2010–2019
Авран хадгалдаг тэднийг магтая
Дөрөвдүгээр сар 2016


Авран хадгалдаг тэднийг магтая

Биднийг Аврагчийн хайрыг үлгэрлэн дуурайх үед Тэрээр гэрлэлтээ аврах, гэр бүлээ хүчирхэгжүүлэх зөв шударга хүч чармайлтыг тань гарцаагүй адисалж, арвижуулах болно.

Олон жилийн өмнө би Германы Франкфуртын Ариун сүмд байхдаа нэгэн настай хосыг гар гараасаа хөтөлсөн байгааг ажигласан юм. Тэдний нэг нэгэндээ үзүүлж байсан хайр, нинжин сэтгэл зүрх сэтгэлийг минь дулаацуулж билээ.

Энэ нь яагаад надад гүн сэтгэгдэл төрүүлснийг би сайн мэдэхгүй байна. Магадгүй тэр хоёр хүний тэвчээртэй байдал, үнэнч сэтгэлийн баттай бэлгэ тэмдэг болсон бие биенээ хайрлах хайрын эв нэгдлээс болсон байж болох юм. Энэ хос маш олон жил хамтдаа байсан бөгөөд тэдний бие биеэ хайрлах сэтгэл амьд, хүчирхэг хэвээрээ байлаа.

Амархан хаяж, орхидог Нийгэм

Энэ сэтгэл хөдөлгөм байдал надтай энэ удаан хугацааны туршид үлдсэн өөр нэг шалтгаан гэвэл энэ нь өнөөдрийн зарим хандлагыг эсрэг тэсрэгээр нь харуулдаг болохоор тэр болов уу гэж би боддог. Дэлхий даяар олон нийгэм, улс оронд бүх зүйл нэг удаагийн хэрэгцээнийх мэт санагддаг болж. Ямар нэг зүйл эвдэрч, муудаж эхлэнгүүт л эсвэл зүгээр л залхсанаасаа болж бид тэдгээрийг гаргаж хаяад, илүү сайхан, шинэ, өнгөлөг зүйлээр сайжруулан сольдог.

Бид гар утас, хувцас, автомашин, харамсалтай нь бүр хүмүүстэй харьцах харилцаандаа хүртэл ийн ханддаг.

Бид өөрсдийн амьдралд цаашид хэрэггүй материаллаг зүйлсээ гарган хаяж, багасгах нь хэрэгтэй хэдий ч мөнхийн чухал зүйлс болох гэрлэлтээ, гэр бүлээ, өөрсдийн эрхэмлэдэг зүйлсээ мөн эх хувийг нь орчин үеийнхээр солих гэсэн бодолтой байх нь гүн гүнзгий харамсал авчрах болно.

Би гэрлэлт, гэр бүлийг чухалчлан үздэг сүмд харъяалагддагтаа баяртай байдаг. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд хамгийн сайн гэрлэлт, гэр бүлүүдтэй байдгаараа нэртэй. Энэ нь зарим талаас гэрлэлт болон гэр бүл нь мөнхөд байх учиртай хэмээх Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн чухал үнэний үр дүн гэдэгт би итгэдэг. Гэр бүл бол харилцаа нь дэлхий дээр байхад амьдралыг илүү хялбар байлгахын тулд шаардлагатай байдаг мөн тэнгэрт очоод бидэнд хэрэггүй гээд орхидог зүйл биш юм. Харин ч тэр нь тэнгэрийн жаяг юм. Тэдгээр нь селестиел загварын адилтгал, Бурханы мөнхийн гэр бүлийн хуулбар мөн.

Гэхдээ бат бөх гэрлэлт, гэр бүлийн харилцаа нь Сүмийн гишүүд байснаар автоматаар ирдэггүй. Тэдгээр нь байнгын, зорилготой хүчин чармайлтыг шаарддаг. Мөнхийн гэр бүлийн сургаал нь биднийг гэрлэлтээ болон гэр бүлээ хадгалж, өсч бэхжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийхэд урамшуулах ёстой. Би эдгээр мөнхийн чухал харилцаагаа хадгалан хамгаалж, асран халамжилж байдаг хүмүүсийг магтан сайшаамаар байна.

