2010–2019
Бүх зүйлд сөрөг тал байх хэрэгтэй
Дөрөвдүгээр сар 2016


Бүх зүйлд сөрөг тал байх хэрэгтэй

Сөрөг тал нь бидэнд Тэнгэрлэг Эцэгийн болоосой хэмээн хүсэж байгаа тэр хүн нь болон өсөж хөгжих боломжийг олгодог.

Хүүхдүүдийнхээ мөнхийн өсөлт хөгжилтөд зориулсан Эцэгийн авралын төлөвлөгөө нь Есүс Христийн сайн мэдээний төвд байдаг. Уг төлөвлөгөөг орчин үеийн илчлэлтэд тайлбарласан байдаг бөгөөд энэ нь мөнх бус амьдралд тулгардаг олон зүйлийг ойлгоход бидэнд тусалдаг. Миний захиас уг төлөвлөгөөнд сөрөг талын гүйцэтгэдэг нэн чухал үүргийн талаар байх болно.

I.

Мөнх бус амьдралын зорилго бол Бурханы хүүхдүүдэд “мөнхийн амьдралыг өвлөн авах тэнгэрлэг хувь заяагаа бүрэн дүүрэн ухааран ойлгож төгс төгөлдөр болон хөгжин дэвшихийн тулд”1 шаардлагатай тэр туршлагыг өгөх явдал юм. Өнөө өглөө бидэнд ерөнхийлөгч Монсоны зааснаар бид Бурханы зарлигийг дагана гэдгээ харуулахын тулд соригдох сонголтыг хийснээрээ өсч хөгждөг(Aбрахам 3:25-ыг үзнэ үү). Бид соригдохын тулд олон боломжийн дундаас сонгох эрхтэй байх ёстой. Сонгох эрхээ ашиглах боломжийг олж авахын тулд бидэнд сөрөг тал байх ёстой.

Түүнчлэн уг төлөвлөгөөний бусад хэсэг ч адилхан зайлшгүй чухал билээ. Буруу сонголт хийх нь гарцаагүй тул ингэснээр нүгэл биднийг бохирдуулах учраас бид мөнхийн хувь тавилан руугаа урагшлан явахын тулд цэвэрших ёстой. Эцэгийн төлөвлөгөө нь энэ бүхнийг хийх арга замыг өгдөг бөгөөд шударга ёсны мөнхийн шаардлагыг ханган, нүглээс гэтэлгэхийн тулд Аврагч бидний төлөөсийг төлсөн билээ. Тэрхүү Аврагч нь Их Эзэн Есүс Христ, Мөнхийн Эцэг Бурханы Төрсөн Ганц Хүү бөгөөд биднийг нүглээ наманчилбал Түүний гэтэлгэгч золиослол, зовлон шаналал нь бидний нүглийн төлөөсийг төлөх юм.

Мормоны Номд Лихайн хүү Иаковдоо өгсөн сургамж нь урдаас төлөвлөгдсөн сөрөг талын үүргийн тухай хамгийн сайн тайлбар юм.

“Учир юун хэмээвээс бүх зүйлд сөрөг тал байх нь зайлшгүй. Хэрэв тийм бус аваас, … зөв шударга нь бас ёсон бус ч, ариун нандин хийгээд зовлон шаналал ч, сайн бас муу ч тохиохгүй болой” (2 Нифай 2:11; мөн 15-р шүлгийг үзнэ үү).

Цааш нь Лихай үүний үр дүнд “Их Эзэн Бурхан хүнд өөрөө үйлдэх боломжийг өгчээ. Иймийн тул, тэрээр нэгээр эсвэл нөгөөд татагдсан байхаас бусдаар хүн өөрөө үйлдэж чадахгүй байх сан билээ” (16-р шүлэг) хэмээн хэлсэн. Үүний адил орчин үеийн илчлэлтэд Их Эзэн “Мөн чөтгөр хүмүүний үрсийг уруу татах ёстой нь шаардлагатай ажгуу, эс бөгөөс тэд өөрсдийнхөө төлөө сонгогч байж эс чадна” (С ба Г 29:39) хэмээн тунхагласан.

Едений цэцэрлэгт ч гэсэн сөрөг тал зайлшгүй байх хэрэгтэй байсан. Хэрэв Адам Ева хоёр мөнх бус байдалтай танилцсан тэр сонголтыг хийгээгүй бол “тэд … гэм зэмгүй гэнэн байдалдаа үлдэх байсан; тэд нүглийг мэдэхгүй учир сайныг эс үйлдэх байсан” (2 Нифай 2:23) хэмээн Лихай заасан.

