2010–2019
Санваарын хүчний үнэ цэн
Дөрөвдүгээр сар 2016


Санваарын хүчний үнэ цэн

Бурханы эрчүүд бид санваарын хүчтэй байхын тулд залбирах, мацаг барих, суралцах, эрэлхийлэх, шүтэн бишрэх, үйлчлэх хүсэлтэй байна уу?

Зургаан сарын өмнө, 2015 оны 10-р сарын ерөнхий чуулганаар би Сүмийн эгч нарт хандан Бурханы эмэгтэй хүний тэнгэрлэг үүргийнх нь талаар ярьсан. Одоо би ах нарт хандан, Бурханы эрэгтэй хүний тэнгэрлэг үүргийн талаар ярихыг хүсэж байна. Би дэлхий даяар аялж байхдаа энэ Сүмийн хөвгүүд, эрэгтэйчүүдийн хүч чадал, сайхан сэтгэлийг гайхан биширдэг билээ. Та нар хэчнээн хүний зүрх сэтгэлийг эдгээн, амьдралд нь тусламж дэмжлэг үзүүлснийг тоолохын аргагүй. Та бүхэнд баярлалаа!

Би өнгөрсөн чуулганы захиасдаа олон жилийн өмнө зүрхний мэс засалч байхдаа хоёр бяцхан эгч дүүгийн амийг аварч чадаагүй тухай эмгэнэлт туршлагаа хуваалцсан. Тэдний аавынх нь зөвшөөрлөөр би уг гэр бүлийн талаар үргэлжлүүлэн ярих гэсэн юм.

Рут болон Жимми Хатфилд нарын гурван хүүхэд төрөлхийн зүрхний өвчтэй байсан. Тэдний ууган хүү Бага Жимми тодорхой оношгүйгээр нас барсан байв. Эцэг эх нь Лорал Анн болон түүний дүү Гэй Линн хэмээх хоёр охиндоо тусламж эрэлхийлж байх үед нь би таарсан юм. Хоёр охин нь хоёул хагалгааныхаа дараа нас барахад би ихэд гашуудаж билээ.1 Рут Жимми хоёр сүнслэг байдлын хувьд унасан нь ойлгомжтой.

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд надад болон Сүмд өсөрхөж байсныг би мэдсэн юм. Жар шахам жилийн турш энэ явдал миний сэтгэлийг зовоож, Хатфилдын гэр бүлийн төлөө би ихэд шаналж байсан билээ. Би тэдэнтэй олон удаа холбоо барихыг хичээсэн ч амжилт олоогүй юм.

Гэтэл өнгөрсөн 5-р сард, тэр хоёр бяцхан охин хөшигний нөгөө талаас зүүдэнд минь ирэв. Хэдийгээр би тэднийг биеэрээ харж сонсоогүй ч тэдний тэнд байгааг нь мэдэрсэн юм. Тэдний гуйлтыг би сүнслэг байдлаар сонсов. Тэд “Нэлсон ах аа, бид хэнтэй ч лацдан холбогдоогүй! Та бидэнд тусалж чадах уу?” хэмээх товч бөгөөд тодорхой нэгэн захиасыг өгсөн юм. Удалгүй би ээж нь нас барсан, харин аав нь бага дүүтэй нь хамт амьдарч байгаа гэдгийг олж мэдлээ.

Би Лорал Анн, Гэй Линн нарын гуйлтад урамшиж, хүү Шонтайгаа хамт амьдарч буй аавтай нь дахин холбоо барихыг оролдсон юм. Энэ удаад тэд надтай уулзахад бэлэн байв.

Зургаадугаар сард би өдгөө 88 настай Жиммигийн өмнө сөгдөн, чин сэтгэлээсээ ярилцлаа. Би түүнд охидынх нь гуйлтын талаар дурдаж, гэр бүлийнх нь лацдан холбох ёслолыг гүйцэтгэн хийхдээ баяртай байна гэдгээ хэлэв. Жимми, Шон хоёр хувийн хишгээ хүртээгүй учраас ариун сүмд ороход бэлдэн, зохистой болоход тэдний зүгээс цаг хугацаа, хичээл зүтгэл шаардагдана гэдгийг би тайлбарлалаа.

