2010–2019
“Хэн энэ хүүхдийг хүлээн авна, тэр нь Намайг хүлээн авдаг”
Дөрөвдүгээр сар 2016


“Хэн энэ хүүхдийг хүлээн авна, тэр нь Намайг хүлээн авдаг”

Бид ганцаардсан, хаягдсан эсвэл хашааны гадна орхигдсон өсвөр үеийнхэнд туслах хэрэгтэй.

Бурхан хүүхдүүдэд хайртай. Тэр бүх хүүхдэд хайртай. Аврагч “Хүүхдүүдийг зөвшөөр, Над уруу ирэхийг … Учир нь тэнгэрийн хаанчлал бол эдний адил хүмүүсийнх юм”1 хэмээн хэлсэн.

Өнөөдөр хүүхдүүд өөр хоорондоо адилгүй, нарийн ээдрээтэй гэр бүлийн тогтолцоонд амьдарч байна.

Жишээлбэл, өнөөдөр Нэгдсэн Улсад 50 жилийн өмнөхөөс хоёр дахин их хүүхэд зөвхөн эцэг, эхийнхээ аль нэгэнтэй нь амьдарч байна.2 Мөн Бурханы хайранд мөн Түүний зарлигуудыг сахих хүсэлдээ нэгдэж чадаагүй олон гэр бүл байна.

Энэхүү өсөн нэмэгдэж буй сүнслэг үймээн самуун дунд сэргээгдсэн сайн мэдээ Их Эзэний жишиг, үзэл санаа, загварыг үргэлжлүүлэн авч явах болно.

“Хүүхдүүд гэр бүлийн дотор төрж, гэрлэлтийн тангаргаа үнэнчээр сахидаг эцэг эхээр өсгүүлэх эрхтэй. …

Нөхөр, эхнэр хоёр нь бие биенээ болон үр хүүхдээ хайрлан халамжлах хариуцлага хүлээнэ. … Эцэг эхчүүд хүүхдүүдээ хайраар болон зөв шударга байдлаар өсгөн хүмүүжүүлж, бие бялдар болон оюун санааных нь хэрэгцээг хангаж, бие биеэ хайрлан, үйлчилж, Бурханы зарлигуудыг дага[хыг] … зааж сургах нандин үүрэгтэй юм.”3

Бид дэлхий даяар хүүхдүүдээ хайраар өсгөн хүмүүжүүлдэг, өөр өөр шашин шүтлэгтэй олон сайн эцэг эх байгаа гэдгийг мэддэг. Бид Аврагчид хөрвөгдсөн эцэг эхийн хайр халамжинд өлгийдөгдөн, санваарын эрх мэдлээр лацдан холбогдож, Тэнгэрлэг Эцэгийг болон Түүний Хүү Есүс Христийг хайрлан, Тэдэнд итгэдэг байхад гэр орондоо суралцдаг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гэр бүлүүдэд талархаж байна.

Өнөөдөр би ийм сайхан, “төгс” гэр бүлд өсөөгүй олон зуун мянган хүүхэд, өсвөр үеийнхэн, залууст хандаж үг хэлэх гэсэн юм. Би үхэл хагацал, гэр бүл салж сарних, эцэг эхийнхээ итгэлгүй болохыг харсан өсвөр үеийнхнээс гадна эцэг эх нь сүмд хамт ирдэггүй ч сайн мэдээг хүлээн авсан дэлхий даяарх хэдэн арван мянган залуу эрэгтэй, эмэгтэйн талаар ярих болно.4

Энэ хожмын үеийн гэгээнтэн залуус Сүмд агуу их итгэл тээн орж ирдэг. Тэд ирээдүйд өөрсдийн гэсэн төгс гэр бүлийг зохиохыг хүсдэг.5 Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд манай номлогчдын хүчний болон зөв шударга залуучуудын мөн гэр бүлээ үүсгэн бий болгохоор тахилын ширээний өмнө өвдөглөн суух хүмүүсийн салшгүй нэгэн хэсэг болно.

Бид гэр бүлд зориулсан Их Эзэний загварыг үргэлжлүүлэн заах болно. Гэхдээ сая сая гишүүнтэй болж, Сүмийн хүүхдүүд ч өөр хоорондоо адилгүй өсөж байгаа өнөө үед бид илүү хянуур, мэдрэмжтэй байх хэрэгтэй. Манай Сүмийн соёл, хэл яриа зарим талаар өвөрмөц. Хүүхдийн хэсгийн хүүхдүүд “Гэр бүлүүд үүрд хамт байх болно”6 гэсэн дууг дуулахаа болихгүй ч “Аав маань гэртээ ирэхэд би маш их баярладаг”7 эсвэл “Аав ээж маань замыг минь заадаг”8 гэж дуулахдаа хүүхэд бүр өөр өөрсдийн гэр бүлийн талаар дуулахгүй.

