2010–2019
Та мартахгүйн тулд
2016 оны 10-р сар


Та мартахгүйн тулд

Би та нарыг Сүнсийг мэдэрч байсан болон хүчтэй гэрчлэлтэй байсан үе, тавьсан сүнслэг үндэс суурь зэргээ ялангуяа асуудалтай тулгарсан үедээ дурсан санаарай гэж тэдэнд уриалж байсантай адил одоо ч бас урья.

Өдрийн мэнд, хайрт ах, эгч нар аа. Бид энэ чуулганы үеэр хэчнээн их адислагдаж байна вэ. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн болоод өнгөрүүлсэн энэхүү анхны жил маань намайг ихэд даруусгалаа. Энэ нь чадлыг маань сорьж, намайг өсгөж хөгжүүлсэн мөн Тэнгэр дэх Эцэгтээ чин сэтгэлээсээ, байнга залбиран өнгөрүүлсэн жил байлаа. Би гэр бүл, найз нөхөд, дэлхий даяарх Сүмийн гишүүдийнхээ тусалж дэмжсэн залбирлыг мэдэрч байсан. Та нартаа миний тухай бодож, залбирч байсанд баярлалаа.

Надад бас олон жил уулзаагүй болон танилцаад удаагүй найз нөхөдтэйгээ уулзах боломж олдсон. Олон жилийн өмнөөс таньж мэддэг болж, хайрлаж ирсэн дотны нэг найзтайгаа уулзсаны дараа өнөөдрийн хэлэх энэ үгээ бэлтгэе гэсэн санаа надад төрсөн юм.

Биднийг уулзах үед найз маань хэцүү байгаагаа надад хэлсэн. Өөрийнх нь хэлснээр тэр “итгэлийн хямралд” орсноо мэдэрч байсан бөгөөд надаас зөвлөгөө авахыг хүссэн байв. Тэр надтай сэтгэлийн зовлон, бэрхшээлээ хуваалцах гэсэнд нь би талархаж байлаа.

Тэр өмнө нь мэдэрч байсан сүнслэг мэдрэмжээ мөн тэр үед алдаж байгаа гэж бодсон зүйлээ дахин мэдрэхийг хэчнээн хүсэж байгаагаа хэлсэн юм. Би түүний ярихыг анхааралтай сонсож, Их Эзэн надаар юу гэж хэлүүлэхийг хүсэж байгааг мэдэхээр чин сэтгэлээсээ залбирав.

Найз маань магадгүй та нарын дунд байгаа зарим хүний адил “Тэнгэрлэг Эцэг ээ, та үнэхээр байдаг юм уу?”1 гэх Хүүхдийн хэсгийн дуулалд оновчтой илэрхийлсэн байдаг асуултыг тавьсан юм. Би яг энэ асуултыг тавьж байгаа хүмүүст зориулан найздаа өгсөн зөвлөгөөгөө өгөхийг хүссэн ба та нарын хүн нэг бүр итгэлээ хүчирхэгжүүлэн, Есүс Христийн үнэнч шавь байх шийдвэрээ дахин гаргаасай хэмээн найдаж байна.

Би эхлээд та нар бол биднийг хайрладаг Тэнгэр дэх Эцэгийн охин мөн хүү нь бөгөөд Түүний хайр өөрчлөгддөггүй гэдгийг сануулж байна. Хувийн асуудал, зовлон бэрхшээл эсвэл урам хугаралт, бүтэлгүйтэл зэргийн үед ийм найдвар төрүүлэх хайрын мэдрэмжийг эргэн санахад хэцүү гэдгийг би мэднэ.

Есүс Христ бидний хүнд хэцүү бэрхшээл, зовлонгийн талаар мэддэг. Тэр Өөрийн амийг бидний төлөө өгсөн. Түүний эцсийн цаг мөч төсөөлөхийн аргагүй аймшигтай байсан ч гэсэн бидний хүн нэг бүрийн төлөө хийсэн золиослол нь цэвэр ариун хайрынх нь илэрхийлэл байсан юм.

