2010–2019
БиБурханы хүүхэд
Дөрөвдүгээр сар 2016


Би Бурханы хүүхэд

Өөрсдийнхөө тэнгэрлэг өвийн тухай зөв ойлголттой байх нь өргөмжлөлд зайлшгүй чухал юм.

Бидний үндсэн суурь сургаал нь бид амьд Бурханы хүүхдүүд мөн гэсэн мэдлэгийг агуулдаг. Иймээс Түүний хамгийн ариун нэрсийн нэг нь Эцэг—Тэнгэрлэг Эцэг юм. Энэ сургаалыг олон зууны турш бошиглогчид тодорхой заасаар ирсэн.

  • Сатан Мосег сорих үед тэрээр “Чи хэн бэ? Учрыг болгоогтун, Бурханы Хүү байна би”1 гэж хэлэн, Сатаныг няцаасан юм.

  • Дуулал номыг зохиогч израилчуудад хандан “Та нар бүгдээрээ Хамгийн дээд нэгний хүүхдүүд юм”2 хэмээн тунхагласан байдаг.

  • Паул Марс толгод дээр афинчуудад тэд бол “Бурханы үр удам”3 гэдгийг заасан.

  • Иосеф Смит, Сидней Ригдон хоёр үзэгдэл үзэн, Эцэг, Хүү хоёрыг харсан бөгөөд тэнгэрийн дуу хоолой ирж дэлхийнүүдийн оршин суугчид нь “Бурханы төрсөн хөвгүүд хийгээд охид нь бөлгөө4 хэмээн тунхагласан юм.

  • 1995 онд 15 амьд төлөөлөгч болон бошиглогчид “Бүх хүн төрөлхтнийг … Бурхан, өөрийн дүр төрхөөр бүтээсэн. Хүн бүр Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай сүнслэг охин, хүү нь юм5 хэмээн баталсан.

  • Ерөнхийлөгч Томас С.Монсон: “Бид амьд Бурханы охид, хөвгүүд юм. … Бид хүч чадал болон хүчний гүн гүнзгий шинэ ойлголтгүйгээр үүнд чин сэтгэлээсээ итгэж чадахгүй”6 хэмээн гэрчилсэн.

Энэ сургаал нь энгийн, байнга давтагддаг, хялбар учраас жирийн зүйл мэт санагдаж магадгүй юм. Гэхдээ үнэн хэрэгтээ энэ нь бидний олж авч чадах хамгийн ер бусын мэдлэг юм. Өөрсдийнхөө тэнгэрлэг өвийн тухай зөв ойлголттой байх нь өргөмжлөлд зайлшгүй чухал юм. Энэ нь авралын алдар суут төлөвлөгөөг ойлгоход мөн Эцэгийн ууган Хүү, Есүс Христэд болон Түүний нигүүлсэнгүй Цагаатгалд итгэх итгэлээ тордоход нэн чухал билээ.7 Түүнчлэн энэ нь мөнхийн чухал гэрээнүүдийг хийж, сахихад бидэнд урам өгдөг.

Энэ хуралдаанд оролцож байгаа хүмүүсийн цөөн хэдээс бусад нь яг одоо дууны үгтэй хуудас бас хөгжимгүйгээр “Би Бурханы хүүхэд”8 дууллыг дуулж чадна. Энэ гайхалтай дуулал бол энэ сүмд хамгийн их дуулагддаг дууллуудын нэг юм. Гэвч хамгийн чухал асуулт бол “Бид үүнийгээ үнэхээр мэддэг үү?” Бид оюун ухаан, зүрх, сэтгэл болон бодгальдаа үүнийг мэддэг үү? Тэнгэрлэг эцэг эхтэй гэдэг маань өөрсдийгөө хэн гэж боддогийн анхны бөгөөд гүн гүнзгий үндэс суурь мөн үү?

