2010–2019
Гэтэлгэлийн агуу төлөвлөгөө
2016 оны 10-р сар


Гэтэлгэлийн агуу төлөвлөгөө

Бид үнэхээр наманчлах юм бол нүгэл маань ямар ч ул мөр үлдээлгүй алга болно гэдгийг би мэднэ.

Ерөнхийлөгч Боид К.Пакэрийг нас барахаас хэдэн сарын өмнө санваарын болон туслах бүлгийн ерөнхий удирдагчдад түүнийг үгийг сонсох үнэ цэнтэй боломж олдсон билээ. Түүний хэлж байсан үг одоо хүртэл бодол санаанаас минь гардаггүй. Тэр туулсан амьдралаа эргэн харж, үйлдсэн болон чин сэтгэлээсээ наманчилсан нүглээс нь ул мөр үлдсэн эсэхийг хайж, ямар ч ул мөр үлдээгүй болохыг олж мэдсэнээ бидэнтэй хуваалцсан. Бидний хайрт Аврагчийн цагаатгагч золиослол, наманчлалаар дамжуулан түүний нүгэл ул мөргүй, хэзээ ч хийгээгүй мэт алга болсон билээ. Мөн ерөнхийлөгч Пакэр тэр орой чин сэтгэлээсээ наманчилж буй хүн нэг бүрд энэ нь үнэн байдаг гэдгийг гэрчлэх үүрэг даалгаврыг удирдагч бидэнд өгсөн юм.

Хэдэн жилийн өмнө ёс суртахууны нүгэл үйлдсэн нэгэн эрэгтэйг би мэднэ. Тэр удаан хугацааны турш эхнэртээ болон санваарын удирдагчдадаа хандахаас ичиж, санаа нь зовж байжээ. Тэр бүрэн наманчлахыг хүсэж байсан ч нүглээ наманчилснаас болж үүсэх харамсал, гутамшиг болон бусад үр дагаврыг эхнэр, хүүхдүүддээ үүрүүлэхийн оронд өөрийн мөнхийн авралаас татгалзахад бэлэн байв.

Израилийн шүүгчийн хувьд санваарын түлхүүрээр дамжуулан амьдралыг маань адисалж чадах бишоптоо нүглээ хүлээх зэрэг бидний нүглийн талаар мэдсэнээс ирэх гай зовлонгоос бусдыг хамгаалах нь амин хувиа хичээгээгүй үйлдэл юм гэдэгт биднийг нүгэл үйлдсэн үед Сатан итгүүлэхийг оролддог. Гэхдээ үнэндээ хамгийн амин хувиа хичээгээгүй, Христийнхтэй адил үйлдэл бол нүглээ хүлээж, наманчлах явдал юм. Энэ бол Тэнгэрлэг Эцэгийн гэтэлгэлийн агуу төлөвлөгөө билээ.

Эцсийн эцэст уг эрэгтэй итгэлтэй, үнэнч эхнэртээ болон Сүмийн удирдагчдадаа нүглээ хүлээж, үнэхээр их харамсаж байгаагаа илэрхийлжээ. Хэдийгээр энэ нь түүний хийж байсан хамгийн хүнд зүйл байсан ч тайвшрал, амар амгалан, хайр, Аврагчид талархах мэдрэмж болон Их Эзэн түүний ачааг хөнгөлж, нуруун дээрээ үүрч явсан хэмээх мэдлэг нь ямар үр дүн, ирээдүй хүлээж байгаагаас үл шалтгаалан түүнд үгээр ч илэрхийлэмгүй баяр баясгалаг авчирсан юм.

Зураг
Аврагч тайтгаруулж байгаа нь

Эхнэр, хүүхдүүд нь зовно гэдгийг мөн сахилгын арга хэмжээ авч, дуудлагаасаа чөлөөлөгдөнө гэдгийг тэр бас баттай мэдэж байсан. Мэдээж тийм зүйл болсон. Эхнэр нь уй гашууд автаж, гомдож, уурлана гэдгийг ч тэр мэдэж байсан. Үнэхээр тийм зүйл болсон. Харин эхнэр нь хүүхдүүдээ авч явна гэдэгт итгэлтэй байсан ч тийм зүйл болоогүй юм.

