2010–2019
Бодьгалын чин сэтгэлийн хүсэл
2016 оны 10-р сар


Бодьгалын чин сэтгэлийн хүсэл

Үнэ цэнтэй залбирлын мөч бүр нь Ариун Сүнсний хүчээр Есүс Христийн нэрээр Тэнгэрлэг Эцэгтэйгээ ярих цаг мөч байж чадна.

Мөнх бус байдлын сорилт бэрхшээл дунд бид үүргээ гүйцэтгэх, өөрсдийн гэсэн асуудлуудтайгаа тэмцэх, дайсантай эсвэл хариулагдаагүй асуултуудтай тулгарах үедээ хэзээ ч ганцаараа байдаггүй. Есүс Христ “сэтгэл алдрахгүйгээр байнга залбирах ёстойг”  нэгэн сургаалт зүйрлэлээр заасан. Тэр Бурханаас эмээдэггүй, хүмүүсийг ч хүндэлдэггүй нэгэн шүүгчийн тухай ярьсан. Бэлэвсэн эмэгтэй өдөр бүр шүүгч рүү очиж, “арцалдагчаас минь намайг өмгөөлөөч” гэдэг байлаа. Шүүгч туслахыг удтал хүсээгүй боловч эцэст нь эмэгтэйн итгэлтэй, уйгагүй гуйж байгаагаас залхан, “энэ эмэгтэй амар заяаг минь үзүүлэхгүй нь, Түүнийг өмгөөлөхөөс, эс тэгвэл тэр ирж үргэлж намайг залхаах вий” гэж бодов.

Тэгээд Есүс:

“… Өөрт нь хандан өдөр шөнөгүй хашгирах Өөрийн сонгосон хүмүүсээ Бурхан өмгөөлөхгүй гэж үү … ?

Би та нарт хэлье. Тэр даруйд Бурхан тэднийг өмгөөлөх болно” хэмээн тайлбарлажээ.

Дараа нь Их Эзэн “Харин Хүний Хүү ирэхдээ, газар дэлхий дээр итгэл олох болов уу?”1 хэмээн асуусан.

Залбирал нь итгэл хөгжүүлэхэд шаардлагатай. Их Эзэн дахин ирэхдээ хэрхэн итгэлтэй залбирахаа мэддэг мөн авралыг хүлээн авахаар бэлтгэгдсэн тийм хүмүүсийг олох болов уу? “Учир нь Эзэний нэрээр дуудах хэн ч аврагдах болно.”2 Бид хайрт Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд бөгөөд “Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр”3 залбирахдаа Түүнтэй харилцах хувийн харилцаанаасаа баяр баясгаланг олж, Ариун Сүнсний хүчээр хүлээн авсан хариултуудынхаа дагуу үйлдэх болтугай. Бид Эцэг, Хүүтэй хэрхэн нэг байж болоход суралцахын тулд итгэлтэйгээр залбирч, сонсон, дагадаг.4

Итгэлийн залбирал нь алдар суут тэнгэрээс илгээх адислалуудыг хүлээн авах замыг нээж өгдөг.

“Гуй, тэгвэл та нарт өгнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ.

Гуйдаг хүн бүр авна, эрж хайдаг хүн олно, тогшдог хүнд нээгдэнэ”5 хэмээн заасан.

Хэрэв бид хүлээн авахыг хүсвэл гуйж, эрж хайж бас тогших ёстой. Иосеф Смит үнэнийг эрэлхийлж байхдаа “Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно”6 хэмээх үгсийг Иаковын номноос уншжээ. Түүний итгэлийн залбирлаар тэнгэр нээгдсэн. Бурхан Эцэг, Түүний Хүү, Есүс Христ хоёр цаг хугацааны бүрэн байдлыг эхлүүлэн, алдар суутай бууж ирэн, Иосефтэй ярьсан. Гайхамшигт эдгэрэл, хүчирхэг хамгаалалт, бурханлаг мэдлэг, өршөөл, эрхэм нандин амар амгалан нь “бодьгалын чин сэтгэлийн хүслээ”7 итгэлтэйгээр өргөх үед хариу болон ирэх нь бий.

Бид Эцэгт хандан, Аврагч Есүс Христийн нэрээр болон Ариун Сүнсний хүчээр залбирдаг бөгөөд ингэснээр бид Бурхан Тэргүүтэний гурван гишүүнийг бүгдийг нь өөрсдийн залбиралд оролцуулдаг юм.