Бид дэлхийд өөрсдийгөө төрсөн газар, үндэс угсаа, хэл яриа гэх мэт олон өөр арга замаар тодорхойлдог. Зарим нь өөрсдийгөө мэргэжлээрээ эсвэл хоббигоороо тодорхойлдог. Дэлхийн ийм тодорхойлолт нь Бурханы охин эсвэл хүү гэсэн бидний мөнхийн тодорхойлолтыг үгүйсгэх эсвэл үүнтэй зөрчилдөхөөргүй байвал буруу биш юм.

Манай бага хүүхдийг зургаан настай, нэгдүгээр ангид байхад багш нь хүүхдүүддээ ангидаа суугаад бичгийн ажил хийх даалгавар өгсөн юм. Энэ нь аравдугаар сар байсан ба дэлхийн зарим хэсэгт тэмдэглэн өнгөрүүлдэг Халловээний сар байв. Энэ миний дуртай баяр биш ч, би Халловээний баярт гэм зэмгүй, сайхан тал олон бий гэж боддог.

Багш бяцхан сурагчдад цаас дамжуулан өгөв. Дээд хэсэгт нь буцалж буй тогооны дээр зогсож буй домогт шулмыг (энэ миний дуртай баяр биш гэж би та нарт хэлсэн шүү дээ) хааш яаш зурсан зураг байв. Хүүхдүүдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлж мөн гүйцэд хөгжөөгүй бичих чадварыг нь шалгахаар хуудсан дээр бичигдсэн байсан асуулт нь “Чи дөнгөж сая шулмын ундаанаас уучихлаа. Чамд юу тохиолдох бол?” гэсэн байв. Энэ түүхийг багш нарт санал болгохоор хуваалцаагүй гэдгийг минь ойлгоорой.

“Чи дөнгөж сая шулмын ундаанаас уучихлаа. Чамд юу тохиолдох бол?” Бичиж сурч байгаа бяцхан охин минь хамгийн сайнаараа “Би нас барна, тэгээд тэнгэрт очно. Тэнд байх нь надад таалагдах байх. Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт байх учраас бас энэ нь хамгийн сайхан газар учраас би тэнд байхдаа дуртай байх болно” гэж бичсэн юм. Энэ хариулт багшийг нь гайхшируулсан байж болох ч охиноо хийж дуусгасан даалгавраа гэртээ авчрахад нь түүнд хамгийн өндөр оноо болох од тавьсан байсныг бид мэдсэн юм.

Бид бодит амьдрал дээр төсөөллийн биш харин бодит, хүнд сорилтуудтай тулгардаг. Бие махбод, сэтгэл санааны болон сүнсний өвчин шаналал амсдаг. Нөхцөл байдал таамаглаж байснаас өөрөөр эргэхэд бидний зүрх эмтрэн шаналдаг. Бидэнд тохиолдсон нөхцөл байдал санаснаар болохгүй байгаа юм шиг санагдах үед шударга бус байдаг. Итгэл хүлээлгэсэн хэн нэгэн биднийг хуурах үед сэтгэлээр унадаг. Эрүүл мэнд, санхүүгийн хүндрэл сэтгэл эмтэлж, сургаалын эсвэл түүхийн учир шалтгаан нь бидний одоо ойлгож чадахаас хэтрэх үед эргэлзэх үе гарч болно.

Амьдралд маань хүнд хэцүү зүйлс тохиолдоход бидний тэр дор нь үзүүлэх хандлага ямар байдаг вэ? Эргэлзэж, тээнэгэлзсэн эсвэл сүнслэг байхаа больдог уу? Итгэл маань буурдаг уу? Өөрийн нөхцөл байдалд Бурханыг эсвэл бусдыг буруутгадаг уу? Эсвэл хэн болохоо мэдэж, амьд Бурханы хүүхдүүд гэдгээ санах нь бидний гаргадаг хамгийн эхний хандлага уу? Дэлхийн өвчин шаналал нь Түүнтэй адил болж, мөнхийн өв хөрөнгөө өвлөн авахад цэвэршүүлэгчийн галтай адил биднийг адислах болно гэдгийг Тэр мэддэг учраас энэ бүхнийг зөвшөөрдөг гэсэн туйлын итгэлтэй нэгддэг үү?9