Ямар ч алдаа, гэм нүгэл, сонголт Бурханы хайрыг өөрчлөхгүй. Энэ нь нүгэлт үйлдлийг хүлээн зөвшөөрсөн эсвэл нүгэл үйлдсэн бол наманчлах үүрэг хариуцлагыг маань болиулсан гэсэн үг биш юм. Тэнгэрлэг Эцэг та нарын хүн нэг бүрийг мэддэг, хайрладаг мөн туслахад үргэлж бэлэн байдаг гэдгийг бүү март .

Найзынхаа нөхцөл байдлын талаар тунгаан бодох зуур Мормоны Номонд байдаг нэгэн агуу мэргэн ухаан санаанд минь орж ирсэн юм. “Мөн эдүгээ, хөвгүүд минь, санагтун, Бурханы Хүү, Христ болох, бидний Гэтэлгэгчийн хадан дээр та нар сууриа тавих ёстойг санагтун; иймээс чөтгөр хүчит салхиа, тийм ээ, хуй салхин дахь дайралтаа илгээхэд, тийм ээ, түүний бүхий л мөндөр мөн хүчит шуурга та нар дээр нүдэхэд, энэ нь та нарыг зовлонгийн хийгээд төгсгөлгүй халаглалын ангал тийш доош чирж дийлэх хүчгүй байх болно, та нар дээр нь босгогдсон, бат бөх суурь дээр, хүмүүн нь үүний дээр баривал унах аргагүй суурь болох хадны учир болой.”2

“Зовлонгийн хийгээд төгсгөлгүй халаглалын ангал” нь хэн ч хүсэхээр сайхан газар биш гэдгийг би гэрчилж байна. Миний найзад ангалын ирмэг дээр зогсож байгаа мэт санагдаж байсан.

Би найзтайгаа адил асуудалтай хүмүүст зөвлөгөө өгөхдөө олон жилийн ариун нандин туршлагуудаа мартаж, сул дорой болж, эргэлзэхэд хүргэсэн шийдвэрүүдийг нь асууж сонирхсон юм. Би та нарыг Сүнсийг мэдэрч байсан болон хүчтэй гэрчлэлтэй байсан үе, тавьсан сүнслэг үндэс суурь зэргээ ялангуяа асуудалтай тулгарсан үедээ дурсан санаарай гэж тэдэнд уриалж байсантай адил одоо ч бас урья. Хэрвээ та нар үүнийг хийж, гэрчлэлийг тань өсгөж бэхжүүлдэггүй юм уу итгэлийг тань элэглэн шоолдог зүйлсээс зайлсхийвэл гэрчлэл тань өсөн нэмэгдэж байсан үнэт цаг мөчүүд тань залбирал, мацаг барилтаар дамжин ой ухаанд тань эргэн ирнэ гэдгийг би амлаж байна. Та нар Есүс Христийн сайн мэдээний хамгаалалт, халуун дулаан мэдрэмжийг дахин мэдэрнэ гэдгийг би амлаж байна.

Бидний хүн нэг бүр эхлээд өөрсдийнхөө, дараа нь эргэн тойрон дахь хүмүүсийнхээ сүнслэг байдлыг хүчирхэгжүүлэх ёстой. Судруудыг тогтмол тунгаан бодож, уншиж байхад тань төрсөн бодол, мэдрэмжээ санаарай. Үнэний өөр эх сурвалжуудаас ч бас эрэлхийл. “Гэвч хэрэв тэд Бурханы зөвлөмжийг анхааран сонсох аваас суралцсан байх нь сайн хэрэг”3 хэмээх судрын сэрэмжлүүлгийг анхааралдаа ав. Сүмийн цуглаануудад, ялангуяа ариун ёслолын цуглаанд оролцож, ариун ёслолоос хүртэн, гэрээнүүдээ, үүнд Аврагчийн Сүнс та нартай үргэлжид хамт байж болохын тулд Түүнийг байнга дурсан санана гэсэн амлалтаа шинэчилж бай.

