2010–2019
Дөрөвдүгээр давхрын сүүлчийн хаалга
2016 оны 10-р сар


Дөрөвдүгээр давхрын сүүлчийн хаалга

Бурхан Өөрийг нь хичээнгүйлэн хайдаг тэднийг адисалдаг. Тиймээс бид тогшсоор байх хэрэгтэй. Эгч нар аа, бүү бууж өг. Бурханыг бүхий л сэтгэл зүрхээрээ эрэлхийл.

Хайр эгч нар аа, найз нөхөд өө, хайрт бошиглогч, Ерөнхийлөгч Томас С.Монсоны удирдлага, чиглүүлэг доор энэхүү дэлхий даяарх чуулганд цуглаад байгаа бид ямар адислагдсан хүмүүс вэ. Ерөнхийлөгч өө, бид танд хайртай мөн таныг дэмждэг шүү! Та Сүмийн эгч нарыг хайрладаг гэдгийг бид мэднэ.

Би Сүмийн эгч нарт зориулсан ерөнхий чуулганы энэ хуралдаанд оролцох дуртай.

Эгч нар аа, та нарыг харахдаа би амьдралд маань чухал нөлөө үзүүлсэн эмэгтэйчүүдийн талаар бодохгүй байж чаддаггүй. Эмээ, ээж хоёр маань Сүмд ирж, Сүм гэж яг юу болохыг мэдэх урилгыг хүлээн авсан анхны хүмүүс юм.1 Мөн анхны харцаар дурласан хайрт эхнэр Харрит минь бас байгаа. Харритын ээж нөхрөө хорт хавдраар алдсаны дараахан Сүмд нэгдсэн билээ. Мөн миний эгч, охин, ач зээ, ачинцар зээнцэр охид маань бүгд надад цэвэршүүлэгч нөлөөг үзүүлсэн юм. Тэд үнэхээр миний амьдралд гэрэл гэгээг авчирдаг юм. Тэд надад илүү сайн эр хүн, илүү мэдрэмтгий Сүмийн удирдагч болох урам зориг өгдөг. Тэдэнгүйгээр миний амьдрал ямар өөр байх байсан бол!

Гэхдээ тэдний үзүүлсэн нөлөөг та нарын адил Сүмийн олон сая итгэлтэй эмэгтэй өөрийн ур чадвар, авьяас, ухаан, гэрчлэлээрээ дамжуулан үзүүлсэн гэдгийг мэдэх нь намайг хамгийн ихээр даруусгадаг юм.

Та нарын зарим нь ийм магтаалын үг сонсох эрхгүй, өөрийгөө бусдын амьдралд утга учир бүхий нөлөө үзүүлэхүйц чухал хүн биш гэж бодож байж магадгүй. Тэр байтугай та эргэлзээ, айдсаасаа болж өөрийгөө “итгэлтэй эмэгтэй” хэмээн үзэхгүй байж болно.

Өнөөдөр би ийм мэдрэмж төрж байсан хүн бүрд хандан үг хэлэх гэсэн юм. Магадгүй хэзээ нэгэн цагт ийнхүү бодож байсан бол бид ч гэсэн тэдний тоонд орох байх. Би итгэлийн талаар, энэ нь юуг хийж чадах, юуг хийж чадахгүй, мөн үүний хүчийг амьдралдаа идэвхжүүлэхийн тулд бид юу хийх ёстой талаар ярихыг хүсэж байна.

Итгэл гэж юу вэ?

Итгэл гэдэг нь ямар нэгэн итгэдэг зүйлийнхээ талаар хүчтэй итгэл үнэмшилтэй байхыг хэлдэг. Энэ нь өөр нөхцөл байдалд хийхгүй байх байсан тийм зүйлийг хийх хүслийг төрүүлдэг тэрхүү хүчтэй итгэл үнэмшил юм. “Итгэл бол бидний найддаг зүйлсийн бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн.”2

Энэ нь итгэдэг хүмүүст ойлгомжтой байдаг ч ихэнх итгэлгүй хүмүүст ойлгомжгүй санагддаг. Тэд толгойгоо сэгсрэн, “Хүн яаж харж чадахгүй байгаа зүйлдээ итгэж болох вэ?” гэж асуудаг. Тэдний хувьд энэ нь шашин шүтлэг эрүүл ухаантай авцалдахгүй болохын нотолгоо болдог.

