2010–2019
Номонд ханд мөн Их Эзэнд ханд
2016 оны 10-р сар


Номонд ханд мөн Их Эзэнд ханд

Та Мормоны Номыг хүч чадлын тань тулгуур чулуу, сүнслэг төв хэмээн харж байна уу?

Мэри Элизабет Роллинс

Би өсөж буй үеийнхэн та нарыг дэлхийн хаа нэгтээ энэхүү чуулганыг үзэж эсвэл сонсож байгаагаар төсөөлж байна. Би та бүхэнд үлгэр жишээ, мөн заавар болох нэгэн бодит түүхийг хуваалцмаар байна. Энэ нь та нарт Их Эзэнд хэрхэн ойртож, уруу таталтыг тэвчих илүү их хүчтэй болоход тусална.

Энэ бол Нью-Йорк хотод амьдарч байгаад гурван нас хүрэхээсээ өмнө аавыгаа алдсан охины тухай түүх юм. Аав нь том нууранд завьтайгаа живэн, амиа алджээ. Тэрээр ээж, ах, эмэгтэй дүүтэйгээ цуг нагац ах, эгчийндээ амьдрахаар өөр мужийн өөр хот рүү нүүсэн байна. Тэдний гэр бүлийг нүүж очсоны дараа тэр хотод сайн мэдээний Сэргээлтийн агуу сайхан мэдээг түгээхээр шинэхэн зохион байгуулагдсан шашны гишүүд, номлогчид ирэв. Тэд тэнгэр элч эртний цэдгийг Иосеф Смит хэмээх нэгэн залууд өгч, тэрээр үүнийг Бурханы хүчээр орчуулсан тухай гайхамшигтай түүхийг ярьж байлаа. Тэдний дунд байсан Оливер Каудери, Жон Витмер хоёр эртний цэдэг бичигдсэн металл ялтсуудыг өөрсдийн нүдээр үзсэн бөгөөд Витмер алтан ялтсуудыг барьж үзсэн байв. Энэ цэдэг дөнгөж хэвлэгдэн гараад байсныг тэд авчирсан байв. Номны нэр нь мэдээж, Мормоны Ном байсан.

Номлогчдыг энэхүү номны талаар ярихад 12 настай Мэригийн зүрхэнд онцгой мэдрэмж төржээ. Мормоны Ном нь олон хуудастай зузаан байсан ч Мэри уншихыг хүсэж байв. Витмер ах явахдаа Исаак Морлей ахад уг номны нэгэн үнэ цэнтэй хувийг үлдээв. Тэрээр Мэригийн нагац ахын найз нь байсан бөгөөд орон нутагт нь шинэхэн байгуулагдсан сүмийн удирдагч байжээ.

Мэри хожим нь: “Би [Морлей ахын] гэрт нь очоод  ... уг номыг харахыг түүнээс хүссэн юм. Тэрээр номыг гар дээр минь тавих үед надад үүнийг унших чин хүсэл төрсөн бөгөөд гэртээ аваачин уншиж болох талаар түүнээс гуйхгүй байж чадсангүй. … Тэрээр … өөрөө нэг ч бүлэг уншиж амжаагүй, бусад ах үүнийг харж ч амжаагүй байгаа шүү дээ хэмээн тайлбарлахад би бүр ч ихээр түүнээс шалж гуйсан тул тэрээр эцэст нь ‘охин минь’ хэрвээ чи энэ номыг маргааш өглөөний цайнаас өмнө авчирна гэвэл авч болно гэлээ” гэж тэмдэглэжээ.

Зураг
Судар уншиж буй Мэри Элизабет Роллинс

Мэри гэртээ гүйхээрээ ирээд, бараг шөнөжингөө уншжээ. Маргааш өглөө нь номыг буцаан өгөхөд Морлей ах “чи бараг л уншиж амжаагүй биз дээ, надад үүн доторх нэг үгийг ч болов хэлж чадахгүй биз” гэлээ. Мэри цэх зогсоод, Мормоны Номын эхний шүлгийг чээжээр хэлэв. Тэрээр үргэлжлүүлэн бошиглогч Нифайн түүхийг түүнд ярьж өгчээ. “Тэрээр намайг гайхсан шинжтэй харснаа, ‘охин минь, энэ номыг авч яваад дуустал нь уншаад ир, би хүлээж болно’ гэж надад хэлсэн” хэмээн Мэри хожим нь бичсэн байдаг.

