээ тэдгээрийг хэлэхийн тулд байв.

Энэ нь тэд Бурханд итгэлээ өгч, Бурханы ажлуудыг үл мартаж, харин Түүний тушаалуудыг сахин биелүүлэ[хийн] …тулд буюу”13 хэмээн тунхагласан байдаг.

Зураг
Бүжиглэж буй аав, охин хоёр

Мэдээж, сайн мэдээг заах нь эцэг эхийн харилцан хуваалцах үүрэг хариуцлага ч эцэг хүн энэ ажлыг гардан хийж, өндөр ач холбогдол өгөх хэрэгтэй гэдгийг Их Эзэн тодотгосон билээ. (Албан бус байдлаар ярих өрнүүлэх, хамтдаа хөдөлмөрлөж, тоглох, сонсох зэрэг нь нь зааж сургах чухал арга барилын чухал хэсэг гэдгийг санагтун.) Их Эзэн эцэг хүнээс үр хүүхдүүддээ нөлөөлж, заахыг хүсэж байгаа бөгөөд үлгэр дуурайл нь юу юунаас ч илүү чухал юм.

Зураг
Хөдөлмөрлөж буй аав, хүү хоёр

Миний хувьд би үлгэр жишээ эцгээр адислагдсан нэгэн. Намайг 12 настай байхад аав маань манай жижигхэн хотын зөвлөлийн сонгуульд нэр дэвшсэн юм. Тэр өргөн цар хүрээтэй сонгуулийн ажилд оролцоогүй бөгөөд аав, би, ах нар маань сурталчилгааны хуудсыг айлуудаар тараан, хүмүүсийг Пол Кристоффэрсоны төлөө саналаа өгөхийг хүсэж байсныг л санаж байна. Сурталчилгааны хуудсыг авсан хэд хэдэн том хүн Пол бол үнэнч шударга, сайн хүн учраас түүний төлөө саналаа өгөхөд асуудал байхгүй гэж хэлж байхыг нь би сонсож байсан. Тэр үед бяцхан хүү миний зүрх сэтгэл ааваараа бахархах сэтгэлээр бялхаж байсан юм. Энэ нь надад түүний мөрөөр замнах итгэл, хүслийг өгсөн билээ. Мэдээж, хэн ч төгс биш, тэр ч гэсэн төгс хүн байгаагүй ч хүүгийнхээ хувьд шударга, сайн, үлгэр жишээ болсон хүн нь байж чадсан юм.

Сахилга батжуулах, засаж залруулах нь зааж сургах үйл явцын нэг хэсэг билээ. Паулын хэлснээр “Учир нь Эзэн хайрладаг хүнээ сахилгажуулдаг юм.”14Эцэг хүн сахилгажуулж байхдаа хянуур байж, ямар ч зүй бус үйлдэл гаргах ёсгүй бөгөөд ийм үйлдэл гаргасан тохиолдолд түүний үйлдлийг зөвтгөхгүй. Эцэг хүн засаж залруулахдаа хайраар өдөөгдөн, Ариун Сүнсээр дараах байдлаар удирдагдах ёстой:

“Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн үед хурц тодоор, цагаа олж шүүмжил; мөн тэрээр чамайг дайснаа гэж үзэхгүйн тулд, тэгээд та нар шүүмжилсэн түүнийг хайрлах хайраа дараа нь нэмэгдүүлснээ харуул.

Чиний итгэлтэй байдал үхлийн хүлээснээс илүү хүчтэйг тэрээр мэдэж болохын тулд буюу.”15

Тэнгэрлэг загвар дахь сахилга батжуулах нь шийтгэхээсээ илүү хайртай хүмүүстээ өөрсдийгөө хянаж сурах замд нь туслах явдал юм.

