2010–2019
Шуурганаас хоргодох газар
Дөрөвдүгээр сар 2016


Шуурганаас хоргодох газар

Энэ мөч дүрвэгсдийг тодорхойлохгүй, харин хариулт маань биднийг тодорхойлоход тусална.

“Учир нь Намайг өлсөж байхад та нар Надад идэх юм өгсөн. Намайг цангаж байхад уух юм өгсөн, Намайг харь хүн байтал урьж оруулсан,

“нүцгэн байхад минь Намайг хувцасласан, …

“Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг.”1

Өнөөдөр дэлхий даяар ойролцоогоор 60 гаруй сая дүрвэгч байгаагаас үзэхэд “122 хүн тутмын нэг нь … албадлагаар гэр орноосоо дүрвэн гарч байгаа”2 бөгөөд тэдний тал хувь нь хүүхдүүд байна.3 Үүнд хамааралтай тоонуудыг авч үзээд мөн хувь хүн бүрийн амьдралд энэ нь юу гэсэн үг болохыг бодоход л цочирдмоор байна. Би саяхан Европод ажиллахаар томилогдсон бөгөөд өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд л гэхэд Ойрх Дорнод болон Африкийн дайнд нэрвэгдсэн4 хэсгүүдээс эдгээр дүрвэгчийн нэг сая хоёр зуун тавин мянга нь Европод ирээд байгаа юм. Бидний харж байгаагаар тэдний ихэнх нь ердөө л өмсөж байгаа хувцастайгаа мөн барьж буй жижиг цүнхэнд нь багтсан зүйлтэйгээ л ирж байна. Тэдний ихэнх хувь нь өндөр боловсролтой ч бүгд гэр орон, сургууль, ажил төрлөө орхих шаардлагатай болсон.

Тэргүүн Зөвлөлийн удирдлаган доор Сүм Европын 17 улс орны 75 байгууллагатай хамтран ажиллаж байна. Эдгээр байгууллагад олон улсын хэмжээний том байгууллагаас авахуулаад жижиг олон нийтийн санаачлага, засгийн газрын агентлагуудаас шашны болоод шашны бус халамжийн төвүүд хүртэл багтсан байна. Олон жилийн турш дэлхийн эргэн тойрон дахь дүрвэгсэдтэй ажиллаж байгаа тэдгээр байгууллагатай хамтран ажиллаж, тэднээс сурах нь бидний хувьд их аз завшаантай хэрэг юм.

Сүмийн гишүүдийн хувьд мөн хүмүүс гэдэг утгаараа бид заавал өөрсдөө гэр орон, фермээсээ удаа дараа хэрцгийгээр хөөгдсөн дүрвэгсэд байсан үеэ санаж, түүхээ эргэн харах шаардлагагүй юм. Өнгөрсөн долоо хоногт Линда Бөртон эгч дүрвэгсдийн тухай ярьж байхдаа сүмийн эмэгтэйчүүдийг “Тэдний түүх миний амьдралын түүх байсан бол яах байсан бэ?”5 гэдгийг бодож үзэхийг хүссэн. Тэдний түүх хэдхэн жилийн өмнө бидний түүх байсан шүү дээ.

Засгийн газруудын болон нийгэмлэгүүдийн хооронд дүрвэгсдийг юу гэж тодорхойлох, тэдэнд туслахын тулд юу хийх ёстой талаар ширүүхэн маргаан, хэлэлцүүлгүүд хийгдсээр байна. Энэ бодлоо ямар нэгэн аргаар тэр ширүүхэн ярилцлагын нэг хэсэг болгоход мөн цагаачлалын бодлогыг шүүмжилж, саналаа илэрхийлэхэд бус харин гэр орон, эх нутгаасаа өөрсдийн эхлүүлээгүй дайнаас болж хөөгдсөн хүмүүс дээр анхаарал тавихын төлөө байлгах хэрэгтэй юм.