Заримдаа ноцтой зөрчил гаргах нь гэр бүл салахад хүргэдэг бөгөөд ингэх нь нөхцөл байдлаас шалтгаалан зайлшгүй шаардлагатай ч байж болох юм. Харин энэ эрийн гайхлыг төрүүлсэн зүйл бол эхнэр нь түүнийг хүлээн авч, чадлынхаа хэрээр бүх зүйлд нь туслахад өөрийгөө зориулсан явдал байлаа. Хэсэг хугацаа өнгөрсний дараа эхнэр нь нөхрөө бүрэн уучилж чадсан юм. Тэрээр Аврагчийн Цагаатгалын эдгээгч хүчийг мэдэржээ. Олон жилийн дараа энэ хос хоёр хүүхдийнхээ хамт хүчтэй, итгэлтэй хэвээр байна. Эхнэр, нөхөр хоёр ариун сүмд үйлчилж, гэрлэлт нь гайхамшигтай, бат бөх, хайраар дүүрэн байгаа билээ. Энэ эрэгтэйн гүн гүнзгий гэрчлэл, хайр, Аврагчид талархаж явдаг нь тэдний амьдралаас харагддаг.

Амюлек “Тийм ээ, та нар ирж мөн зүрх сэтгэлээ цаашид бүү хатууруулаасай хэмээнэ би; … хэрэв та нар наманчилж зүрх сэтгэлээ хатууруулахгүй аваас, гэтэлгэлийн агуу их төлөвлөгөө тэр даруй та нарт үйлчлэх болно”1 хэмээн гэрчилсэн билээ.

Нөхөртэйгөө хамт нэгэн номлолыг удирдахаар үйлчилж байхдаа бид нэлээд том номлогчдын групийг тосож авахаар онгоцны буудал явсан юм. Тэдний дундаас нэгэн залуу бидний анхаарлыг татлаа. Тэр их гунигтай, сэтгэл санаагаар унасан, бараг л айж ичсэн байдалтай харагдав. Бид түүнийг тэр өдрийн турш анхааралтай ажигласан юм. Орой болоход тэр залуу хожуу ч болов хийсэн нүглээ хүлээсэн бөгөөд удирдагчид нь түүнийг гэр рүүгээ буцах хэрэгтэй гэж үзсэн байна. Хэдийгээр тэр худал хэлж, номлолдоо гарахаасаа өмнө нүглээ наманчлаагүй байсан ч бид онгоцны буудал руу буцах замд түүнийг үнэнээ хүлээх зүрх зориг гаргасанд нь чин сэтгэлээсээ хайрлаж, магтан сайшааж, түүнтэй холбоотой байхаа амласан юм.

Тэр сайн залуу гайхамшигтай эцэг эх, агуу санваарын удирдагчид, дэмжиж, хайрладаг тойргоор адислагдсан байсан. Тэр бүтэн жилийн турш бүрэн наманчилж, Аврагчийн Цагаатгалаас хүртэхийн тулд шаргуу ажилласны эцэст номлолдоо эргэж ирэх боломжтой болсон билээ. Уг залууг онгоцны буудлаас тосож авахдаа мэдэрсэн баяр баясгаланг үгээр илэрхийлэхийн аргагүй. Тэр Сүнсээр дүүрэн, Их Эзэний өмнө аз жаргалтай, нүүр бардам зогсож, номлолдоо итгэлтэйгээр үйлчлэхийг тэсэн ядан хүлээж байсан. Тэр ер бусын сайн номлогч болсон бөгөөд хожим нь нөхөр бид хоёрт ариун сүмийн лацдан холболтонд нь оролцох боломж гарсан юм.