Зураг
Аав ажил дээрээ
Зураг
Амьжиргааныхаа төлөө хөдөлмөрлөх нь

Их Эзэн “Бүх хүүхэд насанд хүртлээ өөрсдийгөө тэтгүүлэхийн тулд эцэг эхээсээ нэхэх эрхтэй”16 хэмээн хэлсэн. Гэр бүлээ тэтгэн тэжээх нь ариун нандин үйл хэрэг билээ. Хэдийгээр гэр бүлээ тэжээхийн тулд гэр орноосоо хол байх хэрэг гардаг ч энэ нь эцэг хүн байхтай зөрчилддөггүй, харин ч сайн эцэг байхын мөн чанар юм. “Ажил төрөл, гэр бүлийн хүрээ өөр хоорондоо давхацдаг.”17 Мэдээж, албан тушаалын төлөө гэр бүлдээ анхаарал хандуулахгүй байх эсвэл хичээл зүтгэл гаргахгүй өөрийн үүрэг хариуцлагыг бусдад тохохыг зөвтгөж болохгүй. Хаан Бенжамин:

“Мөн та нар хүүхдүүдээ өлсгөлөн, эсвээс нүцгэн явахыг тэвчихгүй болой; бас тэд Бурханы хуулиудыг зөрчихийг, мөн нэг нэгэнтэйгээ байлдан мөн тэмцэх[ийг] … зөвшөөрөхгүй.

Харин үнэний мөн чанд байдлын замуудаар алхахыг та нар тэдэнд заах болно; бие биенээ хайрлах, мөн бие биедээ үйлчлэхийг та нар тэдэнд заах болно” хэмээн хэлсэн18.

Бид гэр бүлээ бүрэн тэжээж тэтгэх арга зам, арга ухаанаа олж чадахгүй байгаа эрчүүдийн зовлон шаналлыг ойлгож байна. Хэдийгээр тухайн үед хамаг чадлаараа зүтгэж байгаа ч гэсэн хүмүүс эцэг хүнийхээ гүйцэтгэвэл зохих бүх үүргээ биелүүлж чадахгүй байгаадаа ичих хэрэггүй. “Тахир дутуу болох, нас нөгчих болон бусад нөхцөл байдалд зайлшгүй дасан зохицох шаардлага гарч болно. Төрөл төрөгсөд нь хэрэгтэй үед туслан дэмжвэл зохино.”19

Зураг
Хайрладаг эх эцгүүд
Зураг
Бүжиглэж буй эх эцгүүд

Үр хүүхдүүдийнхээ эхийг хайрлан, уг хайраа үзүүлэх нь эцэг хүн хүүхдүүдийнхээ төлөө хийж болох хамгийн сайн хоёр зүйл юм. Энэ нь гэр бүлийн амьдралын үндэс суурь болох гэрлэлтийг бататган, бэхжүүлдэг.

Зураг
Өсвөр насны хүүхдүүдтэйгээ аав

Зарим эрэгтэй хүн ганц бие байдаг. Зарим нь хүүхэд өргөж авсан эсвэл хойд эцэг байдаг. Тэдний ихэнх нь энэхүү хэцүү үүргийг биелүүлэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж, чадлынхаа хэрээр зүтгэдэг. Бид хувь хүний болон гэр бүлийнхээ хэрэгцээг хангахын тулд чадах бүхнээ хайр, тэвчээр, өөрийгөө золиослон байж хийж байгаа хүмүүст талархдаг. Бурхан Өөрийн Төрсөн Ганц Хүүг өргөмөл эцэгт хариуцуулан өгсөн гэдгийг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Есүсийн “бие болон мэргэн ухаан нь өссөөр байсан бөгөөд Бурханы болон олон түмний тааллыг ол[сонд]”20 Иосефын хувь нэмэр орсон нь гарцаагүй.

