2010–2019
Сионы эгч нараа, хүч чадалтай байж, өндийн босоцгооё
2016 оны 10-р сар


Сионы эгч нараа, хүч чадалтай байж, өндийн босоцгооё

Гэрээгээ сахьдаг хөрвөгчид байхын тулд бид сайн мэдээний үндсэн сургаалуудыг судалдаг, тэдгээрийн үнэний талаар гуйвшгүй гэрчлэлтэй охид, эмэгтэйчүүд байх хэрэгтэй.

Би Сүмийн охид, эмэгтэйчүүдийг энэ чуулганы төвд цугларсан байгаад маш их баяртай байна. Бас дэлхий даяар олон мянган эгч хэсэг хэсгээрээ цугларч, энэхүү үйл ажиллагааг үзэж байгаа гэдгийг бид сайн мэдэж байна. Биднийг энэ үдэш эв нэгдэл, нэгэн зорилго дор хамтдаа нэгдэх боломж олгосон уг аз завшаан, учир шалтгаанд би талархаж байна.

2006 оны 10-р сард ерөнхийлөгч Гордон Б.Хинкли 1911 онд зохиогдсон “Бурханы эрсээ сэрцгээ”1 хэмээх Сүмийн дууллаар нэрлэсэн үгээ хэлсэн юм. Энэ нь Сүмийн эрэгтэйчүүдэд хандан өндийн босож, өөрсдийгөө сайжруулахын төлөө үйлдэл хийх дуудлага байсан. Та нартай юу хуваалцахаа мэдэхээр намайг залбирах үед түүний хэлсэн үг оюун санаанд минь цуурай мэт орж ирж билээ.

Эгч нар аа, бид “хэцүү цаг”2 үед амьдарч байна. Бидний хувьд өнөө үеийн нөхцөл байдлууд гэнэтийн зүйл байх ёсгүй. Биднийг бэлтгэлтэй байлгахын тулд эдгээрийг мянган жилийн турш сэрэмжлүүлэг, анхааруулга, зөгнөл байдлаар сануулсаар ирсэн. Мормоны 8-р бүлэгт өнөө үеийн нөхцөл байдлыг сэтгэл шимширтэл үнэн зөв тодорхойлдог. Энэ бүлэгт Моронай дайн тулаан, дайны цуурхал, асар их жигшил зэвүүцэл, аллага, дээрэм, Бурханы мэлмийд зөв эсвэл буруу зүйл гэж байдаггүй гэж бидэнд хэлэх хүмүүс зэрэг бидний үеийг олж харснаа хэлдэг. Тэрээр бардамналаар дүүрч, үнэтэй хувцсанд шунан дурлаж, шашныг шоолон басамжилдаг хүмүүсийн тухай өгүүлсэн байдаг. Тэр “гачигдалтай, мөн нүцгэн, мөн шаналсан нь хажуугаар”3 өнгөрөхөд анзаардаггүй, дэлхийн зүйлүүдэд хэт автсан хүмүүсийг мөн харуулсан.

Moронай энэ цаг үед амьдарч байгаа бидэнд өөртөө дүгнэлт хийж болох нэгэн асуултыг тавьдаг. Тэрээр “Яагаад та нар Христийн нэрийг өөрсөд дээрээ авахаас ичнэ вэ?” хэмээн асуусан.4 Энэ шүүмжилсэн асуулт дэлхийд улам бүр ихсэж буй шашнаас ангид байдлыг маш зөв тодорхойлдог.

Иосеф Смитийн орчуулсан Матай номонд эцсийн өдрүүдэд “гэрээний дагуу сонгогдсон”5 хүмүүс ч гэсэн хууран мэхлэгдэнэ гэдгийг дурдсан байдаг. Гэрээний хүмүүс гэдэгт баптисм хүртэж, Тэнгэрлэг Эцэгтэйгээ гэрээ хийсэн Сүмийн охид, эмэгтэйчүүд орно. Бид ч гэсэн хуурамч сургаалуудад мэхлэгдэх эрсдэлтэй.

Эгч нар аа, би цаашид нөхцөл байдал сайжирна гэж итгэхгүй байна. Одоогийн чиг хандлагыг шинж тэмдэг гэж үзвэл, бид ирэх сорилт бэрхшээлд урьдаас бэлтгэлтэй байх хэрэгтэй. Цөхрөх үедээ гараа өргөн бууж өгөх нь амархан хэдий ч гэрээт хүмүүс бид хэзээ ч цөхрөх ёсгүй. Ахлагч Гари И.Стивэнсон “цаг хугацааны бүрэн байдлын үед амьдарч байгаа маань хэцүү цаг үед амьдарсны төлөө Тэнгэрлэг Эцэгээс бидэнд олгож буй нөхөн төлбөр”6 гэж хэлсэн. Надад энэ тодорхойлолтоос ирэх тайтгарал таалагддаг.

