2010–2019
Ай Бурханы маань төлөвлөгөө хэчнээн агуу билээ!
2016 оны 10-р сар


Ай Бурханы маань төлөвлөгөө хэчнээн агуу билээ!

Бидний эргэн тойронд гэрэл, үнэний гайхалтай арвин баялаг байдаг бөгөөд бид өөрсдөдөө байгаа зүйлдээ үнэхээр талархдаг болов уу хэмээн би гайхан боддог.

Бидний хайрт бошиглогч ерөнхийлөгч Томас С.Монсоны удирдамж, чиглүүлэг доор дэлхий даяарх энэхүү чуулганд хамтдаа цуглаад байгаа бид ямар их адислагдсан хүмүүс вэ! Ерөнхийлөгч өө, бид танд хайртай мөн таныг дэмждэг!

Би нисгэгчийн мэргэжлээрээ ажиллаж байхдаа компьютерийн системийн нарийвчлал, найдвартай байдалд ихээхэн найддаг байсан ч хувийн компьютер дээр ажиллах хэрэгцээ ховорхон гардаг байв. Намайг удирдах албан тушаалтнаар ажиллаж байх үед туслах, нарийн бичгүүд надад ажил үүрэгт маань эелдгээр тусалдаг байсан.

1994 онд Ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдах үед энэ бүхэн өөрчлөгдсөн юм. Миний дуудлага үйлчлэх олон гайхамшигтай боломжоор дүүрэн байсан ч Сүмийн албаны ажил хэрэг төсөөлж байснаас ч их байсан.

Ажил үүргээ гүйцэтгэх гол хэрэгсэл нь ердөө л миний хувийн компьютер байсан нь намайг гайхшируулсан юм.

Би амьдралдаа анх удаа энэ гайхалтай сонин, нууцлаг, хязгааргүй ертөнцөд хөл тавих хэрэгтэй болсон.

Эхэндээ компьютер бид хоёрын харьцаа тийм ч таатай байсангүй.

Технологийг чадварлаг эзэмшсэн хүмүүс надад компьютер хэрхэн ашиглахыг заах гэж хичээлээ. Тэд миний ард зогсоод, гараа мөрөн дээгүүр минь давуулж, хуруунуудаа нүд эрээлжилтэл хөдөлгөн, товчлуурууд дээр цохиур хөгжмийн симфони тоглодог байлаа.

“Харсан уу?” “Үүнийг ингэж хийдэг юм” гэж тэд бахдалтай хэлдэг байсан.

Би учрыг нь ололгүй л үлддэг байв. Үүнийг сурах нь хүндхэн даваа байсан.

Би эв дүй муутай байсан юм.

Үүнийг сурахад асар их цаг, давтлага, тэсвэр тэвчээр, итгэл найдвар, эхнэрийн минь дэмжлэг туслалцаа, нэрийг нь нууцалсан олон литр хийжүүлсэн ундаа шаардагдсан.

22 жилийн дараа би одоо компьютер технологиор хүрээлүүлчихээд байна. Надад э-мэйл, твиттер хаяг болон фэйсбүүк хуудас бий. Мөн надад ухаалаг утас, таблет, зөөврийн компьютер, дижитал камер байгаа. Эдгээрийг ашиглах чадвар минь жирийн нэг долоон настай хүүхдийн хэмжээнд хүрэхгүй ч гэлээ, дал гарсан хүний хувьд болоод л байдаг юм.

Гэхдээ би нэгэн сонирхолтой зүйл ажигласан. Технологийг илүү сайн эзэмших тусам үнэ цэнд нь талархахаа больж байв.

Хүн төрөлхтний түүхийн ихэнх үед харилцаа холбоо морины хурдаар хэмжигддэг байсан. Захидал илгээх, хариу авахад хэдэн өдөр эсвэл хэдэн сар болдог байв. Өнөө үед бидний захиа дэлхийн нөгөө талд буй хэн нэгэнд хүрэхийн тулд тэнгэр рүү хэдэн мянган км эсвэл далайн доогуур мянга мянган метр аялдаг ба хэрэв хэдхэн секундээр саатвал бид бухимдаж, тэвчээр алддаг.

Бид ямар нэг зүйлийг, тэр ч байтугай гайхалтай, ховор зүйлийг мэдэж авах тусам талархахаа больж, үүнийг ердийн зүйл мэт үзэх нь хүний л араншин гэлтэй.

Бид сүнслэг үнэнд талархалгүй ханддаг уу?

