2010–2019
Зөв шударга шүүгч
2016 оны 10-р сар


Зөв шударга шүүгч

Зөв шударга шүүлтийг зөвхөн Есүс Христийн арга замаар буюу Түүнтэй адил байж л хийнэ.

Есүс Христ мөнх бус амьдралдаа ер бусын ухаалаг, тэвчээртэй, бусдыг хайрладаг шүүгч байсан. Судруудад бичигдсэнээр Тэр “зөв шударга шүүгч” (2 Тимот 4:8; Мосе 6:57) байсан бөгөөд бидэнд “зөв шударга шүүлтээр шүү[ж]” (Иосеф Смитийн Орчуулга, Матай 7:1–2 [Матай 7:1-ийн зүүлт тайлбар a]), “сайныг үйлдэхэд... [мөн] шударгаар шүүхэд … зөв хөтөлдөг тэр Сүнсэнд итгэлээ тавигтун” (С ба Г 11:12) хэмээн зөвлөсөн.

Түүний арван хоёр нифай дагалдагчдаа өгсөн дараах зөвлөгөө бидэнд Их Эзэний адилаар шүүхэд туслах болно: “Мөн шударга байх, та нарт миний өгөх шүүлтийн дагуу та нар энэ хүмүүсийн шүүгчид байх болно. … Тиймийн тул, та нар ямархуу маягийн хүмүүс байвал зохих билээ? Үнэнээр би та нарт хэлье, бүр миний адил буюу” (3 Нифай 27:27; тодотгол нэмэгдсэн). Тэр бидэнд Өөртэй нь адил бай гэсэн зөвлөгөөг өгөхдөө хэрхэн зөв шударга шүүх вэ гэсэн утгаар хэлсэн гэдгийг бид заримдаа мартдаг.

Шударга бус шүүлт

Зураг
Аврагч фарисайчууд, хуулийн багш нартай хамт

Фарисайчууд болон хуулийн багш нар Аврагчийг болон Түүнтэй хамт оройн хоол идэж буй хүмүүсийг “Энэ хүн нүгэлтнүүдийг хүлээн аван, тэдэнтэй хамт хооллодог” (Лук 15:2) гэцгээн, өөрсдөө нүгэлтнүүд гэдгээ умартан буруутгахад Тэрээр шударга бус шүүсэн тухай нэгэн шившигт жишээг алдагдсан хонины тухай сургаалт зүйрлэлээр өгдөг. Бусдыг буруушаах донтой фарисайчууд болон хуулийн багш нар алдагдсан хонио аврахын баяр баясгаланг хэзээ ч мэдрээгүй билээ.

Зураг
Аврагч завхайрлын нүгэл үйлдсэн эмэгтэйтэй хамт

Түүнээс гадна “хуулийн багш нар болон фарисайчууд” “завхайрч байгаад баригдсан нэгэн эмэгтэйг” (Иохан 8:3) Мосегийн хуулийн дагуу шүүх эсэхийг (5-р шүлгийг үзнэ үү) нь харахаар Аврагч дээр авчирдаг. Та нар энэ түүхийн үргэлжлэлийг мэднэ. Тэрээр хэрхэн шударга бус шүүснийх нь төлөө тэднийг даруусгаж, тэд хэрхэн “өөрсдийн гэм бурууг ойлгон,” “нэг нэгээр” гарч явсныг бид мэднэ (9-р шүлэг; тодотгол нэмэгдсэн). Дараа нь Аврагч уг эмэгтэйд хандан: “Би ч чамайг шийтгэхгүй. Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд гэлээ. Уг эмэгтэй тэр цагаас хойш Бурханыг алдаршуулж, түүний нэрэнд итгэх болсон” (Иосеф Смитийн Орчуулга, Иохан 8:11 [Иохан 8:11, зүүлт тайлбар в]) хэмээн хэлсэн байна.