Өнөөдөр би авран хадгалж үлддэг тэр хүмүүсийг магтан ярихыг хүсч байна.

Гэрлэлтээ хадгалж үлдэх нь

Он жилүүдийн туршид би найдвар тээсэн, хайраар дүүрэн олон залуу хосын лацдан холбох ёслолыг гүйцэтгэсэн юм. Тахилын ширээний хоёр талд өөд өөдөөсөө харан суухдаа, хожим салж, зүрх сэтгэлээ эмтлэх байх гэж бодож байсан ямар ч хүнтэй би дайралдаж байгаагүй.

Харамсалтай нь, ийм зүйл заримдаа тохиолддог.

Гэхдээ он цаг улирч, хайр дурлалын өнгө өөрчлөгдөх тусам зарим хүн нэгнийхээ аз жаргалтай байдлын талаар бодохоо больж, жижиг сажиг алдааг нь ажиглаж эхэлдэг. Ийм нөхцөлд тэр хүмүүсийн зарим нь эхнэр, нөхрөө ухаалаг, хөөрхөн, наргианч эсвэл залуу биш гэх эмгэнэлт дүгнэлтэд хүрдэг. Мөн тэд энэ нь тэдэнд өөр хэн нэгнийг хайж эхлэх зөвтгөх шалтгаан өгч байна гэж яагаад ч юм боддог.

Ах нар аа, хэрвээ энэ нь та нарыг бага зэрэг ч гэсэн дүрсэлж байгаа бол та нар салалт, бутарсан гэр бүл, эмтэрсэн зүрх сэтгэлд хүргэх зам дээр байна шүү гэж би сэрэмжлүүлж байна. Та нарыг яг одоо болиод, эргэж харан, гэрээнүүддээ үнэнч мөн зарчимч байх аюулгүй зам дээр буцаж гараасай гэж би та нараас гуйж байна. Мэдээж, энэ зарчим нь эгч нарт маань ч хамаатай юм.

Нухацтай болзоонд яван, гэрлэхээсээ өмнө эхлээд “төгс төгөлдөр эмэгтэйг” олох хэрэгтэй гэсэн хуурамч итгэл өвөрлөдөг ганц бие ах нартаа хандан нэг л үг хэлэхийг минь зөвшөөрнө үү.

Хайрт ах нар минь, хэрвээ төгс төгөлдөр эмэгтэй байх юм бол тэр эмэгтэй та нарыг сонирхох байх гэж та нар үнэхээр бодож байгаа эсэхийг би та нарт сануулж болох уу?

Бурханы аз жаргалын төлөвлөгөөгөөр бид төгс төгөлдөр хүнийг хайхаасаа илүү, амьдралын туршид хайраар дүүрэн, салшгүй, илүү төгс харилцааг хамтдаа бий болгох хүнийг хайж байдаг юм шүү. Энэ л зорилго нь юм шүү дээ.

Ах нар аа, гэрлэлтээ хадгалан үлддэг хүмүүс энэ хичээл зүтгэл нь хугацаа, тэвчээр, бүр бүхнээс илүүгээр Есүс Христийн Цагаатгалын адислалуудыг шаарддаг гэдгийг ойлгодог. Энэ нь та нарыг эелдэг, атаархдаггүй, амин хувиа хичээдэггүй, амар өдөөн хатгагддаггүй, хилэнцтийг боддоггүй, үнэнд баясдаг байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл энэ нь энэрэл буюу Христийн цэвэр хайрыг1 шаарддаг.

Энэ бүхэн нь хоромхон зуур тохиохгүй. Агуу гэрлэлт өдрөөс өдөрт, нэг нэгээр тоосго тавихтай адил амьдралын туршид бий болдог юм.

Мөн энэ нь сайхан мэдээ юм.

Та нарын одоогийн харилцаа хэр хавтгай байх нь хамаагүй, хэрвээ бид эелдэг байдал, өрөвч сэтгэлийг үзүүлж, сонсон, золиосолж, ойлгон, амин хувиа бодохгүй хайрга чулууг нэмэхээ үргэлжлүүлэх юм бол эцэстээ агуу том пирамид баригдаж эхэлнэ.