Уг уулзалтын турш Их Эзэний сүнс маш хүчтэй мэдрэгдэж байв. Жимми, Шон хоёр миний саналыг хүлээн зөвшөөрөхөд би ямар их баярласан гээч! Тэд гадасны ерөнхийлөгч, бишоп, гэрийн багш, тойргийн номлолын удирдагч, залуу болон ахмад номлогчидтой хамтарч хичээнгүйлэн ажилласан. Саяхан надад Ютагийн Пэйсоны Ариун сүмд Рутыг Жиммитэй мөн дөрвөн хүүхэдтэй нь лацдан холбох эрхэм үүрэг ноогдсон юм. Энэ эрхэм дээд үйл явдалд оролцож байхдаа Вэнди бид хоёр нулимс дуслуулж байсан билээ. Тэр өдөр олон шархалсан зүрх эдгэсэн.

Зураг
Ахлагч Нэлсон, Нэлсон эгч хоёр Хатфилдын гэр бүлийнхэнтэй хамт ариун сүм дээр

Энэ тухай би эргэн дурсахад Жимми, Шон хоёр мөн тэдний бэлэн байдал нь надад гайхалтай сэтгэгдлийг төрүүлж билээ. Тэд миний хувьд баатрууд болсон юм. Болдогсон бол би Сүмийн эрэгтэй болон хөвгүүн бүр энэ эцэг, хүүгийн адил эр зориг, хүч чадал, даруу байдлыг үзүүлээсэй хэмээн хүсэх байсан. Тэд санваарын удирдагчдынхаа удирдамжийг дагахад бэлэн байсан бөгөөд ингэснээр Есүс Христийн Цагаатгал тэднийг цэвэршүүлэн, хичээл зүтгэл гаргахад хүргэсэн юм. Тэд “Бурханы ариун жаягийн дагуу”2санваарыг зохистой авч явах эрэгтэй болоход бэлэн байсан.

Авч явахгэдэг нь барьсан зүйлийнхээ жинг үүрэх гэсэн утгатай. Энэ нь Бурханы агуу хүч, эрх мэдэл болох санваарыг авч явахаар хүлээлгэн өгсөн эрхэм ариун итгэл билээ. Бидэнд олгосон санваар нь Бурханы энэ болон тоолшгүй олон дэлхийг бүтээж, тэнгэр, газрыг захиран, дуулгавартай хүүхдүүдээ өргөмжилдөг тэрхүү хүчболон эрх мэдэл гэдгийг бодож үзээрэй.3

Саяхан би эхнэр Вэндитэйгээ нэгэн цуглаанд оролцсон бөгөөд хөгжимчин нь нээлтийн дууг тоглоход бэлэн болсон байв. Түүний нүд хөгжмийн нот руугаа ширтэн, гар нь даруул дээр байрласан байлаа. Харин түүнийг даруул дээр дарахад ямар ч дуу авиа гарсангүй. Би Вэндид “Түүнийг хүчдэлээс салгасан бололтой” гэж шивнэлээ. Ямар нэг шалтгаанаар бадралт баг бишгүүрийн цахилгаан хүчдэлийг салгасан байх гэж би бодсон юм.

Ах нар аа, үүнтэй адилаар санваарын эрх мэдлийгхүлээн авсан ч залхуу, шударга бус, ёс суртахуунгүй байдал, дэлхийн зүйлсэд анхаарлаа хандуулах гэх мэт нүглүүдээс санваарын хүч нь хаагдсан олон эрэгтэй бидний дунд байх вий гэхээс би эмээж байна.

Олон санваартан тэнгэрийн хүчийг хүлээн авах чадвараа хөгжүүлэхийн тулд юу ч хийгээгүй байх вий гэхээс би эмээж байна. Оюун санаа, сэтгэл зүрх, үйлдэл нь цэвэр бус байснаас, эхнэр, хүүхэдтэйгээ зүй бусаар харьцсанаас болж санваарын хүчээ хаасан бүх санваар атгагчийн өмнөөс миний санаа зовж байна.

Биеэ авч явах байдлаараа “Би бусдыг адислах Аврагчийн хүчийг авч явахаас өөрийн хүслийг биелүүлэхийг илүүд үздэг” гэдгээ харуулан, дайсанд сонгох эрхээ харамсалтайгаар өгсөн дэндүү олон хүн байгаа талаар би сонссон билээ.