Бид ямар ч алдаа гаргаж, өөрийгөө төгс биш гэж боддог байсан ч гэлээ, үргэлж бусдыг адисалж, өргөн дэмжих боломжтой. Христийнхтэй адил үйлчлэлээр тэдэнд тусламжийн гараа сунгах нь бидэнд зүрх сэтгэлийнхээ гүнд Бурханы хайрыг мэдрэхэд тусалдаг.

Дэд хууль дахь: “Өөртөө анхаарал тавьж, сэтгэлээ няхуур хяна. Нүдээр үзсэн бүхнээ чи мартуузай, тэдгээрийг насан туршдаа зүрхнээсээ салгуузай. Харин тэдгээрийг хөвгүүд, ач нартаа таниулж мэдүүл”4 хэмээх хүчирхэг зөвлөгөөг санах нь чухал.

Бидний хийсэн сонголт хойч үеийнхэнд маань нөлөөлдөг. Гэр бүлийнхэнтэйгээ гэрчлэлээ хуваалцаж, амьдралдаа Сүнсийг хүлээн зөвшөөрөхөд ямар мэдрэмж төрж байснаа санан, уг мэдрэмжээ тэмдэглэлийн дэвтэр, хувийн түүхэндээ бичихэд тэднийг урамшуул. Тэгэх юм бол өөрсдийнх нь үгс шаардлагатай үед Их Эзэн хэчнээн сайн хандаж байсныг нь сануулна.

Нифай өнгөрсөн үеэ мартахгүйн тулд өөрсдийн хүмүүсийн тухай цэдэглэсэн түүхийг агуулсан гуулин ялтсуудыг олж авахаар ах нарынхаа хамт Иерусалим руу буцсаныг та нар санаж байгаа.

Түүнчлэн Мормоны Номонд Хиламан Их Эзэн хэчнээн сайн байсныг хөвгүүддээ мартуулахгүйн тулд тэднийг “анхны эцэг өвгөдийнх нь” нэрээр нэрлэсэн байдаг. Тэр,

“Болгоогтун, хөвгүүд минь, та нар Бурханы зарлигуудыг дагахыг санаасай хэмээн хүснэ би. ... Болгоогтун, Иерусалимын нутгаас гарч ирсэн анхны эцэг өвгөдийнхөө нэрсийг би та нарт өгсөн билээ; мөн та нар өөрсдийн нэрсийг санахдаа тэднийг санаж болно хэмээн би үүнийг хийсэн; мөн та нар тэднийг санахдаа та нар тэдний үйлүүдийг санаж болно; мөн та нар тэдний үйлүүдийг санахдаа тэдгээр нь сайн байсан гэдэг нь хэлэгдэж, мөн түүнчлэн бичиглэгдсэнийг мэдэж болно.

Тиймээс хөвгүүд минь, бүр тэдний тухай хэлэгдэж мөн бичигдсэн шиг, та нарын тухай хэлэгдэж, мөн түүнчлэн бичиглэгдэж болохын тулд, сайн болох түүнийг та нар үйлдээсэй хэмээнэ би”5 хэмээжээ.

Өнөө үед ч гэсэн олон хүн өв уламжлалаа мартуулахгүйн тулд хүүхдүүдээ судрын баатрууд эсвэл итгэлтэй өвөг дээдсийнхээ нэрээр нэрлэдэг уламжлалыг дагадаг.

Намайг төрөхөд надад Роналд А.Расбанд гэдэг нэрийг өгсөн. Миний овог аавын маань өвөг дээдсийн удмын нэр юм. Харин дундах нэр болох A нь ээжийн маань Андэрсон гэх Даниас гаралтай өвөг дээдсийг хүндэтгэн, сануулахаар надад өгсөн нэр.