Би саяхан нэг хуралд ахлагч Жэффри Р.Холландтай хамт оролцсон. Ахлагч Холланд мөнх бус амьдрал нь зовлон зүдгүүртэй байж болох ч—бид тухайн үедээ үүнийг ойлгодоггүй ч энэ нь мөнхийн зорилготой байдаг хэмээх зарчмыг зааж байхдаа “Та хүссэн зүйлсээ олж авч чадна эсвэл та ямар нэгэн илүү зүйлийг олж авч чадна” хэмээн хэлсэн.

Таван сарын өмнө миний эхнэр Дайэн бид хоёр ахлагч Бэднар болон Бэднар эгч хоёртой Африк руу явсан. Бидний айлчилсан хамгийн сүүлийн, зургаа дахь улс Либери улс байв. Либери улс язгууртан хүмүүс, баялаг түүхтэй агуу улс хэдий ч тэнд аливаа зүйлс амар хялбар байсангүй. Олон арван жил үргэлжилсэн улс төрийн тогтворгүй байдал болон иргэний дайн нь ядуурлын тахлыг улам доройтуулсан. Үүнээс гадна, аймшигт Эбола халдварт өвчин хамгийн сүүлд дэгдэх үеэрээ таван мянгаад хүний амь насыг авч одсон байв. Бид Эболагийн түгшүүр нүүрлэснээс хойш Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ газрыг аюулгүй болсныг зарласны дараа Либерийн нийслэл Монровиад айлчилж очсон Сүмийн удирдагчдын эхний бүлэг байсан юм.

Маш халуун, чийглэг нэгэн ням гаргийн өглөө бид хотын төвд байдаг түрээсийн цуглааны байранд очсон. Байгаа бүх сандлаа байрлуулсан байсан ба нийт 3500 суудал байв. Ирсэн хүмүүсийг хамгийн сүүлд тоолоход 4100 хүрч байв. Ирсэн бараг бүх хүн явган ирэх шаардлагатай байсан ба эсвэл тав тух муутай нийтийн тээврээр явж ирэх ёстой байв. Цугларах нь гэгээнтнүүдийн хувьд амар зүйл биш байв. Гэхдээ л тэд ирсэн. Ихэнх нь цуглааны товлосон цагаас хэдэн цагийн өмнө ирсэн байв. Биднийг танхимд ороход сүнслэг уур амьсгал бүрдсэн байв! Гэгээнтнүүд заалгахдаа бэлэн байлаа.

Үг хэлж байсан хүнийг судраас эш татах үед гишүүд шүлгийг чангаар хэлж байв. Энэ нь богино эсвэл урт судар байхаас үл хамааран цугларагсад бүгд нэгэн дуугаар хариулж байв. Бид ингэхийг санал болгодоггүй ч тэд үүнийг хийж чадаж байсан нь онцгой сэтгэгдэл төрүүлсэн юм. Мөн найрал дуучид үнэхээр хүчирхэг байсан. Урам зоригтой найрал дууны удирдаач болон төгөлдөр хуур тоглосон 14 настай залуу эрэгтэйн удирдлагаар гишүүд эрч хүчтэй дуулж байв.

Дараа нь ахлагч Бэднар үг хэлсэн. Мэдээж, Төлөөлөгчийн зааж мөн гэрчлэхийг сонсох нь цугларагсдын хүсэн хүлээж байсан хамгийн онцгой мөч байв. Ахлагч Бэднар Сүнсний удирдамжийг даган, хэлж байсан үгээ таслан “Та нар ‘Бат бөх суурь’ дууллыг мэдэх үү?” гэж асуув.

Дөрвөн мянга нэг зуун хоолой “ТИЙМ ЭЭ!” гэж нирхийн хариулах шиг санагдав.

Тэгэхэд нь тэр “Та нар 7-р бадгийг нь мэдэх үү?” гэж асуув.