Зураг
Аврагч завхайрлын нүгэл үйлдсэн эмэгтэйтэй ярьж байгаа нь

Та бидний дотор байдаг эгэл эрэгтэй, эмэгтэй бусдыг буруутган, шударга бусаар шүүж эсвэл өөрийгөө зөвтгөх гэдэг. Ийм зүйл бүр Аврагчийн дагалдагчид болох Иаков, Иохан хоёрт тохиолдсон. Тэд самаричуудын суурингийн хүмүүс Аврагчид хүндэтгэл үл үзүүлсэнд ихэд уурладаг (Лук 9:51–54-ийг үзнэ үү):

Зураг
Аврагч дагалдагчидтайгаа хамт

“[Тэд] үүнийг хараад, Түүнд-Эзэн, тэднийг сөнөөхийн тул тэнгэрээс гал буугтун гэж бид тушаахыг Та хүсэхсэн болов уу? гэхэд

Тэр эргэн тэднийг зэмлэв. Та нар ямар сүнснээс байгаагаа мэдэхгүй.

Учир нь Хүний Хүү хүмүүсийн амийг хөнөөхийн тулд биш, харин аврахаар ирсэн гэжээ” (54–56-р шүлэг).

Өнөөгийн “олон нийтийн шүүгч [ид]” (С ба Г 107:74) болох бишоп, салбарын ерөнхийлөгчид дээрх тохиолдолд Иаков, Иохан хоёрыг буруушаасны адил үйлдэл хийхээс зайлсхийх хэрэгтэй. Зөв шударга шүүгч наманчлалд энэрэнгүй сэтгэлээр, ойлгож хандана. Тухайлбал, алдаа гаргасан өсвөр насны хүү бишопоосоо Аврагчийн хайрыг мэдэрч, Цагаатгалын баяр баясгалан, эдгээх хүчинд өлгийдүүлэн, ичих, зовох зүйлгүй бишопынхоо өрөөнөөс гарах ёстой. Ингэж чадахгүй бол бишоп алдагдсан хургыг санаандгүй байдлаар, улам цаашаа, цөл газар руу үргээн хөөж болзошгүй юм (Лук 15:4-ийг үзнэ үү).

Сахилга бат

Гэхдээ энэрэнгүй сэтгэл нь сахилга баттай байх шаардлагыг үгүйсгэдэггүй. Discipline буюу сахилга бат гэсэн англи үг нь discere,—сурах буюу “discipulus,—”сурагч” гэсэн латин үгнээс гаралтай бөгөөд энэ нь disciple гэдэг үгийг шавь, дагалдагч гэсэн утгатай болгож байгаа юм.1 Их Эзэний арга барилаар сахилгажуулах гэдэг нь хайраар, тэвчээртэй байж заана гэсэн үг. Судруудад Их Эзэн сахилга батын талаар ярихдаа зэмлэх гэдэг үгийг түлхүү хэрэглэсэн байдаг (жишээлбэл, Мозая 23:21; С ба Г 95:1-ийг тус тус үзнэ үү). Chasten гэсэн англи үг нь цэвэр, ариун эсвэл ариусгахын тулд цэвэрлэх гэсэн утгатай castus, гэсэн латин үгнээс гаралтай.” Зэмлэх гэдэг нь цэвэршүүлэх гэсэн утгатай.2

Дэлхий дээр дэлхийн шүүгч хүнийг буруутган, шоронд түгждэг. Харин Мормоны Ном үүний эсрэг, бид санаатайгаар нүгэл үйлдэх юм бол “өөрсдөө шүүх сонгогчид” (Алма 41:7) болж, өөрсдийгөө сүнсний шоронд оруулдаг болохыг заадаг. Сонирхолтой нь, энэ тохиолдолд олон нийтийн шүүгчид шоронгийн хаалгыг нээх түлхүүрийг атгадаг бөгөөд “учир нь би цээрлүүллээрээ бүх зүйл дэх уруу таталтаас тэднийг чөлөөлөх замыг бэлтгэдэг авай” (С ба Г 95:1; тодотгол нэмэгдсэн). Зөв шударга шүүгчийн үйлдэл бусдыг буруутгадаггүй, харин энэрч, хайрлан, цагаатгасан байдаг.

