2010–2019
Христийн шашинтны хайр, үйлчлэлийг үзүүлснээр “Ирээд, Намайг дага”
2016 оны 10-р сар


Христийн шашинтны хайр, үйлчлэлийг үзүүлснээр “Ирээд, Намайг дага”

Бид Аврагчийн хожмын үеийн шавийн хувьд Бурханы хүүхдүүдийг хайрлаж, үйлчилснээр Түүн рүү очдог.

Нобелийн шагналтан Элий Вийсэлийг эмнэлэгт зүрхний нээлттэй хагалгаанд ороод, бие нь тэнхэрч байхад таван настай ач хүү нь эргэж иржээ. Бяцхан хүү өвөөгийнхөө нүд рүү хараад, өвдөж шаналж байгааг нь мэдэрчээ. “Өвөө, таныг би илүү их хайрлавал таны өвдөлт багасах уу”1 гэж асуув. Би өнөөдөр та нараас “Бид Аврагчаа илүү их хайрлавал бага зовж шаналах уу?” хэмээн ижил асуултыг асууя.

Аврагчийг Өөрийг нь дагаасай хэмээн шавь нараа дуудахад тэд “нүдийг нүдээр, шүдийг шүдээр”2 гэх мэт Мосегийн хуулийн дагуу амьдарч байсан ч Аврагч Өөрийн Цагаатгалаар тэрхүү хуулийг бүрэн гүйцээхээр иржээ. Тэрээр “Дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир”3 хэмээн нэгэн шинэ сургаалыг заасан.

Шавь нар нь өс хонзонг өршөөлөөр, өрсөлдөөн тэмцлийг сайхан сэтгэл, энэрлээр солин, Хуучин Гэрээний хуучин арга замаас Шинэ Гэрээний шинэ зам руу эргэсэн. “Бие биеэ хайрла”4 гэсэн шинэ тушаалыг дагахад дандаа амар хялбар байдаггүй. Шавь нараа нүгэлтнүүдтэй болон тодорхой давхаргын хүмүүстэй хэрхэн харьцаж харилцах талаар санаа зовж байх үед Аврагч “Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг гэж хэлнэ”5 хэмээн тэвчээртэй заасан. Мормон Номын нэгэн бошиглогчийн тайлбарласнаар “Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа гэдгээ мэдэж болохын тулд буюу.”6

Аврагчийн хожмын үеийн шавь нар бид Бурханы хүүхдүүдийг хайрлан, тэдэнд үйлчилснээрээ Түүн рүү ирдэг. Бид ийнхүү үйлдэхдээ гай зовлон, уйтгар гуниг, бие махбодын шаналалаас зугатаах боломжгүй ч сүнслэг байдлын хувьд бага зовж шанална. Тэр байтугай зовлон бэрхшээлтэй тулгарч байх үедээ баяр баясгалан, амар амгаланг мэдэрч чаддаг.

Христийн шашинтны хайр, үйлчлэл аяандаа гэр орноос эхэлдэг. Эцэг эхчүүд ээ, та нар хүүхдүүдийнхээ, өсвөр үеийнхний хайртай багш, номлогчид байхаар дуудагдсан. Тэд та нарын сонирхогч. Та тэднийг хөрвөгдөхөд туслах үүрэг хариуцлага үүрдэг. Бид бүхэн Аврагчийн хайраар дүүрэн байх буюу хөрвөгдөхийг эрэлхийлж байдаг нь үнэн юм.

Энэ мөнх бус дэлхий дээрх аялалдаа Есүс Христийн дагалдагчид бидний нэг нэгнээ дэмжих шалтгаан нь Түүний хайр юм.7 Үүнийг бид ганцаар хийж чадахгүй. Та өөртөө баптисм хүртээх гэж үзсэн үү? Та өөртөө адислал өгөх гэж үзсэн үү? Та нар намайг өмнө нь “Та намайг өргө. Би таныг өргөе. Бид хоёул хамтдаа дээш өгсөх болно”8 хэмээх Квэйкэрийн зүйр цэцэн үгийг хэлж байсныг сонссон. Үүнийг шавь бид “нэг нэгнийхээ ачааг хөнгөн байж болохын тулд … үүрэлцэх”9 хүсэлтэй байгаагаа харуулснаараа баптисм хүрэх үедээ хийж эхэлдэг.

“Хаант улсын зарлигийг та нар бие биендээ заах”10 бол нэг нэгнээ хайрлан, нэг нэгэндээ үйлчлэх нэг арга зам юм. Эцэг эх, өвөө эмээ бид сургуульд ёс зүй заахгүй байна хэмээн дэлхийд харамсан гасалдаг. Гэхдээ бидний хийж чадах зүйл илүү их байна. Бид одоо өөрсдийн гэр бүлд заах мөчөө давуу боломж болгон ашиглаж чадна. Энэ давуу боломжийг бүү алд. Сайн мэдээ, амьдралын сургамжийн талаар үзэл бодлоо хуваалцах боломж гарах үед хийж байсан бүх зүйлээ орхиод, сууж, хүүхдүүд, ач зээ нартайгаа ярилц.