Жилийн өмнө ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Сүм, Сүмийн сургаал, бидний амьдралын хэв маяг руу чиглэсэн дайралт нэмэгдэх болно. Тиймээс бидэнд Христийн сургаалын талаар баттай ойлгон, үүнийгээ зааж, нүглийг эсэргүүцэж чадах үр удмыг өсгөх эмэгтэйчүүд хэрэгтэй. Бидэнд бүх төрлийн хууран мэхлэлтийг илрүүлж чадах эмэгтэйчүүд хэрэгтэй байна. Бидэнд гэрээгээ сахиж, итгэл үнэмшлээ өөртөө итгэх итгэл, энэрлээр илэрхийлдэг мөн хүмүүст Бурханы өгдөг хүчийг хэрхэн ашиглахыг мэддэг эмэгтэйчүүд хэрэгтэй. Бидэнд Ева шиг зоригтой, алсын хараатай эмэгтэйчүүд хэрэгтэй байна”7 гэж хэлсэн билээ.

Энэ захиас нь өнөө үеийн нөхцөл байдлыг үл харгалзан баясаж, өөдрөг үзэлтэй байх олон шалтгаан бидэнд байгаа гэдгийг надад баталж өгдөг. Эгч нар бидэнд эцсийн өдрүүд дэх амьдралын сорилт бэрхшээлийг даван туулах боломж олгох төрөлхийн итгэл, хүч чадал байдаг гэдэгт би бүх зүрх сэтгэлээрээ итгэдэг. Шэри Дю эгч “Гэрээгээ сахигч эмэгтэйчүүд бид хөрвөлтийн бүрэн нөлөөг ашиглаж сурах мөчид Бурханы хаант улс нэг шөнийн дотор өөрчлөгдөх болно гэдэгт би итгэдэг”8 гэж бичсэн.

Ийнхүү хөрвөгдөж, гэрээнүүдээ сахихад сайтар бодож төлөвлөсөн хүчин зүтгэл шаардагддаг. Ингэхийн тулд бид сайн мэдээний үндсэн сургаалуудыг судалдаг, тэдгээрийн үнэний талаар гуйвшгүй гэрчлэлтэй охид, эмэгтэйчүүд байх хэрэгтэй. Миний бодож байгаагаар хүчтэй гэрчлэлтэй болохын үндэс суурь болдог мөн бидний ойлголтод чухал ач холбогдолтой гэж үздэг гурван хэсэг бий.

Нэгдүгээрт, бид Бурхан Мөнхийн Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр нь бидний итгэл, авралд чухал ач холбогдолтойг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Есүс Христ бол бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч юм. Бид Түүний Цагаатгалыг мөн үүнийг хэрхэн өдөр бүр хэрэгжүүлж болохыг судалж, ойлгох хэрэгтэй. Наманчлал нь бидний хүн нэг бүрийг уг зам дээр үлдээх хамгийн агуу адислалын нэг юм. Бид Есүс Христийг бидний гол үлгэр жишээ бөгөөд бидний хэн болох хэрэгтэй байгаагийн үлгэр дуурайл гэж харах нь зүйтэй. Бид Христийн сургаалыг агуулсан Эцэгийн агуу авралын төлөвлөгөөний тухай гэр бүлдээ болон ангидаа тасралтгүй заах хэрэгтэй.

Хоёрдугаарт, бид энэ хожмын өдрүүдэд сургаал, зохион байгуулалт, эрх мэдлийн түлхүүрүүдийг сэргээх шаардлагатай байсныг ойлговол зохино. Бид бошиглогч Иосеф Смит нь энэхүү сэргээлтийг тохиолгон авчрахаар тэнгэрлэгээр сонгогдож, Их Эзэнээр томилогдсон талаар гэрчилж мөн эрт дээр үед оршиж байсан Христийн сүмийн дагуу Сүмийн эмэгтэйчүүдийг зохион байгуулсан гэдгийг мэддэг байх хэрэгтэй.9

Гуравдугаарт, бид ариун сүмийн ёслол, гэрээнүүдийг судалж, ойлгох шаардлагатай. Ариун сүм нь бидний ариун нандин итгэлийн гол төвд байрладаг бөгөөд Их Эзэн биднээс ариун сүмд орж, тунгаан бодож, суралцан, хувийн санаа зорилго, хүсэлтээ дор бүрнээ олж аваасай гэж хүсдэг. Бид ариун сүмийн ёслолуудаар дамжуулан амьдралдаа бурханлаг чанарын хүч илэрхийлэгддэг10 болохыг мөн түүнчлэн ариун сүмийн ёслолуудын ачаар бид Бурханы сүр хүчээр зэвсэглэж мөн Түүний нэр, алдар суу бидний эргэн тойронд байж, тэнгэр элчүүд бидний дээр захирч байдгийг ойлгох болно.11 Бид эдгээр амлалтын хүчийг бүрэн ашигладаг болов уу?