Орчин үеийн технологид болон амьдралыг хөнгөвчилдөг хэрэгслүүдэд талархалгүй хандах нь тийм ч ноцтой зүйл биш байж болно. Гэвч харамсалтай нь, бид заримдаа Есүс Христийн сайн мэдээний мөнхийн бөгөөд бодьгалыг өөрчлөгч сургаалд ийм хандлага гаргадаг. Есүс Христийн Сүмд бидэнд асар их зүйл өгөгдсөн. Бидний эргэн тойронд гэрэл, үнэний гайхалтай арвин баялаг байдаг бөгөөд бид өөрсдөдөө байгаа зүйлдээ үнэхээр талархдаг болов уу хэмээн би гайхан боддог.

Аврагчийг дэлхий дээр тохинуулах үед Түүнтэй хамт алхаж, ярилцдаг байсан эртний шавь нарынх нь тухай бодоод үз. Түүнийг булшнаас амилсан байхыг харж, гаран дээрх сорвийг нь мэдрэх үед тэдний зүрх сэтгэл, оюун санаа талархал, хүндлэлээр хэрхэн бялхаж байсныг төсөөлөөд үз. Шавь нарынх нь амьдрал үүнээс хойш үүрд өөрчлөгдсөн!

Бошиглогч Иосефыг мэддэг, сэргээгдсэн сайн мэдээг номлохыг нь сонссон энэ эрин үеийн анхны гэгээнтнүүдийн талаар бодоод үз. Тэнгэр, газрын хоорондох хөшиг дахин ярагдан, дээд селестиел оршихуйгаас гэрэл болон мэдлэг ирж эхлэхэд тэдэнд ямар мэдрэмж төрж байсныг төсөөлөөд үз.

Хамгийн чухал нь, та нар анх удаа өөрсдийгөө Бурханы хүүхэд гэдэгт болон цэвэршигдэж болохын тулд Есүс Христ та нарын нүглийн улмаас зовсон гэдэгт мөн санваарын хүч жинхэнэ бөгөөд та нарыг хайртай хүмүүстэй чинь энэ амьдралд болон үүрд мөнхөд холбодог гэдэгт, өнөөдөр дэлхий дээр амьд бошиглогч байгаа гэдэгт итгэж, ойлгох үедээ ямар мэдрэмжтэй байснаа бодоод үз. Гайхамшигтай бөгөөд сэтгэл хөдөлгөм биш гэж үү?

Ингээд бодохоор Сүмийн шүтэн бишрэх цуглаанд оролцох үед энэ бүх хүний сэтгэл хөдлөхгүй байж чадна гэж үү? Эсвэл ариун судруудыг уншихаас залхаж яахин чадах билээ дээ? Бидний зүрх сэтгэл Бурханы бидэнд өгсөн ариун нандин, гайхалтай бэлгүүдийн төлөө талархал, гайхширлыг мэдрэхээсээ өнгөрсөн үед л ийм зүйл болно гэж би бодож байна. Амьдралыг өөрчлөх үнэн бидэнд байгаа боловч бид заримдаа шавь байх зам дээр идэвх санаачилгагүй алхдаг. Ихэнх тохиолдолд бид Их Эзэний жишээг дагахын оронд бусдын алдаа дутагдалд анхаарал хандуулдаг. Бидний амьдрал боломжуудаар дүүрэн байдаг ч бид тэдгээрийн ач холбогдлыг төдийлөн ухаардаггүй.

Танил захиас

Намайг залуу байхад манай найзууд шашны маань талаар асуудаг байсан. Би ихэвчлэн Мэргэн ухааны үг гэх мэт ялгаатай зүйлүүдийг тайлбарлаж эхэлдэг байв. Зарим үед би бусад Христийн шашныхтай төстэй зүйлүүдийг онцолдог байсан. Эдгээрийн аль нь ч тэдэнд нөлөөлдөггүй байв. Харин намайг Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд бидэндээ зориулсан аз жаргалын агуу төлөвлөгөөний талаар ярих үед тэд анхаарлаа хандуулдаг байж билээ.

Би Германы Франкфурт дахь цуглааны байрныхаа нэг самбар дээр авралын төлөвлөгөө зурах гэж хичээж байснаа санадаг. Би дэлхийн өмнөх амьдрал, мөнх бус байдал, тэнгэрлэг эцэг, эхдээ буцах зам зэргийг төлөөлсөн дугуй дүрснүүд зурав.

Өсвөр насандаа би энэ сэтгэл хөдөлгөм захиасыг хуваалцах их дуртай байсансан. Эдгээр зарчмыг өөрийн энгийн үгсээр тайлбарлах үед зүрх сэтгэл минь хүүхдүүдээ хайрладаг Бурханд болон бид бүхнийг үхэл, тамаас гэтэлгэсэн Аврагчид талархах талархлаар дүүрдэг байлаа.