Залуу Иосеф Смит алтан ялтсууд хүлээн авахынхаа өмнө “Их Эзэний зарлигуудыг сахиагүй учир”3 дөрвөн жил соригдож, шийтгүүлсэн. Хожим нь, Иосеф 116 хуудас гар бичмэлийг алга болгосон учраас дахин шийтгүүлсэн билээ. Хэдийгээр тэр чин сэтгэлээсээ гэмшсэн ч “мөн та нарын нүглүүд өршөөгдөхийн тулд өөрийн хайрладаг та нарыг би тэрчлэн гэсгээн цээрлүүлнэ” (С ба Г 95:1) хэмээн айлдсан учраас Их Эзэн хэсэг хугацаанд эрх мэдлийг нь буцааж авсан.

Иосеф: “Тэнгэр элч надад Урим ба Туммимыг эргүүлж өгөхдөө, Бурхан миний итгэл бишрэл, даруу байдалд баярлан, залбирлаараа харамсан гэмшиж, хичээнгүй байсны минь төлөө намайг хайрласныг хэлж, баяртай байлаа”4 хэмээн хэлсэн байдаг. Их Эзэн Иосефт зүрх сэтгэлийг нь өөрчлөх сургамж өгөхийг хүсэж байсан тул Тэр түүнээс сэтгэл өвтгөм золиослол хийхийг шаардсан. Учир нь золиослол сахилга баттай болохын нэн чухал хэсэг юм.

Золиослол

“Эрт цагт золиослол гэдэг нь хэн нэгнийг эсвэл ямар нэг зүйлийг ариун болгохыг хэлдэг байв”5 хэмээн зэмлэх гэдэг үгийн “ариусгах” гэсэн тодорхойлолттой харилцан хамааралтай болгон холбосон байна. Үүний адил, эртний Израильд, өршөөл нь нүглээр эсвэл гэмийн тахилаар золиослолоор дамжин ирдэг байжээ.6 Золиослол нь “их болоод эцсийн золиослолын зүг заа[сан]” (Алма 34:14) төдийгүй Аврагчийн Цагаатгалд талархах илүү гүн гүнзгий мэдрэмжийг төрүүлэхэд тусалдаг байв. Гэмшлийн нэгэн хэсэг болсон золиослолыг хийх хүсэлгүй байх нь тухайн нүглийг цагаатгахын төлөө Христийн хийсэн илүү агуу золиослолыг дорд үзэн, үл тоож байгаа хэрэг бөгөөд Түүний зовлон шаналлыг гутаан доромжилж байгаа буюу ач тусыг мэддэггүй, хүйтэн цэвдэг сэтгэлтний шинж тэмдэг юм.

Нөгөөтэйгүүр, бид золиослолын ачаар Түүний өршөөл, нигүүлсэл хэмээх мөнхийн үнэ цэнтэй зүйлийг болон эцэст нь “Эцэгт минь байгаа [бүхнийг]” (С ба Г 84:38) олж авдаг. Түүнээс гадна наманчлах үйл явцын нэгэн хэсгийн хувьд золиослол нь “ухамсрын гэмшлийг” (Алма 42:18) “ухамсрын амар амгалангаар” (Мозая 4:3) солиход тусалдаг эдгээгч тос болж өгдөг. Золиослол хийхгүй бол хүний сэтгэлд ямар нэгэн зүйл нуун дарагдуулсан гэх мэдрэмж үлдэх бөгөөд энэ нь түүнд өөрийгөө уучилж чадахгүй байх байдалд хүргэж болно.7

Эцэг эх зөв шударга шүүгч байх нь

Бидний дундаас цөөхөн хүн олон нийтийн шүүгч байхаар дуудагдах ч шударга шүүлтийн зарчмууд бидэнд бүгдэд нь, ялангуяа өдөр бүр эдгээр зарчмыг хүүхдүүддээ хэрэгжүүлэх боломжтой эцэг эхчүүдэд бүр ч их хамаатай. Хүүхдэд сайн зааж сургах нь сайн эцэг эх байхын мөн чанар бөгөөд харин хайраар сахилгажуулах нь зөв шударга шүүгч байхын мөн чанар билээ.