Манай найз Бэтт 10 настай байхдаа сүм дээр болсон үйл явдлаасаа хуваалцсан юм. Тэр: “Манай багш ариун сүмийн гэрлэлтийн талаар хичээл зааж байхдаа надаас ‘Бэтт, аав ээж чинь ариун сүмд гэрлээгүй бил үү?’ гэж асуусан. [Багш болон ангийнхан маань] хариултыг мэдчихсэн.” Багшийн хичээл ч цааш үргэлжилж, харин Бэтт гэр бүлийнхээ талаар хамгийн муугаар бодох болжээ. Бэтт үргэлжлүүлэн: “Түүнээс хойш би олон шөнийг уйлж өнгөрүүлсэн. Хоёр жилийн дараа би зүрхний өвчтэй болж, өөрийгөө үхэх гэж байна хэмээн бодож байхдаа үүрд мөнх ганцаараа байх юм байна гэж бодон, айж сандардаг байв” гэж хэлж билээ.

Найз Лийф маань ганцаараа сүмд явдаг. Нэгэн удаа түүнийг Хүүхдийн хэсэгт сууж байхад нь түүнээс богинохон үг хэлэхийг хүсжээ. Сүм дээр ээж, аав нь түүний хажууд зогсож, хэлэх үгээ мартвал тусалж дэмжиж чадахгүй учраас тэр ихэд айсан байв. Тэр өөрийгөө ичгүүртэй байдалд оруулахгүйн тулд сүмээс хэдэн сарын турш холджээ.

“Есүс нэгэн хүүхдийг Өөр уруугаа дуудаад, тэдний дунд зогсоод …

Миний нэрээр ийм хүүхдийг хүлээн авсан хэн боловч Намайг хүлээн авсан хэрэг [хэмээн хэлсэн билээ].”9

Эдгээр хүүхэд, өсвөр үеийнхэн итгэлтэй зүрх сэтгэл, гүн гүнзгий сүнслэг бэлгээр адислагдсан юм. Лийф надад: “Би сэтгэл зүрхнийхээ гүнд Бурхан бол миний Эцэг бөгөөд намайг мэддэг, хайрладаг гэдгийг мэдэж байсан” гэж хэлсэн.

Найз Вероник маань: “Би сайн мэдээний зарчмуудын талаар суралцан, Мормоны Номыг судалж байхдаа аль хэдийн мэддэг байсан ч мартсан зүйлээ эргэн санаж байгаа мэт мэдрэмж төрдөг байсан” гэж хэлэв.

Найз Зулэйка маань Бразилийн Алэгрэтээс ирсэн. Түүний гэр бүл шашин шүтдэггүй байсан ч Зулэйка 12 настайдаа Библи уншиж эхлэн, тэндхийн сүмүүдээр явж, Бурханы талаар илүү ихийг мэдэхийг эрэлхийлэх болсон байна. Аав ээж нь дурамжхан зөвшөөрсөн ч тэр номлогчидтой хамт судлан, гэрчлэлтэй болж, баптисм хүртжээ. Зулэйка надад “Хичээлийн үеэр надад Солт Лэйкийн ариун сүмийн зургийг үзүүлэн, лацдан холбох ёслолын талаар хэлсэн. Тэр үеэс эхлэн надад нэгэн өдөр Их Эзэний өргөөнд орж, мөнх гэр бүлтэй болох хүсэл төрсөн” гэж хэлэв.

Дэлхий дээр хүүхдийн амьдрах орчин төгс биш байж болох ч тэдний сүнслэг ДНХ төгс билээ. Учир нь хүн төрөлхтний жинхэнэ мөн чанар бол Бурханы хүү, охин байх явдал юм.

Ерөнхийлөгч Toмас С.Монсон “Бурханы хүүхдүүдэд амьдралд юу үнэн зөв, чухал болохыг ойлгоход тусал. Тэдэнд мөнх амьдралд хүргэх зам дээр аюулгүй байлгах жим харгуйг сонгох хүч чадлыг хөгжүүлэхэд тусал”10 гэжээ. Өөрсдийнхөө гар, зүрх сэтгэлийг илүү өгөөмрөөр дэлгэцгээе. Эдгээр өсвөр үеийнхэнд бидний цаг хугацаа, бидний гэрчлэл хэрэгтэй байна.