Тэд нүднээс гадна өөр олон арга замаар харах боломжтой гэдгийг ойлгодоггүй. Түүнчлэн гараараа мэдэрч, чихээрээ сонсохоос өөр олон арга замаар мэдэрч, сонсох боломжтой.

Энэ нь эмээтэйгээ хамт явсан нэгэн охины түүхтэй адилхан юм. Шувуудын жиргээ бяцхан охинд гайхалтай сайхан байсан бөгөөд тэр гарч буй дуу авиа бүрийг эмээдээ хэлж байлаа.

Бяцхан охин “Та үүнийг сонсов уу?” хэмээн ахин дахин асууж байв. Харин эмээ нь сонсгол муутай тул дуу авиа бүрийг сайн сонсохгүй байлаа.

Эцэст нь эмээ өвдөглөж суугаад, “Хонгорхон охин минь, уучлаарай. Эмээ нь сайн сонсохгүй байна” гэж хэллээ.

Бяцхан охин бухимдан эмээгийнхээ хацрыг гараараа эргүүлэн, нүд рүү нь цоо ширтэн, “Эмээ, сайн сонсооч дээ!” гэжээ.

Энэ түүхэнд итгэгч, үл итгэгч хоёрын аль алинд нь зориулсан сургамж бий. Бид ямар нэгэн зүйл сонсохгүй байна гэдэг нь сонсох зүйл байхгүй гэсэн үг биш. Хоёр хүн яг ижил захиасыг сонсоод эсвэл яг ижил судрыг уншихад нэг нь Сүнсийг мэдэрч байхад нөгөө нь мэдрэхгүй байх тохиолдол бий.

Нөгөө талаас, хайртай хүмүүстээ Сүнсний дуу хоолой болон Есүс Христийн сайн мэдээ хэчнээн өргөн цар хүрээтэй, мөнхийн, гүн гүнзгий болохыг мэдрэхэд нь туслахын тулд тэдэнд “сайн сонс” гэж хэлэх нь хамгийн оновчтой арга биш байж болох юм.

Магадгүй өөр байдлаар сонс гэсэн зөвлөгөө нь итгэлээ өсгөн нэмэгдүүлэхийг хүсэж байгаа хүн бүрд өгч болох хамгийн сайн зөвлөгөө байж болно. Төлөөлөгч Паул зөвхөн чихэнд сонсогдох биш харин сүнсэнд хэлэх дуу хоолойг эрэлхийлэхийг бидэнд зөвлөсөн. Тэрээр “Харин төрөлх хүн Бурханы Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Учир нь тийм хүнд эдгээр нь мунхаг явдал бөгөөд эдгээрийг ойлгож чадахгүй. Яагаад гэвэл эдгээр нь сүнслэгээр үзэгддэг”3 хэмээн заасан байдаг. Эсвэл бид Сэйнт Эксуперугийн бяцхан ханхүүгийн “Аливаа чухал зүйлс нүдэнд харагддаггүй. Хүн зөвхөн зүрх сэтгэлээрээ л тодорхой харж чаддаг”4 гэсэн үгийг бодож үзэх хэрэгтэй байж болно.

Итгэлийн хүч хийгээд хязгаар

Заримдаа биет ертөнцөд амьдарч байхад сүнслэг зүйлсэд итгэх итгэлийг хөгжүүлэх нь тийм ч амар байдаггүй. Гэхдээ итгэлийн хүч амьдралд гүн гүнзгий нөлөө үзүүлж болох тул хичээл зүтгэл гаргах нь зүйтэй. Судрууд нь бидэнд итгэлээр ертөнцийг бүтээж, усыг хувааж, үхсэнийг босгож, гол мөрөн, уулсыг нүүлгэж байсан тухай заадаг.5

Гэхдээ зарим хүн “Итгэл тийм хүчтэй юм бол яагаад би чин сэтгэлээсээ өргөсөн залбирлынхаа хариуг авахгүй байгаа юм бэ? Надад тэнгисийг хувааж, уулыг хөдөлгөх шаардлага байхгүй. Надад зөвхөн өвчинг маань эдгээж, эцэг эх минь нэг нэгнийгээ уучилж, мөнхийн хамтрагч маань нэг гартаа баглаа цэцэгтэй, нөгөө гартаа сүү тавих бөгжтэй хаалган дээр ирэхэд л хангалттай. Яагаад миний итгэл үүнийг хийж чадахгүй байна вэ?” гэж асууж магадгүй.

Итгэл бол хүчтэй бөгөөд ихэнхдээ гайхамшигийг авчирдаг. Гэхдээ итгэл хэчнээн их байсан ч хоёр зүйлийг хийж чадахгүй. Үүнд нэгдүгээрт, итгэл нь хэн нэгний чөлөөт сонголтын эсрэг зүйлийг хийж чадахгүй.

Нэгэн эмэгтэй олон жилийн турш буруу замаар явсан охиноо Христийн сүрэгт эргэн ирээсэй хэмээн залбирсан ч залбирлынх нь хариу ирэхгүй байгаа юм шиг санагдаад урам нь хугарсан байна. Өөр үрэлгэн хүүхдүүд нүглээ наманчилсан түүхийг сонсох нь түүнд бүр ч хэцүү байдаг байв.

Асуудал нь хангалтгүй залбирал эсвэл дутуу итгэлээс болоогүй юм. Хэдийгээр энэ нь Тэнгэр дэх Эцэгт хэцүү байсан ч Тэрээр ямар ч хүнээр зөв шударга байдлыг хүч тулган сонгуулахгүй гэдгийг тэр эмэгтэй ойлгох хэрэгтэй байсан. Бурхан мөнх бус байдлын өмнөх дэлхийд хүүхдүүдээ Өөрийг нь дага гэж хүчлээгүй. Энэ мөнх бус дэлхий дээрх аян замын явцад биднийг хүчлэх нь юу л бол?

Бурхан урина бас ятгана. Бурхан хайр, сүнсний өдөөлт, урам зориг өгөх замаар бидэнд эцэж цуцалтгүй тусламжийн гараа сунгасаар байх болно. Бидний мөнхийн өсөлт хөгжилд зориулсан агуу төлөвлөгөөг үгүйсгэх учраас Тэр хэзээ ч хүчилж тулгахгүй.

Хоёрдугаарт, итгэл нь бидний хүслийг Бурханд тулгаж чадахгүй. Бид хэдийн зөв гэж бодож эсвэл чин сэтгэлээсээ залбирсан ч гэлээ өөрсдийн хүслийг Бурханд хүчээр тулган биелүүлэх боломжгүй. Паул “махан биед минь өргөс” хэмээн нэрлэсэн хувийн асуудлыг нь шийдэж өгөхийг Их Эзэнээс удаа дараа гуйж залбирсан түүхийн талаар бодож үзнэ үү. Гэхдээ энэ нь Бурханы хүсэл байсангүй. Эцэст нь уг асуудал адислал байсныг Паул ойлгож, залбирлыг нь өөрийнх нь найдан хүлээж байснаар хариулаагүйд Бурханд талархдаг.6

Найдвар ба итгэл

Итгэлийн зорилго бол Бурханы хүслийг өөрчлөхөд биш харин Бурханы хүслийн дагуу үйлдэх хүчийг бидэнд өгөх явдал юм. Итгэл нь бид Бурханы хардаг зүйлийг хардаггүй7 мөн Тэрээр бидний мэдэхгүй зүйлийг мэддэг гэдэгт итгэхийг хэлнэ. Заримдаа зөвхөн өөрсдийнхөө алсын хараа, үзэл бодолд найдах нь хангалтгүй байдаг.

Би үүнийг онгоцны нисгэгч байхдаа өтгөн манан, үүлсийн дундуур нисэж, өмнөх хэдхэн тохой газрыг л харах боломжтой байхдаа сурсан юм. Би тэр үед хаана, хаашаа явж байгааг заадаг төхөөрөмждөө найдаж, агаарын хөдөлгөөний хянагчийн үгийг сонсох хэрэгтэй байсан. Би надаас илүү нарийн тодорхой мэдээлэлтэй байгаа хэн нэгний удирдамжийг дагах ёстой байсан. Харж чадахгүй ч итгэж сурах шаардлагатай байсан хэн нэгнийг. Миний харж чадаагүй зүйлийг харж чадаж байсан түүнийг дагах ёстой байсан. Би зорьсон газартаа аюулгүй газардахын тулд итгэж найдан, үйлдэх ёстой байсан.

Итгэл гэдэг нь Бурханы мэргэн ухаанаас гадна Түүний хайранд найдахыг хэлнэ. Энэ нь Бурхан биднийг төгс хайрладаг бөгөөд Түүний хийдэг бүх зүйл, түр зуур хойшлуулсан адислал бүр нь бидний мөнхийн аз жаргалын төлөө гэдэгт итгэж найдахыг хэлнэ.8

Ийм итгэлтэй байвал хэдийгээр яагаад зарим зүйлс тохиолдож эсвэл зарим залбирлын хариулт ирдэггүй болохыг бид ойлгохгүй байсан ч гэлээ бид эцэст нь бүх зүйлийн утга учрыг олж мэдэх болно. “Бурханыг хайрладаг … хүмүүст тохиолддог бүхий л зүйл эцэстээ тэдний сайн сайхны төлөө [хийгдэнэ].”9

Бүх зүйл зөв гольдрилдоо орж, бүх зүйл сайхан болох болно.

Бид хариултаа авна гэдэгт итгэж, авсан хариултдаа сэтгэл хангалуун байгаад зогсохгүй Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүүхдүүд болох бидэнд үзүүлж байгаа ач ивээл, энэрэл, өгөөмөр зан, хайранд баярлах нь гарцаагүй.

Үргэлжлүүлэн тогшсоор бай

Тэр цаг үе болтол бид итгэл маань хэр их байхаас үл хамааран10 түүнийгээ хөгжүүлэхийг эрэлхийлэх хэрэгтэй. Энэ нь заримдаа тийм ч амархан даалгавар байдаггүй. Хурдан залхдаг, тэвчээргүй, үнэнч бус, хэнэггүй хүмүүст итгэл нь ойлгоход бэрх зүйл байж болох юм. Урам нь амархан хугарч, анхаарал нь сарнидаг хүмүүс итгэлийг мэдрэх нь ховор. Итгэл нь даруу, хичээнгүй, тэвчээртэй хүмүүст өгөгддөг.

Мөн энэ нь итгэлтэй байхын үнэ цэнийг төлсөн хүмүүст ирдэг.

Ийм итгэлийг хөрвөгчийн баптисм цөөхөн Европын нэгэн бүсэд үйлчилж байсан хоёр залуу номлогчийн түүх харуулсан юм. Юу ч хийсэн сүртэй хувь нэмэр оруулж чадахгүй гэж тэдэнд бодогдсон нь ойлгомжтой.

Гэхдээ тэр хоёр номлогчид итгэл байсан бөгөөд хариуцлагатай байсан. Тэд захиасыг нь ямар ч хүн сонсохгүй байгаа нь зөвхөн хичээл зүтгэлээ бүрэн дүүрэн дайчлаагүйн үр дүн гэсэн хандлагатай байв.

Нэгэн өдөр тэд сайхан засаж янзалсан, дөрвөн давхар байрны оршин суугчидтай ярилцах мэдрэмжийг хүлээн авчээ. Тэд нэг давхраас эхлээд хаалга бүрийг тогшиж, Есүс Христийн болон Түүний Сүмийн сэргээлтийн талаарх авралын захиасаа танилцуулж эхлэв.

Зураг
Угдорф эгчийн хүүхэд насандаа амьдарч байсан байшин

Нэгдүгээр давхраас хэн ч тэдний үгийг сонссонгүй.

Тэдэнд “Бид хичээлээ. Ингээд дуусгая. Өөр байр руу явцгаая” гэж хэлэх ямар амархан байх байсан бол.

Гэхдээ тэр хоёр номлогч итгэлтэй байж, хөдөлмөрлөх хүсэлтэй байсан учраас хоёрдугаар давхрын хаалга бүрийг тогшив.

Бас л хэн ч тэдний үгийг сонссонгүй.

Гуравдугаар давхарт ч гэсэн, дөрөвдүгээр давхрын хамгийн сүүлчийн хаалгыг тогших хүртэл тэдний үгийг хэн ч сонссонгүй гэнэ.

Харин сүүлчийн хаалга нээгдэхэд нэгэн залуу бүсгүй тэдэн рүү инээмсэглээд, ээжтэйгээ ярилцаж байх хооронд түр зуур хүлээхийг тэднээс хүссэн байна.

Түүний ээж нь 36-хан насандаа нөхрөө алдсан байжээ. Түүнд Мормон номлогчидтой ярилцах хүсэл байхгүй байсан учраас тэднийг явуул гэж охиндоо хэлжээ.

Харин охин нь ээжээсээ гуйж, сайн залуучууд байна, хэдхэн хором л ярилцъя гэж хэлж гэнэ.

Ээж нь дурамжхан гэгч зөвшөөрчээ. Номлогчид захиасаа хуваалцаад, Мормоны Номыг уншина уу хэмээн ээжид нь өгөв.

Тэднийг явсны дараа ээж нь ядаж хэдэн хуудас ч гэсэн уншаад үзье гэж шийджээ.