Харин үүний эсрэг тохиолдлыг би яръя. Номлолд гарахаасаа өмнө үйлдсэн нүглээ наманчлаагүй учраас гэр рүү нь буцаана гэдгийг мэдэж байсан тул номлолынхоо туршид онцгой хүчин чармайлт гаргаж, номлолоо дуусгахаас хэдхэн хоногийн өмнө номлолын ерөнхийлөгчдөө хэлнэ гэсэн төлөвлөгөө гаргасан нэгэн номлогчийг би бас мэднэ. Түүнд бурханлаг харуусал дутсан бөгөөд тэрээр хайрт Аврагчийн маань бидний хүн нэг бүрд олгосон наманчлалын замаас зайлсхийхийг оролдсон юм.

Нэгэн удаа нөхөр маань номлолд байхдаа нэг эрэгтэйтэй баптисмын ярилцлага хийхээр явахад би хамт явсан юм. Нөхрийгөө ярилцлага хийж байх үеэр би хичээл заасан номлогч эгч нартай нь хамт гадна хүлээж байлаа. Ярилцлага дууссаны дараа нөхөр маань уг эрэгтэйг баптисм хүртэх боломжтой гэдгийг номлогчдод нь хэлэв. Тэр гайхамшигтай эрэгтэй эхэр татан уйлж, амьдралдаа хийсэн ноцтой нүгэл нь баптисм хүртэхэд саад болно гэдэгт баттай итгэж байснаа тайлбарлан ярьж байсан. Би тэр өдөр гэрчилсэнтэй адил, харанхуйгаас гэрэлд гарч ирсэн хүний баяр баясгалан, аз жаргалыг цөөхөн удаа л харж байсан.

Зураг
Аврагч найдвараар хангадаг

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Нүглүүдийг уучлан, бодьгалуудыг ариусган цэвэрлэх хүчтэй нигүүлсэнгүй Гэтэлгэгчид итгэх итгэлтэйгээр цөхрөлийг найдвараар солих боломжтой. Нэгэнт зүрх сэтгэл, хүсэл өөрчлөгдөхөд сэтгэл хуурах нүглүүд улам бүр жигшүүртэй, үзэн ядмаар болдог. …

Наманчлалын төлбөр нь ямар байсан ч энэ нь уучлалын баяр баясгалангаар дүүрэн байдаг”2 гэж гэрчилсэн юм.

Эдгээр туршлага надад Мормоны Номон дээрх “хүчит залбирлаар [Их Эзэнээс] гуйсан” мөн “Инос нүглүүд чинь өршөөгдсөн, мөн чи адислагдах болно” хэмээх үгсийг сонссон Иносыг санагдуулдаг. …

“Мөн би, Инос Бурхан худал хэлж эс чадахыг мэднэ; иймийн тул, миний гэм зайлуулагдсан бөлгөө.

Мөн би хэлэв: Их Эзэн, энэ хэрхэн бүтэв?

Мөн тэрээр надад хэлэв: Христэд итгэлтэйн чинь учир буюу. … яв, итгэл чинь чамайг эдгээлээ.”3

Би энэ үгийг бэлдэж байхдаа ач, зээ нар маань наманчлалын талаар бас Аврагчийн талаар юу гэж боддогийг нь мэдэхийн тулд хүүхдүүддээ дараах асуултуудыг тавьсан юм. Ач, зээ нарын маань хариулт миний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн.

Наманчлал гэж юу вэ? “Та хэн нэгнийг цохьчихоод ‘уучлаарай’ гэж хэлээд, тэдэнд босоход нь тусалж болно.”

Та нар наманчлахдаа юуг мэдэрдэг вэ? “Та Түүнийг мөн Түүний халуун дотно хандлагыг мэдэрч чадна. Мөн муу муухай мэдрэмж алга болдог.”

