2010–2019
Ариун Сүнс
Дөрөвдүгээр сар 2016


Ариун Сүнс

Бидэнд Ариун Сүнсний бэлгийг өгсөнд Тэнгэрлэг Эцэгтээ талархал болон хайраа илэрхийлж байна. Тэрээр Ариун Сүнсээр дамжуулан Өөрийн хүслийг илчилж, биднийг дэмжиж байдаг билээ.

Хайрт ах эгч нар аа, би өнөөдөр Их Эзэний үйлчлэгч хийгээд элэнц өвөөгийн хувиар ярих болно. Та нартаа болон хайртай үр удамдаа хандан Ариун Сүнсний гайхалтай бэлгийн талаар зааж, гэрчлэлээ хуваалцъя.

Би хэлэх үгээ “дэлхийд ирдэг [эрэгтэй мөн эмэгтэй] хүн болгонд”1 өгөгддөг Христийн гэрлийг нотлон эхлүүлье. Бид энэхүү ариун гэрлийн үр шимийг хүртдэг. Энэ нь “бүхэнд мөн бүх зүйлээр,”2 сайныг муугаас ялгах боломжийг бидэнд олгодог.3

Гэхдээ Ариун Сүнс нь Христийн гэрлээс ялгаатай. Тэр бол Бурхан Тэргүүтэний гурав дахь гишүүн, ариун нандин үүрэг хариуцлагатай сүнсэн бие бөгөөд Эцэгтэй болон Хүүтэй зорилгоороо нэг юм.4

Сүмийн гишүүд бидний хувьд Ариун Сүнсний нөхөрлөлийг байнга мэдэрч болно. Бурханы сэргээгдсэн санваараар дамжуулан бид нүглүүдийн ангижралын төлөөх усанд умбуулан хийдэг баптисм хүртэж, дараа нь Сүмийн гишүүнээр батлуулдаг. Энэхүү ёслолын үеэр бид гар тавилтаар Ариун Сүнсний бэлгийг хүлээн авдаг.5 Дараа нь бид Аврагчийг үргэлж дурсан санаж, Түүний зарлигуудыг даган, нүглээ наманчилж, Хүндэтгэлийн өдөр ариун ёслолоос зохистойгоор хүртсэнээр Ариун Сүнсний нөхөрлөлийг хүлээн авч, хадгалж чадна.

Ариун Сүнс нь бидэнд боловсрол, номлол, ажил мэргэжил, гэрлэлт, үр хүүхэд, гэр бүлээрээ хаана амьдрах зэрэг амьдралын гол чухал шийдвэрийг гаргахад туслах хувийн ичлэлтийг өгдөг. Тэнгэрлэг Эцэг биднээс иймэрхүү асуудлууддаа сонгох эрхээ ашиглан, сайн мэдээний зарчмуудын дагуу нөхцөл байдлыг оюундаа тунгаан бодож, залбирлаар дамжуулан өөрийн шийдвэрийг Түүнд хэлж танилцуулахыг хүсдэг.

Хувийн илчлэлт чухал ч гэсэн энэ нь Ариун Сүнсний ажлын зөвхөн нэг хэсэг нь юм. Судруудад нотолсноор Ариун Сүнс Аврагчийн тухай гэрчилдэг.6 Тэрээр бидэнд “хаант улсын амар амгалангийн зүйлүүдийг”7 зааж, “найдвараар бялхуулдаг.”8 Тэр биднийг “шударгаар үйлдэхэд, … [мөн] зөв шударгаар шүүхэд хөтөлдөг.”9 “Бүгд ашиг тусыг олж болохын тулд … [эрэгтэй, эмэгтэй] хүн болгонд … [сүнслэг] бэлгийг”10 өгдөг. Тэрээр “мэдлэгийг [бидэнд] өгдөг”11 ба “[бидэнд] бүгдийг сануул[даг].”12 Ариун Сүнсээр дамжуулан бид “ариусгагдаж болох”13 бөгөөд “нүглүүдийн[хээ] ангижралыг”14 хүлээн авдаг. Тэрээр “[Аврагчийн] шавь нартаа амласан түүнтэй адил” “Тайтгаруулагч”15 мөн.

Ариун Сүнс биднийг захирахаар өгөгдөөгүй гэдгийг би та нарт сануулж байна. Бидний зарим нь амьдралынхаа чухал биш, өчүүхэн жижиг шийдвэр бүрд Ариун Сүнсний удирдамжийг ухаалаг бусаар эрэлхийлдэг. Энэ нь Түүний ариун үүргийн ач холбогдлыг алдагдуулдаг. Ариун Сүнс сонгох эрхийн зарчмыг хүндэтгэдэг. Тэр бидний оюунд мөн зүрх сэтгэлд ач холбогдлын утга учрын талаар намуухан ярьдаг.16

Бид Ариун Сүнсний нөлөөг өөр өөрөөр мэдэрч болно. Түүний өдөөлтийг өөрсдийн хэрэгцээ шаардлага, нөхцөл байдлаас шалтгаалаад өөр өөр түвшний хүчээр мэдрэх болно.

