2010–2019
Сайныг үйлдэхэд хөтөлдөг Сүнсэнд найд
Дөрөвдүгээр сар 2016


Сайныг үйлдэхэд хөтөлдөг Сүнсэнд найд

Аврагчийн өмнөөс цэвэр хайраар бусдад үйлчилснээр Түүнд илүү ойртдог гэдгийг би гэрчилж байна.

Би шүтэн биширч, эргэцүүлэн бодож мөн өөрсдийгөө зориулах энэ орой та нартай хамт байгаадаа талархаж байна. Хайрт Тэнгэрлэг Эцэг маань бидний хамт залбирахыг сонслоо. Бид Аврагч, Их Эзэн Есүс Христээ магтсан дууллууд дуулж, санан дурслаа. Мөн бид Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг өөд нь өргөж халамжлах Эзэний ажилд илүү их туслахаар сүнсээр өдөөгдлөө.

Аврагчийн бидний төлөө хийсэн зүйлсэд талархалтай байвал бусдад үйлчлэх бидний хүслийг нэмэгдүүлдэг. Тиймээс “Надад их зүйл өгөгдсөн тул би ч бас өгөх ёстой”1 хэмээх дууны үгсийг сонсоод бид уужрах шиг болдог. Бенжамин хаан Мормоны Номонд бичсэн агуу сургаалдаа энэ талархсан мэдрэмжийг ирнэ хэмээн амласан байдаг юм (Мозая 2:17–19-ийг үзнэ үү).

Бид Есүс Христэд итгэснээр өршөөгдөж, баярлахдаа Түүнд зориулан бусдад үйлчлэх хүсэлтэй болдог. Бенжамин хаан өршөөлийг хоромхон хугацаанд олж авдаггүй гэж заасан.

Тэр энэ тухай: “Мөн эдүгээ, та нарт миний ярьсан эдгээр зүйлүүдийн учир—өөрөөр хэлбэл, та нар Бурханы өмнө гэмгүйгээр алхаж болохын тулд өдрөөс өдөрт нүглүүдийнхээ ангижралыг хадгалан үлдэхийн төлөө—та нар хүн бүр байгаагийнхаа хэрээр ядуустай хөрөнгөө хуваалцаасай хэмээнэ би, өлссөнийг хооллох, нүцгэнийг хувцаслах, өвчтэйд очиж мөн сүнсийг нь мөн биеийг нь ч аль алиныг нь, хүссэнийх нь дагуу тэднийг асрах зэрэг болой” (Мозая 4:26) гэсэн байдаг.

Алмагийн агуу хамтрагч Амюлек түүнчлэн нүглийнхээ өршөөлийг хадгалахын тулд Түүнд үргэлжлүүлэн үйлчлэх ёстой гэсэн дараах үнэнийг заасан. “Мөн эдүгээ болгоогтун, хайрт ах дүүс минь, би та нарт хэлнэ, энэ нь бүгд хэмээн бүү бод; учир нь та нар эдгээр бүх зүйлийг хийсний дараа, хэрэв та нар гачигдсаныг, мөн нүцгэрснийг хоосон буцааж, мөн өвдсөн хийгээд зовсонд үл очин, мөн хэрэв та нарт буй аваас хөрөнгөнөөсөө гачигдсан тэдэнтэй эс хуваалцвал---Би та нарт хэлнэ, хэрэв та нар эдгээр зүйлийн нэгийг ч эс хийвээс, болгоогтун, залбирал тань хоосон, мөн та нарт ямар ч хэрэггүй байж, мөн та нар сүсэг бишрэлийг үгүйсгэсэн хоёр нүүртэн лугаа адил байх болно” (Алма 34:28).

Би өөрийн амьдрал дахь эмэгтэйчүүдийн талаар өнөөдөр бодлоо. Миний эхнэрээс эхлэн, хамгийн сүүлд төрсөн гурван гуч охиныг минь оруулаад 31 эмэгтэй байна. Тэдний зарим нь өнөө орой энд ирсэн байгаа. Тав нь 12 настай. Энэ нь тэдний хувьд Аврагчийн Сүмийн эгч нартай хамт Чуулганы Төвд ирсэн анхны цугларалт байж магадгүй. Тэд бүгд өнөөдөр өөр өөрийн гэсэн дурсамж мөн өөр өөр амлалт авч үлдэх болно.

