2010–2019
Би гэр орондоо сайн мэдээний гэрлийг авчирна
2016 оны 10-р сар


Би гэр орондоо сайн мэдээний гэрлийг авчирна

Бид бусдын эерэг талыг харж чадвал гэр орон, сургууль, ажил дээрээ сайн мэдээний гэрлийг авчирч чадна.

Линда К.Бөртон эгчийн 4-р сарын Ерөнхий чуулган1 дээр өгсөн урилгын хариуд та нараас олон нь орон нутгийнхаа дүрвэгчдийн хэрэгцээг хангах энэрлийн өгөөмөр бөгөөд ухаалаг үйлсэд оролцсон байна. Энгийн бөгөөд нэг нэгнээ гэсэн хичээл зүтгэлээс эхлээд нийгмийг өргөн хамарсан хөтөлбөр хүртэлх эдгээр үйлдэл хайрын үр дүн юм. Цаг зав, авьяас чадвар, нөөц бололцоогоо хуваалцах үед та нарын болон дүрвэгчдийн зүрх сэтгэл баяр талархлаар дүүрдэг билээ. Жинхэнэ энэрлийн үр дүнд өгөгч, авагчийн хооронд найдвар, итгэл мөн илүү агуу хайр үүсэх нь гарцаагүй юм.

Бошиглогч Моронай энэрэл бол селестиел хаант улсад Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт амьдрах хүмүүст байвал зохих хамгийн чухал зан чанар хэмээн хэлжээ. Тэрээр “Мөн та нар энэрэлтэй байхгүй аваас Бурханы хаант улсад та нар яав ч аврагдаж чадахгүй”2 хэмээн бичсэн.

Мэдээж, Есүс Христ бол энэрлийн төгс үлгэр жишээ. Мөнх бус амьдралын өмнөх дэлхийд бидний Аврагч болохоор Өөрийн биеийг тахил болгон өргөж, мөнх бус амьдралынхаа туршид бусдад үйлчлэн, Цагаатгалын тэнгэрлэг бэлгийг өгч, биднийг Тэнгэрлэг Эцэг рүү минь аваачихын тулд үргэлж хичээл зүтгэл гаргадаг байсан зэрэг нь бүгд энэрлийн туйлын илэрхийлэл юм. Тэрээр ганцхан зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэн ажилладаг байсан нь бидний хүн нэг бүрийг хайрласнаар Эцэгтээ хайртайгаа харуулсан явдал байв. Есүсээс аль нь хамгийн агуу тушаал болохыг асуухад:

“Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла.

Энэ бол агуу нь бөгөөд хамгийн чухал тушаал мөн.

Удаах нь Чи хөршөө өөрийн адил хайрла”3 хэмээн хариулсан.

Хөршөө хайрлах хайраа хөгжүүлж, харуулах хамгийн чухал арга замуудын нэг бол бодол санаа, үг хэлээрээ өгөөмөр байх явдал юм. Хэдэн жилийн өмнө дотны нэгэн анд маань “Энэрлийн хамгийн агуу хэлбэр бол шүүхээ болих явдал”4 хэмээн хэлж билээ. Энэ нь өнөөдөр ч үнэн үг хэвээр байна.

Саяхан гурван настай Алисса ах, эгч, дүү нартайгаа кино үзээд, “Ээж ээ, тэр ямар сонин тахиа вэ!” хэмээн гайхсан маягтай хэлжээ.

Ээж нь дэлгэц рүү хараад, инээмсэглэн, “Эвий охин минь дээ, энэ чинь тогос л байна шүү дээ” гэв.

Юугаа ч мэдэхгүй гуравхан настай тэр охин шиг бид ч бас заримдаа бусдыг өнгөц буюу буруу ойлгосон нүдээр хардаг. Бид эргэн тойрныхоо хүмүүсийн өөрсдөөсөө ялгаатай, дутагдалтай талуудад анхаарлаа хандуулдаг байж болох ч Тэнгэрлэг Эцэг маань хүүхдүүдээ Өөрийнхөө мөнхийн дүр төрхөөр бүтээгдсэн, гайхамшигтай бөгөөд алдар суут чадавхтай гэж хардаг.

