2010–2019
Бидний Их Эзэн Есүс Христийн шавь болох нь
2017 оны 4-р сар


Бидний Их Эзэн Есүс Христийн шавь болох нь

Христэд итгэх итгэлээс үүдэлтэй зан чанарууд бүгдээрээ энэ хожмын өдрүүдэд бат бөх зогсоход маань хэрэгтэй.

Бидний Их Эзэн Есүс Христийн шавь байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Шавь гэдэг бол баптисм хүртэн, Аврагчийн нэрийг өөртөө авч, Түүнийг дагах хүсэлтэй хүн юм. Дагалдан сурагч багштайгаа адил болохыг эрэлхийлдэгтэй адил шавь нь мөнх бус амьдралдаа Их Эзэний зарлигуудыг дагаснаар багштайгаа адил болохыг хичээдэг.

Олон хүн шавь гэдэг үгийг сонсоод, “дагалдагч” гэсэн утгатай гэж боддог. Гэхдээ жинхэнэ шавь байх гэдэг нь яг бодит байдлыг хэлдэг юм. Үүнд хувь хүний зан чанарын жагсаалтыг судалж, хэрэгжүүлэхээс хавьгүй их зүйлийг шаарддаг. Шавь нар нь Христийн зан чанаруудыг сүнслэг хивс нэхэх байдлаар өөрийн эд эс бүрд сүлжин нэхэж амьдардаг.

Төлөөлөгч Петрийн Аврагчийн шавь болох урилгыг сонс доо.

“Бүхий л хичээл зүтгэлээр, итгэл дээрээ сайн давуу байдлыг, сайн давуу байдал дээрээ мэдлэгийг,

мэдлэг дээрээ өөрийгөө захирах байдлыг, өөрийгөө захирах байдал дээрээ тэвчээрийг, тэвчээр дээрээ сүсэглэлийг,

сүсэглэл дээрээ ах дүүсэг энэрлийг, ах дүүсэг энэрэл дээрээ хайрыг хамтатга.”1

Та бүхний харж байгаагаар хувь хүний шавь байх сүнслэг хивсийг нэхэхэд нэгээс илүү утас хэрэгтэй. Аврагчийн амьдарч байсан үед өөрсдийгөө зарим нэгэн байдлаараа зөв шударга амьдарсан хэмээн заргалдах хүмүүс олон байсан. Тэд миний нэрлэснээр сонгож дагадаг дуулгавартай байдлын дагуу амьдарч байв. Жишээлбэл, тэд Хүндэтгэлийн өдөр ажиллахгүй байх зарлигийг дагаж байсан ч Аврагчийн ариун өдөр хүн эдгээснийг шүүмжилж байсан.2 Тэд ядууст өргөл өргөдөг байсан ч илүү гарснаа буюу өөрсдөдөө хэрэггүй зүйлийг өгдөг байсан.3 Тэд мацаг барихдаа нүүр царайгаа барайлгадаг байсан.4 Тэд залбирдаг ч хүмүүст харагдахын тулд л залбирдаг байсан.5 Есүс: “Тэд уруулаараа Намайг хүндлэвч зүрхээрээ Надаас хол байдаг”6 хэмээн айлджээ. Ийм эрэгтэй, эмэгтэй хүмүүс тодорхой нэг зан чанарт эсвэл үйлдэлд гаршихын тулд анхаарлаа хандуулдаг боловч зүрх сэтгэл нь Түүнийхтэй адил болно гэсэн үг биш юм.

Есүс үүний талаар

“Тэр өдөр Надад олон хүн ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлж, Таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, Таны нэрээр олон гайхамшгуудыг үзүүлж байсан биш билүү?’ гэж хэлэх болно.

Тэгэхэд нь Би тэдэнд ‘Би та нарыг огт танихгүй юм байна. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл’ гэж хэлнэ”7 хэмээн тунхаглажээ.

Аврагчийн зан чанарууд бол бидний ойлгож байгаагаар мөрдөх ёстой баримт бичиг эсвэл шалгах ёстой жагсаалт биш юм. Тэдгээр нь өөр хоорондоо сүлжилдсэн зан чанарууд бөгөөд бидний дотор харилцан нөлөөлөх маягаар өсөж хөгждөг. Өөрөөр хэлбэл, бид Христийн бусад зан чанарыг хөгжүүлэхгүй, бусдад нь нөлөөлөхгүйгээр ганц нэгийг нь хөгжүүлэх боломжгүй юм. Нэг зан чанар нь хүчтэй болж ирэхэд бусад зан чанар нь мөн адил хүчтэй болдог.

Бид 2 Петр, Сургаал ба Гэрээний 4-р хэсгээс Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл бол суурь гэдгийг ойлгож авдаг. Бид итгэлээ чухам юуг хийлгэхэд хүргэж байгаагаар нь буюу дуулгавартай байдлаараа хэмждэг. “Хэрэв та нар надад итгэлтэй байх аваас та нар миний хувьд шаардлагатай болох аливаа зүйлийг хийх хүчтэй байх болно” 8 хэмээн Их Эзэн амласан. Итгэл бол хурдасгуур юм. Бидний итгэл үйлсгүй болоод ариун журамт амьдралгүй бол шавь байх явдлыг идэвхжүүлэх хүчгүй. Итгэл үнэхээр үхмэл болдог.9

Тиймээс Петр: “Итгэл дээрээ сайн давуу байдлыг … хамтатга” хэмээн тайлбарласан. Энэ ариун журам бол бэлгийн харьцааны цэвэр ариун байдлаас илүү зүйл. Энэ бол оюун ухаан, бие махбодын хувьд цэвэр, ариун байх явдал юм. Мөн ариун журам бол хүч юм. Бид сайн мэдээний дагуу итгэлтэй амьдрах тусмаа бодол, мэдрэмж, үйлдэл бүрдээ ариун журамтай байх хүчтэй болно. Бидний оюун санаа Ариун Сүнсний болон Христийн Гэрлийн сүнслэг өдөөлтийг илүү сайн хүлээн авдаг болдог.10 Бид зөвхөн ярьж, хийж байгаа зүйлээрээ биш харин хэн бэ гэдгээрээ Христийг өөрсдөдөө оруулан, шингээдэг.

Петр цааш нь: “Ариун журам дээрээ мэдлэгийг … хамтатга” хэмээн үргэлжлүүлэн хэлсэн юм. Бид ариун журамтай амьдарснаар Тэнгэрлэг Эцэгийг болон Түүний Хүүг мэддэг. “Хэрэв хэн нэгэн нь [Эцэгийн] хүслийг үйлдэхийг хүсэж байвал тэр нь … сургаалыг мэднэ”11 гэсэн байна. Энэ мэдлэг бол хувь хүний туршлагаас урган гарсан гэрчлэл юм. Энэ нь бидний “гэрэл [Түүний] гэрэлтэй нэгдэн нийл[ж],” бидний “ариун журам [Түүний] ариун журмыг хайрладаг” 12 болгон өөрчилдөг мэдлэг юм. Бид ариун журамтай амьдарснаараа “Би итгэдэг” гэдгээс гайхамшигтай “Би мэднэ” гэдэг зогсоол руу очих аялалд гардаг.

Петр биднийг “мэдлэг дээр өөрийгөө захирах байдал, өөрийгөө захирах байдал дээр тэвчээр[ийг]” нэм хэмээн ухуулан ятгасан. Бид өөрийгөө захирдаг шавийн хувьд сайн мэдээний дагуу тэнцвэртэй байж, тууштай амьдардаг. Бид “өөрт буй хүчнээс илүү хурдан гүй[дэггүй]”.13 Бид мөнх бус амьдралын цэвэршүүлэгч саад бэрхшээлээс айхгүй, өдрөөс өдөрт шантралгүй урагшилдаг.

Бид ийм байдлаар өөрийгөө захирснаар тэвчээр, Их Эзэнд найдах найдвараа хөгжүүлдэг. Хэдийгээр бид Түүний бидний амьдралд зориулсан загварыг эгэл нүдээрээ олж харж чадахгүй ч Түүнд найдах боломжтой.14 Тиймээс бид “хөдөлгөөнгүй байж мөн [Тэр] бол Бурхан гэдгийг мэдэж” чадна.15 Бид гай зовлонгийн хуй салхитай нүүр тулах үедээ “Энэ туршлагаар Та надад юуг ойлгуулах гэсэн юм бэ?” гэж асуудаг болно. Зүрх сэтгэлд маань Бурханы төлөвлөгөө, зорилго байгаа үед бид урагшлан явахдаа бүх зүйлийг тэвчих төдийгүй тэвчээртэй, дажгүй даван гардаг.16

Энэ тэвчээр биднийг бурханлаг байдал руу хөтөлдөг гэдгийг Петр заасан. Эцэг маань хүүхдүүд бидэндээ тэвчээртэй ханддагийн адил бид ч гэсэн нэг нэгэндээ болон өөртөө тэвчээртэй хандаж сурдаг. Бид бусдын сонгох эрх чөлөөнд мөн үүний тэдэнд “шат шатаар”17 төдийгүй “төгс өдрийг хүртэл улам улам хурц болон”18 өсөж хөгжихөд тусалдаг тэрхүү боломжинд баясдаг.

Өөрийгөө захирах байдлаас тэвчээр, тэвчээрээс бурханлаг байдалд очих үед бидний эгэл чанарууд өөрчлөгддөг. Бид жинхэнэ шавийн шинж тэмдэг болох ах дүүсэг сайхан сэтгэлийг олж авдаг. Бид тусламж хэрэгтэй ямар ч хүнд бидний найз нөхдийн хүрээлэлд багтдаггүй ч гэсэн сайн самари хүний адил чадлынхаа хэрээр туслах болно.19 Бид өөрсдийгөө зүхэгчдийг адисалж мөн хорсолтой нь аргагүй биднийг ашигладаг хүмүүст сайныг үйлддэг.20 Эдгээр зан чанараас аль нэг нь илүү бурханлаг, Христийнхтэй илүү адил байна уу?

Аврагчийнхаа шавь болохын тулд гаргадаг бидний хүчин чармайлт Түүний хайрыг “эзэмши[х]” хүртэл үнэхээр өсөн нэмэгдсээр байгаа гэдгийг би гэрчилж байна.21 Энэхүү хайр бол Христийн шавийг тодорхойлох зан чанар юм.

“Хэрэв би хүмүүсийн болон тэнгэр элчийн хэлээр ярьсан ч надад хайр байхгүй бол би нүргэлэх харанга, хангинах цан болох байсан.

Хэрэв би эш үзүүлэх чадвартай, мөн бүх нууцууд болон бүх мэдлэгийг мэддэг байгаад, уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаа ч, надад хайр байхгүй бол би юу ч биш.”22

Итгэл, найдвар, хайр л биднийг Бурханы ажилд тохирохуйц болгодог.23 “Эдүгээ … [энэ] гурав үлддэг боловч хамгийн агуу нь хайр мөн.”24

Ах, эгч нар аа, одоо бид хэзээ хэзээнээс илүү зүгээр нэг “хагас цагийн шавь” байж болохгүй! Бид сургаалын ердөө аль нэг талыг нь л дагадаг тийм шавь байх боломжгүй. Өнөөдөр бидний ярьсан мөн Христэд итгэх итгэлээс үүдэлтэй зан чанарууд бүгдээрээ энэ хожмын өдрүүдэд бат бөх зогсоход маань хэрэгтэй.

Биднийг Есүс Христийн жинхэнэ шавь байх гэж хичээх үед эдгээр зан чанар бидний дотор сүлжилдэж, нэмэгдэж, харилцан нөлөөлж хүчирхэгжих болно. Бидний дайсандаа харуулдаг, найз нөхдөдөө зориулдаг сайхан сэтгэлийн хоорондох ялгаа арилна. Хэн ч биднийг харахгүй байгаа үед харж байгаа юм шиг шударга ханддаг байх болно. Бид олон нийтийн дунд байхдаа ч, ганцаараа байхдаа ч Бурханд үнэнч хэвээр байна.

Би хүн бүр Аврагчийн шавь байж чадна гэдгийг гэрчилж байна. Шавь байх нь нас, хүйс, үндэс угсаагаар эсвэл дуудлагаар хязгаарлагддаггүй. Хожмын үеийн гэгээнтэн бид шавь байх хувь хүний чанараараа дэлхийн өнцөг булан бүрд байх ах дүүсээ адислах хамтын хүчийг бий болгодог. Одоо бүхий л чадлаараа хичээж зүтгэн, Их Эзэний шавь байхаар дахин амлалт өгөх цаг иржээ.

Ах, эгч нар аа, бид Аврагчийнхаа шавь байхаар дуудагдсан. Энэ чуулганыг өөрсдийн “эрт цагийнхны адилаар эхэл[ж], мөн бүх зүрх сэтгэлээрээ [Түүнд] ирэх”25 боломж болгоцгооё. Энэ Сүм бол Түүний Сүм бөгөөд Тэр амьд гэсэн онцгой гэрчлэлээ би та нартай хуваалцаж байна. Биднийг бүхнээ зориулсан, зоригтой шавь болохын тулд хийх мөнхийн эрэл хайгуулд маань Их Эзэн адислах болтугай. Есүс Христийн ариун нэрээр, амен.