Тэр бол “эцэс төгсгөлгүй хийгээд мөнхийн, үүрд мөнхөөс үүрд мөнхөд …  тэнгэр ба газар хийгээд тэдгээр дэх бүх зүйлүүдийг бий болгогч Бурхан” учраас бид Тэнгэрлэг Эцэгтээ болон Түүнд хандан залбирдаг. Тэрээр бидний Бүтээгч учир бид “цорын ганц амьд хийгээд үнэн Бурхан түүнийг хайрлаж, мөн үйлчилж байх ёстой, мөн тэрээр [бидний] шүтэн биширвэл зохих тэрхүү цорын ганц нь байх ёстой хэмээх зарлигуудыг өгчээ.”8

Та нарыг Тэнгэрлэг Эцэгтээ хандан итгэлтэй залбирах үед “тэрбээр та нарыг зовлонд чинь тайтгаруулна, … [мөн та нар] түүний хайран дээр найрла[ж болно].”9 Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг аав нь хорт хавдартайгаа тэмцэн, ялах найдвараа алдаж байхдаа хэрхэн залбирч байсан нь Бурхан ба Түүний хүүхдүүдийн хоорондын гүнзгий хувийн харилцааг түүнд заасан талаар хуваалцсан. Тэрээр

“Өвчин нь хүндрэх үед түүнийг өглөө орныхоо хажууд өвдөг сөгдөж байгааг бид хардаг байлаа. Тэр ор руугаа буцаж гарч чадахааргүй дэндүү сульдсан байдаг байв. Би сайн байх гэж үргэлж хичээж байхад яагаад намайг ийм их зовохыг зөвшөөрч байгааг Тэнгэрлэг Эцэгээс асуухаар залбирсан юм гэж тэр бидэнд хэлдэг байв. “Бурханд зоригтой хөвгүүд хэрэгтэй” хэмээх нэгэн сэтгэл бүлээцүүлэм хариулт ирсэн гэж тэр хэлж билээ.

“Тиймээс тэр Бурхан өөрийг нь хайрладаг, сонсдог бөгөөд түүнийг дэмжих болно гэдэгт итгэсээр эцсээ хүртэл тэвчсэн. Тэрээр хайраар дүүрэн Бурхан залбирлын дайтай ойрхон байдаг гэдгийг бага насандаа мэдэж авахаар бас хэзээ ч мартахгүй байхаар адислагдсан юм”10 гэж ярьжээ.

Бид Есүс Христийн нэрээр залбирдаг. Учир нь Христ дотор бидний аврал байдаг бөгөөд “бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүст өгөгд[өөгүй].”11 Бид Есүс Христийн ариун нэрээр Эцэгт ирдэг.12 Учир нь Тэр Эцэгийн өмнө бидний Өмгөөлөгч болж, Түүний өмнө бидний өмнөөс гуйдаг.13 Тэр зовж шаналан, цусаа урсган, Өөрийн Эцэгийг алдаршуулахын тулд нас барсан бөгөөд Түүний бидний төлөөх нигүүлсэнгүй гуйлт нь бидний хүн нэг бүрд энэ амьдралд амар амгаланг, ирэх дэлхийд мөнх амьдралыг олж авах арга замыг нээдэг. Тэр биднийг дахин зовж шаналахыг мөн шаардлагатайгаас илүү зовлонд шаналаасай гэж хүсдэггүй. Бид Есүс Христ рүү эргэж, бидний ачааг хөнгөлж мөн бидний зүрх сэтгэлийг эдгээж мөн Өөрийн цэвэршүүлэгч хүчээр бидний бодьгалыг цэвэршуулэх боломжийг Түүнд олгодог. Бид чээжилсэн, давтсан үгсийг хэрэглэн, Түүний нэрийг дэмий хоосон дуудахыг хэзээ ч хүсдэггүй. Есүс Христийн ариун нэрээр залбирсан чин сэтгэлийн залбирал нь бидний үнэнч хайр, мөнхийн талархал болон Түүний залбирдаг байсан шиг залбирч, хийдэг байсан шиг нь хийж, Түүнтэй адил болох бидний гуйвшгүй хүслийн илэрхийлэл болдог.