Мэри тун удалгүй уншиж дуусгасан бөгөөд хотынхоо энэ номыг уншиж дуусгасан анхны хүн болжээ. Тэрээр энэ номыг үнэн бөгөөд Тэнгэрлэг Эцэгээс ирсэн гэдгийг мэдэж байлаа. Тэрээр номонд хандахдаа Их Эзэнд хандсан юм.

Нэг сарын дараа нэгэн онцгой зочин тэднийд иржээ. Тэр өдрийн мартагдашгүй үйл явдлыг Мэри: “[Иосеф Смит] над руу их чухалчлан харж билээ. … Хэдэн хормын дараа тэрээр … надад агуу адислал өгч, надад номыг бэлэглээд, Морлей ахад бас нэг хувийг өгнө гэж хэлсэн юм. … Тэрээр эрх мэдэл өгөгдсөн хүн шиг хүчтэй ярьж байсан бөгөөд бид бүгд түүнийг Бурханы хүн гэж мэдэрсэн” гэж дүрслэн бичжээ.

Энэхүү залуу охин Мэри Элизабет Роллинс амьдралынхаа турш олон өөр гайхамшгийг үзсэн бөгөөд Мормоны Номын гэрчлэлээ үргэлж хадгалсаар ирсэн.1 Тэрээр миний таван үеийн нагац эгч тул надад энэ түүх их онцгой санагддаг. Мормоны Номын талаар өөрийн гэсэн гэрчлэлтэй болохыг эрэлхийлж, хүлээн авахад нас хэзээ ч балчирдаггүйг би Мэригийн үлгэр жишээ болон амьдралд минь тохиолдсон бусад туршлагаас мэдэж сурсан.

Таны гэрчлэлийн тулгуур чулуу

Мэригийн түүхээс хувь хувьдаа сурах зүйл та нарт байгаа. Залуу эрэгтэй, эмэгтэй, хүүхдүүд та нар түүнд төрсөнтэй адил мэдрэмжийг мэдэрч чадна. Та нар Мормоны Номыг уншаад, үнэн эсэхийг мэдэхийг хүсэн залбирвал та нар ч бас Мэригийн хүлээн авсан шиг мэдрэмжийг зүрх сэтгэлдээ хүлээн авч чадна. Түүнчлэн та нар Мормоны Номын талаар гэрчлэхэд энэхүү баталгааны сүнсийг мэдрэх болно. Бусад хүн Мормоны Номын талаар гэрчлэхэд ч мөн адилаар сүнс батлахыг та нар мэдэрнэ. Мормоны Ном та бүгдийн гэрчлэлийн тулгуур чулуу болоход эдгээр сүнслэг баталгаа та нарыг хөтлөх болно.

Үүнийг одоо тайлбарлая. Мормоны Номыг Бурханы бэлгээр болон хүчээр орчуулсан бошиглогч Иосеф Смит Мормоны Номыг “энэ дэлхий дээрх бусад бүх номоос хамгийн зөв нь, мөн манай шашны тулгуурын чулуу”2 хэмээн тайлбарласан.

Мормоны Номыг анх 1830 онд хэвлэснээс хойш 110 хэл дээр 174 сая гаруй хувь хэвлэсэн нь Мормоны Ном бол манай шашны тулгуурын чулуу хэвээр гэдгийг харуулж байна. Энэ нь хувь хүн бүрийн хувьд юу гэсэн үг вэ?

Зураг
Тулгуурын чулуу бол яг төв нь юм

Барилгад бол тулгуур чулуу гэдэг нь нуман хаалганы хамгийн чухал хэсэг юм. Энэ бол өргөнөөс нарийссан хэлбэртэй чулуу бөгөөд нуман хаалганы тэг дунд, хамгийн оройд тавигддаг. Энэ нь нумын хажуу хэсгийг холбон, унахаас сэргийлж байдаг учир хамгийн чухал чулуу нь байдаг. Мөн энэ нь сайн чанарынх тул доод талын зай буюу гарцаар гарч болох баталгааг өгдөг.

