2010–2019
Их Эзэн биднийг Өөрийнх нь мутар болоосой хэмээн хүсдэг
Дөрөвдүгээр сар 2016


Их Эзэн биднийг Өөрийнх нь мутар болоосой хэмээн хүсдэг

Христийнхтэй адил жинхэнэ үйлчлэл аминч бус байдаг бөгөөд бусад руу чиглэдэг.

“Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун.”1 Найрал дуучдын дуулсан энэ гайхалтай дууны үгсийг “дэлхийн түүхэнд хэзээ ч өгүүлж байгаагүй хамгийн гайхалтай цэвэр хайрын илрэл болсон”2 хэмээн ахлагч Жэффри Р.Холланд тодорхойлсон бөгөөд Есүс энэ үгсийг агуу цагаатгах золиослолоосоо хэдхэн цагийн өмнө хэлсэн юм.

Есүс бидэнд зөвхөн хайрлахыг заагаад зогсохгүй, заасныхаа дагуу амьдарсан юм. Есүс тохинууллынхаа турш “сайныг үйлдэж явсан”3 бөгөөд “чин сэтгэлээсээ бүгдийг өөрийнх нь жишээг дагахыг хүссэн билээ.”4 Тэрээр “Учир нь хэн амиа аврахыг хүснэ, тэр нь амиа алдах болно. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр нь амиа аварна”5 хэмээн заадаг байсан.

Хайрлах сануулгыг ойлгож, үүний дагуу амьдардаг ерөнхийлөгч Томас С.Монсон “Бид бусдад үйлчлэхэд өөрсдийгөө зориулахгүй бол бидний амьдралын зорилго өчүүхэн байх болно гэдгийг Аврагч бидэнд захиж хэлсэн гэдэгт би итгэдэг. Зөвхөн өөрийнхөө төлөө амьдардаг хүмүүс эцэстээ хатаж хорчийн амиа алддаг бол бусдад үйлчлэхэд өөрсдийгөө зориулдаг хүмүүс өсч хөгжин, амиа авардаг билээ” гэжээ.6

Жинхэнэ Христийнхтэй адил үйлчлэл аминч бус, бусад руу чиглэсэн байдаг. Хөдөлмөрийн чадвараа алдсан нөхрөө асардаг байсан нэгэн эмэгтэй “Та үүргээ хүнд ачаа гэж бүү бод; харин үүнийг хайр гэж үнэхээр юу болохыг мэдэж авах боломж хэмээн бод” гэж тайлбарласан байдаг.7

Сондра Д.Хийстон эгч БЯИС-ийн онцгой цугларалт дээр үг хэлж байхдаа: “Хэрэв бид үнэхээр бие биенийхээ зүрх сэтгэл рүү өнгийн харж чаддаг байсан бол ямар байх байсан бол? Бид бие биенээ илүү сайн ойлгох байсан болов уу? Бусдын мэдэрч байгаа зүйлсийг мэдэрч, харж байгаа зүйлсийг харж мөн сонсож байгаа зүйлсийг сонссоноороо бусдад үйлчлэх цаг гаргаж, тэдэнд арай өөрөөр хандах байсан болов уу? Бид тэдэнд илүү тэвчээртэй, илүү нинжин сэтгэлээр, илүү хүлээцтэй хандах байсан болов уу?” хэмээн асуусан.

Хийстон эгч залуу эмэгтэйчүүдийн зусланд үйлчилж байхад тохиолдсон нэгэн явдлаасаа хуваалцаж билээ. Тэрээр:

“Манай онцгой цугларалт дээр үг хэлсэн хүмүүсийн нэг нь … бидэнд ‘болох’ тухай заасан юм. Тэр эмэгтэй … ‘Бусдыг таньж мэдэн, үйлчлэхээр чармайдаг нэгэн болох буюу толинд харахаа болиод цонхоор хар’ гэсэн нэгэн тодорхойлолт хэлж өгчээ.

Зураг
Толь руу харж байхад залуу эмэгтэй удирдагч хоёр харилцан ярихад хэцүү болдог.