Дунд сургуульд байхдаа Колорадогийн Сүмд нэгдсэн Брандон баптисмынхаа өмнө болон дараа түүнд гар сунган тусалсан хүмүүсийн тухай надад ярьсан юм. Тэрээр “Би сайн мэдээний дагуу амьдардаг гэр бүлүүдийн гэрт байж үзсэн. Энэ нь өөрийн гэр бүлд хэрэгжүүлэх жишгийг надад үзүүлсэн” гэж хэлсэн юм.

Голландад төрсөн Вероник биднийг Германд амьдарч байхад охин Кристэнтэй маань хамт нэг сургуульд явдаг байв. Вероник: “Сүмийн гишүүн суралцагчдаас гэрэл цацардаг. Би тэр гэрэл нь Есүс Христэд итгэх тэдний итгэлээр болон Түүний сургаалын дагуу амьдарснаар ирдэг болохыг ойлгосон” гэж онцлон хэлсэн юм.

Макс гэдэг найз маань найман настай байхдаа баптисм хүртсэн. Түүний аав аль ч Сүмийн гишүүн байгаагүй тул Макст сүмд явах эсвэл явахгүй ч байх боломжтой байв.

Өсвөр насандаа хэдэн сар сүмд яваагүй Макс сүмдээ буцаж явах хэрэгтэй гэдгээ мэдэрч, нэгэн ням гаргийн өглөө явахаар шийджээ. Гэтэл Сүмийн хаалганд дөхөх тусам түүний шийдэмгий байдал суларч, сандарч эхлэв.

Харин хаалганы хажууд шинэ бишоп зогсож байв. Макс түүнийг танихгүй учраас бишоп өөрийг нь хэн болохыг мэдэхгүй гэдэгт итгэлтэй байв. Максыг ойртон ирэхэд бишопын царайнд инээмсэглэл тодорч, “Макс, чамайг харж байгаадаа маш их баяртай байна” гэж хэлжээ.

“Түүнийг ингэж хэлэх үед надад дотно, халуун дулаан мэдрэмж төрж, зөв зүйл хийснээ мэдсэн”11 гэж Макс хэлсэн юм.

Хэн нэгний нэрийг мэддэг байх нь өөрчлөлтийг авчирч чадна.

“Мөнхүү улиран тохиох дор [Есүс] тэдний бяцхан хүүхдүүд авчрагдахыг зарлиг болгов. …

Мөн тэрээр [тэднийг] нэг нэгээр нь авч, мөн тэднийг адислав, мөн тэдний төлөө Эцэгт хандан залбирав.

Мөн тэр үүнийг хийгээд тэрээр дахин уйлав.”12

Сайн мэдээг хайрладаг олон өсвөр үеийнхэн баптисм хүртэхийн тулд эцэг эхийнхээ зөвшөөрлийг олон жил хүлээдэг.

Эмилигийн эцэг эх түүнийг хүүхэд байхад салсан бөгөөд тэр 15 нас хүртлээ баптисм хүртэх зөвшөөрөл авч чадаагүй юм. Найз Эмили маань “өөрийг нь үргэлж дэмжиж, гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд нь тусалж байсан”13 Залуу эмэгтэйчүүдийн удирдагчийнхаа тухай царай нь гэрэлтсээр дурсан ярьдаг.

Колтэн, Прэстон хоёр Ютад амьдардаг өсвөр насныхан. Тэдний эцэг эх салсан ба баптисм хүртэх зөвшөөрөл хараахан аваагүй байгаа юм. Хэдийгээр тэд ариун ёслол түгээж чадахгүй ч долоо хоног бүр талх авчирдаг. Тойргийнхон нь ариун сүм явах үед баптисм хийхээр тэдэнтэй хамт орж чадахгүй ч ах дүү хоёр гэрийнхээ хажууд байх гэр бүлийн түүхийн төвд очин, гэр бүлийнхээ олон нэрийг хайж олдог. Өсвөр үеийнхэнд маань туслахад хамгийн их нөлөөлдөг зүйл бол бусад зөв шударга өсвөр үеийнхний үзүүлж чадах нөлөө юм.

Би хэдхэн долоо хоногийн өмнө Замби Лусака номлолд зочлохдоо танилцсан шинэ найзынхаа түүхээр үгээ өндөрлөе.

Зураг
Жозэф Сэнгооба хүүхэд байхдаа

Ахлагч Жозэф Сэнгооба Угандагаас ирсэн. Түүнийг долоон настай байхад аав нь нас баржээ. Ээж болон хамаатан садан нь түүнийг цаашид асарч тэжээх боломжгүй болсон учраас тэр есөн настайгаасаа эхлэн ганцаараа амьдрах болсон байна. Тэр 12 настайдаа номлогчидтой уулзаж, баптисм хүртэв.

Жозэф сүмд очсон анхны өдрийнхөө тухай ийнхүү ярьсан юм. “Ариун ёслолын дараа би гэртээ харих цаг боллоо гэж бодтол номлогчид намайг Жошуа Валусимбитай танилцуулсан. Жошуа надтай найз болно гэж хэлээд, Хүүхдийн хэсэг рүү гар хоосон оруулахгүй гэсэндээ Хүүхдийн дууны ном бариулж билээ. Хүүхдийн хэсэгт Жошуа өөрийнхөө хажууд надад суудал авдаг байв. Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч намайг урд гарч ирэхэд урин, Хүүхдийн хэсгийн бүх хүүхдээс надад зориулан ‘Би Бурханы хүүхэд’ дууллыг дуулж өгөхийг хүссэн. Би тэр үед өөрийгөө маш онцгой гэдгээ мэдэрсэн.”

Салбарын ерөнхийлөгч Жозэфийг Пиэрр Мунгозагийн гэр бүлд хүргэж өгсөн ба тэр тэнд дөрвөн жилийн турш амьдарчээ.

Зураг
АхлагчЖошуа Валусимби ба Жозэф Сангооба

Найман жилийн дараа ахлагч Жозэф Сангообаг номлолд гарахад анхны сургагч нь Хүүхдийн хэсэгт анх түүнийг халуун дотно хүлээн авч байсан хөвгүүн Жошуа Валусимби байв. Харин түүний номлолын ерөнхийлөгч хэн байсан гээч? Тэр бол ерөнхийлөгч Лийф Эриксон буюу үг хэлэхээсээ айн, Хүүхдийн хэсгээс холдсон бяцхан хүү байв. Бурхан үнэхээр хүүхдүүддээ хайртай.

Зураг
Ахлагч Жозэф Сангооба ба ерөнхийлөгч Лийф Эриксон
Зураг
Ахлагч Андэрсэн Конгийн Бүгд Найрамдах Ардчилсан Улсад

Кэти бид хоёр хэдэн долоо хоногийн өмнө Африкт байхдаа Конгийн Бүгд Найрамдах Ардчилсан Улсын Мубжи Майид зочилсон юм. Цуглааны байр нь 2000 гишүүнийг багтаах хангалттай зайгүй байсан учраас бид хулсан саваан дээр тулгуурлан босгосон том гялгар уутан дээврийн доор гадаа уулзав. Цуглаан эхлэх үед барилгыг хүрээлсэн төмөр хашааны гадна талд хайснаас зүүгдэх хэдэн арван хүүхэд харагдаж байлаа. Кэти “Нийл, тэр хүүхдүүдийг орж ир гэж урьсан нь дээр гэж чамд бодохгүй байна уу” гэж чихэнд минь шивнэв. Би индэр дээр байсан дүүргийн ерөнхийлөгч Калонжи руу дөхөж очоод, хашааны гадна байгаа хүүхдүүдийг урихыг түүнээс хүсэв.

Зураг
Хашааны хайсны гаднах хүүхдүүд
Зураг
Уригдсан хүүхдүүд

Ерөнхийлөгч Калонжигийн урилгаар ноорхой хувцастай, хөл нүцгэн 50-аас илүү, магадгүй 100 орчим хүүхэд хашаан дотор гүйлдэн орж ирээд зогсохгүй, бүгд инээмсэглэн, догдолсон царайтай байсан нь намайг гайхшируулж билээ.

Энэ үйл явдал миний сэтгэлийг маш их хөдөлгөсөн бөгөөд би үүнийг ганцаардсан, хаягдсан эсвэл хашааны гадна орхигдсон өсвөр үеийнхэнд бид туслах хэрэгтэй гэдгийн бэлгэдэл хэмээн харсан. Бүгдээрээ тэдний тухай бодож, тэднийг хүлээн авч, тэврэн, тэдний Аврагчийг хайрлах хайрыг хүчирхэгжүүлэхийн тулд чадах бүхнээ хийцгээе. Есүс “Миний нэрээр ийм хүүхдийг хүлээн авсан хэн боловч Намайг хүлээн авсан хэрэг”14 хэмээн хэлсэн. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Матай 19:14.

  2. “Family Structure,” Child Trends DataBank (2015 оны 12-р сар), appendix 1, page 9, childtrends.org/databank-ийг үзнэ үү.

  3. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Лиахона, 2010 оны 11-р сар, 129, 7, 6-р догол мөр.

  4. Би хүүхдүүдийнхээ сүнслэг байдлыг хүчирхэгжүүлэхэд зориг гарган, гол үүрэг гүйцэтгэж байгаа олон арван мянган ээжид хувиасаа талархал илэрхийлж байна. Тэдгээрийн олон нь ганц бие байдаг. Канадаас ирсэн найз Шэли маань ээжийнхээ талаар:

    “Намайг төрөхөөс таван жилийн өмнө номлогчид аав ээжийн маань гэрт ирсэн. Аав ээж маань хэдэн хичээл авсны дараа аав цаашид сонирхолгүй болсон. Ээж маань үргэлжлүүлэн хичээл авч, баптисм хүртэхийг хүссэн. Ээж таван жилийн турш сүмд явсан ч гишүүн болоогүй байв. Намайг төрснөөс хойш гурван сарын дараа тэр баптисм хүртэх боломжтой болсон.

    Ээж маань хэзээ ч дуу шуугиантай мөн агуу удирдагчийн албыг хашиж байгаагүй. Түүнд маш энгийн, сайхан, бат бөх гэрчлэл байдаг. Тэр итгэдэг зүйлийнхээ дагуу өдөр бүр амьдардаг. Уг даруу, энгийн үлгэр жишээ намайг үргэлж Их Эзэнд болон Сүмд ойрхон байлгасан” гэж ярьсан.

  5. Найз Рандалл маань надад “Намайг тэнгэрлэг эцэг эхийн хүү гэж заасан ба би үнэн гэдгийг мэдэж авсан. Жинхэнэ мөн чанараа мэдэж авсан нь надад эцэг эхийнхээ замыг дагах шаардлгагүй гэдгийг зааж, найдвар өгсөн. Би тэднийг хүндэтгэдэг ч яг дуурайх албагүй. Би Хүүхдийн хэсэг, ням гаргийн анги, залуу эрэгтэйчүүд, бусад багшаасаа сурсан зүйлдээ найддаг. Би тойрог, итгэлтэй хамаатан садан, аз жаргалтай гэр бүлүүдийг үлгэр дуурайлаа болгодог. Би Тэнгэрлэг Эцэгт итгэдэг. Хэрэв би итгэлтэй байвал Тэрээр надад ийм гэр бүлтэй болоход тусална гэдгийг би мэддэг” гэж хэлсэн юм.

  6. “Гэр бүлүүд үүрд хамт байх болно,” Хүүхдийн дууны ном,

  7. “Daddy’s Homecoming,” Children’s Songbook, 210.

  8. “Love Is Spoken Here,” Children’s Songbook, 190–91.

  9. Матай 18:2, 5.

  10. Томас С.Монсон, “Learn of Me,” Лиахона, 2016 оны 3-р сар, 6.

  11. Макс Х.Молгард, Inviting the Spirit into Our Lives (1993), 99-ыг үзнэ үү.

  12. 3 Нифай 17:11, 21–22.

  13. Эмилигийн эцэг эх нь идэвхгүй ч эцэг эхийг нь орлож байдаг өвөө эмээ, нагац авга, бусад хүний тухай ярихдаа хайраар дүүрэн байдаг. Тэр Мичиган дахь Залуу эмэгтэйчүүдийн удирдагчийн талаар “Түүний хүүхдүүд өсөж том болсон. Тэр залуу эмэгтэй бүрт өөрийнх нь төрсөн хүүхэд мэт мэдрэмж төрүүлэхийг зорьдог. Түүний инээмсэглэл хамгийн хүнд өдрүүдэд ч зүрх сэтгэлийг чинь бүлээцүүлж чадна. Би түүнийг дагаж, өөрсдийгөө ‘бусдаас өөр’, ‘орхигдсон’, ‘хүлээн зөвшөөрөгдөөгүй’ гэж боддог хүүхдүүдэд ‘Систэр Морсон’ баймаар байна” гэж хэлжээ.

  14. Матай 18:5.