2010–2019
Энэ бол мөнхийн амь мөн
2017 оны 4-р сар


Энэ бол мөнхийн амь мөн

Бурхан та нарыг мэддэг бөгөөд Өөрийг нь таньж мэдэхэд та нарыг урьдаг.

Би энэ Сүмийн, Их Эзэний Сүмийн ирээдүйн удирдагчид болох өсвөр үеийнхэн, гэрлэсэн, гэрлээгүй залуучуудад хандан ярихыг хүсэж байна. Дэлхий ёс бус, ороо бусгаа, айдас, эргэлзээнд автсан энэ үед би та бүхэнд хандан Бурханыг таньж мэдсэнээр ирэх сүр жавхлан хийгээд адислалын талаар тодорхой ярих гэсэн юм.

Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөг болон уг төлөвлөгөөнд эзлэх та бүхний байр суурийг тайлбарласан олон үнэнийг Есүс Христ заасан. Би та нарт эдгээрээс Бурханы хүүхдийн хувьд өөрийн шинж чанарыг ойлгож, амьдралынхаа зорилгыг олж мэдэхэд тань туслах хоёр үнэн дээр төвлөрч ярих болно.

Нэгдүгээрт: “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм.”1

Хоёрдугаарт: “Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.”2

Бид хэрхэн Бурханыг таньж мэдэж чадах талаар намайг тайлбарлах гэж хичээх зуур эдгээр үнэн яагаад хэмээх учир шалтгааныг заадаг болохыг санагтун.

Залбирлаар дамжуулан Түүнийг таньж мэд.

Залуу найзууд минь, бид Бурханыг залбирлаар дамжуулан таньж эхэлж болно.

1829 оны 4-р сарын 7-нд 22 настай Оливер Каудери 23 настай Иосеф Смитийн бичээчээр ажиллаж эхэлсэн. Тэд, яг та нар шиг залуухан байсан. Оливер Сэргээлтийн болон үүнд хийж гүйцэтгэх өөрийн үүргийн талаар Бурханаас баталгаа хүсэн залбирсан юм. Хариуд нь тэрээр дараах илчлэлтийг хүлээн авсан билээ.

“Болгоогтун, чи надаас асууснаа мэдэж байгаа мөн бибээр чиний оюуныг гэгээрүүлсэн билээ; …

Тийм ээ, Бурханаас өөр чиний санаа бодол хийгээд зүрх сэтгэлийн тань хүсэл эрмэлзлэлийг мэдэх хэн ч үгүй гэдгийг чи мэдэж болохын тулд би чамд хэлж байна. …

“… Хэрэв чи дахин нэмэлт гэрчийг хүсэх аваас, чи зүрх сэтгэлдээ … надад хандан залбирсан тэр шөнийг оюундаа санагтун. …

“Чиний оюунд амар амгаланг би яриагүй билүү…? Бурханаас илүү агуу ямар гэрч чамд байж болох билээ?”3

Та итгэлтэйгээр залбирч, Бурханы Сүнс таны бодгальд хандан ярих үед Түүний хайрыг мэдрэх болно. Та нар заримдаа хэчнээн ганцаардаж, эргэлзэж байсан ч энэ дэлхийд ганцаар биш юм. Бурхан та нарыг хэн болохыг мэднэ. Та нар залбирснаар Түүнийг таньж мэддэг.

Судар судалснаар Түүнийг таньж мэд.

Та судрыг судалснаар зөвхөн Аврагчийн талаар сураад зогсохгүй Аврагчийг үнэхээр таньж мэддэг.

1985 оны 4-р сард буюу нас барахаасаа 13-хан хоногийн өмнө ахлагч Брүс Р.Макконки Ерөнхий чуулган дээр үг хэлсэн юм. Тэр гэрчлэлээ дараах үгээр төгсгөсөн.

“Би Түүний гэрчүүдийн нэг бөгөөд ирээдүйн нэгэн өдөр Түүний гар, хөлөн дэх шархны сорвийг тэмтэрч, хөлийг нь нулимсаараа норгох болно.

Гэвч би тэр үед Түүнийг Бурханы Бүхнийг Чадагч Хүү, бидний Аврагч, Гэтэлгэгч бөгөөд аврал өөр ямар ч замаар биш зөвхөн Түүний цагаатгагч цусаар дамжин ирэх талаар одоогийн мэдэж байгаагаасаа өчүүхэн ч зүйл нэмж олж мэдэхгүй билээ.”4

Тэр өдөр ахлагч Макконкигийн ярихыг сонссон бидний хэн нь ч мэдэрсэн зүйлээ огт мартаагүй юм. Тэр үгээ эхлэхдээ түүний гэрчлэл яагаад ийм хүчтэй байсныг тайлбарласан. Тэрээр:

“Би эдгээр гайхамшигт зүйлсийн тухай ярихдаа өөрийнхөө үгийг хэрэглэлээ. Харин эдгээр үгс судрынх шүү дээ гэж та нар бодож байгаа байх. …

Тийм ээ, эдгээр үгийг анх бусад хүн тунхагласан нь үнэн ч харин одоо минийх юм, учир нь Бурханы Ариун Сүнс эдгээр үг үнэн гэдгийг надад гэрчилсэн. Мөн Их Эзэн эдгээр үгийг надад анх удаа илчилсэн нь бас үнэн юм. Үүгээр би Түүний дуу хоолойг сонсож, үгийг нь мэддэг болсон”5 гэж хэлжээ.

Судраас судалж мөн тунгаан бодсоноор та ч мөн адил Бурханы дуу хоолойг сонсож, Түүний үгийг болон Түүнийг мэдэх болно. Бурхан мөнхийн үнэнийг та нарын хүн нэг бүрд илчилнэ. Эдгээр сургаал, зарчим нь таны нэг хэсэг болж, бодгалиас тань ундран гарах болно.

Судруудыг хувиараа судлахаас гадна гэр бүлээрээ судлах нь чухал байдаг.

Бид гэр орондоо хүүхдүүдээсээ Сүнсний дуу хоолойг таньж сурахыг хүсдэг. Үүнд өдөр бүр гэр бүлээрээ Мормоны Номыг судалснаар хүрэх боломжтой гэдэгт бид итгэдэг. Биднийг ариун нандин үнэнүүдийн талаар ярих үед гэрчлэл маань хүчирхэгждэг.

Судраас судлах нь Сүнсэнд зөвхөн бидэнд зориулсан зааврыг өгөх суваг болдог. Та нар өдөр бүр ганцаараа болон гэр бүлээрээ судраас судалснаар Сүнсний дуу хоолойг таньж суран, Бурханыг таньж мэддэг болно.

Түүний хүслийн дагуу үйлдсэнээр Түүнийг таньж мэд.

Бид залбирч, судраас судлахаас гадна Бурханы хүслээр үйлдэх хэрэгтэй.

Аврагч бол бидний төгс үлгэр жишээ юм. Тэрээр: “Би Өөрийнхөө хүслийг хийхийн тулд бус, харин Намайг Илгээгчийн хүслийг хийхийн тулд тэнгэрээс бууж ирсэн юм”6 хэмээн хэлсэн.

Амилсан Аврагч нифайчууд дээр ирэхдээ: “Мөн болгоогтун, би бол дэлхийн гэрэл ба амь; мөн би Эцэгийн надад өгсөн гашуун аяганаас ууж, мөн эхлэлээс бүх зүйлийн хувьд Эцэгийн тааллыг хүлцэж, дэлхийнхний нүглүүдийг өөр дээрээ авснаар Эцэгийг алдаршуулсан билээ”7 хэмээн хэлсэн.

Бид гэрээгээ хүндэтгэн, зарлигуудыг дагаж, Бурханд болон нөхдөдөө үйлчилснээр Эцэгийн хүслийг гүйцэлдүүлдэг.

Миний эхнэр Ронда бид хоёрын эцэг эх та нарынхтай адил энгийн л хүмүүс байдаг. Гэхдээ миний баярлаж явдаг нэг зүйл бол эцэг эх маань амьдралаа Бурханд үйлчлэхэд зориулан, үүний адил үйлдэхийг бидэнд заасан явдал юм.

Рондагийн эцэг эх гэрлээд хоёрхон жил болж байхад, түүний 23 настай аавыг бүрэн цагийн номлолд үйлчлэхэд дуудсан байна. Тэр залуухан эхнэр болон хоёр настай охиноо орхин явсан юм. Дараа нь эхнэр нь охиноо хамаатнуудынхаа халамжид үлдээгээд номлолынх нь үлдсэн 7 сарын турш хамт үйлчлэхээр дуудагдсан.