“Тэрээр үүнийгээ дүрслэн харуулахаар нэг залуу эмэгтэйг дуудаад өөр рүү нь харж зогсохыг хүсэв. [Тэр] дараа нь залуу эмэгтэй болон өөрийнхөө дунд толь гаргаж тавиад, [үг хэлэгч] толинд өөрийгөө харж суухдаа залуу эмэгтэйтэй ярих гэж оролдов. Энэ нь тийм ч үр дүнтэй буюу чин сэтгэлийн яриа болж эхлээгүйд гайхаад байх зүйлгүй байлаа. Энэ нь бид өөрсдийнхөө төлөө хэт их санаа зовж, зөвхөн өөрсдөдөө болон өөрсдийн хэрэгцээнд анхаарах үед бусадтай харилцаж, бусдад үйлчлэх нь ямар хэцүү болохыг харуулсан гайхалтай үзүүлэх хичээл болсон. [Тэрээр] дараа нь толио далд хийж, залуу эмэгтэй болон өөрийнхөө дунд цонхны хүрээ гаргаж тавив. … Бид уг залуу эмэгтэй [түүний] анхаарлын төвд байгааг мөн жинхэнэ үйлчлэл биднээс бусдын хэрэгцээ, сэтгэл хөдлөлд анхаарахыг шаарддаг болохыг олж харж чадсан юм. Ихэнх тохиолдолд бид өөрсдийнхөө төлөө болон өөрсдийн завгүй амьдралд санаа зовж яваад, бусдад үйлчлэх боломж олохоор толинд харах үедээ үйлчлэлийн цонхоор тодорхой харж чаддаггүй.” 8

Зураг
Залуу эмэгтэй удирдагч хоёр цонхоор хараад ярихад амархан байсан

Ерөнхийлөгч Монсон “бидний анхаарал халамж, урам дэм, дэмжлэг туслалцаа, тайтгаруулал, нинжин сэтгэл хэрэгтэй байгаа хамаатан садан, найз нөхөд, таньдаг, таньдаггүй хүмүүс эргэн тойронд маань хаа сайгүй байдаг” гэдгийг бидэнд байнга сануулдаг. Тэрээр “Бид бол дэлхий дээрх Бурханы хүүхдүүдэд үйлчилж, тэднийг өргөх үүрэгтэй Их Эзэний гар болсон хүмүүс юм. Тэрээр бидний хүн нэг бүрд найдлага тавьдаг” хэмээн хэлсэн.9

Зураг
Хүүхдүүдэд Их эзэний мутар болон үйлчлэхэд уригдсан юм

Өнгөрсөн оны нэг дүгээр сард Friend, Лиахона сэтгүүлүүдээс дэлхий даяарх хүүхдүүдийг ерөнхийлөгч Монсоны Их Эзэний гар болох тухай зөвлөгөөг дагахад уриалсан байна. Хүүхдүүдийг том, жижиг үйлчлэл хйихэд уриалжээ. Тэднийг дараа нь цаасан дээр гараа зураад, үүнийгээ хайчлан, хийсэн үйлчлэлээ дээр нь бичээд дээрх сэтгүүлийн газар руу илгээхэд уриалсан юм. Өнөөдөр орой сонсоод сууж байгаа та нарын олонх нь үйлчлэл хийж, түүнийгээ илгээсэн мянга мянган хүүхдийн зарим нь байж болох юм.10

Зураг
Хүүхдүүд хийсэн үйлчлэлүүдээ зурж, хайчилсан гар дээр бичсэн
Зураг
Мянга мянган хүүхэд хийсэн үйлчлэлүүдээ дээрх сэтгүүлийн газар руу илгээсэн

Хүүхдүүд бага байхдаа бусдыг хэрхэн хайрлаж мөн үйлчлэхэд суралцсанаараа үлдсэн амьдралынхаа турш үйлчлэх загвараа бий болгодог. Хүүхдүүд утга учиртай байж, өөрчлөлт хийхийн тулд бусдыг хайрлаж мөн үйлчлэх нь том, нүсэр зүйл байх албагүй гэдгийг бидэнд ихэвчлэн заадаг.

