2010–2019
Хоёр эсвэл гурваараа хамтдаа цугларсан тэнд
Дөрөвдүгээр сар 2016


Хоёр эсвэл гурваараа хамтдаа цугларсан тэнд

Та нар Сүнстэй байж сонсвол зүрх сэтгэл тань зөөлрөн, итгэл тань хүчирхэгжиж, Их Эзэнийг хайрлах хайр тань нэмэгдсэн байхыг олж мэдэх болно.

Хайрт ах эгч нар минь ээ, та бүхэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн жил тутмын 186 дахь Ерөнхий чуулганд тавтай морилно уу. Би та нарыг Бурханы халуун дотно урьж байгаадаа баяртай байна.

Та нарыг тэнгэрээс сүнслэг удирдамж авч, Тэнгэрлэг Эцэгтэй болон Их Эзэн Есүс Христтэй ойр байхын тулд Чуулганд ирсэнд би баяртай байна.

Дэлхий дахиныг хамарсан энэхүү цугларалтад Есүс Христийг үргэлж дурсан санаж, Түүнд үйлчлэхээр гэрээ хийсэн сая сая дагалдагч нь ирсэн байна. Орчин үеийн технологийн гайхамшгийн үр дүнд өргөн уудам орон зай, цаг хугацааны зөрүү алга болжээ. Бид нэгэн асар том танхимд хамтдаа цугларсан мэт уулзаж байна.

Гэхдээ хэний нэрэн дор цугларч байгаа нь хамтдаа цугларч байгаагаас илүү чухал юм. Одоо дэлхий дээр Их Эзэний маш олон шавь байгаа ч Тэр бидний хүн нэг бүрд ойр байна хэмээн амласан. Түүнээс гадна Тэрээр 1829 онд цөөн тооны шавьдаа “Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, … хоёр эсвэл гурваараа миний нэрээр, … хамтдаа цугларсан тэнд, болгоогтун, би тэдний дунд байх болно, бүр тэрчлэн би та нарын дунд бай[на]” (С ба Г 6:32) хэмээн хэлсэн юм.

Одоо ганц хоёрыг бодвол хавьгүй олон болсон Түүний шавь нар энэ чуулганаар цугларсан байгаа бөгөөд Их Эзэн амласан ёсоороо бидний дунд байна. Тэрээр амилсан, алдар сууг олсон нэгэн учраас гэгээнтнүүдийн цугласан бүх газар бодит биеэрээ ирэхгүй нь мэдээж. Гэхдээ өнөөдөр Тэр бидэнтэй хамт байгааг бид Сүнсний хүчээр мэдрэх боломжтой.

Аврагчийн ойр байгааг хэзээ, хаана мэдрэх нь хүн нэг бүрээс шалтгаална. Тэр бидэнд:

“Мөн дахин, үнэнээр би та нарт хэлж байна, найз нар минь, та нар намайг ойр байхад намайг дуудаж болохын тулд эдгээр айлдваруудыг та нарт миний өгсөн энэхүү зарлигийн хамт та нар зүрх сэтгэлдээ тунгаан бодохын тулд би та нарт үлдээе.

“Надад ойр байгтун, мөн би та нарт ойр байх болно; намайг хичээнгүйлэн эрэлхийлэгтүн, мөн та нар намайг олох болно; асуу тэгвэл та нар хүлээн авах болно; тогш, тэгвэл энэ нь та нарт нээгдэх болно” (С ба Г 88:62–63) хэмээх зааврыг өгсөн.

Өнөөдөр сонсож буй хүмүүсийн дунд энэ адислалыг чин сэтгэлийнхээ угаас хүсэж байгаа доод тал нь хоёр хүн байгаа гэдгийг би мэднэ. Тэд энэ чуулганаар Их Эзэнд ойртохыг хичээнгүйлэн эрэлхийлэх болно. Тэр хоёр хоёулаа ижил төрлийн тусламж хүссэн захиа бичсэн бөгөөд захиа нь миний ажил дээр яг нэг долоо хоногт ирсэн юм.

Аль аль нь Сүмийн хөрвөгч бөгөөд өмнө нь Бурхан Эцэгийн болон Түүний Хүү, дэлхийн Аврагч, Есүс Христийн хайрын талаар тодорхой гэрчлэл хүлээж авч байсан. Мөн тэд бошиглогч Иосеф Смитийг Бурханы илчлэлтийн дагуу Сүмийг зохион байгуулсан мөн ариун санваарын түлхүүрүүд сэргээгдсэн болохыг мэддэг байсан. Хоёулаа эдгээр түлхүүр нь Сүмд одоо байдаг талаар гэрчилсэн мэдрэмжийг хүлээн авсан бөгөөд үүний талаарх чин сэтгэлийн гэрчлэлээ бичгээр надтай хуваалцсан юм.