Ах нар аа, бидний зарим нь нэг өдөр сэрээд, санваарын хүч гэж юу болохыг жинхэнээсээ ухааран ойлгож, Бурханы хүчийг бүрэн ашиглаж сурахын оронд бусдын захирах эсвэл ажил дээрээ эрх мэдэлтэй болохын тулд хэтэрхий их цаг зарцуулсандаа гүнээ харамсах вий гэх айдас надад байна.4 Ерөнхийлөгч Жорж Албэрт Смит “бид энэ амьдралдаа цагийг зүгээр аргацаан өнгөрүүлснийхээ дараа өргөмжлөгдөхийн тулд энд ирээгүй. Харин бид энэ амьдралын дараа Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгөх тэрхүү үүрэгт ажлыг гүйцэтгэхуйц болохын тулд өдөр бүр хичээн зүтгэхээр энд ирсэн билээ”5 хэмээн заасан байдаг.

Ямар хүн цагаа үр ашиггүй өнгөрүүлэн, Абрахамын бүхий л адислалыг хүлээн авах боломжтой байтлаа6 ууган хүүгийн энэхүү эрхээ улаан шөлөөр худалдсан Есавтай адил байхыг хүсэх билээ?7

Би та бүхнийг санваартан байх онцгой эрхэндээ нийцэхээр зохистой амьдрахад шавдуулж байна. Ирэх өдрүүдэд зөвхөн Их Эзэнээр заалгахыг хичээнгүйлэн эрэлхийлэх замаар санваараа чухалчлан үзсэн эрчүүд л бусдыг адислан, удирдаж, хамгаалан, хүчирхэгжүүлж, эдгээх боломжтой байх болно. Зөвхөн санваарын хүчтэй байх үнэ цэнийг төлсөн хүн л хайртай хүмүүстээ гайхамшгийг авчран, гэрлэлт, гэр бүлээ энэ цагт мөн үүрд мөнхөд хадгалан үлдэж чадна.

Энэ хүчийг хөгжүүлэх нь ямар үнэ цэнэтэй вэ? Аврагчийн ахмад төлөөлөгч Иаков, Иохан нарын хамтаар Иосеф Смит, Оливер Каудери хоёрт8 Мелкизедек санваарыг өгсөн тэрхүү Петр “бурханлаг мөн чанарын хуваалцагч”9 болохын тулд эрэлхийлэн олж авах хэрэгтэй зан чанарыг дурдсан байдаг.

Зураг
Пeтр, Иаков, Иохан гуравт Мелкизедик санваар хүртээсэн нь.

Тэр итгэл, ариун журам, мэдлэг, өөрийгөө захирах чадвар, тэвчээр, бурханлаг чанар, ах дүүгийн нинжин сэтгэл, энэрэл, хичээнгүй байдал зэргийг нэрлэсэн.10 Бид бас даруу байдлыг мартаж болохгүй!11 Тиймээс, гэр бүлийнхэн болон хамтран ажиллагсад маань эдгээр болон бусад сүнслэг бэлгийг хөгжүүлэхийн тулд бидний хийж байгаа зүйлийн талаар юу гэж хэлэх бол?12 Эдгээр шинж чанарыг хэрхэн хөгжүүлнэ, бидний санваарын хүч төдий чинээ агуу байх болно.

Бид санваарын хүчээ хэрхэн өөр арга замаар өсгөн нэмэгдүүлж болох вэ? Бид зүрх сэтгэлээсээ залбирах хэрэгтэй. Өнгөрсөн болон ирээдүйд болох гэж байгаа үйл явдлын талаар эелдгээр ярихын зэрэгцээ адислал хүсэн залбирах нь агуу хүчийг авчирдаг Бурхантай харилцах харилцааг бий болгож чадахгүй. Та бүхэн илүү их хүч чадлын төлөө хэрхэн залбирахаа мэдэхийн тулд залбирахад бэлэн үү? Их Эзэн танд үүнийг зааж өгнө.

Та нар судраас судалж, Христийн үгэн дээр найрлан,13—илүү их хүч чадлыг авахын тулд чин сэтгэлээсээ суралцахад бэлэн байна уу? Хэрэв та эхнэрийнхээ зүрх сэтгэлийг уяраахыг хүсэж байвал түүнд интернэтээр Христийн сургаалыг14 судалж, судраас уншиж байгаагаа харуул!