Эдгээрээс гурван дурсамж, гурван амлалтыг амьдралынхаа турш, бүр мөнхөд авч үлдээсэй гэж би залбирч байна. Дурсамж гэдэг нь мэдрэмж, амлалт гэдэг нь хийх ёстой зүйлс юм.

Хамгийн чухал мэдрэмж бол хайр. Та нар энэ чуулганаар сайн удирдагч эгч нарын ярихыг сонсож, хайрыг мэдэрсэн. Тэд та нарыг танихгүй ч та нарыг гэх Тэнгэрлэг Эцэг болон Аврагчийн хайрыг мэдэрсэн учраас тэдний хайрыг та бүхэн Сүнсээр дамжуулан мэдэрсэн. Тиймээс тэд та бүхэнд үйлчилж, Бурханы өгөхийг хүсэж буй адислалыг хүртээсэй гэж та нараас чин сэтгэлээсээ хүсдэг.

Энэ орой та нар найз, ангийн нөхөд, хөршүүд болон дөнгөж амьдралд чинь орж ирсэн танихгүй хүмүүсийг хүртэл хайрлах хайрыг мэдэрсэн. Энэ хайрын мэдрэмж бол Бурханы бэлэг юм. Судар дээр үүнийг “энэрэл” болон “Христийн цэвэр хайр” (Моронай 7:47) гэж нэрлэдэг. Та нар энэ хайрыг өнөө орой мэдэрсэн бөгөөд үүнийг эрэлхийлбэл хүлээн авах болно.

Та нарын мэдэрсэн хоёр дахь мэдрэмж бол Ариун Сүнсний нөлөөлөл юм. Их Эзэнд зориулан бусдад туслахаар үйлчлэхэд Ариун Сүнс та нарт тусална гэж эгч нар амласан. Та нар тэдний амлалтыг Их Эзэнээс ирсэн бөгөөд үнэн гэдгийг Сүнсээр мэдэрсэн.

Их Эзэн “Мөн эдүгээ, үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, сайныг үйлдэхэд---тийм ээ, шударгаар үйлдэхэд, даруухнаар алхахад, зөв шударгаар шүүхэд хөтөлдөг тэр Сүнсэнд итгэлээ тавигтун; мөн энэ нь миний Сүнс бөлгөө” (С ба Г 11:12) хэмээн хэлсэн байдаг.

Та нар энэхүү адислалыг өнөө орой авсан байж болох юм. Жишээ нь тусламж хэрэгтэй байгаа хэн нэгний нэр эсвэл царай энэ цуглааны үеэр таны бодолд орсон байж болно. Энэ нь зүгээр нэг хийсвэр бодол байсан байж ч магадгүй, гэвч та нар өнөөдөр сонссоныхоо дагуу, Бурхан тэдэнд хүссэн сайн зүйлсээ та нараар хийлгэхээр хөтөлнө гэж найдан залбирах болно. Ийм залбирлууд та нарын амьдралд хэвшил болбол та ч, бусад хүн ч аль аль нь илүү сайн хүн болж өөрчлөгдөнө.

Та нарын мэдэрсэн гурав дахь мэдрэмж нь Аврагчид ойртох эрмэлзэл юм. “Намайг дага гэж Аврагч хэлсэн. Түүний замаар бүгд алхацгаая” гэсэн дууны үгсээс энд байгаа хамгийн залуу охин хүртэл уг урилгын бодитойг мэдэрсэн байх.2

Энэ бүхнийг мэдрээд, хийх эхний зүйл бол та ганцаараа биш гэдгээ ойлгон, явж бусдад үйлчлэх явдал юм. Та Аврагчийн өмнөөс бусдад үйлчилж, тэднийг тайтгаруулахаар явахад Тэр таны өмнөх замыг бэлдэх болно. Өнөөдөр энэ нь хаалга бүрийн цаана байгаа хүмүүс таныг хүлээн авна эсвэл таны үйлчлэхээр хичээж буй хүн бүр танд талархана гэсэн үг биш гэдгийг энд буй бүх буцаж ирсэн номлогч хэлэх болов уу. Гэвч Их Эзэн таны өмнө явж, замыг тань бэлтгэх болно.

Ерөнхийлөгч Томас С.Монсон Их Эзэний “Мөн та нарыг хэн ч хүлээн авлаа гэсэн, тэнд би тэрчлэн байх болно, учир нь би та нарын нүүрний өмнө явах болно. Би та нарын баруун гар талд мөн та нарын зүүнтээ байх болно, мөн миний Сүнс та нарын зүрх сэтгэлд, мөн миний тэнгэр элчүүд та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байх болно” (C ба Г 84:88) гэсэн амлалт бодитой гэдгийг мэднэ хэмээн олон дахин хэлсэн.

Тэр та нарын үйлчлэхээр дуудсан хүмүүсийн зүрх сэтгэлийг бэлтгэх замаар та нарын өмнө явдаг. Тэр та нарын зүрх сэтгэлийг ч бас бэлтгэдэг.

Их Эзэн мөн та нарын дэргэд, баруун болон зүүн талд мөн эргэн тойронд чинь туслах хүмүүсийг байлгадаг. Түүний өмнөөс бусдад үйлчлэхдээ та ганцаараа явдаггүй юм.

Тэр энэ орой надад ч бас тусалсан. Түүний надаар хэлүүлэхийг хүссэн үгсийн хүчийг нэмэгдүүлэхийн тулд Их Эзэн үгсээр төдийгүй дуу хөгжмөөр “гэрчлэлийн үлэмж агуу үүлийг” (Еврей12:1) өгсөн. Би түүний найруулсан тоглолтод өөрийнхийгөө зөв оруулахад л анхаарсан. Их Эзэн таныг болон бусдыг өөртөө үйлчлүүлэхээр сонгоход үүнээс талархал, баяр баясал мэдрээсэй гэж би залбирч байна.

Та арвин туршлага хуримтлуулж, “Эзэний ажлыг хийх сайхан” дууг дуулах бүрдээ яг над шиг нүүр дүүрэн инээмсэглэх болно.3

Та нар “Тэгэхэд Хаан тэдэнд, үнэнээр би та нарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол, Надад хийсэн хэрэг гэж хэлнэ” (Матай 25:40) гэсэн шүлгийг санаад мөн инээмсэглэх болно.

Бидний хийх хоёр дахь зүйл бол Их Эзэнд үйлчлэхээр явахдаа Түүнийг санах явдал юм. Их Эзэн бидний өмнө явж бидэнтэй цуг үйлчлэхээр тэнгэр элч нарыг илгээгээд зогсохгүй, бидний бусдад өгдөг тайтгарлыг Өөртөө авсан мэт мэдэрдэг.

Энэхүү цуглааны захиасыг сонсож, итгэсэн Бурханы бүх охид “Их Эзэн хэрэгцээтэй хүмүүст Өөрийнх нь өмнөөс юу хийхийг биднээс хүсэж байгаа бол?” гэж асуух болно. Эгч бүрийн нөхцөл байдал өөр өөр. Энэ нь миний охид, бэрүүд, ач болон гуч охидод ч бас хамаатай. Тэдэнд болон Тэнгэрлэг Эцэгийн бүх охинд хандан би Линда К.Бөртон эгчийн ухаалаг зөвлөгөөг давтан хэлье.

Тэр та бүгдээс өөр өөрийн нөхцөл байдалд Их Эзэний та бүгдээр хийлгэхийг хүссэн зүйлийг итгэлээр залбиран олж мэдэхийг хүссэн. Тэгээд тэр үнэтэй тос зарж ядууст туслахын оронд Их Эзэний толгойг тосолсон гэж шүүмжлүүлсэн эмэгтэйг Их Эзэн Өөрөө тайтгаруулж амласан тухай ярьсан билээ.

“Харин Есүс, Түүнийг орхи. Та нар юунд түүнд төвөг удна вэ? Энэ эмэгтэй Надад сайныг үйлдсэн.

“Учир нь та нар үргэлж ядуустай цуг байна. Хэзээ хүссэн цагтаа та нар тэдэнд сайныг үйлдэж чадна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй.

“Тэр хийж чадахаа л хийсэн. Оршуулахад бэлтгэж тэр Миний биеийг урьдаас тосоллоо.

“Үнэнээр Би та нарт хэлье. Сайн мэдээ бүх дэлхийн хаа ч тунхаглагдсан, мөн энэ эмэгтэйг дурсаж, түүний үйлс яригдах болно гэж айлдав” (Марк 14:6–9).

Энэ богинохон судар бол энэхүү тогтворгүй цаг үед буй Их Эзэний хаант улсын эгч нарт сайхан, ухаалаг зөвлөгөө болох юм. Та нар Эцэгийг болон Аврагчийг хайрладаг учраас Түүний үйлчлэхийг хүссэн хүмүүсийг олохын төлөө залбирах болно. Та нар Маркийн сударт гарч, дэлхийн Аврагчийн хүндэтгэсэн ариун үйлс нь бичигдсэн ч нэр нь гараагүй эмэгтэйн жишгээр олон түмэнд өөрсдийгөө таниулж, хүндлүүлэх гэж үүнийг хийхгүй.

Манай гэр бүлийн эгч нар Бурханыг хайрлах хайраас үүдэн тусламж хэрэгтэй хүмүүст хамгийн сайнаараа үйлчлэх болно гэж би найддаг. Мөн миний найдаж буй гурав дахь зүйл бол тэд сайн үйлс хийхдээ даруухан байх явдал юм. Тэднийг Их Эзэний дараах зөвлөгөөг хүлээн аваасай гэж би залбирч байна. Энэ зөвлөгөөг бид бүгд сонсох хэрэгтэй гэдэгт би итгэлтэй байна.

“Та нар хүмүүст харуулахын тулд тэдний өмнө зөвт байдлаа үйлдэхээс сэрэмжлэгтүн. Эс тэгвээс тэнгэр дэх Эцэгээс тань та нарт шагнал олдохгүй.

Тийн Тэрээр:

“Харин та нар өглөг өгөхдөө, баруун гарынхаа юу хийж буйг зүүн гартаа бүү мэдэгд.

Энэ нь өглөг чинь нууц байхын тулд бөгөөд нууцаар харагч Эцэг чинь чамд буцааж төлнө” (Матай 6:1, 3–4) хэмээн хэлжээ.

Хаант улсын эгч нар хаана, ямар нөхцөлд байдалд байгаагаасаа үл шалтгаалан Аврагчид итгэх итгэл болон Түүний Цагаатгалд талархах талархал нь тэднийг Бурханы үйлчлээсэй гэж хүссэн хүмүүст чадах бүхнээрээ туслахад чиглүүлэхийн төлөө би залбирч байна. Ингэснээр Аврагч болон Тэнгэрлэг Эцэг гараа дэлгэн угтаж, арвин ихээр адислах ариун эмэгтэйчүүд болох замаар тэд урагшлах болно гэдгийг би амлаж байна.

Энэ Сүм бол амилсан Есүс Христийн сүм гэдгийг би гэрчилж байна. Тэр амилсан. Тэрээр бидний нүглийн төлөөсийг төлсөн. Бид Түүний ачаар амилуулагдаж, мөнх амьдралтай болох учраас би үүнийг мэдэж байна. Ерөнхийлөгч Томас С.Монсон бол Түүний амьд бошиглогч. Тэнгэрлэг Эцэг бидний залбирлыг сонсож хариулдаг бөгөөд бид Аврагчийн өмнөөс цэвэр хайраар бусдад үйлчилснээр Түүнд илүү ойртдог гэдгийг би гэрчилж байна. Би энэхүү баттай гэрчээ Есүс Христийн нэрээр үлдээж байна, амен.

Эшлэлүүд

  1. “Because I Have Been Given Much,” Hymns, no. 219.

  2. “Come, Follow Me,” Hymns, no. 116.

  3. “Sweet Is the Work,” Hymns, no. 147.