Гэвч тэд хоёул Их Эзэнийг хайрлах өөрсдийнх нь хайр болон өөрсдийг нь хайрлах Их Эзэний хайр багасаж байгаад харамссан аж. Тэд хоёулаа надаас Бурханы хаант улсад анх ирж байх үедээ мэдэрч байсан хайр, баяр хөөрөө эргүүлэн олж авахад туслахыг зүрх сэтгэлийнхээ угаас хүссэн юм. Мөн хэрэв тэд Аврагчийг болон Түүний Сүмийг хайрлах хайраа бүрэн эргүүлэн авч чадахгүй бол тулгарч буй сорилт, бэрхшээл нь эцсийн эцэст тэдний итгэлийг сөхрүүлэн унагаана гэхээс эмээж байгаагаа илэрхийлсэн билээ.

Энэ асуудал зөвхөн тэдэнд тулгараагүй бөгөөд сорилт нь тийм ч шинэ зүйл биш юм. Аврагч мөнх бус тохинууллынхаа үеэр үр болон тариачны тухай сургаалт зүйрлэлийг бидэнд өгсөн. Үр бол Бурханы үг, харин тариачин бол Их Эзэн юм. Үр ургах эсэх нь хөрсний байдлаас шалтгаалж байв. Түүний үгсийг та нар санаж байгаа байх.

“Түүнийг үрээ цацахад зарим үр нь замын хавиар унасанд шувууд ирээд идчихлээ.

“Зарим нь чулуурхаг газар унаж, хөрс нь гүн биш тул тэр дороо соёолов.

“Гэвч нар гарахад үндэсгүй учир тэд хорчийн хатжээ.

“Зарим нь хогийн ургамлын дунд унав. Хогийн ургамал ургаж тэднийг барьчихаж.

“Зарим нь сайн хөрсөнд унаж ургаад, ургацаа өгөхөд зарим нь зуу, зарим нь жар, зарим нь гуч дахин их болов.

“Сонсох чихтэй нь сонсогтун гэв” (Матай 13:4–9).

Дахин хэлэхэд үр нь Бурханы үг, харин хөрс нь үрийг хүлээн авч буй хүний зүрх сэтгэл юм.

Надаас тусламж, сэтгэлийн дэм авахыг хүсэн, захидал бичсэн энэ сайхан хүмүүстэй бид олон талаараа адилхан билээ. Бид үр буюу Бурханы үгийг нэгэн үе зүрх сэтгэлдээ суулгасан. Зарим нь хүүхэд насандаа эцэг эх нь эрх мэдэлтэй хүмүүсээр баптисм хүртээлгэн, батлуулахад урих үед хүлээн авсан бол зарим нь Бурханы дуудагдсан үйлчлэгчдээр заалгахдаа хүлээж авсан. Хүн бүр үр нь сайн гэдгийг болон зүрх сэтгэл нь тэлж байгааг мэдэрсэн бөгөөд зүрх сэтгэл, оюун ухаанаа тэлж байгааг мэдрэхдээ баяр хөөр болж байсан.

Хүсэн хүлээсэн адислал маань удаж, итгэлийг маань устгахыг хүсэгчдийн ширүүн дайралтад өртөн, нүгэлд уруу татагдахад мөн зүрх сэтгэлийнхээ сүнслэг хэсгийг хөгжүүлэн, зөөлрүүлэхийн тулд гаргаж буй хүчин чармайлтыг маань сааруулдаг аминч үзэл гэх мэт сорилтод бидний итгэл соригдож байдаг.

Гэхдээ өмнөх баяр баяслаа алдсандаа гутарч байгаа хүн адислагдсан хүн байдаг. Зарим хүн итгэл нь гундаж байгааг олж хардаггүй. Сатан ухаантай. Тэр зовоохыг хүсэж байгаа хүмүүстээ тэдний мэдэрч байсан баяр баясал хүүхэд насных нь төөрөгдөл байсан гэж хэлдэг.

Өнөөдөр би та нарт ирэх өдрүүдэд зүрх сэтгэлээ зөөллөн, үр хүлээн авч, тордох онцгой боломж бидэнд олдох болно гэсэн захиасыг өгөх гэсэн юм. Үр бол Бурханы үг бөгөөд энэ чуулганыг сонсож, үзэж, унших хүн бүрийн дээр асгарах болно. Дуу хөгжим, хэлэх үгс болон гэрчлэлийг Бурханы үйлчлэгчид Ариун Сүнсний удирдамжийг тууштай эрэлхийлэн бэлдсэн. Тэд чуулганы өдөр ойртох тусам илүү удаан, илүү даруухан залбирч байсан билээ.