Сонгох эрх болон сөрөг тал нь эхлэлээс л Эцэгийн төлөвлөгөөний мөн үүнийг эсэргүүцсэн Сатаны бослогын төвд нь байсан. Их Эзэн тэнгэр дэх зөвлөл дээр Сатан “хүмүүний сонгох эрхийг [устгахыг] эрэлхийл[сэн]” (Moсе 4:3) гэдгийг Мосед илчилсэн байдаг. Устгах гэсэн тэр оролдлого нь Сатаны санал болгосон нөхцөлийн салшгүй хэсэг байсан билээ. Тэр Эцэгийн өмнө ирээд, “Болгоогтун, би энд байна, намайг илгээгтүн, би таны хүү байх болно, мөн нэг ч бодгаль хаягдахгүйгээр бибээр хүн төрөлхтнийг гэтэлгэх болно, мөн үүнийг би гарцаагүй хийх болно, иймийн тулд өөрийн алдар хүндэтгэлийг надад өгөгтүн” (Moses 4:1) хэмээн хэлсэн.

Иймээс Сатаны төлөвлөгөө Эцэгийн зорилгыг биелүүлэхэд саад болж, Түүний алдар хүндлэлийг Сатанд өгөх байв.

Сатан төгс эрх тэгш байдлыг, нэг ч бодгалийг хаяхгүйгээр “хүн төрөлхтнийг гэтэлгэх[ийг]” санал болгосон юм. Хэнд ч сонгох эрх, сонголт гэж байхгүй учраас сөрөг тал ч бас байхгүй байлаа. Түүнчлэн ямар ч сорилт, уналт, амжилт гэж байхгүй байв. Мөн Эцэгийн үр хүүхдүүддээ өгөхийг хүссэн тэрхүү зорилгод хүргэх өсөлт хөгжил ч бас байхгүй байв. Сатаны эсэргүүцлийн улмаас “тэнгэрт дайн” (Илчлэлт 12:7) болсон бөгөөд уг дайны эцэст Бурханы хүүхдүүдийн зөвхөн гуравны хоёр нь Эцэгийн төлөвлөгөөг хүлээн зөвшөөрч, Сатаны бослогоос татгалзсан учраас мөнх бус амьдралыг өөрийн биеэр туулж мэдрэх эрхийг олж авсан хэмээн сударт бичигдсэн байдаг.

Сатаны зорилго бол өөртөө Эцэгийн алдар хүндлэл, хүч чадлыг авах байв (Исаиа 14:12–15; Moсе 4:1, 3-ыг үзнэ үү). “Иймийн тул, Сатан миний эсрэг бослого гаргасан … учир түүнийг би” (Moses 4:3) сонгох эрхээ ашиглан өөрийг нь дагахаар болсон бүх сүнстэй нь хамт”… доош хаягдахаар болгосон бөлгөө”(Иуда 1:6; Илчлэлт 12:8–9; С ба Г 29:36–37-г үзнэ үү) хэмээн Эцэг хэлсэн. Мөнх бус байдалд биегүй, доош хаягдсан сүнсний хувьд Сатан болон түүний дагалдагчид Бурханы хүүхдүүдийг уруу татан, мэхлэн боолчлохыг эрэлхийлдэг(Moсе 4:4-ийг үзнэ үү). Ийнхүү Эцэгийн төлөвлөгөөг эсэргүүцэн, нураахыг эрэлхийлсэн хорон санаат тэрээр үнэн хэрэгтээ түүний төлөвлөгөөнд тусалсан юм. Учир нь сөрөг тал нь сонгох буюу өсөлт хөгжил рүү хөтөлдөг зөв сонголтыг хийх боломжийг олгодог бөгөөд энэ нь Эцэгийн төлөвлөгөөний зорилго юм.

II.

Нүгэлд уруу татагдах нь мөнх бус байдалд тулгарах цорын ганц сөрөг зүйл биш гэдгийг онцлох нь зүйтэй. Уналт болоогүй байсан бол Адам, Ева хоёр “зовлонг мэдээгүйн учир, баяр баясал үгүй, гэм зэмгүй гэнэн байдалдаа үлдэх байсан” (2 Нифай 2:23) хэмээн Эцэг Лихай заасан. Мөнх бус байдалд сөрөг тал байхгүй байсан бол зовлонгүй бас жаргал ч үгүй “бүх зүйл нэгэнд нийлэн байх]” (11-р шүлэг) байв. Тиймээс эцэг Лихай Бурхан бүх зүйлийг бүтээснийхээ дараа “өөрийн мөнхийн зорилгуудыг хүмүүний зорилтонд гүйцэлдүүлэхэд, … эсрэг талууд нь зайлшгүй байх ёстой болжээ; бүр хориглогдсон жимс нь амьдралын модны эсрэг зүйл юм; нэг нь амттай мөн нөгөө нь гашуун бөлгөө”(115-р шүлэг)2) хэмээн хэлжээ. Тэрээр авралын төлөвлөгөөний энэ хэсгийн талаар өгүүлсэн сургамжаа:

“Гэвч болгоогтун, бүх зүйл, бүхнийг мэдэгч түүний мэргэн ухаанд хийгдсэн билээ.

“Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө” (verses 24–25) хэмээх үгээр өндөрлөсөн.

Мөнх бус оршихуйн хүнд нөхцөлд байхдаа сөрөг талыг мэдрэх нь төлөвлөгөөний нэгэн хэсэг бөгөөд мөнх бус байдал дахь бидний өсөлт хөгжлийг илүү нэмэгдүүлдэг.

III.

Биднийг сорих сөрөг талтай хүн бүр нүүр тулж үзсэн билээ. Эдгээрийн зарим нь нүгэлд уруу татах сорилт байдаг. Харин зарим нь хувь хүний нүглээс ангид, мөнх бус байдлын саад бэрхшээл байдаг. Зарим нь асар том байхад зарим нь өчүүхэн жижиг байна. Зарим нь урт хугацааных байхад зарим нь түр зуурынх байдаг. Бидний хэн нь ч энэ бүхнээс чөлөөлөгдөөгүй. Сөрөг тал нь бидэнд Тэнгэрлэг Эцэгийн болоосой хэмээн хүсэж байгаа тэр хүн нь болон өсөж хөгжих боломжийг олгодог.

Иосеф Смит Мормоны Номыг орчуулж дууссаныхаа дараа уг номыг хэвлэх хүнийг хайж олох хэрэгтэй болсон. Энэ нь тийм ч амар ажил байсангүй. Олон хэсгээс бүрдсэн, зузаан эх бичмэл, хэвлэлийн үнэ өртөг, олон мянган хувийг хооронд нь нийлүүлж үдэх ажлаас халширмаар байв. Иосеф эхлээд Палмирагийн хэвлэгч И. В.Грандинд хандахад тэр зөвшөөрсөнгүй. Дараа нь тэр Палмира дахь өөр нэгэн хэвлэгчид хандахад тэр ч гэсэн түүний саналыг хүлээн зөвшөөрсөнгүй. Тэрээр 40 км-т байх Рочестер руу явж, Нью-Йоркийн зүүн бүсдээ хамгийн нэртэй хэвлэгчтэй уулзахад тэр ч мөн адил татгалзсан хариу өгөв. Рочестер дэх өөр нэгэн хэвлэгч хэвлэе гэсэн боловч нөхцөл байдал энэхүү сонголтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болгож байв.

Олон долоо хоног өнгөрч, тэнгэрээс өгөгдсөн тушаалыг биелүүлж чадахгүй, сөрөг талтай нүүр тулж байгаадаа Иосеф гайхаж л байсан байх. Их Эзэн түүний хийх ажлыг хялбарчлаагүй ч боломжийг нь өгсөн юм. Иосеф тав дахь оролдлогоороо Палмира дахь Грандин хэвлэгч рүү хоёр дахь удаагаа хандахад амжилтад хүрсэн билээ.3

Он цаг улиран өнгөрсний дараа Иосеф Либертийн шоронд олон сар зовж, хоригдсон юм. Түүнийг тусламж хүсэн залбирахад Их Эзэн түүнд “эдгээр бүх зүйл чамд туршлага суулгах болно, мөн чиний сайн сайхны төлөө байх болно” (С ба Г 122:7) хэмээн хэлсэн.

Бид хийсэн нүглийнхээ улмаас бус харин өвчин зовлон, бие эрхтний эмгэг согог, үхэл хагацал гэх мэт бусад нөхцөл байдлын улмаас үүссэн өөр төрлийн сөрөг талтай нүүр тулж байсан. Ерөнхийлөгч Томас С.Монсон:

“Та нарын зарим нь зовж зүдрэх үедээ яагаад бидний Тэнгэрлэг Эцэг ийнхүү зовоож байгаа юм бол хэмээн асууж байсан л байх. …

“Мөнх бус амьдрал маань амар хялбар, үргэлж сайхан байхаар төлөвлөгдөөгүй. Тэнгэрлэг Эцэг … биднийг хүнд хэцүү сорилт бэрхшээлийг даван туулж, сэтгэл эмтрэм уй гашууг мэдэрч, хэцүү сонголтыг хийж байж л сурч боловсрон, өсөж хөгжин, цэвэршигдэнэ гэдгийг мэддэг. Хүн бүр л хайртай хүн нь нас барах, эрүүл мэндээ алдах, хайртай хүмүүс нь орхин явж, хаягдсан мэт санагдах харанхуй өдрүүдтэй тулгарч байсан. Энэ болон бусад саад бэрхшээл нь бидний тэсвэрлэн гарах чадварыг шалгах жинхэнэ сорилт болж байдаг.”4

Хүндэтгэлийн өдрөө ариунаар сахих байдлаа сайжруулахын тулд гаргаж буй хүчин чармайлт нь сөрөг талын хамгийн энгийн жишээ юм. Их Эзэн бидэнд Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахь гэсэн зарлиг өгсөн. Бидний зарим сонголт энэ зарлигийг зөрчиж байж болох ч Хүндэтгэлийн өдөр цагаа хэрхэн өнгөрүүлэхтэй холбоотой бусад сонголт нь ердөө л сайн, илүү сайн, хамгийн сайн зүйлсийн алиныг нь сонгох вэ гэдэгт л байдаг.5

Уруу таталтын сөрөг талыг үзүүлэхийн тулд Мормоны Номд хожмын үед сатаны ашиглах гурван арга барилыг тайлбарласан байдаг. Нэгдүгээрт, “тэрээр хүмүүний үрсийн зүрхэнд улангасч, мөн сайн болох түүний эсрэг тэднийг уурлуулан өдөөх болно” (2 Нифай 28:20). Хоёрдугаарт, “заримыг тэрээр тайтгаруулж, мөн зуурдын аюулгүй байдалд [гишүүдийг] тайвшруулахад, тэд: Сионд бүх юм зүгээр” хэмээн хэлэх болно (21-р шүлэг). Гуравдугаарт, тэрээр бидэнд “там гэж үгүй хэмээн хэл[нэ]; мөн … Би бол чөтгөр биш, учир нь тийм юм гэж үгүй” (22-р шүлэг) иймээс зөв, буруу гэж үгүй хэмээн хэлэх болно. Ийм сөрөг тал байх учраас бидэнд “Сионд сэрэмжгүй байгч” байж болохгүй гэдгийг сэрэмжлүүлэн хэлсэн. (verse 24).

Сүм тэнгэрлэг үйл хэргээ гүйцэтгэж байгаа бөгөөд өнөө үед хувийн амьдралд маань тулгарах сөрөг талууд ихээхэн ширүүсч байгаа мэт санагдах болжээ. Магадгүй, Сүмийн хүчин чадал нэмэгдэж, гишүүд бид итгэл, дуулгавартай байдлаараа өсөх үед Сатан өөрийн сөрөг хүчийг нэмэгдүүлэх тул бидэнд “бүх зүйлд сөрөг тал” байсаар л байх болно.

Тэр ч бүү хэл зарим сөрөг тал Сүмийн гишүүдээс ирнэ. Бошиглолын удирдамжин оронд өөрсдийн бодол, мэргэн ухааныг ашигладаг хүмүүс сонгогдсон тэднээс зээлдэн авсан “үнэнч сөрөг хүчин” гэсэн нэрээр өөрсдийгөө нэрлэдэг байна. Хэдийгээр энэ нь ардчилсан нийгэмд тохирч болох ч, асуулт асуухыг хүндлэн дээдэлдэг ч эсэргүүцлийг дэмждэггүй Бурханы хаант улсын засаглалд үүнийг хүлээн зөвшөөрнө гэсэн баталгаа үгүй юм. (Maтай 26:24-ийг үзнэ үү).

Өөр нэгэн жишээ бол Сүмийн эхэн үеийн түүхэнд болж өнгөрсөн үйл явдал болгонд Иосеф Смитийн юу хийсэн эсвэл юуг хийгээгүй тал дээр зарим хүн сөргөлдөх үндэслэлээ болгон ашигладаг байжээ. Би бүх хүнд хандан, итгэлээ хөгжүүлэн, “тэднийг үр жимсээр нь танина” (Maтай 7:16) гэсэн Аврагчийн сургаалд тулгуурла гэж хэлье. Сүм нь өөрт байгаа баримт бичгээ нээлттэй байлгахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа ч хэвлэх боломжтой бүхнээ хэвлэн гаргасны дараа ч гэсэн зарим үед гишүүдэд судалгаа хийснээр шийдвэрлэх боломжгүй үндсэн асуултууд байсаар байна. Энэ нь “бүх зүйлд сөрөг тал байна” гэдгийн Сүмийн түүхэн хувилбар юм. Зарим зүйлийг зөвхөн итгэлээр дамжуулан суралцах боломжтой (С ба Г 88:118-ыг үзнэ үү). Ариун Сүнснээс хүлээн авсан гэрчлэлдээ итгэх итгэл нь бидний эцсийн тулгуур байх ёстой.

Бурхан зарим хүүхдийнхээ ашиг тусын тулд бусад хүүхдийнхээ сонгох эрхэнд барагтай бол оролцдоггүй. Харин Тэрээр Хилам нутаг дахь Алмагийн хүмүүсийн адил бидний зовлон зүдгүүрийг хөнгөлж, үүрч гарах хүч чадлыг өгдөг юм (Moзая 24:13–15-ыг үзнэ үү). Тэрээр бүх гамшгаас урьдчилан сэргийлдэггүй ч бидний залбирлыг сонсон, Фижи дэх ариун сүмийн онцгойлон адислах ёслолд заналхийлж байсан хүчит хар шуурганы замыг эргүүлсэнтэй адил зүйлийг хийдэг буюу Брюселийн нисэх онгоцны буудал дээр олон хүний амь насыг авч одсон ч манай дөрвөн номлогч шархадсан террорист бөмбөгдөлтийн үеэрх гамшгийн хор нөлөөг буруулсантай адил зүйлийг хийдэг.6

Мөнх бус байдлын сөрөг талыг даван туулахад “зовлонгуудыг [маань бидний] өсөлт хөгжлийн тул ариулан адислах болно” гэсэн Бурханы амлалт бидэнд бий (2 Nephi 2:2). Түүнээс гадна амьдралын зорилгыг хэлж өгөн, Аврагчид итгэх итгэлийг өгдөг Бурханы авралын агуу төлөвлөгөөний хүрээнд бидний мөнх бус байдал дахь туршлага болоод Түүний зарлигийг ойлгуулахын тулд бидэнд заасаар ирсэн билээ. Би эдгээр нь үнэн гэдгийг Аврагч Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.

Эшлэлүүд

  1. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Лиахона, 2010 оны 11-р сар, 129.

  2. Үүнтэй адилаар бид гашууныг амсаж үзээгүй бол чихэртэйг мэдэхгүй байх байсан хэмээн орчин үеийн илчлэлт заадаг (Сургаал ба Гэрээ 29:39-ийг үзнэ үү).

  3. Майкл Хаббэрд Маккэйь Гэррит Ж. Дөркмээт, From Darkness unto Light: Joseph Smith’s Translation and Publication of the Book of Mormon (2015), 163–79-ийг үзнэ үү.

  4. Томас С.Монсон, “Joy in the Journey” (БЯИС-ийн Эмэгтэйчүүдийн чуулган, 2008 оны 5-р сарын 2), womensconference.ce.buy.edu/sites/womensconference.ce.byu.edu/files/presidentmonson2008.pdf. Хавайн БЯИС-ийн ерөнхийлөгчөөр одоо ажиллаж байгаа Жон С.Таннэрийн богино нийтлэлд бидний сайн мэдэх сэдвээр өгсөн үзэл санаа орсон байдаг: . “Ёс зүйтэй бууж өгч сурах нь зөвхөн иргэний үүрэг төдийгүй, шашны үүрэг хариуцлага мөн. Бурхан мөнх бус байдлыг “бүх зүйлд сөрөг тал” байхаар бүтээсэн юм’ (2 Нифай 2:11). Ухрах, ялагдах нь төгс төгөлдөр болгох гэсэн Түүний төлөвлөгөөний нэгэн хэсэг билээ. … Ялагдал нь ‘төгс төгөлдөр болох аян замын’ салшгүй нэгэн хэсэг юм” (Notes from an Amateur: A Disciple’s Life in the Academy [2011], 57).

  5. Даллин Х.Өүкс, “Good, Better, Best,” Liahona, 2007 оны 11-р сар, 104–108-ыг үзнэ үү.

  6. Сара Жэйн Уивэр, “Rededication Goes Forward,” Church News, 2016 оны 2-р сарын 28, 3-ыг үзнэ үү.