Үүнд үүрд үргэлжлэх хэт удаан цаг зарцуулж байгаа мэт санагдаж магадгүй, гэхдээ аз жаргалтай гэрлэлт мөнхөд үргэлжлэх учиртай гэдгийг санаарай! Тиймээс “сайныг үйлдэхэд шантрамтгай бүү бай, учир нь та нар агуу [гэрлэлтийн] суурийг тавьж байна. Мөн агуу зүйл жижиг зүйлүүдээс ирдэг.”2

Энэ нь алгуурхан шат шатаар явж болно, гэхдээ уйтгар гунигтай ажил байх ёсгүй юм шүү. Үнэн хэрэгтээ, бид бүгдийн мэддэгээр, эхнэр нөхөр хоёр хоёулаа аз жаргалтай байгаа цагт салалт бараг тохиодоггүй гэдгийг би дурдаж болох уу?

Тиймээс аз жаргалтай бай!

Ах нар аа, тэгээд эхнэрийгээ аз жаргалтай болгодог зүйлсийг хийж өгөн, түүнийг гайхшируул.

Гэрлэлтээ аварч, хадгалан үлддэг хүмүүс аз жаргалтай байхыг сонгодог юм шүү. Зарим сэтгэлийн хямрал нь тусгай эмчилгээ шаарддаг хэдий ч Абрахам Линколны “Ихэнх хүн өөрсдийн хүсч байгаа хэмжээгээр л аз жаргалтай байдаг” хэмээн хэлсэн ухаалаг үгсэд би их дуртай. Энэ нь “Эрэлхийл, тэгвэл та нар олох болно”3 хэмээх судартай маш сайхан зохицож байна.

Хэрвээ бид ханиасаа дутагдлыг нь, гэрлэлтээсээ уурлаж бухимдуулах зүйлсийг хайх юм бол тэдгээрийг олж л таараа. Учир нь хүн бүхэнд дутагдал байдаг. Нөгөө талаас, хэрвээ бид сайн сайхныг хайх юм бол тэдгээрийг бид бас олох л болно. Учир нь хүн бүхэнд олон сайн тал байдаг.

Гэрлэлтээ авран хадгалдаг хүмүүс хогийн ургамлыг зулгаан хаяж, цэцгийг усалдаг. Тэд цэвэр хайрын эелдэг зөөлөн мэдрэмжийг төрүүлэх ач ивээлийн өчүүхэн үйлсийг баярлан тэмдэглэдэг. Гэрлэлтээ авран хадгалдаг хүмүүс ирээдүйн үеийнхнийг авардаг.

Ах нар аа, яагаад түүнд хайртай болсноо санаарай.

Гэрлэлтээ илүү бат бөх, аз жаргалтай болгохын төлөө өдөр бүр хөдөлмөрлө.

Хайрт андууд минь, гэрлэлтээ авран хадгалдаг тэдгээр аз жаргалтай, баяр хөөртэй бодгалийн дунд тоологдохын тулд чадах бүхнээ хийцгээе.

Гэр бүлээ авран хадгалах нь

Өнөөдөр би гэр бүлийнхэнтэйгээ харилцаагаа хадгалан үлддэг хүмүүсийг магтан ярихыг хүсч байна. Гэр бүл бүрд аврал хэрэгтэй байдаг.

Манай Сүм бат бөх гэр бүлээрээ нэртэй байдаг нь их сайхан хэрэг хэдий ч энэ нь миний гэр бүлээс бусад гэр бүлийг л хэлж байна гэж бид заримдаа бодож магадгүй. Гэхдээ үнэн хэрэгтээ төгс төгөлдөр гэр бүл гэж байдаггүй юм шүү.

Гэр бүл болгонд хүнд мөчүүд тохиодог.