Түүнчлэн тэд та нарыг Бурханы сайн үгийг хүлээн авч ургуулан, үр жимсээ өгөх үржил шимтэй хөрсийг зүрх сэтгэлдээ бий болгохоор зөв сонголт хийхэд нөлөөлөх хүчтэй байхын төлөө залбирсан. Та нар Сүнстэй байж сонсвол зүрх сэтгэл тань зөөлрөн, итгэл тань хүчирхэгжиж, Их Эзэнийг хайрлах хайр тань нэмэгдсэн байхыг олж мэдэх болно.

Чин сэтгэлийнхээ угаас, зорилготой залбирах сонголт тань энэ чуулганы үеэр болон ирэх өдөр, саруудад болох үйл явдлыг орвонгоор нь өөрчлөх болно.

Та нарын ихэнх нь үүнийг аль хэдийн хийгээд эхэлчихсэн байгаа. Энэ хуралдааны эхэнд та нар залбирахыг сонсохоос гадна Ариун Сүнс бидэн дээр цутгах адислалыг хүлээн авах хүсэлтэд өөрсдийн итгэлийг нэмсэн билээ. Та нар Есүс Христийн нэрээр дотроо гуйж байхдаа Түүнд ойртож чадсан. Энэ бол Түүний чуулган бөгөөд Их Эзэний бидэнд өгөхийг хүсдэг адислалыг зөвхөн Ариун Сүнс л авчирч чадна. Тэр биднийг хайрладаг учраас бидэнд:

“Мөн Ариун Сүнсээр урагш хөдөлгөгдөх тэд юуг ч ярилаа гэсэн судар байх болно, Их Эзэний таалал байх болно, Их Эзэний оюун байх болно, Их Эзэний үг байх болно, Их Эзэний дуу хоолой байх болно, мөн аврал дахь Бурханы сүр хүч буюу.

“Болгоогтун, энэ бол та нарт өгсөн Их Эзэний амлалт юм, Ай үйлчлэгчид минь.

“Иймийн тул, зоригтой байгтун, мөн бүү эмээ, учир нь Их Эзэн бибээр та нартай хамт байна, мөн та нарын дэргэд зогсч байх болно; мөн та нар миний тухай бүр Есүс Христийг, би бол амьд Бурханы Хүү, би байсныг, би байгааг, би байх болно гэдгийг гэрчлэх ёстой” (С ба Г 68:4–6) хэмээн амласан.

Та нар Бурханы үйлчлэгчийг индэр дээр гарч ирэх болгонд Сургаал ба Гэрээний 50-р хэсэгт өгөгдсөн Их Эзэний дараах амлалтыг биелүүлэхийн тулд залбирч, итгэлээрээ нэмэр болж чадна.

“Үнэнээр би та нарт хэлнэ, тэрээр надаар томилогдож мөн Тайтгаруулагчаар үнэний үгийг номлохоор үнэний Сүнсэнд, урагш илгээгдэхдээ, үүнийг тэрээр үнэний Сүнсээр номлох уу эсвэл ямар нэг өөр зам бий юу?

“Мөн хэрэв энэ нь ямар нэг өөр замаар болбоос энэ нь Бурханаас бус болой.

“Мөн дахин, үнэний үгийг хүлээн авдаг тэрээр үүнийг үнэний Сүнсээр хүлээн авдаг уу, эсвэл өөр ямар нэг зам бий юу?

“Мөн хэрэв энэ нь ямар нэг өөр замаар болбоос энэ нь Бурханаас бус болой.

“Тиймийн тул, үгийг үнэний Сүнсээр хүлээн авдаг тэрээр үүнийг үнэний Сүнсээр номлогдсоны дагуу хүлээн авдаг гэдгийг та нар яагаад ойлгож мөн мэдэж чадахгүй байна вэ?

“Иймийн тул, номлодог тэр нь мөн хүлээн авдаг тэр нь бие биенээ ойлгодог, мөн хоёул сэнхэрч мөн хамтдаа баясдаг буюу” (С ба Г 50:17–22).

Та бас найрал дуучдыг дуулахын өмнө залбирч болно. Найрал дууны удирдаач, хөгжимчин, дуучид дуу хөгжмийн аялгуу болон үгс зүрх сэтгэлийг зөөлрүүлж, бусдын итгэлийг хөгжүүлэх хүчийг нэмэгдүүлэхийн төлөө залбирч, бэлдсэн билээ. Тэд Тэнгэрлэг Эцэг хувийн залбирлыг нь сонсдогтой адил, тэдний залбирлыг ч мөн адил сонсдог гэдгийг мэдэн, Их Эзэний өмнө дуулж байгаа мэт Түүнд зориулан дуулах болно. “Учир нь зүрх сэтгэлийн дуунд сүнс минь баярлах авай; тийм ээ, зөв шударгыг үйлдэгчдийн дуу нь надад хандсан залбирал бөлгөө, мөн энэ нь тэдний тэргүүн дээр адислалаар хариулагдах болно” (С ба Г 25:12) хэмээх Аврагчийн Эмма Смитэд өгсөн амлалт биелж болохын төлөө тэд хайраар хөдөлмөрлөсөн.