Миний хуланц өвөө Жэнс Андэрсон Даниас ирсэн. 1861 онд хоёр номлогч Жэнс болон Эйн Катрин Андэрсоны гэрт Их Эзэнээр удирдуулан очсон бөгөөд тэдэнд болон тэдний хүү 16 настай Андрюд сэргээгдсэн сайн мэдээг танилцуулжээ. Тийнхүү итгэлээ өвлүүлэх уламжлалын эх үүсвэр тавигдаж, миний бие, гэр бүлтэйгээ уг өвийг хүлээн авсан юм. Андэрсоны гэр бүл Мормоны Номыг уншиж, удалгүй баптисм хүртэв. Дараа жил нь Андэрсоны гэр бүл Атлантын далайг гаталж, Хойд Америкийн гэгээнтнүүдтэй нэгдэх бошиглогчийн дуудлагыг хүлээн авсан байна.

Харамсалтай нь, Жэнс далайгаар аялж байхдаа нас барсан ч эхнэр, хүү хоёр нь Солт Лэйкийн хөндий рүү цааш аялсаар 1862 оны 9-р сарын 3-нд хүрч иржээ. Тэд зовлон бэрхшээл, гуниг харууслыг туулсан ч гэлээ тэдний болон үе үеийн үр удмынх нь итгэл сулраагүй юм.

Зураг
Ахлагч Расбандын ажлын өрөөн дэх уран зураг

Өвөг дээдэс маань анх удаа тэдгээр хичээнгүй шаргуу номлогчидтой уулзсан уулзалтыг сануулах гайхамшигтай бэлгэдлийн чанартай зураг ажлын өрөөнд маань байдаг6. Би өв уламжлалаа мартахгүй байхаар хатуу шийдсэн юм. Би нэрнийхээ ачаар тэдний итгэлтэй байдал, золиослолын өвийг үүрд санах болно.

Хувийн болон ариун нандин сүнслэг туршлагуудаа ямар ч үед мартаж, эргэлзэж, үл ойшоож болохгүй. Дайсны төлөвлөгөө бол бидний анхаарлыг сүнслэг гэрчүүдээс холдуулах явдал байдаг бөгөөд Их Эзэн биднийг гэгээрүүлж, Өөрийн ажилд оролцуулахыг хүсдэг.

Энэ үнэний талаар би хувийн жишээнээсээ хуваалцъя. Би хүчтэй залбирсны хариуд сүнслэг өдөөлт хүлээн авсан үеэ тод санадаг. Хариулт маань маш тодорхой бөгөөд хүчирхэг байв. Харин би тэр даруй уг сүнслэг өдөөлтийн дагуу үйлдээгүй бөгөөд хэсэг хугацааны дараа мэдэрсэн зүйл маань бодит байсан эсэхэд эргэлзэж эхэлсэн. Та нарын зарим нь дайсны энэ мэхэнд орж байсан байх.

Хэдэн өдрийн дараа оюун санаанд маань судрын дараах хүчирхэг шүлэг орж ирэн, би нойрноосоо сэрлээ.

“Үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, хэрэв чи дахин нэмэлт гэрчийг хүсэх аваас, чи зүрх сэтгэлдээ ... надад хандан залбирсан тэр шөнийг оюундаа санагтун. ...

Энэ асуудлын талаар чиний оюунд амар амгаланг би яриагүй бил үү? Бурханаас илүү агуу ямар гэрч чамд байж болох билээ?”7

Их Эзэн “За, Роналд, би чамд юу хийх ёстойг чинь аль хэдийн хэлсэн биз дээ. Одоо түүнийгээ хий!” гэж хэлж байгаа мэт санагдсан. Хайраар залруулан, удирдамж өгсөнд нь би хэчнээн их талархсан гээч! Сүнслэг өдөөлт намайг тэр даруй тайвшруулсан бөгөөд залбирлыг маань хариулсан гэдгийг би зүрх сэтгэлээрээ мэдэж, сүнслэг өдөөлтийнхөө дагуу үйлдэж чадсан юм.

