2010–2019
Маргааш ЭЗЭН та нарын дунд гайхамшигт зүйлсийг хийх болно
Дөрөвдүгээр сар 2016


Маргааш ЭЗЭН та нарын дунд гайхамшигт зүйлсийг хийх болно

Үргэлжлүүлэн хайрла. Үргэлжлүүлэн зүтгэ. Үргэлжлүүлэн найд. Үргэлжлүүлэн итгэ. Үргэлжлүүлэн өсч хөгж. Тэнгэр таныг өнөөдөр, маргааш, мөнхөд уухайлан дэмжих болно.

Ах эгч нар аа, бидний та нарт хэчнээн хайртайг та бүгд ямар нэгэн байдлаар төсөөлдөг үү? 10 цагийн турш та бүхэн биднийг нэг нэгээрээ энэ индэр дээр гарч үг хэлэхийг сонслоо. Тэр адилхан 10 цагийн турш бид энэ индэрийн хойно ч гэсэн та бүхэнтэй хамт байлаа. Та бүхэн бидний бодгалийн зүрх сэтгэлийг гүн гүнзгий хөдөлгөдөг билээ. Энэ чуулганы төвд байгаа 21000 байна уу эсвэл алс хол орших цуглааны байранд эсвэл гэртээ байна уу эсвэл компьютерийн дэлгэцийн өмнө ганцаараа байсан ч та бүгд Ням гарагтаа хамгийн сайнаараа байдаг. Та бүгд дуулж, залбирдаг. Та бүгд биднийг сонсоод, итгэдэг. Та бүгд энэхүү Сүмийн гайхамшиг билээ. Би та нарт маш их хайртай.

Ямар сайхан ерөнхий чуулган болж байна вэ. Ялангуяа Ерөнхийлөгч Томас С.Монсон бидэнтэй байж бошиглолын захиасуудаар биднийг адислалаа. Ерөнхийлөгч өө, бид таныг хайрлаж, таны төлөө залбирч, танд талархаж, энэ бүгдээс гадна таныг дэмжин баталдаг. Бид таныг болон таны гайхамшигт зөвлөхүүд, түүнчлэн олон сайн эрэгтэй, эмэгтэй удирдагч бидэнд заасанд талархалтай байна. Бид зүйрлэшгүй сайхан дуу хөгжим сонслоо. Бидний төлөө чухалчлан залбирч, биднийг уриалан ятгалаа. Их Эзэний Сүнс энд үнэхээр бялхам дүүрэн байлаа. Бүхий л утгаараа ямар сайхан урам зориг өгсөн амралтын өдрүүд вэ.

Би яг одоо хоёр давааг харж байна. Нэг нь ерөнхий чуулган бүрийн дараа та бүхний идэх дуртай зайрмаг болоод та хоёрын хоорондох даваа нь би л болж байна. Байж болох нөгөө асуудлыг миний саяхан интернэтээр харсан энэ зураг та нарт дүрслэх байх.

Зураг
Хүүхдүүдийг хөөж буй үлэг гүрвэл

Үүнийг хараад, орон доогуур орж нуугдсан хүүхдүүдээс би уучлал хүсье. Гэвч үнэн хэрэгтээ бол бидний хэн нь ч энэ амралтын өдрүүдэд мэдэрсэн гайхамшигт мэдрэмжүүдээ маргааш эсвэл маргаашийн дараагийн өдөрт алдахыг хүсэхгүй. Бид сүнслэг мэдрэмжээс болон биднийг сэнхрүүлсэн сургамжаас чанга зууран барихыг хүсч байгаа. Гэвч амьдралд ирдэг тэнгэрлэг мөчүүдийн дараа бид өмнөө байгаа төгс бус нөхцөлд аргагүйн эрхэнд буцаж ордог.

Энэ талаар еврей зохиогч бичихдээ: “Та нар өнгөрсөн өдрүүддээ, гэгээрүүлэгдсэнийхээ дараа зовлонгийн үлэмж зөрчлийг тэвчсэнээ санагтун”1 хэмээн бидэнд анхааруулсан. Гэгээрүүлэгдсэний дараах зовлон бэрхшээл нь олон янзаар ирдэг бөгөөд бидэнд бүгдэд нь ирж болно. Номлолд үйлчилсэн номлогч бүр номлолын талбарт гараад, энэ нь номлогчийг бэлтгэх төвийн ховор сайхан орчноос огт өөр гэдгийг удалгүй ухаардаг нь гарцаагүй. Бид ч бас ариун сүмийн сайхан ёслол эсвэл онцгой сүнслэг ариун ёслолын цуглаанаас гараад үүнийг мэдэрдэг.

Мосе Синай уулан дээрх гайхамшигт явдлын дараа бууж ирэхэд ард түмэн нь “өөрсдийгөө завхруулж” “замаас[аа] хурдан эргэ[сэн]”2 байсан. Уулын оройд Иехова Мосед “Чи Надаас өөр бурхадтай байж болохгүй,” мөн “Чи өөртөө зориулан ямар нэг дүрсийг бүү хий”3 гэж тушаах мөчид ард түмэн нь уулын бэлд алтан тугал шүтэхээр цутгаж байлаа. Тэр өдөр Мосе Израилын тэнүүчлэн явах олон түмэндээ баяртай байгаагүй юм!

Дэлхий дээрх тохинууллынхаа үеэр Есүс Петр, Иаков, Иохан гурвыг Хувиралтын Ууланд дагуулан гарч, сударт хэлснээр тэнд “Түүний нүүр нар мэт гэрэлтэж, хувцас нь гэрэл мэт цагаан болсон байлаа.”4 Тэнгэр нээгдэж эртний бошиглогчид ирж, мөн Бурхан Эцэг ярьсан юм.

Ийм гайхамшигт селестиел явдлын дараа Есүсийг уулнаас бууж ирэхэд түүнийг юу угтсан бэ? Эхлээд тэрээр шавь нар нь залуу хүүг эдгээх адислал яагаад үйлчлээгүй талаар эсэргүүцэгчидтэй маргалдаж байхтай таарсан. Дараа нь Арванхоёрт Тэрээр удахгүй орон нутгийн удирдагчдад баривчлагдаж алагдана гэдгийг ойлгуулах гэсэн ч тэд ойлгоогүй. Тэгээд хэн нэгэн түүнд татвараа төлөх хугацаа болсныг хэлэхэд Тэрээр тэр дор нь төлжээ. Үүний дараа хэн нь Түүний хаант улсад илүү агуу байх талаар маргалдаж байсан ах нарыг Тэрээр зэмлэв. Энэ бүхэн Түүнийг “Ээ, итгэлгүй үеийнхэн, … Хэдий хүртэл Би та нарыг тэвчих юм бэ?”5 хэмээн хэлэхэд хүргэсэн. Үйлчлэлийнх нь турш Түүнд энэ асуултыг тавихад хүргэсэн олон зүйл тохиолдож байсан. Үүнээс харахад Тэрээр уулын оройд ганцаараа байж залбирах мөчийг хүсэн хүлээдэг байсанд нь гайхах зүйл үгүй биз ээ!

Бид бүгдээрээ ийм оргил үйл явдлын дараа сайнтай муутай амьдралын хэвийн хэмнэлд эргэж буудаг тул ерөнхий чуулганы төгсгөлд урам зориг өгөх хэдэн үгсийг би та бүгдтэй хуваалцъя.

Юуны түрүүнд, дараагийн хэдэн өдөр та нар эргэн тойрондоо байгаа хүмүүсийн сул тал болон энэхүү амралтын өдөр яригдсан зүйлсийн жишигт хүрэхгүй зүйлс таны амьдралд байгааг харвал битгий санаагаар унаж, бууж өгөөрэй. Сайн мэдээ, Сүм, хагас жил тутмын эдгээр цугларалт нь урмыг тань хугалах биш харин урам зориг болон найдвар өгөхийн тулд байдаг. Харин бид бүгдийн дайсан, чөтгөр л биднийг хууран, ерөнхий чуулганаар яригдсан жишгүүд нь бодит байдлаас хөндий, хүмүүсийн хэн ч өөрчлөгдөж, хөгждөггүй гэж ятгадаг. Люсифер яагаад ингэж ярьдаг вэ? Учир нь тэр хэзээ ч сайжирч, өсч дэвшиж чадахгүй , дэлхийн төгсгөл хүртэл маргааш илүү дээр өдөр болно гэх найдвар түүнд үгүйг тэр мэддэг. Тэр бол үүрдийн хязгаарт баригдсан зовлонт хүн бөгөөд таныг бас зовлонд унагахыг хүсдэг. Үүнд нь бүү хууртаарай. Бидэнд тусалдаг Есүс Христийн Цагаатгалын бэлэг болон тэнгэрийн хүчний тусламжтайгаар бид сайжирч чадна. Мөн бид үргэлж амжилттай байхгүй байлаа ч оролдлогыг маань үнэлдэг нь сайн мэдээний агуу давуу тал билээ.

Сэргээгдсэн Сүмийн эхэн үед тэнгэрийн адислалыг хэн хүртэх эрхтэй мөн хүртэх эрхгүй талаар маргаан гарахад Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд “Үнэнээр би та нарт хэлж байна, … намайг хайрладаг хийгээд миний бүх зарлигийг сахидаг мөн түүнчлэн үйлдэхийг эрэлхийлдэг тэдний ашиг тусын төлөө [Бурханы бэлгүүд] өгөгддөг болой”6 хэмээн тунхагласан. Энэ шүлгийн сүүлийн хэсэгт гарсан “түүнчлэн үйлдэхийг эрэлхийлдэг” гэсэн хэсэгт бид бүгдээрээ талархдаггүй гэж үү! Заримдаа үүнээс илүүг бид хийж чадахгүй учраас энэ нь үнэхээр аминд ордог билээ. Хэрэв Бурхан зөвхөн төгс үнэнч хүмүүсийг л шагнан урамшуулдаг байсан бол энэ шагналыг өгөх хүмүүсийн жагсаалт тийм ч урт байхгүй гэдэг нь биднийг багахан тайвшруулдаг.

Маргааш болон дараа нь ирэх бүх өдөрт Их Эзэн сайжрахыг хүсдэг, зарлигуудын хэрэгцээг хүлээн авч мөн тэдгээрийг дагахыг хичээдэг, Христийнхтэй адил зан чанаруудыг дэмжиж, тэдгээрийг олж авахаар бүх хүч чадлаараа зүтгэдэг хүмүүсийг адисалдаг гэдгийг санаарай. Хэрвээ та нар бусад хүн бүрд тохиолддогтой адил энэ чармайлтдаа бүдэрвэл Аврагч та нарт цаашлахад чинь үргэлжлүүлэн туслахад бэлэн. Хэрвээ та нар унах юм бол Түүний хүч чадлыг гуй. Алматай адил “Ай Есүс, … намайг нигүүлсээч”7 хэмээн залбир. Тэрээр буцаж босоход тань туслах болно. Тэр наманчилж, засаж, өөрчлөх хэрэгтэй бүхнийг өөрчлөөд, үргэлжлүүлэн урагшлахад тань туслах болно.. Тун удалгүй та нар өөрсдийн хайж байгаа амжилтыг олох болно.

“Чи надаас хүсэх аваас энэ нь чамд хийгдэх болно.

“… Сайныг үйлдэхэд—тийм ээ, шударгаар үйлдэхэд, даруухнаар алхахад, зөв шударгаар шүүхэд хөтөлдөг тэр Сүнсэнд итгэлээ тавигтун. …

“… [Тэгвэл] зөв шударга ёсны зүйлүүдэд хамаарах юуг ч бай … чи хүлээж авна.”8 хэмээн Их Эзэн тунхагласан билээ.

Би энэ сургаалд хайртай! Энэ нь бид сайныг үйлдэх хүслийнхээ төлөө бүр тийм байхаар хичээж байх үедээ ч адислагдана хэмээн давтан хэлж байна. Энэ нь бидэнд дурдсан адислалыг авах зохистой байхын тулд бид эдгээрийг бусдад хориглохгүй байхад анхаарах ёстой.Бид хэзээ ч ялгаварлахгүй, бүгдэд шударга, эрх тэгш хандаж, хэзээ ч биеэ тоохгүй, үргэлж даруухан алхалж, хэзээ ч өөрийгөө бусдаас дээр тавилгүйгээр, үргэлж шударга шүүх ёстой гэдгийг сануулдаг.

Миний хайрт ах эгч нар аа, үүрд мөнх оршихуйн хамгийн эхний агуу зарлиг бол Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ, өөрийн бүх хүчин чадал, оюун хийгээд чадлаараа хайрлах ёстой гэсэн тушаал байдаг, гэхдээ мөнх оршихуйн хамгийн эхний агуу үнэн бол Бурхан биднийг бүх зүрх сэтгэлээрээ, өөрийн бүх хүчин чадал, оюун хийгээд чадлаараа хайрладаг явдал юм. Энэ хайр бол мөнх оршихуйн суурь бөгөөд бидний өдөр тутмын амьдралын ч суурь болох ёстой. Бидний бодгальд энэхүү баталгаа гал мэт асаж байх үед л бид үргэлж итгэж, сайжрахыг хичээн, нүглийнхээ өршөөлийг эрэлхийлж мөн тэрхүү ач ивээлийг хөршдөө түгээх итгэл үнэмшилтэй байна.

Ерөнхийлөгч Жорж К.Каннон “Сорилт бэрхшээл хэр хэцүү, шаналал хэр гүн, зовлон хэчнээн их байсан ч, [Бурхан] биднийг хэзээ ч орхихгүй. Тэр хэзээ ч орхиогүй бөгөөд орхих ч үгүй. Тэр ингэж чадахгүй. [Ингэх] нь Түүний шинж чанарт байдаггүй. … Тэр [үргэлж] бидний дэргэд зогсох болно. Бид халуун гал дундуур гарахаар болж магад, гүн усыг гатлах хэрэгтэй байж магадгүй; гэвч бид үүнд дарагдаж автах нь үгүй. Бид эдгээр зовлон бэрхшээлүүдээс илүү сайн, илүү цэвэр ариун болж гарч ирэх болно”9 хэмээн заасан байдаг.

Одоо Их Эзэн Есүс Христийн амьдрал, үхэл, Цагаатгалд хамгийн цэвэр бөгөөд төгс дүрслэгдсэн энэхүү тэнгэрийн агуу амлалтыг амьдралынхаа бат суурь болговол бид өөрсдийн болон бусдын нүглийн болоод тэнэглэлийн үр дагавраас, энэ нь бидний өдөр тутмын амьдралд ямар ч хэлбэрээр ирлээ гэсэн зугтаж чадна. Хэрэв бид зүрх сэтгэлээ Бурханд өгөөд, Их Эзэн Есүс Христийг хайрлаж, сайн мэдээний дагуу амьдрахаар чадахынхаа хэрээр хичээхэд хэдийгээр бидэнд үргэлж тэгж санагдахгүй ч, маргааш болон цаашдын бүх өдөр гайхамшигтай байх болно. Яагаад? Учир нь Тэнгэрлэг Эцэг үүнийг хүсдэг учраас! Тэр биднийг адислахыг хүсдэг. Өгөөжтэй, элбэг дүүрэн мөнхийн амьдрал бол Түүний хүүхдүүддээ өгсөн нигүүлсэнгүй төлөвлөгөөний гол зорилго нь билээ. Энэ төлөвлөгөө нь “Бурханыг хайрладаг … хүмүүст тохиолддог, бүхий л зүйл эцэстээ тэдний сайн сайхны төлөө байдаг”10 хэмээх үнэн дээр суурилсан байдаг. Тиймээс үргэлжлүүлэн зүтгэ. Үргэлжлүүлэн найд. Үргэлжлүүлэн итгэ. Үргэлжлүүлэн өсч хөгж. Тэнгэр таныг өнөөдөр, маргааш, мөнхөд уухайлан дэмжих болно.

Исаиа, “Чи мэдэхгүй гэж үү? Чи сонсоогүй гэж үү?”

“[Бурхан] ядарсанд тэнхээ өгч, чадал дутагдсанд нь хүч нэмдэг. …

“… [Түүнд] найдагчдын хүч нь шинэчлэгдэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. …

“Учир нь [Бурхан Эзэн тэдний] баруун гараас атгаж, [тэдэнд] Бүү ай. Би чамд тусална”11 хэмээн хэлсэн.

Ах эгч нар аа, биднийг хайрладаг Тэнгэр дэх Эцэг маань бидний өнөөдөр мэдэрснийг маргааш санахаар адислах болтугай. Түүний тэнгэрлэг хайр болон биднийг хэзээ ч үл орхих тусламж нь гуйвах үед маань ч хамт байхыг мэдэж, тодруулбал ялангуяа биднийг гуйвах үед хамт байж энэхүү чуулганаар тунхагласан жишгүүдийг хайрлан эдгээрт хүрэхийн төлөө тэвчээртэйгээр зүтгэхэд Тэр биднийг адислах болтугай.

Хэрвээ сайн мэдээний жишгүүд нь өндөр, ирэх өдрүүдэд хийх шаардлагатай хувийн хөгжил дэвшил нь гарт хүрэхээргүй хол мэт санагдвал ирээдүй нь бүрхэг байсан ард түмэндээ хэлсэн Иошуагийн урмын үгсийг санаарай. “Өөрсдийгөө ариусгацгаа. Учир нь маргааш Эзэн та нарын дунд гайхамшигт зүйлсийг хийх болно”12 хэмээн тэрээр хэлсэн билээ. Би үүнтэй адил амлалт өгмөөр байна. Энэ бол энэ чуулганы амлалт юм. Энэ бол энэ Сүмийн амлалт юм. Энэ бол эдгээр гайхамшгийг үйлддэг Өөрөө “Гайхамшиг, Зөвлөх, Хүчит Бурхан, Энхийн Жонон”13 Түүний амлалт юм. Би Түүний тухай гэрчилж байна. Энэ чуулган энэ агуу хожмын үе дэх Түүний урагшилсаар буй ажлын гэрч болдог гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.