Та ариун сүмд тогтмол орж, шүтэн бишрэхэд бэлэн байна уу? Их Эзэн Ариун өргөөндөө сургаалаа заах дуртай байдаг. Та ариун сүмд Мелкизедек санваарын ёслолуудыг гүйцэтгэж байхдаа Их Эзэнээс санваарын түлхүүр, эрх мэдэл, хүч чадлын тухай зааж өгөөч хэмээн хүсвэл Тэр хэчнээн их баярлахыг төсөөлөөд үз дээ.15 Таны санваарын хүч нэмэгдэж байна хэмээн төсөөл дөө.

Та бүхэн ерөнхийлөгч Томас С.Монсоны бусдад хэрхэн үйлчилдэг үлгэр жишээг дагахад бэлэн байна уу? Олон арван жилийн турш тэрээр гэртээ харих замдаа Сүнсний өдөөлтийг даган, хэн нэгний гэрт зочлон очих болгондоо “Өнөөдөр охины минь нас барсан өдөр гэдгийг та яаж мэдэв ээ?,” “Өнөөдөр миний төрсөн өдөр гэдгийг та яаж мэдэв ээ? гэх мэт үгийг сонссоор ирсэн юм. Та үнэхээр санваарын хүчийг илүү ихээр авахыг хүсэж байвал эхнэрээ хайрлан халамжилж, түүнийгболон зөвлөгөөг нь эрхэмлэн хүндлэх хэрэгтэй.

Хэрэв энэ бүхэн та нарт хэтэрхий их юм шиг сонсогдож байвал ажил дээрээ амжилт гарган, банкны дансан дахь үлдэгдлээ өсгөхөд анхаарлаа хандуулдгийн aдилаар санваарын хүчээ нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулбал эхнэр, хүүхэд, хамтран ажиллагсадтайгаа харилцах бидний харилцаа ямар өөр байх талаар бодож үзнэ үү. Бид Их Эзэний өмнө өөрсдийгөө даруусгаж, Түүнээс өөрсдөдөө заахыг хүсвээс Тэрээр бидэнд Өөрийнх нь хүчийг хэрхэн илүү сайн ашиглаж болохыг зааж өгнө.

Энэ хожмын өдрүүдэд олон газарт газар хөдлөлт болно гэдгийг бид мэднэ.16 Магадгүй тэр газрын нэг нь бидний гэр орон байж болох бөгөөд энд сэтгэл санаа, санхүү, сүнслэг байдлын газар хөдлөлт болж болох юм. Санваарын хүч нь далай тэнгисийг номхотгож, газрын цавыг арилгаж чадна. Санваарын хүч нь бас хайртай хүмүүсийн маань сэтгэл санааг тайвшуурлан, зүрх сэтгэлийнх нь шархыг эдгээж чадна.

Бид үүнтэй адил санваарын хүчтэй болохын тулд Бурханы эрчүүдийн хувьд залбиран, мацаг барьж, суралцан, эрэлхийлж, шүтэн биширч, үйлчлэхэд бэлэн байна уу? Хоёр бяцхан охин гэр бүлтэйгээ лацдан холбогдохыг ихэд хүсэж байсан учраас аав болон дүү нь Мелкизедек санваар хүлээн авахын тулд өгөх ёстой төлөөсийг төлөхөд бэлэн байсан юм.

Хайрт ах нар аа, бидэнд эрхэм дээд итгэл найдвар хүлээлгэн, бусдыг адислах Бурханы эрх мэдлийг өгсөн билээ. Хүн бүр урьдаас томилогдсон Бурханы тэрхүү эрчүүд нь байж, Түүний санваарыг зоригтой авч яван, хүч чадлаа нэмэгдүүлэхийн тулд шаардлагатай төлөөсийг төлөхөд бэлэн байх болтугай. Тэрхүү хүчээр бид Аврагч Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэж чадна. Энэ бол Түүний Сүм бөгөөд Түүний бошиглогч, миний хайрлаж явдаг, дэмжин баталсан ерөнхийлөгч Томас С.Монсон удирддаг. Би үүнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.