Нэгэн хүүхдийн хэсгийн багш дараах жишээг хуваалцсан. “Өнөөдөр манай тав, зургаан насны ангийнхан хайр гэдэг хүзүүний зүүлт хийсэн. Хүүхэд бүр цаасан туузан дээр өөрсдийгөө болон Есүсийг мөн гэр бүлийнхээ зарим гишүүнийг болон хайртай хүмүүсийнхээ зургыг зурсан. Бид туузнуудаа тойрог болгон нааж, гинж болгохоор хооронд нь гогцоолон холбоход хайрын хүзүүний зүүлт болж хувирсан билээ. Хүүхдүүд зураг зурж байхдаа гэр бүлийнхээ тухай хоорондоо ярьж байв.

“‘Манай эгч надад хайргүй гэж би боддог. Бид хоёр үргэлж хэрэлддэг. … Би бүр өөрийгөө үзэн яддаг. Би муухай амьдралтай’ гэж Хэйдэр хэлэв. Тэр хоёр гараараа толгойгоо барив.

“Би түүний гэр бүлийн талаар бодож үзээд, түүнийг үнэхээр хэцүү амьдралтай байж магадгүй гэж бодов. Гэтэл Хэйдэрийг тэгж хэлсний дараа ширээний нөгөө захад сууж байсан Анна ‘Хэйдэр, би хийж байгаа хүзүүний зүүлтэн дээрээ чамайг Есүс бид хоёрын дунд байрлууллаа. Учир нь Тэр чамд хайртай мөн би ч гэсэн чамд хайртай’ гэж хариулав.

“Аннаг тэгж хэлэхэд Хэйдэр ширээний доогуур Анна руу мөлхөж очоод, түүнийг тэвэрч авсан юм.

“Хичээлийн дараа эмээ нь түүнийг авахаар ирэхэд ‘Юу гээч, эмээ? Есүс надад хайртай’ гэж Хэйдэр хэлсэн” гэв.

Бид хамгийн өчүүхэн арга замаар ч хамаагүй хайр, үйлчлэлээр гараа сунгах үед бусад хүн Их Эзэний хайрыг мэдэрч, зүрх сэтгэл нь өөрчлөгдөж, зөөлөрдөг.

Гэхдээ заримдаа хүнд бэрхшээлээс нь хөнгөлж өгөн, туслах шаардлагатай хүмүүс бидний эргэн тойронд тоо томшгүй олон байдаг болохоор тэдний тулгамдсан олон хэрэгцээг тэр бүр хангах нь хэцүү байж мэднэ.

Эгч нар аа, сонсож буй та нарын заримд нь гэр бүлийн гишүүнийхээ хэрэгцээнд үйлчлэх гэдэг хүч чадлаас тань хэтэрсэн мэт санагдаж магадгүй. Тэдгээр нэгэн хэвийн болсон, заримдаа байдаг л нэг ердийн зорилгоо биелүүлэхдээ та “Бурхандаа үйлчилж байгаа” гэдгээ санагтун.11

Та нарын зарим нь бусдын хүнд ачааг хөнгөлөхөд туслах боломжийг өөрийн хөршүүдээс юм уу нийгмээс хайснаараа дүүргэгдэж болох байсан хоосон мэдрэмжийг мэдэрдэг байж болох юм.

Бид бүгд өдөр тутмын амьдралдаа ямар нэг үйлчлэлийг багтааж чадна. Бид сөргөлдөөнтэй дэлхийд амьдардаг. Бид шүүмжлэхгүй байж, хов живээс татгалзан, шүүхээ болих мөн инээмсэглэх, баярлалаа гэж хэлэх, тэвчээртэй бөгөөд эелдэг байх үедээ үйлчилж байдаг.

Бусад төрлийн үйлчлэл цаг зав, зориудын төлөвлөгөө, илүү эрч хүч шаарддаг. Гэсэн ч бидний хичээл зүтгэл бүр маань ач холбогдолтой байдаг. Бид өөрсдөдөө дараах асуултыг тавьснаар эхэлж болох юм.

  • Би нөлөөлж болох хүмүүсийнхээ хэнд нь өнөөдөр тусалж болох вэ?

  • Надад ямар цаг, нөөц бололцоо байна вэ?

  • Би бусдыг адислахын тулд авьяас, ур чадвараа ямар арга замаар ашиглаж болох вэ?