Та нар тэднийг дуулж байхад зөвхөн сонсоод зогсохгүй бас залбирах аваас таны төдийгүй тэдний залбирлыг таны болон тэдний толгой дээр адислал болгон хариулна. Та нар бас Аврагчийн хайрын болон зөвшөөрлийн адислалыг мэдэрнэ. Энэ магтаал дуунд нэгдсэн хүн бүр Их Эзэнийг улам ихээр хайрлаж байгаагаа мэдрэх болно.

Та үг хэлж буй хүнийг үгээ төгсгөх үед залбирч болно. Тэд дотроо Эцэгт хандан сонсогчдынхоо зүрх сэтгэл, найдварыг төдийгүй Аврагчийг үргэлж санаж, бидэнд өгсөн зарлигуудыг нь дагана гэсэн тэдний шийдэмгий байдлыг дэмжих гэрчлэлийн үгийг Ариун Сүнсээр дамжуулан өгөхийг хүсэж залбирах болно.

Гэрчлэл бол захиасыг давтаж байгаа хэрэг биш юм. Энэ нь тусламж, тэнгэрлэг удирдамж болон Христийн цэвэр хайрыг хүлээн авахын тулд гуйн залбирч байгаа хүмүүсийн зүрх сэтгэлд Сүнсээр дамжуулан хүргэх үнэний баталгаа болох юм.

Үг хэлж буй хүмүүс үнэн гэрчлэл хүлээн авна. Тэд цөөхөн үг хэлсэн байж болох ч Бурханы сайн үгээр өлсөж цанган, чуулганд ирсэн даруухан сонсогчийн зүрх сэтгэлд хүрэх болно.

Сайн хүмүүсийн итгэл нь айлдварын төгсгөлд сүнсээр дамжуулан хэлэх ёстой үгийг өгдөг гэдгийг би хувийн туршлагаасаа мэднэ. Намайг гэрчлэлээ хуваалцсаны дараа олон хүн “Надад сонсох хэрэгтэй байсан тэр үгийг та яаж мэдэв ээ?” гэж нэг бус удаа хэлж байсан. Би тийм үг хэлснээ санахгүй байдагтаа гайхахаа больсон билээ. Би гэрчлэлийн үгээ хэлсэн ч Их Эзэн тэнд байж, хэлэх ёстой үгсийг маань зааж өгч байсан. Яг хэрэгтэй үед үг зааж өгнө гэсэн Их Эзэний амлалт ялангуяа гэрчлэлд ихээхэн хамаатай (С ба Г 24:6-г үзнэ үү). Энэхүү чуулганаар хуваалцах гэрчлэлийг анхааралтай сонсоорой. Та нар Их Эзэнд ойртож байгаагаа мэдрэх болно.

Би захиасаа үнэний талаарх гэрчлэлээр хураангуйлан өндөрлөх гэж байгааг та бүгд мэдэрч байгаа байх. Асуултынхаа хариултыг хүсэгчдэд тус болох гэрчлэлийн үгийг хэлэхэд та бүгдийн залбирал надад тусална.

Тэнгэрлэг Эцэг, агуу Елохим бидний хүн нэг бүрийг хайрладаг мөн мэддэг хэмээх баттай гэрчлэлээ би үлдээж байна. Түүний удирдлаган доор Хүү Иехова нь Бүтээгч болсон. Түүнчлэн Назарын Есүс бол Бурханы төрсөн Хүү болохыг би гэрчилж байна. Тэрээр өвчтэй хүмүүсийг эдгээж, сохор нэгэнд хараа оруулж, үхсэнийг амилуулсан. Тэр бас мөнх бус амьдралд төрсөн Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд бүрийн бүх нүглийн төлөөсийг төлсөн юм. Тэр ням гарагт булшнаас амилан боссоноороо үхлийн хүлээсийг бидний төлөө тайлсан юм.

Энэ бол цорын ганц үнэн Сүм бөгөөд Их Эзэн энэ Сүмийн булангийн чулуу юм. Томас С.Монсон бол дэлхий дээрх Түүний бошиглогч. Энэ чуулганаар та бүгдэд үг хэлэх бошиглогч, төлөөлөгчид Их Эзэний өмнөөс ярьдаг. Тэд Түүний үйлчлэгчид бөгөөд өмнөөс нь үйлдэх эрх мэдэлтэй. Тэрээр дэлхий дээр үйлчлэгчдийнхээ өмнө явдаг гэдгийг би мэднэ. Энэ бүгдийг би Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.