Зарим найз минь энэ захиасыг шашны номлолдоо хэзээ ч заалгаж байгаагүй ч танил санагдсан гэж хэлдэг байсан. Энэ нь тэд эдгээр зүйлийн үнэнийг үргэлж мэддэг байж, би тэдний зүрх сэтгэлд гүн гүнзгий суусан зүйл дээр л ердөө гэрэл асууж байгаа мэт байсан юм.

Бидэнд хариултууд байгаа

Хүн бүр зүрх сэтгэлдээ амьдралын тухай чухал асуултууд тээж явдаг гэдэгт би итгэдэг. Би хаанаас ирсэн бэ? Би яагаад энд байгаа вэ? Намайг нас барсны дараа юу тохиолдох вэ?

Цаг хугацааны эхлэлээс л мөнх бус хүмүүс эдгээрийг асуусаар ирсэн. Гүн ухаантан, эрдэмтэн мэргэд хариулт хайсаар бүх л амьдрал, эд хөрөнгөө зарцуулсан байдаг.

Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээнд амьдралын ихэнх ээдрээтэй асуултын хариулт байдагт би талархдаг. Эдгээр хариултыг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд заадаг. Тэдгээр нь үнэн, тодорхой, ойлгоход хялбар байдаг. Тэдгээр нь сүнслэгээр өдөөгдсөн ба бид тэдгээрийг Нарны цацраг ангийн гурван настай хүүхдүүдэд заадаг.

Ах, эгч нар аа, бид эхлэл, төгсгөлгүй мөнхөд оршдог биес юм. Бид үргэлж оршсоор байсан.1 Бид тэнгэрлэг, үхэшгүй, бүхнийг мэдэгч Тэнгэрлэг эцэг, эхийн сүнсэн хүүхдүүд!

Бид Бүхнийг Чадагч Их Эзэн Бурханыхаа тэнгэрлэг гэрээс ирсэн. Бид бол Бүхний Дээд Бурхан Елохимын угсааныхан билээ. Бид мөнх бус байдлын өмнөх амьдралд Түүнтэй хамт амьдарч байсан. Бид Түүний ярихыг сонсож, сүр жавхланг нь гэрчлэн, арга замуудыг нь мэдэж авсан.

Та бид Их зөвлөгөөнд оролцсон бөгөөд хайрт Эцэг маань биднийг дэлхийд ирж, мөнх бус биетэй болж, сайн ба муугийн алийг нь сонгох талаар сурч, өсөж хөгжих цорын ганц боломж зэргийг багтаасан төлөвлөгөөгөө танилцуулсан.

Бид хөшигний цаана гарч, энэ мөнх бус амьдралд ирэх үед өмнөх амьдралаа санахгүй гэдгээ мэдэж байсан. Сөрөг тал, бэрхшээл, уруу таталт байх болно гэдгийг бид мэдэж байв. Түүнчлэн бид бие махбодтой болох нь хамгийн чухал зүйл гэдгийг ч мэдэж байсан. Бид аль болох хурдан зөв сонголт хийж сурч, Сатаны уруу таталтыг эсэргүүцэн, тэнгэр дэх эцэг, эхдээ эргэж очихыг хэчнээн их хүсэж байсан гээч

Бид нүгэл үйлдэж, алдаа гаргана гэдгээ, бүр ноцтой гэм нүгэл үйлдэнэ гэдгээ мэдэж байсан. Гэхдээ бид Аврагч Есүс Христ дэлхий рүү ирэхээр амлаж, ямар нэг нүгэлгүй амьдарч, Өөрийн амьдралыг сайн дураараа мөнхөд золиосолно гэдгийг ч мэдэж байсан юм. Хэрэв бид зүрх сэтгэлээ Түүнд хандуулж, итгэж найдан, бодьгалынхаа бүхий л эрч хүчээр шавь байх замаар алхахыг хичээвэл угаагдан цэвэршиж, тэнгэр дэх Эцэгийнхээ оршихуйд дахин орох болно гэдгийг мэдэж байв.

Тиймээс та бид Есүс Христийн золиослолд итгэж, Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг чөлөөт хүслээрээ сонгосон.

Ийм учраас бид энэ үзэсгэлэнт сайхан дэлхийд амьдарч байгаа. Бурхан бидэнд боломж санал болгоход бид үүнийг хүлээн зөвшөөрөхийг сонгосон. Гэсэн хэдий ч бидний мөнх бус амьдрал түр зуурынх бөгөөд бие махбодын маань үхлээр энэ нь төгсгөл болох юм. Гэхдээ та бидний мөнхийн шинж чанар устаж үгүй болохгүй. Бидний сүнс үргэлжлүүлэн амьдарч, хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүсийн бидэнд өгсөн үнэгүй бэлэг болох амилуулалтыг хүлээх болно.2 Амилуулалтаар бидний сүнс, бие махбод дахин нэгдэж, өвчин зовлонгүй, өө сэвгүй байх болно.

Амилуулалтын дараа шүүлтийн өдөр ирнэ. Бүгд аажимдаа аврагдаж, алдар суугийн хаант улсыг өвлөн авах боловч Бурханд итгэж, Түүний хууль, ёслолуудыг дагахыг эрэлхийлдэг хүмүүс төсөөлөхийн аргагүй алдар суу, сүр жавхлан бүхий мөнх амьдралыг өвлөн авна.

Шүүлтийн өдөр нь харууссан зүрх эдгээгдэн, харууслын нулимс талархлын нулимсаар солигдож, бүх зүйл зөв болох нигүүлсэл, хайрын өдөр байх болно.3

Бид бас өөрсдийг маань илүү агуу ирээдүйд хүргэх боломжуудыг алдахад хүргэсэн алдаа, мунхаглал, зөрүүд зангаасаа болсон харамсал, тэр ч бүү хэл цөхрөлийг мэдрэх болно.

Гэхдээ бид Бурханы шүүлтэд сэтгэл хангалуун байгаад зогсохгүй хүүхдүүд биднийгээ гэсэн Түүний хязгааргүй ач ивээл, нигүүлсэл, өгөөмөр зан, хайранд гайхширч, цочирдоно гэдэгт би итгэлтэй байдаг. Хэрэв бидний хүсэл, ажил үйлс сайн байж, амьд Бурханд итгэлтэй байвал бид Моронайн хэлсэнчлэн “Мөнхийн Шүүгч, агуу Иеховагийн таалалт тавцангийн”4 өмнө очих өдрийг хүсэн хүлээж чадна.

Pro Tanto Quid Retribuamus

Хайрт ах, эгч нар, хүндэт найз нөхөд минь ээ, хайрт Эцэгийн бидэнд зориулан бэлтгэсэн аз жаргалын агуу төлөвлөгөөг бодох нь та нарын зүрх сэтгэл, оюун санааг гайхал, бахдалаар дүүргэхгүй байна гэж үү? Их Эзэнийг харуулдагчдад бэлтгэсэн алдар суут ирээдүйг мэдэх нь биднийг үгээр хэлэхийн аргагүй баяр баяслаар дүүргэхгүй байна гэж үү?

Хэрэв та нар ийм бахдал, баяр баяслыг хэзээ ч мэдэрч байгаагүй бол би та бүхнийг сэргээгдсэн сайн мэдээний гайхалтай үнэнийг эрэлхийлж, судалж, тунгаан бодоорой хэмээн урьж байна. “Үүрд мөнхийн чанд байдал та нарын оюун ухаанд оршиг.”5 Авралын тэнгэрлэг төлөвлөгөөг та нартай хуваалцахыг тэдэнд зөвшөөр.

Хэрэв та нар эдгээр зүйлийг өмнө нь мэдэрч байсан бол би өнөөдөр та нараас “та нар одоо тийн мэдэрч чадна уу?”6 гэж асууж байна.

Надад саяхан Ирландын Белфаст руу аялах боломж гарсан юм. Тэнд байхдаа би “Pro tanto quid retribuamus” буюу “Ийм ихийг авсан бид хариуд нь юугаа өгөх билээ?”7 хэмээх уриа бүхий Белфастын сүлдийг анзаарсан.

Би хүн бүрийг энэ асуултыг бодож үзнэ үү хэмээн урьж байна. Бурханы бидэнд өгсөн агуу их гэрэл, үнэний хариуд бид юугаа өгөх билээ?

Хайрт Эцэг маань хүлээж авсан үнэнийхээ дагуу амьдарч, Түүний заасан замаар явахыг л биднээс хүсдэг. Иймээс зоригтой байж, Сүнсний удирдамжинд итгэж найдацгаая. Бурханы аз жаргалын төлөвлөгөөний гайхамшигт захиасыг үг, үйлдлээрээ хөрштэйгээ хуваалцацгаая. Өөрсдийнхөө учир шалтгааныг Бурханыг болон Түүний хүүхдүүдийг хайрлах хайр болгоцгооё. Тэдгээр нь бидний ах, эгч, дүүс билээ. Энэ бол өгөөмөр их зүйлийн хариуд бидний хийж чадах зүйлсийн эхлэл юм.

Хэзээ нэг өдөр Бурханы арга замууд шударга, төлөвлөгөө нь төгс гэдгийг “өвдөг бүхэн сөхөрч, мөн хэл бүхэн хүлээн зөвшөөрөх болно.”8 Бидний хувьд тэр өдөр нь өнөөдөр байг. Эртний Иаковтай хамт “Ай Бурханы маань төлөвлөгөө хичнээн агуу билээ!”9 хэмээн тунхаглацгаая

Би та нарт адислалаа үлдээж, Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.