Бид Ариун Сүнсний хүчээр залбирдаг. Яагаад гэвэл, “Сүнсээр асуудаг тэрээр Бурханы тааллын дагуу асуудаг авай.”14 Биднийг итгэлээр залбирах үед бидний үг Бурханы таалалтай нийцэж болохын тулд Ариун Сүнс бидний бодлыг удирдан чиглүүлж чадна. “Шунал хүслээрээ үүнийг үрж дуусгаж болохын тулд бүү гуй, харин та нар ямар ч уруу таталтанд байр тавилгүй, харин та нар үнэн хийгээд амьд Бурханд үйлчилнэ гэсэн гуйвшгүй шийдмэг байдалтайгаар гуй.”15

“Бид хэрхэн залбирахыг мэддэг байх нь чухал хэдий ч залбирлынхаа хариултыг хэрхэн хүлээн авч, ялган таньж, сэргэг байх мөн бидний талаарх Бурханы хүсэл, зорилгыг тодорхой харж мөн ойлгох чадвартай байх нь мөн адил чухал юм.”16

Ерөнхийлөгч Айринг “Миний залбирлууд хариулагдаж байсан. Эдгээр хариулт нь өөрийн хүслээс илүүтэй Бурханы хүслийг мэдэхээр эрэлхийлэх үед илүү тодорхой байдаг байв. Хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн хариулт намуухан, зөөлөн дуугаар оюун санаанд яригдаж мөн зүрх сэтгэлд бичигддэг”17 хэмээн хуваалцсан.

Зураг
Христ Төлөөлөгчидтэй хамт
Зураг
Христ Гетсеманид

Аврагчийг Гетсеманий цэцэрлэгт очиход Түүний бодьгал үхэлдээ бэлтгэн, асар их зовж, шаналж байлаа. Зовж тарчлах үедээ хандаж болох Цорын Ганц нь Түүний Эцэг байв. Тэр “Хэрэв боломжтой бол Надаас энэ аягыг өнгөрүүлээч” хэмээн гуйсан ч “Гэвч Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог”18 хэмээн Тэр үргэлжлүүлэн хэлсэн. Гэм нүгэлгүй Аврагч “бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг, өөрийн хүмүүсийн шаналал мөн өвчнүүдийг тэвчих ёстой болсон. [Тэр] өөрийн хүмүүсийн нүглийг өөр дээрээ авч болохын тулд, тэрээр өөрийн чөлөөлөлтийн хүчний дагуу тэдний зөрчлүүдийг арилгаж болохын тулд бие махбодоороо зов[сон].19 Тэрээр “Таны хүслээр болог”20 хэмээн гурвантаа залбирчээ. Гэвч аягыг өнгөрүүлээгүй. Тэр даруухан, итгэлтэй залбирснаар урагш ахиж, наманчлан, итгэлтэй байж мөн дуулгавартай байснаар мөнхийн адислал олж авч болохын тулд бидний авралыг бэлтгэх бурханлаг зорилгоо гүйцэлдүүлэх хүчийг олж авсан юм.

Зураг
Гетсеманид залбирч буй Христ

Залбирлаар хүлээн авдаг хариултууд нь бидний хүсэн хүлээж байсан хариултууд биш байж болно. Гэвч зовлон зүдгүүртэй үед бидний залбирал хайр, нигүүлсэнгүй өршөөлд хүрэх олс болж байдаг. Бид залбирч, гуйж байгаа үедээ өвдөг дээрээсээ босож, урагшилж мөн түүний хийлгэхээр томилсон бүгдийг гүйцэтгэх хүчийг олж авч болно. Их Эзэн энэхүү аюултай цаг үед амьдарч байгаа гэгээнтнүүддээ хандан, “Зүрх сэтгэл чинь тайван байг … ; учир нь бүх махан бодь миний мутарт байна; хөдөлгөөнгүй байж мөн би бол Бурхан гэдгийг мэдэгтүн”21 хэмээн айлджээ.

Бид хувиараа болон гэр бүлээрээ мөн сүмд болон ариун сүмд залбирч байгаагаас үл хамааран, түүнчлэн эмтэрсэн зүрх, гэмшсэн сэтгэлтэйгээр тэнгэрлэг мэргэн ухааныг эсвэл эцсээ хүртэл тэвчих хүч чадлыг гуйн залбирч байгаагаас үл хамааран үргэлж өөрсдийнхөө төдийгүй эргэн тойрондоо байгаа бусдын сайн сайхны төлөө дүүрэн сэтгэлээр Бурханд хандан залбирч байдаг. Элбэг дэлбэг адислал, амьдралын сургамж авахын төлөө чин сэтгэлээсээ талархах нь бидний зүрх сэтгэлд Христэд итгэх гуйвшгүй итгэл, “найдварын төгс гэрэл, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайр”-ыг бий болгож байдаг.22

Залбирал бол Бурханаас өгөгдсөн бэлэг. Бид хэзээ ч ганцаараа мөн төөрсөн гэж бодох хэрэггүй. Үнэ цэнтэй залбирлын мөч бүр Хүүгийн нэрээр, Ариун Сүнсний хүчээр Эцэгтэйгээ хамт өнгөрүүлэх ариун нандин цаг мөч байж чадна. Есүс Христийн нэрээр, амен.