2010–2019
Ариун ёслол ариун болоход маань тусалж чадна
2016 оны 10-р сар


Ариун ёслол ариун болоход маань тусалж чадна

Эрхэм нандин ариун ёслолд тогтмол оролцсоноор ирэх нөлөө болон хүчийг нэмэгдүүлэх таван арга замыг бодож үз.

Австралийн Варрнамбуул дахь гэрт маань болдог байсан ариун ёслолын цуглаан миний хамгийн эртний дурсамжуудын нэг юм. Манай салбарт 10-аас 15 хүн ирдэг байсан бөгөөд аав маань ариун ёслолыг байнга адислах боломжтой гурван санваартны нэг байсан. Аавынхаа ариун ёслолын залбирлын үгийг даруухнаар, хичээнгүйлэн унших үед төрдөг байсан тэр мэдрэмжийг би санадаг. Сүнс мэдрэх үед аавын минь хоолой ихэнхдээ чичирхийлдэг байж билээ. Заримдаа тэр сэтгэл хөдлөлөө барихын тулд залбирлаа дуусгахаас өмнө түр зогсдог байв.

Тавхан настай байсан би түүний хэлсэн, хийсэн зүйлийн утга учрыг бүрэн ойлгодоггүй байсан ч онцгой зүйл болж байгааг мэддэг байсан. Аав маань биднийг хайрлах Аврагчийн хайрын талаар гүн бодолд автах зуур би Ариун Сүнсний намуухан, итгэл төрүүлэм нөлөөг мэдэрдэг байлаа.

Аврагч: “Мөн наманчилж мөн миний нэрээр баптисм хүртсэн тэдэнд та нар үүнийг үргэлж үйлдэх болно; мөн та нарын төлөө асгаруулсан миний цусыг төлөөлөн дурсаж, та нар үргэлж намайг санаж байгаагаа Эцэгт гэрчилж болохын тулд та нар үүнийг үйлдэх болно. Мөн хэрэв та нар намайг үргэлж санах юм бол миний Сүнс та нартай хамт байх болно” (3 Нифай 18:11) гэж заасан.

Би та бүхнийг бидэнд ариун болоход туслах эрхэм нандин ариун ёслолд тогтмол оролцсоноор ирэх нөлөө болон хүчийг нэмэгдүүлэх таван арга замыг бодож үзнэ үү хэмээн уриалах гэсэн юм.

1. Урьдчилж бэлд

Бид ариун ёслолын цуглаан эхлэхээс бүр эрт бэлдэж эхэлж болно. Бямба гараг нь сүнслэг байдлынхаа хувьд гарсан ахиц болон хэрхэн бэлдэх талаар бодох тохиромжтой цаг байж болох юм.

Зураг
Ням гарагт бэлтгэх нь

Мөнх бус байдал нь бидний Тэнгэрлэг Эцэгтэйгээ адилхан болох аян замд өгөгдсөн чухал бэлэг билээ. Бидэнд өөрчлөгдөж, өсөж хөгжих боломж олгодог сорилт, бэрхшээл шаардлагатай. Хаан Бенжамин “эгэл хүн бол Бурханы дайсан, мөн Адамын уналтаас тийм байсаар ирсэн, мөн тэрээр Ариун Сүнсний таталтанд автагдан, эгэл хүмүүнээ орхиж мөн Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн бол[ох] … бус аваас үүрд мөн үргэлж тийм байх болно” (Мозая 3:19) хэмээн заасан. Ариун ёслолд оролцох нь бидэнд зүрх сэтгэл, бие махбодоо Бурханд илүү бүрэн дүүрэн хандуулах боломжийг олгодог.

Бид бэлдэж байхдаа Христийн Цагаатгалд талархаж, алдаа, дутагдлаа хүлээн зөвшөөрч, Эцэгээс Өөртэй нь адилхан болох аян замаа үргэлжлүүлэхэд туслахыг хүсэх юм бол зүрх сэтгэл маань даруусна. Ингэж чадвал бид Аврагчийн золиослолыг дурсан санаж, хийсэн бүх гэрээгээ сахина гэсэн амлалтаа шинэчлэх боломжийг олгодог ариун ёслолоос хүртэхийг хүсэн хүлээх болно.

2. Эрт ир

Бид цуглаан эхлэхээс нэлээн өмнө ирж, удиртгал хөгжим тоглож байх зуур тунгаан боддог байвал бидний ариун ёслолд оролцох туршлага сайжирна.