Зураг
Нуман хаалган дахь тулгуурын чулуу

Сайн мэдээний хувьд гэвэл манай шашны тулгуур чулуу нь бидний гартаа барин уншиж болох Мормоны Ном байдаг нь Их Эзэнээс ирсэн адислал мөн бэлэг юм. Та Мормоны Номыг хүч чадлын тань тулгуур чулуу, сүнслэг төв хэмээн харж байна уу?

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон Иосеф Смитийн заасан зүйлсийг дэлгэрүүлэн заасан. Тэрээр: “Мормоны Ном манай шашны тулгуур чулуу болдог гурван арга зам байдаг. Энэ бол бидний Христийн гэрчлэлийн тулгуур чулуу. Энэ бол бидний сургаалын тулгуур чулуу. Энэ бол бидний гэрчлэлийн тулгуур чулуу” хэмээн хэлжээ.

Ерөнхийлөгч Бэнсон цааш нь үргэлжлүүлэн: “Мормоны Ном бидэнд үнэнийг зааж, Христийн талаар гэрчилдэг. … Гэвч энэ нь бүгд биш. Таныг энэ номыг нягт няхуур судалж эхлэх тэр мөчөөс эхлэн та нарын амьдралд урсан орох их хүч үүнд бий. Та нар уруу таталтыг эсэргүүцэн зогсох илүү их хүчийг эндээс олох болно. … Та нар нарийн бөгөөд давчуу зам дээр байх хүчийг олно”3 гэжээ.

Миний хувийн гэрчлэл

Миний хувьд гэвэл, Мормоны Ном нэлээд хэдэн жилийн туршид хэд хэдэн туршлагаар дамжин гэрчлэлийн минь тулгуур чулуу болсон. Надад гэрчлэлтэй болоход нөлөөлсөн нэгэн хүчирхэг туршлагыг би залуу номлогчоор үйлчилж байсан эхний газар болох Японы Кумамотод байхдаа олж авсан юм. Хамтрагч бид хоёр айлаас айл дамжин сургаалыг хуваалцаж байлаа. Нэгэн эмээ биднийг японоор генкан гэж нэрлэдэг үүдний өрөөндөө уриалгахан оруулсан юм. Халуун өдөр байсан тул эмээ бидэнд уух хүйтэн юм өглөө. Би Японд ирээд удаагүй байсан бөгөөд Мормоны Номыг үүнээс дөнгөж өмнөхөн уншиж дуусгаад, үнэн эсэхийг нь лавлан залбирч байсан үе байв.

Би Японд дөнгөж ирээд байсан тул япон хэлээр сайн ярьж сураагүй байлаа. Үнэнийг хэлэхэд, тэр эмэгтэй миний юу яриад байгааг бараг л ойлгоогүй байх. Би түүнд Мормоны Номын талаар зааж, эхлээд Иосеф Смит тэнгэр элчээс эртний цэдгийг хүлээн авч, мөн Бурханы хүчээр хэрхэн орчуулсан талаар тайлбарлав.

Би Мормоны Ном бол Бурханы үг бөгөөд Есүс Христийн бас нэгэн гэрээ гэдгийг гэрчлэх үедээ сударт “чиний дотор шатахаар болгоно”4 хэмээн дүрсэлсний дагуу хамгийн хүчтэй мэдрэмжийг мэдэрсэн бөгөөд үүнтэй хамт тайтгарал, амар амгаланг мөн мэдэрсэн юм. Энэхүү мэдрэмж нь Мормоны Ном бол үнэхээр Бурханы үг юм гэдгийг надад дахин хүчтэй нотолсон. Тэр үед ирсэн мэдрэмж үнэхээр хүчтэй байсан тул тэрхүү япон эмээд хандан ярих мөчид нүдэнд минь нулимс цийлэгнэж байлаа. Би тэрхүү онцгой мэдрэмжийг хэзээ ч мартаагүй.

Таны хувийн гэрчлэл

Та нар бүгдээрээ энэ номны талаар онцгой гэрчлэл хүлээн авч чадна. Мормоны Ном нь та нарт зориулагдан, та бидний өдрүүдэд бичигдсэнийг ухаарч байна уу? Энэ ном бол бидний хэлдгээр цаг хугацааны бүрэн байдлын эрин үед амьдарч байгаагийн маань нэгэн адислал мөн. Хэдийгээр Мормоны Номыг сүнслэгээр нөлөөлөгдсөн эртний хүмүүс бичиж, тэдний олон нь бошиглогчид байсан боловч тэдэнд болон тэдний үед амьдарч байсан хүмүүст энэ номыг бүхлээр нь эзэмших боломж тохиогоогүй юм. Эдгээр бошиглогч, санваартан, хааны дээдлэн хадгалж ирсэн ариун цэдгийг уншихад та нарт үнэхээр хялбар болжээ. Мормоны Номын бошиглогчдын нэг Моронай бидний өдрүүдийн талаар, та нарын амьдарч буй өдрүүдийг харсан нь сонирхол татам юм. Олон зуун жилийн өмнө тэрээр та нарыг харсан. Моронай

“Болгоогтун, та нарын дунд эдгээр зүйлс” буюу Мормоны Ном “гарч ирэх тэр өдөр … удахгүй ирэх ёстой түүний талаар Их Эзэн надад агуу хийгээд гайхамшигт зүйлийг үзүүлсэн болой.

Болгоогтун, хэдийгээр та нар үгүй ч, та нар өмнө минь буй мэтээр би та нартай ярьж байна. Гэвч болгоогтун, Есүс Христ та нарыг надад үзүүлсэн, мөн би та нарын үйлийг мэднэ”5 хэмээн хэлжээ.

Мормоны Номыг гэрчлэлийнхээ тулгуур чулуу болгоход тань туслахын тулд би та нарт нэгэн даалгавар өгмөөр байна. Дэлхийн олон оронд залуу үеийнхэн маань өдөрт дунджаар долоон цагийг зурагт, компьютер, гар утасныхаа дэлгэцийг харан өнгөрүүлж байгааг би саяхан олж мэдлээ.6 Үүнийг бодоод та нар бага зэрэг өөрчлөлт хийж чадах уу? Та нар өдөр бүр дэлгэц ширтдэг цагаасаа, ялангуяа олон нийтийн сүлжээ, интернэт, тоглоом эсвэл зурагт үздэг цагийнхаа хэсэгхэнийг нь Мормоны Номыг уншихад зориулах уу? Хэрэв миний харсан судалгаа үнэн бол та нар өдөр бүр Мормоны Ном уншихад дор хаяж 10 минутыг хялбархан гаргаж чадна. Та нар үүнийг илүү амтархан эсвэл ойлгож болохуйц байдлаар цахилгаан хэрэгсэл эсвэл цаасан хувилбараар уншин судлах боломжтой. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон саяхан “Бид Мормоны Ном уншихыг гашуун эмийг хурдхан гэгч нь залгиад, дараа нь уусан гэж тэмдэглэх хэцүү түвэгтэй үүрэг юм шиг хэзээ ч үзэж болохгүй”7 хэмээн зөвлөсөн.

Зураг
Мормоны Ном уншиж буй өсвөр үеийнхэн
Зураг
Мормоны Ном уншиж буй өсвөр үеийнхэн

Бага насны хүүхдүүд та нар эцэг эх, өвөө эмээтэйгээ эсвэл хайртай хэн нэгэнтэйгээ хамт уншиж болно. Хэрвээ танд аль нэг бүлэг, шүлэг эсвэл аль нэг хэсэг нь уншихад илүү хэцүү болж ирвэл дараагийн бүлэг руу орох байдлаар урагшлахыг би та нарт зөвлөж байна. Би та нарыг Мэриг даган дуурайж байгаагаар төсөөлж байна. Би та бүхнийг чимээгүй орчинг олоод, Мормоны Номыг баяр хөөртэй уншиж байгаагаар төсөөлж байна. Би та бүхнийг хариулт олон, удирдамж хүлээн авч, Мормоны Номын болон Есүс Христийн талаарх өөрсдийн гэсэн гэрчлэлтэй болж байгааг харж байна. Та нар номонд хандахдаа Их Эзэнд хандах болно.

Зураг
Ном руу хандах нь

Та нар энэхүү нандин номны хуудсуудыг эргүүлэн уншихдаа өөрсдийн хайрт Аврагч, Их Эзэн Есүс Христ бараг хуудас бүрд гарахыг олж мэднэ. Түүний нэрийг аль нэг хэлбэрээр дунджаар 1,7 шүлэг тутамд дурдсан байдаг.8 Христ Өөрөө хүртэл үүний үнэнийг хожмын өдрүүдэд “та нарын Их Эзэн Мөн чиний Бурхан амьдын адил энэ нь үнэн”9 хэмээн тунхагласан.

Их Эзэний бошиглогч Моронайгаар дамжуулан та нарын хүн нэг бүрд болон Мормоны Номыг унших хүн бүрд зориулан өгсөн урилга, амлалтад би талархдаг. Би энэхүү урилга, амлалтыг уншиж, гэрчлэлдээ нэмээд, үгээ өндөрлөе. “Мөн та нар эдгээр зүйлийг [Мормоны Номыг] хүлээн аваад, та нар Бурхан, Мөнхийн Эцэгээс, [Есүс] Христийн нэрээр, эдгээр зүйлүүд үнэн эсэхийг асуухыг та нарт ухуулъя би; мөн хэрэв та нар Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас, тэрбээр үүний үнэнийг Ариун Сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно.”10

Би энэхүү хожмын өдрүүдэд сайн мэдээ сэргээгдсэнийг болон Мормоны Ном энэхүү сэргээлтийн бодит нотолгоо болохыг гэрчилж байна. Хоёр зуун жилийн тэртээ энэхүү номын үгс 12 настай охиныг Есүс Христийн сэргээгдсэн сүмд ороход нөлөөлсөн шиг үүнээс олох үнэн сургаал та нарыг үүнтэй адил өргөн сэнхрүүлэх болно. Эдгээр нь та нарын итгэлийг хүчирхэгжүүлж, бодьгалыг тань гэрэлтүүлж, та нарын ойлгож чадахаас хавьгүй илүүгээр та нарыг ирээдүйд бэлтгэх болно.

Та нар энэ номын хуудсуудаас Бурханы хязгааргүй их хайр, санаанд багтамгүй ач ивээлийг олох болно. Үүн дээрх сургаалуудыг дагахын хэрээр та нарын аз жаргал болон ойлголт тэлж, мөнх бус амьдралын олон бэрхшээлийн талаарх асуултуудын хариулт тайлагдах болно. Та нар энэ номонд хандсанаараа Их Эзэнд хандах болно. Мормоны Ном бол Бурханы бидэнд илчлэгдсэн үгс мөн. Үүнийг би бүх зүрх сэтгэлээрээ гэрчилж байна, Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. “Mary Elizabeth Rollins Lightner,” Utah Genealogical and Historical Magazine, 1926 оны 7-р сар, 193–195.

  2. Мормоны Номын оршил

  3. Эзра Тафт Бэнсон, “The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign,1986 оны 11-р сар, 5, 7.

  4. Сургаал ба Гэрээ 9:8.

  5. Матай 8:34–35.

  6. American Academy of Pediatrics, “Media and Children,” aap.org-ийг үзнэ үү.

  7. Рассэлл М.Нэлсон, “Strengthen the Shepherds” (address given at the general conference leadership meetings, 9-р сарын 28, 2016).

  8. Сюзан Ийстон Блэк, Finding Christ through the Book of Mormon (1987), 16–18-ыг үзнэ үү.

  9. Сургаал ба Гэрээ 17:6.

  10. Moронай 10:4; мөн 3, 5-р шүлгүүд-ийг үзнэ үү.