Харин ээж нь хэдхэн хоногийн дотор номыг бүхэлд нь уншиж дууссан байна.

Зураг
Угдорф эгчийн гэр бүл номлогчидтой хамт

Удалгүй энэхүү гайхалтай ээж, гэр бүлийнхээ хамт баптисм хүртсэн юм.

Цөөхөн гишүүнтэй уг гэр бүл Франкфурт дахь харьяа салбартаа очиход нэгэн залуу дикон нэг охиных нь гоо үзэсгэлэнг хараад, “Энэ номлогчид ажлаа сайн хийж байна шүү!” гэж дотроо боджээ.

Тэр залуу диконы нэрийг Дийтр Угдорф гэдэг байв. Ээжээсээ номлогчдын үгийг сонс хэмээн гуйсан тэр сэтгэл булаам, залуухан, эмэгтэй Харриет хэмээх чихэнд чимэгтэй нэртэй байсан юм. Одоо тэр маань надтай аялахдаа, уулзсан хүн бүрийн хайрыг татдаг. Тэрээр сайн мэдээг хайрлах хайраараа мөн гайхамшигтай зан чанараараа олон хүний амьдралыг адисалсан. Тэр үнэхээр миний амьдралын гэрэл гэгээ юм.

Зураг
Угдорф эгч Норвегид үг хэлж байгаа нь

Эхний хаалганаас буцаагүй тэр хоёр номлогчид би зүрх сэтгэлийнхээ угаас ямар олон удаа баярладаг гээч! Миний зүрх сэтгэл тэдний итгэл, хөдөлмөрт ямар их талархалтай байдаг гээч. Тэд дөрөвдүгээр давхрын сүүлчийн хаалга хүртэл цуцалтгүй явсанд нь би хэчнээн их талархдаг гээч!

Энэ хаалга та нарт ч бас нээгдэх болно

Бүгдээрээ тууштай итгэлийг эрэлхийлэн, Бурхан болон Түүний зорилгуудыг эрэлхйилэх аян замынхаа явцад “Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ”11 хэмээх Их Эзэний амлалтыг санацгаая.

Бид ганц хоёрхон хаалга тогшоод, ганц хоёрхон давхраар явангуутаа бууж өгөх үү?

Эсвэл дөрөвдүгээр давхрын хамгийн сүүлчийн хаалга хүртэл хайж эрэлхийлэх үү?

Хэдийгээр Бурхан “Өөрийг нь хайгч хүмүүст Тэр Шагнагч нь болдог”12 ч гэлээ шагнал нь ихэнхдээ эхний хаалганы цаана байдаггүй. Тиймээс бид үргэлжлүүлэн тогших хэрэгтэй. Эгч нар аа, бүү бууж өг. Бурханыг бүхий л сэтгэл зүрхээрээ эрэлхийл. Итгэлээ хөгжүүлэн, зөв шударга амьдар.

Хэрэв та энэ бүхнийг хамгийн дээд давхрын сүүлчийн хаалга хүртэл хийж чадах юм бол эрэлхийлж буй тэр хариугаа хүлээн авна гэдгийг би амлаж байна. Та итгэлийг олж авах болно. Та нэг л өдөр “төгс өдрийг хүртэл улам улам хурц болон өсдөг”13 тэр гэрлээр дүүрсэн байна.

Христэд итгэгч хайрт эгч нар аа, Бурхан үнэхээр байдаг.

Тэр амьд.

Тэр та нарт хайртай.

Таныг хэн болохыг мэддэг.

Тэр бас та нарыг ойлгодог.

Та нарын зүрх сэтгэл доторх гуйлтыг тань мэднэ.

Тэр таныг хаяагүй.

Тэр таныг орхихгүй.

Та нар энэхүү гайхамшигт үнэнийг оюун ухаан, зүрх сэтгэлдээ мэдрэх болно гэдэг гэрчлэлээ мөн төлөөлөгчийн адислалаа би хүн нэг бүрд үлдээж байна. Хайрт найзууд минь, хайрт эгч нар аа, итгэлтэй амьдарцгаая. Бидний Бурхан Эзэн та бүхнийг хэдэн мянга дахин өсгөж, амласныхаа дагуу адислах болно.14

Би та бүхэнд итгэл, найдвар мөн энэ ажил бол Бурханы ажил хэмээх гуйвшгүй, тодорхой гэрчлэлээ үлдээж байна. Бидний хайрт Аврагч, Есүс Христийн нэрээр, амен.