Энэ хожмын өдрүүдэд зөвхөн бошиглогч Сүмийг бүхэлд нь хамарсан илчлэлтийг Ариун Сүнсээр дамжуулан хүлээн авдгийг бид хүлээн зөвшөөрдөг. Аарон, Мириам нар Мосег өөртэй нь санал нийлэхийг ятгахаар оролдсоны адил зарим хүн үүнийг мартдаг. Гэвч Их Эзэн тэдэнд болон бидэнд:

“Хэрэв та нарын дунд эш үзүүлэгч байвал ЭЗЭН Би Өөрийгөө түүнд … мэдүүлэх болно. …

“Түүнтэй Би … илэн далангүй амаараа ярьдаг.”17

Заримдаа дайсан биднийг Ариун Сүнстэй андуурч болох худал санаагаар уруу татдаг. Зарлигуудыг дуулгавартай дагах, гэрээнүүдээ сахих итгэлтэй байдал биднийг хууран мэхлэлтээс хамгаалах болно гэдгийг би гэрчилж байна. Бид Ариун Сүнсээр дамжуулан хүмүүний зарлигуудыг сургаал болгон заадаг хуурамч бошиглогчдыг ялган таних чадвартай байх болно.18

Бид өөрсдийнхөө төлөө Ариун Сүнсийг хүлээж авахдаа бусдын өмнөөс илчлэлт хүлээн авч чадахгүй гэдгээ санах нь ухаалаг хэрэг юм. Нэгэн залуу эмэгтэйд “Чамайг миний эхнэр болох юм байна гэж би зүүдэлсэн” хэмээн хэлсэн залуу эрэгтэйг би танина. Тэр эмэгтэй түүний хэлснийг тунгаан бодсоноо “Би чинийхтэй адилхан зүүд зүүдлэхээрээ ирж, чамтай ярина аа” гэж хариулжээ.

Бид өөрсдийн хүслийг Ариун Сүнсний удирдамжаас давуулан бодоход уруу татагдаж болно. Бошиглогч Иосеф Смит Мормоны номын эхний 116 хуудсыг Мартин Харрист өгч явуулах зөвшөөрөл хүсэн, Тэнгэрлэг Эцэгээс гуйсан. Энэ нь зөв санаа гэж Иосеф боджээ. Гэвч Ариун Сүнс түүнд үүнийг нотолсон мэдрэмжийг өгөөгүй. Эцэст нь тэр тэдгээр хуудсыг өгч явуулсан ч Мартин Харрис түүнийг нь алга болгов. Хэсэг хугацаанд Их Эзэн Иосефоос орчуулах бэлгийг нь татаж авсан бөгөөд тэрээр үлдсэн үйлчлэлд нь нөлөөлсөн гашуун хэдий ч үнэ цэнтэй сургамжийг авсан юм.

Ариун Сүнс бол Сэргээлтийн гол хэсэг билээ. Бошиглогч Иосеф Смит хөвгүүн байхдаа Иаков 1:5-ыг уншсан талаараа “Судрын ямар ч хэсэг энэ удаад надад тохиолдсоноос илүү хүчтэйгээр хүмүүний зүрх сэтгэлд ирж байсан нь хэзээ ч үгүй бөлгөө”19 хэмээн дурсан хэлжээ. Иосеф Смитийн дүрслэн хэлсэн хүч бол Ариун Сүнс юм. Тийн Иосеф Бурханаас асуухаар гэрийнхээ ойролцоох ойн цоорхойд очиж, өвдөг сөгдөн суусан. Анхны үзэгдэл үнэхээрийн чухал бөгөөд гайхамшигтай байв. Харин Эцэг, Хүү хоёр өөрийн биеэр айлчилж ирсэн зам нь Ариун Сүнсний залбирахыг өдөөсөн өдөөлтөөс эхлэлтэй.

Сэргээгдсэн сайн мэдээний илчлэгдсэн үнэнийг залбиран эрэлхийлж, дараа нь Ариун Сүнсний өдөөлтийг хүлээн авч, дагах гэсэн загварын дагуу ирсэн. Дараах жишээнүүдийн талаар эргэцүүлэн бодоорой: Мормоны Номыг орчуулах, санваарын сэргээлт ба баптисмаас эхлээд сүмийг зохион байгуулах зэрэг санваарын ёслолуудыг дурдаж болно. Өнөөдөр Их Эзэнээс Тэргүүн Зөвлөлд болон Арванхоёрт ирдэг илчлэлтүүд нь яг ийм ариун загварын дагуу ирдэг гэдгийг би гэрчилж байна.

Бид Иосеф Смитийн гэр бүлийн гишүүдээс эхлээд сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахын тулд Ариун Сүнсийг дагасан бүх хүнд хүндэтгэл үзүүлдэг. Залуу Иосеф Моронайн айлчлалын тухай эцэгтээ хэлэхэд түүний эцэг нотлон гэрчилсэн мэдрэмжийг өөр дээрээ хүлээн авсан юм. Тэр даруй Иосефыг газар тариалангийн ажлаас чөлөөлж, тэнгэр элчийн удирдамжийг дагахад урамшуулжээ.