Зураг
Ариун ёслолд эрт ирэх нь

Ерөнхийлөгч Боид К.Пакэр: “Хүндэтгэлтэйгээр тоглох удиртгал хөгжим сүнсийг тэжээдэг. Энэ нь сүнсний өдөөлтийг урьж авчирдаг”1 хэмээн заасан. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Энэ нь яриа өрнүүлж, мэдээлэл хуваалцах цаг биш, харин удирдагчид, гишүүд ариун ёслолоос хүртэхээр сүнслэг байдлаараа бэлдэж байхдаа залбиран байж тунгаан бодох цаг юм”2 хэмээн тайлбарласан.

3. Ариун ёслолын дууллыг дуулж, үгээс нь суралц

Ариун ёслолын дуулал нь энэхүү ёслолын хамгийн чухал хэсэг юм. Хөгжим бидний бодол санаа, мэдрэмжийг хурцалдаг. Бид ариун ёслолын дууллын үгс болон зааж буй хүчирхэг сургаалд анхаарлаа хандуулах үед тухайн дууллын хүч бидэнд илүү их нөлөөлдөг. “Бидний төлөө зовж, зүдрэн, шаналсан”3 “Зүрх сэтгэл, гараа бүгдээрээ тун ариун байлгахаа саная”4 “Шударга байдал, хайр, нигүүлсэл хамтдаа эгшиг хөг нийлнэ!”5 гэх мэт үгсээс бид ихийг сурдаг.

Зураг
Дууллуудыг дуулж, дууллуудаас суралцах нь
Зураг
Дууллуудын үгсэд анхаарлаа хандуулах нь

Бидний бэлгэдлээс хүртэхээр бэлдэж байхдаа дуулсан дууллын үгс гэрээний амлалтын маань нэгэн хэсэг болох боломжтой. Жишээлбэл, “Бид Их Эзэн Тандаа хайртай; зүрх сэтгэл маань дүүрсэн байна. Таны сонгосон замаар бид явна”6 хэмээснийг тунгаан бодоод үз дээ.

4. Ариун ёслолын залбиралд сүнслэгээр оролц (Моронай 4–5-ыг үзнэ үү)

Бид ариун ёслолын залбирлын танил үгсийг анхааралтай сонсохгүйгээр орхихын оронд эдгээр ариун залбиралд орсон гэрээ, холбогдох адислалын тухай бодож, сүнслэг байдлаар оролцвол ихийг сурч, бүр ч илүү зүйлийг мэдрэх боломжтой.

Зураг
Талхны адислал

Талх, усыг бие махбодын маань төлөө адисалж, ариулдаг. Тэдгээр нь Аврагчийн золиослолыг болон Аврагч бидэнд ариун болоход тусалж чадна гэдгийг сануулдаг.

Бид бүх хүмүүнд амилах боломж олгохоор төлөөс болгон өгсөн Хүүгийн бие махбодыг санахын тулд талхнаас, харин наманчилсан нөхцөлд гэтэлгэгдэх боломж олгохын тулд харамгүй асгаруулсан Хүүгийн цусыг дурсан санахаар уснаас хүртдэг гэдгийг уг залбирлууд тайлбарладаг.

Залбирлууд нь “тэд … бэлэн гэдгээ” (Моронай 4:3) гэсэн үгсээр гэрээнүүдийг танилцуулдаг. Энэ энгийн үгс бидэнд маш их хүчийг өгөх боломжтой. Бид үйлчилж, оролцоход бэлэн байна уу? Бид өөрчлөгдөхөд бэлэн үү? Бид сул талууд дээрээ анхаарч ажиллахад бэлэн байгаа юу? Бид бусдад тусламжийн гараа сунган, адислахад бэлэн үү? Бид Аврагчид итгэж найдахад бэлэн байна уу?

Бид амлалт өгч, ариун ёслолоос хүртсэнээр зүрх сэтгэлдээ дараах зүйлсийг хийхэд бэлэн гэдгээ баталдаг. Үүнд:

  • Есүс Христийн нэрийг өөрсдөдөө авах

  • Түүний бүх зарлигийг сахихыг хичээх

  • Түүнийг үргэлж санах зэрэг болно.

Залбирал нь “Тэд түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгаж болохын тулд (Моронай 4:3) гэсэн агуу урилга, амлалтаар өндөрлөдөг.

Паул “Харин Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал [болон] дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал нь юм” (Галат 5:22–23) хэмээн бичиглэсэн. Бид гэрээгээ сахих юм бол гайхалтай сайхан адислал, бэлэгнээс хүртэх боломжтой.

5. Ариун ёслолын бэлгэдлийг тарааж байх үед Аврагчийн талаар тунгаан бодож, дурсан сана

Санваартнуудын ариун ёслолыг түгээх хүндэтгэлтэй цаг мөч бидний хувьд ариун нандин байх боломжтой.