Та нар наманчлахдаа Есүс, Тэнгэрлэг Эцэг хоёрын талаар юу мэдэрдэг вэ? “Есүс Цагаатгал хийсэн нь сайн хэрэг боллоо гэж бодож байгаа бөгөөд бид Түүнтэй дахин хамт амьдарч чадах учраас Тэр баяртай байгаа.”

Яагаад Есүс, Тэнгэрлэг Эцэг хоёр намайг наманчлаасай хэмээн хүсдэг вэ? гэх асуултад өсвөр насны зээ охин маань “Тэд бидэнд хайртай учраас л тэр. Би өсөж хөгжиж, Тэдэнтэй адил болохын тулд наманчлах хэрэгтэй. Мөн би Сүнсийг үргэлж бидэнтэй хамт байгаасай гэж хүсдэг учраас Түүний гайхамшигт нөхөрлөлийг мэдрэхийн тулд өдөр бүр наманчлах хэрэгтэй. Би хэзээ ч Тэдэнд хангалттай ихээр талархаж чадахгүй байх” гэж хариулсан юм.

Дөрвөн настай Брайнлий эдгээр асуултыг сонсоод, “Аав аа, би мэдэхгүй байна. Та надад заагаад өгөөч” гэж хэлж байсан.

Зураг
Брайнлии аавтайгаа хамт

Өнгөрсөн ерөнхий чуулган дээр Ахлагч Жэффри Р.Холланд “Гэхдээ дэндүү оройтчихсон гэж бодож байсан ч, өчнөөн олон боломжоо алдсан гэж бодож байсан ч, би чинь олон алдаа гаргасан хүн шүү дээ гэж бодож байсан ч, ямар нэг авьяас чадваргүй, эсвэл гэр орон гэр бүл, Бурханаас хэчнээн их холдчихсон мэт санагдаж байсан ч тэнгэрлэг хайрын хүрэх хязгаарын цаад талд та нар гараагүй шүү гэдгийг би та нарт гэрчилж байна. Христийн Цагаатгалын хязгааргүй гэрэл гэрэлтүүлж чадахааргүй тийм гүнзгий ангал руу та нар орно гэж байхгүй шүү”4 гэж тунхагласан юм.

Би хүүхдүүд, ач зээ, ах эгч, дүү маань болсон та нарынхаа хүн нэг бүрийг өдөр бүр гэм нүгэл, сул дорой байдлаа наманчилснаар Тэнгэрлэг Эцэгтэй болон Аврагчтай ойртон дотносож, баяр баясгаланг мэдрээсэй гэж ямар их хүсэж байна гээч! Тэнгэрлэг Эцэгийн хариуцлага хүлээх чадвартай хүүхэд бүр наманчлах шаардлагатай. Бид ямар нүглээ наманчлах хэрэгтэй вэ? Бидэнд юу саад болоод байна вэ? Бид ямар арга замаар сайжрах хэрэгтэй вэ? гэдгийг бодож үзээрэй.

Ерөнхийлөгч Пакэрийн туулж, гэрчилсэнчлэн бид үнэхээр наманчлах юм бол нүгэл маань ямар ч ул мөр үлдээлгүй алга болно гэдгийг би мэднэ. Би чин сэтгэлээсээ наманчилж, өршөөгдсөн болохоор хайр, баяр баясгалан, тайтгарлыг мэдэрч, Их Эзэний өмнө нүүр бардам зогсож байсан билээ.

Миний хувьд энэ амьдралын хамгийн агуу гайхамшиг бол Улаан тэнгисийг хувааж, уулсыг нүүлгэн, бие махбодыг эдгээсэн явдал биш юм. Бид Тэнгэр дэх Эцэгтээ даруухнаар залбирч, нүглээс маань өршөөхийг чин сэтгэлээсээ гуйн залбирснаар Аврагчийн цагаатгагч золиослолоор дамжуулан уг нүглээсээ цэвэршигддэг нь л хамгийн агуу гайхамшиг юм. Есүс Христийн ариун нэрээр, амен.