Аав ээж чинь чамаас өөрсдийнхөө селфи зургийг авч өгөхийг гуйх эсвэл үеэл эгч чинь чамайг дэндүү голомтгой болохоор л одоо болтол ганц бие байна гэж зүтгэх эсвэл хатуу зөрүүд бодолтой хүргэн ах чинь өөрийн улс төрийн бодлыг сайн мэдээний бодлого гэж үзэх эсвэл аав чинь өөрийнхөө дуртай киноны баатрууд шиг хувцаслан гэр бүлийн зураг авахуулах төлөвлөгөө гаргах мэт.

Тэгтэл чи Оддын дайн киноны Чюбаккагийн хувцас өмсөх болж таарвал яах вэ.

Гэр бүлүүд тийм байдаг шүү дээ.

Бид адилхан гентэй байж болох ч адилхан биш. Бид бүгдэд өөр өөр өвөрмөц сүнс байдаг. Бидний олж авсан туршлага бидэнд өөр өөр арга замаар нөлөөлдөг. Эцэст нь бид бүгдээрээ өөр өөр юм.

Бусад бүх хүнийг өөрсдийн цутгасан хэв маягт тааруулахыг хичээхийн оронд бид өөрсдийн ялгаатай байдлаа баярлан тэмдэглэж, амьдралд маань байнгын гэнэтийн баяр нэмж, сонирхолтой байлгадагт талархаж болно.

Заримдаа гэр бүлийн гишүүд маань сонголт хийдэг. Тэд заримдаа бодлогогүй, бусдыг хохироосон, ёс суртахуунгүй зүйлс хийдэг. Ийм тохиолдлуудад бид яах ёстой вэ?

Ганцхан арга хэмжээ бүх л нөхцөл байдалд таарна гэж байхгүй. Гэр бүлээ авран хадгалдаг тэдгээр хүн ханьтайгаа мөн гэр бүлтэйгээ зөвлөлдөж, Их Эзэний хүслийг эрэлхийлж, Ариун Сүнсний өдөөлтүүдийг анхааралтай сонсдог учраас амжилттай байдаг юм. Тэд өөрсдийнх нь гэр бүлд тохирох зөв зүйл өөр нэг гэр бүлд зөв биш байж болно гэдгийг мэддэг.

Гэхдээ нөхцөл байдал бүрд хийж болох нэг зүйл байдаг.

Бид Мормоны номоос аз жаргалтай байхын нууцыг олж мэдсэн нэгэн ард түмний талаар уншдаг. Үеэс үед “… Зөрчилдөөн огт байсангүй. … Мөн Бурханы мутраар бүтээгдсэн бүх хүмүүсийн дунд илүү аз жаргалтай хүмүүс байх аргагүй нь гарцаагүй юм.” Тэд яаж тийм байж чадсан бэ? Яагаад гэвэл, хүмүүсийн зүрх сэтгэлд орших Бурханы хайрын ачаар юм”4

Танай гэр бүлд ямар ч асуудал бэрхшээл тулгарсан бай, тэдгээрийг шийдэхийн тулд юу ч хийх хэрэгтэй байсан гэсэн шийдвэрийн эхлэл ба төгсгөл нь энэрэл буюу Христийн цэвэр хайр юм. Энэ хайр байхгүй бол төгс мэт санагдах гэр бүлүүд ч хүндхэн байдалд ордог. Энэ хайр байвал хүнд асуудал бэрхшээлтэй гэр бүлүүд ч амжилттай байж чаддаг юм.

“Энэрэл хэзээ ч дуусдаггүй.”5

Энэ нь гэрлэлтийг хадгалах тал дээр ч үнэн! Гэр бүлүүдийг аврах тал дээр ч үнэн!

Бардам зангаа хойш тавь

Энэрлийн том дайсан нь бардамнал. Бардамнал нь гэрлэлт, гэр бүлүүдийн бэрхшээл зовлонтой тулгардаг хамгийн гол шалтгаануудын нэг юм. Бардам зан нь цухалдуу, бүдүүлэг, атаа жөтөөч байдаг. Бардам зан нь өөрийн хүч чадлыг өөгшүүлэн, бусдын ариун журмыг үл тоомсорлодог. Бардам зан нь хувиа боддог бөгөөд амархан өдөөн хатгагддаг. Бардам зан нь ямар ч хорон санаа байгаагүй үед байна гэж боддог ба хуурамч дүр үзүүлэн сул дорой талаа нуудаг. Бардам зан нь эрээ цээргүй, гутрангуй, уур уцаартай, тэвчээргүй байдаг. Энэрэл нь Христийн цэвэр хайр юм бол бардам зан нь Сатаны гол зан чанар юм.

Бардам зан нь хүн төрөлхтөний нийтлэг дутагдал байж болно. Гэхдээ энэ нь бидний сүнслэг өвийн нэг хэсэг биш бөгөөд Бурханы ариун санваартнуудын дунд үүнд ямар ч зай байхгүй.

Ах нар аа, амьдрал богинохон. Харамсал нь маш удаан үргэлжилж болно. Зарим нь бүр мөнхөд дамжин цуурайтах үр дүнтэй байж болно.

Таны эхнэртээ, хүүхдүүддээ, эцэг эхдээ, ах эгч дүүдээ хандах хандлага үеэс үед нөлөөлөх болно. Та үр удамдаа ямар өвийг үлдээхийг хүсч байна вэ? Өшөө авалт, хатуу ширүүн байдал, өс хонзон, уур хилэн, айдсын өвийг үлдээх үү? Эсвэл хайр, даруу зан, уучлал, нинжин сэтгэл, сүнслэг өсөлтийн өвийг үлдээх үү?

Бид бүгдээрээ “өршөөлгүй хүнд өршөөлгүй шүүлт байх болно”6 гэдгийг санах хэрэгтэй.

“Өршөөл шүүлтийг ялдаг”7 учраас гэр бүлийнхээ харилцааны төлөө, бодгалийнхаа төлөө өршөөл уучлалыг агуулдаг байгаач.

Бардам зангаа хойш тавь.

Хүүхдүүд, эхнэр, гэр бүл, найз нөхдөөсөө чин сэтгэлээсээ уучлал гуйх нь сул доройн биш, харин хүч чадлын шинж тэмдэг юм. Зөв байх нь орчин тойрныхноо халамжлах, эдгээх, хайрлахаас илүү чухал зүйл гэж үү?

Гүүр барь; түүнийг бүү устга.

Бүр таны буруу биш байсан ч, бүр ялангуяа таны буруу биш үед хайр нь бардамналыг ялан дийлэг.

Хэрэв та нар үүнийг хийх аваас ямар ч тулгарч буй асуудал бэрхшээл дуусах болно. Мөн таны зүрх сэтгэлд буй Бурханы хайрын ачаар зөрчилдөөн үгүй болох болно. Харилцаагаа аврах эдгээр зарчим гэрлэсэн, салсан, бэлэвсэрсэн эсвэл ганц бие байхаас үл шалтгаалан бид бүгдэд хамаатай. Бид бүгд бат бөх гэр бүлийн аврагчид байж чадна.

Хамгийн агуу хайр

Ах нар аа, биднийг авардаг Нэгний жишээг дагацгаая. Бидний Аврагч гэж дууддаг Тэр “бидний бодгалийг хайраар”8 ялан дийлсэн билээ. Есүс Христ бидний Багш. Түүний ажил бол бидний ажил. Энэ бол аврах ажил бөгөөд гэр орноос маань эхэлдэг.

Авралын төлөвлөгөөний бүтэц дэх агуу хайр нь амин хувиа хичээдэггүй, бусдын сайн сайхныг эрэлхийлдэг. Энэ нь Тэнгэрлэг Эцэгийн бидний төлөөх хайр юм.

Биднийг Аврагчийн хайрыг үлгэрлэн дуурайх үед Тэрээр гэрлэлтээ аврах, гэр бүлээ хүчирхэгжүүлэх зөв шударга хүч чармайлтыг тань гарцаагүй адисалж, арвижуулах болно.

Авран, хадгалдаг тэдний дунд тоологдохын төлөөх цуцалтгүй, зөв шударга хичээл зүтгэлд тань Их Эзэн та нарыг адислах болтугай. Энэ бол Есүс Христийн нэр дээр хэлэх миний залбирал юм, амен.