Ерөнхийлөгч Жэймс И.Фауст “Нас ахихын хэрээр шүүмжлэх маань багассан”5 гэж хэлжээ. Энэ нь төлөөлөгч Паулын:

“Би хүүхэд байхдаа хүүхэд шиг ярьж, бодож, сэтгэдэг байлаа. Харин би [эрийн цээнд] хүрээд, хүүхэд зангаа орхисон.

Учир нь бид одоо толинд л бүдэг бадаг хардаг хэдий ч дараа нь нүүр нүүрээ харах өдөр ирнэ. Тухайлбал би одоо хэсэгхэнийг нь мэддэг ч өөрийгөө бүрэн мэдэгдсэн шиг дараа нь бүгдийг бүрэн мэдэх болно”6 хэмээх үгийг надад сануулдаг.

Бид төгс бус байдлаа илүү тодорхой харж чадвал бусдыг “шилний цаанаас бүдэг бадаг” харах нь багасдаг. Бусдыг Аврагчийн адил өрөвч сэтгэл, итгэл найдвар, хайр энэрлээр харахын тулд бидэнд сайн мэдээний гэрэл хэрэгтэй. Бид бусдын зүрх сэтгэлийг бүрэн ойлгодог болж, энэ амьдралын туршид тэдний талаар энэрэнгүй сэтгэлээр бодож, ярьсныхаа хариуд нигүүлслийг хүлээн авсандаа талархах өдөр ирэх болно.

Хэдэн жилийн өмнө би хэсэг залуу эмэгтэйтэй хамт каноэ завиар аялсан юм. Өтгөн ногоон ой бүхий дов толгод, чулуурхаг хадаар хүрээлэгдсэн гүн хөх нуур сэтгэл татам үзэсгэлэнтэй байв. Цэвэр тунгалаг усанд залуураа дүрэх үед ус гялтганан мэлтийж, нуураар аажуухан явах үед нар дулаахан ээж байлаа.

Гэхдээ тун удалгүй тэнгэрт үүл харанхуйлан бүрхэж, ширүүн салхи дэгдэв. Юу ч болсон бай, цааш явахын тулд сэлүүрээ усанд илүү гүнзгий дүрэн, зогсолтгүй сэлүүрдэх хэрэгтэй болов. Бид нэлээн хэдэн цаг хөлсөө дуслуулан, нуруугаа хөштөл зүтгэсний эцэст том нуурын тохой руу эргэхэд азаар салхи бидний явахыг хүсэж байсан зүг рүү үлээж байсныг мэдээд, хөөрөн баярлаж билээ.

Бид энэ боломжийг хурдхан ашигласан юм. Бид жижиг брезент гаргаж ирээд, хоёр үзүүрийг нь сэлүүрийнхээ бариулд, нөгөө хоёр үзүүрийг каноэгийн планшир дээгүүр унжуулсан нөхрийнхөө хөлөнд уяж бөхлөв. Орлуулан босгосон дарвуулыг маань салхи үлээж, бид ч хөдөллөө!

Өөр каноэд сууж байсан залуу эмэгтэйчүүд биднийг усаар хэрхэн түвэггүй явж байгааг хараад, хурдхан шиг өөр өөрсдийн дарвуулыг хийв. Тэр өдөр бид бэрхшээлтэй тулгарсан ч сэтгэл зүрх маань талархал, инээд хөөр, амар тайвнаар дүүрэн байсан юм.