Эгч нар аа, энд байгаа хамгийн бяцхан үзэгч хүртэл итгэлээр өндийн босож, Бурханы хаант улсыг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж чадна. Хүүхдүүд судраас уншиж эсвэл сонсож, өдөр бүр залбиран, ариун ёслолыг бүрэн утгаар нь хүртсэнээр өөрсдийн гэсэн гэрчлэлтэй болж эхэлдэг. Бүх хүүхэд, залуу эмэгтэй гэр бүлийн үдшийг дэмжиж мөн бүрэн оролцогчид байж чадна. Танай гэр бүлийнхэн гэр бүлийн залбирал хийхээр цугларах үед та хамгийн түрүүнд өвдөг сөгддөг хүн нь байж чадна. Таны гэр орон төгс бус ч гэсэн сайн мэдээнд итгэлтэй амьдрах таны хувийн үлгэр дуурайл гэр бүлийнхэн болон найз нөхдийн тань амьдралд нөлөөлж чадна.

Сүмийн залуу эмэгтэйчүүд өөрсдийгөө санваараар удирдуулсан авралын ажлын ажиглагч, дэмжигчид гэж биш, харин чухал оролцогчид гэж харах хэрэгтэй. Та нар дуудлага авч, уг ажлын хүч чадал, эрх мэдэлтэй удирдагчаар үйлчлэхийн тулд санваарын түлхүүрүүдийг атгадаг хүмүүсээр онцгойлон адислагддаг. Та нар ангийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд дэх дуудлагаа эрхэмлэн биелүүлж, сүнслэг байдлын хувьд бэлтгэн, хамтдаа зөвлөлдөж, ангийн гишүүдэд хүрч үйлчлэн, нэг нэгэндээ сайн мэдээг зааснаар ажлынхаа арга барилыг олох бөгөөд та өөрөө төдийгүй тантай хамт үйлчлэх хүмүүс хүртэл адислагдах болно.

Эмэгтэйчүүд бүхэн өөрийгөө санваарын ажил дахь зайлшгүй чухал оролцогч гэж үзэх хэрэгтэй. Энэ Сүмийн эмэгтэйчүүд ерөнхийлөгч, зөвлөх, багш, зөвлөлийн гишүүн, эгч, ээж байдаг бөгөөд хэрэв бид өндийн босож, үүргээ итгэлтэйгээр биелүүлэхгүй бол Бурханы хаант улс үйл ажиллагаагаа явуулж чадахгүй. Заримдаа бид юу болж болох талаар илүү агуу алсын хараатай байх хэрэгтэй.

Зураг
Малдонадо эгч Оскарсон эгчтэй хамт

Би саяхан Мексикт дуудлагаа итгэлтэйгээр эрхэмлэн биелүүлэх гэдэг нь юу гэсэн утгатай болохыг ойлгосон нэгэн эгчтэй уулзсан юм. Марфисса Малдонадо гурван жилийн өмнө өсвөр үеийнхэнд ням гаргийн хичээл заахаар дуудагджээ. Тэрээр анх дуудагдахдаа 7 суралцагчтай байсан бол одоо тогтмол ирдэг 20 суралцагчтай болсон байна. Би түүнээс ийм олон суралцагчтай болохын тулд юу хийснийг нь гайхасхийн асуусан. Тэрээр даруухнаар “Өө, энийг би ганцаархнаа хийгээгүй. Ангийн бүх гишүүн тусалсан” гэж хэлэв. Тэд хамтдаа ирцэн дээрх идэвхгүй хүмүүсийн нэрсийг хараад, гэрт нь очиж, Сүмд эргэн ирэхэд урьж эхэлсэн байна. Тэд бас хичээж чармайснаар нэг хүнийг баптисм хүртээлгэжээ.

Зураг
Мексик дэх ням гаргийн анги

Малдонадо эгч олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр ангийнхаа гишүүдэд зориулан “Би Бурханы хүүхэд” нэртэй хуудас нээж, тэндээ долоо хоногт хэд хэдэн удаа урам зориг өгөх бодол, судруудыг тавьдаг аж. Тэр суралцагчдадаа даалгавар, урам дэм хайрласан зурвас байнга илгээдэг. Тэр тэдэнтэй хамгийн их ойр арга замаар заах нь туйлын чухал гэж үздэг бөгөөд энэ нь ч үр дүнгээ өгч байна. Тэр надад энгийнээр “Би суралцагчдадаа хайртай” гэж хэлсэн. Түүнийг тэдний хичээл зүтгэлийн талаар ярих үед би хайрыг нь мэдэрч байлаа. Мөн тэр итгэлтэй бөгөөд итгэлээрээ үйлддэг ганцхан хүн Их Эзэний тусламжтайгаар энэ ажилд ямар их зүйл гүйцэтгэж болохыг үлгэр жишээгээрээ сануулсан.