Хэдэн жилийн дараа тэднийх дөрвөн хүүхэдтэй болсон бөгөөд тэд аавдаа их сургуульд явах боломж олгохын тулд Монтанагийн Миссула руу нүүсэн байна. Гэвч ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл болон ахлагч Марк И.Пэтэрсэн нар шинээр байгуулагдсан Миссула гадасны анхны ерөнхийлөгчөөр хадам аавыг маань дуудах үед тэд нүүж ирээд дөнгөж хэдхэн сар болсон байв. Тэр дөнгөж 34 настай байлаа. Тэр их сургуулийн талаарх бодлоо орхиж, өөрийн бус харин Их Эзэний хүслийг гүйцэлдүүлэхийг эрэлхийлсэн юм.

Аав, ээж маань ариун сүмд 30 гаруй жил үйлчилсэн бөгөөд аав лацдан холбогчоор, ээж ёслолын ажилтнаар үйлчилсэн. Тэд мөн Калифорнийн Риверсайд, Монгол Улаанбаатар, Кэнийн Найроби болон Наувоо Иллинойс, Мексикийн Монтеррей ариун сүм гээд 5 бүрэн цагийн номлолд үйлчилсэн. 80 настай хүмүүст шинэ хэл сурах хэцүү байсан ч тэд Мексикт байхдаа уг хэлийг хичээнгүйлэн судалсан юм. Тэд ч бас амьдралдаа өөрсдийн хүслээс илүүтэй Их Эзэний хүслийг гүйцэлдүүлэхийг эрэлхийлсэн билээ.

Тэдэнд мөн дэлхийн өнцөг буланд байх бүх үнэнч хожмын үеийн гэгээнтэнд хандан, Хиламаны хүү бошиглогч Нифайд Их Эзэний хэлсэн үгсийг би давтан хэлмээр байна: “Адислагдсан болой чи, … чиний хийсэн зүйлүүдийн учир; ядрахаа мэдэхгүй … мөн амьдралаа эрэлхийлсэнгүй, харин миний тааллыг, мөн зарлигуудыг минь дагахыг эрэлхийллээ.”8

Бид Бурханд болон нөхдөдөө итгэлтэй үйлчлэхдээ Түүний хүслээр үйлдэхийг эрэлхийлбэл хүлээн зөвшөөрч байгааг нь мэдэрч, Түүнийг жинхэнэ ёсоор мэддэг болдог.

Түүнтэй адил болсноор Түүнийг таньж мэд

Аврагч бидэнд Бурханыг таньж мэдэх хамгийн шилдэг арга бол Түүнтэй адил болох явдал гэж хэлсэн. Тэрээр: “Та нар ямархуу маягийн хүмүүс байвал зохих билээ? Үнэнээр би та нарт хэлье, бүр миний адил буюу”9 хэмээн заасан.

Зохистой байдал нь Түүнтэй адил болоход нэн чухал . Тэр: “Өөрсдийгөө ариусга; … тийм ээ, би та нарыг цэвэр ариун болгож болохын тулд зүрх сэтгэлээ цэвэршүүл, мөн миний өмнө гараа … цэвэршүүлэгтүн”10 хэмээн зарлигласан. Түүнтэй адил болох зам дээр гарахдаа бид наманчилж, Түүний өршөөлийг хүлээн авснаар Тэр бидний бодгалийг цэвэршүүлдэг.

Эцэгийн өмнө өсөж хөгжихөд бидэнд туслахын тулд Их Эзэн: “Нүглээ орхиж мөн надад ирдэг, мөн миний нэрийг дууддаг, мөн дуу хоолойг минь дуулгавартай дагадаг, мөн зарлигуудыг минь сахьдаг бодгаль болгон миний нүүрийг харж мөн намайг байдгийг мэдэх болно”11 хэмээн амласан билээ.

Аврагчийн цагаатгагч золиослолд итгэх итгэлээр маань дамжуулан Тэр биднийг цэвэршүүлж, эдгээж мөн Түүнтэй адил болоход тусалснаар Түүнийг таньж мэдэх боломжийг олгодог. Моронай: “Та нар Бурханы [охид,] хөвгүүд болж болохын тулд; тэрбээр хүрч ирэхэд бид түүнтэй адил байх болно … гэсний учир … зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан залбирагтун”12 хэмээн заасан. Бид Бурхантай адил болохыг хичээхийн хэрээр Тэр биднийг өөрсдийн хүчээр хэзээ ч болж чадахгүй тийм хүмүүс болгож чадна.

Зөвлөгчдийг дагаснаар Түүнийг таньж мэд

Бурхан гаргаж буй хичээл зүтгэлд маань туслахын тулд бидэнд үлгэрлэн дагах хүмүүс, зөвлөгчдийг өгсөн. Би өөрийн зөвлөгчдийн нэг болох ахлагч Нийл А.Максвэллийн талаар бодлоо хуваалцъя. Тэрээр Бурхантай адил болохоор чармайхдаа өөрийн хүслийг Эцэгийн хүсэлд үргэлж нийцүүлэхийг эрэлхийлдэг байсан.

Тэр 20 гаруй жилийн өмнө хорт хавдартай гэж оношлогдсоныхоо дараах мэдрэмжээ надтай хуваалцсан юм. Тэрээр “Би [хөшигний] энэ талд эсвэл нөгөө талд ч гэсэн нэг багт байхыг хүсэж байна. Би зайнаас ажиглан зүгээр суулгүй тоглолтод оролцмоор байна”13 гэж хэлсэн.

Дараагийн хэдэн долоо хоногт тэр өөрийг нь эдгээхийг Бурханаас гуйлгүй, зөвхөн Бурханы хүслийг гүйцэлдүүлэхийг хүсэж байв. Христ Гетсеманийн Цэцэрлэгт эхлээд “хэрэв боломжтой бол Надаас энэ аягыг өнгөрүүлээч” хэмээн гуйсныг түүний эхнэр Коллин сануулжээ. Ингэж хэлснийхээ дараа л Аврагч “Миний хүслээр бус Таны хүслээр болог”14 гэж хэлсэн. Эхнэр нь ахлагч Максвэллийг Аврагчийн үлгэр жишээг даган, өвчнөөс салгаж өгөхийг хүсэн залбираад, дараа нь өөрийн хүслийг Бурханы хүсэлд нийцүүлэхэд урамшуулсан юм.15

Тэр бараг жилийн турш өргөн хүрээний, хүч тэнхээг тамирдуулсан эмчилгээ хийлгэсний эцэст “тоглолтондоо” бүрмөсөн эргэн ирсэн. Тэр дахин долоон жил үйлчилсэн юм.

Би тухайн он жилүүдэд түүнтэй хэд хэдэн удаа хамт ажиллах боломжтой байсан. Би түүний нинжин сэтгэл, энэрэл, хайрыг мэдэрсэн билээ. Тэрээр зовлон шаналал, үргэлжлүүлэн үзүүлж буй үйлчлэлээрээ дамжуулан Аврагчтай адилхан болох гэж хичээх явцдаа сүнслэг байдлаараа хэрхэн цэвэршин, өсөн хөгжиж байхыг нь би харж гэрчилсэн.

Бидний туйлын агуу үлгэр жишээ, зөвлөгч бол Их Эзэн Аврагч маань бөгөөд Тэр “Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй”16 “Ирээд, Намайг дага”17 хэмээн хэлсэн.

Залуу ах эгч нар аа, Бурханыг таньж мэдэх нь насан туршийн эрэл хайгуул билээ. “Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг [бид] мэдэх нь мөнхийн амь мөн.”18

“Ийм агуу учир шалтгааны төлөө бид урагш явахгүй гэж үү? … Зориглогтун, ах дүүс минь тэгээд ялалт өөд ахь ахь!”19

Бурхан та нарыг мэддэг бөгөөд Өөрийг нь таньж мэдэхэд урьдаг. Эцэгтээ залбир, судраас судал, Бурханы хүслээр үйлдэхийг эрэлхийл, Аврагчтай адил болохыг хичээж, зөв шударга зөвлөгчдийг дага. Та үүнийг хийснээр, Бурханыг болон Есүс Христийг таньж мэдэх бөгөөд мөнх амийг өвлөн авна. Энэ бол Тэднээр томилогдсон онцгой гэрчийн хувьд миний та нарт өгөх урилга юм. Тэд амьд. Тэд та нарт хайртай. Би энэ бүхнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.