  • Бид гэр бүлээрээ юу хийж болох вэ?

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф:

“Та бүхэн бүх эрин үеийн Христийн дагалдагч нарын нэгэн адил хамтдаа зөвлөлдөж, бүх л нөөц боломжоо ашиглаж, Ариун Сүнсний удирдамж болон Их Эзэний зөвшөөрлийг эрэлхийлэн, ханцуй шамлан хөдөлмөрлөж эхлэх ёстой.

“Би та нарт нэгэн амлалт өгье. Хэрэв та энэ загварыг дагаж мөрдвөл Их Эзэний арга замаар, хэнд, юугаар, хэзээ,хаана туслах тухай тодорхой удирдамж зааврыг авах болно” хэмээн хэлсэн заасан юм.12

Би Аврагч дахин ирэх үед ямархуу байх бол гэж гайхан бодох болгондоо Түүний нифайчууд дээр айлчлахдаа асуусан зүйлийнх нь тухай боддог.

“Та нарын дунд өвчтөнүүд байна уу? Тэднийг нааш авчрагтун. Доголон, эсвээс хараагүй, эсвээс хазгар, эсвээс тахир дутуу, эсвээс уяман өвчтэй, эсвээс татанги, эсвээс дүлий, эсвээс ямар нэгэн байдалд зовж зүдэрсэн нэгэн байна уу? Тэднийг нааш авчирагтун мөн би тэднийг эдгээх болно, учир нь та нарыг өрөвдөх сэтгэл надад буй; зүрх сэтгэл минь нигүүлслээр дүүрэв.

“… [Аврагч] тэднийг нэг бүрчлэн эдгээв.”13

Их Эзэн одоо биднээс Өөрийнх нь гар болохыг хүсдэг.

Би Бурханы болон хөршөө хайрлах хайр амьдралыг утга учиртай болгодог гэдгийг мэдэж авсан. Бид Аврагчийн үлгэр жишээ, бусдад хайраар хүрч үйлчлэх сануулгыг дагах болтугай.

Би “хэрэв [бид] [өөрсдийн] бэлгийг өөр хэн нэгэнд үйлчлэхэд ашиглавал, [бид] тэр хүнийг хайрлах Их Эзэний хайрыг мэдрэх болно. [Бидний] төлөө гэх Түүний хайрыг бас [бид] мэдэрнэ” гэсэн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн амлалт бодитой болохыг гэрчилж байна.14 Есүс Христийн нэрээр, амен.

Тэмдэглэл: 2016 оны 4-р сарын 2-нд Эсплин эгч Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Эшлэлүүд

  1. Иохан 13:34.

  2. Жэффри Р.Холланд, “Шударга ёс, хайр, нигүүлсэл нийлнэ,” Лиахона, 2015 оны 5-р сар, 106.

  3. Үйлс 10:38.

  4. “Амьд Христ: Төлөөлөгчдийн Гэрчлэл,” Лиахона, 2000 оны 4-р сар, 2.

  5. Лук 9:24.

  6. Томас С.Монсон, “Өнөөдөр би хэн нэгний төлөө юу хийв?,”2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 97.

  7. Лола Б.Волтэрс, “Sunshine in My Soul,” Ensign, 1991 оны 8-р сар, 19.

  8. Сондра Д.Хийстон, “Keeping Your Fingers on the PULSE of Service” (Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт, 2015 оны 6-р сарын 23), 1, 5, speeches.byu.edu. Энэ бодлоо хуваалцаж, Залуу эмэгтэйчүүдийн аялал дээр үг хэлсэн хүн бол Виржина Х.Пийрс эгч юм.

  9. Томас С.Монсон, “Өнөөдөр би хэн нэгний төлөө юу хийв?,” 98.

  10. “Give Us a Hand!,” Лиахона, 2015 оны 1-р сар, 64–65-ыг үзнэ үү.

  11. Мозая 2:17.

  12. Дийтр Ф.Угдорф, “Их Эзэний арга замаар хангах нь,”2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 65.

  13. 3 Нифай 17:7, 9.

  14. Хэнри Б. Айринг, To Draw Closer to God, (1997), 88.