Тэд дахин бүгдээрээ “ТИЙМ ЭЭ!” гэж хариулав.

Мормон Табернеклын найрал дуучид сүүлийн 10 жилийн турш “Бат бөх суурь” хэмээх гайхалтай дууллыг дуулахдаа өмнө нь нэг их дуулагдаж байгаагүй 7-р бадгийг багтааж дуулдаг болсон. Ахлагч Бэднар “Бүгдээрээ 1, 2, 3, 7-р бадгийг дуулцгаая” гэж зааварлав.

Найрал дууны удирдаач ямар ч эргэлзээгүйгээр шалавхан босч, дагалдан хөгжимчин Аароны санваартан оршил аяыг урамтай тоглож эхлэв. Миний өмнө нь цугларагсдын найрал дуун дээр хэзээ ч мэдэрч байгаагүй тийм итгэлийн түвшинд бид 1, 2, 3-р бадгуудыг дуулсан. Дараа нь 4100 хоолой 7-р бадгийг дуулж,

Нэг хүн, бие бодь Есүс дээр хүрч ирэх цагт

Түүнийг би дайснуудынхан гарт орхихгүй.

Нэг биеийг там эс орхин, тарчлаан, зовоовч

Түүнийг хэзээ ч, үгүй Түүнийг хэзээ ч үгүй

Түүнийг хэзээ ч, үгүй хэзээ ч орхихгүй!10 хэмээн тунхаглах үед дууны цар хүрээ болон сүнслэг хүч өргөгдсөн юм.

Миний амьдралд тохиолдсон хамгийн гайхалтай сүнслэг үйл явдлуудын нэг нь надад тэр өдөр гүн гүнзгий сургамжийг заасан юм. Биднийг үнэхээр хэн бэ гэдгийг маань мартахад хүргэдэг дэлхийд бид амьдарч байна. Бидний эргэн тойронд буй анхаарал сарниулах зүйлс ихсэхийн хэрээр хайнга хандах, дараа нь үл тоомсорлох, тэгээд Бурхантай харилцах харилцаагаа мартах нь илүү амархан болсон. Либери дэх гэгээнтнүүд материаллаг зүйлсийн хувьд дутагдалтай ч сүнслэг байдлын хувьд тэдэнд бүх зүйл байгаа юм шиг санагдсан. Монровиад бидний тэр өдөр гэрчилсэн зүйл нь Бурханы охид, хөвгүүд гэдгээ мэддэг байсан нэгэн хэсэг хүмүүс байсан юм!

Өнөөгийн дэлхийд бидний хаана амьдардаг, бидний нөхцөл байдал ямар байгаагаас үл хамааран Бурханы хүүхэд гэдэг давамгайлсан тодорхойлолт нь чухал юм. Үүнийг мэддэг байх нь бидний итгэлийг хөгжихөд мөн биднийг байнга наманчлахад нөлөөлөх ба энэ нь мөнх бус аяллынхаа турш “хичээнгүй мөн гуйвшгүй” байх хүч чадлаар хангах болно.11 Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Мосе 1:13; тодотгол нэмэгдсэн.

  2. Дуулал 82:6; тодотгол нэмэгдсэн.

  3. Үйлс 17:29; тодотгол нэмэгдсэн.

  4. Сургаал ба Гэрээ 76:24; тодотгол нэмэгдсэн.

  5. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Лиахона 2010 оны 11-р сар, 129; тодотгол нэмэгдсэн.

  6. Томас С.Монсон, “Canaries with Gray on Their Wings,” Лиахона, 2010 оны 6-р сар, 4; тодотгол нэмэгдсэн.

  7. Колоссай 1:13–15-ыг үзнэ үү.

  8. “Би Бурханы Хүүхэд”, Сүмийн дууны ном, 58-ыг үзнэ үү.

  9. Малахи 3:2-ыг үзнэ үү.

  10. “Бат бөх суурь,” Сүмийн дууны ном, 6-г үзнэ үү.

  11. Мозая 5:15.