Өсвөр үеийнхэн маань өдөр бүр хэцүү асуулттай тулгардаг бөгөөд бидэнд хариулт олох гэж зүдэрч байгаа ойр дотны хүмүүс ч байдаг. Тухайн асуултуудад хариулт байгаа гэдэг нь сайхан мэдээ юм. Удирдагчдынхаа өгсөн сүүлийн үеийн захиасуудыг сонс. Биднийг Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөг судалж, ойлгоход уриалан дуудсаар байна. Мөн бидэнд гэр бүлийн тунхгийн зарчмуудыг сануулсаар байна. Нарийн бөгөөд шулуун зам дээр байхад хэрэглэгдэх шугам мэт эдгээр эх сурвалжийг ашиглаж, заахад биднийг урамшуулсан.12

Жил орчмын өмнө би интернэтээс болон сургуулиас олж авах олон сөрөг нөлөөллөөс хоёр бяцхан хүүхдээ хамгаалахын тулд идэвхтэй арга хэмжээ авахаар шийдсэн нэгэн ээжтэй уулзсан юм. Тэр долоо хоног бүр интернэтээр хамгийн их ярьж буй сэдвээс нэгийг сонгоод, долоо хоногийн турш хүүхдүүд нь асуулт тавьж болох чухал ярилцлагыг тэдэнтэй өрнүүлснээр хүүхдүүдийнхээ ихэвчлэн хэцүү гэгдэх асуудлуудын талаар зохистой, олон ургалч үзэл бодол олж авч байгаа эсэхэд анхаарлаа хандуулж чаддаг байна. Тэр гэр орноо асуулт тавьж, сайн мэдээний чухал заавар авч болох аюулгүй газар болгож байлаа.

Бид бусдыг гомдоохоос зайлсхийдэг орчинд амьдарч байгаа болохоор заримдаа зөв зарчмуудыг заахаас зайлсхийдэг болсон байх гэж би санаа зовж байна. Бид гэрлээгүй, хүүхэдтэй болж чадахгүй байгаа хүмүүсийг гомдоохгүйн тулд эсвэл ирээдүйд хийх сонголт нь хязгаарлагдсан мэт харагдуулахыг хүсдэггүй учраас эх хүн болоход бэлтгэх нь хамгийн эрхэм чухал шийдвэр болохыг залуу эмэгтэйчүүдэд зааж чаддаггүй. Нөгөө талаас, бид боловсрол нь гэрлэлтээс илүү чухал гэдэг ойлголт төрүүлэхийг хүсээгүй учраас боловсролын ач холбогдлыг бас онцолж чаддаггүй байж мэднэ. Бид ижил хүйстэндээ сэтгэл татагддаг хүмүүсийг гомдоохыг хүсдэггүй учраас Тэнгэрлэг Эцэг маань эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондоо гэр бүл болох талаар тодорхойлсныг тунхаглахаас зайлсхийдэг. Мөн бид жендерийн асуудлууд эсвэл эрүүл бэлгийн харилцааны талаар ярилцахад тийм ч таатай бус хандаж мэднэ.

Эгч нар аа, бид мэдрэмжтэй байдлаа ашиглах хэрэгтэй нь мэдээж. Гэхдээ бүгдээрээ хүүхэд, өсвөр үеийнхнээ амьдарч буй дэлхий дээр нь залуурдаж, тэдэнд ойлгох ёстой сайн мэдээний чухал зарчмуудыг заахдаа өөрсдийн эрүүл ухаанаар, авралын төлөвлөгөөний тухай ойлголтоо зоригтой, шулуун шударга заацгаая. Хэрэв бид хүүхэд, өсвөр үеийнхэндээ үнэн сургаалыг заахгүй аваас мөн үүнийг тодорхой гэгч заахгүй бол дэлхий тэдэнд Сатаны худал хуурмагийг заах болно.

Би Есүс Христийн сайн мэдээнд хайртай. Мөн би Бурханы гэрээт охины хувьд хүлээн авдаг өдөр тутмын тусламж, хүч чадал, удирдамжиндаа мөнхөд талархаж явдаг. Их Эзэн биднийг энэ хэцүү цаг үед амьдарч буй эмэгтэйчүүдийн хувьд Их Эзэн Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэхэд нь туслахад шаардлагатай бүх хүч чадал, бэлэг, эрч хүчээр адисалсан гэдгийг би гэрчилж байна. Бид бүгд өөрийн жинхэнэ чадавхыг олж харан, Тэнгэр дэх Эцэгт маань хэрэгтэй байгаа итгэлтэй, зоригтой эмэгтэйчүүд болохын тулд өндийн босоосой хэмээн би залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.