Бид сайн мэдээний мэргэжлийн багш биш гэдэгтээ санаа зовох хэрэггүй. Ямар ч сургалт, гарын авлага хувиараа судар судлах, залбирах, тунгаан бодох, Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэх зэрэг шиг ач тустай биш юм. Ариун Сүнс таныг удирдан хөтлөх болно. Эцэг эх байх дуудлаган дотор танд болон таны хүүхдүүдэд зөв байх арга замаар заах бэлэг багтана гэдгийг амлая. Бидэнд зөв шударгаар нөлөөлөх Бурханы хүч бол Түүний хайр гэдгийг санаж яваарай. “Эхлээд Тэр биднийг хайрласан тул бид хайрладаг юм.”11

Өсвөр үеийнхэн та нар сайн мэдээний манай хамгийн үр дүнтэй багш нар юм. Та нар гэртээ хариад заах, гэр бүл, хөрш, найз нөхдөдөө үйлчлэхээр явж болохын тулд суралцахаар сүмдээ ирдэг. Бүү ай. Та нарын мэддэг зүйл үнэн гэдгийг гэрчлэх итгэлтэй бай. Бүрэн цагийн номлогчдын цаг, авьяасаа ашиглан, бусдад үйлчлэх, бусдыг адислах ариусгасан амьдралаар итгэлтэй амьдардаг учраас хэрхэн өсөж хөгждөгийг бодож үз. Та нарыг сайн мэдээний гэрчлэлээ хуваалцаж байх үед та нарын итгэл өсөх болно. Та нарын өөртөө итгэх итгэл өсөх болно!

Христийн шашинтан бидний хамгийн их нөлөө үзүүлдэг үйлчлэлийн зарим нь гэр бүлээрээ судар судлах, гэр бүлийн залбирал, гэр бүлийн зөвлөлийн уулзалтыг явуулах зэргээр өгөгддөг. Зуу гаруй жилийн туршид Сүмийн удирдагчид долоо хоног бүр бусад зүйл саад болохгүй цаг тусгайлан гаргаж бай хэмээн дуудсан ч бидэн дунд олон хүн адислалуудыг хүлээн аваагүй байна. Гэр бүлийн үдэш бол Ээжийн эсвэл Аавын уншдаг лекцийн цаг биш. Энэ бол энгийн сүнслэг хандлага төлөв, туршлага хуваалцах, хүүхдүүдээ халамж үзүүлэх, хуваалцах талаар суралцахад нь туслах, хамтдаа цагийг сайхан өнгөрүүлэх, гэрчлэлээ хамтдаа хуваалцах, хамтдаа өсөж хөгжих гэр бүлийн цаг юм. Долоо хоног бүр гэр бүлийн үдэш хийснээр бидний нэг нэгнээ гэсэн хайр өсөх болно, бид бага зовж шаналах болно.

Гэр бүлдээ бидний хийдэг хамгийн чухал ажил Ариун Сүнсний хүчээр хийгддэг гэдгийг санацгаая. Биднийг уурлаж уцаарлан, дуугаа өндөрсгөхөд Ариун Сүнс бидэнтэй нөхөрлөхөө больж, гэр бүлийг минь орхин явдаг. Биднийг хайраар ярих үед Ариун Сүнс бидэнтэй хамт байж чадна. Хүүхэд, ач зээ нар маань бидний хайрыг тэдэнд хэр их цаг зориулан зарцуулж байгаагаар үнэлж цэгнэдэг гэдгийг бас санацгаая. Дээр дурдсанаас гадна, бүү тэвчээр алд. Бүү бууж өг!

Судрууд Тэнгэрлэг Эцэгийн зарим хүүхэд Түүний төлөвлөгөөг дагахгүй гэсэн сонголт хийгээд, тэнгэрээс хөөгдсөн12 хэмээн өгүүлдэг. Хүүхдүүдээ хайрлан, тэдэнд заадаг байсан зарим эцэг эх хүүхдүүдээ өсөж том болоод, Их Эзэний төлөвлөгөөг үл дагах сонголт хийх үед гашууддаг. Эцэг эхчүүд ийм тохиолдолд юу хийж чадах вэ? Бид бусдын сонгох эрх чөлөөнд халдах ямар нэг зүйлийн төлөө залбирч чадахгүй. Үрэлгэн хүүгийн “өөрөө ирэх”-ийг тэвчээртэй хүлээсэн эцэг “түүнийг холоос хараад”13 байсныг санаарай. Бид хэзээ, юу ярих, хэзээ чимээгүй байх талаар удирдамж хүсэн залбирч болно. Хүүхдүүд, гэр бүлийнхэн маань мөнх бус амьдралын өмнөх дэлхийд байхдаа Аврагчийг аль хэдийн сонгосон байсан гэдгийг санаарай. Заримдаа тэдэнд ийм ариун мэдрэмж нь ахин сэргэдэг. Эцсийн эцэст, Их Эзэнийг хайрлах, дагах гэсэн сонголт тэднийх л байх ёстой.