Харамсалтай нь, үхэл хагацал, салалтаас болж зарим хүүхдийн эцэг тэдэнтэй хамт амьдардаггүй. Заримынх нь аав биеэрээ хамт байв ч сэтгэлээрээ хамт байдаггүй бөгөөд өөр бусад байдлаар анхаарал халамж тавьж, дэмжлэг үзүүлдэггүй. Бид бүх аавыг сайн эцэг байж, илүү сайн болохыг уриалж байна. Бид хэвлэл мэдээлэл, үзвэр үйлчилгээний хэрэгслээр эцэг хүнийг ихэвчлэн эх захгүй, марзганасан, “асуудал үүсгэгч залуус” хэмээн харуулахын оронд эхнэрээ үнэхээр хайрладаг, үр хүүхдээ ухаалгаар удирдан залдаг, үнэнч, чадварлаг талаас нь харуулж байхыг уриалж байна.

Бид гэр бүлийнх нь амьдрал асуудалтай байгаа нь тэдний муугаас болсон биш гэдгийг хүүхдүүдэд хэлэх гэсэн юм. Ихэвчлэн саад бэрхшээл нь Их Эзэн танд итгэн найдаж байгаагийн илэрхийлэл билээ. Тэрээр танд шууд буюу өөр хэн нэгнээр дамжуулан тулгарсан саад бэрхшээлээ шийдвэрлэхэд тань тусалж чадна. Та нар гэр бүлийнхээ дундаас Бурханы гэр бүлд зориулан томилсон тэнгэрлэг загварыг үнэхээр хэрэгжүүлэн, өөрийн үр удмаа адислах анхны хүн нь байж болно.

Залуу эрэгтэйчүүд ээ, Гэр бүлээ авч явж, хайрлан хамгаална гэсэн үүргээ хүлээн зөвшөөрч байгаа залуу эрэгтэйчүүдэд бид одооноос сургуульдаа хичээнгүйлэн суралцаж, дунд сургуулиа төгссөний дараах боловсрол мэдлэг, ажил мэргэжлээ төлөвлөн сайн эцэг байхдаа бэлдэцгээ гэж хэлье. Боловсролыг их дээд сургууль, техникийн сургууль, дагалдан суралцах болон үүнтэй төстэй ямар хөтөлбөрөөр олж авахаас үл хамааран энэ нь шаардлагатай ур чадвар, чадавхыг өөртөө хөгжүүлэх түлхүүр юм. Бүх насны хүмүүстэй, үүний дотор хүүхдүүдтэй харилцах боломжийг ашиглан эрүүл, сайхан харилцааг хэрхэн бий болгох талаар суралц. Үүнд зөвхөн мессеж бичих чадвараа сайжруулахаас гадна хүмүүстэй нүүр тулан ярилцах, заримдаа хамтдаа ямар нэгэн зүйл хийх зэрэг ордог. Өөрийнхөө гэрлэлтэд болон үр хүүхдүүдэд цэвэр ариун байдлыг авчрах эр хүний амьдралаар амьдар.

Өсөн өндийж буй бүхий л үеийнхэндээ хандан хэлэхэд, өөрийн эцгийг сайн, илүү сайн, хамгийн сайн гэсэн хэмжүүрээр (миний бодож байгаагаар энэ хэмжүүр нь нас ахин, ухаан суух тусам улам бүр өснө гэж бодож байна) хэмжих болгондоо өөрөө эцэг эхээ хүндлэн дээдэлнэ гэсэн шийдвэр гаргацгаа. Эцэг хүний хувьд Иоханы “Миний хүүхдүүд үнэн дотор явж байгааг сонсохоос эрхэм баяр баясгалан гэж надад байхгүй билээ”21 хэмээн илэрхийлсэн итгэл найдварыг санацгаа.