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит: “Хэрэв хүүхдүүд эсэргүүцэж, үгэнд орохгүй бол тэднийг хайраар ялан дийлэх хүртлээ тэвчээртэй ханд. … Тэгж чадвал та тэдний зан аашийг хүссэн [хэвэндээ оруулах] боломжтой”8 хэмээн заасан.

Бошиглогчид хэрхэн сахилгажуулах талаар заахдаа Христийнхтэй адил зан чанарын талаар байнга дурддаг байсан нь үнэхээр сонирхолтой. Сургаал ба Гэрээ нь сахилгажуулах талаар дараах олны мэдэх зөвлөгөөг бидэнд өгдөг. Сургаал ба Гэрээ бидэнд сахилга батын талаар дараах танил зөвлөгөөг өгдөг.

“Хүч буюу нөлөө нь санваарын ариун журмаар төдийгүй гагцхүү сэнхрүүллээр, тэсвэр тэвчээрээр, эелдэг зөөлөн хийгээд номхон дөлгөөнөөр, чин сэтгэлийн хайраар тэтгэгдэж чадах буюу байх ёстой ажгуу;

Нинжин сэтгэл, мөн цэвэр мэдлэгээр энэ нь зусардалтгүйгээр мөн заль мэхгүйгээр оюун санааг агуу ихээр өргөжүүлэн тэлдэг буюу.

Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн үед хурц тодоор, цагаа олж шүүмжил; ... мөн түүнийг хайрлах хайраа дараа нь нэмэгдүүлснээ харуул” (С ба Г 121:41–43).

Энэ судар бидэнд уурласан үедээ биш, харин “Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн үед”-ээ зэмлэ хэмээн заадаг. Ариун Сүнс, уур хилэн хоёр хоорондоо нийцдэггүй. Учир нь “зөрчилдөөний сүнстэй тэр нь надаас бус, харин зөрчилдөөний эцэг болох чөтгөрөөс болой, мөн тэрбээр хүмүүний зүрх сэтгэлийг ... уурлан зөрчилдөхөд өдөөн хатгадаг” (3 Нифай 11:29). Жорж Албэрт Смит: “Их Эзэний нөлөөн дор байх үед ихэвчлэн хахир хатуу үгийг хэлдэггүй. Их Эзэний Сүнс бол нинжин сэтгэл, тэвчээр, энэрэл, хайр, хүлцэнгүй байдал, удаан тэсвэрлэхийн сүнс юм. …

Гэхдээ бидэнд өө сэв хайх сүнс … хор хөнөөл учруулах хэр хэмжээнд байвал, тэр нь хэзээ ч бидний Тэнгэрлэг Эцэгийн Сүнсний нөхөрлөлийн үр дүн биш бөгөөд үргэлж аюултай зүйл байдаг.

… Нинжин сэтгэл нь хатуу зүрх сэтгэлийг нээж, зөрүүд бодгалийг зөөлрүүлэхээр Бурханаас бидэнд өгөгдсөн хүч юм”9 хэмээн заасан.

Хүүхдүүдийн маань жинхэнэ мөн чанар

Аврагч нифайчууд дээр айлчлан ирэхдээ хүүхдүүдтэй хамт нэгэн гайхалтай зүйл хийсэн.