Шавь нарын хайраа үзүүлдэг өөр нэг арга зам бол Аврагчийг хайрлах хайр юм. Их Эзэнд халамжлагч болон үйлчилж байгаа бүх хүнд өнөөдөр хүндэтгэл үзүүлж байна. Их Эзэн та нарт хэчнээн их хайртай гээч! Та нар чимээгүйхэн, зарлаж тунхаглахгүй үйлчлэл хийж байхдаа “нууцыг хардаг Эцэг тань, өөрөө чамайг илээр шагнах болно”14 хэмээн амласан Түүнийг дагаж байдаг.

Би эхнэр нь Алцхэймэрийн өвчнөөр өвдсөн хөршийнхээ тухай боддог юм. Тэрээр ням гараг бүр Сүмийн цуглаандаа оролцох гэж эхнэрээ хувцаслан, үсийг нь самнаж, оо энгэсэг түрхэн, ээмгийг нь зүүж өгдөг байв. Энэхүү үйлчлэлээрээ тэр манай тойргийн эрэгтэй, эмэгтэй бүх хүнд үлгэр жишээ болсон юм. Нэг өдөр эхнэр нь түүнд “би нөхрөө дахин нэг хараад, хамт байхыг хүсэж байна” гэж хэлжээ.

Хөрш маань “Би нөхөр чинь байна шүү дээ” гэхэд

эхнэр нь “Өө, ямар сайн юм бэ!” гэж уян зөөлнөөр хариулжээ.

Миний амьдрал дахь ер бусын халамжлагч, надад өгсөн Аврагчийн онцгой нэгэн шавь, миний мөнхийн хань Мэри минь гэдгийг хүлээн зөвшөөрөхгүйгээр халамж тавих тухай ярих боломжгүй юм. Тэр эмэгтэй энэрэл шингэсэн халамж, хайранд бүхнээ өгсөн. Түүний гар Аврагчийн зөөлөн, дэмжих мутар шиг байсан. Тэр минь байгаагүй бол би энд байхгүй байх байсан.

Хэрэв та ганцаараа зовж шаналж байгаа бол Аврагчийг өөрийн халамжлагчаа болгоорой хэмээн шавдуулж байна. Түүний өгөөмөр мутрыг түш.15 Түүний “Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар руу ирнэ”16 хэмээн айлдсан баттай амлалтыг хүлээн ав.

Ах, эгч нар аа, та нар Хуучин Гэрээний арга замаас Шинэ Гэрээний арга зам руу эргээгүй бол ийнхүү эргэцгээе. Бид эгэл хүний зүрх сэтгэл дэх уур хилэнгийн дайнаас татгалзаж, Христийн халамж, хайр, энх тайвныг тунхагла.17

Хэрэв “та нар Бурханы алдар суугийн мэдлэгт ирсэн шиг”18 “дэлхийн үүслээс бэлтгэгдсэн тэрхүү цагаатгал”19 “бие биенээ гомдоох биш, харин амар амгалангаар амьдрах … хүүхдүүдээ тэвчихгүй Бурханы хуулиудыг зөрчихийг, мөн нэг нэгэнтэйгээ байлдан мөн тэмцэх … харин … бие биенээ хайрлах, мөн нэг нэгэндээ үйлчлэхийг та нар заах болно.”20

Аврагч цовдлогдохынхоо яг өмнө шавь нартаа “Би та нарт бие биеэ хайрлагтун. Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун гэсэн шинэ тушаал өгч байна,”21 “Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь”22 хэмээн заажээ.

Торвалдсэний Христ хэмээх баримлын байдал төрх биднийг гэх Аврагчийн үнэн сэтгэлийг харуулсан гэдгийг би гэрчилж байна. Тэрээр мутраа дэлгээд, “Ирээд, Намайг дага”23  хэмээн урьсан. Бид нэг нэгнээ хайрлаж, бие биендээ үйлчлэн, Түүний тушаалуудыг сахиснаар Түүнийг дагаж байдаг.

Тэр амьд, Тэр биднийг төгс хайраар хайрладаг гэсэн онцгой гэрчлэлийг хуваалцаж байна. Энэ Сүм Түүний Сүм. Томас С.Монсон өнөөдрийн энэ дэлхий дээрх Түүний бошиглогч. Бид Тэнгэрлэг Эцэгийг болон Түүний Хүүг илүү хайрлан, бага зовж шаналах болтугай хэмээн залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.