Би Сүмийн ах нар, эцгүүддээ хандан хэлэхэд та нар илүү сайн эцэг байсан ч болоосой хэмээн хүсэж байгааг тань би мэднэ. Би ч бас өөрийгөө сайн эцэг байсан ч болоосой гэж боддог. Хэдийгээр бид хязгаарлагдмал ч гэсэн бүгд урагш алхацгаая. Бүгдээрээ өнөөдрийн соёлд хэт дөвийлгөн тодотгож байгаа хувиа бодох, хараат бус байх үзлийг орхин, бусдын аз жаргал, сайн сайхны талаар бодоцгооё. Хэдийгээр бид хангалтгүй байгаа ч Тэнгэрлэг Эцэг биднийг тохирохоор болгон, ердийн хүчин чармайлтыг маань үр ашигтай болгоно. Хэдэн жилийн өмнө New Era сэтгүүл дээр гарсан нэгэн түүх надад урам өгсөн юм. Уг түүхийг зохиогч дараах үйл явдлыг тэмдэглэжээ:

“Намайг бага байхад гэр бүл маань хоёр давхрын нэг унтлагын өрөөтэй жижигхэн байранд амьдардаг байв. …

Ган хайлуулах үйлдвэрт ажилладаг байсан аав маань өдөр бүр өглөө эртлэн босч, ажилдаа явдаг байв. Өдөр бүр тэр … миний хөнжлийг янзалж, хэсэг хугацаанд зогсдог байлаа. Аав минь буйдангийн хажууд, над руу харан зогсож байгааг би нойрон дундаа мэдэрдэг байсан юм. Нойрноосоо аажим аажмаар сэрэхдээ түүнийг тэнд зогсож байгаад санаа зовдог байсан учраас би унтаж байгаа дүр үзүүлдэг байв. … Хожим нь тэр орны минь хажууд зогсож байхдаа бүхий л анхаарал, эрч хүч, оюун ухаанаа төвлөрүүлэн миний төлөө залбирдаг байсныг нь би ойлгосон билээ.

Өглөө бүр аав минь миний төлөө залбирдаг байв. Тэр намайг өдрөө сайхан өнгөрүүлээсэй, аюулаас хол байгаасай, хичээлээ хийж, ирээдүйдээ бэлтгэгдээсэй гэж залбирдаг байсан юм. Түүнээс гадна тэр орой болтол надтай хамт байх боломжгүй тул тэр өдөр надтай хамт байх багш болон найз нөхдийн минь төлөө залбирдаг байлаа. …

Аав минь өглөө эрт миний төлөө залбирснаараа яг юу хийгээд байгааг нь би тэр үед ойлгодоггүй байв. Нас ахихын хэрээр тэр намайг ямар их хайрладаг мөн миний хийдэг байсан бүх зүйлд анхаарал тавьдаг байсныг нь би мэдэрсэн билээ. Энэ нь миний хамгийн дуртай дурсамж юм. Олон жил өнгөрч, гэрлэж, үр хүүхэдтэй болсныхоо дараа би тэднийхээ өрөөнд орж, унтаж байхад нь залбирахдаа аав намайг хэрхэн хайрладаг байсныг бүрэн ойлгосон билээ.”22

Алма хөвгүүддээ:

“Мөн эдүгээ, хүү минь, би чамд Христийн ирэлтийн талаар зарим нэгийг хэлэхийг хүснэ.… тийм ээ, тэр өөрийн хүмүүст авралын баярт мэдээг тунхаглахаар ирэх бөлгөө.

“Мөн эдүгээ, хүү минь, эдгээр баярт мэдээг энэ хүмүүст тунхаглахаар, тэдний оюуныг бэлтгэхээр чиний дуудагдсан тохинуулал энэ байв; өөрөөр хэлбэл … тэд хүүхдүүдийнхээ оюуныг түүний ирэлтийн үед үгийг сонсгоход бэлтгэж болохын тулд буюу”23 хэмээн гэрчилсэн.

Энэ нь өнөө үед эцэг хүний хийх ёстой ажил билээ. Бурхан эцгүүдийг адислан, уг ажилд тэнцүүлэх болтугай. Есүс Христийн нэрээр, амен.