Амьдралын сорилт бэрхшээлтэй нүүр тулах үед найзын чин сэтгэлийн магтаал, эцэг эхийн баяртай мэндчилгээ, ах дүүсийн зөвшөөрсөн дохио, хамт ажилладаг хүний эсвэл ангийн хүүхдийн сэтгэлийн дэм болсон инээмсэглэл бүгд тэр гайхамшигт салхины адил хэрхэн “дарвуулыг маань дэмнэх салхи” байж болох вэ! Энэ талаар ерөнхийлөгч Монсон: “Бид салхины зүг чигийг өөрчилж чадахгүй ч завиа салхинд тааруулан жолоодож чадна. Бид дээд зэргийн аз жаргал, амар амгалан, сэтгэл хангалуун байдлыг мэдрэхийн тулд бүх зүйлд эерэг ханддаг байхыг сонгодог байгаасай”7 хэмээн хэлсэн.

Үгэнд сэтгэлийн дэм өгөх, сэтгэл санаагаар унагаах гэсэн гайхмаар хоёр хүч аль аль нь байдаг. Бид бүгд сэтгэлээр унагах сөрөг үгс, сэтгэл сэргээх хайрын үгсийн аль алиныг мартдаггүй болов уу. Эргэн тойрныхондоо ч, тэдний талаар ярихдаа ч зөвхөн эерэг үг хэлдэг байх нь тэднийг дэмжин, хүчирхэгжүүлж, Аврагчийн замаар даган явахад нь тусалдаг.

Зураг
“Би гэр орондоо сайн мэдээний гэрлийг авчирна” хатгамал

Би Хүүхдийн хэсгийн охин байхдаа “Би гэр орондоо сайн мэдээний гэрлийг авчирна” гэсэн энгийн үгийг хэрээслэн хатгаж оёх гэж ихэд хичээж билээ. Нэгэн өдөр, үдээс хойш би хэдэн охинтой хамт юмаа оёж суутал багш маань хөндийн нэг талд байх толгод дээр амьдардаг охины түүхийг ярьж өгсөн юм. Тэр охин өдөр бүр, нар хэвийх үед хөндийн эсрэг талын толгод дээрх гялалзсан, алтан шаргал цонхтой байшинг хардаг байжээ. Өөрийнх нь байшин жижигхэн, хуучирсан байсан бөгөөд охин тэр алтан цонхтой үзэсгэлэнтэй байшинд амьдрахыг мөрөөддөг байв.

Нэг өдөр охинд хөндийгөөр дугуйтай явахыг зөвшөөрчээ. Охин дугуйгаа яаран унаж, эртнээс бишрэн хардаг байсан алтан цонхтой байшин руугаа очиж гэнэ. Харин охин дугуйнаасаа буугаад хартал байшин эзгүй бөгөөд хуучирч нурсан, хашаанд нь өндөр зэрлэг өвс ургасан, цонх нь энгийн, халтартсан байв. Охин харамсангуй гэрийнхээ зүг харжээ. Гайхалтай нь, тэр хөндийн нөгөө талд байх толгод дээр гялалзсан алтан цонхтой байшин байгааг харсан бөгөөд уг байшин өөрийнх нь гэр болохыг удалгүй ухаарсан байна.8

Заримдаа бид энэ охин шиг бусдыг болон тэдэнд байгаа зүйлийг хараад, өөрсдийгөө тэдэнтэй харьцуулан, өчүүхэн бага хэмээн боддог. Бид амьдралын Пинтэрэст юм уу Инстаграм дээрх хувилбарт анхаарлаа хандуулж эсвэл сургууль, ажил дээрх өрсөлдөөндөө автсан байдаг. Гэхдээ бид цаг зав гарган, “адислал бүр[ээ] тоолбол”9 аливааг илүү бодитой хардаг болж, Бурхан бүх хүүхдэдээ хэчнээн нинжин сэтгэлээр ханддаг болохыг ухааран ойлгодог.

Бид наймтай, аль эсвэл зуун найман настай аль нь байх нь хамаагүй, Манхэттэний тэнгэр баганадсан өндөр байшин, Малайзын модон хөлтэй урц, Монголын эсгий гэр гээд ямар ч орчинд амьдарч байсан бай тэндээ сайн мэдээний гэрлийг авчрах боломжтой. Бид бусдаас болон хүрээлэн буй нөхцөл байдлаасаа сайн сайхныг олж харна гэдэгтээ шийдвэр төгс байж чадна. Газар бүрийн хөгшин, залуу эмэгтэй хүн бүр бусдад өөртөө итгэх итгэл, шүтлэг бишрэлийг нь өдөөх үгийг хэлснээр энэрлээ үзүүлж чадна.

Ахлагч Жэффри Р.Холланд сургуульд байхдаа үе тэнгийнхнийхээ доог тохуу болж, дээрэлхүүлдэг байсан нэгэн залуугийн түүхийг ярьж байсан. Цаг хугацаа өнгөрч, уг залуу өөр газар руу нүүн мөн армид алба хааж, боловсрол эзэмшин, Сүмдээ ч идэвхтэй болсон байна. Амьдралынх нь энэ үе гайхамшигтай амжилтаар дүүрэн байжээ.

Хэдэн жилийн дараа тэр нутагтаа эргэж ирэв. Харин хүмүүс түүний өсөж хөгжин, дээшилснийг хүлээн зөвшөөрсөнгүй. Тэдний хувьд тэр урьдын л “нэг тиймхэн” залуу хэвээр байсан бөгөөд түүнтэй яг өмнөх шигээ харьцаж байв. Эцэст нь сайхь эрийн амжилттай явсан үе түүх болон өнгөрч, гайхалтай хөгжүүлж чадсан авьяас чадвараа өөрийг нь дахин дооглон тохуурхаж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүмүүсийг гэрэлтүүлэн адислахад ашиглаж чадаагүй юм.10 Энэ нь түүнд өөрт нь төдийгүй тэндхийн хүмүүсийн хувьд ч хэчнээн харамсалтай гарз хохирол байсан гээч!

Төлөөлөгч Петр “Юуны өмнө бие биеэ халуунаар хайрла. Учир нь хайр бол тоо томшгүй нүглийг далдалдаг юм”11 хэмээн заасан. Халуун хайр гэдэг нь “чин сэтгэлийн” гэсэн утгатай бөгөөд үүнийг өс хонзон санан, өмнөх буруу үйлдлийг өөртөө болон бусдад сануулахын оронд алдаж, төөрөлдсөнийг нь мартаж, уучилснаар харуулдаг.

Бид Аврагч Есүс Христтэй илүү адил болох гэж хичээж байх үедээ бүх хүний сайжирч дээшилсэн байдлыг хүлээн зөвшөөрөх нь бидний үүрэг хариуцлага хийгээд давуу эрх юм. Есүс Христийн Цагаатгалыг ухаарч ойлгон, амьдралдаа бодит өөрчлөлт хийж байгаа хүмүүсийн нүдэнд гэрэлтэх гэрлийг харах ямар сайхан гэж санана! Эхлээд баптисмын усанд, дараа нь ариун сүмийн хаалгаар орж байгаа хөрвөгчөө харахын баяр баяслыг мэдэрсэн номлогчид бол бусдад өөрчлөгдөх боломж олгон, урамшуулан дэмжсэний хариуд ирэх адислалын гэрч юм. Хаант улсад орох нь юу л бол доо гэж эргэлзмээр хөрвөгчдийг угтаж авч байсан гишүүд Их Эзэний хайрыг мэдрэхэд нь тэдэнд туслахдаа сэтгэлдээ баяр хөөрийг мэдэрдэг. Мөнхийн өсөлт хөгжил бол бодит зүйл гэдэг нь Есүс Христийн сайн мэдээний хамгийн сайхан захиас юм. Бидэнд илүү сайн болж, өөрчлөгдөх боломжийг олгохын сацуу цаашид улам бүр сайжран, эцсийн эцэст төгс болохыг уриалж, бүр зарлигласан.