Зураг
Аврагч нифай хүүхдүүдтэй хамт

“Мөнхүү улиран тохиох дор … цугласан олны хүүхдүүдэд тэрбээр зааж мөн тохинуулж, мөн тэрбээр тэдний хэлийг хурц болгон, мөн тэд агуу хийгээд гайхамшигт зүйлийг, бүр түүний хүмүүст илчилснээс ч илүү агуу эцгүүддээ ярьсан ажгуу. …

… Мөн тэд эдгээр хүүхдүүдийг харж мөн сонсоцгоов; тийм ээ, бүр нялхас ч амаа нээж мөн гайхамшигт зүйлийг хэлэв” (3 Нифай 26:14, 16).

Магадгүй Их Эзэн нялхсын амыг нээхээс илүүтэй гайхширан харах эцэг эхийн нь нүд, чихийг нээж байсан байж болох юм. Тэдгээр эцэг эх мөнх оршихуйг хальт харж, хүүхдүүдийнхээ жинхэнэ мөн чанар, мөнх бус байдлын өмнөх байр суурийг олж харах онцгой бэлгийг хүлээн авсан. Энэ нь эцэг эхчүүдийн үр хүүхдүүдээ харах харц, тэдэнд хандах хандлагыг үүрд мөнхөд өөрчлөөгүй гэж үү? Надад Гётегийн хэлсэн үгийн “[Хүүхдийг] харах харц тань тэдэнд хандах хандлага болдог бөгөөд тэдэнд хандах хандлага тань тэдний хэн [болохыг] тодорхойлдог”10 гэж өөрчилсөн нэгэн хувилбар таалагддаг. Хүүхдийн жинхэнэ мөн чанарыг санаж байх нь зөв шударга шүүгчийн алсын харааг тэнгэрлэгээр өдөөж байдаг зөн билэг юм.

Дүгнэлт

Ерөнхийлөгч Томас С.Монсон бидэнд хандан: “Шийдвэрлэх ёстой асуудлыг хайрлах ёстой хүнээсээ хэзээ ч илүүд бүү тавь”11 хэмээн заасан. Энэ зарчим зөв шударга шүүгчид болоход, ялангуяа өөрсдийн хүүхдүүдийн шүүгчид болоход ямар чухал гэж санана!

Зөв шударга шүүлтийг зөвхөн Есүс Христийн арга замаар буюу Түүнтэй адил байж л хийнэ. Тиймээс “та нар ямархуу маягийн хүмүүс байвал зохих билээ? Үнэнээр би та нарт хэлье, бүр миний адил буюу” (3 Нифай 27:27). Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. etymonline.com сайтаас “disciple”-ийг үзнэ үү.

  2. Merriam-Webster’s Collegiate Dictionary, 11th ed. (2003), “chasten”-ийг үзнэ үү.

  3. Karen Lynn Davidson and others, eds., Histories, Volume 1: Joseph Smith Histories, 1832–1844, vol. 1 of the Histories series of The Joseph Smith Papers (2012), 83.

  4. Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас Иосеф Смит (2007), 83–84; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн.

  5. Судруудын удирдамж, “Золиослол,” scriptures.lds.org.

  6. Bible Dictionary, “Sacrifices”-ийг үзнэ үү.

  7. Долоо хоног бүр ариун ёслолын тахилын ширээн дээр бидний өргөдөг золиослол нь харууссан зүрх, гэмшсэн сэтгэл юм. (2 Нифай 2:7; 3 Нифай 9:20; Сургаал ба Гэрээ 59:8-ыг үзнэ үү). Харууссан зүрх бол наманчлагч зүрх; гэмшсэн сэтгэл бол дуулгавартай сүнс (Д.Тодд Кристоффэрсон, “When Thou Art Converted,” Лиахона, 2004 оны 5-р сар, 12-ыг үзнэ үү).

  8. Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас Joseph F. Smith (1998), 299.

  9. Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас George Albert Smith (2011), 225, 226, 228; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн.

  10. Attributed to Johann Wolfgang von Goethe, brainyquote.com.

  11. Томас С.Монсон, “Аялалдаа баяр баяслыг олох нь,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган,