2010–2019
Бид хэн рүү явах юм бэ?
2016 оны 10-р сар


Бид хэн рүү явах юм бэ?

Эцэст нь хүн нэг бүр Аврагчийн “Та нар бас явахыг хүсэж байна уу” гэсэн асуултад хариулах ёстой болно.

Хэдэн жилийн өмнө бид гэр бүлээрээ Израилийн ариун нутгаар айлчилж билээ. Бидний аяллаас Иерусалим дахь дээд өрөө буюу Сүүлчийн зоог болсон газар айлчилсан нь надад тод томруун дурсамж үлдээсэн юм.

Би тэр газар зогсож байхдаа Есүсийн шавь нарынхаа төлөө Өөрийн Эцэгээс гуйдаг хэсгийг Иохан 17-гоос уншиж өгөв.

“Тэдний төлөө Би гуйж байна … бидний адил тэднийг нэг байлгаач.

Би зөвхөн тэдний төлөө бус, тэдний үгээр дамжуулан Надад итгэх хүмүүсийн төлөө мөн гуйж байна.

Энэ нь Эцэг Та Миний дотор, Би Таны дотор байгаатай адил, тэд бүгдээрээ нэг байхын тулд бөгөөд мөн тэд Бидний дотор байхын … тулд билээ.”1

Эдгээр үгийг уншиж байхдаа сэтгэл минь ихэд хөдөлж, би хэзээ нэгэн цагт гэр бүлтэйгээ, Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүүтэй хамт нэг байж болохын төлөө энэ ариун нандин газарт өөрийн эрхгүй залбирч билээ.

Гэр бүл, найз нөхөд, Их Эзэнтэй мөн Түүний сэргээгдсэн Сүмтэй харилцах эрхэм харилцаа маань бидний амьдралын хамгийн үнэ цэнтэй зүйлс юм. Эдгээр харилцаа туйлын чухал учир тэдгээрийг эрхэмлэж, хамгаалж, арчилж байх ёстой.

Сударт гардаг хамгийн зүрх шимшрэм түүхүүдийн нэг нь “[Их Эзэний] дагалдагчдаас олон хүн” Түүний номлол, сургаалыг хүлээж авахад хэцүү гэж үзээд “зайлан явж, цаашид түүнтэй хамт явсангүй2 гэсэн түүх байдаг.

Есүс эдгээр дагалдагчийг явахад нь Арванхоёртоо хандаж “Та нар бас явахыг хүсэж байна уу?”3 гэж асуусан.

Петр

“Эзэн, бид хэн уруу явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна.

Та бол Бурханы Ариун Нэгэн мөн гэдэгт бид итгэцгээсэн, мөн таньж мэдэцгээсэн”4 гэж хариулсныг санаарай.

Бусад хүн хүлээн авч чадахгүй байгаа зүйлдээ төвлөрч байх тэр мөчид төлөөлөгчид итгэдэг, мэддэг зүйл дээрээ төвлөрөхийг сонгож, улмаар Христтэй хамт үлддэг.

Дараа нь Пентекостын өдөр Арванхоёр Ариун Сүнсний бэлэг хүлээн авсан. Тэд Христийн тухай гэрчлэхдээ зоригжиж, Есүсийн сургаалыг бүрэн дүүрэн ойлгож эхэлсэн.

Өнөө үед ч гэсэн ялгаагүй юм. Зарим хүний хувьд итгэхэд мөн итгэлтэй үлдэх Христийн урилгыг хүлээн авахад хүнд эсвэл бүр хэцүү байсаар байдаг. Зарим дагалдагчид Сүмийн тодорхой нэг бодлого, сургаалыг ойлгоход адармаатай санагддаг. Заримд нь бидний түүх эсвэл зарим нэг гишүүд, удирдагчдын өнгөрсөн болон одоогийн төгс бус байдал асуудал болдог. Харин зарим нь маш их зүйл шаарддаг шашинтай байхаас зүрхшээдэг. Эцэст нь зарим хүн “сайныг үйлдэхэд шан[тардаг].”5 Эдгээр болон бусад шалтгаанаас болж Сүмийн зарим гишүүн итгэлдээ эргэлзэн, “зайлан явж, цаашид Есүстэй хамт яваагүй” хүмүүсийг дагах хэрэгтэй ч юм уу хэмээн тээнэгэлздэг.

Хэрэв та нарын хэн нэгний итгэл суларч байвал Петрийн асуусантай адил асуултыг өөрсдөдөө тавиарай. “[Та] хэн уруу явах юм бэ?” Хэрэв та идэвхгүй болж, сэргээгдсэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг орхин явахыг хүсэж байгаа бол хаашаа явах вэ? Юу хийх вэ? Их Эзэний сонгосон удирдагчидтай хамт “цаашид явахгүй” байх шийдвэрийн үр дагавар нь Сүмийн гишүүдэд яг одоо харагдахгүй байгаа ч алсдаа үр нөлөөтэй байдаг. Аль нэг сургаал, журам, түүхийн зарим нэг хэсэг таныг итгэлтэйгээ зөрчилдөхөд хүргэж, гэгээнтнүүдтэй хамт “цаашид явахгүй” байх нь таны энэ дотоод хямралыг яг одоо шийдэх цорын ганц арга юм байна гэж та мэдэрч магадгүй. Гэхдээ хэрэв та нарт надад байгаа шиг цаг хугацаа өгөгдөх юм бол аливаа зүйлд шийдвэрлэх арга зам гэж байдгийг мэдэж авах болно. Сүнслэг ойлголт эсвэл илчлэлт нь аливаа асуудлыг шийдвэрлэх шинэ тайлбарыг өгч ч мэднэ. Сэргээлт нь нэг үйл явдал биш бөгөөд үргэлжлэн өрнөсөөр байгаа гэдгийг санаарай.

Бошиглогч Иосеф Смитээр дамжин илчлэгдсэн агуу үнэнийг хэзээ ч бүү орхи. Мормоны Номонд агуулагддаг Христийн сургаалыг уншиж, тунгаан бодон, амьдралдаа хэрэгжүүлэхээ хэзээ ч бүү зогсоо.

Их Эзэний илчилсэн зүйлийг ойлгохын төлөө үнэн сэтгэлээсээ хичээн чармайж, Их Эзэнд зохих цаг хугацаа өгөхөө бүү март. Миний дотны найз, хамтран зүтгэгч асан ахлагч Нийл А.Максвэлл нэгэн удаа “Бид ямар нэг зүйлийг тайлбарлаж чадахгүй болохоороо энэ нь тайлбарлагдашгүй зүйл гэж таамаглаж болохгүй”6 гэж хэлсэн байдаг.

Тэгэхээр та нарыг Сүмийг орхихоор сүнслэг байдлын хувьд аз туршсан сонголт хийж, Есүс Христийн сэргээгдсэн Сүмийн тухай гэрчлэлийг авчирсан тэр зүйлээс татгалзахаасаа өмнө түр зогсон, сайтар тунгаан бодоход би урамшуулмаар байна. Түр саатан зогсож, энд юуг, яагаад мэдэрсэн тухайгаа бод. Ариун Сүнс танд мөнхийн үнэний талаар гэрчилсэн цаг үеийн талаар бод.

Өөрсдийнхөө мөнх оршихуйд эргэн очихыг бидэнд заадаг хайрт Тэнгэрлэг Эцэг Эхэд итгэх итгэлийг тань хуваалцах хүмүүсийг олохын тулд та нар хаашаа явах вэ?

Та нар “мөн түүний зүрх сэтгэл бие махбодийн дагуу нигүүлслээр дүүргэгдэж болохын тулд, тэрээр бие махбодийн дагуу өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд“7 зөвхөн та нарын нүглийн төлөө бус бас “бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг” тэвчсэн та нарын хамгийн сайн найз Аврагчийн тухай заалгахаар хаашаа явах вэ? Энд итгэлээ алдах сул дорой байдал бас багтдаг гэж би итгэж байна.

Та нар гайхамшигтай боломж, сургаал, мөнх бус болон мөнх амьдралд зориулсан удирдамжуудаар дүүрэн бидний мөнхийн аз жаргал, амар амгалангийн төлөөх Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний тухай илүү ихийг мэдэхийн тулд хаашаа явах вэ? Авралын төлөвлөгөө нь мөнх бус амьдралд утга учир, зорилго, удирдамж өгдөг гэдгийг санаарай.

Танд болон таны гэр бүлд үйлчилснээр Их Эзэнд үйлчлэх чанд үүрэг хүлээсэн эрэгтэй, эмэгтэйчүүдээр заалгаж, дэмжүүлдэг нарийн нямбай, сүнслэг нөлөө бүхий Сүмийн зохион байгуулалтын бүтцийг олохын тулд та хаашаа явах вэ?

Та нар өнөө үеийн сорилт бэрхшээлд зөвлөгөө, ойлголт, тайтгарал, сүнслэг удирдамжийн өөр нэг эх сурвалжийг өгөхөөр Бурханаар дуудагдсан амьд бошиглогч, төлөөлөгчдийг олохын тулд хаашаа явах вэ?

Та нар өөрсөдтэйгөө адилхан мөн чанар, жишгүүд бүхий хүрээнд амьдардаг мөн үүнийгээ үр хүүхэд, ач гучдаа дамжуулахыг хүсдэг хүмүүсийг олохын тулд хаашаа явах вэ?

Мөн та нар ариун сүмийн авралын ёслол, гэрээнүүдээр дамжин ирдэг баяр баясгаланг мэдрэхийн тулд хаашаа явах вэ?

Ах, эгч нар аа, Христийн сайн мэдээг хүлээн авч, дагаж амьдрах нь бэрхшээлтэй байж болно. Энэ нь үргэлж бэрхшээлтэй байсаар ирсэн бөгөөд хэзээд ийм байх болно. Амьдрал эгц, хэцүү жимээр өгсөх авирагчтай адил байж мэднэ. Амьсгаагаа дарж, зүг чигээ дахин лавлан харж, хурдаа эргэн хянах гэж хааяа түр саатан зогсох нь хэвийн зүйл юм. Хүн бүр зам дээр түр саатан зогсох хэрэгтэй биш байдаг ч тийм нөхцөл байдал тулгарвал түр зогсоход буруудах юмгүй. Үнэн хэрэгтээ, энэ нь Христийн сайн мэдээний амийн усаар өөрсдийгөө шинэчлэх боломжийг бүрэн дүүрэн ашигладаг хүмүүсийн хувьд аятайхан зүйл байж мэдэх юм.

Хэн нэгэн хүн амьдралын мод руу хөтөлдөг замаас тэнүүчлэн холдох үед аюул тулгардаг билээ.8 Зарим үед бид суралцаж, судлан, мэдэж авдаг бол зарим үед итгэж, найдан, горьдлого тавих хэрэгтэй болдог.

Эцэст нь хүн нэг бүр Аврагчийн “Та нар бас явахыг хүсэж байна уу?”9 гэсэн асуултад хариулах ёстой болно. Бид бүгдээрээ энэ асуултад хэрхэн хариулахаа хайж олох ёстой. Заримынх нь хувьд хариулахад амархан байхад бусдад нь хэцүү байдаг. Би яагаад зарим хүнд бусдаас илүү амархан итгэл төрдөг болохыг мэддэг дүр эсгэхгүй. Би хариулт үргэлж байдаг гэдгийг мэдэж байгаадаа үнэхээр талархаж явдаг бөгөөд хэрэв бид хариултыг эрэлхийлбэл, тэр тусмаа залбирал, зүрх сэтгэлийн чин хүсэл, бүрэн тэмүүллээр эрэлхийлбэл эцэст нь сайн мэдээний замаар цааш явангаа асуултууддаа хариулт олж авах болно. Идэвхгүй болсон ч итгэлийнхээ сорилтын дараа иргэж ирсэн хүмүүсийг би үйлчлэлдээ мэдэж авсан.

Бид энэ замыг олж, уг замаар цааш явах илүү олон Бурханы хүүхдийг урьснаар тэд ч бас “бүхий л жимснээс дээгүүр хүсэл татам тэр жимснээс хүртэж” болох нь миний чин сэтгэлийн найдвар юм.10

Бид итгэлтэйгээ тэмцэлдэж буй хүмүүсийг урамшуулан, хүлээн авч, ойлгон, хайрлаж байгаасай гэж би чин сэтгэлээсээ гуйж байна. Бид аль ч ах, эгч, дүү нараа хэзээ ч үл тоомсорлож болохгүй. Бид бүгд энэ замын өөр өөр хэсэгт явж байгаа бөгөөд нэг нэгэндээ үйлчлэх хэрэгтэй.

Бид шинэ хөрвөгчдийг гараа дэлгэн баяртай хүлээн авдаг шигээ итгэл нь суларч, тээнэгэлзэж байгаа тэднийг тэврэн авч, дэмжлэг үзүүлэх ёстой.

Би өөр нэг танил зүйрлэлийг дурдаж хэлэхэд, хэн нэгэн хүн Бурхан, Христ хоёр залуур дээр нь байдаг “Сионы хуучин онгоцноос” буух гэж байгаа бол буухаасаа өмнө түр саатаж, сайтар бодож үзээсэй хэмээн залбирч байна.

Хуучин завийг хүчтэй шуурга, давалгаа цохидог хэдий ч Аврагч завин дээр байгааг тань мэдээд, “Чимээгүй. Намд” гэж тушаан, шуургыг захирч чаддаг. Тэр болтол бид айх ёсгүй мөн гуйвшгүй итгэлтэй байж, “салхи болон нуур хүртэл Түүнд захирагдаж байдаг” гэдгийг мэдвэл зохино.11

Ах эгч нараа, би та нарт Тэр хэзээ ч Өөрийн Сүмийг орхихгүй мөн хэзээ ч биднийг орхихгүй гэдгийг Их Эзэний нэрээр амлаж байна. Аврагчийн асуулт болон үгэнд Петрийн

“Эзэн, бид хэн рүү явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна.

Та бол Бурханы Ариун Нэгэн мөн гэдэгт бид итгэцгээсэн, мөн таньж мэдэцгээсэн”12 гэж хариулсныг санаарай.

Би “нэгээхэн ч өөр нэр өгөгдөхгүй басхүү нэгээхэн ч өөр зам, мөн нэгээхэн ч арга үгүй бөгөөд зөвхөн ... Христийн нэрээр мөн энэ нэр дээр буюу”13 гэдгийг гэрчилж байна.

Есүс Христ өнөө үед төлөөлөгч, бошиглогчдыг дуудсан гэдгийг мөн дэлхийн хүмүүс наманчлан, Түүнд эргэн ирэхгүй бол гарцаагүй ирэх “шуурганаас, мөн ... хилэгнэлээс хоргодох газар” болгон Өөрийн Сүмийг сургаал, зарлигуудын хамт сэргээсэн гэдгийг би бас гэрчилж байна.14

Би цааш нь Их Эзэн “мөн тэрээр бүгд өөрт нь ирж мөн өөрийнх нь сайн сайхныг хүртэхийг урьдаг; мөн тэрээр хар ба цагаан, боол ба чөлөөт, эр болон эм, түүнд ирэх хэнээс боловч үл татгалздаг; … мөн Бурханд бүгд адил”15 гэдгийг гэрчилж байна.

Есүс бол бидний Аврагч, Гэтэлгэгч мөн. Хэрэв бид сайн мэдээний зам дээр үлдэж, зам мөрийг нь дагавал Түүний сэргээгдсэн сайн мэдээ биднийг Тэнгэрлэг Эцэг эхийнхээ дэргэд буцаж очиход аюулгүй удирдах болно. Эдгээрийг би Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.