Зураг
Талхыг тараах нь

Талх түгээж байхад бид хайрын дээд илрэл болсон үйлдлийг хийхийн тулд Аврагчийн “үхлийг өөр дээрээ авах болно, тэр өөрийнх нь хүмүүсийг хүлсэн тэрхүү үхлийн хүлээсийг тайлж болохын тулд бөлгөө” (Алма 7:12) хэмээн хэлснийг тунгаан бодож болно.

Бид бас “бүгдэд, … боол мөн чөлөөт аль алинд нь, эрэгтэй эмэгтэй аль алинд нь, ёс бусыг үйлдэгчид хийгээд зөв шударгыг үйлдэгчдэд аль алинд нь ирэх болно; мөн бүр тэдний толгойн үсний нэг ширхэг нь ч гээгдэхгүй болой; харин бүх зүйл төгс хэлбэрээрээ … сэргээгдэх болно” (Алма 11:44) гэсэн амилуулалтын агуу адислалыг санаж болно.

Зураг
Усыг тараах нь

Ус түгээж байхад бид

“Учрыг болгоогтун, хэрэв тэд наманчлах аваас, тэд зовохгүй байж болохын тулд Бурхан, бибээр бүхний төлөө эдгээр зүйлүүдийг амссан билээ; …

Бүр бүхнээс хамгийн агуу Бурхан намайг өвдөхийн улмаас дагжин чичрэх, мөн сүв бүрээс цус шүүрэх, мөн бие хийгээд сүнс аль алиныг нь зовоход хүргэсэн тэрхүү зовлон нь---мөн намайг тэрхүү гашуун аяганаас уухгүй, мөн айснаас эргэн буцахад хүргэж болохоор байсан билээ” (С ба Г 19:16, 18) хэмээх Аврагчийн гуйлтыг санаж болно.

Бид “түүний зүрх сэтгэл бие махбодийн дагуу нигүүлслээр дүүргэгдэж болохын тулд, тэрээр бие махбодийн дагуу өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд, тэрээр өөр дээрээ [бидний] сул дорой чанаруудыг” (Алма 7:12) авсан гэдгийг дурсан санадаг.

Бид ариун ёслолд оролцох туршлагынхаа талаар бодохдоо дараах асуултыг өөрсдөдөө тавьж болох юм.

  • Би энэ долоо хоногт ариун ёслолд илүү сайн бэлдэхийн тулд юу хийж болох вэ?

  • Би ариун ёслолын цуглаан эхлэхэд бишрэл хүндэтгэлтэй байдал, илчлэлт хүлээн авахад хувь нэмрээ оруулж чадах уу?

  • Ариун ёслолын дуулалд ямар сургаал заасан байдаг вэ?

  • Ариун ёслолын залбирлыг чагнах үедээ би юу сонсож, юу мэдэрсэн бэ?

  • Ариун ёслол түгээж байхад надад юу бодогдсон бэ?

Ахлагч Дэвид А.Бэднар: “Ариун ёслол нь чин сэтгэлээсээ наманчилж, сүнсээрээ шинэчлэгдэхэд урьсан эрхэм нандин бөгөөд олон дахин давтагддаг урилга юм. Ариун ёслолоос хүртэх үйлдэл нүглийг цэвэршүүлдэггүй. Харин биднийг энэхүү ариун нандин ёслолд харууссан зүрх, гэмшсэн сэтгэлээр анхааралтай бэлтгэж, оролцох үед Их Эзэний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгах амлалт ирдэг. Мөн бид байнгын хамтрагч болох Ариун Сүнсний ариусгагч хүчээр нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгалж чадна”7 хэмээн заасан.

Бид ариун ёслолд оролцох бэлтгэл, сүнслэг оролцоогоо сайжруулах юм бол олон адислал хүлээн авна гэдгийг би гэрчилж байна. Түүнчлэн бид Тэнгэр дэх Эцэгийнхээ хайр, Түүний Хайртай Хүү Есүс Христийн хязгааргүй цагаатгах золиослолын ачаар эдгээр адислалаас хүртэх боломжтой гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн ариун нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Боид К.Пакэр, “Personal Revelation: The Gift, the Test, and the Promise,” Ensign, 1994 оны 11-р сар, 61.

  2. Рассэлл М.Нэлсон, “Worshiping at Sacrament Meeting,” Лиахона, 2004 оны 8-р сар, 13.

  3. “Jesus of Nazareth, Savior and King,” Hymns, no. 181.

  4. “While of These Emblems We Partake,” Hymns, no. 173.

  5. “How Great the Wisdom and the Love,” Hymns, no. 195.

  6. “As Now We Take the Sacrament,” Hymns, no. 169.

  7. Дэвид А.Бэднар, “Нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгал,” 2016 оны 4-р сарын Ерөнхйи чуулган, 45–48.