Аврагч дүрвэгч байх нь ямар байдгийг мэддэг—Тэр тэдний нэг байсан юм. Жаахан хүүхэд байхдаа Есүс гэр бүлийнхэнтэйгээ Херодын алах тушаалаас зугтан Египет рүү оргон дайжжээ. Тэрээр тохинууллаа хийж байхдаа олон удаа бусдын сүрдүүлэгт өртөж, амьдралд нь аюул учирч, эцэст нь Түүнийг алахаар хуйвалдсан хилэнцэт хүмүүсийн төлөвлөгөөнд захирагдсан байдаг. Магадгүй, тэгээд л Түүний бие биенээ хайрлагтун, Тэр биднийг яаж хайрласны адил хайрлагтун, хөршөө өөр шигээ хайрла хэмээн бидэнд ахин дахин зааж байсан нь эдгээрийг илүү гайхалтай болгож байгаа байх. Үнэхээр, “Бурхан ба Эцэгийн өмнө цэвэр ариун бөгөөд бузартаагүй сүсэглэл бол зовж зүдрэх цагт нь өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг эргэж тойрон”6 мөн “ядуус хийгээд гачигдагсдыг харж хандаж, мөн тэд зовохгүй байхын тулд тэднийг хөнгөвчлөхөөр тусламж үзүүлэх ёстой.”7

Их зүйлээ алдсан тэдгээр хувь хүн, гэр бүлд туслахын тулд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн сүмийн гишүүд юуг өгөөмрөөр хандивлаж байгааг гэрчлэх нь үнэхээр урамтай байлаа. Би эргэн тойрныхоо асар их гачигдаж байгаа хүмүүст тусалж, үйлчлэх төрөлхийн хүслээ дагаснаараа баяр баясал, урам зориг бүхий мэдрэмж мэдэрсэн олон сүмийн гишүүнийг ялангуяа Европ даяар харсан. Сүм хоргодох байраар хангаж, эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байгаа. Гадас, номлолууд олон мянган ариун цэврийн иж бүрдлийг цуглуулсан. Бусад гадас хоол хүнс, ус, хувцас, ус нэвтэрдэггүй цув, унадаг дугуй, ном, үүргэвч, нүдний шил зэрэг маш олон зүйлээр хангаж байлаа.

Шотландаас Сицил хүртэлх хүмүүс олон янзын үүрэг хариуцлага гүйцэтгэж байв. Эмч, сувилагч нар дөнгөж ус гатлаад бууж ирэхдээ норж даарсан, ихэвчлэн гэмтэж, бэртсэн байдаг дүрвэгсдэд сайн дураараа үйлчилж байсан. Дүрвэгсдийг суурьшиж эхлэх үед орон нутгийн гишүүдийн зарим нь сэтгэл санаагаар дэмжихийн тулд хүүхдүүд, эцэг эхчүүдийн аль алинд нь тоглоом, урлагийн бүтээл, хөгжим, тоглолтуудаар хангаж өгч байхад бусад нь тухайн орныхоо хэлийг сурахад нь тэдэнд тусалж байв. Зарим нь бүр хандиваар ирсэн ноосон утас, нэхмэлийн зүү болон дэгээ зүү авч, орон нутаг дахь дүрвэгсдэд хөгшин залуу гэж ялгалгүй хэрхэн нэхэхийг зааж байлаа.

Олон жил үйлчилж мөн удирдлагад байсан хашир туршлагатай Сүмийн гишүүд нэн даруй тусламж хэрэгтэй байгаа эдгээр хүнд үйлчлэх нь өнөөг хүртэл хийсэн үйлчлэлээс нь хамаагүй илүү баялаг мөн үүргээ биелүүлсэн гэх сэтгэл ханамжийг өгсөн гэдгийг гэрчлэн өгүүлжээ.

Эдгээр нөхцөл байдлын бодит үнэнийг нүдээрээ харж байж л итгэнэ. Өвөл болж байхад би дүрвэгсдийн дамжин өнгөрөх хуаран дахь олон дүрвэгчийн нэг болох Сири улсаас ирсэн нэгэн жирэмсэн эмэгтэйтэй уулзаж танилцсан бөгөөд тэрээр байрлаж байсан том барилгынхаа хүйтэн шалан дээр хүүхдээ төрүүлэхгүйн төлөө цөхрөлтгүй хичээж байлаа. Тэр Сирид байхдаа их сургуулийн профессор байжээ. Грект байхдаа би Туркээс жижиг хаймран завиар их усыг гаталж ирээд, норж чичирсэн, айдас нь арилаагүй гэр бүлтэй ярилцсан. Тэдний нүд рүү хараад, зугтаан гарсан аймшиг ба хоргодох газар хайсан аюултай аяллынх нь тухай түүхийг сонсоод би хэзээ ч өмнөх шигээ байхгүйгээ ойлгосон.

Халамжийн үйлчилгээг ажилдаа үнэнч халамжийн ажилчид үзүүлж байсан бөгөөд тэдний ихэнх нь сайн дурынхан байв. Нэгэн сүмийн гишүүн Туркээс Грек рүү ирж байгаа хүмүүсийн нэн тэргүүний яаралтай хэрэгцээг хангахын тулд олон сарын турш шөнөжин ажиллаж байхыг би харсан юм. Тоймгүй их хичээл зүтгэлийн зэрэгцээ тэрээр нэн даруй эмнэлгийн тусламж хэрэгтэй байгаа хүмүүст анхны тусламж үзүүлж, ганцаараа явж байгаа эмэгтэйчүүд, хүүхдүүдэд анхаарал тавьж, замдаа өнчирч хоцорсон хүүхдүүдийг тэвэрч, хязгаартай нөөц боломжоо хязгааргүй хэрэгцээнд тохируулан хамгийнхаа сайнаар хуваарилж байлаа. Ийн үйлддэг олон хүний адил тэрээр жинхэнэ үйлчлэгч тэнгэр элч бөгөөд түүний үйлсийг халамжилсан хүмүүс нь болоод даалгасныг нь биелүүлж байсныг Их Эзэн хэзээ ч мартахгүй.

Эргэн тойрондоо байгаа зовж шаналсан хүмүүсийг халамжлахад өөрсдийгөө зориулдаг бүх хүн: “Мөн тийн, тэд нүцгэрсэн, эсвэл өлссөн, эсвэл цангасан, эсвэл өвдсөн, эсвэл асаргаагүй байсан нэгнийг ч хангалуун байдалдаа тэд буцаагаагүй болой; … тиймийн тул тэд, настай болон залуу аль алинд нь, боол мөн чөлөөт аль алинд нь, эрэгтэй мөн эмэгтэй аль алинд нь, сүмийнх биш ч бай, мөн ч бай, чухам ямар хүмүүс байгаагаас үл хамааран гачигдах тэднийг бүгдийг энэрч байв.”8 гэх Алмагийн хүмүүсийн адил юм.

Бид дүрвэгсдийн хүнд бэрх байдлын тухай мэдээг ямар нэгэн байдлаар улиг болсон үйл явдал болохоос сэрэмжлэх ёстой. Учир нь анхны сэтгэл цочирдом сэтгэгдэл алга болсны дараа ч дайн үргэлжилж, гэр бүлүүд ирсээр байна. Түүх нь мэдээ байхаа больсон дэлхий даяарх олон сая дүрвэгчид тусламжийн хэрэгцээ байсаар л байна.

Хэрэв та нар “Би юу хийж чадах вэ?” гэж асууж байгаа бол юун түрүүнд гэр бүл болон бусад хариуцлагынхаа үнэ цэнээр үйлчлэх9 мөн удирдагчдаа бидний төлөө төсөл зохион байгуулахыг хүлээх ёсгүйг сануулья. Харин хувь хүн, гэр бүлийн хувьд бид энэхүү хүмүүнлэгийн агуу ажилд хичээл зүтгэлээрээ нэгдэж болно.

Дэлхий даяарх дүрвэгсдэд Христийн адил үйлчлэх үйлчлэлд оролцохыг урьсан Тэргүүн Зөвлөлийн уриалгыг10 дэмжин Халамжийн Нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн Хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлүүд “Намайг харь хүн байтал” хэмээх халамжийн үйлчлэлийг зохион байгуулжээ. Бөртон эгч үүнийг өнгөрсөн долоо хоногт болсон Эмэгтэйчүүдийн нэгдсэн хуралдаан дээр танилцуулсан. Үйлчлэлд тус болох санаа, нөөц боломж, санал болгосон зүйлүүд IWasAStranger.lds.org дээр байгаа.

Гэрийнхээ болон оршин суугаа газрынхаа ойролцоо амьдардаг шинэ нөхцөл байдалдаа дасахад тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг олоод хийж болох зүйлсийн тухай бодож үзээрэй. Үйлчлэлийн эцсийн зорилго нь ажилтай болж, бие даан амьдрах чадварыг нь сэргээх явдал юм.

Бидний туслах мөн найз байх боломжид төгсгөл үгүй. Та бүхэн шилжин суурьшсан дүрвэгсдэд тухайн орны хэлийг сурах, ажлынхаа чадварыг дээшлүүлэх, ажлын ярилцлагад бэлтгэхэд нь тусалж болно. Та нар гэр бүл эсвэл ганц бие ээжид шинэ соёл заншилд дасан зохицоход бүр хүнсний дэлгүүр юмуу сургууль руу дагаж явах зэрэг энгийн зүйлд туслах зөвлөгч нь болохыг санал болгож болно. Зарим тойрог, гадас итгэмжлэгдсэн байгууллагуудтай хамтран ажилладаг. Мөн нөхцөл байдлаасаа шалтгаалан та бүхэн Сүмийн онцгой хүмүүнлэгийн үйлст хандив өгч болно.

Үүнээс гадна хүн бүр тэдгээр гэр бүлийг орон гэрээс нь хөөн гаргасан дэлхийд болж буй үйл явдлын талаарх мэдлэг ойлголтоо нэмэгдүүлж чадна. Бид тэсвэрлэшгүй байдлын эсрэг зогсож, харин ёс заншил, уламжлалыг ойлгох ойлголт хийгээд хүндлэлийг хамгаалах ёстой. Дүрвэсэн гэр бүлүүдтэй уулзаж, тэдний түүхийг дэлгэц, сонингоос олж унших бус харин чихээрээ сонсох нь таныг өөрчлөх болно. Жинхэнэ нөхөрлөл энэрэл болон амжилттай дасан зохицохыг сайжруулж, дэмжлэг үзүүлнэ.

Их Эзэн бидэнд Сионы гадаснууд нь “хамгаалалт” хийгээд “шуурганаас хоргодох газар”11 байх ёстой гэж зааварласан. Бид хоргодох газраа олсон. Харин одоо аюулгүй газраасаа гарч ирээд элбэг дэлбэг байгаа зүйлсээ, гэрэлт ирээдүйн төлөөх найдвараасаа, Бурханд болон ойр дотны хүндээ итгэх итгэлээсээ, соёлын болон үзэл суртлын ялгаанаасаа, цаашлаад бид Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд гэдэг бахдам үнэнийг харуулах хайраасаа тэдэнтэй хуваалцацгаая.

“Учир нь Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүч, хайр ба биеэ захирахын сүнсийг өгсөн.”12

Дүрвэгч байх нь тэдгээр хүний амьдралыг тодорхойлох мөч байж болох ч тэднийг тодорхойлохгүй. Тэдний өмнөх тоолшгүй олон хүний адил энэ нь тэдний амьдрал дахь хэсэгхэн хугацаа бөгөөд үүнийг бид богино хугацаанд байгаасай хэмээн найдаж байна. Тэдний зарим нь Нобелийн шагналтан, төрийн албан хаагч, эмч, эрдэмтэн, хөгжимчин, жүжигчин, шашны удирдагч мөн бусад салбарт хувь нэмрээ оруулагчид болж болно. Үнэндээ, тэдний олонх нь бүхнээ алдахаасаа өмнө ийм хүмүүс байсан. Энэ мөч тэднийг тодорхойлохгүй, харин хариулт маань биднийг тодорхойлоход тусална.

“Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг.”13 Есүс Христийн нэрээр, амен.

Тодорхой мэдээллийг IWasAStranger.lds.org, mormonchannel.org/blog/post/40-ways-to-help-refugees-in-your-community-с үзнэ үү.

Эшлэлүүд

  1. Матай 25:35–36, 40.

  2. Стефани Нэбэхау, “World’s Refugees and Displaced Exceed Record 60 Million,” 2015 оны 12-р сарын 18, reuters.com-оос үзнэ үү.

  3. “Facts and Figures about Refugees,” unhcr.org.uk/about-us/key-facts-and-figures.html-ээс үзнэ үү.

  4. “A Record 1.25 Million Asylum Seekers Arrived in the EU Last Year,” 2016 оны 3-р сарын 4, businessinsider.com-оос үзнэ үү.

  5. Линда К.Бөртон, “Намайг харь хүн байтал,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс, .

  6. Иаков 1:27.

  7. Сургаал ба гэрээ 38:35; түүнчлэн Сургаал ба гэрээ 81:5-ыг үзнэ үү.

  8. Алма 1:30.

  9. 2016 оны 5-р сарын 26-ны Тэргүүн Зөвлөлийн захиас бичгийг үзнэ үү; түүнчлэн Мозая 4:27-г үзнэ үү.

  10. 2015 оны 10-р сарын 27-ны Тэргүүн Зөвлөлийн захиас бичгийг үзнэ үү;

  11. Сургаал ба Гэрээ 115:6; түүнчлэн Исаиа 4:5–6-г үзнэ үү.

  12. 2 Тимот 1:7.

  13. Матай 25:40.