Хайрт ах, эгч нар аа, бидний оюун санаа хэрхэн хурдан мартдаг мөн сүнслэг туршлагууд хэрхэн биднийг удирддаг болохыг харуулахын тулд би энэ туршлагыг та нартай хуваалцлаа. “Би мартахгүйн тулд” ийм цаг мөчүүдээ нандигнаж сурсан юм.

Би найздаа болон итгэлээ бэхжүүлэхийг хүсэж байгаа бүх хүнд дараах зүйлийг амлая. Та Есүс Христийн сайн мэдээний дагуу итгэл дүүрэн амьдарч, сургаалыг дагах юм бол гэрчлэл тань хамгаалагдаж, өсөх болно. Эргэн тойрон дахь хүмүүсийн тань үйлдэл ямар байхаас үл хамааран хийсэн гэрээгээ сахь. Хувийн гэрчлэл, сүнслэг туршлагаараа хайртай хүмүүсээ хүчирхэгжүүлдэг хичээнгүй эцэг эх, ах дүү, өвөө эмээ, нагац ах, эгч мөн найз нөхөд бай. Бусдын үйлдлээс болж та нарын амьдралд эргэлзээ төрүүлэх шуурга гарах үед үнэнч, тууштай хэвээр үлдээрэй. Та нарыг сүнслэг байдлаар сэнхрүүлж, бэхжүүлдэг зүйлсийг эрэлхийл. Үнэхээр үнэмшмээр “үнэн” гэгдэх, худал хуурмаг зүйлсээс зайлсхийж, “хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан болон өөрийгөө захирах байдал”8-ын талаар сэтгэгдлээ бичиж тэмдэглэхээ санаарай.

Амьдралын хүчит шуурганд автахдаа Бурханы охин, хөвгүүн болох тэнгэрлэг өв мөн дэлхийнхний санал болгох ямар ч зүйлтэй харьцуулахын аргагүй мөнхийн хувь заяагаа буюу Түүнтэй амьдрахаар нэгэн өдөр эргэж очно гэдгээ бүү март. Алмагийн: “Болгоогтун, би та нарт хэлнэ, ах дүүс минь, хэрэв та нар зүрх сэтгэлийн өөрчлөлтийг эдэлсэн бол, мөн хэрэв та нар гэтэлгэх хайрын дууг дуулмаар санагдсан бол, би асууя, та нар одоо тийн мэдэрч чадна уу?”9 хэмээх эелдэг зөөлөн үгсийг санаарай.

Итгэлээ бэхжүүлэх хэрэгтэй гэж бодож байгаа бүх хүнд бүү мартаарай! гэж гуйя. Бүү мартаарай.

Би Иосеф Смит Бурханы бошиглогч байсан гэдгийг гэрчилж байна. Түүний өөрийн үгээр бичиж тэмдэглэсэнчлэн, тэр Бурхан Эцэг болон Түүний Хүү Есүс Христийг харж, ярьсан гэдгийг би мэднэ. Бид бүгдэд түүний гэрчлэлийг мэдүүлэхийн тулд тэрээр уг үйл явдлынхаа талаар бичиж тэмдэглэхээ мартаагүйд би талархдаг.

Би Их Эзэн Есүс Христийн талаар гэрчилж байна. Тэр амьд бөгөөд энэ Сүмийг тэргүүлдэг гэдгийг би мэднэ. Би энэ бүхнийг, өөр ямар ч дуу хоолой, гэрчээс үл хамааран өөрийн биеэр мэдэх бөгөөд та бид ариун нандин мөнхийн үнэнүүдийг мартахгүй байж, юуны өмнө бид амьд гэдгээ болон биднийг хайрладаг мөн бидэнд мөнхийн аз жаргалыг хүсдэг Тэнгэрлэг Эцэг Эхийн охид хөвгүүд гэдгээ хэзээ ч мартахгүй байгаасай хэмээн залбирч байна. Би эдгээр үнэнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.