Эцэг эх, удирдагчдын хувьд бүгдээрээ үүний адил үйлдэцгээе. Үр хүүхдүүдээ болон бусдыг Ариун Сүнсний удирдамжийг дагахад нь урамшуулан дэмжицгээе. Ийн үйлдэхдээ өөрсдөө эелдэг зөөлөн, номхон дөлгөөн, тэсвэр тэвчээртэй, чин сэтгэлийн хайраар удирдан Ариун Сүнсний үлгэр жишээг дагацгаая.20

Ариун Сүнс бол гэр бүл дэх болон Сүм даяарх Бурханы ажлын харилцааны суваг юм. Энэхүү ойлголттойгоор би өөрийн амьдралдаа болоод Сүм дэх үйлчлэлдээ олж авсан Ариун Сүнсний талаарх хувийн туршлагаасаа хуваалцахыг хүсэж байна. Үүнийг Ариун Сүнс биднийг адисалдаг гэсэн хувийн гэрчлэл болгон хүргэе.

Олон жилийн өмнө Хэйлс эгч бид хоёр надтай хамт ажилладаг хэдэн хүнийг гэртээ онцгой оройн хоолонд урихаар төлөвлөсөн юм. Ажлаасаа гэр рүүгээ харих замдаа гэрийн багшаар айлчлан очдог нэгэн бэлэвсэн эмэгтэйнхээр ороод гарах хэрэгтэй гэсэн бодол надад төрөв. Түүний хаалгыг тогшиход тэр “Би таныг ирээсэй гэж залбирч байсан юм” гэж хэлэв. Тэр бодол хаанаас ирсэн бэ? Ариун Сүнснээс.

Нэг удаа би хүндээр өвдөж байхдаа гадасны чуулганыг тэргүүлж билээ. Эрч хүчээ нөөцлөхийн тулд би санваарын удирдагчдын хуралдааны дараа шууд гэр рүүгээ явахаар төлөвлөж байлаа. Гэсэн ч хаалтын залбирлын дараа хүмүүсийг өрөөнөөс гарах үед хүн бүртэй гар барих сүнслэг өдөөлтийг хүлээн авсан юм. Нэгэн залуу ахлагч над руу ойртон ирэхэд “Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбир, Ариун Сүнсийг сонсож, сүнслэг өдөөлтийг дага. Амьдралын чинь бүх зүйл сайхан байх болно” гэсэн онцгой захиасыг түүнд хэлэхээр өдөөгдөж билээ. Дараа нь гадасны ерөнхийлөгч надад тэр залуу хугацаанаасаа өмнө номлолоосоо буусан тухай хэлсэн. Маш тодорхой мэдрэмждээ үндэслэн, хүүгээ санваарын хуралдаанд авчирвал “Ахлагч Хэйлс түүнтэй ярилцах болно” гэж тэр гадасны ерөнхийлөгч аавд нь амласан байжээ. Би яагаад хүн бүртэй гар барихаар зогссон бэ? Миний өгсөн зөвлөгөөний эх сурвалж нь юу байсан бэ? Ариун Сүнс байсан.

2005 оны эхээр би Ерөнхий чуулган дээр ахмад номлогчдын талаар үг хэлэхээр бэлдэх тухай сүнсний удирдамж хүлээж авсан юм. Чуулганы дараа нэг ах “Чуулганы захиасыг сонсож байхад … Их Эзэний Сүнс тэр даруй дотоод бодол сэтгэлийн минь гүнд хүрэхийг би мэдэрсэн. … Бид яг одоо номлолд үйлчлэх хэрэгтэй гэсэн маш тодорхой захиас байлаа. Эхнэр рүүгээ хартал тэр бас Сүнснээс яг тийм мэдрэмжийг хүлээж авсныг би анзаарсан”21 гэдгээ дурсан ярьсан. Юу тэдэнд нэгэн зэрэг ийм хүчирхэг мэдрэмжийг авчирсан бэ? Ариун Сүнс.

Би үр удамдаа өөрийн дуу хоолойгоор манай гэр бүлд Ариун Сүнсээр дамжуулан өдөр бүр тасралтгүй ирж байсан удирдамж, анхааруулга, урамшуулал, хүчирхэгжүүлэлт, сүнслэг ариусал, тайтгарал, амар амгалангийн болон хувийн илчлэлтийн тухай гэрчлэлээ үлдээж байна. Бид Ариун Сүнсээр дамжуулан “түүний эрхэм их нигүүлсэл”22 хийгээд байсаар байгаа гайхамшгуудыг23 үздэг.

Би Аврагч амьд гэсэн онцгой гэрчлэлээ хуваалцаж байна. Бидэнд Ариун Сүнсний бэлгийг өгсөнд Тэнгэрлэг Эцэгтээ талархал болон хайраа илэрхийлж байна. Тэрээр Ариун Сүнсээр дамжуулан Өөрийн хүслийг илчилж, биднийг дэмжиж байдаг билээ. Есүс Христийн нэрээр, амен.