2010–2019
Зарчим ба амлалт
2016 оны 10-р сар


Зарчим ба амлалт

Бид тэнгэрээс өгөгдсөн төлөвлөгөө болох Мэргэн ухааны үгэнд заасан зарчмуудыг даган, бие махбод, оюун санаандаа санаа тавих хэрэгтэй.

Ах нар аа, би өнөө орой та бүхэнтэй захиасаа хуваалцахдаа Тэнгэрлэг Эцэгээс удирдамж ирэхийн төлөө залбирч байна.

1833 онд Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд эрүүл амьдрах төлөвлөгөөг илчилсэн. Тэрхүү төлөвлөгөө нь Сургаал ба Гэрээний 89-р хэсэгт байдаг бөгөөд үүнийг Мэргэн ухааны үг гэдэг. Энэ нь бидэнд идэх хоол хүнсний маань талаар тодорхой удирдамж өгч, биед хор нөлөөтэй зүйлсийг хэрэглэхийг хориглосон байдаг.

Их Эзэний зарлигуудад дуулгавартай байж, Mэргэн ухааны үгийг итгэлтэй сахидаг хүмүүст тодорхой амлалт өгөгдсөн байдаг бөгөөд үүнд сайн эрүүл мэнд, бие бялдрын нэмэлт хүч тэнхээ багтдаг.1

Саяхан би эдгээр амлалтын тод нотолгоо болох жинхэнэ баримтыг уншсан юм. Сүмийн итгэлтэй гишүүн Жон А.Ларсэн дэлхийн II дайны үед USS Cambria хөлөг дээр Нэгдсэн Улсын эргийн харуулаар үйлчилж байжээ. Филиппинд болсон тулааны үеэр дайсны бөмбөгдөгч онгоцны баг болон камиказе буюу онгоцоороо байг мөргөх баг ирж явааг дуулгасан мэдээ иржээ. Тэр даруй цэргүүдээ татах тухай тушаал өгсөн байна. USS Cambria аль хэдийн хөдөлсөн байсан тул Жон болон түүний гурван хамтрагч төхөөрөмж хэрэгслээ цуглуулан, эргээс хөдөлж байгаа онгоцнуудын нэг нь тэднийг хөлөг рүү нь хүргэж өгөх байх гэж найдаад, эрэг рүү яаран очжээ. Аз болоход, цэргүүд болон тээврийн хэрэгсэл зөөдөг завь тэднийг суулган, эргээс хөдөлж байсан хамгийн сүүлийн хөлөг рүү хурдлан явав. Хөдөлж байсан хөлгийн тавцан дээрх эрчүүд аль болох түргэн хугацаанд цэргүүдээ татахыг хичээн, завгүй ажиллаж байсан тул тэднийг тавцан руу авираад гарчих байх гэж найдан, олс л шидэж өгчээ.

Хүнд радио нуруундаа үүрсэн Жон 12 м урт олсны үзүүрээс зууран, задгай тэнгис рүү хөдлөн явж байсан хөлгийн хажууд дүүжлэгдэн байлаа. Тэрээр олсыг алдах л юм бол үхнэ гэдгээ мэдэж байсан бөгөөд хоёр гараараа ээлжлэн татаж, дээш мацав. Олсны дөнгөж гуравны нэгд очоод байхад түүний гар тэсэхийн аргагүй өвдөж, сульдан, удаан барьж чадахгүй мэт санагджээ.

Тамир тэнхээ нь барагдсан Жон хувь тавилангаа аймшигтайгаар төсөөлөн бодох зуур Бурханд хандан, Мэргэн ухааны үгийг үргэлж дагаж, журамтай амьдарч байснаа мөн одоо түүнд амлагдсан адислалууд хэчнээн их хэрэгтэй байгааг учирлан хэлж, дотроо залбирчээ.

Хожим нь Жон залбирч дууссаныхаа дараа тамир тэнхээгээ үлэмж их нэмэгдэхийг мэдэрсэн тухай ярьсан. Тэрээр олсоор дахин нэгэнтээ ухасхийн авирахдаа бараг нисэх шахам гарчээ. Тавцан дээр гарах үед тэр ямар ч түвэггүй, хэвийн амьсгалж байв. Мэргэн ухааны үгэнд амласан эрүүл мэнд, нэмэлт хүч тэнхээ түүнд өгөгдсөн ажээ. Тэрээр тэр үед болон үлдсэн амьдралынхаа турш тусламж хүссэн цөхрөнгүй залбиралд нь хариулсны төлөө Тэнгэрлэг Эцэгтээ талархлаа илэрхийлсээр байсан.2

Ах нар аа, бид тэнгэрээс өгөгдсөн төлөвлөгөө болох Мэргэн ухааны үгэнд заасан зарчмуудыг даган, бие махбод, оюун санаандаа санаа тавих хэрэгтэй. Би Мэргэн ухааны үгийг дагаснаар ирэх гайхамшигт адислалыг бүх зүрх сэтгэл, бие махбодоороо гэрчилж мөн ийм байгаасай хэмээн Их Эзэн Аврагч Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.

Эшлэлүүд

  1. Сургаал ба Гэрээ 89:18–21-ийг үзнэ үү.

  2. Жон A.Ларсэн, in Robert C. Freeman and Dennis A. Wright, comps., Saints at War: Experiences of Latter-day Saints in World War II (2001), 350–51; зөвшөөрлөөр ашиглав.