Ерөнхийлөгч Toмас С.Монсон: “Та нар зуу зуун жижиг замаар бүгд энэрэл үзүүлдэг. … Бид бие биенээ шүүмжилж, өөлөхийн оронд амьдралыг туулах энэхүү аяндаа хамтран аялагчдадаа Христийн цэвэр хайрыг үзүүлээсэй. Хүн бүр тохиолдсон бүх бэрхшээлээ бүх л чадлаараа туулж байгаа гэдгийг бид мэдэж байгаасай. Мөн бид бие биендээ туслахаар чадах бүхнээ хийдэг байгаасай”12 хэмээн зөвлөсөн.

Энэрэл нь эерэг утгаараа тэвчээртэй, сайхан сэтгэлтэй, сэтгэл хангалуун байх гэсэн үг юм. Энэрэл нь бусдыг эн тэргүүнд тавьдаг, даруу, өөрөө өөрийгөө хянаж чаддаг, бусдаас сайн сайхныг олж хардаг, хэн нэгэн сайн, сайхан явахад баясдаг.13

Бид Сионы эгч нарын (ах нарын) хувьд “хамтдаа хөдөлмөрлөнө … [Аврагчийн] нэрээр … дэмжин адислахаар сайн сайхан, хүнлэг үйлс бүрийг хий[нэ]” хэмээн амлаж чадах уу?14 Бид бас хайр, үлэмж итгэл найдвараар бусдын сайн сайхныг олж харан, хүлээн зөвшөөрч, өсөж хөгжих боломжийг олгон, урамшуулан дэмжиж чадах уу? Түүнчлэн бид өөрсдийгөө үргэлжлүүлэн сайжруулахын зэрэгцээ бусдын амжилтад баясаж чадах уу?

Тийм ээ, хэрэв бид бусдын эерэг талыг харж, төгс бус байдалд нь ач холбогдол өгөхгүй байж чадвал гэр орон, сургууль, ажил дээрээ сайн мэдээний гэрлийг авчирч чадна. Би энэ төгс бус, заримдаа туйлын хүнд хэцүү дэлхийд гарцаагүй гэм нүгэл үйлдэх бидэнд Аврагч Есүс Христ маань боломж олгосон гэж бодохоор буюу наманчлалын талаар бодоод зүрх сэтгэл минь ямар их баяр талархлаар дүүрдэг гээч!

Бид Түүний төгс жишээг дагаж чадвал энэрлийн бэлгийг хүлээн авах бөгөөд энэ нь энэ амьдралд агуу баяр баясал, Тэнгэр дэх Эцэгтэйгээ хамт мөнхөд амьдрах амлагдсан адислалыг авчирна гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Линда К.Бөртон, “Намайг харь хүн байтал,” 2016 оны 4-р сар, 125–128.

  2. Моронай 10:21.

  3. Матай 22:37–39.

  4. Сандра Рожэрс, “Hearts Knit Together,” in Hearts Knit Together: 1995 оны Эмэгтэйчүүдийн нэгдсэн хуралдаан дээрх үг (1996), 7.

  5. Жэймс И.Фауст, Даллин  Х.Өүкс, “‘Judge Not’ and Judging,” Ensign, 1999 оны 8-р сар, 13.

  6. 1 Коринт 13:11–12.

  7. Томас С.Монсон, “Living the Abundant Life,” Лиахона, 2012 оны 1-р сар, 4.

  8. Лаура И.Ричардс, The Golden Windows: A Book of Fables for Young and Old (1903), 1–6-г үзнэ үү.

  9. “Адислал бүрээ тоол”, Сүмийн дуулал болон хүүхдийн дуу,, 8.

  10. Жэффри Р.Холланд, “The Best Is Yet to Be,” Лиахона, 2010 оны 1-р сар, 18–19.

  11. 1 Петр 4:8.

  12. Томас С.Монсосн, “Charity Never Faileth,” Лиахона, 2010 оны 11-р сар, 125.

  13. 1 Коринт 13:4–6-г үзнэ үү.

  14. “As Sisters in Zion,” Hymns, no. 309; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн.